Categories
мэдээ нийгэм

Мотоциклоо түрж голын усаар гарахдаа осолджээ DNN.mn

Архангай аймгийн Тариат сумын “Чулуут” голоор хоёр хүн мотоциклтой гарч байгаад нэг хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 6-ны 21:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан дөрөвдүгээр сарын 7-ны 00:40 цагт очсон байна. Алба хаагчдыг очиход иргэн Э /52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж эрэн хайх ажиллагааг 01:30 цагт зогсоожээ. Улмаар өчигдөр 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 09:10 цагт тус багийн “Хавчигийн-Ам” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгорын Баянцагаанд хамгийн их буюу 21.0 см цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

2024 оны 04 сарын 01-ний 08 цагаас 2024 оны 04 сарын 08-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгийн зарим газар, Баянхонгорын өмнөд хэсгээр 0.0-21.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Баянцагаанд 21.0 см, Шинэжинстэд 16.0 см, Увсын Давстад 18.0 см, Сагилд 14.0 см, Ховдын Мөстөд 17.0 см, бусад хэсгээр 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: 01-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун өмнөд болон зүүн хойд хэсгээр 0.0-7.0 мм, 02-нд Говь-Алтайн нуруу, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-10.0 мм, 04-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-8.0 мм, 05-нд Завханы зарим нутаг, Дорнодын зүүн хэсгээр 0.0-0.3 мм, 06-нд Ховдын өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын зарим газар, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх нутгаар 0.0-9.0 мм, 07-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Цэцэгт 19.0 мм, Мөстөд 13.4 мм, Алтайд 13.3 мм, Баянхонгорын Баянцагаанд 19.0 мм, Шинэжинстэд 15.0 мм, Баянлигт 12.0 мм, Баянговьд 11.0 мм, Завханы Цагаанхайрханд 12.0 мм, Өмнөговийн Даланзадгадад 11.4 мм, Говь-Алтайн Тонхилд, Жинстэд 11.0 мм, бусад нутгаар 0.0-10.4 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үед Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-13 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-6 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар 1-9 хэмээр дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, 5-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хараа голын сав газраар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-18 метр, түр зуур секундэд 22-24 метр, 04-нд Алтайн салбар уулс, болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-16 метр, 06, 07-нд зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 4 сарын 01-нд, 07-нд 0.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.

Агаарын температур: Хугацааны эхэн үед шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байв. Хугацааны сүүлээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6 хэм хүйтэн,  бусад хэсгээр 1 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-14 хэм дулаан байв.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолооч нарыг торгожээ DNN.mn

Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн З, Ц нар нь орон сууцны хорооллын дунд, гудамж талбайн явган хүний зам дээр тээврийн хэрэгслийг тус бүр байрлуулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсгийн 35.2-д зааснаар зөрчилд холбогдогч нарт тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг нисгэгчгүй нисэх төхөөрөмж “DRON”-ийн тусламжтай илрүүлж, хариуцлага оногдуулах ажлыг зохион байгуулж байгаа. Мөн иргэд замын хөдөлгөөний аливаа зөрчлийн талаарх мэдээллийг гар утасны E-Police апликейшн ашиглан цагдаагийн байгууллагад мэдээлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс 8000-10.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.04.08/ мэдээллийг хүргэж байна.

Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/

Хорголжин 40 кг – 35.640 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хорголжин 1 тонн – 891.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 25 кг-24.200 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 1 тонн – 968.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/

Улаанбуудай 40 кг – 40.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг- 35.000 төгрөг

Орос овъёос 40 кг – 48.000 төгрөг

Монгол овъёос 40 кг – 40.000 төгрөг

Шингүүртэй овъёос 35 кг -48.000 төгрөг

Монгол хорголжин тэжээл 40 кг-38.000 төгрөг

Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг

Шоколадан бор 40кг-85.000 төгрөг

Өвс 8000-10.000 төгрөг

Ногоон тэжээл – 15.000 төгрөг

Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/

Цэвэр улаан буудай 40 кг- 36.000 төгрөг

Соёолжтой цэвэр буудай 40 кг -28.000 төгрөг

Монгол овъёос 40 кг- 35.000 төгрөг

Орос овъёос 40 кг- 38.000 төгрөг

Categories
мэдээ нийгэм

Эмийн жор, шинжилгээний хариу зэрэг үйлчилгээг ирэх сараас өмнө цахимд шилжүүлнэ DNN.mn

ЦХХХЯ, ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал, “Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, систем хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэхийг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөл бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой болсон. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д эрүүл мэндийн нэн шаардлагатай “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цахимд шилжүүлэн, 5 дугаар сарын 4-өөс өмнө нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд цаг, мөнгө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг багасгах боломжтой”-г илтгэлдээ онцолсон юм.

May be an image of ‎1 person and ‎text that says '‎цахим хегжлийн багцхууль хууль 2020 2019 2021 E-MONGOLIA 1.0 2018 2017 2015 эстонийн хантын ажиллагаа дан хур тоонтелевиз цахим харилцаа хегжил, 2022 холбооны яам 2022 2022 ار цеми" Yг 2023 2023 "цахим ундэстэн" бодлогын баримтлах чиглэл MINDGOLI 2023 хурдан 2023 E-BUSINESS шил ажиллагаа mongolia 3.0‎'‎‎

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны зөвлөлийн шинжээч, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахам ДЭМБ, Олон улсын цахилгаан холбоо хамтран гаргасан “Цахим эрүүл мэндийн хүрээ”-ний талаарх мэдээлэл өглөө. Уулзалтаар ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Салбар хоорондын мэдээлэл солилцоо” , Азийн цахим эрүүл мэндийн холбооны олон улсын зөвлөх Амийра Хамидын “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”-г танилцуулав. Мөн “Их өгөгдлийн дүн шинжилгээ”, “Алсын зайн анагаах ухааны олон улсын сайн туршлага”, “Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь”, “Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг сайжруулахад телемедицин ашигласан туршлага” илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төмөр замаар 533.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Монголын төмөр зам ТӨХК 2024 онд нийт нийт 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлтийг зохион байгууллаа.

