Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Нийт 300 орчим мянган малын сэг зэмийг устгасан DNN.mn

Улсын онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Нийт 300 орчим мянган толгой малын сэг зэмийг цуглуулж, устгасан. Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудаас тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 50 иргэн, 164 ААН байгууллагын 3.6 тэрбум төгрөгийн хандив тусламжийг УОК-д ирүүлсэн. Мөн 888 сая төгрөгийн бараа материал ирүүлснийг холбогдох аймгууд руу нь хүргүүлсэн. ОХУ-аас нийт 5400 тонн улаан буудай хүлээж авснаас 4434 тонныг нь 15 аймаг руу хуваарилан хүргэх ажиллагааг зохион байгуулж байгаа”гэв.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерт автсан гурван айлыг нүүлгэн шилжүүлэв DNN.mn

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Бунхант” гэдэг газар 3 айлын гэр шар усанд автсан тухай  дуудлага дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:48 цагт аймгийн Онцгой байдлын албанд бүртгэгджээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:43 цагт Баяндэлгэр суманд очсон байна. Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 07:55 цагт тухайн газарт очиход иргэн Б, Б, Э нарын 3 гэр шар усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусгаж, төслийн агуулга, азарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийжээ. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, дотоодын хөрөнгийн зах зээлд кастодиан банкны үйл ажиллагааг эхлүүлж, эдийн засгийн зохистой харьцаанд уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хөрөнгийн зах зээлд оролцож байгаа гадаадын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хувьцаа болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Мөн Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг найруулгын чанартай зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Дамдинням нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын Топ-100 компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарах сонирхолтой байгаа эсэх, уул уурхайн компаниудын 10, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 34 хүртэл хувийг олон нийтэд арилжаалах тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа тухай, мөн виртуаль хөрөнгийн хяналт, хөрөнгө оруулалтын болон кастодиан банкны талаар асуув. Түүний асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд ихээхэн тэлж байгаа талаар дурдаад, өнөөдрийн байдлаар 11.0 их наяд төгрөг энэ зах зээл дээр эргэлдэж байна, цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх боломж нээгдсэн гэсэн юм. Хуулийн төсөлд, аж ахуйн нэгжүүдийн үнэт цаас гаргах ажиллагааг ихээхэн хялбар болгож, шат дамжлагыг бууруулж байгаа гэдгийг тэрбээр онцлоод, ингэснээр уул уурхайн, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд хуульд заасан хувь, хэсгээ зах зээлд арилжаалах явдал нэмэгдэнэ гэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн компани болох сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаагаа дурдаад, үүний хүрээнд хөрөнгийн үнэлгээ, бүртгэл, барьцаа баталгааны шаардлагуудыг ихээхэн хөнгөвчилсөн талаар ярив. Одоогоор Топ-100 аж ахуйн нэгжүүдийн 10 нь олон нийтийн буюу хувьцаат компани байгаа бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд энэ тоо 30 болно гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хадгаламжийн сертификат арилжих, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын бондыг арилжаалах зэрэг шинэ харилцааг оруулж ирж байгаа нь сайшаалтай гээд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хоёрдогч зах зээлд гаргаж, арилжиж, бэлэглэж болдог, авч, өгч болдог болгох эрх зүйн зохицуулалтууд нэгэнт бүрдчихсэн байхад яагаад хийгдэхгүй байгаа, мөн койнчдыг хэрхэн хянаж байгаа талаар асуулаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК бол хаалттай хэлбэрийн хувьцаат компани юм хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тайлбарлаад, хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалах боломжтой, гэхдээ олон улсын зах зээлд давхар бүртгүүлэх хэлбэрээр гаргавал үр дүнтэй гэж үзэж байгаагаа онцолж, энэ чиглэлээр гадаад улсуудын зохицуулагч байгууллагууд, мөн өөр өөрийгөө зохицуулдаг байгууллага, биржүүдтэй хамтран ажиллаж байна гэсэн юм. Мөн тэрбээр, виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид болох 12 биржийг Санхүүгийн зохицуулах хороо 2021 оноос бүртгэж, хянах болсноор бид мэдээлэлтэй, статистиктай, тэдгээрт тавих шаардлага, шалгууртай болсон гээд, зохицуулалтгүй байх үед гарсан луйврийн үйл ажиллагааг шалгахад нь хууль хяналтын байгууллагад мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа талаар дурдав.