Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэгч “Пома” группийн төлөөлөлтэй хамт дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг байгуулах байршилд ажиллаж, шугамын хэмжилтийг хийлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх үүднээс дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөж, хэмжилт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман том тулгуурт баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөх шаардлагатай байгаа. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин замын тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршлуудад явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцолж байлаа.

Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3400, хоёр талдаа цагт 6400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байгаа юм.

Энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 6337.5 тонн махыг нөөцөлсөн.

Одоогийн байдлаар 204.9 тонн буюу 3.2 хувийг худалдан борлуулсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү борлуулалттай байгаа юм.

Үнийн хувьд зах, худалдааны худалдааны төвүүдийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8 хувиар хямд байна.

Мөн нөөцийн үлдэгдэлд үндэслэн энэ сарын сүүлээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж буйг УБЗАА-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянзүрх дүүрэгт амралтын өдрүүдэд хөөстэй цэвэрлэгээ хийнэ DNN.mn

Баянзүрх дүүрэгт амралтын өдрүүдэд хөөстэй цэвэрлэгээ хийнэ.

Энэ ажлын хүрээнд 43 хороо тус бүрт хог, тоосны эсрэг буу, шаардлагатай материалуудыг хүлээлгэн өглөө.

Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол, хашаа хайс, хаяг самбар, нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллагын гадна фасад зэрэг бүхий л зүйлсийг хөөстэй угаах боломж бүрдэнэ.

Мөн үүсмэл, хур хогийн цэгүүдийн хогийг ачиж цэвэрлэнэ.

Иймд иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус сайн дурын байгууллагуудыг идэвхтэй нэгдэж хамтарч ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын арслан М.Бадарчийн асуудлыг энэ сарын 29-нд хэлэлцэнэ DNN.mn

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын арслан М.Бадарчийн допинг хэрэглэсэн гэх маргааныг Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс энэ сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтад 35.680 суралцагч хамрагджээ DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Улсын хэмжээнд уг шалгалтад 35,680 суралцагч хамрагджээ. Эдгээрийн 17,450 нь орон нутагт бол 15,761 нь нийслэлд шалгалтаа өглөө. Харин өмнөх оны төгсөгч 2.469.

Хүйсийн хувьд 15,783 эрэгтэй, 19,897 эмэгтэй. Монгол хэлний шалгалтад Хөвсгөл аймгаас хамгийн олон буюу 1,464 шалгуулагч бүртгүүлсэн бол Говьсүмбэр аймгаас 192 байгаа нь хамгийн цөөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.3 хувиар, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус өсчээ.

Тодруулбал, хонины ястай мах 2.8 хувиар өссөн буюу 14,257 төгрөг, 1-р зэргийн гурил 0.6 хувиар өссөн буюу 2440 төгрөг, үхрийн ястай мах 0.4 хувиар өссөн буюу 17,897 төгрөг болжээ. Тэгвэл оронг нутагт хонины мах 1.3 хувиар, ямааны мах 2.0 хувиар, үхрийн мах 1.9 хувиар тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнжмөл шар өвсний түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

“Ойн тухай” хуулийн 3.1.17-д “түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг заасан байдаг.

Цаг агаарын хуурайшилтын улмаас ой хээр, өнжмөл шар өвсний түймэр гарах эрсдэл нэмэгддэг.

Иймд зуслан ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж байх, хүүхдийг чүдэнз, асаагуур, бусад гал гаргах эд зүйлтэй явуулахгүй байх, түймрийн эрсдэл, аюулыг тайлбарлаж ойлгуулах, нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга хийх, ууланд алхах,заасан хугацаанд шашны зан үйл хийхгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангаж, болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх зам засварын ажил эхэллээ DNN.mn

Нийслэлийн засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн  А/32 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлтийн 13-н төсөл арга хэмжээний ажлууд батлагдан, гэрээ байгуулагдаад байна.

Үүнд:

  1. Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
  2. Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
  3. Орбитын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СХД)
  4. Бага тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ЧД, СБД)
  5. Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл)
  6. Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
  7. УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлт (ХУД)
  8. Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
  9. Богд уулын арын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (ХУД)
  10. Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД)
  11. Нэгдсэн үндэстний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (СБД)
  12. Хатанбаатар Магсаржавын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (БЗД)
  13. Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД,Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэл)

Өнөөдрийн байдлаар/2024.04.06/ хоёр байршилд засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна. Үүнд:

1. Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Зүүн 4 замын уулзвараас- Нарантуулын уулзвар хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусгана.

2. Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (БЗД, Ботаникийн эцсээс-Улиастайн гүүр хүртэл) ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгана.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг, 08 минутад эхэллээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нээж, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцэнэ гэсэн юм.

Үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сурлагын чанарыг тодорхойлох зорилгоор Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд анх удаа оролцжээ. Уг үнэлгээ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагч математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж буй болон тухайн улсын боловсролын тогтолцоо энэхүү чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг судалгаа юм. Гурван жил тутам явуулдаг олон улсын судалгаанд дэлхийн 81 улс оролцжээ. 2022 оны 04 дүгээр сарын 05-наас 05 дугаар сарын 15-ны хооронд хийсэн үнэлгээнд манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7276 суралцагч хамрагдан математик, унших чадвар, бүтээлч сэтгэлгээний сурлагын амжилтаа үнэлүүлжээ. Төрийн болон хувийн хэвшлийн, газар зүйн байршлын хувьд харилцан адилгүй, түүвэрлэн сонгосон сургуулиудын суралцагчдыг хамруулсан үнэлгээнд математикаар 47-д жагссан. Жишиг улстай харьцуулахад гүйцэтгэл өндөр боловч үе тэнгийнхнээсээ хоцрогдолтой тул сурлагын амжилтыг ахиулах шаардлагатай. Мөн 15 настай хоёр сурагч тутмын нэг нь сурлагын чанар 50 хувьд хүрэхгүй буюу манай улс үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна.

Унших ур чадварын тухайд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй, гурван сурагчийн хоёр нь суурь түвшинд хүрээгүй. Манай улсын нэг суралцагчийн боловсрол эзэмших зардал 12 600 орчим ам.доллар байгаа нь үнэлгээнд оролцсон 81 улсаас доороосоо гуравдугаарт бичигджээ. Цаашид суралцагчийн сурлагын амжилтыг ахиулахын тулд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамны зүгээс бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг багасгахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Боловсролд зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь боловсролын чанарт шууд нөлөөлдөг болохыг олон улсын үнэлгээний үр дүн харуулсан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэлдээ онцолсон юм. Монгол хүүхдүүдийн хувьд амьдралд сэтгэл хангалуун гэсэн судалгааны дүн гарсан хэдий ч сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт байгаа гэдгийг ч танилцуулав.

Танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэн үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр, сурч боловсрох эрх нь улс орон бүрийн хөгжлийн чухал суурь үзүүлэлт юм. Тиймээс олон улсын үнэлгээ тухайн улсын боловсрол олгож буй байдлыг шалгадаг тогтолцоо. Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт дампуурчээ. Есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна. 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь 9 дүгээр ангийн хүүхдийн сурлагын үнэлгээ доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж хасах чадваргүй байна гэсэн үг юм. Манай улс боловсролд, нэг суралцагч тутамд 12 682 ам.доллар зарцуулдаг. Олон улсын үнэлгээний үр дүнг танилцуулахдаа суурь боловсрол муу байгааг сайн мэтээр танилцууллаа хэмээн шүүмжилж, боловсролын тогтолцоонд бодлогын цогц арга хэмжээ авахыг шаардахаас аргагүй нөхцөлд байна хэмээв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, салбарын сайд нь мэдээлэл өгч хэвших ёстой гээд, боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх асуудлаар санал, дүгнэлт боловсруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай. Боловсролын яамнаас зарласан төсөв, тендерийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэл дандаа чанаргүй, хойшилсон, төсөвт өртөг нь нэмэгдсэн зэрэг хүндрэл учирч байгааг анхааралдаа авсан эсэхийг тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, энэ удаагийн олон улсын үнэлгээнд хамрагдсан хүүхдүүд нь анх сургуульд элсэхдээ л суурь боловсролын “Цөм” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд. Хөтөлбөрийн шинэчлэлийг 10 гаруй удаа хийхдээ санхүүжилт, боловсон хүчний нөөц зэргийг тооцоолж, төлөвлөхгүй хуумгай хандсан. Боловсролын яам тендерийн яам байхаа больсон. Нэг ч тендер зарлаагүй. Холбогдох газруудад нь хариуцуулдаг болсон. Тендерийн чанар, гүйцэтгэлийн хувьд санал нэг байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг бууруулах талаар анхаарсан эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл монгол хэлээрээ уншсан зүйлээ ойлгохгүй байгаад ямар дүгнэлт хийж байгааг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн суралцагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг ахиулах, монгол хэлний сургалтыг сайжруулах, зарим сумын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах талаар ямар арга хэмжээ авч байгааг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат кирилл үсгийг латинаар сольчих боломжтой эсэхийг асуухад Л.Энх-Амгалан сайд, цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн, сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн зүйл нь суурь боловсролын “Цөм” хөтөлбөр хэт академик байснаас хүүхдүүдийг залхаасан байж болзошгүй гэсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхдээ цоожтой хаалганы цаана үлдээчихээд шаналж байсан эцэг, эхчүүдийн асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг 96-аас дээш хувьтай болгож нэмэгдүүлсэн нь ЮНЕСКО-гоос өндөр үнэлгээ авсан. Боловсролын чанараар хот, хөдөөгийн сургуулиуд ялгаа ихтэй ч хувийн болон төрийн статустай сургуулиудын хувьд онц ялгаагүй гэсэн дүн гарсан. Өндөр төлбөртэй сургуулиуд төрийнхөөс сурлагын чанараар илүүрхэж чадахгүй байгаа нь “Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль” гэсэн бодлогыг цааш үргэлжлүүлэхэд хүргэж байна хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, боловсролын салбарт ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах журам, англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт, хувийн хэвшлийн сургуулиудад ажиллагсдын нийгмийн баталгааг хангах бодлогын хэрэгжилтийн талаар асууж тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Боловсролын багц хуулийг баталсан энэ парламентын гавьяа түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Уг багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас 70 орчим журмыг батална. Боловсролын салбарт 15-аас дээш жил ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах журмыг баталсан. Боловсролын салбарт явуулж буй үндсэн зургаан зорилтыг төр, хувийн хэвшлийг ялгахгүйгээр хэрэгжүүлнэ. Гадаад хэл болон бусад сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ. 780 гаруй мянган хүүхдийн талаас илүү хувь нь хувийн сургуулиудад хамрагдаж байна гэсэн юм.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газрын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуув. Тэрбээр монгол хүүхдүүд эх хэлээрээ уншиж чадахгүйд хүрсэн нь ямар учиртайг, багшийн чадвар, чансаа хэр байгааг лавласан юм. Салбарын сайд, “Цөм” хөтөлбөрийн үр дагавраар ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, ачаалал хүндэдсэн тул анги ахих тусам хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл суларсан, 6 настай хүүхдэд 8 настай хүүхдэд зааж байсан хичээлүүдийг үзүүлж байгаа, уран зохиол, унших бичгийн хичээлийг хассантай холбоотой хэмээн хариуллаа. Боловсролын чанарыг сайжруулахад ямар бодлого баримтлах ёстойг Улсын Их Хурлын гишүүн дахин тодруулж асуухад, санхүүжилт, сургалтын өртгийг нарийвчлан тооцож, нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж байж боловсролын чанарын ялгааг арилгах боломжтой гэсэн хариултгыг сайд өгөв. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар ийн хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир илтгэсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаа сунгасан. Уг өөрчлөлтийн үр дүнд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд олон иргэн цагаатгуулах тухай гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж, нөхөх олговор авсан хэмээн танилцууллаа. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгохоор тусгасан бөгөөд дэлхийн бусад оронд ийм төрлийн хуулийн хугацааг хязгаарлаж тогтоодоггүй онцлогтой гэв.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Санал, дүгнэлтийг танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир хуулийн төслийг хугацаагүй болгох боломжтой эсэхийг асуулаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа сүүлийн гурван жилийн хугацаанд ирсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч, нийт 44 тэрбум төгрөгийг нөхөх олговорт олгосон талаар танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, 36 орчим мянган хүн хэлмэгдсэн хар түүхийн тухай бид ярьж байна. 1990 оноос хойших хэлмэгдүүлсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад, төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах олон улсын тунхагийг соёрхон батлах ёстой гэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хар бараан түүх, хэлмэгдэгсдийн сэтгэлийн шархыг эдгээх боломжгүй. Үнэнийг хэлж, дуугарсных нь төлөө сэтгүүлчдийг хорьдог. Үгээ хэлснийхээ төлөө хоригддог, цагаатгадаг явдал гарч байна. Тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар асуухад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа 30 жилийн хугацаанд 31 мянган хүнийг цагаатгасан. Уг хуулинд хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Хугацаа тогтоох боломжгүй. Цаашид хэрхэхийг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн хариултыг өгөв.

Хуралдаан ийн үргэлжилж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дээрх хуулийн төслийг ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн онцлоод хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар ирэх 7 хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар хойшлууллаа.

Мөн баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл сэтгүүлчээр ажиллах эрхийг нь түдгэлзүүлжээ DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн.

Шүүх саналыг хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор яллагдагч Н.Өнөрцэцэгт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж  дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэв.