Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа DNN.mn

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа: Монгол орны 330 сумын дэд станцууд дээр батерей хуримтлуур суурилуулахад эрчим хүчний хараат байдлаас дорхноо гарна DNN.mn

Эрчим хүчний шинжээч, инженер Л.Жамбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрчим хүчний салбар өнөөдөр ямар шатанд байгааг шинжээч хүний хувьд та арай өөр өнцгөөс харж байгаа байх. Өнөөдөр бид гадны улсаас хараат, дотооддоо байнгын дутагдалтай байна шүү дээ?

-Өнгөрсөн өвөл бид эрчим хүчний хувьд хамгийн хэцүү байдалтай байлаа. Жил ирэх тусам хүндэрч байгаа. Энэ бол ганцхан жил үүссэн асуудал биш. урт хугацааны буюу ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эрчим хүчний салбартаа анхаарал хандуулаагүйгээс болсон асуудал. ардчиллаас өмнө энэ салбар төвлөрсөн төлөвлөгөөт буюу бүгдийг дээрээс төлөвлөж байв. Нийгэм солигдсоноос хойш салбар бүр өөрийн гэсэн яамтай, хууль дүрэмтэй болсон.

Бид энэ салбарыг нийгмийн халамж биш бизнес гэж харж хөгжүүлэх ёстой. Тэр үүднээс бизнесийн төлөвлөлт буюу хөрөнгө оруулалтыг татах төлөвлөлтийг ярих ёстой. Яахав, эдгээр төлөвлөлт хийгдсэн ч бүрэн гүйцэд биш, гал унтраасан байдлаар явж ирсэн. Хүмүүс харахдаа станц бариагүй тухай л ярьдаг. Үүний цаана олон суурь асуудал бий. Эрчим хүчийг бизнес гэдэг утгаар нь харвал суурь нөхцөлүүд буюу хууль эрх зүй, хөрөнгө оруулалтуудыг татсан эрх зүйн орчин, төлөвлөлт хэрэгтэй. Үнэ тарифын асуудал нэмэгдэж таарна. Эрчим хүчний салбарынхан өөрсдөө шаардлагатай тоног төхөөрөмж засвар үйлчилгээгээ жил бүр хийх ёстой байдаг. Түүнийгээ хийж чадахгүй буюу санхүүгийн эх үүсвэргүй болж байна.

Дээрээс нь чадвартай залуусаа алдаж байна. Байгаа хүмүүс нь эхнээсээ ажил хаяж байна. Тухайн салбарын хямрал бий болоход үүсдэг шинж тэмдгүүд бүгд илэрчихсэн. Цахилгаан үйлдвэрлэл нь багасч, тоног төхөөрөмж нь элэгдээд, ажилчид нь ажил хаяад дампуурлын ирмэг дээр ирчихсэн гэж харж байна.

-Энэ арга барилаараа гал унтрааж явж болохгүй гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл танд ямар хувилбар байна вэ?

-Нийтдээ дөрвөн чиглэлд өөрчлөлт ёстой болов уу гэж шинжээчийн хувьд харж байна. Нэгд, дээр хэлсэн хууль эрх зүйн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллах. Үүн дээр 2001 оноос Эрчим хүчний тухай хууль батлагдаад тухайн үед төрийн өмчит ганц компанийг задлаад 18 төрийн өмчит компани болгосон. Эрчим хүчний зохицуулах хороо байгуулсан. Үнэ тарифыг нь уян хатан тавьж, дараагийн эрчим хүчний компаниудыг хувьчлах процесс явагдаж байгаад зогсчихсон. 2001 он бол дэлхийн бүх улс, ялангуяа хөгжиж байгаа улсуудын эрчим хүчний салбарын реформ хийгдэж байсан үе л дээ. Нэг гол зүйл нь хөрөнгө оруулагчдад ашигтай, орчин нөхцөл нь тогтвортой, тодорхой байх ёстой. Засгийн газар нь нүүрсний станцыг дэмжих юм уу үгүй юм уу, сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих үү, яаж дэмжих юм, тарифыг хэдээр хуваарилах гэх мэт бүх зүйл тодорхой болсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь манайд тодорхой биш байна. Төрийн байгууллагуудтай уулзахаар “Дэмжинэ” гэдэг. Бичиг цаасан дээр нь байдаггүй. Ялангуяа олон улсын байгууллага тоотой, тодорхой зүйлийг хүсдэг. Тэр зүйлийг бид эхний ээлжинд хийх хэрэгтэй юм.

Хоёр дахь чиглэл бол эх үүсвэрийн асуудал. Дулааны хувьд цахилгаанаас илүү ач холбогдол өгдөг. Тиймээс өнгөрсөн хугацаанд том станцуудыг харахад зарим нь 20-30 жил, Тавантолгойн цахилгаан станц гэхэд 10 гаруй жил баригдаагүй л байна. Суурь шалтгаан нь 10 жилийн өмнө хөрөнгө оруулалт, том улсуудын нөлөө зэрэг хүчин зүйлээс болж хэрэгжилт нь удааширсан бол сүүлийн таван жилд энэ нөхцөл байдал бүр хэцүү болчихлоо. Дээрээс нь нүүрсний станцыг санхүүжүүлэх газар байхгүй болж байна. Жишээ нь, ТЭЦ3-ын өргөтгөлийг ОХУ-тай хамтарч хийнэ гэж ярьж байсан боловч энэ улс өөрөө нөхцөл байдал нь хүндэрчихлээ. Тиймээс бид төлөвлөлт хийхдээ хандлагаа өөрчилмөөр байгаа юм.

