Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 16, Санчир гариг. Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 07:03 цагт мандаж 18:59 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 16-наас 2024 оны 03 дугаар сарын 20-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард 121 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрх нь зөрчигдсөн 21 хүний эрхийг сэргээжээ DNN.mn

Прокурор 2024 оны 2 дугаар сард ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай 596 удаа танилцаж, 34 шалгалт, 5 судалгаа хийлээ.

Дээрх хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг болон ял эдэлж байгаа иргэний эрхийг зөрчсөн 165 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 15 шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байсан 21 хүний эрхийг сэргээжээ.

Мөн шүүхээс ял шийтгүүлсэн 54 иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг эрхийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2.2 сая төгрөг байна DNN.mn

Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын НДШ төлөлтийн 2023 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 771.1 мянган ажиллагсдын сарын голч цалин 1.8 сая төгрөг байна. Голч цалин өмнөх улирлаас 225 мянгаар буюу 14.5 хувиар өссөн байна. Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2.2 сая болж өмнөх оны мөн үеэс 485.1 мянган төгрөгөөр буюу 27.7 хувиар өссөн нь өмнөх улирлаас 26.1 мянган төгрөгөөр буюу 11.3 хувиар нэмэгдсэн байна.

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгджээ.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.

НДШ төлсөн ажиллагсдын 70.8 мянга буюу 10.2 хувь нь 550 мянган төгрөг хүртэлх цалинтай байгаа бол 145.4 мянга нь буюу 18.9 хувь нь 3 сая хүртэлх төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай байна. Төрийн өмчийн байгууллагад ажиллагсдын дундаж цалин хамгийн их буюу 3.3 сая төгрөг, хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 56 зөрчил бүртгэгдэж, 132 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гуравдугаар сарын 14-ний өдөр нийт 1847 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1444, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 56, хүний биед халдсан 56, эрүүлжүүлэх байранд хоносон 132 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийт 119 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй зарим арга хэмжээний талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр “Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 17.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин он гарсаар 119 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Түүнчлэн улсын хэмжээнд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас их хэмжээгээр орсонтой холбоотойгоор Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутагт бог мал олноор бөөгнөрсөн. Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, алдуул малын эздийг олж тогтоох чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Одоогийн байдлаар нийт 50 орчим эзэн нь тогтоогдоогүй мал бөөгнөрсөн байсны 12 мянга орчмыг нь эздэд нь хүлээлгэн өгөөд байна. Үүнээс гадна Дорнод аймгийн онцгой комиссын шийдвэрээр хээрийн штаб байгуулагдсан. Тус штаб нь тухайн орон нутагт байгаа малыг бүртгэлжүүлэх, дүрсжүүлэх, хайгуулд явж буй иргэдэд зөвлөгөө өгөх, чиглүүлэх үүрэг хүлээж байна.

Иймд иргэд та бүхэн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс алдуул малаа хайж байгаа бол “Эгэл малчны эрхэм хүсэл”, “Хэнтий аймгийн алдуул болон олдсон мал”, “Дорнод аймаг-Алдуул мал”, “Алдсан олдсон мал” зэрэг нэршил бүхий фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зудтай зарим сумдад эзэнгүй 50 мянган мал бөөгнөрчээ DNN.mn

2023 оны жилийн эцсийн байдлаар 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн.

Харин 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 119 энэ төрлийн гэмт хэрэг бүртгээд байна. Цас зудтай Сүхбаатар аймгийн Матад сум, Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрт бог мал их хэмжээгээр бөөгнөрсөн.

Нийтдээ 50 мянга орчим эзэн нь тодорхойгүй мал бөөгнөрсөн байснаас 12 мянган малын эзнийг олж тогтоон хүлээлгэж өгчээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Хавар угаадас гэсэж, агаарт дэгдэн гэдэсний халдварт өвчин үүсгэдэг DNN.mn

Хөрсний бохирдлыг бууруулах зөвлөмжийг хүргэж байна. 

-Угаадсаа ил задгай асгахгүй байх. Угаадас нь гэр хороолол амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг хүмүүс орцныхоо гадаа автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.

-Газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах. Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар дулааны улиралд ялаа зэрэг шавьж шавахгүй тав тухтай бие засах боломжтой.

-Хогоо ил задгай хаяхгүй байх. Ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаяж хэвшээрэй.

-Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх. Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг.

-Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж ус бохирлогдож байгаа учир ундны усаа баталгаатай газраас авах, усаа буцалгаж хэрэглэх, гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах шаардлагатай.

-Нэгэнт хөрсний бохирол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.

 

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Иргэдийн хадгаламж 15 их наяд төгрөг болжээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах гурван их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна.

Иргэдийн хадгаламж 15 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 29 хувиар өсжээ. Харин байгууллагын хадгаламж 2.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 98 хувиар өссөн үзүүлэлттэй байна.