Categories
мэдээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр 13:40 цагт гарсан хээрийн түймрийг дөрөвдүгээр сарын 7-ны 00:40 цагт бүрэн унтраажээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын мэдээлснээр түймэрт урьдчилсан байдлаар 20,000 га талбай өртсөн байна.

Түүнчлэн тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14,000 га хээрийн талбай өртсөн аж.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЦУОШГ: Өнөөдөр говь, баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно DNN.mn

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орохыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2024 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 9-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -1…+4 градус байна.

Түүнчлэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байх аж.

Улаанбаатар хотын орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +8…+10 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана DNN.mn

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар:

-2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гараашийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа хэмээлээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 4400 га талбай өртжээ DNN.mn

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа.

Дорнодын түймэрт 4400 га талбай өртжээ

Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгогч хэрсүү болох л сүүлчийн найдвар… DNN.mn

Дөрөвдүгээр сарын 1 болоод, манайх л болсон хойно хошин, инээдтэй дурсамж яриа, нэгнийгээ хуурсан марзан үг шидэлцэж өнгөрөөв. Тэр дунд төрийн нэгэн түшээ “Сүүлийн найман жил өдөр бүр дөрөвдүгээр сарын 1 байлаа” гэжээ.

Монголын улс төр, улстөрчдийг шүүмжилсэн хэрэг л дээ. Улс орон ядуу буурай байна. Эдийн засаг хүнд байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд шударгаар шүүгдэхгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна. Иргэд сөхөрсөөр л байна. Ерөөсөө энэ тухай өнөөдөр ч яриагүй. Саяхнаас ч ийм болоогүй. Урт удаан жилийн улс төрийн доройтлын үр дагавар.

Манай улстөрчид ёс зүйгүй, ёс суртахуунгүй. Улс төрд гарсан л бол эрээ цээргүй улсын төсвөө тонож ирлээ. Албан тушаалаа ашиглах нь байдаг л үзэгдэл болчихлоо. Эцсийн дүндээ бид хөгжлийн бүхий л үзүүлэлтээр ухарч байна. Ингээд харахаар “Өдөр бүр дөрөвдүгээр сарын 1” болж байхад иргэд бид юу хийж, хаана байв гэж асуухад хүрч байгаа юм.

Энэ нийгмийн, төрийн хамгийн гол хүч иргэд, ард түмэн байдаг. Иргэн дор бүрнээ болохгүйг хурцаар Жүжигчин Л.Цогзолмаа Жавахарлал Неру, Индира Ганди нарын хамт. харж, шүүмжилж засч залруулахын төлөө зүтгэх сэтгэлтэй болмоор байна. “Би болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзлээ таягдан хаяад улсынхаа, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөөр байгаа юм.

Удахгүй сонгууль болно. Нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөрийг бүрэн уншихаас бидний үүрэг эхэлнэ. Мөнгө төгрөг, аар саархан зүйлд хууртаж болохгүй. Сонгогч хэрсүү болох л сүүлчийн найдвар байдаг. Түүнээс улс төр “цэвэршиж”, мөнгө, эрх мэдлээ орхихгүй. Орхидог ч үгүй, улс төр ийм л байдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч Н.Ариунболд: Жолоочийн хариуцлагын даатгалаас 10 дахин өндөр үнээр тээврийн хэрэгслээ хамт даатгуул гэж тулгаж байна DNN.mn

Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг жолооч нарт тулгаж байгаа асуудал гарч эхэлжээ. Жолоочийн даатгалын тухай хуульд жолооч албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дураараа хийлгэх эрхтэй билээ.


Энэ асуудлаар жолооч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Албан журмын даатгал хийлгэхэд тээврийн хэрэгслийн даатгал давхар хийлгэхийг шаардаж байгаа гэв үү. Танд ямар компани юу гэж тайлбарлав?

-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд би “Бодь” даатгалд жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэсэн юм. Ингээд нэг жилийн хугацаа дуусч гэрээгээ сунгах гэтэл “Бодь” даатглынхан даатгал хийхгүй байгаагаа мэдэгдсэн. Ингээд өөр даатгалын компани хайж эхэлсэн л дээ. Фэйсбүүк дээрээс арай хариуцлагатай, найдвартай ямар компани байж болохыг хайж байгаад Мандал даатгал, Тэнгэр даатгал руу холбогдсон. Гэтэл өөдөөс “Жолоочийн хариуцлагын даатгал дангаараа хийхгүй. Тээврийн хэрэгслийн даатгалыг хамт хийнэ” гэсэн. Ямар үнэ ханштайг асуухад “Таны машины орчин үеийн үнэлгээнээс хамаараад нэг хувиар даатгана гэсэн. Би “Toyota Harrier” машинтай. Зах зээлийн үнэлгээ нв 35-50 саяын хооронд байгаа. Тэгэхэд даатгалын компаниас нөхцөлүүд явуулсан.

Түүнийг нь харахад 35 саяар бодоход нэг хувь гэхээр хамгийн багадаа 350 мянган төгрөгөөр тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгэх юм гэнэ. Үүн дээр жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдэнэ.

-Багадаа 400 мянга давах нь ээ?

