Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд зам засварын ажлыг эхлүүллээ DNN.mn

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.

Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн болжээ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Тэгвэл уг замын засварын ажил өнөөдрөөс эхэллээ.

Харин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх замыг шинэчлэх ажил ням гарагаас эхлэх бөгөөд дээр дурдсан хоёр зам засварын ажил ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж. Зам засварын үеэр хашлага солих, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөх, асфальтан хучилт хийх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 хүнд Эрүүгийн хуулийн дагуу ял оноожээ DNN.mn

Тээврийн прокурорын газраас 2024 оны эхний гурван сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна.

Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Ингэхэд шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу дээрх иргэдийн жолооны эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.7-оос 4 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт нэмэлт, өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар автомашин жолоодох тохиолдол Нийслэл хотод буурч байгаа хэдий ч хоногт дунджаар 40-50 тохиолдол бүртгэгдэж байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм.

Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонг Конгийг зорино гэдгийг дуулгалаа.

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024 онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлжээ DNN.mn

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байгаа юм.

Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн.

Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү борлуулалттай байгаа юм.

Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8 хувиар хямд байна.

Мөн нөөцийн үлдэгдэлд үндэслэн энэ сарын сүүлээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж буйг УБЗАА-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Сарны цаг DNN.mn

Цагаан ордон НАСА-д саран дээрх цагийг тооцоолох нэгдсэн стандарт болох Сарны цаг(LTC) бий болгохыг даалгажээ. Энэ нь дэлхий дээрх шиг цагийн бүсийн систем биш, харин Сарны өөрийнх нь цагийг хэмжих систем байх юм байна. Учир нь саран дээрх таталцлын хүч дэлхийнхээс бага бөгөөд цаг хугацаа тэнд илүү хурдан өнгөрдөг аж. Иймээс дэлхийн цагаас өдөрт 58.7 микросекундээр урагшлан зөрж байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, 46-47 жилийн хугацаанд нэг секундын зөрүү хуримтлагддаг гэнэ. Өнгөц харахад энэ нь тийм ч их биш, гэхдээ сансрын нислэгт ийм ялгаа ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болно. Энэ талаар Шотландын одон орон судлаач, профессор Кэтрин Хейманс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Манай орчлон ертөнц дэх таталцлын үндсэн онол чухал үр дагавар үзүүлж байдаг. Энэ нь цаг хугацаа орчлон ертөнцийн өөр өөр газар өөр өөр байдлаар урсдаг” гэж тайлбарлаад “Саран дээрх таталцлын хүч бага зэрэг сул, тэнд цаг дэлхийгээс өөрөөр ажилладаг” гэжээ.

Дэлхийн цагийг дэлхий даяар байрладаг хэдэн зуун атомын цаг хэмжиж байдаг бөгөөд тэд атомуудын энергийн өөрчлөлтийн дагуу нано секундын нарийвчлалтайгаар цагийг тогтоож байдаг гэнэ. Хэрэв эдгээр атомын цагийг саран дээр байрлуулсан бол хагас зуун жилийн дараа дэлхийнхээс нэг секундээр хурдан явж байх аж. НАСА-гийн Сансрын харилцаа холбоо, навигацийн албаны дарга Кевин Коггинс “Саран дээрх атомын цаг нь дэлхийн цагуудаас өөр хурдтай ажиллах болно. Тиймээс та өөр сансрын биет, жишээлбэл, Сар эсвэл Ангараг руу нисэх үед өөрийн гэсэн цагийг зөв тогтоосон лавлагаатай байх нь чухал зүйл юм” гэж хэлжээ.

НАСА сарны цагийг нэвтрүүлэх хүсэлтэй цорын ганц байгууллага биш юм. Европын Сансрын агентлаг мөн сарны цаг хэмжүүрийн системийг боловсруулж байгаа аж. Харин дэлхий сарны хооронд цагийн зөрүү хуримтлагдсаар сарны 30 хоног нь дэлхийн 29,5 хоногтой тэнцдэг билээ

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Боксын олимпийн эрх олгох сорилго тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно DNN.mn

Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Уг “ПАРИС-2024” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 6, 7-нд 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болно.

Уг сорилго тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцоно. Тэрбээр Монголын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасандаа уучлал хүсэж, 63.5 кг-д дотоодын сорилд оролцох, цаашлаад Парисын олимпын наадмын дэлхийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлж,  Боксын холбоо хүсэлтийг хүлээн билээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажилласнаас хойш 1487 автомашин нэвтэрчээ DNN.mn

Замын-Үүд, Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсэг энэ сарын 1-нээс 24 цагаар ажиллаж буй.