-Хандлагаа өөрчлөх гэдгийг тодруулаач?

-Заавал том станц хотдоо барих гэдэг төвлөрсөн төлөвлөгөөт чиг хандлагаа өөрчил гэсэн үг. Олон улсын жишиг рүү оръё л доо. Эрчим хүчний станцуудыг жижиг хэлбэрээр хөгжүүлж байна. Заавал хотод байхгүй. Аймаг, сумын төвүүд дээр дэд станцууд барьчихаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд сум бүрт 1 МВт батерей сториж буюу хуримтлуур байж болно. Ингээд бариад явбал бидний хувьд давуу талтай. Манай улс 330 сумаа цахилгаанаар холбочихсон. Гэхдээ холбосон цахилгааны чанар нь муу. Хоолоо ч хийж чадахгүй сум бий. Нэгэнт бий болчихсон шугамаа ашиглахын тулд шугамынхаа төгсгөлүүд дээр жижиг станцууд барьчихвал үр ашиг нь дээшилнэ. Хоёрт, жижиг станцыг хурдан хугацаанд барих боломжтой. Нарны станцыг нэг жилийн дотор, батерей хуримтлуур, эсвэл жижиг хийн станцыг 1-2 жилийн дотор барьчихна. Энэ асуудлаа цаг алдахгүй шийдэх боломжтой. Гуравт, сэргээгдэх цэвэр эрчим хүчний төслүүдэд олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой.

Дараагийн нэг чухал асуудал бол тариф. Тариф гэдэг нь зардал дээр нэмэх нь ашиг гэдэг томьёогоор тооцоологддог. Нэг КВт цахилгааныг үйлдвэрлэсэн зардал дээр тэр компани цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд олон улсад 8-10 хувийн ашгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнээс илүү ашиг хүртэж болдоггүй. Тэгэхэд Монголд ашгийн ойлголт байхгүй. Зардлаа ч нөхөхгүй. Зардлаасаа 20-30 хувиар хямд зардаг. Улсын төсвөөс татаас авч нөхдөггүй. Алдагдал болоод баланс дээр нь явчихдаг. Нэг ёсондоо засвар хийх ёстой байсан бол хийхгүй, цалингаа нэмэх ёстой бол боломжгүй болоод л яваад байдаг. Компани өөрөө бүх хариуцлагаа үүрээд санхүү, техникийн хувьд эрсдэлд орчихсон гэсэн үг. Энэ нөхцөлийг яаралтай засахгүй бол үйлдвэрлэл багасна. Нэг өдөр бүгд унтарчихгүй учраас хүн бүр үүнийг мэдрэхгүй. Гэхдээ өнгөрсөн өвөл хөдөө орон нутагт цахилгаан нэлээд их хязгаарласан. Нийслэл рүү ч орж ирсэн. Энэ бол эрчим хүч хумигдаж байна гэсэн үг.

-Тарифын асуудлыг ярихаар иргэдийн төлөх чадамж хөндөгддөг. Шууд иргэдийн халаас руу ороод явчихаар эсэргүүцэлтэй тулж өнөөдрийг хүрсэн шүү дээ?

-Энэ бол үнэн. Иргэдийн төлөх чадамжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын байрыг бий болгох ёстой. Бизнес сэргэх ёстой. Үүний тулд эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчийг бий болгоход тарифыг өсгөдөг. Энэ гурван тойрог нэг нэгэнтэйгээ холбоотой. Нэгийг нь зогсоогоод нөгөөг нь дэмжиж болохгүй. Холбоотой учраас тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Ялангуяа Монголын хувьд 2030 он хүртэл эдийн засгийн өсөлт нь эрчим хүчээс шууд хамааралтай байхаар прогнозтой. Эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тусам эдийн засаг нэмэгдэнэ. 2030 оноос цааш эдийн засаг нэмэгдвэл эрчим хүчний орлого нэмэгдэнэ гэсэн хамаарал эсрэгээр явах юм.

