Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 01-ний 09:00 цагаас хүлээн авсан. Тус бүртгэл энэ сарын 11-ний 17:00 цагийн хооронд хүлээн аваад хаагдаж буй.

Хүсэлтийг “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn, Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байна!

  • Улаанбаатар,  орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх

Коллеж, МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаалж эхэлнэ DNN.mn

Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11 буюу өнөөдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарсан.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлжээ.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хорт хавдрын эсрэг дайн DNN.mn

Өнөөдөр дарангуйллын болон ардчилсан тогтолцоо үхэх, сэхэхээ үзэх нь нэгэнт тодорхой болсон тул зэвсэг үйлдвэрлэдэг улс болгон XXI зууны зэвсэг яаралтай боловсруулж, Украины дайнд туршин сайжруулж, бөөнөөр нь үйлдвэрлэж эхлээд байна. Учир нь өнөөдрийн дайн, байлдааны талбарт гайхамшиг үзүүлж буй зэвсэгүүд нь өнгөрсөн зууны 70-80 оны технологи юм. Иймээс энэ зууны зэвсэгүүдийг үйлдвэрлэж байгаа аж. Тэгвэл аль ч дайн, тулаанаас илүү олон хүний аминд хүрдэг хорт хавдарт эрдэмтэд бас дайн зарлан том том ялалт байгуулж эхэлжээ. Учир нь статистикийн мэдээгээр дэлхий дээр хорт хавдраар жил бүр 4.5 сая эрэгтэй, 3.5 сая эмэгтэй нас бардаг аж. Иймээс эрдэмтэд энэ өвчний эсрэг жинхэнэ дайн зарлан тэмцэж байна.

Эрдэмтэд өөрсдийн судалгааны дүнд үндэслэн тархины хорт хавдрын нэг төрөл болох сарнисан глиом өвчний эсрэг вакциныг анх удаа хүмүүс дээр амжилттай туршсан байна. Энэхүү хорт хавдрын эсрэг вакцин нь хорт хавдрыг өөрөө эмчилж чаддаггүй, харин бие махбодид хорт хавдрыг “даван туулахад” нь тусалдаг аж. Хорт хавдрын эсүүд хүний дархлааны системээс нуугдаж чаддаг тул хорт хавдар хурдан томордог. Тэгвэл энэхүү вакцин нь хорт хавдрын эсүүдэд шинэ уураг бий болгон энэ уургаар нь хүний дархлааны эсүүд эдгээр хавдрын эсүүдийг таньж устгадаг аж. Энэ вакциныг глиом хорт хавдрын III болон IV үе дээрээ очсон 33 өвчтөнд уг хорт хавдрын стандарт эмчилгээтэй хавсарч хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 30 хүний дархлаа нь сэргэн эсрэг биет үүсч уг хорт хавдрын эсүүдийг устгаж эхэлжээ. Энэ вакциныг хийлгэснээс хойш гурван жилийн дараа судалгаанд оролцогчдын амьд үлдсэн хувь 84 хувьд хүрсэн байна. Мөн вакцин хийлгэсний дараа дархлаа нь сэргэсэн өвчтөнүүдийн 82 хувьд нь хавдрын өсөлт зогссон гэнэ. Эрдэмтэд энэ бол энэхүү шинэ вакциныг хүмүүс дээр туршсан эхний үе шат бөгөөд одоо түүний үр нөлөөг бүрэн баталгаажуулахын тулд хяналтын бүлэгт туршилт явуулах шаардлагатай гэж мэдэгджээ.

Өнөөдөр хорт хавдрын эсүүд(CSC)-ийг эмчлэхэд тулгардаг гол асуудал нь эдгээр эсүүд нь хими, цацраг туяа эмчилгээнд тэсвэртэй байдагт оршдог. Мөн хорт хавдрыг эрт илрүүлэх одоогийн эмчилгээний аргууд нь энэ өвчний бүх голомтыг нарийн тодорхойлох боломжгүй байдаг. Тэгвэл Японы эрдэмтэд CSC-ийг энгийн үүдэл эс болгон хурдан программчилж, хорт хавдрыг зогсоох чадвартай гидрогелийг бүтээжээ. Уг судалгааны удирдагч, профессор Шинья Танака “Хорт хавдрын үүдэл эсийн молекулын үйл явцыг зөв ойлгож авах нь хорт хавдрын илүү үр дүнтэй эмчилгээ боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг мэдсэнээр бид хорт хавдрын гэгддэг мутацид орсон эсийг буцаан эрүүл эс болгох боломжтой болсон” гэж мэдэгдсэн байна. Судалгааны явцад энэхүү шинэ гидрогель нь тархи, умай, уушиг, бүдүүн гэдэс, давсагны хорт хавдрын CSC эсийг эрүүл үүдэл эс болгон амжилттай дахин программчилж байгаа нь тогтоогджээ.

