Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа.
Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.
Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.
Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн хуралдаанд нийслэлийн дотоод, гадаад бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Параблойд хэлбэртэй чипс дэх тооцоолол буюу “Үй цай” дахь геометрийн өдөр DNN.mn

“Алтан огтлол” геометрийн анхдугаар олимпиадыг “Үй цай” сургууль, МУБИС-ийн Математикийн тэнхимтэй хамтран зохион байгууллаа.

13-14-ны өдрүүдэд VI-XI ангийн сурагчдын дунд болсон уг олимпиадад нийслэл болон орон нутгаас 130 гаруй сурагч оролцсон юм.

Уг олимпиадыг зорьж ирсэн Орхон аймгийн Билэгт-Өргөө сургуулийн багш Д.Пүрэвсүрэн:

-Зургаагаас есдүгээр ангийн 12 сурагчтай ирсэн. Манайх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас гүнзгий төрөлд нь хүүхдүүдээ оролцууллаа. Хүүхдүүд маань амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын математик боловсролын хувьд геометр нь орхигдоод байна. Геометрийн олимпиадыг сэргээн зохион байгуулж байгаа “Үй цай” сургуулийн хамт олонд талархаж байна хэмээн ярилаа.


Б.Сандагдорж: Геометр компьютер, мэдээллийн технологи судлахад түлхэц үзүүлдэг

МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн математикийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Б.Сандагдорж:

-И.Ф.Шарыгиний нэрэмжит геометрийн олон улсын олимпиад гэж болдог. “Үй цай” сургууль гүнзгийрүүлсэн сургалттай, ердийн сургалттай гэсэн хоёр төрлөөр хүүхдүүд хүч сорих боломж олголоо. Олон улсын математикийн олимпиадын зургаан бодлогын хоёр нь геометрийн бодлого байдаг. Геометр судалсан хүн математикийн бусад салбаруудаа ойлгохоос гадна компьютер, мэдээллийн технологи судлахад түлхэц үзүүлж, хүнийг зөв төлөвшүүлэхэд тус болдог.

Олимпиадын үеэр тухайн цаг мөчид богино хугацаанд хурц, зөв шийдэл гаргах нь чухал байдаг. Олимпиадад оролцох явцдаа багш, сурагчид хөгжиж байдаг гэв.

“Сант” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Ш.Одбаяр “Үй цай сургуулийн геометрийн олимпиадад оролцоод, арваннэгдүгээр ангийн гүнзгий түвшинд алтан медаль авлаа. Нэг бодлого нь нэлээд хүнд байсан ч ер нь боломжийн байсан” хэмээн дүгнэв. “Сант” сургуулийнхан уг олимпиадад олуулаа ирж, амжилттай оролцсон багийн нэг юм.


М.Өсөх-Ирээдүй: Оньсон тоглоом сонирхож цуглуулдаг

Долдугаар ангийн стандарт түвшинд алтан медаль хүртсэн “Үй цай” сургуулийн долдугаар ангийн сурагч М.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.


-Бусад сурагчтай харьцуулахад өөрийгөө ямар түвшинд байна гэж дүгнэв?

-Долдугаар ангийн бусад сурагчтай харьцуулахад миний мэдлэг дажгүй ч “Сант” сургуулийн хүүхдүүд бас их сайн байгаа нь анзаарагдсан.

-Танай сургуулийнхан геометрийн хичээлээр илтгэл тавьдаг гэсэн үү?

-“Геометр ба тооцоолохуй” судалгаат илтгэлд би оролцоод, долдугаар ангийнхнаасаа тав, зургадугаар байранд орсон. “Оньсон тоглоом” сэдвээр илтгэсэн.

-Гол дүгнэлт нь юу байв?

-Оньсон тоглоомуудад ямар геометрийн дүрс агуулагдсан, тэднийг яаж таньж мэдэх вэ гэсэн сэдвээр илтгэсэн юм. Оньсон тоглоом оюун ухаан хөгжүүлдэг. Харин хүүхдүүд бид төдийлөн сайн мэдэхгүй, дэлгэцэд анхаарал хандуулдаг учраас оньсон тоглоомоор оюун ухаанаа тэлцгээе гэж уриалсан юм.

-Бодит байдал дээр гар утсандаа их цаг зарцуулдаг уу, оньсон тоглоом сонирхдог уу?

-Оньсон тоглоом сонирхож цуглуулдаг. Хоёр, гуравдугаар ангиасаа цуглуулж эхэлсэн. Одоогоор 23-24 орчим оньсон тоглоом бий. Гэхдээ гар утсандаа багагүй цаг зарцуулдаг гэв. Тэрбээр “Мэргэжлээ хараахан сонгоогүй ч мэдээлэл технологийн чиглэлээр явна гэж бодож байгаа” гэнэ.


Д.Баяраа: Нэг үйлдлийг нөгөөгөөр солиход оюуны алжаал тайлдаг

“Үй цай” сургуулийн захирал, доктор Д.Баяраа олимпиадад оролцогч хүүхдүүд, тэдний багш, эцэг эхчүүдэд хандан ийнхүү онцолсон.

