Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд, тээвэрчдийн анхааралд! DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутаг шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг хүсье.

Олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

С.Мөнгөнзаяа: Дотуур байрын унтлагын өрөөнд камер сурилуулсан ноцтой зөрчил илэрсэн DNN.mn

Хүний эрхийн Үндэсний комиссоос Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал өчигдөр хийлээ. Тус хуралд Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг танилцуулав. Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хүний эрхийн нөхцөл байдлыг талаар илтгэв.


Референт Ч.Наранхүү: Онцгой байдлын албан хаагчдаар ажлын бус цагаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн

Баруун бүсийн дээрх аймгууд 413,704 иргэн, 111,625 өрхтэй. Ажилгүйдлийг бууруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, малчин залуусын гэр бүл төлөвлөлтийг дэмжих, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт ахиц дэвшил гаргаж ажилласан олон жишээ байна. Тухайлбал Говь-Алтай аймаг нь малчин залуусын гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр “Алтайн залуус-2022” арга хэмжээг санаачилсан. Үүнд 700 орчим залуусыг оролцуулж, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалтад хамруулж, гэр бүл төлөвлөлт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг өгөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдлэг, мэдээлэл олгосон. Энэ бол залуу малчдыг дэмжсэн чухал алхам.

Мөн Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг нь эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд “Эрэгтэйчүүдийн к абинет” байгуулж, мэргэшсэн эмч бэлтгэсэн. Хөдөөгийн алслагдсан сум, багт хүний эрүүл мэнд нэн шаардлагатай эм, тариа хангалтгүй байдлаас үүдэн иргэд түргэн шуурхай эрүүл мэндийн үйлчилгээ авах, шаардлагатай эм, тариа хэрэглээгүйгээс өвчлөл хүндрэх, амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал баруун бүсэд тодорхой хэмжээгээр байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Буянт сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур, УлаанУул сумдад үйл ажиллагааг явуулж буй эмийн сангуудад шаардлагатай эм, тариа байхгүй, хүрэлцээгүй, эрүүл мэндийн даатгалаар олгодог эм, тариа хүртээмжгүй. Мөн зарим суманд эмийн сангүй учир 300-500 км зам туулж аймгийн төвөөсөө эм авч байна.

Түүнчлэн нэн шаардлагатай эм, тариаг Улаанбаатар хотоос захиалах, тээвэрлэлтийн үед хадгалалтын горим алдагдах, тээвэрлэлтийн хугацаанаас хамаарч цагийн хуваарийн дагуу эм тариаг хэрэглэж чадахгүй байх тохиолдол гарч байгаа учир алслагдсан аймаг, сум, багуудад чанартай эм, тариаг хүргэх, нөөц бүрдүүлэх чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Онцгой байдлын алба хаагчдаар ажлын бус цагаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн хүний эрхийн зөрчил гарсан. Тухайлбал, Ховд аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, ажлын бус цагаар хууль сахиулах болон Онцгой байдлын алба хаагчдаар зам, талбай цэвэрлүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудлыг шалгасан. Улмаар Комиссын гишүүний зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын биелэлт хангалтгүй байна. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад хөдөлмөрлөх эрх болон хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид эрхийн талаар комиссын гишүүн зөвлөмж хүргүүлсэн. Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт 40 хувь буюу хангалтгүй. Орон нутгуудад Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийн шаардлага зөвлөмж хүргүүлдэг. Тодорхой хугацаанд аймаг, сумын удирдлагууд хариу ирүүлж байгаа боловч зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллахгүй байгаа зөрчил бий гэв.


Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа: Малчин өрхийн хүүхэд нэгдүгээр ангид суралцаж эхлэх нь гэр бүл салах шалтгаан болдог байна

Хөвсгөл аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг байгуулсан бол Архангай аймагт  2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Баянхонгор зэрэг аймаг “Эрчүүдийн кабинет” байгуулж, мэргэжлийн эмч бэлтгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж буй аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нэмэгдүүлэх з орил гоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэл тийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүсийн хэмжээнд 170 иргэнд 1.448 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, 5000 ажлын байр бий болгосон. Хэдийгээр хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлд аймаг орон нутгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд хүний эрхийн дараах таван асуудалд анхаарах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Хангайн бүсийн аймгуудын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрын хүрэлцээ түүний орчин нөхцөл, туслах малчин болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байна. Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд ундны цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын усаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймагт хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна.