Хорт хавдрын эсүүдийг уг гель дотор суулгасны дараа бөмбөлөг хэлбэртэй бүтэц үүсгэж тэд дахин эрүүл эс болон программчлагдахад ердөө 24 цаг зарцуулж байсан байна. Энэхүү туршилтыг явуулсан профессор Шинья Танакагийн багийн эрдэмтэд энэ зарчмаар хорт хавдрыг бүрэн эмчлэх шинэ эм бий болгох бүрэн боломжтой гэж мэдэгджээ. Учир нь эдгээр эрдэмтэд эсийг дахин программчлах явцад хорт хавдрын эсрэг тэмцэхэд ашиглаж болох зарим молекул ямар үйл ажиллагаа явуулж байгааг олж илрүүлжээ. Тиймээс судлаачид эдгээр рецепторуудын молекул дарангуйлагчийг ашиглан хорт хавдрын эсийг бүрэн устгах боломжтой болсон аж. Ирээдүйд энэ аргыг бүх төрлийн хорт хавдрыг бүрэн эмчлэхэд төдийгүй хорт хавдрын дахилттай тэмцэхэд ашиглах гэнэ.

Умайн хүзүүний хорт хавдар бол дэлхий даяар түгээмэл тохиолддог хорт хавдруудын нэг юм. Хорт хавдраар өвчилсөн 15 эмэгтэйн нэг нь энэ хорт хавдраар өвчилсөн байдаг аж. Энэ өвчнөөр бүх насны эмэгтэйчүүд өвддөг бөгөөд тэдний ихэнх нь 30-аас дээш насныхан байдаг гэнэ. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд сүүлийн 20 жилийн хугацаанд үзэгдээгүй томоохон дэвшил гарсан болохыг эрдэмтэд зарлажээ. Учир нь зовиуртай бас гаж нөлөө ихтэй цацраг туяаны эмчилгээтэй зэрэгцүүлэн хавдрын эсрэг хаа сайгүй хэрэглэж байгаа харьцангуй хямд, эмийн эмчилгээг хавсран хэрэглэх нь эмчилгээний үр нөлөөг эрс сайжруулж байгааг эрдэмтдийн явуулсан эмнэл зүйн туршилтууд баталжээ. Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний энэхүү хавсарсан арга нь өвчтөнийг эдгэрүүлэх магадлалыг гуравны нэгээс илүү буюу 35 хувиар нэмэгдүүлж байгааг Европын онкологичдын нийгэмлэг(ESMO)-ийн хурлын үеэр танилцуулсан байна. Энэхүү судалгааны зардлыг Их Британийн “Can­cer Research UK” буяны байгууллага санхүүжүүлсэн бөгөөд тус байгууллагын төлөөлөгч “Эмчилгээний энэ шинэ аргыг дэлхийн хавдар судлалын эмнэлгүүд аль болох түргэн нэвтрүүлж, туяаны эмчилгээний өмнө эмийн курс эмчилгээ хийлгэж эхлэхийг өвчтөнүүдэд зөвлөнө гэдэгт бид бүрэн найдаж байна” гэж мэдэгджээ.

Хэдийгээр сүүлийн хагас зуун жилийн хугацаанд цацраг туяа эмчилгээний үр нөлөө мэдэгдэхүйц сайжирсан боловч өвчтөнүүдийн бараг гуравны нэгийх нь өвчин дахин сэдэрдэг аж. Өөрөөр хэлбэл, тэдгээр өвчтөнүүд уг зовиур ихтэй эмчилгээг дахин хийлгэхэд хүрдэг байна.