Тэгэхээр бид үүн дээр тооцоо хийх болно. Иргэдийнхээ тарифыг хэдэн хувиар нэмбэл төлөх чадварт яаж нөлөөлөх вэ. Нэмэгдсэн мөнгөөрөө яаж эрчим хүчээ сайжруулах вэ. Үндэсний статистикийн газраас эрчим хүчний тарифыг 10 хувиар нэмэхэд иргэдийн төлөх чадварт 0.5 хувийн нөлөө үзүүлнэ буюу эрчим хүчний үнийг нэмэхэд төдийлөн өсөлт гарахгүй гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Ийм байдлаар судалгаа хийж үзээд тарифаа нэмэх хэрэгтэй. Мэдээж хүн бүр орлогын өөр, өөр эх үүсвэртэй. Аль ч улсад цахилгааны төлбөрөө төлж чадахгүй хэсгийг дэмждэг. Манайд ч байна. Эмзэг хэрэглэгчдийн тариф гэж бий. 150 КВт-аас доош цахилгаан хэрэглэсэн хүмүүст хямд үнээр зардаг. Гэхдээ үүнийг бусад улсад ваучер хэлбэрээр өгдөг. Шаардлагатай бөгөөд хүссэн хүнд нь л өгнө. Хүн бүрт биш. Чадвартай хүмүүс нь зах зээлийнхээ үнээр цахилгаан дулаанаа авах ёстой. Ийм шударга зарчим руу орж байж энэ салбар эрүүлээр цаашаа хөгжих боломжтой.

-Компанийн засаглалыг эрүүлжүүлэх боломж бий юү?

-Дээр хэлсэн. 2000-аад оны эхээр төрийн өмчит компанийг хувьчлах тренд бий болж байсан. Хувьчлал сайнтай ч байна, муутай ч байна. Одоо бол хувьчлах тухай дэлхий нийтийн хувьд байхгүй болж байна. Эрчим хүчний салбар сртатегийн ач холбогдолтой учраас төрийн мэдэлд байх нь зүйтэй. Мэдэлд байна гэхээр төр ажиллуулна гэсэн үг биш. Төр хөрөнгөө л зээмшинэ. Харин мэргэжлийн хүмүүс буюу хувийнхан ажиллуулна гэдэг концепци дэлгэрчихсэн. Засгийн газрын эзэмшил гэдгийг олон нийтийнх болгочихож байна. Сингапур гэхэд эрчим хүчний компаниуд нь хувийнх биш олон нийтийнх. Хувьцаагаа хөрөнгийн бирж дээр зараад л олон нийтийнхээ хяналтанд байна. Ийм хэлбэрээр одоогийн төрийн өмчит компаниудыг хөгжүүлэх шаардлагатай.

-Эрчим хүчний эх үүсвэр рүүгээ оръё. Бидний амбиц бол эрчим хүчээрээ хараат бус болъё гэдэг. Ингээд том төслүүд эхлүүлдэг. Бүтдэггүй. Нүүрс, усан цахилгаан станцын төслүүд цаасан дээрээсээ хөдлөхгүй 30 жил болчихож байна. Яагаад бид ингэж бүтэлгүйтээд байна вэ?

-Энэ бол хоёр талтай ойлголт. Хэрэгжихгүй удаж байгаа нь үнэн. Эрчим хүчний төсөл өөрөө хурдан хэрэгждэггүй. Дор хаяж 4-5 жил шаардлагатай. Ингэхээр хүмүүст хүлээлт үүсгэчихдэг. Улстөрчид барилаа гэж зарлаад л маргааш нь ашиглалтад орчих юм шиг сэтгэгдэл төрүүлчихдэг. Тэр талаас ажил хийж байгаа хүмүүс бодолцох хэрэгтэй. Гэхдээ энэ бол манай Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, ТЭЦ5-аас өөр тохиолдолд шүү.

Харин нэр дурдсан энэ төслүүдийг манайх маш их төлөвлөсөн. Асуудал их үүссэн. Нэгд, тарифын асуудал бий. ТЭЦ5-ын хувьд тариф дээрээ тохироогүй дүнгэлт байдаг. Дээрээс нь газраа сонгож чадаагүй. Тэр бол 2015 оны үе. Тэр үеэс хойш нүүрсэн цахилгаан станц санхүүжүүлэхгүй гэдэг олон улсад шийдвэр гарангуут Франц, Япон компаниуд “Сүүлийн боломж байсан. Та бүхэн шийдвэр гаргаж чадахгүй байсаар цаг алдчихлаа” гээд яваад өгсөн. “Шивээ-Овоо”-г Хятадтай хамтарч барих гэж байгаад замхарсан. Багануур бүтэлгүйтсэн. “Тавантолгой” одоо яригдаж байна. Олон хувилбараар барих гэж үзэж байна. Эхлээд хөрөнгө оруулалт гэж байсан. Төр өөрөө барья гэсэн чадахгүй болсон.

