Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу долдугаар сарын 17-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд:

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг билээ.

Өнгөрсөн сард 47,467 хүн азтан болж, 30,000-60,000 төгрөг авчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шар нуур” гэдэг газар www.icc.mn сайтад долоодугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчидтай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

25 дугаар эмийн сангийн болон 10 дугаар хорооллын уулзварын замыг хэсэгчлэн хаана DNN.mn

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Үүнд:

  1. Баянгол 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас долдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл
  2. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны 00:00 цагаас долдугаар сарын 20-ны 08:00 цаг хүртэл
  3. Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг долдугаар сарын 16-наас долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байгаа тул уг байршлын замуудыг хэсэгчлэн хаах юм байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гэлэгжамц: Хүү минь дөрөв түрүүлсэн дархан аварга хүн шүү дээ DNN.mn

Өдрийн сонины 2012 оны архиваас…………………………


Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаярын аав Ц.Гэлэгжамцгуайтай ярилцлаа.

-Өсөхбаяр аваргын хүүхэд ахуйн сайхан дурсамжаар ярилцл­агаа эхэлье?

-Аваргын бага насны тухай сонин хэвлэлүүд ч гарсан байх. Ах чинь (өөрийгөө хэлэв) ч ном бич­сэн. Тэрүүнд ч орсон юм. Багадаа тай­ван томоотой, тийм хүүхэд бай­сан юм шүү дээ. Тэр байдлаар л өсч өндийж том хүн болж дээ. Ер нь багын байдал нь ямар байсан бэ гэвэл одоо байж байгаа байдлыг л нь сонирхоход бараг мэдэгдэнэ, буурьтай суурьтай. Хичээл сур­ла­га­даа гайгүй, ноён нуруутай төлөв то­моотой тэр л байдлаар яваа даа.

-“Буур” Н.Жамьян аваргын зээ хүү. Ээжийнхээ удмыг да­гаад бөх болсон гэдэг. Харин таны удам бөхтэй юу?

-Ээжийнх нь аав Монгол Улсын анхны аварга хүн шүү дээ, даян аварга Жамьян. Анхны албан ёсны аварга хүн. Би сайн мэддэггүй юм аа, миний талд барилддаг хүмүүс байсан гэдэг юм. Нэг их том бөх байгаагүй юм шиг байна лээ. Гол нь ээжийнхээ талаас өв­лөж авсан, Жамьян аваргын удам гэдгээрээ хүмүүст ойлгогдох
нь арай дээр юм даа.

-Өсөхөө аваргын бөх болох шинж нь хэзээ илэрсэн бэ. Бө­хийн шинж бөхчүүдэд харилцан адилгүй илэрдэг гэдэг?

-Ерөөсөө хүмүүс тодорхойлсон байгаа ш дээ, “Аварга аваргаараа төрдөг юм аа” гэж. Андаш байхгүй шүү дээ. Таван килограмм шахуу жинтэй төрсөн гэж бодвол. Цэцэр­лэг, сургуульд байхдаа үеийнх­нээ­сээ овойсон том (инээв). Бие нь бадриун. Аяндаа
мэдэгддэг юм. Хөл, гар, тохой, өвдөг, хэрлэг мэрлэг бол ер нь тэгээд жирийн хүүхдээс арай өөр байдаг юм аа.

-Хүүгээ үндэсний бөхөөр ба­рил­даж эхлэхэд нь эцэг хү­ний зөнгөөр ирээдүйд аварга боло­хыг нь мэдэрч байв уу?