Харин одоо хорт хавдрын дахилтын тоог гурав дахин бууруулах боломжтой болсон бөгөөд үүний тулд өвчтөн цацраг туяаны шарлага хийлгэхээс өмнөөс эхлэн хавдрын эсрэг эмчилгээний эмүүдийг ууж эхлэх ёстой аж. Учир нь Их Британийн “Can­cer Research” компанийн гүйцэтгэх захирал Иан Фоукс “Зарим хорт хавдрын туяа эмчилгээ, мэс засал зэрэг эмчилгээг эхлэхээс өмнө хавдрын эсрэг эмүүдийг курсээр уух нь үр дүнтэй гэдгийг олон туршилтаар нотоллоо. Энэхүү арга нь хорт хавдар дахин сэдрэх магадлалыг эрс бууруулж байна. Энэ эмчилгээнд шаардлагатай эмүүд дэлхий даяар хүртээмжтэй байгаа” гэж мэдэгджээ. Харин Лондонгийн их сургуулийн Хавдар судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Мэри Маккормакий “Бидний явуулсан эмнэл зүйн туршилтууд нь умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж буй олон хүмүүсийн насыг уртасгаж чадна гэдгийг нотолсон. Стандарт хими эмчилгээ хийлгэхээс өмнө нэмэлт эмийн эмчилгээг эхлүүлэх нь өвчтөний хорт хавдраар эргэж өвчлөх, нас барах эрсдлийг 35% бууруулдаг болохыг бид туршилтаар баталж чадлаа. Энэ бол сүүлийн 20 жилийн хугацаанд энэ өвчний эмчилгээнд гарсан хамгийн том үр дүн болж байгаа учир энэ судалгааг ивээн тэтгэсэн байгууллага маань ч маш их баяртай байна” гэж хэлжээ.

Өнөөдөр хорт хавдрыг анагаах шинэ эм, эмчилгээ гаргаж авах явдал маш хурдтай явагддаг болжээ. Энэ нь шинжлэх ухааны ололттой холбоотой аж. Тухайлбал, Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтэд квант компьютер ашиглан химийн урвалыг удаашруулан ажиглаж, урьд өмнө нь мэдэгддэггүй байсан зүй тогтлуудыг олж илрүүлсэн байна. Тухайлбал, эдгээр судлаачид химийн геометрийн чухал бүтэц болох конусын огтлолцлын нөлөөгөөр бий болсон атомын хөдөлгөөнийг ажиглаж чаджээ. Фотосинтез гэх мэт химийн урвалын үед молекулууд аянга цахихтай адил хурдаар энерги дамжуулах солилцооны бүс үүсгэдэг бөгөөд үүнийг конус хэлбэрийн огтлолцол гэдэг. Химийн энэхүү геометрийн зураглалыг химичид 1950-иад оноос хойш ажиглахыг оролдсоор ирсэн боловч асар хурдтай болж өнгөрдөг тул шууд ажиглах боломжгүй байсан бол одоо ийнхүү ажиглах боломж бүрджээ.

Байгалийн бүх үйл явц хэт хурдтай буюу фемтосекундийн дотор болж дуусдаг. Фемтосекунд гэдэг нь секундийг нэг тэрбум хуваасныг дахин нэг саяд хуваасантай тэнцэх асар богино хугацаа юм. Тэгвэл эрдэмтэд квант компьютер ашиглан химийн динамикийг фемтосекундээс миллисекунд хүртэл удаашруулах боломж бий болгосноор молекул бий болох явцыг ажиглан хэмжилт хийх боломжтой болжээ. Эрдэмтдийн хийсэн энэхүү туршилт нь хэт хурдан динамик буюу молекулууд асар хурдан хугацаанд хэрхэн, яаж өөрчлөгддөгийг бүрэн ойлгож авахад тусалж байна. Молекулуудын дотор болон тэдгээрийн хооронд явагдаж буй эдгээр үйл явц нь шинэ эм болон материал гарган авах, нарны эрчим хүчийг цуглуулах технологийг улам боловсронгуй болгох гэх мэтээр шинэ боломжуудыг бий болгож байгаа ажээ. Мөн түүнчлэн молекулууд хэрхэн гэрэл бий болгож, үүл манан яаж үүсдэг гэдгийг болон озоны давхарга яагаад цоордог болохыг ойлгоход тус судалгаа тус болно гэж эрдэмтэд тооцож байна.