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараагийн асуудлыг хэлэлцэхийн өмнө Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэх талаар горимын санал гаргасан юм. Түүний энэ саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Засгийн газраас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавив. Тэрбээр илтгэлдээ, Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн болон Сингапурын хуримтлалын сангийн жишгээр ажиллах тус сан хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Тэрбээр, Ирээдүйн өв сангийн хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын болон бүс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх 65 хувиас бүрдэх бол Хуримтлалын сангийн хөрөнгө нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувийн ашгаас, харин Хөгжлийн сангийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн төсөвт тооцсоноос гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн илүү гарсан хэсгээр бүрдэх төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг тодорхой тайлбарласан юм. Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өсгөх, арвижуулахаар, Хуримтлалын санг стратегийн ордуудын ашгаас Монгол банкан дахь иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлж, орон сууцжуулах, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулахаар тусгасан бол Хөгжлийн сангаас томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байхаар заажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим юм хэмээгээд, байгалийн баялаг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших, ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг болохыг онцолж, аль ч улс оронд үүнийг ашиглахдаа тухайн ард түмэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёсзүйн нийтлэг хэм хэмжээ бий гэлээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компани байх, хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уг асуудлыг тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнөхөн хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Ж.Сүхбаатар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгох, Тавантолгойн ашиглалтын асуудлыг илүү үр дүнтэй, өгөөжтэй болгоход чиглэсэн тэмцлийнхээ талаар ярьж, Улсын Их Хурлын 57, 103 дугаар тогтоолуудын хэрэгжилт ямар байгаа талаар асуулт тавив. Мөн тэрбээр стратегийн орд газрын жагсаалтаас гаргаад авчихсан орд газруудын талаар тодруулсан юм. Түүний асуултад хариулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй явуулж байгаа Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, гарч буй үр дүнг нийгэмд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцолсн юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, авлига хулгайг бууруулах, иргэдээ баян болгох, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зарчмын зохицуулалтууд хуулийн төсөлд үнэхээр орсон уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Гол нь сангуудын засаглалыг улс төрөөс хараат бус байлгах зарчмын шийдэл байхгүй, нэг санг гурав хуваагаад гурван сайд удирдахаар тусгасан, тусдаа бизнесийн харилцаагаар зохицуулагдаад явдаг санхүүжилтүүдэд зарим сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан зэрэг нь учир дутагдалтай байна хэмээн тэрбээр тэмдэглэж, зарчмын асуудлуудаар санал нэгдсэн тохиолдолд Ардчилсан нам энэ хуулийн төсөл дээр хамтран ажиллана гэж мэдэгдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа авилга хээл хахуулийн асуудал болон байгалийн баялгийн ашиглалтын талаарх хяналт, шалгалтын ажлуудын үр дүн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, мөн байгалийн баялгийг ашиглахад ямар хугацаа заадаг, Үндэсний баялгийн санд төлвөрүүлэх хөрөнгийн хэмжээг хэрхэн тооцсон, сангуудын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг төсөлд яаж тусгасан талаар асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эдийн засгийн тэгш бус байдлыг засаж, залруулахын тулд улс төр, эдийн засгийн томоохон реформ хийхэд энэ хуулийн зорилт ихээхэн чухал юм хэмээгээд, Үндэсний баялгийн сангуудын хөрөнгийн хуваарилалт, түүнд тавих хуваарилалт, дээр нь төсвийн зөв бодлого баримтлахгүй бол үр дүн гарахгүй гэдгийг олон улсын жишээ баримт дурдан анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, сангуудад төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой заах, зөв хуваарилах болон иргэдэд хүртээх баталгаат өгөөж, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөжүүлсэн хэсгийг хуримтлалын санд төвлөрүүлэх, эрдэс баялгийн үнийн доод хязгаар зэрэг асуудлуудыг хөндөж, тодорхой санал дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар мөн сангуудын засаглал, хяналтын механизмыг зөв зохицуулах тухай асуудлыг онцолж, Хөгжлийн банк, хөгжлийн сангийн үйл ажиллагаатай Үндэсний баялгийн сангуудыг хэрхэн уялдуулах талаар асуув. Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар дэлгэрэнгүй хариулт өглөө.

Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлэг чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд хаврын үзлэг, шалгалт хийж байна DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит хаврын үзлэг шалгалт эхэллээ.

Компанийн эзэмшлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын техникийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзлэг шалгалт нийт 5 өдөр үргэлжилнэ.

Уг ажлын хүрээнд “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм”-ийн хүрээнд төмөр замын аюулгүй байдал, галт тэрэгний болон сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг, шалгалтууд хийгдэх юм.