-Өвөө нь хүмүүст захисан бай­даг, бидэнд ч гэсэн ярьж л байсан.”Хоёрын хооронд бяр чадал муу­тай бөх бол үе мөч, хуруу гар нь мойног болохоос эхлүүлээд түвэг­тэй байдаг юм. Барилдаж болмоор бол хорин нас хүргэж байж барил­дуул­сан нь дээр шүү” гэж. 1993 онд манай Архангай аймгийн 70 жи­лийн ой болох гээд. Ууган айм­гуу­дын нэг шүү дээ, Архангай чинь. Өвөөгийнх нь нэрэмжит барил­даан Спортын төв ордонд болсон юм билээ. Тэгэхэд хүү маань энд сургуульд, бид хөдөө байсан. Тэр барилдаанд л анх зодог шуудаг өмсч гарсан байдаг юм. Өөрөө ч хорин нас хүрсэн, өвөөгийнх нь ч нэрэмжит барилдаан болж байгаа юм гээд аймаг орон нутгийнхан барилдуулъя гэсэн биз дээ. Тэгж л барилдаж эхэлсэн юм шүү дээ. Тэр онд аймгийн
70 жилээр очиж ба­рилд­сан юм. Үндэсний бөхөөр нэг их хичээллээгүй байсан үе. Тэнд барилдчихаад, өвөөгийнхөө төр­сөн нутаг Цахир сумын наадамд очсон. Цахир сум татан буугд­чихаад дахин шинээр буцаж нэг юм байгуулагдаад, тэр жил. Тэгээд
сумынхаа наадмыг хийсэн юм. Тэнд очиж барилдаж түрүүлээд сумын заан болсон. 1993 оноос үндэсний бөх рүү орж эхэлж дээ.

1990 онд аравдугаар ангиа төгсч ирээд чөлөөт бөхийн залуу­чуу­дын шигшээ багт орсон. Чөлөөт бөхөөр нэлээд түрүү эхэлсэн хүн дээ.

-Аваргыг өдөрт бага багаар олон хооллодог гэдэг юм билээ. За­рим бөхчүүд өдөрт ганц сайн цад­­чихаар болоод явчихдаг гэ­дэг юм?

-Ер нь хаашаа юм бэ дээ, би бас тийм хүн. Нэг дор арвин иддэггүй. Бага иддэг хүн чинь богино хугацаа­гаар олон дахиж хооллох шаард­лагатай байдаг юм шиг байгаа юм.

-Өсөхбаяр аваргыг аварга болсон 2003 оны наадмын тэр агшин одоо ч санаанаас гар­даг­гүй юм. Түүнийг бөх­чүүд, бөх со­нир­хогчид мөрөн дээрээ өр­гөөд, үзэг­чид нэгэн дуугаар “Өсө­хөө, Өсөхөө” гэж хаш­гирц­гаа­гаад л?

-1993 онд тэгж сумын заан болоод дараа жил нь цэргийн наа­дамд барилдаж цэргийн заан бол­сон юм. Түүний дараа аймгийн наа­дамд очиж түрүүлж аймгийн арслан цол­той болсон юм шүү дээ. 1995 онд улсын заан болохынхоо өмнө цэр­гийн наадамд дахин
тү­рүүлж, одоо­гийнхоор хурц арс­лан бол­сон. Тэ­гээд наадмаар шууд ул­сын заан бол­сон нь тэр. Заан цолтой явсаар бай­гаад 2002 онд анх түрүүлээ биз дээ. 1995 оноос 2002 он хүртэл зур­гаа, долоон жилийн турш бид хүүгээ түрүүлнэ байх гэж бодоод нэлээд хүлээж байсан юм. Үе тэн­гийн зургаан залуу заан гэж бай­сан. Наадамд тунадаг. Аль нэгэн­дээ унадаг. Тийм л яваад байсан юм билээ. 2002 онд түрүүлж арс­лан болоод дараа жил нь түрүүлж авар­га цол хүртээд 2005 онд байх аа далай аварга болоод 2009 онд да­лай даян авар­га болж байгаа юм. Уг нь бол манай монголын үндэс­ний бөхийн түрүү­хэн мөрдөж бай­сан дүрмээр дөрөв түрүүл­чихсэн дар­хан аварга хүн л дээ. Сүүлд нь дүрэмд нь өөрч­лөлт орсон юм уу, яасан юм далай даян аварга гэж хамт өгдөг байсныг нь хоёр сал­га­сан, тийм л юм билээ. Хүү минь дархан аваргын болзлоо ханга­чих­сан юм. Хэвлэлүүдээр хүүг минь “Дархан аварга хүн” гэж бичиж л бай­даг. Д.Цэрэнтогтох аварга дө­рөв түрүүлчихсэн дархан авар­га. Өөр, өмнө нь хоёр түрүүл­чих­сэн дар­хан аварга ч бий. За яах вэ, ер нь тэгээд дархан ч бай, даян ч бай одоо мөрдөж байгаа юмаа­раа л явж байгаа юм. Дөрвөн удаа долоо дав­сан, гурван удаа найм давсан бай­даг юм. Тэгээд дөрвөн удаа тү­рүүл­чихсэн. Зургаагийн даваанд нэг, долоогийн даваанд
нэг унасан байх шив, дунд шөвөгт. Тийм л ам­жилт­тай яваа юм. Одоо тэгээд цааш­даа ч гэсэн болоогүй л дээ. Ба­рилдах боломж байгаа.