Уг өөрчлөлт эхэлснээс хойш гурав хоногийн хугацаанд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрчээ.

Харин 18:00 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд авто замын боомтоор нийт 1,487 автомашин нэвтэрсэн байна.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн 75 жилийн ой тохиож байна DNN.mn

Брюссельд НАТО-гийн 75 жилийн ойг тохиолдуулан гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов. Уг уулзалтаар Украинд урт хугацааны цэргийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон ч Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн зарласан таван жилийн хугацаатай 100 тэрбум еврогийн сан байгуулах санал нэлээд маргаан дагуулав.

Сайд нар шууд ийм сан байгуулах нь амаргүй гэдгийг хэлж байв. Харин Столтенберг тэдэнд “Бид дэмжлэгийнхээ үр дүнг өөрчлөх хэрэгтэй. Бид Украинд урт хугацаанд найдвартай, урьдчилан таамаглаж болох аюулгүй байдлын тусламж үзүүлэх ёстой. Богино хугацааны саналууд багасч, олон жилийн тууштай тусламж үр дүнг нэмэгдүүлнэ” гэж уриалав. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто “Эвслийг Оростой дайтуулахад ойртуулах, эсвэл хамгаалах эвслээс довтлох эвсэлд шилжүүлэх НАТО-гийн аливаа саналыг Унгар дэмжихгүй” гэж мэдэгдэв.

Столтенберг НАТО илүү хүчирхэг бүтэцтэй байх нь эвслийн хамгаалалтын шинж чанарыг өөрчлөхгүй гэж хариулаад Унгарын байр суурьтай холбоотой асуудлыг ойрын долоо хоногт шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес хоёр талын тусламж бий болсноор Европын холбоо, НАТО-гийн тусламж давхардана гэж сэрэмжлүүлэв. Италийн Гадаад хэргийн сайд Антонио Тайаниз “Чөтгөр жижигхэн зүйлд нуугдаж байдаг” гээд “Энэ нь улс орон бүрт хэрхэн хэрэгжих, хэдэн хувийг хариуцаж чадахыг тодруулах хэрэгтэй. Иймээс бидэнд хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Энэ санал үнэхээр сэтгэл хөдөлгөм бөгөөд сонирхолтой боловч Украинд яг тодорхой тоо амлахаасаа өмнө хэрхэн, хэзээ, юу хийж болох, хэн юу хийх ёстойг үнэлж, судалж, ойлгох нь дээр” гэж хэлжээ.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Германчууд Украинд 32 тэрбум еврогийн иргэний болон цэргийн дэмжлэг үзүүлээд байгааг тэмдэглээд “Бид үргэлжлүүлэн туслах нь тодорхой” гэж хэлэв. Мөн тэрээр уг санд төвлөрүүлэх төлбөр маргаантай хэвээр байгааг тэмдэглэв. Харин Анналена Бербок Украинд үзүүлэх тусламжийн зохицуулалтыг АНУ-аас НАТО-д шилжүүлэх тухай Столтенбергийн саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж “зөв зүйтэй явдал” гэсэн байна. Латвийн Гадаад хэргийн сайд Крисжанис Каринс ч сан байгуулах саналыг талархан хүлээн авч байна гээд шимтгэл нь гишүүн бүрийн ДНБ-ний тодорхой хувьтай тэнцэх боломжтой гэсэн санал гаргав. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Брюссель хотноо НАТО-гийн холбоотнуудад хандан батлан хамгаалах, Украиныг дэмжихэд зарцуулах зардлаа нэмэгдүүлэхийг уриалав.

Тэрээр НАТО-гийн бүх орнууд ДНБ-ийхээ 2 хувиас илүүг батлан хамгаалахад зарцуулах ёстой гэж онцлоод “Орос түрэмгийлэл үргэлжилж, илүү аюул тулгараад байгаа энэ үед холбоотон орнууд батлан хамгаалахад хүчээ нэмж, илүү их мөнгө зарцуулах ёстой” гэжээ. Кэмерон холбоотнуудаас Украины зэвсэгт хүчинд зориулан НАТО-гийн стандартад нийцсэн пуужин, сум худалдан авах Их Британийн санаачилгыг дэмжихийг хүссэн байна.