Хангайн бүсийн зургаан аймагт үйл ажиллагаа явуулж буй 150 дотуур байрнаас 22-т хяналт шалгалт хийхэд барилгын насжилт дууссан, галын болон ослын стандарт шаардлага хангаагүй, боловсон ариун цэврийн өрөөгүй, унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн.

Түүнчлэн малчин өрхийн хүүхэд нэгдүгээр ангид суралцаж эхлэх үед гэр бүлийн хосын аль нэг нь хүүхдээ дагаж, суурин газарт амьдрах шаардлагатай болдог. Үүнээс үүдэн гэр бүл салах, үл итгэлцэл үүсэх, өрхийн зардал нэмэгдэх, малчин эмэгтэйчүүдийн тоо буурах зэрэг сөрөг үр дагавар бий болж байгаа юм. нөгөө талаар зургаан настай хүүхдээ сургуульд ороход нь ээжүүд хамтдаа аймаг, сумын төвд амьдарч байгаатай холбоотойгоор гэр бүл салалт ихсэж буй. Орон нутагт мал аж ахуй эрхлэхэд жендэрийн тэгш байдлын харьцаа алдагдаж, ганц бие малчин эрэгтэйчүүд олширсон. Үүний гол шалтгааныг охидыг хөвгүүдээс илүү боловсрол эзэмшүүлдэг. Гэрлэхэд боловсролын ялгаатай байдал нөлөөлж байна гэв.

Архангай аймаг дахь ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяатай цөөн хором ярилцлаа.

———————————————————————————————————-

-Ганц бие эрэгтэй малчид олширсон гэж та илтгэлдээ дурьдлаа. ЕБС төгсөж байгаа хөвгүүд цаашид сурч боловсрох эсэхээ өөрсдөө шийдэхгүй, шийдвэрт гэр бүлээс нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Олон шалтгаан нөлөөлнө. Улсын хэмжээний тоон мэдээнээс үндэслэвэл нэгдүгээр ангид эрэгтэй, эмэгтэй сурагчдын хүйсийн харьцаа харьцангуй тэнцүү байдаг. 20 орчим хөвгүүд, 20 орчим охидууд. 12 дугаар анги төгсөх үед охидууд нь олон. Их, дээд сургуульд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа илүү ялгаатай. Хөвгүүд мал аж ахуй буюу уламжлалт амьдралын хэв маягаа авч үлдэх, голомтоо залгах хэрэгцээ, шаардлагатай байж болно. Нөгөө талаас мал маллах, хөдөө амьдрах хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. Санхүүгийн асуудал ч мөн нөлөөлнө.

-Хүүхдээ нэгдүгээр ангид суралцаж эхлэх үед хосууд тусдаа амьдарч байгаатай холбоотойгоор гэр бүл салалт ихсэж буйг тайлбарласан. дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?

-Хэд хэдэн хүчин зүйс нөлөөлнө. Дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүүхдүүд дотуур байранд амьдрахдаа гэртээ байгаа мэт тавтай тухтай, хоол ундны хүрэлцээтэй, ахуйн хангамж сайн байх хэрэгтэй. Дотуур байрны багш мэргэжлийн хүүхэдтэй ажиллах арга дүйтэй хүн байх ёстой.

-Хосууд тусдаа амьдарч эхлэснээр ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Эмэгтэйчүүд төв суурин газар амьдарч эхлэхээрээ амьдралынхаа чанарыг сайжруулах зорилгоор мэргэжилтэй болох, ажилд орох, хувиараа жижиг бизнес ч хийж байна.

-Баян-Өлгий аймгийн зургадугаар сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 160 хүүхэд амьдарч байна гэсэн. барууны бүсийн бүх дотуур байрнуудын нөхцөл байдал ийм байна уу?

-Дотуур байрны хүрэлцээ улсын хэмжээнд хангалттай биш байна. 100 хүүхдийн байранд 110, 105 хүүхэд амьдрах үзэгдэл зарим дотуур байранд гардаг.

-Хүн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. гадаадад байгаа монголчуудаа авч ирнэ гэх мэдэгдэл хүний эрхэд халдсан үйлдэл үү?

