Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.4 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 (78.4%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.3 (83.1%) их наяд төгрөгөөр өсчээ.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хоёрдугаар сард 3.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хавирга-Архашаат боомтоор суудлын автомашинтай БНХАУ руу нэвтрэхийг зөвшөөрчээ DNN.mn

Хавирга-Архашаат боомтоор наймаас доош суудалтай автомашины нэвтрэх зөвшөөрөл олгож эхэлсэн тухай Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Дорнод аймагт бүртгэлтэй 8-аас доош суудалтай автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг энэ сарын 14-нөөс олгож эхэлсэн байна. Ингэхдээ

  • Дорнод аймагт бүртгэлтэй буюу ДОА, ДОР, ДОУ серитэй автомашинд зөвшөөрөл олгоно.
  • Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гадна талын урд болон хойд хэсгийн 450 өнцгөөс хоёр талаас авсан зураг
  • Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан байх шаардлага тавьжээ.

Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргах аж.

Наймаас доош суудалтай автомашинаар Алтан-Эмээл хүртэл зорчих боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа DNN.mn

2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 13-15-ны хооронд зохион байгууллаа.

Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд 1326 нь оролцсон байна.

Шалгуулагчдаас ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 192 иргэн тус тус тэнцжээ.

Улмаар 192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлыг шийдэх хуулийн баг гаргана DNN.mn

Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” хэмээсэн юм.

Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгийг Хотын дарга хэлсэн юм. Мөн тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 12 хувь болгов DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэжээ.

Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж

  1. Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэх,
  2. Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгох шийдвэрийг тус тус гаргасан байна.

Тус хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны хурлаараа бодлогын хүүг 13 хувьд хүргэхээр шийдвэрлэж байсан бөгөөд түүнээс хойш дөрвөн улирал дамнан хэвээр нь хадгалсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голын голдирол руу түрж барьсан барилгыг албадан буулгана DNN.mn

Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талд Дунд голын голдирлыг хааж, хашаа барьсны улмаас өнгөрсөн зуны үерээр тус гол гүүр даван үерлэсэн тул голын ай савыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайн орчим дахь бургаснуудыг шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийлгэх, зөвшөөрөл авах гэх мэт маш их хугацаа, төсөв шаардагдах тул эхний ээлжид түвшинг нь 1.5 метрээр доошлуулахаар төлөвлөж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэлж байв.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхоны ойролцоо голын голдирол хаан зөвшөөрөлгүй хашаа барьж, гүүрэн байгууламж, орц гарц хийсэн зөрчил гарсан. Гэвч тус гүүрэн байгууламж нь өнгөрсөн оны үерийн үеэр урссан байдаг. Мөн тухайн байршилд голын голдирол руу түрж барьсан “Эрдэм транс” ХХК-ийн сэндвичин барилгыг буулгах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудаас таван удаа хүргүүлсэн юм.

Тухайн байршлуудад ажиллах үеэр Хотын дарга Х.Нямбаатар

  • Голын голдирол хааж хашаа, байгууламж барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх
  • Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилга, байгууламжийг албадан буулгаж, чөлөөлөх
  • Чөлөөлсөн байршилд голын ай савыг тэлж, үерийн даланг бетоноор хүчитгэх
  • Чөлөөлсөн байршил дахь голын голдирлыг хэлбэржүүлэн, хавтанжуулах, далан хүчитгэх ажлын төсвийг яаралтай тооцоолон гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн тэрбээр “Голын голдирол руу олон аж ахуйн нэгж түрж орон барилга барьснаас үүдэж өнгөрсөн зуны үерийн эрсдэл үүссэн. Тиймээс Шарга морьтын гүүрнээс эхлээд Туул, Дунд голтой нийлдэг хэсэг хүртэлх Сэлбэ голын сав газарт байгаа лаг хагшаасыг цэвэрлэх, бургас зөөх, голын голдирол руу шахаж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг чөлөөлж, даланг өргөсгөн, бетонон хавтангаар хүчитгэх ажилд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Иймд голын голдирол руу түрж орон, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлж, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтиргаа, гулгаанаас сэргийлж 55.5 тонн бодис, 25.5 тонн давс асгажээ DNN.mn

Нийслэл хотын ихэнх хэсгээр цас орж, нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайн цасны цэвэрлэгээг Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагууд хийж байгаа аж.

УБЗАА-наас мэдээлснээр 117 хүн, тусгай зориулалтын 28 машин техниктэй ажиллаж, авто зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 55.5 тонн бодис, 25.5 тонн давс, 10м3 хайрга, дайрга асгажээ.

