Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Талбай дээрээ мөнгө ургуулж, гэртээ жуулчид угтдаг Үса хотынхон DNN.n

Гурван өдрийн турш Японы спортын томоохон байгууллагууд болох Спортын холбоодын нийгэмлэг, Биеийн тамирын их сургууль, Олимпийн музей, жүдогийн “Кодокан” дэвжээнд зочилсон бид Оита мужийн Үса хотын захиргааны танхимд энэ сарын 8-ны 14:15 цагт цуглацгаав. Бид гэдэг нь Япон улсын түүх, соёл, шинжлэх ухааны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын харилцааг өндөр түвшинд залгамжлах зорилго бүхий “Jenesys 2023” хөтөлбөрийн оролцогчид. Танхимд ахимаг насны зургаан хүн зэрэгцэн суугаа угтлаа. Тэд бол бидний “аав ээжүүд”. Гурван өдрийн турш япон хүн хэрхэн яаж амьдардаг, ямар соёл уламжлалтай болохыг харуулж хамт амьдрах гэр бүлийн гишүүд. Япончууд бол сахилга баттай, ёс зүйтэй үндэстэн байдаг тухай мянга уншиж, сонсож, энэ тухай лавшруулан сонирхох болсон миний хувьд аяллын гол хэсэг энэ байлаа. “Je­nesys” хөтөлбөрийн гол үзэл санаа энэ хэсэгт агуулагдаж байгааг ч зохион байгуулагчид онцолж байв.

Манай багийн шинэ гэр бүл Masako Tokieda-гийнх. Masako Tokieda өндөр туранхай, япон эрчүүдийн царайны төрхийг илтгэх хавтгайдуу нүүртэй 60 гаруй настай болов уу гэмээр дуу цөөтэй хүн аж. Харин эхнэр нь том хүнхгэр нүдтэй европ төрхтэй нэгэн байв. Бид Masako Tokieda гуайтай альпард машинд суух зуур эхнэр нь амьжиргаа цагааны жолоо мушгиад бидний урд гаран сүнгэнэж одов. Оита муж бол Японы баруун урд хэсэгт байрладаг, халуун рашаанаараа алдартай бүс нутаг. Үса хот ч тэр. Уулын энгэр дагуу байршсан, ой мод, ногоон байгууламж ихтэй. Хүн амын олонх нь газар тариалан эрхэлдэг гэмээр дүр зурагтай угтсан юм. Арав гаруй минутын дотор уулын энгэр дагуух орон сууцнууд руу өгсөөд Masako Tokieda-гийн гэрийн гадна явж очлоо.

Эднийх Японы уламжлалт загвар бүхий гурван хэсгээс бүрдсэн, хоёр давхар орон сууцтай аж. Олон жил гадны зочид, жуулчдыг хүлээн авч заншжээ. Тайвань хүүхэд залуус байрлаж байгаад биднийг ирэхийн урьд өдөр нутаг буцсан гэнэ. Тиймээс ундуй сундуй байна гэж гэрийн эзэгтэй хүлцэл өчив. Гэрийн эзэд ярианы англи хэлтэй юм байна. Бид тэрүүхэндээ бичил танилцаж, цай уугаад ачаа бараагаа цэгцлэв.

Удалгүй Masako Tok­ieda дуудаж, мөөг түүхээр явцгаана гэв. Хоёр хүн дундаа нэг сагс аваад машинд суугаад зүүн тийш гүүр даваад тун удалгүй моддын зах руу ороод зогсоодохлоо. Ойн чөлөөнд нэлээд том тариалангийн талбай харагдах бөгөөд гэрийн эзэн түүнийг заан өөрийнх нь болохыг тайлбарлав. Сагсаа бариад алхсан бид 200 метр орчим явлаа. Метр орчим өндөртэй салаалж тавьсан моддоос мөөг ургажээ. Олон гар юу байхав, төд удалгүй том гэснүүдийг түүчихэв. Гэртээ ирээд хоолны нэг удаагийн саванд түүсэн мөөгөө багцалж савлалаа. Эднийх хүнсний бүх төрлийн ногоо тариалдаг, цагаан будаа ч тариалдаг айл юм байна. Түүнээс гадна гэрийн эзэгтэй олон янзын бялуу хийж худалдаалдаг аж. Тарьсан ногоогоо савлах бүх хэрэгсэл нь бэлэн байна. Бид савласан мөөгөө машинд ачаад ойролцоох хүнсний захад аваачин лангуун дээр худалдаалахаар тавив. Хоёр хоолныхоор савласан мөөг 200 йенээр үнэлэгдэх аж. Маргааш өдөр нь энэ дарааллаар төмс хурааж бэлтгээд, хагас килограммаар савлан өнөөх зах дээрээ ирсэн. Өчигдрийн тавьсан мөөгний ихэнх нь зарагдчихжээ. Masako Tokieda нэлээд урамшиж харагдана. Бидний адил савласан төмс лангуун дээр олон байлаа. Үнэ нь 250 йен гэж байхыг харсан Masako Tokieda гуай арай доогуур үнээр заръя гээд мушилзав. Ингээд захын үүдэн дэх автомат машинд мэдээллээ оруулаад 230 йен гэсэн тасалбар хэвлэж авлаа. Хагас килограммаар савласан 19 уут төмсөө шошго, үнийг нь наагаад лангуун дээрээ тавилаа. Төмс, мөөг, сонгино, огурцынээс эхлээд хэдэн арван төрлийн ногоо, жимс жимсгэнэ, далайн бүтээгдэхүүн, цэцгүүд гээд хүний гар дор хийж болох бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг Үса хотын иргэд тариалангийн талбайнаасаа шууд бэлтгээд худалдаалдаг ажээ. Цаг хүрэхгүй хугацаанд бэлтгэсэн бидний “их ажлын” үр дүнд 8000 гаруй йен дансанд орж ирснийг гэрийн эзэгтэй баяртайгаар дуулгана лээ. Газар тариалан, төмс хүнсний ногооны ургац хураалт, худалдаа наймаа бүтэн жил тойрдог монголчууд бидний хувьд энэ тогтолцоо сонирхол татахуйц.

Гэрийн эзэд хоёул хөнгөн шингэн хүмүүс байх аж. Японы уламжлалт оройн зоог барьсны дараа гэрийн эзэгтэй бидний дэргэд тухлав. Masako Tokieda гуайг бодвол гэрийн эзэгтэй нэлээд яриасаг болох нь илт. Монгол гэхээр Асашёорюү, Хакухо нарыг шууд нэрлэж байна. Биднийг нэг бүрчлэн ямар мэргэжилтэй, ямар ажил эрхэлдэг болох тухай тодруулна. Манай багт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас ирсэн өсвөрийн жүдо бөхийн дэлхийн мөнгөн медальт жижигхэн биетэй цаатан охин багтсан байв. Гэрийн эзэд тамирчин охиныг ихэд өхөөрдөж, хоол сайн идэхийг зөвлөж үе үе “Олимпийн аварга” гэж бэлгэшээнэ.

Гэрийн эзэгтэй орчин үеийн япон иргэдийн амьдралын талаар нэлээд нээлттэй хуваалцсан юм. Гэрлэлтийн нас 30 хол давчихсан. Тиймээс хүүхэд төрүүлэх нас ч 30 наснаас дээш гэнэ. Ээжүүд хүүхдээ нэг нас хүртэл гэртээ хараад ажилд ордог. Их хотын завгүй залуу гэр бүлүүд бэлэн голдуу хоол хүнс хэрэглэж хэвшжээ.