– Энэхүү асуулт нь өнөөдрийн сэдэвтэй хамааралгүй учраас хариулах боломжгүй.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Готовын Аким: Би уншигчдаа л бодож орчуулга хийсэн, онгирлоо гэж зарим нь хэлэх л байх DNN.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, билигт гүүш, нэрт сэтгүүлч, эртний хадан зураг тайлбарлагч Готовын ахтай ханш нээх өдөр уулзаж, бид хоёр Соёлын төв өргөө, Үндэсний номын сан дамжин бүтэн өдөржин гангар гунгар хийсэн билээ. Цал буурал үсээ намируулах түүнтэй хамт явахад танимхайрах хүн дэндүү олон таарч байлаа.

Эрхэм гүүш Их хурлын гишүүн Чинбүрэнтэй ч хөөрөлдөн, Их сургуулийн багш Д.Мөнхтөртэй ч ярилцан, уруулаас нь угзрах манд зориулах цаг зав тун ч хомс байсныг өгүүлэх юун. Хатагин овогт Готовын Аким 1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар дунд сургуулийн багшийнд төржээ. Тэрээр 1961-1966 онд Улсын Багшийн дээд сургуульд сурч орос хэл, утга зохиолын анги төгсөн УБДС-д орос хэл, утга зохиолын багш, “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлд орчуулагч, редактор, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, “Ил товчоо” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв. 2000-2005 онд “Соёл эрдэм” дээд сургуулийн гүйцэтгэх захирал, 2005-2010 онд Үндэсний номын сангийн захирлаар тус тус ажиллажээ. Г.Аким Лев Гумилевын “Хар домог”, Ч.Айтматовын “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр”, Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Анотолий Франсын “Ундаассан бурхад”, А.Гриний “Аранзал дарвуулт хөлөг” зэрэг бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалаар “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг дөрвөн номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна.

Тэрчлэн “Цэцэн билгийн сувд эрхи” (англи-монгол, монгол-англи цэцэн үгийн толь), “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ?”, “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол”, “Хөрстөд ганц Чингис Хаан буюу Хөх Монголчуудын өлзий учрал”, “Туульс хайлдаг уулс-1, 2”, “Шашдирын чуулган 1, 2, 3”, “Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга”, “Хаднаа шингэсэн аялгуу оршивой” зэрэг олон ном туурвижээ. Мэргэжил нэгт Түндэвийн Дулмаатай 1962 онд гэр бүл болсон байна.

Та сая дөнгөж уулзуутаа жартай байхдаа жаргаж явлаа, далтай байхдаа даналзаж явлаа, ная хүрээд навсайдаг юм байна аа гэлээ. Та ч нээрээ наян насны босго даваад явчихав уу?

-Ная гаралгүй яах вэ.

-Гэхдээ та их ануухан байна даа?

-Хүн чинь байна шүү дээ, хотынхон бол гаднаасаа харахад гяланцаг, дотроо бол паланцаг болчихсон байдаг байхгүй юу. Гэтэл манай хөдөөний өвгөд нар салхинд гандаад гаднаас нь харахад нэлээд өтөлсөн маягтай ч дотроо бол гяланцаг байдаг.

-Яагаад?

-Сэтгэлийн тэнхээ, ухааны бяд, амьдралыг үзэх монгол ухаан, амьдрах арга нь цөмөөрөө байж байдаг.

-Хөдөө сэтгэл ариун байх нь ч аргагүй юм билээ дээ. Хотод амьдарч байгаад хөдөө очиж эрүүл агаарт хонь мал хариулахад сэтгэл их сэлүүсэх юм билээ. Та хөдөөний хүн сайн мэдэж байгаа даа?

-Ухаан нь, одоо хөдөө явж байгаад айлын хотонд ороход тэр хотны үнэр ямар ч франц сүрчигээс илүү гоё үнэртээд байгаа юм. Миний хувьд шүү. Сэтгэл тайвширмаар ч юм шиг, хотны хонины тэр үнэр цаанаа л нэг дотнохон санагдаад. Тэр чинь, уг нь бол хоргол хоргосны л үнэр шүү дээ. (Бахтай инээв. Л.Б) Гэхдээ л хөдөө өссөн бидний хувьд гайхамшигтай л мэдрэмж санагддаг юм даа, надад л лав.

-Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд сая очоод ирэхэд Баасандорж гэж уул хангайдаа жигтэйхэн хайртай байгаль хамгаалагч, судлаач хүнтэй таарлаа. Таныг “Аугаа их соён гэгээрүүлэгч” гээд мөн ч их магтаж байна аа?