-И.Ф.Шарыгин гэж том математикч хэлэхдээ “Геометр гэж оюун ухаан. Гурвалжин нь геометрийн эд эс, тойрог буюу хүрээ нь геометрийн оюун бодол юм. Түүнийг таньж мэдсэнээр дээд түвшинд хүрч хөгжнө” гэсэн юм. Геометрийн мэдлэгээ тэлж байгаа та бүхэн гайхалтай хөгжиж байгаа гэж хэлж болох нь ээ гэв.

Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Үй Цай” сургууль яагаад геометрийн сургалтад ач холбогдол өгдөг талаар захирал, доктор Д.Баяраагаас тодрууллаа.


-Манай сургууль хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай учраас хятад хэлний сургалтын цаг бусдаасаа их. Ялангуяа бага ангид ханз түлхүү үздэг. Сургалтын практикт нэг үйлдлийг нөгөөгөөр солиход оюуны алжаалыг тайлах боломжтой гэж үздэг. Энэ үүднээс геометрийг бие даасан хичээл болгосон л доо.

Бид зурах бүтээх, харааны мэдрэхүйд суурилсан дасгал, даалгавруудыг ажиллуулдаг. Энэ нь хүүхдүүдэд суралцахуйн чадвар суулгахад дэмжлэг болдог юм. Бид ОХУ-ын бага боловсролын геометрийн дасгал, даалгаврууд, гарын авлага нэлээд ашигладаг.

Өмнөх нийгэмд геометр бие даасан хичээл байсан. Одоо ч хойд, урд хөршид үндсэн сургалтын төлөвлөгөөнд геометр бие даасан хичээл хэвээр. Геометрийн боловсрол чухал. Дүрслэн төсөөлөх чадвар хөгжүүлэхэд тустай. Дүрслэн төсөөлөх чадвар нь цахим орчин, мэдээлэл техник технологийн хөгжлийн үед энэ чиглэлийн мэргэжил эзэмших хүүхдүүдийн хувьд суурь чадвар болох учиртай. Бид сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даасан байдлыг дэмжих, эх сурвалжтай ажиллах чадварт сургах үүднээс “Би судлаач” хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Геометрийн хичээлээр хүүхдүүд жилдээ нэг судалгаа хийж, илтгэл тавьдаг гэж захирал тайлбарлав.

“Жинчин”-гээс хайсан геометр буюу параблойд хэлбэртэй чипснээс түүсэн дүгнэлт

Хүүхдүүд ийнхүү судалгаа хийх явцдаа шинэ мэдлэг бүтээж, судлаачийн замналаа эхэлдэг ажээ.

Энэ хичээлийн жилд “Геометр ба миний амьдралд” судалгаагаар “Үй цай” сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Э. Агвааннинж “Үхэр тэрэг” сэдэв сонгож авч, эцэг эх, багшийнхаа тусламжтайгаар үхэр тэрэгний дугуйнаас радиус диаметр гэдэг шинэ мэдлэг олж авлаа хэмээн илтгэж байв.

Дөрөвдүгээр ангийн сурагч С.Есүнгэ урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дамдинсүрэнгийн “Жинчин” зураг дахь тэмээн жинг дээрээс нь харж, дүрслэн төсөөлж, оюуны зураглал хийн, тэмээний бөхнөөс параблойд хэлбэрийг олж харжээ. Тэмээний ачаа тээх, усгүй явах чадварыг тооцоолж олсон хүү олон мэдлэг олж авсан юм.

Харин Үй-Цай сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч А.Хандсүрэн зах зээл дээр худалдаалж буй хоёр өөр төрлийн параблойд хэлбэртэй чипс, Сидней хотын дуурийн театрийн хэлбэрийг харьцуулж судласан байлаа. Дохио хүлээн авах, дамжуулахад ашигладаг хиймэл дагуулын антеннууд нь ч ихэвчлэн параблойд хэлбэртэй байдаг гэнэ.

Параблойд хэлбэртэй чипс үйлдвэрлэснээр жижиг зайд илүү олон чипс савлаж, тээвэрлэх, хадгалах зардлыг бууруулахад тусална хэмээн А.Хандсүрэн дүгнэжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ сурагч гадаадын математикийн багш нарын групп рүү өөрийн судалгаа, тооцооллыг илгээж, тусламж хүсэхэд түүнд дифференциал тэгшитгэлийн томъёо илгээсэн гэнэ. Их сургуульд үздэг уг тэгшитгэлийг дунд сургуулийн сурагч эрэл хайгуулынхаа дүнд бодож чаджээ.

Геометрт умбасан хоёр өдрийн дараа олон хүнээс уг олимпиадыг уламжлал болгох хүсэлт хүлээж авсан “Үй цай” сургуулийн удирдлага цаашид ч “Алтан огтлол” үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм.

Б.Ану

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: 60-500 мянган төгрөгийн 4047 азтан тодорлоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны гуравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 46,001,641 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 41,319
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,047
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 412
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 11486369

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын сэг зэмээс үүдэлтэй 999.969 ам.м2 талбайг халдваргүйжүүлэв DNN.mn

Хөх сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Чигэртэйн голыг ай савын БЦГ-ын Тугал нуур хэсгийн гол, нуур болон булаг шандын ойр орчмын хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэж булж устгах ажлыг зохион байгууллаа.