Тэд хамт амьдраад 50 орчим жилийг туулж байгаа гэнэ. Нас сүүдэр 70 хол гарчээ. Гэсэн хэдий ч түүртэлгүй хоёул машин барьж, тариа ногоогоо хурааж, зарж худалдаалахаас гадна гадны зочид, жуулчид хүлээж авч, үндэстнийхээ соёл уламжлалыг танилцуулах зэргээр энэ насан дээрээ хамгийн идэвхтэй амьдарч байгаа нь гайхал төрүүлэх аж. Энэ тухай гэрийн эзэгтэй хүүрнэхдээ “Гэр бүл гэдэг бие биенээ хүлээн зөвшөөрч ойлгож амьдрах ухаан юм. Бид 50 орчим жил хамт амьдарч байна. Хэн хэнийхээ онцлогийг үргэлж ярилцаж, нэгэндээ туслах зарчмаар явах ёстой” гэж байлаа.

Гадны орны хүүхэд залуусыг эх орондоо урьж авчран, Япон орны хөгжил цэцэглэлт, япон үндэстний соёл уламжлал, амьдралын хэв хаягийг элдэв хачиргүй харуулж ирсэн хөтөлбөр 30 орчим жил үргэлжилж байгаа гэнэ. Эднийх ч олон жил энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 400 орчим гадны иргэдийг хүлээн авчээ. Харин монголчуудыг хүлээж авч байгаа нь анхны тохиолдол гэдгийг хэлж байв.

Гэрийн эзэн Masako Tok­ieda, хүүтэйгээ ээлжлэн эзэгтэйд туслах аж. Хуучин ойлголтоор япон эзэгтэйчүүд гэрийн ажил, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ажлыг бүрэн хариуцаж, эрчүүд нь гадуур ажлаа хариуцдаг гэсэн ойлголттой байв. Харин бидний зочилсон айлын хувьд эрчүүд гэрийн ажилд эн тэнцүүхэн оролцож байлаа. Япон гэр бүлийн зан харилцаа, ёс жаяг манайхтай нэлээд төстэй юм. Masako Tokieda гуайн бага хүү аав ээжтэйгээ хамт амьдардаг. Ажлын бус цагаар аав ээждээ тусалдаг нь илт. Аав, хүү хоёр ээжийн тушаалаар годосхийгээд л босох аж. Охин нь амралтын өдрөөр хүүгээ дагуулан аав ээж дээрээ зорин ирж, бидэнтэй дотночлон ярилцаж нэг оройг үднэ лээ.

Иргэд нь өөрсдийн амьдралдаа, өмнөх ажилдаа эзэн байж, аливаа зүйлд түүртэж, гомдоллохоос урьтаж хөдөлмөрлөх, улс орон, шийдвэр гаргагч хүмүүс сахилга баттай, иргэдийнхээ ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн нийгэм өнөөдрийн энэ хөгжилтэй улсыг бүтээдэг юм байна гэсэн эргэцүүлэл Masako Tokieda гэх эгэл нэгэн япон айлд өнжихөд улам тодорч байлаа.

Бид явж, тэд үлдсэн. Тэд эх орныхоо үүрэг даалгавраар дараагийн өөр нэг улсын залуу үеийнхэнд улсаа сурталчилна, соёл уламжлалаа танилцуулна. Ногоогоо хураана, амттай хоолоор дайлна, халуун дулаан яриа өрнүүлнэ…

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уранчимэг: Нүдний даралттай хүнд шөнийн гэрэл солонгорч харагддаг DNN.mn

АШУҮИС-ийн доктор профессор Д.Уранчимэгтэй глаукома буюу нүдний даралт ихсэх өвчний талаар ярилцлаа.


-Глаукома гэж юу гэсэн үг вэ. Ямар өвчнийг нэрлэдэг юм бол?

-Глаукома гэдэг бол глаукос гэсэн грек үгнээс гаралтай. Энэ нь харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Өөрөөр хэлбэл, энэ нь ногоон гэсэн үг. Үүнийг монголчууд нүдний даралт ихсэх өвчин гэдгээр нь сайн мэднэ. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс хүүхэн хараа нь хагас тэлж, ногоорч харагддаг учир ингэж нэрлэсэн. Харааны мэдрэл дээр эмгэг үүсгэдэг бүлэг өвчин гэж хэлж болно. Тиймээс нүдний даралт цор ганц шалтгаан биш. Нүдний дотоод даралт ихсэхгүйгээр хэвийн даралттай глаукома өвчин гэж байдаг. Энэ өвчин нь удамшдаг учир хамаатан, гэр бүл, ойр тойрны хүмүүс нүдний даралт ихэсдэг бол заавал эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрэв өвчилсөн тохиолдолд эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай. Сүүлд эмчлүүлсэн ч нүдний харааны үхэжсэн эс сэргэдэггүй.