-Баасандорж бид хоёр их найз. Тэр хүнтэй Баян-Уулаар нэлээд тэнэсэн.

-Та өөрөө утсаар яриад зорьж очсон юм билээ шүү дээ?

-Хадны зургийн талаар нэлээд олон ном гаргасан хүн байгаа юм. Би зорьж очсон. Манай хүн Баян-Уулынхаа хаана нь юу байгааг, нүх сүв, хад чулуу, бараг оготны нүхэнд байгаа зүйлсийг, тэнд тийм оготно байгаа гэж мэддэг хүн шүү дээ.

-“Алтан гадас” багаа л лав нүхэлчихсэн хүн юм билээ…

-Сумынхаа Баян уулыг бол мань хүн ёстой сайн мэднэ. Тэр чинь их олон уул шүү дээ. Холоос харахад нэг уул шиг мөртлөө дундуур нь ороод явахаар салаад явчихдаг олон уул. Тэр уул хадны зурагтай. Тэр хадны зургаар олон ном гаргасан хүн. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Төрбаттай их найз. Баасандорж бол манай хөдөөгийн соён гэгээрүүлэгчдийн нэг дээ.

-Та Баян-Уулаас гадна монгол орныхоо олон газраар очсон хүн дээ. Уул хадаа хэзээ зорих гэж байна?

-Ойрд бие тааруухан учраас явж чадаагүй. Дөрвөн сардаа багтааж явна гээд сэтгэл догдлоод байж байна.

-“Ханш нээгдэж, ичигсэд хөдөлчихсөн” юм чинь үү? (Хоёул инээлдэв. Л.Б)

-Өө, одоо тэгэлгүй яахав дээ. Ичигсэд хөдөлчихсөн байгаа. Жаахан дулаарвал хадны зургаа авахаар уул усаа зорино доо. “Би судалдаг” гэчихвэл онгирсон болно л доо, миний сонирхдог сэдэв бол хадны зураг, уул хоёр шүү дээ. “Туульс хайлдаг уулс” гэж зураг хөрөгтэй, домогтой түүхтэй хоёр ч ном гаргасан. Одоо гурав дахь номоо хийх санаатай л сэтгэл догдлоод сууж чаддаггүй. Танай Баянхонгорын гэхэд Баянцагааны нуруунд их очсон. Тэр Баянцагааны нуруунд эртний аварга хүний чөмөг байдаг гэдэг. Би тэрэнд хүрч очиж, үзэж чадаагүй ээ. Хүрэх юмсан гэж хүсэвч, морь зорьтой л явахгүй бол мань мэтийн юмд гарахааргүй.

-Их Нацагдоржийн бичсэнчлэн их “Байц бэрх” л газар юм байна даа?

-Байц бэрх, бүр орой дээр байдаг гэж байгаа.

-Нутгийнхан бол очиж үзсэн байх нь ээ?

-Баянцагаан сумынхан бол “Бид олно оо” л гэж байгаа юм.

-Агуй судлаач Агваржин Жа.Баяржаргал найрагч сонсвол давхиад хүрчих л газар байх нь?

-Агваржин бол давхих байтугай нисээд хүрчих байлгүй. (Инээв. Л.Б)

-Чөмөг нь хэр том юм байдаг гэнэ?

-Их л том юм гэсэн. Баян-Уулд Баасандорж маань “Хиргэсүүр ухсан газраас их том чөмөг олдсон” гэхээр нь очоод үзтэл аварга хүнийх биш жирийн хүний яс байсан. Жирийндээ өндөрдүү хүний яс байсан.

-Өндөр Гонгорорхуу хүний чөмөг байж дээ?

-Өндөр Гонгороос арай бага аа. Гэх мэтээр Баасандорж бид хоёр чинь их л хөглөж л явдаг хоёр доо.

-Та Колумбийн их зохиолч Г.М.Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Хиргисийн Чингис Айтматовын “Зуунаас ч урт өдөр”, Рашид Ад Диний “Шастирын чуулган” гээд аварга бүтээлүүдийг монголчилсон дуун хөрвүүлэгч. Одоо та ямар бүтээл дээр сууж байна?