Мөн малчдад  хог хаягдал, малын сэг зэм байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 998 устгалын цэгийн 222.301 м2, нийтийн эзэмшлийн талбай 236.427 м2, 3.749 хашаа, хороо 399.312 м2, 171 худаг, уст цэгийн 26.694 м2, 158 агуулахын 65.992 м2, бэлчээрийн 150.450 м2 талбай, нийт 999.969 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 18-наас ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 2-7 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 18-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэнтий, Дорнод, Архангай аймгийн нутагт гарсан хээрийн түймэрт 9102 га талбай шатжээ DNN.mn

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Архангайн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 9,102 га талбай өртөж, шатсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэд ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

2024 он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 түймэр гарчээ.

Categories
гадаад мэдээ

Ираны цохилт ба урд хөршийн бодлого DNN.mn

Дамаск дахь Ираны дипломат байрыг бөмбөгдсөний хариуд Ираны удирдагчид Израиль руу шууд дайрах шийдвэр гаргасан нь бүс нутгийн энэ хоёр өрсөлдөгчийн хоорондох “сүүдрийн дайн”-ыг ил дайн болгож орхив. Барууны холбоотнууд нь бүс нутгийн хэмжээнд дайн дэгдэхээс болгоомжилж, хурцадмал байдлыг намжаахыг Израильд уриалж эхлэв.

Вашингтон мөн дайнаас зайлсхийхийн тулд Бээжингээс тусламж авах хүсэлт гаргав. Энэ нь өнгөрсөн аравдугаар сард Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш АНУ Хятадаас Иранд нөлөөлөхийг хүсэж буй анхны тохиолдол биш юм. Урьд нь долоон хүн, тэр дундаа Ираны армийн хоёр ахлах удирдагчийн аминд хүрсэн Израилийн Дамаскад хийсэн цохилтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Хятадын тэргүүн дипломат Ван И болон Турк, Саудын Арабын удирдлагатай ярилцаж, “Хамгийн хурцадмал байдал улам хурцдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүгдийнх нь ашиг сонирхолд нийцэж байгаа тул бид Ираныг хурцадмал байдал үүсгэхгүй байхыг ятгах ёстой” гэж мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн оны сүүлээр хуситын босогчид Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоц руу дайрснаас хойш АНУ-ын эрх баригчид Бээжинд шахалт үзүүлэн хуситуудыг сургаж, санхүүжүүлж, тоноглож байгаа Тегераны дэмжлэгийг зогсоох гэж удаа дараа оролдож байгаа билээ. Иймээс сүүлийн үеийн энэхүү хурцадмал байдал нь Хятад Ираныг хазаарлахад хэр их хөшүүрэг болох, Бээжин улс төрийн нөлөөгөө ашиглах уу гэсэн асуулт дахин бий болгож орхив.

Нидерландын Гронингенийн их сургуулийн профессор Уильям Фигероа “Цаасан дээрээс Хятад улс Иранд асар их нөлөөтэй байгаа нь харагддаг. Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд Ираны хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Ираны нефтийн экспортын 90 хувийг худалдаж авч буй нь Тегераныг АНУ-ын хориг арга хэмжээнээс аврах том тусламж болсон. Мөн Хятадын компаниуд Иранд хамгаалалтын болон хяналтын тоног төхөөрөмж нийлүүлдэг. Гэвч бодит байдал дээр Хятад улс Иранд нөлөөлөхийн тулд эдгээр хөшүүргийг ашиглахад хэцүү. Энэхүү худалдааны харилцааг ингэж сүр дуулиантайгаар зэвсэг болгож ашиглавал Хятадын энэ бүс нутагт явуулж буй өргөн хүрээний стратегийг сүйрүүлнэ” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Ойрхи Дорнод дахь эдийн засаг, улс төрийн оролцоогоо ихээхэн өргөжүүлсэн. Хятадын удирдагч Си Жиньпин “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ынхаа нэг хэсэг болгон “Ойрхи Дорнодод энх тайван, амгалан тайван байдлыг бий болгохын тулд Хятадын мэргэн ухааныг авчрах болно” гэж амласан билээ Иймээс Бээжин өнгөрсөн жил бүс нутгийн эртний хоёр өрсөлдөгч болох Саудын Араб, Ираныг түүхэн уулзалт хийж ойртуулж чадсан.

Гэсэн ч одоогийн мөргөлдөөнд Иранд саад хийх нь Хятадын хувьд илүү сорилт болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь Тегеран Бээжинд өгсөн Хуситчуудын халдлагыг бууруулах амлалтаа биелүүлээгүйгээс болж Хятад Иран дахь хөрөнгө оруулалтаа байнга багасгаж буй нь хоёр улсын харилцаанд хүндрэл үүсгээд байгаа билээ. Үүнийг профессор Уильям Фигероа “Тэд хэлэлцээрт оролцохдоо баяртай байгаа хэдий ч бодит байдал дээр тэд албадлагыг бус худалдаа, дипломат санаачилгыг голчлон сонирхох болно. Тэгээд ч АНУ-ын гуйлтыг хэрэгжүүлж буй явдал болох тул тэд буулт хийсэн ч ил харагдуулахгүй” гэж тайлбарласан байна.