-Энэ өвчнөөр өвчилсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ, шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?

-Шөнө тусч байгаа гэрэл солонгорч харагдана. Нүд чинэрч таталт өгнө. Дотор муухайрах, бөөлжих, толгой таллаж өвдөх гэх мэт бусад эмгэгүүдтэй андуурах тохиолдол их байдаг. Хүн харанхуй орчинд удаан байх, нэг дор хэт их шингэн зүйл хэрэглэх үед нүдний дотоод даралт нэмэгдэх, нүд улайх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

-Бага насны хүүхэд, насанд хүрсэн хүмүүст шинж тэмдэг нь ялгаатай байдаг уу?

-0-5 насны хүүхдийн нүд нь илт бүлтийж томорно. Үүнийг бухын нүд гэдэг. Тухайн хүүхдийн нүдний дотоод даралт нь ихэссэн тохиолдолд нүдний эвэрлэгийн хэмжээ хэвийн бус харагдах, бүдэгших, нүд улайх гэм мэт олон хам шинжүүд байдаг. Дөнгөж төрсөн нярай хэт их нулимстай уйлвал тухайн хүүхдэд нүдний ямар нэгэн цочрол байна гэж үзэж болно. Хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаарай. Харин насанд хүрэгчдийн хувьд дээр хэлсэнчлэн шинж тэмдгүүд илэрдэг. Өндөр настай хүмүүсийн нүдний болор цайх шинж тэмдэг илэрвэл өвчилсөн байх магадлалтай. Удаан хугацаагаар өвдсөн нүдний янз бүрийн хавдрын үед нүдний дотоод даралт ихэсч болно. Мөн чихрийн шижин өвчний хүндрэлийн нэг нь глаукома өвчин болдог. Ийм учраас харааны мэдрэл нь хатингиршиж нэг ёсондоо сохорно гэсэн үг. Эдгээр тохиолдолд бид дотоод шүүрлийн, дотрын эмч нартай хамтран ажиллах шаардлага гардаг.

-Глаукома нь бусад эрхтэнд үсэрхийлж халддаг уу?

-Энэ нь биеэ даасан нүдний өвчин болохоор үсэрхийлэх боломжгүй. Нэг ёсондоо энэ өвчин туссан хүн эмчлүүлэхгүй тохиолдолд эргэшгүй сохор болно. Анхдагч хоёрдогч гэсэн хоёр шалтгаантай. Анхдагч глаукома нь төрөлхийн буюу 0-5 насны хүүхдэд илэрнэ. Тэгэхээр бүх насаараа энэ өвчнөөр өвдөнө гэсэн үг. Хоёрдогч глаукома нь гэмтлийн гаралтай, эсвэл нүдний судаслаг бүрхүүл өвчилснөөс болж үүсдэг. Жишээлбэл, сагс тоглож байгаад толгойдоо хүчтэй цохиулах, толгойгоороо хүчтэй юм мөргөх гэх мэт.

-Манай Улсад энэ төрлийн өвчлөл ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Дэлхийн 2.2 тэрбум хүн ямар нэгэн байдлаар хараа алдалттай байна гэсэн судалгаа байдаг. Глаукома өвчнөөр 2024 оны байдлаар 80 гаруй сая хүн өвчилсөн гэсэн тооцоололтой. Үүний 1.4 хувь нь Монголд тархалттай байна. Манай Улс энэ өвчлөлөөр БНХАУ-тай ижил хувьтай байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл монголчууд глаукоматай тэмцдэггүй, анхаардаггүй гэдгийг харж болно. Эргэшгүй сохор болгодог өвчин учир үүнд олон нийт анхаарлаа хандуулах шаардлагатай. Зарим үед энэ нь чимээгүй хэлбэрээр үүсэх тохиолдол байдаг. Тийм болохоор шинж тэмдэг илрээгүй ч гэсэн, толгойдоо гэмтэл авсан, толгой доргисон үед хараа зүйн төвд хандаж нүдэнд ямар нэгэн өөрчлөлт гарсныг үзүүлэх шаардлагатай.