Үзлэг шалгалтын үеэр Тавантолгой, Гашуунсухайт өртөө, Хайрхан, Хангай, Урт гол, Оюут, Шинэ-Ус, Хулант зөрлөгүүдэд ажиллахаас гадна, хөдлөх бүрэлдэхүүний депо, зам анги, ачилт буулгалтын талбайгаар орж хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаарх мэдээллийг чиглэл хариуцсан байцаагч, ХЭМАБ-ийн дарга болон бусад холбогдох газар, хэлтсийн дарга нараас авч, гарсан зөрчил дутагдлыг арилгах үүрэг чиглэл өгч ажиллах юм гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч В.Энхтамир: Гадаадын хөрөнгө оруулагчдын газрын харилцааг Газрын тухай хуульд ч тодорхой заагаагүй DNN.mn

Хуульч, өмгөөлөгч В.Энхтамиртай газрын эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрээр Газрын тухай хууль болон газрын эрхийн харилцаатай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцож байсан юм.


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэх үеэр газрыг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой маргаан дэгдэж, хуулийн төсөл гацсан. УИХ-ын нэр бүхий гишүүд газрыг ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах хуулийн төсөл санаачлан өргөн барьчихлаа. Тэд Газрын тухай хуулиар зохицуулах боломжтой гэж тайлбарлалаа. Тэгэхээр Газрын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын газрын эрхийн харилцааг яаж тусгасан байдаг юм бэ?

-Эхлээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж юу юм бэ, Монгол Улс ер нь Үндсэн хуулиар газрын эрхийн харилцааг яаж хуульчилсан юм бэ гэдэг дүр зургийг гаргаж хэлье.

Үндсэн хуулийн зургадугаар зүйлд маш тодорхой заачихсан. Монгол Улсад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ. Арай өргөн дэлгэрээр газар эзэмших эрхийг Үндсэн хуулиар, Газрын тухай хуулиар Монгол Улсын хуулийн этгээдэд л эдлүүлдэг. Үүнээс гадна маш хязгаарлагдан нэг эрх бий.

Энэ нь газар ашиглах эрх. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.5-д төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан болзол журмаар ашиглуулж болно. Өөрөөр хэлбэл, Монголын биш гадаадын этгээдэд газрыг ашиглуулж болно гэдэг. Зөвхөн ашиглуулна, өмчлүүлж, эзэмшүүлж болохгүй гэдэг концепци. Үүнээс гадна Газрын тухай хууль бий. Үндсэн хуулийн энэ агуулгыг нэмэн дэлгэрүүлсэн хууль. Тус хуулийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ. Мөн 3.1.8-д нь газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээ ер нь хэрхэн тодорхойлдог юм бол оо?

-Үндсэн хуулийн заалт руу оръё. Энд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг ашиглуулна шүү гэж бичээгүй. Энэ бол 1992 оны хууль тогтоогч нарын байр суурь. Монгол Улсын одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын хууль тогтоомжоор эрх үүрэг нь тодорхойлогддог, Монгол Улсад татвар төлдөг хуулийн этгээд, компани, ААН-ийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ ер нь бид хөгжиж байгаа орон, бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлнэ, хөрөнгө оруулалтад ээлтэй эрх зүйн орчныг бий болгоно, хөрөнгө оруулалтыг татна, дэмжинэ, хамгаална гэж ярьж байгаа бол Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг ялгаварлахгүйгээр Монгол Улсын хуулийн этгээдийн нэгэн адил эзэмшүүлж болно.

Миний бие 2007, 2008 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын тухай хуулийг бичилцэж байсан хүмүүсийн нэг. Бөөн юм болоод л, бүгд ярилцаж ярилцаж, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж л бичиж байсан. Энэ нь зөв юм байна, энэ нь олон улстай хөл нийлүүлэхэд хувь нэмэртэй гэж байр суурь нэгдээд бичиж байсан. Газрын хууль батлагдах болоход гадаадынханд газар өгөх гэлээ гээд л хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд газартай холбоод явчихдаг. Ингээд л Газрын тухай хууль дээр ийм агуулга оруулах гэхээр ямар нэгэн байдлаар оруулдаггүй. Үүний дагуу л бас ороогүй. Тэгмэгц Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж баталсан. Энэ хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсад зөндөө хуулийн этгээд газар эзэмшиж байгаа.

-Таны ярьснаар бол Үндсэн хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгохтой холбоотой харилцааг нарийвчилж зохицуулаагүй гэсэн үг үү?

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлнэ гээд хуульдаа биччихээр Үндсэн хуулийг зөрчихгүй, зөв юм. Яахав, ашиглуулъя гээд биччихье. Тэгэхэд бодит амьдрал дээр Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэмшчихээд байна. Учир нь хоёр л ялгаа бий. Барьцаалдаггүй, эрхээ бусдад шилжүүлдэггүй. Энэ эрхийг хүмүүс сонирхохгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай А гэдэг компани өөрийнхөө 100 хувийн мэдлийн охин компани Б-г байгуулаад Б-гийнхээ нэр дээр газар эзэмшээд явчихдаг. Одоо зөндөө бий. Хэдий болтол өөрсдийгөө бид хуурах вэ дээ.

-Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн агуулга руугаа оръё. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас газартай холбоотой харилцааг авчихвал ямар үр дагавар бий болох вэ. Сөрөг болон давуу талыг та харж байна уу?

-Хэрэв тэр хоёр гишүүнийхээр үнэхээр ашиглуулна гэж бичих гэж байгаа бол маш олон хууль тогтоомжид цогц өөрчлөлт хийх ёстой. Би газрын эрхийн харилцаагаар олон жил ажилласан, хууль бичилцэж байсан хүний хувьд эзэмшүүлэх ёстой гэж хардаг хүн. Хэрвээ “ашиглуулна” гэж байгаа бол Газрын тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд газар ашиглах эрх, хуулийн этгээдийн бүртгэл, эцсийн өмчлөгч зэрэг ойлголтуудыг холбох замаар харилцан хамаарлыг нь тогтоож чадвал жинхэнэ хязгаарлалт болно.

-Газрын тухай хуулийн 17.1.2, 18.1.6 заалтуудын тухай тодруулъя л даа. УИХ, Засгийн газрын хүрээнд газрын эрхийг шийдэх юм байна. Хэр хэрэгжих бол?

-Гишүүдийн яриад байгаа энэ заалтууд гадаадынханд түрээс, концессийн гэрээгээр ашиглуулна гэж байгаа агуулга. Энэ гэрээгээр ашиглуулах гэж байгаа бол УИХ-аар орох асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын төр мөнгө байхгүй, дотоодоос мөнгө босохгүй, Багануурын дулааны цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц зэрэг энэ том бүтээн байгуулалтад гаднаас мөнгө гуйх гэж байгаа бол УИХ-аар оруулаад шийднэ. Үүн дээр эрхбиш эзэмшихгүй гэх байлгүй. Үүн дээр тусгайлан шийдвэр гаргаад гадаадын хөрөнгө оруулагч А компани Багануурын дулааны цахилгаан станцыг барих концессийн эрхийг 60 жилээр олгосугай, ингээд 20 жил ашиглаад Монголын төрд шилжүүлнэ гэх мэт энэ харилцааг зохицуулах юм.

Яг энэ заалтаар одоогийн хөрөнгө оруулалтыг шийдье гэвэл бүх эрхийг УИХ, Засгийн газар шийдээд явах юм уу. Хөрөнгө оруулалт бүрийг УИХ, Засгийн газар шийддэг болчихвол “Нэг газартай болъё гэтэл танай УИХ, Засгийн газар шийддэг юм байна, дээрээс өгч байгаа газар нь эзэмшдэггүй, барьцаалдаггүй. Танайх эрүүл үү. Би мөнгөө оруулахгүй. Шаардлагатай бол газрыг цуцлахад нөхөн олговор ч өгөхгүй юм байна” гэх нь. Одоогийн хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрын заалтыг авч хаяад асуудлаа сайхан болгож байна гэвэл дахиад л 20 жилийн будлиан самуурлыг үргэлжлүүлнэ. Муухайгаар хэлбэл, сонгууль угтсан хөнгөн улс төр л хийж байна. Бид улс орон, тусгаар тогтнол гэж агуу зүйл яриад өөрөө өөрсийдөө хуураад ирсэн. Үүн дээр тодорхой улстөрчид богино хэмжээний улс төр хийгээд явж байна шүү дээ.

-Газрын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахад давуу тал юу байна вэ?

-Хэрэв хөрөнгө оруулагчид газрыг ашиглана гэдгээ болиод Монгол Улс дахь Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил газар эзэмших эрхтэй гэчихвэл гариг ертөнцийн дүрмээр тоглоод эхэлнэ биз дээ. Мэдээж үүн дээр хязгаарлах тохиолдлууд байж таарна. Мал аж ахуй, газар тариалан, тусгай хамгаалалттай газар гэх мэт.