Ер нь ийм төслийн санхүүжилтэд тэрбум гаруй ам.долларын асуудал яригддаг. Үүн дээр улс төрийн нөлөө дотоодоос ч, гадаадаас ч их ордог. Манай улсын тэр компани хийнэ гэж шахах жишээтэй. Тиймээс удаашраад байгаа юм. Уг нь үүнийг хүмүүсийн анхаарал татахгүйгээр жижиг хэлбэрээр хийх боломжтой. Аймаг, сум бүрт 10, 20 сая ам.долларын төсөл ярихад Хятад, Япон, Солонгос компаниуд сонирхохгүй. Тэрбум гараад ирэхээр л том компаниуд ороод ирж байгаа юм. Тийм болохоор эх үүсвэрээ төлөвлөхөд өөрөөр шийдье гэсэн санаа хэлээд байгаа нь энэ. Яахав, нэг зүйл гэвэл станц бариагүйгээс алдагдсан боломжийн өртөг тооцвол манай улс маш их хугацаа алдсан. Өнгөрсөн 20, 30 жил бидэнд цахилгаан дулаан хангалттай байсан бол ямар их хөгжлийг бий болгох боломжтой байсан бэ гээд тооцоод үзвэл станцад оруулах хөрөнгө оруулалт, тарифтай харьцуулашгүй. Зөвхөн өнөөдөр төлөх гэж байгаа нэг сая долларын асуудлаа бодоод байх биш энэ станц барьснаар цаашид ямар олон бизнесийг дэмжиж, тэр нь улс эх орон нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг үргэлж анхаарах ёстой юм.

-Батерей сториж гээд та ярилаа. Манайд энэ технологи эхэлчихээд байна. Химийн хүрээлэн дээр гэхэд судлаачид япон автомашины батарейнаас эрчим хүч хуримтлуур үүсгэж байгаа тухай бид сурвалжилж байсан. Батерейг эрчим хүч нөөцлөхөд ашиглах технологийг түлхүү дэлгэрүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Эрчим хүч нөөцлөх гээд байгаа зорилго бол нэгд, эрчим хүчний хэрэглээ багатай шөнийн цагаар цахилгаан нөөцлөөд их үед нь зарах явдал. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хэрэгтэй гэж байгаа. Батерейн хувьд олон төрөл байна. Хуучных бол усан цэнэгт станц буюу шөнийн цагаар усаа дээд түвшинд уулын орой дээр гаргаад оройн цагаар цахилгаан хэрэглэх үеэр доошоо буулгадаг станц олон улсад ашиглагддаг.

Бидний түлхүү мэддэг нь батерей. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих зорилгоор маш их хөгжүүлж байгаа. Тэр хэмжээгээр батерейн өртөг маш хурдан буурч байна. Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэдэг. Нөөц өөрөө шийдэл биш. Нөөц дээр нэмэх нь технологи, мөнгө байж станц босно. Технологи нь бидэнд байхгүй, мөнгө нь байхгүй, зөвхөн нөөц байгаад нэмэргүй. 10 жилийн өмнө манайд шийдэл нь байгаагүй. Батерей байсан ч маш үнэтэй. Одоо бол хямдарсан. Нөөц нь, технологи нь, шийдэл нь байна. Энэ хоёрыг нийлүүлээд цаашдынхаа эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой болчихсон.

-Хувилбарууд та дэвшүүлээч?

-Энэ талаар олон төрлийн судалгаа хийгдсэн байдаг. Монгол орны эрчим хүчний систем бол маш урт сунаж тогтсон, хэдэн зуун км шугам байгаа. Үүний дэд станцууд гэж бий. Тэр бүрт нь батерей сториж хийчих ёстой. Сая Сонгинохайрханд суурилуулсан шиг. Гэхдээ жижиг хэмжээтэ, олон дэд станцууд дээр батерей суурилуулчихна. Тэгэхээр орой оргил ачааллын үед хэрэглээг батерей өгөөд явчихна. Дэд станц тархмал байдаг нь системийнхээ горимын ажиллагаа гэж байдаг. Түүнд нь батерей тохируулаад явчихдаг. Энэ бол давуу тал. Жижиг хэлбэрээр аймгийн төвүүд дээр дэд станцуудад тархмал хэлбэрээр батарей байршуулах нэгдүгээр хувилбар байж болно. Дараагийн хувилбар айлууд. Өрхийн хэмжээнд аккумулятор ашигладаг. Энэ биш юм гэхэд өөр төрлийн батерейг ашиглаад нарны дэлгэцтэй айл өдөр нь батерейн дээрээ хуримтлуудаад оройн цагаар сүлжээнд зарах боломжтой.

-Монгол Улс хоёр хөршөөс эрчим хүчнийхээ 20 хувийг импортолдог. Хараат бус болохын тулд бид ямар хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэж, нөөцлөх шаардлагатай вэ?

-Эрчим хүчний хувьд худалдааны баланс гэж ярьдаг. Гол нь гаднаас авч байгаа хэмжээгээ багасгах ёстой. Ямар нэгэн байдлаар эдийн засгийн хувьд хараат биш байя гэдэг зөв. Харин техник тиеханологийн хувьд Оростой холбоотой бол тэр хэвээр байх ёстой. Шугамаа тасална гэсэн үг биш. Ямар ч нөхцөлд холбоотой байж улсын аюулгүй ажиллагааг хангаж байх ёстой. Жишээ нь, Европын холбоо, Газрын дундаж тэнгис, ялангуяа АНУ гэхэд 50 муж улс бүгд системүүд нь хоорондоо холбоотой байдаг.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 100 хувь байлаа гэхэд 120 хувийн нөөцтэй байх ёстой гэсэн үг. Гэтэл бид одоо 80 хувийг үйлдвэрлэж байна. Дахиад бидэнд 40 хувийн нөөц хэрэгтэй. Тэгж байж хараат бус боллоо гэж үзэж болно.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 10, Их морь одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 05:57 цагт мандаж, 19:46 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 09-ний 20 цагаас 04-р сарын 10-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр -8…-13 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Зүгээр Улс

Мөнх гэж Хаан байлаа. Их Монгол гэж гүрэн байлаа. Монголоо бодож үүнийг бичлээ.