-Сая “Чингисийн билиг сургааль” гэдэг номыг дэлхийн олон хэлнээс (олон хэл юу байх вэ дээ, орос, англи хоёр хэл л юм) орчуулж, “Монголын нууц товчоо”, “Алтан дэвтэр” зэрэг өөрийн сурвалж бичгүүдээс шүүрдэж гаргасан. Энэ л миний сүүлчийн бүтээл болж байгаа юм уу даа. Монгол Улсын төрийн шагналт Нямбуугийн Нямдорж маань бичгийн машинаар цохьчихсон хэдэн шүлгээ надад өгсөн юм. Тэрнийг нь би хадгалж байж байгаад “Монгол” хэмээх нэртэйгээр сая хэвлүүллээ. Сайхан андын маань энэ номыг Чойномын нэрэмжит “Өд” сангийн тэргүүн Дорлигийн Ганболд маань хэвлэж өгсөн. Миний найздаа буян үйлдэж байгаа янз энэ юм даа.

-Нямбуугийн Нямдорж гуайг та ид мандан бадарч явахад нь нөхөрлөв үү, гандан буурч байхад нь найзлав уу?

-Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан даа. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амархан гэдэг. Нямдорж маань үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Нямдоржийгоо би чингэж адлуулж явахад нь түшиж, өмөөрч явсан гэвэл далан худалч болно. Бид хоёрын нөхөрлөл ардчиллын үрээр л эхэлсэн юм. 1991 оны намар болов уу, МОНЦАМЭ-гийн “Ил товчоо” сонины эрхлэгч болчихсон монцгор амьтан орос номын “Дружба” дэлгүүрээр орох санаатай гүйж явтал Нямдорж, Ломбын Нямаа хоёр үүдэнд нь зогсож байна.

-Нямаа ах Нямдорж гуайн шавь гэдэг байх шүү?

-Нямааг би урьдын таних. Нямдоржид Нямаа намайг танилцуулав. Би их л олзуурхаж, бүүр жараад оны эхээр бичсэн нийтлэгдээгүй нэг шүлгийг нь сониндоо нийтлэх санаатай сураглалаа. 1962 онд УБДС-ийн хоёрдугаар дамжааны оюунтан байхад Цэдэндорж гуай, Нямдорж нар шүлгүүдээ уншлаа. Тэр үед чинь манай сургуулиуд яруу найрагчидтайгаа уулзалт зохион байгуулдаг, уран бүтээлийг нь уншдаг, сонсдог, их сайхан байсан юм шүү дээ. Тэгэхэд Нямдорж маань “Чавганц” гэдэг шүлэг уншсан юм. Тэр миний сэтгэлд үлдсэн байгаа юм. Сүүлд танилцахдаа “Та “Чавганц” гээд хачин шүлэг уншсан. Тэрийгээ өгөхгүй юу. Би сонинд тавьяа” гэвэл “Тэр шүлэг энэнд байгаа” гэж Л.Нямааг зааж байна. Нямаа тэр шүлгийг нь авчирч өгч “Ил товчоо”-д би хэвлүүлсэн.

-Нямдорж гуай ер нь нөхөрлөхөд ямаршуухан хүн байв?

-Сайхан шүү дээ, сайхан амьтан. Над дээр ирнэ. Хөөрхий зайлуул, лонх юм л бодож ирнэ шүү дээ. Би нэг муу сонины эрхлэгч юм чинь нэг шил юм гаргалгүй яахав дээ. Нөгөөхийгөө хоёулаа хуваагаад уучихна. Заримдаа гаднаас ганц хоёр хүн байвал хөөрхөн найрлачихна. Тэгж л нөхөрлөж явсан даа. Би нэг удаа гарах гээд яарч явтал шатан дээр таарлаа. Алгаа тэнийлгээд нэг юм өгөхгүй юу. Тэр нь нэг жаахан Чингисийн тэмдэг. Нэг шармал тэмдэг байгаагүй юу. Манай тэмдгийн цуглуулгад тэр Чингис одоо ч байгаа. Би боддог юм. Мань хүнийг чинь найгүй архичин байсан мэтээр дүрслэх гээд байдаг. Тэгтлээ их архинд донтсон хүн л лав байгаагүй.

-Чойном гуайг ч бас архичин байсан гээд байдаг ч тэгтлээ уудаггүй хүн байсан гэдэг дээ?

-Тэр үеийн үзэл суртал гэдэг чинь хүнийг харлуулах л өвчтэй байж. Тэд маань социализмыг жаахан шүүмжилсэн л улс. Чойном гуайтай би таарч явсангүй. “Азийн Монгол” найраглалыг нь гар бичмэлээр өвөртөлчихсөн харин уншиж явлаа шүү дээ. Манай Нямдоржийн “Дорно”, “Будда” зэрэг шүлгүүдийг нь цээжилж явлаа.