Тэгвэл “Хятад улс Ираныг Израиль руу анх удаа том халдлага хийж Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг хурцдуулж, бүс нутагт илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн гарах төлөвийг нэмэгдүүлж байгаад “гүн түгшиж” байгаагаа илэрхийлж, Бээжин энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж, аюулгүй байдлыг бэхжүүлж, алсын хараатай бодлого явуулна” гэж мэдэгдэв.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Сүү” хөтөлбөрийн эхний ээлжид найман сургуулийн 19300 сурагчийг хамруулна DNN.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.

Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19300 сурагчийг хамруулах аж.  Ингэхдээ долоо хоногийн гурван өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Баярчимэг “Дэлхийн олон оронд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сайн туршлага бий. БНХАУ 2000 оноос энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн Солонгос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан байна. Уг хөтөлбөрт нэг тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэв.

“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Хориход дөрвөн сар болчихов уу?

-Тэглээ.

-Олон хэрэг тохож байгаад Хөгжлийн банкны байртай холбоотой асуудлаар шийтгэчих шиг болсон. Тухайн үед яг ямар үйл явдал өрнөсөн юм бэ?

-Хэд, хэдэн хэрэг үүсгэснээс ганц хэрэг үлдчихээд байгаа нь энэ л дээ. Хөгжлийн банкинд ажиллаж байсныг та мэднэ. Миний хувьд Хөгжлийн банкийг байгуулагдахаас өмнө Герман, Япон, Солонгосын Хөгжлийн банкуудыг судалж байсан юм. Хөгжлийн банкны хууль батлагдахаас өмнө Монгол, Германы парламентын бүлгийн гишүүдийг Герман руу авч явж Хөгжлийн банкийг нь сонирхуулж байлаа. Германы Хөгжлийн банк маш том. Унаж босоод үзчихсэн, хотын төвдөө өөрийн гэсэн байртай банк л даа. Намайг 2012 онд ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхлэхэд Хөгжлийн банк яамны хонгилд үйл ажиллагаа явуулж байсан. Дараа нь түрээсийн байранд орсон. Сүүлд нь судалж байгаад байр авсан юм билээ. Хяналт, процесс энэ тэрийг нь шалгаад ТУЗ-ийн гишүүний хувиар зөвшөөрсөн гарын үсэг зурсан юм. Хамтын шийдвэр гарсан гэсэн үг. Гэтэл бүр сүүлд 2017 онд хэрэг үүсгээд татсан. Эцэст нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард хоёр жилийн хорих ял хүчээр өгсөн. Давж заалдсаны эцэст хорих ялыг маань торгох ял болгосон.

Гэхдээ би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байгаа. Угаасаа шүүхийн тогтоолоор ч тэр авлига аваагүй нь тогтоогдсон. Энэ тогтоолын хураангуй шүүхийн сан дээр ил тавигдсан учраас хэлж байна л даа. Одоогоор хяналтын шатны шүүхэд хандчихсан яваа. Хэргийн тухайд үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга.

-“Эмнести интернэшнл”-ээс таны хэрэгт анхаарна, судална гэсэн утгатай бичиг ирчихэж. Өөр газруудад хандсан уу?

-Америк, Европын хүний эрхийг хамгаалдаг газрууд, НҮБ гээд олон улсын хэд хэдэн байгууллагад хандсан. Тэдний нэг нь “Эмнести интернэшнл”.

Ерөнхий сайд сая өгсөн телевизийн ярилцлагынхаа үеэр зургийг чинь тавьж байгаад шүүх рүү дайрсан агуулгатай байр суурь хэлнэ лээ. Хонгилын шүүгч нарт нөлөөлөөд цагаадчихлаа гээд…?

-Харин тэгж л байна лээ. Тэр нь өөр хэрэг. 80 шүүгдэгчийн гэх хэрэг. Анхан шатанд жараад хүнийг цагаатгасан байхгүй юу. Гэтэл буруу байна гээд талыг нь буцаачихсан юм. “Заавал яллаад ир” гэсэн утга шүү дээ. Миний хувьд анхан шатанд цагаадсан юм. Давах дээр ч гэсэн хэвээр үлдээсэн. Харин нөгөө байрны гэх хэрэг дээр би анхан дээр бас ялсан. Гэвч давах дээрээс заавал яллаад ир гэж буцаасан учраас ял авчихсан. Өөрөөр хэлбэл, давахаас буцаадаг юм хэвээрээ байгаа. Нотлогдохгүй бол цагаатгах учиртай. Харин одоо бол “Заавал ялла” гээд буцаагаад л байгаа.

-Байрны гэх буюу ял авсан хэргийн хувьд тэгвэл одоо ямар үндэслэлээр буруутгаад байгаа юм бэ?

-Эхэндээ эрх зүйн чадамжгүй байна гэсэн. Тэр нь няцаагдсан. Дараа нь “банкны байрыг өндөр үнэтэй авахад нөлөөлсөн” гэж буруутгасан. Мөн л няцаагдсан. Сүүлийн буруутгал нь их хөгийн. Дотоод журам зөрчсөн гэж үзсэн. Тэр нь надад огт хамаагүй зүйл. Дотоод журам нь гүйцэтгэх захирлын тушаалаар батлагддаг эд. ТУЗ-ийн гишүүд бол хуульд захирагддаг хүмүүс. ЗГХЭГ-ын дотоод журам байлаа гэж бодъё. Хэн нэг УИХ-ын гишүүнийг тэр дотоод журмыг зөрчлөө гээд шийтгэж болох уу. Эрүүгийн хэргийн зарим шүүгч нар Засгийн газрын шийдвэрийг тайлбарлаж эхлээд байгаа нь аюул шүү. Үндсэн хуулийн засаглал хуваах зарчимд халдахаас гадна иргэний эрх зөрчигдөх том эрсдэл үүснэ гэсэн үг.