Монгол Улс юун түрүүн социалист тахлаас ангижрах ёстой. Бидний улс энэ өвчинд нэрвэгдэж зуун дамжин шаналж яваа хоёрдох орон юм. Хойноос ирсэн тэр тахлыг монголчууд байдаг чадлаараа эсэргүүцсэн. Насанд хүрсэн зургаан хүн тутмынхаа нэгийг алуулж түүнтэй тэмцсэн. Социалист тахал өөртөө нь өрсөлдөж болох үзэл санааг, түүнийг тээгчдийг эхэлж онилсон. Монголын түүх соёлын өөдтэй өнгөтэй бүхнийг түймэрдсэн. Алтан ургийнхныг толгой дараалан хядсан. Хүүхэд ч үлдээгээгүй. Түүхэн өс хорслоо тайлж байгаа нь тэр. Бурханы шашныг 700 гаруй сүм хийдтэй нь үнсэн товрог болгосон. Итгэл бишрэлийг нь устгаж байгаа нь энэ.

Монголыг бие даасан, баян, зоригтой зүрхтэй болгоно, байлгана гэсэн бүхнийг хядсан. Төрийн харчууд, цэргийн дарга нар бүтэн үеэрээ дууссан. Коммунизмаас дайжсан Буриад зоныг хүртэл эрэгтэй хүн үлдээхгүй шахам буудсан. Зөвлөлт террорын туршилтын талбар болж Эх орон минь бүтэн 70 жил сэглэгдсэн.

1990 оны цагаан морин жилийн босгонд царцсан цустай монгол түмэн дахиж нэг өндийсөн. Монголын төрийн алтан үсгээр бичигдэх гурав дахь түүх ингэж эхэлсэн. Өдгөө ч бид эрх чөлөөтэй энгийн нэг улс болох гэж тэмцсээр зүтгэсээр л байна. Монголыг ардчилал муухай болгосон юм биш. Монголоос коммунизм яваагүй учир улс орон маань тамираа барж байна. Тэр жил надад Их Монгол Улсын 800 жилийн ойн Ажлын хэсгийг ахлах хувь тохиосон. Цус нэвчсэн цогцос дээр гишгэж баяр наадмаа тэмдэглэдэг болтлоо бид өвчилсөн байлаа. Энэ бол язгуур Монгол ёс биш байв. Төрийн ордны өмнө хойно нэр бүхий гурван хүний оршуулга байдаг байлаа. Засгийн газрын хурлаар таван удаа хэлэлцүүлж, УИХ-ын чуулганаас хоёр удаа буцаалгаж, гурван удаа зүтгүүлж байж Тогтоол батлуулсан.

Утга нь төрийн ордон тойрсон шарилыг зайлуулах, Их хаанаа хоймортоо залахад оршсон юм. 76 хүнтэй парламентад өөрийн намын 25 гишүүнтэй, хажуудаа хуулиар тэнцүү эрх мэдэлтэй шадартай, Ерөнхий сайд явсан үе л дээ.

Олныг үл нуршин нэгэн бяцхан түүх өгүүлсүй. Ордны урд хойдох шарилыг зайлуулсны дараа оронд нь юу хийх тухай их ярьсан. Олон санаа гарсан. Хассан, нэмсэн. Тэгсээр явж ордны өмнө аав, хүү, ач гурвын хөшөө бүхий цогцолбор байгуулахаар тохиролцлоо. Эцэг Чингис, хүү Өгөдэй байх дээр санал нийлэв. Харин аль ач нь байх вэ? Мөнх, Хубилай хоёр дээр туналаа. Асуудлыг хагалах гэж тухайн үед ануухан байсан хоёр их түүхчтэй биечлэн уулзав. Нэг нь Хубилайг, нөгөө нь Мөнхийг гэв. Дахиад сонголттой тулав.

Энэ удаа би Мөнх хааныг дурссан нь учиртай. Их Монгол Улсын дөрөв дэх Хаан. Чингис Хааны отгон хүү Толуйн ууган хөвгүүн. Мөнх Хаан бол зоримог, ухаалаг үйлдлээрээ Монголын их гүрний зуунаар орших суурийг улам бататгасан хүн. Өмнөх гурван Их Хааны хийснээс сайныг нь үргэлжлүүлж бас нэмсэн. Монгол Улс, Монголын төр бөх оршихуйн тулд юуг хийх, юуг эс хийж болохыг бүрнээ ойлгож таньсан, тиймээс ч нэр алдар нь мөнхөжсөн Их Хаан.