-Хараа тэглүүлэх талаар сүүлийн үед их ярьдаг болсон. Ямар насны хүмүүс энэ эмчилгээг хийлгэдэг юм бол?

-Хүний биеийн өсөлт зогссон үед харааг тэглүүлж болдог. Ихэвчлэн 20-40 насны хүмүүст хараа тэглэх эмчилгээ хийгддэг. Хараа тэглүүлэх бол глаукомагаас урьдчилан сэргийлэх нэг хэлбэр.

-Урьдчилан сэргийлж чадвал эмчлэгдэх боломжтой өвчин үү?

-Глаукома өвчнийг зөвхөн эмчин үзлэг, нарийн шинжилгээгээр илрүүлдэг. Шинж тэмдэг илэрсэн бол эмнэлгийн байгууллагад хандаж оношлуулах хэрэгтэй. Энэ долоо хоногийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг Улаанбаатрын есөн дүүрэг Улсын болон хувийн эмнэлгүүд дээр урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байгаа. Энэ өвчин бол бүх насныханд илэрч болдог тул жилдээ нэг удаа заавал эмнэлэгт хандаж байгаарай

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

2024.03.17 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Нас уртасна.
Наран ургах, шингэх: 07.01-19.00
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 17, Адъяа гариг. Билгийн тооллын 8, Гөрөөсөн толгой одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:01-19:00. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. Балжинням өдөр.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 16-наас 2024 оны 03 дугаар сарын 20-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Малын бэлчээрээс болж, нэгнээ хөнөөсөн залууд 8 жилийн хорих ял оноожээ DNN.mn

2022 оны аравдугаар сарын 23-нд Хан-Уул дүүрэгт малын бэлчээрээс болж маргалдаж, нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн дүүрэгт амьдардаг 23 настай “Д” нь согтуурсан үедээ 40 настай “Ч”-тэй малын бэлчээрээс болж, муудалцаж зодолджээ. “Д” нь “Ч”-ийн хоолойг боож, хүчтэй зүйлээр тархийг нь цохин гэмтээж, амь насыг нь хохироожээ.

Тус хэрэгт Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Д”-т найман жилийн хорих ял болон 80 сая төгрөгийн хохирол барагдуулах ял оноожээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх хүсэлтэй байна” гэжээ. Үүний дагуу шүүгдэгч “Д”-г анх удаа хорих ялаар шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс автомашин хулгайд алдагдсан хэргийг 28-45 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд өмнө нь өөр автомашинууд хулгайлж, эд ангиудыг задалж, бусдад борлуулсан байж болзошгүй байна.

Иймд иргэн та автомашинаа харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоол, байршилд байрлуулах, тээврийн хэрэгслийг асаалттай, түгжээгүй орхихгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын хойд болон зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6…-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн сард 612 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард 1216 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 28 улсын 1897 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 612 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1309 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 2869 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8607 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 5772 иргэнд утсаар, 96 иргэнд биечлэн, 18 иргэнд цахимаар, нийт 5886 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Хүний хөгжлийн индексээр Швейцар тэргүүлжээ DNN.mn

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /НҮБХХ/ хүний хөгжлийн индексийн шинэ тайланг танилцууллаа.

Дэлхийн 193 улс орноос Швейцар хүний хөгжлийн индексээр дахин тэргүүлсэн бол Норвеги, Исланд, Хонконг, Дани, Швед удаалсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгос 19, АНУ 20, Япон 24, Орос 56, Хятад 75 дугаар байрт тус тус бичигджээ. Монгол Улс 96 дугаар жагсжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ.

Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна.

Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.