Ер нь манайд л өмчлөх, эзэмших, ашиглах гэж ярьдаг. Барууны орнуудад газар өмчлөх, газрын түрээс гэдэг хоёр л харилцаа байдаг.

Хэрэв УИХ, Засгийн газрын хүрээнд шийддэг, хугацааг нь тогтоодог болчихвол хэр баталгаатай байж чадах вэ гэдэг асуудал гарна. Нөгөө талаар Газрын тухай хуульд газрын харилцааг бүрэн тусгаж чадсан уу?

-Одоо байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас энэ заалтаа аваад Газрын тухай хуулиар явна гэвэл Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ямар хугацаагаар газар ашиглах вэ гэдэг хугацааг тогтоосон зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ заалт хасагдвал стратегийн хөрөнгө оруулагчдад УИХ, Засгийн газар хугацаагаа тогтоох нь. Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд газар ашиглуулах тохиолдолд хугацааг нь ямар байх вэ гэвэл хэн ч хариулж чадахгүй. Үүн дээр нь хөрөнгө оруулах уу, үгүй юү гэдэг дараагийн асуудал үүснэ.

-Ер нь Газрын тухай хуульд энэ харилцаа тодорхой хэмжээгээр тусгагдсан байсан юм бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгах шаардлагагүй байсан юм биш үү?

-1993 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. 1994 онд Газрын тухай хууль батлагдсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг хэрхэн олгох вэ гэдэг асуудал эмгэнэлтэй түүхтэй.

Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг ямар хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулах вэ гэдэг тоглоомын дүрмийг одоо ч тодорхой бичээгүй байгаа шүү. Ерөөсөө ард иргэд нь гадаадынханд газраа зарах гэж байна гэж хийрхчихдэг. Улстөрчид нь ч дагаад улс төр хийгээд явдаг л байдалтай байсаар байна.

-Тэгвэл ямар зохицуулалт боломжтой гэсэн үг вэ?

-Газрын тухай хуулийн 44.1-д СӨХ-нд газар ашиглуулах тухай бүтэн бүлэг байдаг юм. Үүн шиг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэх үү, ашиглуулах уу. Эзэмшинэ үү, ашиглана уу үл хамаараад ингэж, ингэж ашиглана. Ийм хугацаатай байна гээд Газрын тухай хууль дээр биччих ёстой юм. Гэхдээ Газрын тухай хууль дээр байхаар хийрхээд эхэлдэг. Ер нь энэ ярих их хэцүү. Ялангуяа Төрийн ордон руу ороод заавал янз бүрийн эрх ашиг хөндөгддөг.

Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хийчихсэн хэрэг. Аргаа барсан хэрэг шүү дээ. Энэ заалт ч хангалтгүй. Үүнээс илүү цогц, маш тодорхой, хугацаа нь ийм байна, магадгүй аль аль салбарт Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж ашиглуулж болохгүй вэ зэргийг бичиж өгч, цогц л шийдэх ёстой. 2013 онд аргаа бараад ганц заалт оруулсан. Түүнийг нь сая сонгууль дөхөхтэй зэрэгцээд хийрхээд эхэлсэн. Дараа нь бүхэл бүтэн боловсруулаад ирчихсэн хуулийн төслөө татаж аваад араас нь ард түмэнд таалагдах гэсэн оролдлогыг л хийж байна гэсэн дүр зураг харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хоёр хууль хоёулаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг яах юм бэ гэдэг асуудлыг бүрэн шийдээгүй. Ер нь 1992 оноос хойш бид ийм байдалтай байгаа. Уг нь Үндсэн хуулиар хориглоогүй. Дээр нь бид хөрөнгө оруулалт хэрэгтэй юм уу. Хэрэгтэй юм бол дотоодын аж ахуйн нэгжийн адил авч үзээд эзэмшүүлээд, үүнийгээ ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” хэмээв.

“Улаанбаатар кабель кар” төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. “ПОМА” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.

Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро /UBMETRO/, тусгай замын автобусны сүлжээ /UBBRT/, нүхэн гарцын бүтээн байгуулалт тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт сэг зэм цуглуулах, устгах ажил үргэлжилж байна DNN.mn

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 02 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, Улсын онцгой комиссын Шуурхай штабтай хамтран аймаг, сумдын онцгой комисст сэг зэм устгалын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хүргүүлж, орон нутгийн байгаль орчны хяналтын Улсын байцаагчдад чиглэл өгч ажиллалаа.

Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн намар, өвлийн улиралд маш цас орж, шуурсны улмаас зуд болж, улсын хэмжээнд малын зүй бус хорогдол хамгийн их гарсан буюу 1400000 толгой мал хорогдсон дүн мэдээ нэгтгэгдээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 13 сумын 58 багийн нутаг дэвсгэрт 460 гаруй газрын байршлыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаар хянуулж, сэг зэм устгах цэгийг тогтоосон байна.

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулах, устгах ажлын хүрээнд айлуудын өвөлжөө, хаваржаа, орон нутгийн төв зам дагуу болон уст цэг, булаг шанд орчмын 5268 сэг зэмийг цуглуулж, устгаад байна

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.04) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж, мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 2 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах зэрэг агуулгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг түүний дотор газрын хэвлийн баялаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсан нь харагддаг. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Хүний хөгжил сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль тогтоомжууд, мөн Улсын Их Хурал, Засгийн газраас олон тооны бодлого, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд Засгийн газар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээд ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хуваарилах хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүхий санг Үндэсний баялгийн сан гэж тодорхойлсон. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн төрөлжсөн сантай байхаар зааж, сангийн эх үүсвэр хуваарилалт Үндэсний баялгийн сангийн талаар Улсын Их Хурал, Засгийн газрын сангийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийн талаар тусгасан гэв.

Хуулийн төслийг боловсруулахдаа бусад улс орны баялгийн сангийн тогтолцоо зохицуулалтыг судалж, олон улсын сайн жишгийг харгалзан үндэсний онцлогт тохирсон Үндэсний баялгийн сангийн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүй өв сангийн тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай зэрэг 8 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулахаар тусгасныг Д.Амарбаясгалан сайд танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялаг түүний дотор газрын хэвлэлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн, Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах юм байна. Ирээдүй сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртээх хуримтлалыг бий болгох аж. Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ гэлээ. Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцын суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх баталгаажина хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Үндэсний баялгийн сангийн хуримтлалын гол эх үүсвэр нь төрийн өмчийн болон төрийн өмчит компаниуд болно, АМНАТ нь тус сангийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болох зохицуулалтуудыг оновчтой хэмээн үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн сангийн хөрөнгө нь нийт ард түмний одо мэдэлд байх гэдэг нь тун зөв концепц гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Эрдэнэтийн, Оюутолгойн овоолгыг үнэлж, эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн сангийн хуримтлалын эх үүсвэрийг нэмэх, өөр хувилбаруудыг тооцож, судалж сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байна” гэлээ. Үүний сацуу Б.Баттөмөр гишүүн дэлхийн хэмжээнд 456 Баялгийн сан байгаагийн Хятадын Хөгжлийн сан, Норвегийн Тэтгэврийн сан, Казахстаны Хөгжлийн сан гэх зэрэг 170 нь идэвхтэй, үр ашигтай үйл ажиллагаа явж байгаа жишээг дурдаж байсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төсөл дэх стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа эрхээ өв залгамжлах бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулах зохицуулалтын тодруулсан.  Стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьцаа, эрхээ өв залгамжлах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд 10 хувийн татвар ноогдуулдаг хууль одоо үйлчилж байгааг 30 хувь болгон нэмэгдүүлж байгаа талаар Д.Амарбаясгалан сайд хариулт өгөв.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьцаа, эрхээ өв залгамжлах, бэлэглэх хэлбэрээр шилжүүлэх тохиолдолд 30 хувийн татвар ноогдуулдах нь оновчтой эсэхийг судалж, нягтлах саналыг Х.Ганхуяг гишүүн хэлж байв. Үргэлжлүүлэн М.Оюунчимэг гишүүн асуулт асуусан ба ажлын хэсгээс хариулахдаа “Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг Засгийн газар тодорхойлохоор төсөлд тусгасан байгаа. Харин сан хооронд төсөв, хөрөнгө шилжихгүй. Хөгжлийн сангийн хөрөнгө төвлөрсөн тохиолдолд Улсын Их Хурлаас баталсны дагуу төсвийн хөрөнгө оруулалтын хавсралтаар батлагдсан, урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болно” гэдэг хариултыг өгсөн.