Ийнхүү эрдэмтэд аль ч дайн, тулаанаас хэдэн зуу, мянга дахин олон хүний амь авч оддог хорт хавдрын эсрэг дайн зарлаж, бага хүчээр их хүчийг ялж эхэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: 3.1 тэрбум төгрөг, 805.1 сая төгрөгийн бараа, материал цугласан байна DNN.mn

Улсын онцгой комисст 3.1 тэрбум төгрөг, 805.1 сая төгрөгийн бараа, материал цуглажээ.

Үүнээс 701 сая төгрөгийн 41484 ширхэг бараа, материалыг зудтай аймаг, сумдад хуваарилан хүргүүлээд байгаа талаар УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлсэн юм.

Одоогоор 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 135 сум цагаан зудын, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрчээ.

Цас их орж зам, даваа хаагдсаны улмаас алслагдсан аймаг, сумын 189283 малчин өрхийн 72462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалд байгаа.

Түүнчлэн эдгээр өрхөд жирэмсэн эх-2556,

  • 0-5 насны хүүхэд 29026,
  • өндөр настан-28446,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэн-10701,
  • Архаг суурь өвчтэй-21507 малчин иргэн байгаа судалгааг гаргажээ.

Тиймээс сумын эрүүл мэндийн төвд- 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт-8, Өрхийн эрүүл мэндийн төвд-31, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд-47 резидент эмч ажиллуулж буй.

Эдгээр резидент эмч нар долоо хоногийн хугацаанд ажиллахдаа дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Үүнд:

  • 0-5 насны хүүхдэд -2446
  • Жирэмсэн эхэд-325
  • Зонхилон тохиолдох өвчний чиглэлээр-4223
  • Яаралтай тусламж үйлчилгээ -564
  • Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ-1008 иргэнд үзүүлж, эмнэлгийн тусламжийг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 830 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ DNN.mn

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Тоглолт гуравдугаар сарын 16-нд 19:00 цагт UB PALACE-ийн Концертийн их танхимд болно.

МҮОНР-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллажээ.

Урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэжээ.

No description available.

Тоглолтод зочин уран бүтээлчээр “Увертура” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл болон морин хуур, ардын дуу, гитарын хоршил бүхий “Яруу хамтрал” хүрэлцэн ирнэ.

Тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/2008-ээр худалдаалж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарчээ DNN.mn

Төрийн албаны 2024 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4251, үүнээс нийслэлд 1822 иргэн бүртгүүлжээ.

Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд энэ сарын 13-15-нд, долоон аймагт 13-14-нд, 14 аймагт 13-ны өдөр зохион байгуулах юм.

Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.  Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг Төрийн албаны зөвлөл анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын 14-нөөс цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Монгол орны цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Цаг уурын хэмжилтээр нутгийн урд хэсгээс цасан бүрхүүл ханзраад эхэлсэн. Цасан бүрхүүлийн зузаан 3-9 сантиметрээр доош суужээ.

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6..+13 хэмийн дулаан байлаа. Гуравдугаар сарын 10, 11-нд Хэнтий, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 0-1.2 мм цас орлоо. Үүнээс Өвөрхангай аймгийн Уянга, Есөнзүйл суманд хамгийн их цас орсон байна.

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна.

Гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст дулаарна. Говийн бүс нутгаар +10…+15 хэм хүртэл дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасна.

  • Гуравдугаар сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • Гуравдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Гуравдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Энэ үеэр зам даваанд халтиргаа гулгаа үүсэхээр байна.
Categories
мэдээ соёл-урлаг

“Сэр сэр салхи” Азийн олон улсын наадмаас шагнал хүртлээ DNN.mn

“Asian Film Awards 2024” Хонгкогт энэ сарын 10-нд болж шилдгүүдээ тодруулжээ.

Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” буюу “City of Wind” уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Best new director” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшсэн юм.

Тэгвэл тус наадмын “Best New Comer” номинацийн ялагчаар “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарчээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн Конгресст хэлсэн үгний товч DNN.mn

Ерөнхийлөгч Жо Байден: Өнөөдөр бид Ардчилсан нам, Бүгд найрамдахчууд, бие даагч нартайгаа хамт байна. Гэхдээ хамгийн чухал нь бие биенийхээ өмнө, Америкийн ард түмний өмнө, Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүргээ америк хүн болгон ухамсарлаж тэд эрх чөлөө дарангуйллыг ямагт ялна гэдэгт бат итгэлтэй байдаг.