Өнөөдөр Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор үүл багасаж, цас орохгүйг Цаг агаарын байгууллагаас мэдээлэв.

Харин Сүхбаатар аймгийн хойд болон зүүн, Дорнодын өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Франсуа Лемансель: Монгол гэрийн тооноор үзэгдэх шөнийн тэнгэрийг өөр хаана ч харахгүй DNN.mn

Монгол Улсаар унадаг дугуйтай аялсан Францын иргэн Франсуа Лемансельтэй ярилцлаа.


-Унадаг дугуйтай хэзээнээс аялах болсон бэ. Яагаад аялах болов?

-Унадаг дугуйгаар аялаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би Европ, Африк, Австрали, Өмнөд Ази, Хятадаар унадаг дугуйтай аялсан, одоогоор Монголд байна. Би аялах, шинэ зүйлсийг нээх дуртай. Францчууд болон надаас тэс өөр амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүсээс маш их зүйлс сурч байна, тиймээс маш сонирхолтой байлаа. Мөн аялах нь англи хэл, газар зүй, түүх гэх мэт олон зүйлс сурах шалгарсан арга шүү.

-Монголд ирээд анхны сэтгэгдэл ямар байв?

-Монгол Улсын хил дээрх Замын-Үүд боомтод анх ирэх үед тэнэг хуультай нүүр тулсан. Учир нь унадаг дугуйтай хил давах нь хууль бус байсан. Тиймээс би 50 орчим минут автобусаар зорчих зардал гаргах шаардлагатай болсон. Бас миний хамгийн анхны харсан монгол хүн согтуу байсан. Тиймээс монгол хүмүүс тийм ч эелдэг, нөхөрсөг санагдаагүй. Тэгэхээр Монголд ирсэн анхны өдөр тийм ч сайхан байгаагүй. Гэхдээ ямарваа улс орон, ард иргэдийн тухай хурдан дүгнэлт гаргалгүй аялдаг. Дараа нь, намайг таатай хүлээж авах, сайхан сэтгэлтэй олон зуун хүмүүстэй уулзсан. Үүний дараа би монголчууд ичимхий, мөн найз нөхөд болоход бага зэрэг чармайлт хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хоёр сарын дараа би монголчуудыг байгаагаар нь хүлээн авч, хайрлаж эхэлсэн. Монголчууд хэзээ ч дүр эсгэж нөхөрлөдөггүй.

-Таны бодлоор Өмнөд Монгол, Монгол Улс хоёрын ялгаа юу байсан бэ?

-Би Хятадад байхдаа ууланд авирсан юм. Дараа нь Монголыг илүү өндөрлөг газарт оршдог гэдгийг говийн нутгаас мэдэрсэн. Соёлын хувьд ялгаа нь хил даваад л шууд мэдрэгдсэн. Өмнөд Монголын хүмүүс илүү хөгжилтэй бас бүгд монголоор ярьж байсан. Өөр ялгаа нь тэнд гэр сууцнууд байхгүй, хятад загвартай том барилгууд, хашаанууд голчлон байсан. Бас, бүхнээс хачин нь би Өмнөд монголд хэд хэдэн удаа бичиг баримтаа шалгуулсан, надад ийм зүйл урьд өмнө тохиолдож байгаагүй.

-Монголоор аялах үед тохиолдсон хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Хамгийн хэцүү зүйл нь миний хувьд зөв замаа олох байсан. Учир нь би хурдны зам дагаж явах дургүй, аль болох туслах замуудаар, тосгод дайрсан замаар явах дуртай. Хэд хэдэн удаа би цасанд унадаг дугуйгаа түрж алхсан. Тухайн үедээ би очих ёстой газраа хүрэх эсэхдээ эргэлзэж байсан шүү. Жишээлбэл, Шинэ-Идэрээс Жаргалант хүрэх замд нийт 22 км газар хоёр өдөр унадаг дугуйгаа түрж алхсан. Мөн өөр нэг хэцүү үе нь Улиастайгаас Алтай хүрэх замаа олох маш хэцүү байсан. Учир нь газрын зураг дээр зам байсан ч цаснаас болж надад харагдаагүй. Би хэд хэдэн хүмүүсээс зам асуусан боловч хэл ойлголцохгүйгээс болж буруу замаараа явсан. Гэхдээ Цагаанчулуутад амьдардаг гэр бүлийн ачаар бүх зүйл бүтэмжтэй болсон. Тэдний ачаар дахиж буруу замаар яваагүй.

-Хөдөөний хүмүүс танд яаж хандаж байсан бэ?