Ц.Цэрэнпунцаг гишүүн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авав. Төсөлд “…ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувиар” татвар төлөхөөр болж байгаа зохицуулалт нь нийт уул уурхайн бизнес эрхэлж байгаа, лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжид хамаарч байгаа эсэх, эсвэл зөвхөн төрийн өмчтэй компаниуд, стратегийн орд газруудын тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа эсэхийг тэрбээр тодруулав.

Энэхүү зохицуулалт нь зөвхөн стратегийн ач холбогдолтой орд газрын тусгай зөвшөөрөлд хамаарах бөгөөд одоогоор стратегийн ач холбогдол бүхий 16 орд бий гэдэг хариултыг ажлын хэсэг өгсөн. Төсөл дэх энэхүү зохицуулалтад бусад уул уурхайн лиценз эзэмшигч хамаарахгүй гэдгийг тайлбарласан. Энэ агуулгаа төсөлд тун тодорхой тусгах шаардлагатай, эс бөгөөс тодорхойгүй байдлаас үүдэж төвөгтэй нөхцөл үүсэх эрсдэл гарна гэдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлээд, ажлын хэсгийг анхаарал хандуулахыг хэллээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Олон улсын “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган DNN.mn

Засгийн газар хоорондын 57 улс оролцсон “Украины шударга ёсыг сэргээх нь” чуулган энэ сарын 2-ны мягмар гаригт Нидерландын Гааг хотноо эхэллээ. Украины засгийн газар ОХУ-аас Украинд дайран орж дайн эхлүүлсний явцад үйлдсэн гэмт хэргийн мөрдөн байцаалтын эхний үр дүнг нэгтгэн дүгнэж, буруутай этгээдүүдийг яллах, энэ чиглэлээр олон улсын хүчин чармайлтыг уялдуулах ажил уг чуулганы эхний зорилт болж байна. Чуулганы хоёр дахь зорилт нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн “Энхтайвны томьёолол”-ыг цаашид ахиц дэвшилд хүргэх явдал юм. Киевийн хүсэлтийн дагуу Нидерланд улс энэ үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар дэлхийн 24 улс орон уг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг үндэсний хэмжээнд мөрдөн байцаах ажиллагаа явуулж, уг гэмт хэргийн олон улсын мөрдөн байцаах, яллах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Иймээс энэхүү дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэх ажлын хүрээнд Оросын цэрэг, улс төрийн удирдлагад зориулсан тусгай шүүх байгуулах тухай олон улсын хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба энэ асуудлын тухай чуулганы өмнө “Энэ бол хэцүү сэдэв төдийгүй бодитой ахиц дэвшил гараагүй байгаа цорын ганц асуудал” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Олон улсын хэлэлцүүлэгт оролцогчид ирээдүйн шүүх байгуулах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Учир нь уг шүүх олон улсынх байх уу, эсвэл Украины хууль тогтоомжид үндэслэн гадаадын шүүгчдийн оролцоотой “эрлийз” шүүх байх уу гэдэг асуулт гарч ирж байна. Одоо Гааг дахь Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын шүүх Оросын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт цуглуулах ажлыг үргэлжлүүлж байгаа ч энэ хэрэгт хэн нэхэмжлэл гаргах ньтодорхойгүй байгаа юм” гэж хэлжээ.

Мөн гуравдугаар сард Украины Ерөнхий прокурор Андрей Костин Брюссельд айлчлах үеэрээ “ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украин Оросын 81 дайны гэмт хэрэгтэнд ял оноогоод байна. Үүнээс 17 нь Украинд биечлэн шүүгдэж, хорих ял авсан. Бусад нь Оросын шүүгдэгчид эчнээ ялаар шийтгэгдсэн” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Киевийн мэдээлснээр, Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш 123 мянга орчим Оросын цэргийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Украины хүүхдүүдийг ОХУ-д албадан гаргасан асуудлыг шалгаж байгаа бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг энэ асуудалтай холбогдуулан баривчлах тушаал гаргаад байна.