Ерөнхийлөгч Владимир Путин эрх чөлөөт ертөнцийн суурийг ганхуулах гэж оролдсон. Гэхдээ тэр буруу тооцоолсон. Тэр бодож, төсөөлж ч байгаагүй хатуу ханатай тулгарсан. Тэр украинчуудтай нүүр тулсан.Ерөнхийлөгч Зеленскийгээс авахуулаад Украин хүн бүрийн аймшиггүй, зоригтой, шийдэмгий байдлыг дэлхий дахин үнэхээр бахдаж байна. Танкны замыг өөрийн биеэр хааж буй иргэд,оюутан, тэтгэврийн хөгшид, багш гээд Украин хүн бүр эх орноо хамгаалагч цэрэг болон хувирчээ. Ерөнхийлөгч Зеленский Европын парламентад хэлсэн үгэндээ энэхүү тэмцлийг“ гэрэл харанхуйг ялна” гэж тодорхойлсон. Өнөөдөр энэ танхимд Украинаас АНУ-д суугаа Элчин сайд Тэргүүн хатагтайн хажууд сууж байна. Энд байгаа босож чадах бүх хүмүүс босч, дэлхий даяар болон Украинд бидний дохиог илгээцгээе. Украины ард түмэн та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Украин бол гэрэл гэгээтэй бас хүчтэй, шийдэмгий улс. Бид, Америкийн Нэгдсэн Улс, Украины ард түмэнтэй хамт мөр зэрэгцэн зогсож байна.

Түүх бидэнд дарангуйлагчдад түрэмгийллийнх нь төлбөрийг тухай бүр нь төлүүлэхгүй бол тэр бүр ч илүү их гай тарьдаг гэдгийг ойлгуулсан. В.Путины Украинд хийсэн сүүлийн дайралт нь санаатай, ямар ч шалтгаангүй үйлдэл байсан. Тэр удаа дараагийн дипломат хүчин чармайлтаас татгалзсан. Баруун болон НАТО-г түүнд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй гэж тэр бодсон. Тэр биднийг энд, АНУ-д, энэ танхимд, улс дотор нь хувааж чадна гэж итгэж байсан. Тэр биднийг Европт ч бас хувааж чадна гэж бодсон. Гэхдээ Путин алдсан. Бид бэлэн байсан. Бид улам эв нэгдэлтэй болсон. Бид нэгдмэл хэвээр үлдсэн. Бид түүнд нарийвчилсан, үндэслэлтэй хариу барьж чадсан. Бид олон сар зарцуулан Путиныг эсэргүүцэх Европ, Америкаас Ази, Африк хүртэл эрх чөлөөг эрхэмлэгч бусад улсуудын эвсэл байгуулж чадсан. Та бүхний олонхын адил би ч бас Европын холбоотнуудаа нэгтгэхэд тоо томшгүй олон цаг зарцуулсан. Бид Путины төлөвлөгөө болон хэрхэн үнэнийг гуйвуулж түрэмгийллээ зөвтгөхийг оролдох гэж буй талаар өөрсдийн мэдээллээ дэлхий нийттэй урьдчилан хуваалцсан. Бид үнэнийг Оросын худал хуурмагийн эсрэг гаргаж тавьсан. Путин дэлхий нийтэд дайсагнасан тул чөлөөт ертөнц түүнтэй хариуцлага ярьж байна. Европын холбооны Франц, Герман, Итали гээд хорин долоон гишүүн улстай хамт Их Британи, Канад, Япон, Солонгос, Австрали, Шинэ Зеланд болон бусад олон улс, тэр дундаа Швейцарь Оросын эрэг зогсож, Украины ард түмнийг дэмжиж байна.Путин одоо дэлхийгээс урьд өмнөхөөсөө илүүгээр тусгаарлагдаад байна.