-“Алдар” спорт хорооны дар­га болсныхоо дараа “Бэлт­гэл хийхэд бүр ч амар, ойр­хон бол­лоо” гэж Г.Өсөхбаяр авар­га ярьж бай­­сан юм?

-Би ч тэгж бодож байгаа юм. Тэнд зааланд бөхчүүд бэлтгэл хийж байхад хараад суухгүй ш дээ. Ороод бүр далиманд нь, конто­рынх нь хажууд заал нь байж байгаа юм чинь. Аль нэг спорт заа­лыг түрээсээр авчихаад л Ар­хан­гайн бөхчүүд бэлтгэлээ энэ жил энд хийж байгаа, тэнд хийж байгаа гээд л түрээсийн байртай зайлуул яваад л байдаг. Одоо бол бо­ломж­той, “Алдар” нийгэмлэг бөхчүүд сай­тай ш дээ. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж байхад бүр боломжтой. Өөрийнх нь ярьж байгаагаар бол ор­той, үнэн л байгаа даа.

-Гэр нь ойр болохоор хүү тань аав ээж дээрээ байнга ирж очдог байл­гүй?

-Ойрхоон, ойрхон. Байнга ирнэ. За­римдаа “Өдөр очиж хоол идмээр бай­на. Сайхан шөлтэй хоол хий­чи­хээрэй” гэнэ. Тэгээд л ирж байгаа юм. Салахгүй ээ. Манай хоёр бан­ди гэрсэг. Хоёр хөгшин нь байж байх­лаар тэгдэг ч юм уу. Яваад л су­раглаад л. Бид
хоёр ч яахав дээ, өөр ажил хийх биш. Хоол унд хий­хээс өөр ажилгүй улс чинь хүрээд ирэхэд нь халуун цай, аяга хоол­той байж байдаг. Зүгээр бай­даг байх даа.

-Аварга царай төрхөөрөө тан­тай адилхан. Барилдах авьяа­­сыг ээжийнхээ талаас өвлөсөн бол харагдах төр­хийг танаас авч дээ?

-Өсөхбаярын хүүхдүүд нь ми­ний залуу үеийн зураг, аавынхаа зу­раг хоёрыг ялгахгүй шүү (инээв). Сая­хан хүүхдүүд нь орж ирэхээр ба­га бандиас нь “Энэ хэн бэ” гээд өөрийнхөө залуу цагийн зургийг ха­руулсан чинь “Аав л байна” гэж байна лээ.

-Залуу зургаан зааны үед үндэсний бөхийг ард түмэн шим­тэн үздэг байв. Тэдгээр заанууд нэг нэгээрээ дэв­жээ­­нээсээ хол­доод барил­да­хаа больчих шиг бол­лоо. Г.Өсөх­­баяр аварга л үл­дэж. Гэтэл тэднийг залгаад за­луу шинэ бөхчүүдийн үе га­раад ирлээ?

-Би тавиад оны сүүл 57, 58 оноос л бөх нэлээд үзэж эхэлсэн. Ма­най аймгийн Ж.Чойжилсүрэн арс­лан бид хоёр чацуу юм. У.Ми­жид­дорж арслан гээд л нэг үеийн айхав­тар бөхчүүд Архангайгаас гарч ирсэн ш дээ. Улсад 1962 онд бай­на уу даа, дөрвөн бөх үлдэхэд гу­рав нь Архангайнх байсан. Д.Жамц арслан түрүүлсэн байгаа юм. Ж.Чойжилсүрэн арслан, Ч.Адьяа заан, Говь-Алтайн Пүрэв үлд­сэн. Тэр үеэс л бөх их сонирх­дог болсон доо. Ах чинь (өөрийгөө хэлэв) Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг. Ж.Чойжилсүрэн арслан Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурдаг. Бид хөдөө аж ахуйн шуга­маа­раа, бас үе тэнгийнх. Тэр үеэс л бө­хийг их сонирхож эхэлсэн. Хөдөөнөөс хотод орж ирж улсын наа­­дам үздэг байлаа би, 58, 59 оны үед.
Сонирхол юм л даа. Сүүлд бан­дийг (Г.Өсөхбаяр аваргыг хэ­лэв) барилдаж эхэлснээс хойш 1994 оноос хойш 17, 18 жил наад­мын талбайгаас салахаа байсан шүү дээ. Наадмын хоёр өдөр бол яаж ийж байгаад л суучихна.

Бөхийн тухайд бол нэг хэсэг, эхэндээ сонирхож л байж дээ. Сүүлд хараад байхад үзэж байх ёстой. Үзээд өөртөө бас дүгнэлт хиймээр монголын мундаг өв соёл юм аа. Мундаг өв соёл гэдэг тэр талаас нь харж байгаа юм.

Бөхийн номууд зөндөө гарсан л даа. Нэлээд дээхнэ үед Дугар аварга, Гэлэгсэнгээ  аварга энэ тэр гээд Даншигийн мундаг аваргууд
зүүн талд голдуу байсан байдаг юм. Сэцэн хан аймгийнхан гэж. Бөх судлаач Ц.Бат-Очир “Бөх зүүн талаасаа нүүж байгаа юм” гэж бичсэн байсан. Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл рүү нүүсэн. Гэтэл одоо ажиглаад байхад ба­руун тийшлээд байна. Увс, Говь-Алтай чигээс сайн бөхчүүд гарч ирээд байна. Хүмүүс
барим­жаа­тай, айхавтар судалжээ, нарийн эд юм шиг байгаа юм. Тэгэхээр бөх нүүж байж магадгүй.

Ар­ваад жилээр зааглаад яри­хад үе үеэрээ төрж байгаа. Өсөх­баярын үеийн зургаан заан. Зур­гаан заанд ороогүй болохоос И.Доржсамбуу, Д.Бумбаяр, Ч.Бат­зо­риг, О.Одгэрэл гэж дөрвөн заан нэг жил гарч ирсэн. Нэг л үеийнхэн. Одоо бол эд нарын
дараахь үе гар­чи­хаад байх шиг байна.

-Шинэ залуу бөхчүүдээс ба­рил­­дааныг нь шимтэн үздэг, уран гоё барилдаантай гэвэл хэ­нийг нэрлэх вэ?

-Ийм асуултад онцолж хэлэ­хээр хүмүүсийг орхино. Үндэсний бөх сүүлийн үед айхавтар хөгжиж бай­на. Бөхийн олон сургуулиуд бий болсон. Залуучууд дээхнэ үеийнх шиг мал маллана гэх тиймэрхүү ажил хийнэ гэхгүй, хот руу ихээр төвлөрөөд ороод ирсэн. Тэ­гэ­хээр тэр нь гэхээр түвэгтэй бол­чих­сон байна. Зургаан залуу заан
гэж ялгаад авчихад хүртэл хэцүү бол­сон байна. Одоо зургааг биш ар­выг бүр хорь, гучийг авч байж нэг үеийнхэн гэж хэлмээр юм уу. Тийм бол­чихсон харагдаад. Тийм учраас наадах асуултад чинь ах нь тодор­хой хариулт өгөхөд түвэгтэй (инээв).

-Бөх хүний ар гэрийнхэн наа­дам дөхөхөөр сэтгэл нь гэ­гэл­зэж, санаа зовомтгой бол­чихдог гэ­дэг. Таны хувьд?

-Гайгүй ээ. Би тайван хүн. Яаж бай­гаа бол, чилж байгаа болов уу, сэт­гэл нь хөдлөөд юу болж байгаа бол гэж зарим нь эмээдэг л юм шиг бай­гаа юм. Сүүлдээ сурчихсан гай­гүй байна. Гайгүй талдаа.

Бөх үзнэ гэдэг хэцүү. Нэг удаа бөх үзэх гээд ээжтэй нь хамт орсон юм. Тэгтэл М.Мөнгөн арслан “Ээж нь хүүхдийнхээ барилдааныг тулж үзмээргүй байгаа юм. Эхийнх нь харц хүүд нь хүндэддэг юм шүү” гэсэн. Тэгээд манай хөгшин чинь тэрнээс хойш зааланд нэг их очиж үзэхээ больчихсон.