-Авлигын шүүх байгуулбал бүр баллаж тавих юм биш үү?

-Өө, ёстой “ална”. Махны машиныг хуульчилна гэсэн үг. Хэрэв үнэхээр Авлигын шүүх байгуулъя гэвэл шүүгч нараа арван жилийн хугацаанд бэлдэж, эрүү, захиргаа, иргэний шүүгч нараас сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Хоёр жил болоод сольж байх шаардлагатай. Ингэж байж авлигын шүүх жинхэнэ утгаараа ажиллана. Манай эрүүгийн шүүгч нарын ачаалал маш их. Хэргээ уншиж амжихгүй байна. Сошиалаас, улстөрчдөөс маш их айж байна. Ингэчихээр иргэн хүний шударга шүүхээр асуудлаа шийдүүлэх эрх гээгдчихээд байгаа юм.

-Ачаалал ихтэй гэхээр хэргүүдийг халтуурдах магадлал өндөр юм байна даа?

-Угаасаа тэгж байгаа. Шүүхийн ажиллагаа их хурдан явагддаг болоод байна. Хэргүүдийг “машиндаж” байна. Энэ маш буруу. Монголын шорон дүүрчихээд байна даа, бараг. Сүүлдээ бүр Өмнөговьд шинэ шорон барина ч гэж байх шиг. Буруу тийш яваад байгаагийн л шинж. Харгис хууль, хатуу шүүхээр гэмт хэргийг дарсан улс дэлхийд байхгүй. МАН өөрсдийгөө социал демократууд гэж нэрлээд Швед, Норвеги маягаар явна гэцгээдэг. Гэтэл тэдгээр улс нь шоронгоо хааж байна.

-Шүүхийн реформыг яаж хиймээр юм бэ дээ?

-Бусад орны жишгийг харахад улсын төсвийн хоёр хувийг үл маргах журмаар шүүхэд өгчихдөг юм байна. Өнгөрсөн жилүүдийн статистикийг харахад манай улс жилд дунджаар 60-80 тэрбум төгрөгийг шүүхэд өгдөг. 700 шүүгчтэй шүү дээ, манай улс. Гэтэл 24-хөн хүнтэй Соёлын яамны жилийн төсөв 380 тэрбум төгрөг. Харьцуулаад үз дээ. Тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз. Шүүхийн Ерөнхий зөвлөл Сангийн яамтай төсөв тал дээр олигтой хэлэлцээ өрнүүлж чаддаггүй шиг байгаа юм. Бас хараат байдалд ороод байгаа юм. Татвар төлөгчид бид төрд татвар өгдөг, Сангийн яаманд биш. Сангийн яам дундаас нь хожоо гаргаж байхыг үгүйсгэхгүй.

-Монголын шоронд улс төрийн хоригдлууд гэсэн бүлэг бий болчихлоо гэвэл та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гэхэд л цэвэр улс төрийн хоригдол болчихож байгаа юм. Боловсруулах үйлдвэрт ТЭЗҮ-гүй байхад нь зээл өгсөн гээд л буруутгачих жишээний. Гэтэл боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хүлээж авдаг субьект Монгол Улсад, Монголын төрд байхгүй. Төр өөрөө маш бүдүүлэг, боловсронгуй биш байгаагийн шинж. Тийм учраас энэ орчинд ажиллаж яваа залуустаа асар харгис хандаж байна. Шоронд байх дөрвөн сарын хугацаанд олон зүйл анзаарлаа. Маш олон залуу амьдралаа босгох гэж бизнес хийж яваад ялих шалихгүй алдаа гаргаад шоронд ороод ирж байна. Монголын төр залуустаа бизнесийн эрх чөлөөг нь өгөхгүй байна. Хууль нь их хатуу байна. Эхлээд боломж, эрх чөлөөг нь өгч байж хатуу хариуцлага ярих хэрэгтэй.

-Прокурорууд дээр хэлэх үг байна уу?

-Прокурорын босоо тогтолцоо маш бурууг мэдэрлээ. Улстөрчид нь прокурорууд, прокурорууд нь улстөрчид болчихсон. Улсын төсвийн нэг хувийг прокуроруудад оноож өгөх ёстой юм байна. Английн прокурорууд хиймэл оюун ухааны сургалтад суугаад дараа нь мөрдөн байцаагчдадаа сургалт хийж байна. Тухайн хүний зураг байхад л хиймэл оюун ухаанаар дуу, дүрс оруулчихаж байна. Үүнийг ашигласан гэмт хэрэг цахим орчинд гарах болсон. Цаашдаа бүр эрчимжих байх. Үүнийг Английн прокурорууд түрүүлж олж хараад, мөрдөн байцаагчдадаа хичээл зааж байна. Өөрөөр хэлбэл, нийгмээсээ түрүүлээд явчихаж байна. Европын улсууд хиймэл оюун ухааныг зохицуулах хуультай болоод эхэллээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор л хийж байгаа ажлууд. Гэтэл манай прокурорууд маш их ажилтай. Ачаалал нь асар өндөр. Бас социализмынхаа үедээ гацчихсан. Хүнээ л яллахыг урьтал болгодог. Прокурорын нэрийг хүртэл солимоор байгаа юм. Германд прокурорыг “төрийн өмгөөлөгч” гэдэг. Харин манайд “улсын яллагч” гэсэн хэвээр байгаа. Сэтгэлгээний маш том ялгаа. Иргэд юуны төлөө татвар төлж байгаа билээ. Шударга мөрдөн байцаагчаар хэргээ мөрдүүлж, мэдлэг, боловсролтой, хүнлэг прокуророор хэргээ хянуулж, шударга шүүгчээр хэргээ шийдүүлэхийн тулд татвар төлж байгаа.