Бид холбоотнуудтайгаа хамт Оросын эсрэг эдийн засгийн хүчирхэг хориг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Бид Оросын томоохон банкуудыг олон улсын санхүүгийн системээс тасалж, Оросын Төв банкны рублийг хамгаалах бодлого, үйл ажиллагаанд саад учруулж, Путины 630 тэрбум долларын “дайнд зориулах сан”-г нь үнэгүйдүүлсэн. Бид Оросын шинэ технологи авах хүслийг хааж байна, энэ нь түүний эдийн засгийн хүч болон армийг нь сулруулах болно.

Өнөөдөр би Путины харгис дэглэмийн ач тусаар хэдэн тэрбум доллар олсон Оросын олигархиуд, авлигач удирдагчдад хандан “Одоо хангалттай” гэж хэлж байна.АНУ ч би ч шийдвэр төгс байна. АНУ-ын Хууль зүйн яам Оросын олигархиудын гэмт хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулж байна. Бид Европын холбоотнуудтайгаа нэгдэж, та нарын мөнгө, хөрөнгө, дарвуулт онгоц, тансаг орон сууц, хувийн нисэх онгоцыг нь олж, хурааж байна. Бид танарын хууль бусаар олж авсан бүх баялгийг хурааж авахыг зорьж байна.Өнөөдөр би холбоотнуудтайгаа нэгдэж өөрсдийн агаарын орон зайд Оросын бүх нислэгийг хааж, Оросыг цаашид тусгаарлаж, эдийн засагт нь дарамт шахалт үзүүлэх болно гэдгээ зарлаж байна.

Путин улс орныг нь юу хүлээж байгааг төсөөлж ч чадахгүй байна. Рублийн ханш аль хэдийнэ 30 хувиар унасан. Оросын хөрөнгийн зах зээл үнийн дүнгийнхээ 40 хувийг алдаж, арилжаа нь гацсан хэвээр байна.Оросын эдийн засаг ганхаж байна, үүнд зөвхөн Путин л буруутай. Путинд илгээх миний мессеж: Бид ухрахгүй.Би ухрахгүй.

Холбоотнуудтайгаа хамт бид Украинчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжиж байна. Цэргийн, эдийн засгийн, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Бид Украинд тэрбум гаруй долларын шууд тусламж үзүүлсэн. Мөн бид цаашид ч Украины ард түмэнд эх орноо хамгаалж, зовлон зүдгүүрийг нь хөнгөвчлөхөд нь туслах болно. Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлье: манай цэргүүд Украинд Оросын цэргүүдтэй хийж буй мөргөлдөөнд оролцоогүй, оролцохгүй. Бид цэргүүдээ Европт Украинд тулалдах гэж биш, харин Путин баруун тийш хөдөлнө гэж шийдсэн тохиолдолд НАТО-гийн холбоотнуудаа хамгаалахын тулд илгээж байна.Үүний тулд бид Польш, Румын, Латви, Литва, Эстони зэрэг НАТО-гийн орнуудыг хамгаалахад Америкийн хуурай замын цэрэг, агаарын эскадриль, хөлөг онгоцуудыг дайчилсан.Миний тодорхой хэлсэнчлэн АНУ болон манай холбоотнууд НАТО-гийн нутаг дэвсгэрийн нэг инч,сантиметр бүрийг хамтын хүчээр хамгаалах болно.

Өнөөдөр миний өмнөх Бүгд найрамдах намын ерөнхийлөгч асан бидний гол холбоотон НАТО-гийн улсуудын эсрэг Путинд “Хүссэн зүйлээ хий” гэж хэлж байна. Миний бодлоор энэ бол хэрцгий, аюултай бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй зүйл.

Бид нөхцөл байдалд бодитой ханддаг. Украинчууд үнэхээр маш их зоригтой тэмцэж байна. Гэсэн хэдий ч ойрын хэдэн өдөр, долоо хоног, сарууд тэдний хувьд хэцүү байх болно. Путин хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг өдөөсөн. Тэр өнөөдөр тулааны талбарт зарим амжилтад хүрч магадгүй ч урт хугацаандаа маш их хохирол амсаж,энэ бүхнийхээ төлбөрийг төлөх болно. Бүхэл бүтэн 30 жил тусгаар тогтнож эрх чөлөөгөө мэдэрсэн, үүнийхээ төлөө шүд зуун тэмцэхэд бэлэн, бардам Украины ард түмэн эх орноо буцаан Оросын эрхшээлд оруулах оролдлогыг тэвчихгүй гэдгээ удаа дараа харууллаа. Би бүх америкчуудад хэлэхийг хүсч байна: Би амлаж байсанчлан та бүхэнд шударга байх болно. Хөрш улсуудаа эзлэх хүсэлтэй Оросын дарангуйлагчийн үйлдэл дэлхий даяар асар их зардал, хохирол учруулж байна. Оросын эдийн засагт чиглэжбуй бидний хориг арга хэмжээ Америкийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд ч тодорхой хохирол учруулж байгаа.