Үүнээс 2024 оны гуравдугаар сард 227 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 180%-р өссөн үзүүлэлттэй.

Тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл сайжруулсан түлшний түүхий эд миддлинг, нефтийн бүтээгдэхүүн, аммония нитрат зэрэг ачаа тээвэрлэсэн.

Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар тэгш чиглэлдээ галт тэргийг бүрэн жинтэй аялуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч амиа алджээ DNN.mn

“Миний” дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг албан хаагч амь насаа алдлаа.

Өнөөдөр 10:29 цагт ЧД-ийн 7-р хороонд байрлах Миний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага ирсэн.

Галын голомтын цэгийг олохоор ажиллаж байсан аврах гал унтраах 10-р ангийн албан хаагч байсныг НОБГ-аас мэдээллээ.

Мөн хоёр гал сөнөөгч угаартан эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор галын тархалтыг зогсоож, шалгалтын ажлыг эхлүүллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо хийнэ DNN.mn

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Сэтгэлийн Хөг” бие даасан тоглолтоо  энэ сарын 20-нд хийхээр болжээ. 

Монголын орчин үеийн поп хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх авчирч, үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ, XX зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг билээ.

Энэ жилийн хувьд “Сэтгэлийн хөг” тоглолт дөрөвдүгээр 20-ны өдрийн 18:00 цагаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны “Концертын Их танхимд” болно.

Поп хатагтай Б.Сарантуяа 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо хийж байсан бөгөөд энэ жил анхны бие даасан тоглолтынхоо 30 жилийн ойн түүхэн мөчийг тохиолдуулан дахин “Сэтгэлийн Хөг” ижил нэрт тоглолтоо хийхээр болсноо онцоллоо.

May be a graphic of 1 person and text

МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд 1975 оноос хойш соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өдгөө 49 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй газар юм. Эх хотын маань өнгөрсөн үеийн гайхамшигт түүхийн гэрч, архитектурын ур шингэсэн тус газрын “төгс” акустик дуугаралт бүхий их танхимд гайхамшигт уран бүтээлчийнхээ аялгуугаар урласан хөг эгшгээр мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа бүтээх нь байна.

Зочин уран бүтээлчдээр Киви хамтлаг, дуучин, продюсер Б.Ангирмаа, Болор хамтлагийн дуучин С.Оргил, дуучин Б.Маргалжингоо, The Compass хамтлагийн дуучин А.Билгүүн нар хүрэлцэн ирнэ.

Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамааран энгийн тасалбар 120,000, 160,000, 200,000, VIP тасалбар 550,000 төгрөгийн үнэтэйгээр тус тус борлуулагдаж буй бөгөөд тасалбарыг www.ticketx.mn-ээс захиалан авах боломжтой.

16-хан насандаа урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Б.Сарантуяа Монголын рок поп урлагт анхны гэх тодотголтой олон шинэчлэлийг авчирч байжээ. Тэрбээр,

  • Хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон.
  • Монголд хамгийн олон цомог, хамгийн олон бие даасан тоглолт гаргасан
  • Эмэгтэйчүүдийн анхны шоуг 1991 оны III сарын 8-нд зохион байгуулсан. Энэхүү тоглолтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Хайдав найруулж байжээ.
  • Эх орноо зургаа удаа тойрч, бие даасан тоглолт зохион байгуулсан.
  • Эх орноо, Монгол Улсаа сурталчлах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн.
  • “Инээмтгий хүн” цомог гарсан даруйдаа маш олон хувиар борлогдож дээд амжилт тогтоож байсан.
  • Монголоос анх удаа Сингапурт CD-гээ бичүүлж Зүүдний Говь, Инээмтгий хүн, Аргагүй амраг, Хайрын зөрлөг бүрэн хэмжээний цомгуудаа бичүүлж байсан.
  • 1998 онд ХБНГУлсад “Эгэл сэтгэл” цомгоо бичүүлж байсан.
  • 2002 он ОХУлсын Москва “Мартъя” цомгоо бичүүлж байсан.
  • 1993-онд Казахстанд зохиогдсон дэлхийн 22 орны дуучин оролцсон “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртсэн нь монголчуудыг бахдуулсан үйл явдал болж байв.
  • Мөн Пентатоник Академийг санаачлан, Монголын рок попын хөгжмийн дээд шагнал олгох Пентатоник наадмын олон удаагийн шагналт.
Categories
мэдээ нийгэм

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.

Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр” гэсэн “5.1.18.Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч хөнгөн бэртжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гарсан гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Анх дөрвөн хүнтэй тасаг ирж галыг унтраах ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хоёр албан хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлгийн анхан шатны тусламж авахаар явсан. Онцгой байдлын алба аюулгүй байдлыг сайтар ханган ажиллаж байна” гэв.