-Бөхчүүд бай шагналыг нь голоод баргийн барилдаанд зо­дог­лохоо байсан гэж шүүмж­лэгд­дэг болоод бай­гаа?

-Монголд төрөл бүрийн спорт хөг­жиж байх шиг байна. 2008 оны олим­под амжилт гаргаад гурван алт, хоёр мөнгөн медаль авсан би­лүү. Тэрнээс хойш төр засаг, ард тү­мэн монголчууд ямар ч спортоор ам­жилт гаргаж болох юм байна гэд­гийг ойлгоцгоосон.
Энэ рүү их ан­хаар­даг болжээ. Анхаарлын төвд байх ёстой спортын төрлүүд дун­даас үндэсний бөхийг сүрхий ан­хаарч байх ёстой юм. Би ингэж бодоод байгаа. Хурдан морины уралдаан өвөл зунгүй болж байна. Зас­гийн газрын шийдвэрээр гэж ярих юм.
За яахав, наадмын барил­даа­ныг Засгийн газар, УИХ нь шийд­вэр гаргадаг юм уу ямар ч бай­лаа гэсэн уламжлалт наадам бо­лохоор
дээрээсээ анхаардаг. Бусад үед нь яагаад хурдан мо­ри­ны уралдаан шиг Засгийн газар шийд­вэр гаргаад, төрөөс зарим санхүүгийн асуудлыг нь шийдээд барилдаан зохион байгуулж бол­дог­гүй юм. Одоо зайлуул үндэсний бөхийн холбоо хуруу хумсаа хуйх­лаад бай шагнал урамшууллыг нь өгөөд яваад байна. Үндэсний бө­хөд
ийм л юм жаахан дутаад байх шиг санагддаг юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Та нарын хөдөлмөр талаар болдоггүй цаг үе ирнэ ээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………..


Охиноо хүний гарт алдчихаад аргаа барахдаа манай сэтгүүлч рүү  зовлонгоо ярьж ирсэн өвгөн ах ийм  үг хэлсэн юм. “Монголын цагдаа­гийн залуу үе үнэхээр шударга юм.  Цагдаагийн залуухан мөрдөгч “Ахаа хоёулаа  алуурчдыг заавал олноо” гэж хэлсэн. Тэд ч олсон. Даанч…” гээд эр хүний харам байдаг нулимсыг энгэрээ нортол асгаруулж билээ. Сонины редакци руу маань зорьж ирэн манай сэт­гүүлчид харууслаа хуваал­­цаж суусан өвгөний нулим­санд нуугд­сан гунигаас тангараг өргөсөн цагдаагийн ажилтанд итгэсэн итгэ­лийг нь олж харсан юм. Нээрээ Монголын цагдаад шудар­га хү­мүүс бий шүү.

Саяхан бид хар тамхины цув­рал нийтлэл бэлтгэж явахдаа тэд­ний ажлын хүнд хүчрийг жаахан ч гэсэн гадарласан юм. Эрсдэлтэй  ч нийгэмд аюулын харанга дэлдээд буй хар тамхичдын талаар эрэн сурвалжлахаар хөдлөхдөө өдөр бүр үүнээс ч аюултай гал дундуур явдаг цагдаа, хүчний байгуулла­гынхны ажил ямар хүнд бэрх бай­даг бол хэмээн бид ярилцаж, тэд­ний ажлын зах зухаас жаахан ч гэсэн мэддэг болсон.   Цалин мөнгө багатай, ажиллах боломж тааруу­хан, улаан гараа­раа л зэвсэглэсэн тэд яахаас буцах­гүй хүн араат­нууд­тай  байнга л тулдаг. Тэдний тухай янз бүрээр хэвлэлээр бичдэг ч үнэндээ бас Монголын цагдаа­гаар бахархах зүйл олон бий.  Монголын цагдаад томоохон хэр­гийг илрүүлэх чад­вар, мэргэжлийн ур чадвар эр зориг байна. Гэвч дээр байдаг урт хар гар цагдаагийн шударга залуусын хийсэн ажил, урам зоригийг мо­хоож орхидог. Тэгээд хэрэг замхра­хаар цагдаа л буруутай болдог. Үнэн хэрэгтээ цагдаа илрүүлээд ирэхээр цаана нь таслан зогсоо­чихдог явдал олон байна. Цагдаа нар аль муу бол­гоны бай болдог. Авгай нөхрийн зодоон, бар цэнгээ­ний газрын хэрүүлээс эхлээд, согтуу, галзуу, алуурчин дээрэмчин жагсаал, цуглаан, баяр наадмын хамгаа­лал­тад ч ээлж, амралт байхгүй нөгөө муу хэдэн цагдаа нар л явдаг. Ард түмнээ төр нь цагдаатай байл­дуулж бие биенийг нь хэмлүүлнэ. Сүүлдээ байгаль хамгаалуулж, Тэрэлж, Сэлэнгийн замд явган хоёр цагдаа зогсоодог болсон. Жийптэй хулгайч нарын араас явган тавар­гасан тэднийг яаж хулгайчийг  барь  гэсэн юм бол.