Иймд тэднийгээ хамгаалахын тулд бид өөрсдийн мэдэлд байгаа бүх хэрэгслийг ашиглах шийдвэртэй арга хэмжээавч байна. Өнөөдөр би АНУ дэлхийн 30 улстай хамт дэлхийн нөөцөөс 60 сая баррель газрын тос гаргах болсон гэдгийг зарлаж байна. АНУ манай стратегийн газрын тосны нөөцөөс 30 сая баррель чөлөөлөх замаар энэ ажиллагааг удирдах болно. Эдгээр алхамууд нь АНУ-ын шатахууны үнийг бууруулахад тусална.

Энэ үеийн түүх бичигдэхэд Путины Украинтай хийсэн дайн Оросыг улам сулруулж, дэлхийн ардчилсанулсуудыг хүчирхэгжүүлсэн гэгдэх болно. Харамсалтай нь чухамхүү энэ аймшигт үйл явдал дэлхийн өнцөг булан бүрт байсан бүх хүмүүст ямар аюул ойртож буйг бүрэн ухааруулсан юм.

Бид дэвшилтэт улс орнуудын удирдагчдын эв нэгдэл, илүү нэгдсэн Европ, илүү нэгдмэл Барууныг харж байна. Украины ард түмнийг дэмжин дэлхийн хотуудад, тэр дундаа Орост ч олноороо цугларсан хүмүүсийн эв нэгдлийг бид харж байна. Ардчилал ба автократ засаглалын энэхүү тэмцэлд ардчилал өөрийн сайн талыг дэлгэн, дэлхий нийт энх тайван, аюулгүй байдлын талыг сонгож байгаа нь тодорхой байна. Энэ бол цаг хугацаа шаардсан жинхэнэ сорилт юм. Тиймээс Украины ард түмний төмөр мэт хатуу хүсэл, урам зоригийг үргэлжлүүлэн дэмжье.Эх орон нэгтнүүддээ, Украины ард түмнийг бидэнтэй холбож буй Украин гаралтай америкчууддаа хандаж хэлэхэд: бид та нарыг дэмжиж байна. Путин Киевийг танкаар бүсэлж магадгүй ч украинчуудын зүрх, сэтгэлийг хэзээ ч байлдан дагуулж чадахгүй. Тэр тэдний эрх чөлөөний хүсэл тэмүүллийг хэзээ ч унтрааж чадахгүй. Тэрээр чөлөөт ертөнцийг сонгосон шийдвэрийг хэзээ ч сулруулж чадахгүй.

Бидний өмнө дэд бүтцээ шинэ түвшинд гаргах арван жил байна. Энэ нь Америкийг өөрчилж, биднийг дэлхийн бусад улстай, ялангуяа Хятадтай тулж буй энэ зууны эдийн засгийн өрсөлдөөнд ялалтанд хүргэх зам байх болно. Би Си Жиньпинд хэлсэнчлэн тэр Америкийн ард түмний эсрэг хэзээ ч мөрий тавих хэрэггүй.

АНУ ковидын дараа эдийн засаг хамгийн хурдан сэргэсэн улс болоод байна.Ажилгүйдэл буурч, эдийн засаг өсөж цаашид ч эрчимжих төлөвтэй болов.

Бид дэлхий даяар вакцинжуулалтыг үргэлжлүүлэх болно. Бид дэлхийн 112 улс руу 475 сая тун вакцин илгээж хамгийн олон вакцин өгсөн улс болсон. Бид үүгээр зогсохгүй.