Гааг хотод болж буй энэхүү чуулган Оросын цэргүүд Украинд учруулсан эд материалын хохирлыг барагдуулах хүсэлт гаргах үйл явц албан ёсоор нээгдэж байгааг зарлав. Тус чуулган “Тусгайлан байгуулж буй энэхүү олон улсын бүртгэл нь Оросоос нөхөн төлбөр авах, Украиныг сэргээн босгох эхний алхам юм” гэж мэдэгдэв. Эхний шатанд Орос Украин руу цэргийн хүчээр дайран орсны улмаас гэр орон нь сүйдсэн, төрөл төрөгсөд нь амь үрэгдсэн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэтээр янз бүрийн хохирол амссан Украины энгийн иргэд хохирлоо олон улсын энэхүү бүртгэлд бүртгүүлж эхлэх аж. Уг бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Маркиян Ключковский Украинд шударга ёсыг сэргээх асуудлаарх чуулганы үеэр“Энэ бол уг бүртгэлд заасан 44 ангиллын эхнийх нь юм. Үлдэж буй бусад ангилал энэ оны эцэс гэхэд өргөдөл гаргах боломжтой болно” гэж мэдэгдэв. Украины Хууль зүйн дэд сайд Ирина Мудра “Украины төрийн цахим үйлчилгээний “Дия” цахим вэб сайтыг ашиглан “хэдхэн товшилтоор” иргэд өргөдлөө гаргана. Гаргасан өргөдөл бүхэн шифрлэгдэн Гааг руу шууд очно. Украины эрх баригчид аль хэдийнэ найман сая орчим өргөдөл хүлээж аваад байгаа бөгөөд энэ бүртгэл нээгдсэнээр энэ тоо цаашид өсч бүх иргэдийг хамрах болно хэмээн таамаглаж байна” гэж хэлжээ. Харин уг бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх захирал Маркиян Ключковский “Орос улс Украины эсрэг хийсэн түрэмгийллийнхээ үр дагаврыг төлөх ёстой. Хохирлын бүртгэл нь хэмжээлшгүй их зовлон зүдгүүрийг амсаж буй Украины жирийн иргэдийн итгэл найдварын туяа юм” гэж хэлээд “Эдгээр хохирлыг бүрэн барагдуулахад олон жил шаардагдах болно” гэв.

Украинд учруулсан хохирлын олон улсын бүртгэлийн байгууллага бий болгох шийдвэрийг 2023 оны тавдугаар сарын 17-нд Рейкьявик хотноо болсон Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан юм байна. Энэ нь Оросын түрэмгийллийн хохирогчдод нөхөн олговор олгох олон улсын механизмыг бий болгох анхны алхам юм. Энэхүү санаачилгад эхний ээлжинд 40 улс нэгдэж, Киевт уг бүртгэлийн газрыг нээжээ. Одоо уг бүртгэлийн газрын захирлуудын зөвлөл Оросын учруулсан хохирлыг барагдуулах хөрөнгийн эх үүсвэр бий болгох, нөхөн олговрын механизмын тухай гэрээ яаралтай байгуулахыг гишүүн улс орнуудад уриалсан байна.

Энэ зорилгоор барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн илүүдэл ашгийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд харин Украины тал эдгээр хөрөнгийг бүрэн хураахыг хүсэж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Оюутны спортын их наадамд 35 сургууль өрсөлдөнө DNN.mn

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болно.

Энэ удаагийн наадамд 35 их дээд сургуулийн оюутан залуус спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монголын оюутны спортын наадам 1959 онд анх БНМАУ-ын “Залуучуудын оюутны наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Энэ удаагийн наадамд оролцох их дээд сургуулиуд

1. Аварга дээд сургууль

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

3. Ач анагаах ухааны их сургууль

4. Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль

5. Глобал удирдагч дээд сургууль

6. Дотоод хэргийн их сургууль

7. Их засаг олон улсын их сургууль

8. Мандах их сургууль

9. Монголын үндэсний их сургууль

10. Мон-Алтиус дээд сургууль

11. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль

12. Монгол улсын боловсролын их сургууль

13. Монгол улсын их сургууль

14. МУИС-ийн баруун бүсийн сургууль

15. Орхон их сургууль

16. Олон улсын Улаанбаатарын их сургууль

17. Отгонтэнгэр их сургууль

18. Рояаль олон улсын их сургууль

19. Санхүү эдийн засгийн их сургууль

20. Санхүү Бизнесийн Дээд Сургууль

21. Сити их сургууль

22. Төмөр замын дээд сургууль

23. Улаанбаатар эрдэм их сургууль

24. Үндэсний батлан хамгаалахын их сургууль

25. Үндэсний биеийн тамирын дээд сургууль

26. Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль

27. Хөдөө аж ахуйн их сургууль

28. Хүмүүнлэгийн ухааны их сургууль

29. Шинжлэх ухаан технологийн их сургууль

30.  Шинэ анагаах ухааны их сургууль

31. Шинэ Монгол технологийн дээд сургууль

32. Шихихутаг хууль зүйн их сургууль

33. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

34.  Эм ай Ю дээд сургууль

35. Этүгэн их сургууль