-Орчуулга хийхээсээ өмнө та шүлэг, өгүүллэг бичиж байсан биз?

-Үгүй ээ, яах вэ, шүлэг ганц хоёр юм бичсээн бичсэн. Монгол залуу хүн бол заавал ч үгүй нэг бол шүлэг бичдэг, нэг бол зураг зурдаг л байсан шүү дээ. Тэр л хүмүүжлээр явсан. Шүлгүүд хэвлэгдээ ч үгүй.

-Таны анхны орчуулсан ном чинь юу билээ?

-Анатоль Франсын “Умдаассан бурхад”.

-Ланжгар ном барьж авчээ?

-Би мэдэхгүй шүү дээ. Тэр чинь Анатоль Франсын Нобелийн шагналтай номыг би “шаачихсан” байдаг юм. (Алгаа ташин, тас тасхийтэл хөхрөв. Л.Б) Г.Амар гэж аугаа орчуулагч байлаа шүү дээ. Тэр миний багш. Багш маань “Чи үүнийг орчуул” гээд өгөхгүй юу. Орчуулахын бөөн хорхой залуу л наана цаана нь гүйж байхгүй юу. Багш өөрөө хянан тохиолдуулсан. Энэ номыг орчуулахад дөнгөж сургууль төгссөн, хорин хэдтэй хүүхэд байж дээ.

-Тэрнээс хойш хэд орчим ном орчуулсан байна?

-Дөч гаруй ном орчуулж, дөчөөд ном эрээчсэн шиг байна. Ингээд бараг зуу гаруй ном байгаа юм уу даа.

-Та бол Габог оросоос орчуулсан. Одоо Нямдорж нарын испани хэлээс нь шууд орчуулагчид гараад ирлээ дээ?

-Тийм үү? Би тэрийг үзээгүй ээ. Хамгийн гол нь испаниас орчуулж болно. Монголоор хэр зэрэг найруулж чадав, монголдоо буулгав гэдэг л чухал. Одоо чинь миний муу тэр орчуулга л мандаад байх юм байна шүү дээ. Хаана л юм болнов, Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ыг л асуух юм. Надаас өөр юм бараг асуудаггүй шүү дээ.

-Орос хэлээр чухам ямаршуухан байдаг юм, та Маркесын романы дурсамжийн онцлогийг “-жээ, -чээ” гэх маягаар дандаа өнгөрсөн цаг дээр буулгасан байдаг даа. Сонины нэг мэдээ байхад дан ганц цаг дээр бичихэд их утгагүй санагддаг. Тэгэхэд бүхэл бүтэн номын аяс агуулгад харин ч их нийцээд байдаг нь сонин шүү. Тэр бүхнийг яаж мэдэрч орчуулав?

-Хэн мэдэхэв. Яаж ч мэдэрснээ одоо мэдэх юм алга. Яах аргагүй л би орчуулсан юм. Анх уншсан мэдрэмжээрээ л буулгасан юм байлгүй гэж боддог юм. Их айхтар онол монол юм би ярьж мэдэхгүй. Зүгээр л өөрөө уншаад буулгасан юм. Амар багш маань бас “Чи орчуул аа” гэсэн юм. Тэгээд би хийсэн дээ.

-Н.Пүрэвдагва ахын орчуулсан Жеральд Мартины Габриэль Гарсиа Маркесын намтрыг уншиж байхад Габо маань “Зуун жилийн ганцаардал”-аасаа гадна олон роман дээрээ их ажиллаж байсан гайхамшигтай хөдөлмөрч хүн байсан байна лээ шүү?