Хэрэв бид эрх чөлөө, шударга ёсыг дээдлэхийг хүсч байгаа бол хилээ хамгаалж, цагаачлалын тогтолцоогоо сайжруулах ёстой. Танхимаас: Хана босго! Хана босго! Хана босго! Бид хоёуланг нь хийж чадна гэж бодож байна. Манай улсын хил дээр хар тамхины хууль бус наймааг илүү сайн илрүүлэхийн тулд сүүлийн үеийн сканнер гэх мэт шинэ технологи суурилуулсан. Бид Мексик, Гватемалтай хамтарсан хилийн эргүүл байгуулж, олон хүний наймаачдыг баривчилсан. Бид хавчлага, хүчирхийллээс зугтсан гэр бүлийг хянан, ялгах шийдвэр гаргах ажиллагааг хурдасгахын тулд тусгай цагаачлалын шүүгчдийг томилсон. АНУ-д хууль ёсоор ороогүй хүмүүсийг бид буцаан илгээх боломжтой.Бид Өмнөд болон Төв Америк дахь түншүүдээсээ илүү олон ном ёсны дүрвэгсдийг хүлээн авч, өөрсдийн хилээ баталгаажуулах амлалт, дэмжлэгийг эрэлхийлж байна.Бидний өвөг дээдэс болох үе үеийн цагаачдын замыг гэрэлтүүлж байсан эрх чөлөөний бамбарыг асааснаар бид энэ бүхнийг хийж чадна.Түр зуурын статустай хүмүүс, хөдөө аж ахуйн ажилчид, зайлшгүй шаардлагатай үйлдвэрүүдийн ажилчдад АНУ-ын иргэншилтэй болох замыг нээцгээе. Компаниуд хэрэгцээтэй ажиллах хүчээ авч, гэр бүлүүд дахин нэгдэхийг олон арван жил хүлээхгүй байхын тулд хуулиа шинэчилцгээе.Энэ бол зөв алхам төдийгүй эдийн засгийн үндэслэлтэй зүйл юм. Тиймээс цагаачлалын шинэчлэлийг үйлдвэрчний эвлэлээс эхлээд шашны удирдагчид, АНУ-ын Худалдааны танхим хүртэл бүгд дэмжиж байна. Үүнийг зориглож нэг далайлтаар, нэг мөсөн хийцгээе.

Миний элэг нэгт америкчууд аа, өнөөдөр бид ардчиллын цайз болсон ариун газар цуглараад байна. Энэхүү Капитолд америкчуудын үе үеийнхэн зөрчилдөөнтэй цаг үед хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэж, агуу их зүйлийг хийсэн.Бид эрх чөлөөний төлөө тэмцэж, эрх чөлөөг өргөжүүлж, тоталитаризм, терроризмыг ялсан. Бид дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, хамгийн эрх чөлөөтэй, хамгийн чинээлэг улсыг байгуулсан. Бидний зорилго тодорхой. Бид ирээдүйгээ байгуулж байна. Эрх чөлөөг хамгаалах, шударга ёс, боломжийг өргөжүүлэхийн тулд бид сорилтыг даван туулах болно. Бид ардчиллыг аварна. Энэ цаг үе хичнээн хэцүү байсан ч би амьдралынхаа туршид байснаасаа илүү өөдрөгөөр өнөөдөр Америкийг харж байна. Учир нь би ирээдүйг харж байна. Учир нь бидний хувьд боломжгүй зүйл байхгүй гэдгийг би мэднэ. Бид тулгарч байсан хямрал бүрийг үргэлж боломж болгон хувиргаж ирсэн дэлхий дээрх цорын ганц улс юм. Боломж гэсэн ганцхан үгээр илэрхийлж болох улс бол АНУ юм. Улс үндэстний түүхт 245 жилийн ой тохиож буй өнөө орой би энд зогсож улс орныхоо байдлыг тайлагнаж байна. Мөн би тунхаглаж байна: Америкчууд та нар хүчтэй учраас улс орны байр суурь маань хүчтэй.Өнөөдөр бид нэг жилийн өмнөхөөсөө илүү хүчтэй болсон, нэг жилийн дараа бид өнөөдрийнхөөс илүү хүчтэй болсон байх болно.Бид цаг үеийн сорилтуудтай тулж, даван туулах цаг иржээ. Үүнийг бид нэг хүн шиг хийх болно. Нэг Америк, нэг АНУ.

Бурхан хүн бүрийг ивээг. Бурхан манай цэргүүдийг хамгаалах болтугай. Баярлалаа (Алга ташилт).

Г.АМАРСАНАА