Бүр байтлаа “АСА” циркийн­хэнд гологдсон хоёр бамбаруу­шийг хүртэл цагдаа нарт хүлээлгэж өгөхдөө тулав. Нөгөөдүүл цалин­гийнхаа хэдээс хоол хүнсийг нь базаадаг бололтой.

Ертөнцийн хамаг хэцүү муу бүхний өөдөөс цагдаа нарыг л тавих юм. Үнэндээ эргүүлийн цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн дунд бараг төрийн эргэлт  хийлээ. Олон ч хэргийг газар дээр нь илрүүлсэн.

Энд бид Эрүүгийн цагдааг онцолъё. Монголд гарсан онц ноцтой хэргүүдийг хамгийн түрүүнд тэд илрүүлж байна. Харин дараа нь  гавьяаг нь хуваалцагсад дэндүү олон болчих юм. Даанч дээд ша­тан­даа очоод замхардаг. Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн хэдхэн  жилийн өмнө   нэртэй зүстэй, алдартай, хэргэм­тэй,  одонцоруудыг илрүүлж,  баян айлын өнөө муу “баастай бурхад”-ын хар тамхи хэрэглэдгийг нь, зарж борлуулж, хил дамнуулах гэж  бай­хад нь хүртэл бариа биз дээ. Хэргийг илрүүлээд нийгмээрээ анхаарал тийш хандаад байхад  нэг л  мэдэхэд замхруулж орхидог нь хорлонтой.

Цагдаа хөдөлсөн үү, хөдөлсөн. Хууль зөрчигчдийг бөөнөөр ба­риад хорьсон. Жаахан нэр алдар­таа дулдуйдсан, олсон мөнгө нь ихдээд байгаа гэлтэй тэдний дунд одоо ч хар тамхичид олноороо  байгаа мэдээллүүд бидэнд бий. Залуусыг даган дуурайх дуртай үлгэр авдаг ийм хүмүүс өөрийгөө хар тамхиар егүүтгэх нь яахав. Дараа үеийнхэнд ямар их гай тарьж байгаа гээч.

Эрүүгийн цагдаагийн ганц хэлтэс, хүн цөөтэй ч хэрэндээ ажиллаад байгаа юм. Хар тамхины эсрэг өргөн фронтоор ажиллах шаардлага нэгэнт бий болжээ. Хуулийг нь улам чангатгах хэрэгтэй юм. Харангын Лхагвааг аваачаад хийхэд нь хэн гаргалаа. Хууль зөрчөөд өршөөгдөж болдог юм бол хэн тэр хуулийг биелүүлэх юм. Одоогоор мэдэгдээд байгаа тоо­гоор 700 гаруй хар тамхичид байна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ. Бид хэдүүлээ болоод хэд нь ийм юм хэрэглэж байдаг юм. Иймэрхүү янзаараа бол  энэ тоо хэд дахин нэмэгдэнэ.

Хар тамхитай тэмцэж илрүүл­сэн, хэргийг шалгасан залуус удаан хугацааны хүч хөдөлмөрийг нь зөөлөн сандалд сууж, албан тушаалдаа мансуурсан томчуул   цавчаад хаяхыг сонсоод  хаалганы цаана ширээгээ шаагаад сууж байгаа.  Арга ядаад хавтаст хэргийг нь сейф рүүгээ шидээ биз. Муу бүхний өмнөөс цагдааг тавьчихаад дараа нь ингэж даапаалж суудаг байхгүй юу, Монголын төр.