-Өөрөө ингэж бичсэн байдаг юм. “Тэр нэгэн орой “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж дуусгаад цэг тавьж, сандлаасаа босон хаалгаа нээтэл өрөөнд нэг цэнхэр муур орж ирлээ. Миний энэ роман их олон хувь хэвлэгдэх нь ээ бэлгэшээсэн” гэж. Тэгэхнээ тэр хөх муур нь юу вэ гэхээр хүүхдүүд нь нөгөө муурыг хөх будгаар будсан байсан гэдэг. Цэнхэр муурын араас гараа нуль цэнхэр будаг болгосон хоёр хөвүүн нь орж ирэн, “шид”-ийн үзэгдлийг шидгүй болгосон боловч “Зуун жилийн ганцаардал” зохиогчийнхоо бодсоноос хамаагүй давж, дэлхий дахиныг өөрийн “шид”-ээрээ “байлдан дагуулсан” нь баараггүй үнэн юм даа. Би энэ номыг уншаад “Дэлхийн уран зохиол чинь тэс ондоо болчихсон юм байна шүү дээ. Юун соцреализм энэ тэр вэ. Монголын уншигчдад орчуулаад өгчихвөл сэтгэлгээнд нь шинэ уур амьсгал авчрах юм байна аа” гэж бодсон шүү. Зүгээр ч нэг дурандаа хийгээд байсан юм бас биш шүү. “Орчуулагч хүн уншигчдаа бодох ёстой” гэсэн орчуулгын онолын зарчим байдаг юм. Би уншигчдаа л бодож орчуулга хийдэг. Тэгэхээр зарим амьтад намайг онгирч байна л гэж бодох байлгүй.

-Чингис Айтматовын “Цаазын тавцан”, “Зуунаас ч урт өдөр” ч бас л таггүй романууд даа?

-Хорьдугаар зууны сүүл үеийн зохиол шүү дээ. Манай Монголд болж буй үйл явдалтай их ойролцоо үйл явдалтай. Бөхөнг шүршиж алж байгаа энэ тэр чинь манай цэргийн ангийнхан цагаан зээрийг пулемётоор шүршин алж байгаатай адил шүү дээ.

-Танд орчуулсан зохиолынхоо зохиогчидтой уулзаж байсан тохиол байна уу?

-Даанч байхгүй.

-Ардын уран зохиолч Т.Галсан ам арчдаг сальфеткаг “салбайдаг”, кофег “боргол” гэж нэрлээд байдаг. Энэ танд ямар санагддаг вэ?

-Энэ чинь одоо болж л байна ш дээ. Энэ муу ам арчуур цаас чинь салбайдаг л юм байгаа биз дээ. Боргол ч бас болж л байна. Эх хэлээрээ ингэж аархаж, харь юмыг өөриймшүүлэх хэрэгтэй. Тангадын Галсан бид хоёр чинь их найз шүү дээ. Найзынхаа тухай “Тэмээ болоогүй хүн” найруулал бичиж байлаа. Сэнгийн Эрдэнэ баавай, Дэндэвийн Пүрэвдорж гэж хоёр аугаа амьтан намайг их үнэлж найзалж нөхөрлөсөнд их баярладаг. Тэр хоёр чинь надад жаахан болохгүй юмаа даалгачихна.

-“Болохгүй юм” нь юу байхав?

-Бор Цэдэвийг шүүмжлэх байхгүй юу.

-Монголын Зохиолчдын Эвлэлийн дарга байсан эрдэмтэн-зохиолч Дожоогийн Цэдэв үү?

-Тийм. Сүүлд хөхрөлдөөд хоёулаа хууч хөөрдөг байлаа. Мань хүн чинь Монголын утга зохиолын түүх тал руугаа нэвтэрхий толь байсан юм шүү дээ. Хүн чанарын хувьд ч мундаг хүн. Чойномыг өмгөөлж, О.Дашбалбарыг математикийн шалгалтад шүлэг бичиж өгөхөд өмөөрч байж Горькийн сургуульд явуулж байсан гээд бод доо.

-Сүүлийн үеийн орчуулагч залуусаас та хэнийг тоож явдаг бол?

-Орчуулагч Ононгийн Чинбаяр дүү байна. Гүн.Аюурзана хүү байна. МУИС-ийн Социологийн тэнхимийн багш, яруу найрагч Дашзэгвийн Мөнхтөр байна. Туркийн яруу найргийн орчуулгаараа “Алтан-Өд” шагнал авахад нь анх гардуулж танилцаж байв. Хожим Хятадад хамт аялаад бүр дотно болсон доо.

-Таны орчуулагч шавь нар гэж тоо томшгүй олон хүн байх уу?