-Тухайн компани даатгалын урамшуулал зарласан байгаа. Хамгийн бага үнэтэй багц нь 480 мянгаас эхэлж байна гэсэн. Эндээ тээврийн хэрэгслийн даатгал болон албан журмын даатгалыг хамтатгасан багц гэж тайлбарласан.

Би лавшруулаад асуусан. Жолоочийн хариуцлагын даатгалыг хийлгэхэд тухайн жилдээ ямар нэгэн осол аваар гаргаагүй тохиолдолд дараа жил нь ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдлэх үү гэхэд “Гэрээ сунгах үеэр гэрээгээ үнэлж байгаад хөнгөлөх эсэхийг шийддэг” гэж хариулсан. Бүр хоёр компани яг ийм адилхан хариулт өгсөн. Тиймээс болиод хайж байгаад албан журмын даатгал дангаар нь хийж байгаа “Миг” даатгалд даатгуулсан.

-Албан журмын даатгалыг бол хуулиар үүрэг болгодог. Тээврийн хэрэгслийн даатгалыг жолооч сайн дураараа хийлгэдэг шүү дээ. Гэтэл заавал хамт хий гэдэг нь ямар учиртай юм бол?

-Албан журмын даатгал мэдээж ямар нэгэн байдлаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулбал даатгах нь зүй ёсны асуудал байх. Харин тээврийн хэрэгсэл бол тухайн хүний хувийн өмч. Өмчөө даатгах эсэх нь миний эрхийн асуудал байх ёстой шүү дээ. Гэтэл сонголт ч өгөхгүйгээр шууд тулгаж байгаа нь шударга бус, хачирхалтай санагдсан.

-Ингэж хамтад нь даатгах болсон үндэслэлээ тайлбарлах юм уу?

-Таны эд хөрөнгөд үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа. Жолооч та хүний эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд албан журмын даатгалаас хохирол барагдуулдаг. Харин та өөрийнхөө хөрөнгийг эрсдэлд ороход манай компани шийдэж өгнө гэдэг тайлбарыг хэлсэн.

-Энэ хоёр даатгалын төлбөр нь харилцан адилгүй юм байна, тийм үү?

-Жолоочийн хариуцлагын даатгалыг би 45.500 төгрөгөөр л хийлгэдэг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг үүнээс 10 дахин нэмэгдүүлсэн өндөр төлбөрөөр хийлгэх болох нь. Ийм байж болохгүй шүү дээ.

Энэ бол хэдэн монополь компаниудын гаргасан санал. Компаниуд шинээр гарч ирээд томхон хэдэн даатгал аваад нэрд гарч ирээд үгсэн тохиролцдог юм байна гэж харж байна. Ингэж ч харагдаж байна шүү дээ. Тэгээд шууд тулган шаардаж байна. Магадгүй өнөөдөр зарим нэг нь дангаараа даатгал хийж байна. Дараа жил гэхэд бүх компани хоёр даатгалыг хамт хийнэ гээд тулгачихвал яах вэ. Гарцгүй болгож мэднэ шүү дээ.

-Гол нь албан журмын даатгал хуулиар хүлээлгэчихсэн. Цагдаа зам дээр зогсоогоод даатгалгүй бол торгочихдог?

-Даатгалаа сунгаагүй бол замын цагдаа шууд 180 мянган төгрөгөөр торгох хуультай. Түүнд нь баригдаад ийм өндөр үнээр даатгал хийлгэх нь шударга бус санагдаж байна. Энэ талаар холбогдох газрууд нь анхаараасай

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

2024.04.07 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 06.18-19.31
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 7, Адъяа гариг. Билгийн тооллын 29, Могойг хүлэгч одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:18-19:31. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 05-наас 2024 оны 04 сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +4…-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 6-7 нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Уг ажил энэ амралтын өдрүүдэд илүү эрчимжин, УБЗАА, дүүрэг, хороодын аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. Цаашлаад хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Өнөөдрийн байдлаар УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайн цэвэрлэгээг хийлээ. Үүнээс гадна дүүргүүд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн сав зэргийг цэвэрлэж байгаа. Өмнө нь тоос шороо босгон шүүрдэж цэвэрлэдэг байсан бол энэ жил тусгай зориулалтын багаж, бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Ингэснээр дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэн, бүтээмж нэмэгдэж байна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.

Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээ, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч нар, 18 их, дээд сургуулийн 850 оюутан залуус энэ удаагийн их цэвэрлэгээнд оролцож буй. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай,  46 автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад,  997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, цэвэрлэгээний үед гарсан 178 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн байна. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, зүлэгт талбайн самналт цэвэрлэгээг хийлээ.

Харин Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, сайн дурын байгууллага, клубийн нийт 21,263 хүн “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдээд буй. Ийнхүү дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаан, хог хаягдал цэвэрлэж байна. Түүнчлэн гэрэлтүүлгийн самбар, таг нь эвдэрсэн гэрэлтүүлгийн шонг шинэчлэн, 462 м кабелийн утас засварлажээ.  Мөн 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийлээ.

Энэ мэтчилэн дүүрэг бүр өөрсдийн эзэмшлийн хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэн, барилгын хана, фасадыг угааж буй юм.