Categories
мэдээ нийгэм цаг-үе

Онон, Хурх гол үерийн аюултай түвшинг давж хүчтэй үерлэж байна DNN.mn

Долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 40-60, Эг гол Хантай баг орчмоор 120 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд 10-40 см дөхсөн байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Улз, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/ зэрэг голуудын усны түвшин өчигдрөөс 10-50 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / эх болон адаг хэсгээрээ/, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Хурх гол үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10 см орчим давсан хэвээр байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 26-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 40-70 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-30 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд 10-15 см нэмэгдэж, аюул түвшинг 5-15 см , Онон гол Дадал сум орчимд 20 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см тус тус даван үерлэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Математик, биологийн олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авч уулзав DNN.mn

Математикийн олимпиадад дэлхийн 108 улсын 600 гаруй сурагчид өрсөлдөж Монгол Улсын багийн 6 сурагч өрсөлдөж бүгд медаль хүртэж, багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан.

Биологийн олимпиадад дэлхийн 80 улсаас 300 гаруй сурагчид өрсөлдөж Монгол Улсын багийн 4 сурагч өрсөлдөж 2 хүрэл медаль хүртсэн. Олимпиадын даалгавар онолын болон практик хэсгээс бүрдсэн байна.
Практик дадлагын тоног, төхөөрөмжийн хангамж сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг онцлов.
Олимпиадад амжилт гаргасан сурагчид сэтгэл зүйгээ сайн хянаж чадсанаар амжилт гаргахад онцгой нөлөөлсөн гэх сэтгэгдлүүд нийтлэг дурдав.
П.Наранбаяр сайд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөж, амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэе, та бүхнээр бахархаж байна. Сурагчдыг мөрөөдлөө нээлттэй илэрхийлж, мөрөөдөлдөө тэмүүлж яваарай, мөрөөдөл нь зорилго, зорилго нь амжилт болдгийг захив. Цаашид олон улсын олимпиадад оролцогчдыг бодлогоор тууштай дэмжихээ илэрхийлж, биологийн лабораторийн сургалтыг дэмжихээ амлалаа.

Боловсролын яамнаас албан ёсоор “Олон улсын математикийн олимпиадын хороо”-нд 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлэхээ мэдэгдэв. Мөн биологийн олон улсын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэхээ мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам засвартай холбоотойгоор Ч:25, Ч:51, Ч:52, Ч:18А, Ч:18Б чиглэлд түр өөрчлөлт орлоо DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан нийтийн тээврийн таван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орлоо.

Тодруулбал Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэр, Хасбаатарын гудамжны авто замыг 2024 оны долдугаар сарын 26-ны 23:00 цагаас долдугаар сарын 29-ний 06:00 цаг хүртэл хааж авто зам өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх болсон тул нийтийн тээврийн таван чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:25 “Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол”
  • Ч:51 “3,4 хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
  • Ч:52 “3.4 хороолол-Тэнгис к/т- Зайсан”
  • Ч:18А “3,4 хороолол-6-р бичил хор-Ард кинотеатр – ТЭЦ 3” /Баруунтойрог/
  • Ч:18Б “3,4 хороолол-Бичил 6-р хор-ТЭЦ 3 – Цэцэг төв” (Баруун тойрог)
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна DNN.mn

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн зам буюу Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд зуслангийн чиглэлийн замыг долдугаар сарын 24-ний 00:00 цагаас 25-ны өдрийн 05:00 цаг хүртэл хаасан. Улмаар 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа.

Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Ховд аймгийн Алтай сумын нутагт Улаанбаатарын 9:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 112 км, Үенч сумын төвөөс зүүн урд зүгт 137 км, Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун урд зүгт 115 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний хагас жилд 953.8 тэрбум төгрөг болжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эхний хагас жилд 953.8 тэрбум төгрөг болжээ, Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 178.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мөн эхний хагас жилд тус сангийн зарлага 1132.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 335.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос нэмэгдэхэд:

  • шимтгэлийн орлого 56.2 тэрбум төгрөг,
  • төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 68.6 тэрбум төгрөг,
  • төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 53.1 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.

Улсын хэмжээнд эхний хагас жилд эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3140.7 мянган хүн даатгуулав.

Нийт даатгуулагчийн тухайд:

  • 2258.5 мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд,
  • 714.0 мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд,
  • 168.2 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байна.
Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт сэлэх гэж орсон гурван иргэн живж, амиа алджээ DNN.mn

Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас гурван иргэн сэлэх гэж ороод живж, амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газарт Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан барсан байжээ. Цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Талийгаач 10 хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан DNN.mn

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан 21 настай залуугийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Амь хохирогчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Амь хохирогч О нь 2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр АТГ-д гомдол гаргасан. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хүний эрх зөрчигдсөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. О нь 2024 оны дөрөвдүгээр сараас цагдан хоригдож эхэлсэн. Долоодугаар сарын 12-ноос хэвлий, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаас хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ сарын 22-ны өдөр бие нь муудаж, гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Долоодугаар сарын 23-ны өдөр цөсны шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок зэрэг эмнэлгийн байгууллагын урьдчилсан оноштойгоор нас барсан. Үхлийн шалтгааныг дахин шалгуулахаар ажиллаж байна. Хорих ангид очиход тухайн хоригдогчдын биед үзлэг хийдэг. 461 дүгээр ангиас нийт 16 удаа үзлэг шинжилгээ хийсэн” гэв.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар орж байна DNN.mn

Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орно. Маргааш долоодугаар сарын 26-ний үдээс хойш зогсох төлөвтэй байна. Харин долдугаар сарын 27-оос агаарын хэм дулаарч долоодугаар сарын 28, 29-ны өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байна. Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно.

Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Оросын хөрөнгийг хэрхэн царцаах талаар санал авч эхлэв DNN.mn

Европын Холбоо ОХУ-ын Төв банкны хөрөнгийг илүү урт хугацаагаар царцаах хоёр хувилбарыг гишүүн орнууддаа санал болгов. Bloomberg агентлаг энэ тухай “АНУ Европын Холбооноос уг хувилбарыг боловсруулахыг хүсээд байсан юм” гэж мэдээлжээ.

Эхнийх нь ОХУ-ын Төв банкны хөрөнгийг тодорхойгүй хугацаагаар нэгмөсөн царцаан тогтмол хянаж байх хувилбар юм. Хоёр дахь нь 18, 24, 36 сар тутамд Оросын хөрөнгийг царцаах тухай хориг арга хэмжээг сунгаж байх явдал аж. Одоо Европын Холбоо тогтмол зургаан сар тутамд нэг удаа уг хоригийг сунгаж байгаа бөгөөд өнгөрсөн сард болсон “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэд Украинд жилийн эцэс гэхэд Оросын хөрөнгөнөөс нийт 50 тэрбум долларын (46 тэрбум евро) хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсон аж.

Барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн орлогын ихэнх нь буюу 260 тэрбум еврогийн 191 тэрбум орчим нь Европын хадгаламжийн сан болох Euroclear-д хадгалагдаж байгаа бөгөөд 2023 онд энэ хөрөнгөний хүү 4.4 тэрбум евро болжээ. Чухамхүү энэхүү жил болгоны Оросын ашгаар Киевт олгосон зээлийг буцаан төлөх юм байна. Гэвч Вашингтон энэ уулзалтаар Европын Холбооны гишүүд бүгд санал нэгдэж байж, зургаан сар тутамд ОХУ-ын хөрөнгийг царцаах хугацааг сунгах шаардлагатай байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Унгар улс Европын Холбооны санаачилгыг удаа дараа хааж байсан юм. Тиймээс Вашингтон Брюссельд хандан ОХУ-ын Төв банкны хөрөнгийг царцаах баталгаатай үргэлжилж байх хувилбар боловсруулахыг

хүссэн юм байна. АНУ, Их Британи “илүү зоримог сонголт” хийхийг шаардсан ч “Их 7” Оросын өмчөөс олох ашгийг ашиглахаар тохиролцож, харин хөрөнгийг нь хураан авахгүй байхаар тохиролцсон гэж Bloomberg мэдээлжээ.

Энэ сарын 9-нд буюу “Их 7”-гийн дээд чуулган эхлэх өдөр Саудын Араб “Оросын хөрөнгийг хураан авахгүй байхыг анхааруулж, ингэсэн тохиолдолд Европын улсуудын өөрийн худалдан авсан бондуудыг зарж эхэлнэ” гэж сүрдүүлсэн билээ. Эр-Рияд хэдэн арван тэрбум еврогийн үнэ бүхий Франц болон Европын бусад улсын бондуудыг эзэмшдэг бөгөөд тэдгээрийг худалдах нь Европын санхүүгийн зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй юм. Гэхдээ гол аюул нь бусад улс Саудын Арабын жишээг дагаж магадгүйд байгаа билээ. Иймээс Европын Холбоо Оросын хөрөнгийг хэрхэн баталгаатай царцаах талаар гишүүн улсуудаасаа хоёр хувилбараар санал авч эхэлсэн нь энэ юм байна

 

Г.АМАРСАНАА