Тоостой гуталтайгаа  нийгмийг эрүүлжүүлье гээд нойр хоолгүй явдаг цагдаагийн жирийн албан хаагчдад  төрийн нэр зүүхээс өөр гавьяа юу байхав дээ.  Олны олонд буруу зөрүү явдалтай булхайтай, хийтэй цагдаагийн ажилтан, албан хаагчид   байдаг л байх. Тэглээ гээд алдаа гаргасан цөөнхийнх нь бурууг олонхид тохвол зөв гэж үү.  Ядрахаараа “Цагдаа дуудъя” гэх хэрнээ чадрахаараа тэднээс муу хүнгүй болчих юм.  Тэд ч  үрийнхээ төлөө сүүгээ өргөдөг, ээжтэй, бурхандаа залбирдаг аавтай  хү­мүүс. Шөнөжин сэтгэлдээ зовиур­тай харуулддаг хань ижилтэй, эцгийгээ  нойроо хугаслан хүлээдэг үртэй хүмүүс.

Тэдний олон сар жилийн хө­дөлмөр хаана очоод замхардаг вэ. Шударга ажиллах урмыг нь хэн мохоодог. Хэргийг илрүүлэх гэж тэд хэдэн шөнийг нойргүй хуга­салдаг билээ.

Гэвч “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн үнэнч тангарагтай тэднийг “Цагдаа намайг хамгаал­на” гэчихээд тамласаар байх уу.   Ажил үүргээ гүйцэтгэж яваад хич­нээн цагдаа амь нас, эрүүл мэн­дээрээ хохирч байна. Энэ бүхнийг нэг дор өөрчилнө гэдэг амаргүй.  Ямар ч байсан цагдаагийнхны   хөдөлмөр талаар болохгүй цаг үе ирнэ ээ гэдэгт найдна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Өөрсдийнхөө сүүдрийг олж харъя DNN.mn

Өдрийн сонины архиваас


Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. “Майкрософт”-ын бү­тээг­дэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа “То­ёо­то” дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөн­гөний урсгал хар там­хины бизнест хамаа­рагд­даг. Хэдэн тэрбум ам.дол­ларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээг­дэ­хүүний эргэлт 36 трил­лион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бү­тээг­дэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бү­тээгдэхүүний байн­гын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин бор­луулалт зөө­вөр­­лөлтөд нь хамрагддаг ам бүл  бас сая саяар тоологддог. Дэлхийд биз­нес эр­хэлж байгаа ямар ч то­моохон компани, биз­несийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог.
Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээ­нийх­­ний хамгийн том бай.

1997 он болтол Хята­дад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгд­дэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ер­дөө хоёрхон жилийн до­тор бүх мужийн
нь гурав­ны хоёрт  хар тамхитай холбогдсон хэргүүд бүрт­гэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэ­рэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр арга­гүй дархлааг суулгачих­сан юм.

Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөө­хүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хя­тадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест
орооцолдож амьдра­лаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.

Хятадууд өөртөө за­сах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түү­нээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш мон­голчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байд­гийн  аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг хол­босон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дор­нын ахуйг шингээсэн ба­раа
бүтээгдэхүүнийг ца­гаан хороор сольдог байдал газар авсан бай­сан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаг­луу­лан татаж, асуудалд эрүү­лээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж
эхэлсэн нь өөрс­дийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуу­дад энэ нь хэрхэн таа­лагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдү­гээр гүрэн байсан. Тий­мээс цэргийн хүчээр ша­халт үзүүлж гэрээ бай­гуулж авсан нь Нанжин­гийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хята­дын боомтуудаар
оруу­лах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жи­лээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.

Нэгэн үндэстнийг хү­чээр доромжлон хүн ар­дыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэг­рэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түү­хээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Мон­голд амьдардаг дан­жаадууд хар тамхи
яаж татдаг байсныг дүрслээ­гүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүх­нүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэ­хээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиос­лосон гэдэг нь харагдаж байгаа байх.

Магадгүй ингэж цу­сан­даа ясандаа шингэ­тэл хар тамхины гайг мэ­дэрчихсэн болохоор хя­тадууд хар тамхины хэ­рэгт холбогдогчдод өр­шөөл­гүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч
нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.

