Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Баян-Өндөр суманд гарсан галыг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг “Гранд гарден” 12 давхар 2А байр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны 11:51 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 12:47 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Гэмтсэн, бэртсэн хүн байхгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нөөцийн мах бусад төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 35 хувиар хямд байна” гэв DNN.mn

Нийслэлд есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрт нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс худалдаж эхэлсэн. Энэ жил 6,337 тонн махыг нөөцөлжээ.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 204.9 тонн буюу нийт махны 3.2%-ийг борлуулсан байна. Үүнийг 2022, 2023 оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 0.7%-иар нэмэгджээ.

“Нөөцийн махны үнийг “Хүчит шонхор” захын бөөний үнэтэй харьцуулахад дунджаар 12-15.2%, бусад зах худалдааны төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8%-аар хямд. 6,337 тонн нөөцийн махнаас 96.8%-ийн үлдэгдэлтэй байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчдыг баривчилжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар уг асуудалтай холбоотойгоорЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан.

Тэгвэл өчигдөр орой бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй цагдаагийн нэг албан хаагчийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан бол 3 албан хаагчийг саатуулжээ.

Тэднийг хорих эсэхийг өнөөдөр шүүхээр хэлэлцэн шийднэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлджээ DNN.mn

Дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг суудлын машин мөргөлдсөн осол өчигдөр гарчээ.

Цагдаагийн байгууллагад өчигдөр/2024.04.04/ 16 цаг 31 минутад “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг явах үед суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг шалгахад иргэн Э нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах, зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв. Түүнчлэн төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

ХААН БАНК: Хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж дууслаа DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас 2023 оны хувьцааны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг өчигдрөөс (2024.04.04) хувьцаа эзэмшигч иргэдийн арилжааны банкны дансанд олгож эхэлсэн.

Үүнээс Хаан банк хамгийн олон буюу нэг сая 912 мянга 359 хүнд хувьцааны ногдол ашгийг шилжүүлж, дуусжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй DNN.mn

2024 оны нэгдүгээр улирал буюу 1, 2, 3 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө “И-баримт” цахим системд бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын байгууллагаас санууллаа.

Нэгдүгээр улирлын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан олгох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулагдах байршлууд DNN.mn

Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6 буюу энэ долоо хоногийн бямба гаригт 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Тус шалгалтыг нийслэлд дараах байршлуудад зохион байгуулна.

 

Categories
мэдээ улс-төр

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Ганболд, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Бейсэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа үг хэлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаан нь төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг тус сангаас санхүүжүүлэхээр зааж улмаар улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай, үзэл баримтлалтай төсөл орж ирсэнтэй холбоотой. Мөн маш олон харилцааг зохицуулахгүй, Засгийн газар, УИХ-ын  тогтоолоор шийднэ гэсэн зохицуулалттай, зарчмын асуудлууд нь зөрчилтэй шийдэл гаргаагүй байгаа нь  хуулийн төсөлд  хариуцлагагүй хандаж,  яаравчлан оруулж ирсэн  байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, өргөн барьсан төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах, гишүүдээс гаргаж буй саналуудыг тусгаад, УИХ дахь намын бүлгүүдээс хуулийн төслийг хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт оруулж ажиллуулан чамбайруулах нь зүйтэй. Ялангуяа сангийн хөрөнгийн арвижуулах бодлогыг тусгах, газрын доорх баялгийнхаа нөөцийг тогтоох ажлыг хэрхэн хийх талаар нухацтай хандах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийг дэмжиж буй талаар үг хэлэхдээ, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байгаа энэ хуулийн ач холбогдол өндөр. Бидний өөрсдийн туулж ирсэн зам, ирээдүйн зорилго, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг нарийн эргэцүүлж тооцож, алсдаа тогтвортой хөгжлийг бий болгоход Үндэсний баялгийн сан Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно гэж байлаа. Мөн баялгийн олборлолт болон бусад түүхий эд, эх үүсвэрээс олсон орлогын тодорхой хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлснээр хойч үедээ эх орныхоо байгалийн баялгийн үр шимийг бодитойгоор үлдээх, хүртээх нөхцөлийг бүрдүүлж байна гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна. Цаашид хуулийн төсөлд орлогын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ирээдүйн өв сангийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтэд алдаа гарсан. Тэр алдааг энэ хууль дээр давтаж болохгүй гэдгийг тодотгоод төслийг олон талаас маш сайн хэлэлцэх  нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж байгаа тул хариуцлагатай сайн ажиллаад хуулиа батлах нь зөв. Иргэдтэй уулзахад “Эрдэнэс Тавантогой” компанийн 1072 хувьцааны ашгийг хүртэж эхэлсэндээ баяртай байна. Гэхдээ цаашдаа хуримтлал үүсгээд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хөгжил хүрээсэй гэх зэргээр хүлээлт үүссэн байна. Иргэдийн хүлээлтийг хэрэгжүүлэх ажлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Иймд хуулийн төслийг маш нухацтай, тун хариуцлагатай хэлэлцэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт удаан хэлэлцсэний эцэст амьдралд хэрэгжих гэж байгааг дурдаад хамгийн чухал нь Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг анхааруулж байлаа.

Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналын дагуу “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.0 нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын их цэвэрлэгээ үргэлжилж байна DNN.mn

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах, гадна фасадаа угаах зэргээр эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байна. Мөн бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 11-13 буюу ирэх пүрэв, баасан, бямба гаригт зохион байгуулах тул иргэд, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

32-ын тойрог орчимд шинэчилж буй явган хүний замыг том оврын автомашин эвджээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл хийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга:

-Хяналтын камераар дамжуулан буруутай этгээдийг олж тогтоосон. Зөрчлийн тухай хуульд зааснаар замын тэмдэг тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг төлүүлж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно.

Энэ онд авто замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлийн шон, мод бут мөргөсөн 23 зөрчил гарсан. Эдгээрийн буруутай этгээдийг тогтоож, хохирлыг төлүүлэн, хариуцлага тооцсон. Бүтээн байгуулалт хийхдээ том оврын автомашины даацыг хэтрүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжийг эвдэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ төрлийн зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, холбогдсон этгээд болон зөрчлийн үйл явцыг цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдож мэдээлнэ хэмээв.