-Монголчууд бол үнэхээр зочломтгой ар түмэн юм байна. Би үүнийг хөдөө нутгийн хүмүүсээс хамгийн их мэдэрсэн. Би огт тусламж гуйлгүй ихэвчлэн майхандаа хонодог боловч намайг тэд үргэлж гэрт нь хонохыг зөвшөөрч байлаа. Намайг хамгийн их гайхшируулсан зүйл бол монгол хүүхдүүдийн хүмүүжил байсан. Тэд намайг асуугаагүй байхад надтай чихэр, бялуугаа хуваалцсан. Францад бол ийм хүүхдүүддийг хэзээ ч харахгүй. Тиймээс энэхүү хүмүүжлийг би ирээдүйд өөрийн хүүхдүүдэд сургахыг хичээх болно. Энэхүү гурван сарын хугацаанд зуу зуун хүмүүс надад тусалсан. Бүгдийнх нь нэрийг дурдвал дуусахгүй байх. Над руу хараад “hello” гэж хэлсэн хүн бүхэнд баярлалаа. Хэрвээ тэд ямар нэг азаар энэхүү ярилцлагыг уншвал гүн талархал илэрхийлмээр байна. Франц улсад ирвэл намайг хүлээн авсан шиг би ч мөн сайхан хүлээн авах болно. Тэд надад монгол соёл, ахуйг таниулсан шиг би ч мөн Франц соёл, ахуйгаа дуртайяа танилцуулах болно.

-Нутгийн иргэд өөр яаж тусалсан бэ?

-Нутгийн иргэд надад үргэлж, олон талаар тусалж дэмжсэн. Жишээлбэл, тэд намайг гэртээ нэг хоног, заримдаа бүр хэд хэд ч хонуулсан. Надад замдаа хэрэглэх хүнс хүртэл бэлдэж өгсөн хүмүүс бий. Тэд надад ямар нэг аргаар байнга тусалж байсан. Миний бүх л амьдрал тэдэнд баярласан талархсаныхаа хариуг барихад хүрэлцэхгүй.

-Ямар төрлийн унадаг дугуй унаж байна?

-Би одоо хэрэглэж байгаа унадаг дугуйгаа дөрвөн жил хэрэглэсэн байна. Уг дугуй Монголын өвлийн хатуу, ширүүн нөхцөлд зориулагдаагүй энгийн дугуй. Гэхдээ унадаг дугуй маань хэд хэдэн онцлох тоноглолтой. Унадаг дугуйны маань дугуйнууд өвлийн улиралд зориулагдсан тусгай хэвтэй. Хүйтнээс хамгаалах тусгай бариул хийж өгсөн. Мөн 2.5 литр халуун ус хадгалах тавиуртай. Өвлийн улиралд дугуйтай аялах тийм ч хэцүү байсангүй, зарим үед би бүр халууцаж байлаа. Хамгийн хэцүү нь даарч, хөрөлгүй гадаа хоноглох, хоол цай хийх байсан. Мэдээж сайн тоноглол, багаж хэрэгсэл бэлдсэн. Мөрөн суманд -42 хэмийн хүйтэнд хоноглосон, гэвч би дааралгүйгээр 12 цаг унтсан юм. Бүх зүйлсийг нарийн тайлбарлах төвөгтэй юм. Тиймээс бүх зүйлсийг бодож, төлөвлөж, алдаа гаргахгүй хийх хэрэгтэй. Байгалийг хэзээ ч басаж болохгүй!

-Их сайн гэрэл зураг дарах юм. Нууц нь юу вэ?

-Монголд аялах хугацаандаа хүйтний улмаас тийм их зураг дарж чадаагүй. Би кайноны R6 гэдэг камер хэрэглэдэг. Камертаа сэтгэл хангалуун байдаг учир нь өвлийн хүйтэнд ч ажиллалаа. Би өөрөө мэргэжлийн гэрэл зурагчнаар сурч байсан.

-Монголын тухай бусдад юу гэж хэлэх вэ?

-Хэлэх олон зүйлс байна. Гэхдээ би Монголыг онцгой, өвөрмөц соёлтой, гайхалтай газрын тогтоцтой гэдгийг онцлож хэлэх байна. Эдгээр энгийн үгс Монголыг бүрэн илэрхийлж чадахгүй юм.

-Хамгийн таатай мөч хэзээ байсан бэ?

-Хамгийн таатай мөч бол монгол гэр дотор орох байсан. Монгол гэрийн тооноор үзэгдэх шөнийн тэнгэрийг өөр хаана ч харахгүй, маш үзэсгэлэнтэй харагддаг. Яг л гадаад ертөнцөөс тасарчихсан мэт мэдрэмж төрдөг. Гаднаасаа цав цагаан хэрнээ дотоод засал нь сэтгэл хөдөлгөм, гайхалтай.