Түүх ийм байхад хар тамхинд “аллерги”-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хо­хир­мооргүй байна. Сүү­лийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн
тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр ба­ригдаж, цаазын ял сонс­сон гэнэ. Дөрвөн хүүх­дийн ээж Байгалмаа бүс­гүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэ­дэнд хар тамхийг нь зал­гиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөр­вөн залуу ходоодондоо хар тамхи­тай баригджээ. Бүр залх­маар шархир­маар мэ­дээл­лүүд ар араа­саа хөв­рөх болж бай­на. Тэдний араас ша­налсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь ну­лимсаа барна. Хэрэв тэд­ний буруутай нь тог­тоогд­вол хатуу хууль цааз­тай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаа­заар авчих­лаа. Одоо да­хиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суу­гаа гэсэн.

Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэт­гэлгээг эхлээд өөрчил­мөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуу­ла­хад хар тамхины хөнөө­лийг тэгтэл мэдрээгүй ул­сууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар там­хины хэргийн дараахан манай урлагийнхан хэв­лэлийн хурал хийлгээд “Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав” хэмээн шүүгчдийг бу­руут­гаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөн­­хийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэ­хээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагва­сүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины та­лаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хү­ний сүүдэрт орохоос өр­сөж өөрсдийнхөө сүүд­рийг олж харъя.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.07.16 / МЯГМАР ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 05.10-20.46
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Уул

Аргын тооллын 7 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Хонгорцог одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:10-20:46. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын сав газраар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Categories
нийгэм

Жюү жицүчид Дэлхийн наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөнө DNN.mn

Улаанбаатар хотноо жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах 2024 оны тэмцээн өнөөдөр эхэллээ.

Гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалалтай 7 орны 170 гаруй тамирчин оролцож байна. Тодруулбал, Монгол Улсаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

Анх удаа манай улсад болж буй тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бол Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дэмжин ажиллаж байна.

Мөн сайн дурын 70 гаруй ажилтан тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцож, гадны болон дотоодын үзэгчид тамирчдад туслан ажиллаж байгаа юм.

Тэмцээнийн насанд хүрэгчдийн ангиллын тухайд эмэгтэйчүүдийн -45, -48, -52, -57, -63, -70 кг болон эрэгтэйчүүдийн -56, -62, -69, -77, -85, -94 кг-ийн жинд болно.

Манай улсаас оролцох тамирчдын хувьд энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд жин жиндээ тэргүүлсэн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөх учиртай.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь ирэх 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо болох “World Games” буюу Дэлхийн спортын наадамд оролцох эрхийн оноо олгох юм.

Спортын үндсэн 35 төрлөөр зохиогдох энэ наадмын жюү жицүгийн төрөлд нийт 19 багц медалийн эздийг тодруулна.

Дэлхийн спортын наадмын эрхийн оноо олгох насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн маргааш буюу долоодугаар сарын 16-ны Мягмар гарагт эхэлнэ.

Мягмар гарагт мөн 21 хүртэлх насны ангилалд шилдгүүдийг тодруулж, тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болно.

Тэгвэл тэмцээний эхний өдөр 16 болон 18 хүртэлх насны ангиллын барилдаанууд боллоо.

16 хүртэлх насны ангилалд охидын 7, хөвгүүдийн 9 жинд 18 хүртэлх насны ангилалд охидын 6, хөвгүүдийн 7 жинд медалийн эзэд тодорсон байна.

Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх энэ оны тавдугаар сараас эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь тэмцээний эрхийг авч, зохион байгуулахад мөн түлхэц болжээ.

Энэ удаагийн тэмцээн бүсний ангилалгүй төрлөөр зохион байгуулагдаж байна.

Жюү жицүгийн спортын үндсэн 5 төрөл байдгаас энэ төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт багтдаг онцлох төрөл билээ.

2018 оноос эхлэн Азийн наадмын хөтөлбөрт багтаж эхэлсэн жюү жицүгийн төрөлд манай баг тамирчид хоёр наадам дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Тодруулбал, 2018 онд Ц.Удвал Монголын багийн анхны жюү жицүгийн медалийг хүртсэн бол 2023 онд М.Даваадорж медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан билээ.

Зүүн Азийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнийг МҮОНРТ-ийн “MNB Sport” суваг албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны долоодугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.