Дээрхийн тухай бичих нь миний хувьд яаруу ажил биш. Бодох тусам өвдөг сулрах учир Монголоо яаж зүгээр улс болгох вэ гэж гашилж байгаа минь энэ. Ёс зүйгүй улстөрчдөөр, увайгүй коммунистуудаар улсаа сэглүүлсээр суух уу! Хэн ч тоохгүй улс байх нь Монголын хувьд хамгийн том аюул. Хэрмэн дотроо биесээ барьж идэж, марзан байдалдаа хууртсаар байх уу? Сайн хүн бол сайныг үргэлжлүүлдэг, бас нэмдэг. Сайн түүх, сайн соёл бүтээлцдэг. Улсаа зүгээр улс болохыг бүгдээрээ үзэх юмсан.

Монголоо улам муу болгох гэж боддог, тэгж зорьж ажилладаг улстөрч бидний дунд байгаагүй байх. Оросын эсвэл Хятадын төлөөний этгээд л биш бол. Манай улсын хувь заяанд энэ хоёр орон бодит нөлөөтэй нь үнэн боловч Монгол Улсыг удирдах бодлогыг хэн тодорхойлж, яаж хөтлөхөөс бидний хувь заяа их шалтгаалдаг. 1911 оны түүхэн цаг мөчөөс хойш тооцвол шүү дээ.

Ямар ч хүн Монголын ирээдүйг өмчилж чадахгүй. Гэхдээ түүнд хор хохирол учруулж чадна. Монголын төлөө хийх зүйлээс гадна, хийж болохгүй юмыг давхар боддог байх ёстой.

Нэг; Бидэнд монгол хүний тэмцэгч чанарыг унтраадаг улс төр хэрэггүй. Тэмцэлгүй ард түмэн мөхдөг. Оршиж байгаа орон зай маань биднээс тэмцэхийг шаарддаг. Монгол хүн тэмцэж байж гэмээнэ тэсэж үлдэнэ. Даргадаа тэврүүлж хэвтэх биш даргынхаа эсрэг тэмцэж байж л Монголын улс төр амьдарна. Даргаа шүтвэл Монгол сүйрнэ. Шүүмжилж байж босно. Дарга нь ч шүүмжлэл доромжлолд хугарахгүй нуруутай нэгэн байх ёстой. Монголд цөстэй, иртэй иргэд хэрэгтэй. Бүх бяраа даргадаа өгвөл бид унана.

Хоёр; Монголд хоёр нүүртэй шударга ёс хэрэггүй. Аль нэг даргын хувийн шударга ёс бүр хэрэггүй. Тийм хууль ч хэрэггүй. Тэмцсээр байхад өсдөг авлига хэрэггүй. Шударга ёс эдийн засгийн агуулгатайг бүү март. Даргын хүрээлэл ажил хийхгүй ч баяждаг, бусад нь ажиллах тусам ядуурдаг. Ийм амьдрал, ийм шударга ёс бидэнд зохихгүй. Сонголттой хэрэгждэг шударга ёс гэж үгүй.

Гурав; Бидэнд ард түмэн нь эрхгүй ардчилал хэрэггүй. Иргэдийн улс төрийн эрхийг нам булаасан. Намын эрхийг удирдах байгууллага нь булаасан. Бүлэглэлийн эрх нь даргад нь шилжсэн. Ардчиллыг иргэд эзэн байх гэж сонгосон. Сонгуулиар үр шимийг нь нэг удаа хүртэх гэж биш өдөр тутмын амьдралдаа өөрөө эзэн болох гэж эрх чөлөөг зорьсон.

Ардчилал бол зөвхөн сонгуулийн юмуу, эсвэл олон намын тухай асуудал огт биш. Ардчилал бол өдөр бүр газар сайгүй орших агуулгатай. Амьдралын чанар муудаж байгаа бол ардчиллын чанар муудаж байна гэсэн үг. Өдрөөс өдөрт амьдрал доройтож байгаа бол өдрөөс өдөрт ардчилал устаж байгаа нь тэр. Амьсгалах агаараас эхлээд, явах зам, өвдөхөд үзүүлэх эмнэлэг хүртэл ардчилалд, улс төрд хамаатай. Ардчилал бол зөвхөн дарга сонгодог тогтолцоо биш, ардын амьдралыг алхам бүрд нь зөөллөж байдаг зам юм. Тиймгүй бол ардчилалгүй гэсэн үг.

Дөрөв; Манайд улсаа бүтэн иддэг засаглал зохихгүй. Бас хийсэн бүтээснийхээ талыг төсөв нэрээр хамдаг засаг ч ахадна. Талын талаас нь бага төсөвтэй төр таарна. Өнөөдөр Монголын хулгай дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давсан. Үүнийг засгийн тэргүүн нь өөрөө хүлээсэн. Хүнд суртлынх нь зардал улсынхаа талаас илүү гарсан. Найман жилийн өмнө 6 их наяд байсан төсөв 2024 онд 27 их наяд төгрөгт хүрч өссөн.