-Байхгүй. Нэг ч байхгүй. Энэ миний буруу юм аа. Би тэднийг сургаж чадсангүй. Монгол хэлээ сайн сур гэж шахаад өөрөөсөө хөндийрүүлчихдэг шиг байгаа юм. Манай залуус гадаад хэлийг гадарлаж доторлоод байв чиг монгол хэлээ мэдэхээ байчихлаа. Тэгэхээр тэдэнд чинь юм заагаад чиг нэмэр байхгүй, заагаагүй ч нэмэр алга аа. Уг нь чиглүүлбэл сурах ёстой л байх. Би ч өөрөө айхтар мундаг амьтан биш. Ри багш (Билгүүн номч Бямбын Ринчен)-ийнхаа бүтээлийг уншсаар байгаад монгол хэлэндээ жаахан зүгширч цагааширсан хүн. Би тэднийг над шиг л ингэж сурах юм байх гэж бодоод байхгүй юу. Тэгсэн одоо тийм биш юм байна.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 13, Санчир гариг. Билгийн тооллын 5, Гөрөөсөн толгой одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 06:06 цагт мандаж 19:39 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, бороо орно DNN.mn

2024 оны 04 сарын 15-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 14-ны Ням гарагийн 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 16 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Эдгээр түймрийн 21 нь сүүлийн 10 хоногт буюу энэ сарын 3-11-ний өдрүүдэд гарсан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраах ажиллагаанд хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг.

Иймд:

-Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

-Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

Чуулганы хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тус тогтоолын 4 дэх хэсэгт “….. зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль тогтоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах боллоо. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсныг онцолсон.

Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx ), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг. Мөн олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж үнэт метал гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд сүүлийн дөрвөн жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 1000 орчим бүртгэгдсэн бол Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд жилд ойролцоогоор улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27.5  тонн автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна гэв.

Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд болон агаар орчны бохирдол үүсгэгч томоохон эх үүсвэр болсон автомашинаас ялгарч буй утааг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд автомашины нүүрсэн янданг хулгайлах, сайн дураар худалдан борлуулах, дамлан зарах, улсын хилээр гаргах үйлдэл зогсох бөгөөд агаар орчны бохирдол, ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч буй утаа багасах, агаарын бохирдлыг бууруулахад эерэгээр нөлөөлнө гэж үзсэнийг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөлд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Ц.Туваан, Д.Ганбат, Б.Жаргалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ автомашины нүүрсний яндан болон автомашины хий агаарын бохирдлын хэдэн хувийг эзэлж буйг тодотгоод цаашдаа эдэлгээ дууссан автомашиныг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргахад тогтоолын төсөлд шийдэл тусгасан эсэхийг лавласан.

Төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн “Нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины тээврийн хэрэгслээс ялгарах хорт хий болон зориулалтын бус түлшний асуудал эзэлж байна. Автомашинаас гарч буй хорт хий нь хүний биед хамгийн ноцтой нөлөө үзүүлэхүйц байна. Нийтдээ 300 орчим химийн хорт бодисууд нүүрсний яндангүй автомашинаас агаарт цацагдаж байна. Өнөөдөр автомашины нүүрсэн янданг хулгайлдаг, эсвэл дамлан наймаалдаг явдал газар авснаар түүнийг нь улсын хилээр хаягдал нэрээр борлуулдаг сүлжээ үүссэн бөгөөд үүний эцсийн хохирогч нь нийслэлийн болон төв суурин газрын иргэд болоод байгаа юм. Энэ хууль бус явдлыг таслан зогсоохоор тогтоолын төслийг боловсруулсан” гэж байлаа.

Мөн төсөл санаалчагч гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулж байгаа. Тиймээс гишүүдийн ярьж буй хөндөгдөөгүй заалтыг нэмэх, хасах  боломжгүй. Автомашины хаягдал төмөр, аккумуляторыг арматурын төмөр хийх зэргээр эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулахад тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүн удахгүй гарах байх” гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүрч ширүүснэ.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-13-нд шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2024 оны 04-р сарын 12-ны 20 цагаас 04-р сарын 13-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-15 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө говийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Дархадын хотгор, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө нутгийн зүүн хагаст дулаахан, бусад нутгаар сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Маргааш оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2024 оны 04 сарын 14-нөөс 2024 оны 04 сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 17-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хагаст, 16-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Хадгалалтын хугацаа дууссан 83.000 ширхэг шар айргийг устгалаа DNN.mn

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар ОХУ-аас импортолсон хадгалалтын хугацаа дууссан хоёр нэрийн 83.000 ширхэг 405 сая төгрөгийн импортын шар айргийг устгуулжээ.