Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.03.09 / БЯМБА ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ТАВАН ШАР ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 07.17-18.48
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 9, Санчир гараг. Билгийн тооллын 29, Чөдөр одтой, хар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:17-18:48. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол адууны махыг Японд экспортолж эхэллээ DNN.mn

 Япон улсын нийслэл Токио хотноо уламжлалт “Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна.

Энд манай улсаас “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Силк рөүд трейдинг”, “Стандарт фүүд”, “Тэсо”, Дэй чаннел”, “Дүүрэн фүүд”, “Монэнзим Мед”, “Рефлекс” компаниудын төлөөлөл оролцож үндэсний бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Үүнээс “Булган мах маркет” компани монгол адууны мах болон түүний дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээнд Японы импортлогч талтай гарын үсэг зурж байгуулав. Ингэснээр Монголын эрүүл байгальд өсгөж бойжуулсан адууны мах цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж Японы зах зээлд борлогдож эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Сөүлд 2026 он гэхэд 1000 цэцэрлэг, ногоон байгууламж байгуулна DNN.mn

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2026 он гэхэд 1007 цэцэрлэг, ногоон байгууламж шинээр байгуулах төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. Үүний хүрээнд 2024 оны эхний хагаст 150 цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ.

Хотын захиргаа 265.9 тэрбум вон буюу 199.8 сая ам.долларыг хотын эргэн тойронд хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан цэцэрлэгжүүлсэн талбай, ногоон байгууламж байгуулахад зарцуулах ажээ.

Шинэ цэцэрлэгүүдийг байгуулах нь Сөүл хотын иргэдийн сэтгэл зовнил, стрессийн түвшнийг бууруулах зорилготой гэж хотын захиргааны Цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын хүрээлэнгийн асуудал эрхэлсэн товчооны дарга Ли Сү Ён хэллээ.

Цэцэрлэг гэх мэт ногоон байгууламжийг харах нь хотын дүр зургийг харахтай харьцуулахад сэтгэл зовнилыг 20 хувиар, долоо хоногт хамгийн багадаа нэг удаа цэцэрлэгт цагийг өнгөрүүлэх нь стрессийг 60 хувиар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосныг тэрбээр эш татжээ.

Хүмүүст өдөр тутамдаа улирлын өөрчлөлтийг мэдрэх боломжийг бүрдүүлэх жижиг хэмжээний ногоон байгууламжийг бий болгох зорилгоор цэцэрлэгүүдийг байгуулж буй юм. Тийнхүү хотын өргөн чөлөө, дээвэр, гүүрэн гарцан дээр, мөн орон сууцны хорооллуудын ойролцоо зэрэг нийт 167 байршлыг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Жендэрийн тэгш байдлын төлөө цан цохих ёслол зохион байгууллаа DNN.mn

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийг уриалж, цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулдаг.

Өнөөдрийн үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.

Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 118 орны хөрөнгийн биржүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин арилжааг нээх цан цохих ёслол үйлддэг. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7169  дэх удаагийн арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгов DNN.mn

Иргэн Х.Х нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 0219296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан ба уг шийдвэрээр  иргэн Х.Х-г “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмших эрхгүй газарт байшин барьсан зөрчил гаргасан” гэж үзээд  Зөрчлийн тухай хуульд зааснаар 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Х.Х нь “…Засаг даргын А/21 дугаартай захирамжаар эзэмшсэн газарт байшин барьсан, газрын кадастрын зураг нь зөрчилтэй байсныг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зөвтгөж өгсөн” гэж, хариуцагчаас “Х.Х нь өөрт нь  эзэмшүүлсэн газраас 1600 метрийн зайтай өөр газарт байшин барьж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан нь кадастрын зураг, үзлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон” гэж тус тус тайлбарлан маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдээс иргэн Х.Х-д эзэмшүүлсэн гэх газрын кадастрын зургийг 3 удаа үйлдэж, газрын мэдээллийн санд бүртгэсэн, эхний хоёр кадастрын зураг нь өөр газрын байршилд, харин  3 дахь удаа зөвтгөж үйлдсэн гэх кадастрын зургаар тодорхойлогдсон газрын байршил нь гомдол гаргагч Х.Х-ийн байшин барьсан орчны газар болох нь тогтоогдсон.

Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр  Х.Х-д эзэмшүүлсэн газрын байршлыг  хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас шалгаж тогтоохгүйгээр Х.Х-д эзэмшүүлснээс өөр газарт үйлдэгдсэн буруу кадастрын зургийг үндэслэж, эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байв.

Шүүхээс иргэн Х.Х-г зөрчил үйлдээгүй гэж үзэж,  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза

Categories
мэдээ спорт

Д.Сэлэнгээ Парисын паралимпийн наадамд өрсөлдөх эрхээ авлаа DNN.mn

АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Д.Сэлэнгээ нь дэлхийн аварга болон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчин бөгөөд зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүйтний эрч суларч дулаарах тул айл өрхүүд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар “Шуурхай бүлэг” байгуулан ажиллаж байна.

Шуурхай бүлэг нийслэлийн хэмжээнд үүссэн халиа дошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, мал хаваржилтын нөхцөл байдалд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэж, айл өрх ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч өдөртөө цаг агаар дулаарч байгаа тул халиа урсах, цас мөс хайлж шар усны үерт өртөж болзошгүй айл өрх хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 10-нд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэнэ DNN.mn

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэх бол нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэх юм. Үүнд нийтдээ 225.2 мянган хүн хамрагдана.

Энэ талаарх журам өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Ингэхдээ нэр заасан сумдууд болон Багахангай, Багануур, Налайх  дүүрэгт ажиллаж байгаа төрийн  захиргааны албан хаагч,  багш, эмч, цагдаа онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер ахлагчид таван жилд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн  урамшууллыг олгохоор болжээ. Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалинг 40 хувиар, харин аймгийн төвийн  сум болон нийслэлийн  алслагдсан гурван дүүрэгт ажилласан төрийн албан хаагчдад 20 хувийн цалингийн нэмэгдлийг олгохоор зохицуулжээ.

Өмнө зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажиллагсдын цалингийн нэмэгдлийг авдаг байсан бол дөрөвдүгээр сарын 1-нээс хэвтээ, босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчдад мөн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн алба хаагчид авахаар байгаа юм. Ирэх сарын 1-нээс  нягтлан  бодогчдын  цалингийн сүлжээг TY мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах  аж.