Баабарын тооцсоноор өмнөх 8 жилд нь 1000 хувь өсөж байсан манай улсын эдийн засаг дараагийн 12 жилд 12 хувиас хэтрээгүй. Өнгөрсөн 8 жилд төсвийн өсөлт 500 шахам хувьтай байгаа бол эдийн засгийн дундаж өсөлт 5 хувиас дээш явсангүй. Монголд хүний эрх чөлөө босгоор гартал шахагдаж төрийн хүнд суртал хүнээ дарж алахад хүрчээ.

Тав; Бидэнд хяналтгүй засаг хэрэггүй. Ерөнхий сайдынхаа халаасанд орсон нам, хүний эрх хэрэггүй. Сонгуулийн үеэр ард түмнээ хайрладаг, бусад үед хаядаг засаг бүр ч хэрэггүй. Хяналтгүй засагт хулгай төгсөрдөг. Хулгай дээрэм, бусармаг бүхэн засгийн хайр ивээл дор, халамж дохиогоор цэцэглэж байгаа.

Улсаа хорлогчтой нөхөцдөг, хайрлагчийг зоддог хутга ханцуйлсан эрх мэдэл огт хэрэггүй. Бидэнд “зогсооно, хураана, шийтгэнэ” гэдэг засгийн газар биш “боломж бүрдүүлнэ, та нарыг хамгаална, асуудлыг шийднэ” гэх удирдлага хэрэгтэй. Иргэдээ 8 жил зулгартал уланд унагаж үсдэж чирчхээд, одоо “та нарыг бүсэлж, бүсдэж хөгжүүлнэ” гэх тархи угаалт хэрэггүй.

Зургаа; Монголд өндөр татвар хэрэггүй. Том төр бүр хэрэггүй. Ардчилсан Холбоо Эвслийн үед 10 хувийн дөрвөн татвартай болж л байсан. Сүүлийн 85 жилийн түүхэнд анх удаа 2005 оны дүнгээр улсын төсөв ашигтай гарч байлаа. Манай улс төсвөө алдагдалтай батлах шаардлагагүй. Монгол дотроо уралцах биш манай эрх баригчид дэлхийд гарч өрсөлдөх ёстой. Бага татвараар, бага хүнд суртлаар, эрх чөлөөгөөр, илүү шилэн нээлттэй байдлаар. Монголын өрсөлдөх чадвар буурвал, авлигын үзүүлэлт өсвөл засаг хариуцлага хүлээдэг болох ёстой. Улсын зээлжих зэрэглэл дээшилбэл Сангийн сайд нь сайн, харин буурвал огцрох учиртай. Монгол улс НҮБ-ын 193 гишүүн оронтой ач тач үзэлцэж ажлаа дүгнүүлдэг байх шаардлагатай.

Долоо; Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай.

“Хамжигчаа битгий нэрлэ, би чамайг шоронгоос суллана. Захиалагчаа бүү зарла, чамд бид мөнгө өгнө. Ардах хүнээ хэлэх хэрэггүй, та нарыг алуурчин биш болгоно.” Ингэж гуйгаад байхад ямар ч гэмт хэрэгтэн тийм эрхэмд зөвшөөрөлгүй яах вэ. Хүн биш хөшөө, амьдад нь биш алагдсан хойно нь хайрладаг хайр хэнд ч хэрэггүй. Монголд хүн алдаг төр хэрэггүй. Цааз хэрэггүй. Хүн алах эрхийг төрөөсөө түүхээсээ халсан бид, хүн алсан хүнийг хайрлаж халамжилдаг засагтай боллоо.

Монголд хийж болохгүйг, хэрэггүй, шаардлагагүйг долоон зүйлээр ийн дурдлаа. Шинэхэн түүх, өнөөдрөө багтааж эргэцүүлээд; 1. Монгол хүний тэмцэгч чанар, зориг зүрхийг мохоож болохгүй. 2.Монголд хоёр нүүртэй, сонголттой хэрэгждэг, хувьчлагдсан шударга ёс хэрэггүй. 3. Иргэд нь Үндсэн хуульдаа заасан улс төрийн эрхээ шууд эдэлдэггүй ээлгүй бодлого, үйл ажиллагаа хэрэггүй. 4. Улсынхаа бүтээсний талыг иддэг тарган хүнд суртал бидэнд шаардлагагүй. 5. Хариуцлагаас зугтдаг, хяналтгүй засаг огт хэрэггүй. 6. Өндөр татвар, том төр хэрэггүй. 7. Ардчиллын зүрхэнд хутга дүрсэн, айл шатаасан алуурчин ивээдэг Ерөнхий сайд хэрэггүй.

Хүн төрөлхтний түүх хэрэггүй, болохгүйгээр дүүрэн. Түүнээс зугтах хэцүү. Харин сүүдрээ, болохгүйгээ цаг алдалгүй таньж мэдсэн нь урагшаа явдаг. Түүхэндээ, өнөөдөртөө, маргаашдаа эзэн болж мөрөөрөө хөгжил дэвшилд хүрдэг. Орос зүгээр улс байхаа болиод 107 дахь жилдээ (1917 оноос хойш) зовж шаналж байна. Англи дэлхийг идэх дур хүслээ хазаарлаж чадсанаар энгийн, ардчилсан, хөгжилтэй улс болсон. Европын бусад колоничлогчид ч адил. Дэлхийн зам ийм ажгуу.