Сайд нар Украинд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлэх ёстой гэдэгт санал нэгдэж, Европ, АНУ Украины өөрийгөө хамгаалах үйлсийг дэмжиж, 200 гаруй тэрбум еврогийн тусламж үзүүлсний гуравны хоёрыг Европын холбоо болон түүний гишүүн орнууд гаргасан гэдгийг сануулав. Сайд нар “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд ямар нэг байдлаар буулт хийж, найр тавих бодлого байх ёсгүй”-г онцолж Оросын цэрэг Украин руу довтолсон нь ийм бодлого “гэнэн байсныг нотолсон” гэж мэдэгдэв. Мөн сайд нар Европын холбоотнууд “НАТО-гийн хамтын ачааны зохих хувийг үүрэх ёстой” гэж мэдэгдээд “Европын батлан хамгаалахын төлөө илүү хариуцлага хүлээх хүсэлтэй байгаагаа бид харуулах ёстой” гэжээ.

Иймээс холбоотнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулж, зэвсэглэлээ тасралтгүй сайжруулах шаардлагатай бөгөөд үндэсний батлан хамгаалах компаниудтай засгийн газрууд заавал биелүүлэх урт хугацааны гэрээ хийн засгийн газраас тэдний бүтээгдэхүүнд худалдан авах баталгаа гаргаж өгч байхаар тохиролцов. Харин Москва “НАТО 75 жилийн ойгоо угтаж хүйтэн дайны үеийн сэтгэлгээндээ эргэн орлоо” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Уралдаан зохион байгуулсан сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцжээ DNN.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь нас нь хохирсон явдал гарсаар байгааг анхааруулж, олон улсын гэрээ, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэртээ хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт жил бүр хүргүүлж ирсэн.

2024 он гарснаас хойш Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан.

Иймээс хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний Шаардлагыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Ховд аймгийн Э.Болормаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/50 тоот албан бичгээр хүргүүлсэн юм.

Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай албан тайлбарыг дээрх аймгуудаас Комисст ирүүлээд байна.

Тодруулбал,

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөрт Харьяалах нутаг дэвсгэрт хууль тогтоомжид хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул 2024 оны Б/17 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
  2. Улмаар мөрдөн чиг үүрэгтэй байгууллагаас дээрх хурдан морины уралдаантай холбоотой зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Зөрчил щалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч Э-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай.
  3. Ховд аймгийн Онгон сумын Засаг дарга Ө.Мөнхбатад төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.
  4. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тухай.
  5. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хурдан морины уралдаан зохион байгуулагдсан гомдол, мэдээллийн мөрөөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалт хийж, зөрчлийн мэдээллийг аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн. Мөн сумдын Засаг дарга нарт хориглосон хугацаанд морин уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх, хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй талаар Морин спорт, уяачдын холбоод, иргэд, малчдад мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан. Түүнчлэн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цагдаагийн газрын хамтарсан эргүүл хяналтын хуваарь гаргаж, зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх тайлбарыг тус тус ирүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул аймаг, Нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналтад тавьж ажиллана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй 28 ШТС байснаас 10-ыг нь хаажээ DNN.mn

Төрийн 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг шатахуун түгээх станцуудад шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр ШТС, газрын тосны агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид 2967 зөрчил илрүүлж, газар дээр нь 834 зөрчлийг арилгуулсан бол 14.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 28 ШТС зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байснаас 10-ыг нь хааж, 18-ынх нь үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг ШШГЕГ-т шилжүүлсэн байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 ШТС нь дөрвөн төрлийн зөвшөөрөл авах ёстойгоос аль нэгийг нь аваагүй байсан аж.

Шалгалтын хамрагдсан ШТС-уудаас орц, гарцын анхааруулах тэмдэггүйгээс талбай дээр нь такси болон бусад тээврийн хэрэгсэл удаан зогсдог, гэмт хэргээс сэргийлэх зорилгоор ажилтнуудаа сургалтад хамруулаагүй, гэрээт хамгаалалт байхгүй, аюулгүй байдлын дохиололгүй, цонхнууд хамгаалалтгүй, аюултай ачаа тээвэрлэх талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, зөвшөөрөл аваагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Улаанбаатар хотод 57 автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулж байгаагаас 30 машины сав нь ил байршиж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн зайг тодорхойлсон стандарт Монгол Улсад байхгүй тул шинээр боловсруулж мөрдүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.