-Нэг гажуудал бүр тогтчихлоо шүү. Эхлээд сошиалаар сэвж харлуулна. Дараа нь АТГ шалгана. Тэгснээ хориод ялтан болгочихдог…?

-Яг үнэн, сошиал троллуудаар баахан балбуулсны эцэст АТГ-ын комиссарууд орж ирж байгаа юм. Тэгээд прокурорууд орж ирдэг. Эцэст нь шүүх дээр очдог. Шүүх дээр очихдоо шударга зөв шүүгээд өгөөч гэж хүсэхгүй байгаа. “Хэнийх нь ч талд битгий орооч” гэж гуйдаг. Ийм л болчихсон. Мэдээж нуруутай, сайн шүүгч нар бий. Шүүгч нарын ёс зүй, хүнлэг сэтгэлд их сайн анхаармаар санагддаг. Хэлмэгдэл ихэсвэл төрд итгэх итгэл алдарч, ардчилал алдуурна. Энэ байдлаараа цааш явбал ерөнхий прокурорыг нь Оросоос, ерөнхий шүүгчийг нь Хятадаас томилдог болох цаг ойрхон л гэж хараад байгаа. Шударга, үндэсний үзэлтэй прокурор, шүүгч нар тэр цагт хамгийн түрүүнд хэлмэгдэнэ. Энэ хүсмээр ирээдүй биш.

-Одоо яг энэ зураглалаар баривчилгаа, мөрдлөг эхэлчихлээ. Баян Базараа, Ачит Ихт гээд цааш хөврөх нь тодорхой боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-“Ачит Ихт”-ийг хууль ба сошиалаар балбаж байна л даа. Гэтэл “Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй бол ямар ч хүнийг гэм буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Сүүлд өрнөж байгаа үйл явдлыг анзаарах нь ээ улс төрийн зорилгоор нэр дэвших нам, эвслийнхэн рүү шалгаж эцэслээгүй байгаа хэргийг хэвлэлийнхэнтэй хамтран зохион байгуулалттайгаар зарлах, мэдээлэл гаргах асуудал тасрахгүй нь л дээ. Энэ байдал ужгирвал улс орны нэр хүнд, цаашлаад банк, санхүү, бизнеснийхний нэр хүнд гадаад, дотоодод унах эрсдэлтэй. Урт хугацаанд гарах эрсдэл гэвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг гүн мухардалд орно. Эрсдэл гаргадаг энтрепренерүүд нь хохирч, хар пиараар хагартлаа баяжсан пиарчид хождог нийгэмтэй болжээ л гэж бодож байна. Коммунист намтай Хятад, дарангуйлагчтай Орос, капиталист Америк гээд бүх улс бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалж, дэмжиж байж хөгждөг. Гэтэл Монголд байдал эсрэгээрээ өрнөж байна. Одоогийн засаг өөдтэй болгоныг дарамталж, хорьж, байцааж байна. Шуудхан хэлэхэд, Монголоо хорлож байна. Иргэд нь эх орноосоо дайжих хүсэлтэй болж байгаа нь ч цаанаа ийм шалтгаантай. Би Германд сурч ажиллаж байхдаа “Зөгийн үүр” хөтөлбөр санаачлан эхлүүлж, олон хүмүүсийг эх оронд нь ирүүлсэн. Тэр үед Монголоо гээд ирсэн залуус буцаад гадагшилж байгаа нь харамсалтай.

-Та АН-ын гишүүн. Энэ засгийн газарт ямар дүн тавих вэ, МАН засагласан найман жилдээ нүдэнд харагдаж, гарт баригдахаар юу хийв?

-Өнгөрсөн найман жилд МАН юу ч хийсэнгүй. Дарханы 200 км замыг дуусгасангүй. Нэг ч үйлдвэр боссонгүй. Нэг ч төсөл хэрэгжсэнгүй. Ийм болохоор эдийн засаг томрохгүй байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо маш их болчихлоо. Наад захын жишээ гэхэд л цахим асуудал хариуцсан гурван байгууллагатай болсон. Чөлөөт зах зээлийг авч явдаг менежерүүдийн арми гэж байдаг. Манайд 30 мянган менежер байсан. Одоо 19 мянга болоод буурчихсан. Оронд нь татвар төлөгчдийн мөнгийг шимэгчилж амьдардаг дунд албан тушаалтнуудын тоо 40 мянгаар өсчихсөн байх жишээний. Буруу тийшээ яваад байна. Монголын ард түмэн хэн үнэн, хэн худал ярьж байгааг ялгах мэдрэмжтэй, дархлаатай болсон. Удахгүй болох сонгуулийн дараа эрх баригчид олон жилийн хулгай нь илрэх вий гэхээс ухаан алдталаа айж байна. Бүр МАН-ын зарим гишүүн одоогийн засагт итгэх итгэлээ алдсан байна. Аливаа Засгийн газар хойш харж биш, урагшаа харж манлайлах ёстой байтал түүх ухраах, гуйвуулах, рекламдахаас өөр ажил хийхгүй байгаад олон түмэн дургүй байна. Засгийн газар түүхчид биш, бүтээгчид байх ёстой.