Монгол Улс ардчилсан сонголт хийгээд гурван удаагийн зогсолт, ухралт үзсэн. Энэ удаагийнх шиг улс орны эрх чөлөө, бие даасан байдалд хорлонтой, хоёр сонгууль дамжсан удаан ухралт болж байгаагүй. Төмөр замаар зүйрлэвэл галт тэрэг замаасаа гарч нурангид шигдэн эвдэрсэнтэй адил юм. Гацсан, зогсоо Монголыг өнгөрсөн 8 жилд хэн ч хүлээгээгүй. Харин бид бүгдээрээ найман насаар хөгширлөө.

Монголчууд их түүхтэй хүмүүс, бас сайхан ирээдүйтэй гэдэгт би эргэлздэггүй. Өвөг дээдэс маань ухаарч сэхээрч явахыг захисан. -Өглөө бүр санаж яв гэж өв сургаал үлдээсэн. Эдгээр нь: 1. Хуулийн дор амьдар; 2. Чаддагийг нь ажиллуул; 3. Харц, ноёд гэж бүү ялгаварла; 4. Итгэл бишрэлд хүндэтгэлтэй бай; 5. Эрэлхэг зоригийг дэмж; 6. Газар үз, хүнтэй танилц; 7. Бусадтай өрсөлд; 8. Сайныг бүтээ, мууг цээрлэ; 9. Дэлхийд гар; гэсэн бөлгөө.

 

2024 оны 4 дүгээр сарын 15

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-19-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. Тэрбээр “Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг тав, зургаахан компани нийлүүлж байна” хэмээн ярилаа. Энэ тухай II нүүрээс уншаарай.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, МҮОНРТ-ийн Программын нэгдсэн захиргааны дарга Магваны Эрдэнэбат “МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй” хэмээн өгүүллээ

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Европын Холбооны дээд чуулган эхлэв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

Дорнодын хээрийн түймэрт 9900 га талбай шатжээ DNN.mn

Дорнод аймгийн Чойбалсан, Матад, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Уг түймэрт урьдчилсан байдлаар 9900 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд тохиолдсон бөгөөд энэхүү хугацааг түймэр эхэлсэн цагаар нь авч үзэхэд 65.5 хувь нь 14:00-16:00 цагийн хооронд гарсан байдаг байна.

Иймд иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс дэлхийн 51 орноос эм импортлож байна DNN.mn

Манай улс эм ипортлож, үйлдвэрлэдэг орны нэг. Нийт зах зээл дээр хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувийг импортоор оруулж ирдэг.

Өнгөрсөн 2022 онд  гэхэд олон улсын нэршлээр 820 төрлийн эм, худалдааны нэршлээр 1470 төрлийн эмийг оруулж иржээ.

2018-2023 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эм, вакцин, оношлуур болон биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл гомдлын 97 хувь нь шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох хүмүүс нь яллагдагчаар татагджээ.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Зүүн бүсийн аймгууд болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар  мэдээлэл өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Д.Гантулга “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдахгүй байх мэдээллийг нийтэд өгч, нийслэл, аймгуудын Засаг дарга нарт Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлдэг.

Гэвч жилийн 4 улиралд үсэргээ, сунгаа, тодорхой хэмжээний бооцоот уралдаан зохион байгуулах явдал гарсаар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морь унаач 989 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй байдаг. 2022-2023 онуудад аймгийн хэмжээнд 67 удаагийн морины уралдаанд давхардсан тоогоор 8210 хүүхэд хурдан морь унаж уралдсан.

Үүнээс мориноос унасан 231, хөнгөн бэртсэн 76, бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн 19 хүүхдэд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалаас 89 сая 650 мянган төгрөг олгогдсон байна.

Хэдийгээр хүүхдийн амь нас хохироогүй, гэмтэж бэртсэн хүүхдүүдэд нөхөн олговор олгосон хэдий ч дээрх хайхрамжгүй, хууль, журам зөрчсөн үйлдлийн улмаас унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм.

2024 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан учир Комиссын гишүүний Шаардлагыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Засаг дарга хүргүүлсэн.

Комиссын гишүүний шаардлагын дагуу Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан 5 хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний замыг чөлөөлж байна DNN.mn

Нийслэл хот 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулжээ. Эдгээр ажлын хэсэг хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлүүдийг арилгуулж эхэлсэн байна.

Тухайлбал, “Цайз” зах орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж буй сайжруулсан шахмал түлш борлуулах зургаан цэгт зөвлөмж өгч нийтийн эзэмшлийн талбайг угаалгаж тортгийг цэвэрлүүлэн иргэдийн зорчих явган замын хөдөлгөөнийг чөлөөлжээ.

Мөн Ханын материал, IIIIV хороолол чиглэлд худалдаа үйлчилгээний газрын гадна орчин хотын стандартыг хангаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж  зөвлөмж өгч хотын стандартыг хангуулсан байна.