-Дугуй чинь өвөл хөлдөхгүй байсан уу?

-Унадаг дугуйтай холбоотой ямар ч асуудал гараагүй. Ганц асуудал нь миний цүнхний зарим хэсэг хуванцар байсан. Тиймээс хүйтэнд хуванцар хэсгүүд нь хагарч байсан, бусдаар бол ямар ч асуудал байгаагүй. Монголд ирэхээсээ өмнө ямар асуудалтай нүүр тулахаа мэдэж байсан болохоор айдасгүй байлаа. Би -50 хэмд хөлддөггүй дугуйны гинж, араа авсан. Бас миний мишок -40 хэмд тэсвэртэй, нүцгэн унтаж ч болно. Хэрвээ хувцастайгаа унтвал -50 хэмийн хүйтэнд асуудалгүй нам унтана. Мэдээж чийгний гудас, халуун гудас, бээлий зэрэг зүйлс хэрэглэсэн. Хамгийн ядаргаатай зүйл нь бээлийтэй гараараа юмаа барих байсан юм уу даа.

-Дараа зун ирэх үү?

-Дуртайяа дараа зун ирнэ ээ. Өвөл, зунаас үүдэх ялгааг хармаар байгаа. Монгол Францаас хол байдаг болохоор би одоо буцаж явж мөнгө олох хэрэгтэй байна. Хэрвээ аялал жуулчлалын газрууд санал тавих бол нээлттэй шүү.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хэлтэй бол хөлтэй” гэдэг захиасыг бүгдээрээ биелүүлцгээе л дээ DNN.mn

Швейцарь улсад байдаг англи хэл судлалын “EF Education First” хэмээх боловсролын газраас дэлхийн улс орнууд англи хэлийг хэр зэрэг эзэмшсэн байна вэ гэдгийг тогтоодог аж. Хэлний түвшинг тогтоодог энэ индексээр Монгол Улс 73 дугаар байрт оржээ. Монголчууд төрөлх хэл нь англи биш нийт 113 орноос 482 оноо авсан аж. Уг судалгаагаар эрчүүд 483, эмэгтэйчүүд 481 оноотой байгаа нь англи хэлний мэдлэг тал дээр хүйсийн тэнцвэртэй үзүүлэлт болсон тухай эх сурвалжид дурджээ.

Ямагтаа ч жил ахих бүр монголчуудын англи хэлний түвшин ахиж байгаа юм байна. Дэлхий дээр хамгийн өргөн хэрэглээтэйгээс эхлээд мөхөж байгаа хэл гээд нийт 7000 орчим хэл бий гэж үздэг. Энэ олон хэлээс хамгийн түгээмэл нь англи хэл бөгөөд дэлхийн хүн амын 1/3 нь ямар нэгэн байдлаар уг хэлээр ойлголцдог гэх судалгаа бий. Шинжлэх ухааны судалгааны бүтээлүүдийн бараг 80 орчим хувь нь энэ хэлээр хэвлэгдэж нийтийн болон мэргэжлийнхний хүртээл болдог гэх баримт ч бас байна. Тэгэхээр англи хэл бол яалт ч үгүй бид бүхний дэлхийд гарах нэг шат мөн байгаа биз. Тийм болохоор л энэ хэлийг том багагүй сурах хэрэгтэй. Ядаж л аль нэгэн орны гааль дээр яахаа мэдэхгүй бүлтэлзээд зогсохгүй өөрийнхөө аяллын зорилго, очих газраа эвтэйхэн ойлгуулчихдаг байвал их хэрэгтэй байгаа юм. Янз бүрийн ном, кино зэргийг орчуулгын биш шууд эх хэлнээс нь ойлгодог болчихвол бас л хэрэгтэй.

Хэзээнээс л бидэнд “хэлтэй бол хөлтэй” гэж хэлж захиж ирсэн. Бид эцэг өвгөдийн захиасыг биелүүлэх тал дээр их мэрийцгээдэг дээ. Тэгвэл олон олон захиасын нэг болох дээрхийг нэг хэрэгжүүлэх гээд улс даяараа дахиад эрчимтэйхэн хөдөлгөөн өрнүүлчихэд ер гэмгүйгээр барахгүй харин ч ирээдүйд их л тустай санагддаг даа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганлуу: Цахилгаан барааг БНХАУ-ын бөөний төвийн үнээс хямд нийлүүлж байна DNN.mn

Цахилгаан барааг Монголд үйлдвэрийн үнээр борлуулж буй “TUTTU Mongolia” брэндийн үүсгэн байгуулагчдын гишүүн Г.Ганлуутай ярилцлаа.