-Гэтэл түүхийг ухрааж, шүүх шийтгэх ажлыг л эрчимтэй хийж байна…?

-Яг үнэн. Та зөв олж харсан байна. Түүхийг ухраах, шүүх гэж эхэлбэл хойшоо хэдэн жилээр ч ухрааж болно. Энэ засаг ажлаа мэдэхгүй байна. Пи Ар-ын компани шиг л байна. Ерөнхий сайд Харвард төгссөн юм бол юу сурсныхаа хэргийг гаргах хэрэгтэй. Юу ч хийгээгүй, ярихаас цаашгүй, бүхэл бүтэн найман жилийг өнгөрөөлөө. Агаарын бохирдлыг нүүрс, зуухаар шийднэ гэдэг бүхэл бүтэн зуунаар, магадгүй мянганаар хоцрогдсон сэтгэлгээ. Сэргээгдэх эрчим хүч, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан болон дулааны хураагуур ашиглах гээд зөндөө шийдэл бий. Замын түгжрэлийг хурдан шийдье гэвэл замын уулзваруудыг л зогсдоггүй, давхар гүүрэн болгочих хэрэгтэй. Манайд төмөр нь, цемент нь, ус нь байна. Инженерийн тооцоо хийгээд л болоо шүү дээ. Энэ бүхнийг засаг хийж чадахгүй, хувийн компаниудаар хийлгэх хэрэгтэй. Сайд даргын барьсан гүүр, зам, метро гэж байдаггүй. Тэд зөвхөн тууз л хайчилдаг. Хувийн хэвшлээ дэмж, том болго, бядтай болго, гадаадад гарга, энэ л зөв гарц. Зээл аваад дампуурах нь гэмт хэрэг биш. Гэтэл Монгол Улс нэмж шийтгээд шоронд хийж байна. Бизнес эрсдэлтэй. Тийм биш бол бүх хүн энтрепренер болчих байсан. Тийм хүн олон байдаггүй. Тэднийгээ дэмжих хэрэгтэй. Гэр орноо барьцаанд тавьж авсан зээлээ 100 хувь бусдад өгч тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн захиалдаг хүмүүсийг энтрепренер гэдэг. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хүмүүсийг цалинжуулна. Бүтээгдэхүүнээ зарж олсон орлогоосоо зээл, хүү, татвараа төлнө. Тэр бүхний эцэст мөнгө үлдвэл сая нэг өөртөө зарах боломжтой болно. Энэ бүх эрсдлийг хүлээдэг зоригтой, ухаантай, авхаалжтай, ажилсаг хүнийг энтрепренер гэдэг. Бусад нь менежер, ажилтнууд.

-Хууль сахиулах байгууллагуудыг улс төрийн зорилгодоо гар хөл болгож ашиглах явдал сонгуулийн өмнө бүр ч эрчимжих байх, тийм үү?

-Хууль сахиулах байгууллагуудыг өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож байгаа нь ардчилсан Үндсэн хуулийг уландаа гишгэж байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнээс салахыг олон түмэн ч, ойрын хүрээллийнхэн нь ч хүсч байна. Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өмчийн эрх эдийн засгийн амин сүнс. Гэтэл эрх баригчид аль алиныг нь бусниулж байна. Ингэхдээ хуулийн байгууллагыг ашиглаж байна. Намайг балбадаг ч гэлээ үнэн үг хэлдэг нэг сэтгүүлчийг сонгууль өнгөртөл сэтгүүлчийн ажил хийж болохгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байх жишээний. Ийм зүйлийг Харвардад заасан хэрэг үү? Нар, салхинд олон жил гандаж, хур борооны усанд үнэт чанараа алдаж байсан уурхайн овоолгыг ашигласан сайн үйлстнийг хэдэн жил ч зовоож байна, бүү мэд. Бусад улсад уул уурхайн хаягдал овоолго, нуур цөөрөмд үлдсэн эрдсийг ялгаж авахыг бүх талаар дэмждэг. Би судлаач хүний хувьд сайн мэдэж байна. Би тэр хүнийг танина. Бие нь өвдөөд эмчлүүлж байгаа болохоор сэтгэл санааг нь дэмжиж утсаар ярьсан. Их л гомдолтой байна лээ.

-Төр хатуу байж гэмт хэргийг дарж чадахгүй тухай та түрүүн цухас дурдлаа. Тэгвэл яг яавал дажгүй нийгэм бүтээх бол?

-Түрүүн хэлсэнчлэн залуустаа бизнес хийх эрх чөлөөг өгөх хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг тэлж, нийгэм хөгжинө. Макро эдийн засагт алтан дүрэм гэж байдаг юм. Эдийн засгийн өсөлт нь хүн амынхаа өсөлтөөс түрүүлж явж байх ёстой. Манай эдийн засаг жилд нэг тэрбум доллараар тэлж байх учиртай. Ингэж байж чанартай ажлын байр бий болно. Монголчууд далан жил социалист нийгмээр явсан учраас үндэсний капитал гэж байхгүй. Баян хүн байхгүй. Бүгд л гаднаас хөрөнгө оруулалт татаж байна. Гэтэл сая хөрөнгө оруулалт татах боломжийг хаагаад хаячихлаа. Гадны хөрөнгө оруулагчдад 60 орчим жил газраа эзэмшүүлж ашиглуулдаг байлаа. Тэр зохицуулалтыг байхгүй болгочихлоо. Одоо таван жил тутамд сунгахаар болсон. Жинхэнэ хээл хахуулийн систем рүү оруулчихаж байгаа юм. Гаднаас хөрөнгө оруулалт татахгүйгээр эдийн засаг тэлэхгүй. Чанартай ажлын байр бий болохгүй. Чанартай ажлын байр бий болохгүй бол ажилгүйдэл, ядуурал өссөөр байна. Саяхан даа, Өмнөд Солонгосын нэг судлаачийн хийсэн судалгааг харлаа. Тэр судлаач “Ямар ч улсын иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрх чөлөө, эрх мэдэл байдаг. Монгол Улсын хувьд иргэнд нь эрх мэдэл алга. Хувьчилбал төрд нь 80, иргэнд 20 хувийн л эрх байна” гэсэн байна лээ. Бусад улсын хувьд энэ харьцаа 50:50 хувь байдаг. Ингэж байж эрх мэдлийн тэнцвэр бий болно. Гэтэл манайд Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гараад суух гэж байна. Одоо мөдхөн шүүхийн дээр гарах гэж улайрч байна. Энэ маш буруу. Монголын түүхийг харвал ийм замаар явж ирсэн. МАХН гээд төрийн дээр гарсан нам энэ улсыг хэдэн арван жилийн турш удирдсан. Хувь хүнд ямар ч эрх чөлөө байгаагүй. Байр нь хүртэл өөрийнх нь өмч биш байлаа. Цэдэнбал гэдэг хүний талаар юу бодохыг дарга мэддэг тийм л цаг байсан. Роналд Рейган гээд ганц дайсантай. Манай улс буцаад тэр байдал руугаа орох гээд байна. Нүдэнд үл үзэгдэх МАНАН бүлэглэл гээд ганц том дайсантай. Засгийн газрын талаар шүүмжилж болохгүй. Шоронд хийнэ. Жиргэж болохгүй. Торгоно. Жаахан хэтрүүлээд хэлэхэд Засгийн газрын талаар муугаар бодоход торгодог тогтолцоо руу явж байна. Жорж Оурэлийн 1984 цаашаа байдал руу орчихлоо.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Миний хувьд цагаадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэвч шүүгч нар руу сошиалаар арай дэндүү дайрч байгаа учир эрсдэл бий. Ямартаа ч дарангуйлагчид даварч, түрүүний бөөснүүд төрийн толгойд гарсан энэ цөвүүн цаг дуусна гэдэгт итгэлтэй байгаа. Ямар ч юманд хэмжээ бий. Би Засагт Хан аймгийн Цогтой вангийн хошууны удамтай хүн. Манай түүхэнд Засагт ханы долоон хөх чоно гэж эх оронч эрс байлаа. Зарим нь эрсэдсэн ч сайн цагийг авчирч чадсан. Мөн манай нутгаас долоон хутагт төрөн гарсан сайхан түүх бий. Зарим нь цаг бусаар эрсэдсэн, гадагшаа зугтаж гарсан нь ч бий. Гэхдээ улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж чадсан. Энэ түүх намайг зоригжуулдаг.

Эх оронч, хөх чоно гэсэн өнгө, утга бүхий үгсийг Фэнгшү Ганбаатар, Ба аварга, Женко тэргүүтэй популист улстөрчид давтамжтай унагадаг. Хэт үндсэрхэг ийм үзлээс аль болох болгоомжилж явмаар санагддаг юм. Таны саяны хэлсэн үгс Х.Баттулгын хөх Монголын хөх тугаас тэс өөр ойлголт биз дээ?

-Тэр хүн бол философигүй, хэлбэр хөөсөн хүн. Монголчууд бид эх орон, үүх түүхээ хэрхэн хайрлахаа оросуудаар заалгах хүмүүс биш. Европын олон оронд хэт барууны, хэт үндсэрхэг үзэлт нам хүчнүүдийг Оросууд санхүүжүүлж байна. Манайд ч ийм байж болзошгүй. Эцэст нь эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүст “энэ эгзэгтэй цаг үеийг хамтдаа тэсээд даваад гаръя” гэж уриалмаар байна.

 

Categories
мэдээ нийгэм

Дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг Туркээс авчирчээ DNN.mn

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Ж”-г өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Турк улсаас албадан авчирчээ.

“Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Үүнээс өмнө он гарсаар Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн иргэнийг албадан авчирчээ.