-Яагаад ийм их өрсөлдөөнтэй салбарт хөл тавих шийдвэр гаргасан бэ. Дэлгүүрээ нээгээд хэдий хугацаа өнгөрөв?

-Манай дэлгүүр үүд хаалгаа нээгээд гурван сар болсон байна. Манай орны хувьд цахилгаан барааг дотооддоо үйлдвэрлэдэггүй, ихэнх нь импортын бараанууд байдаг. Анх энэхүү ажлыг эхлүүлэхийн өмнө тодорхой судалгаа, ажиглалт хийсэн юм. Цахилгаан барааны үнэ хил даваад эрс хямд байдаг. Харин Монголд зарагдаж байгаа үнэ нь хэд дахин нэмэгдчихсэн байдаг. Өнөөгийн нийгэмд юмны үнэ маш өндөр байгаа нь ард иргэдэд маань хүнд ачаа болж байна шүү дээ. Ихэнх өргөн хэрэглээний бараа үнийн өсөлттэй. Тиймээс яагаад монголчууд хямд, чанартай цахилгаан барааг монгол дэлгүүрээс авч болохгүй гэж. Энгийн үгээр хэлэхэд, бид цахилгаан барааг БНХАУ-ын бөөний төвийн үнээс ч хямд нийлүүлж байна.

-Танай бараанууд бусад дэлгүүрүүдээс яагаад хямд байгаа юм бэ. Чанартай байж чадах уу?

-Хямд бараа чанаргүй, үнэтэй бараа чанартай гэдэг худал тогтолцоог бид эвдэж байгаа юм. Бид чанарын баталгаа өгч чадна. Учир нь манайх Хятад улсад байршилтай цахилгаан барааны үйлдвэрүүдтэй гэрээтэй ажилладаг. Тиймээс иргэд үйлдвэрлэлийн алдаатай, ажиллахгүй байгаа бараа байвал манай дээр буцаан өгөх боломжтой. Бид эргүүлээд үйлдвэрт илгээх шат дамжлагатай.

-Бусад цахилгаан барааны дэлгүүрүүд яагаад үнэтэй байдаг юм бол. Шударга үнэ тогтоож байна уу?

-Манайд худалдаа наймаа хийж байгаа хүмүүс маань Хятад улсын бөөний төвүүдээс бараагаа татдаг бололтой байдаг. Бөөний төвийн үнэ, үйлдвэрийн үнэ мэдээж их ялгаатай. Манай дэлгүүр үйлдвэрүүдтэй гэрээтэй ажилладаг болохоор дундаа ямар нэгэн дундын зуучлалгүйгээр шууд бараагаа татдаг юм. Гадуур үнэтэй зарагдаж байгаа бараанууд, үнэтэй зарж байгаа хүмүүст ямар ч буруу байхгүй. Бизнес бол ажиллах зарчмаараа явж байх ёстой. Мэдээж цахилгаан барааны дэлгүүр бүр өөр өөр түрээсийн төлбөр төлж байгаа шүү дээ.

-Танайхыг хэт хямд бараа оруулж ирээд, үнэгүйдүүлж байна гэх сөрөг хандлага бусад худалдаачдаас гарч байна уу?

-Мэдээж хувийн чатаар сөрөг утга агуулгатай зүйлс бичих тохиолдлууд гарсан. Бидний зүгээс үүнд огт ач холбогдол өгөхгүй байгаа. Шаардлага ч байхгүй.

-Танай дээр онцлох ямар төрлийн цахилгаан бараанууд байна?

-Бүх бараа маань үйлдвэрийн шошго, үйлдвэрлэгч улсын чанарын баталгаатай. Өргөн хэрэглээний эйрпод чихэвч гэхэд 42.600 төгрөг гэж байгаа. Ухаалаг бугуйн цаг 90.700 ган тогоо 106.000 гэх мэт зах зээлийн дундаж үнээс нэг дахин бага байгаа юм.

-Дэлгүүрээ цаашид өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юу?

-Манайх хэд хэдэн салбарыг одоогоор нээж байгаа. Манай цахим хаягаас мэдээлэл авах боломжтой. Мөн өнгөрсөн зун өөрсдийн нэрийн хийлдэг матрассыг гаргасан. Цаашид цахилгаан барааг Монголд үйлдвэрлэдэг болохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.