Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Yutong Bus” компаниас худалдаж авсан 600 шинэ автобусны 457-г үйлчилгээнд гаргажээ DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобусыг хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн арван байгууллагад хүлээлгэн өгч, 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна.

Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын хил тайван, хилчдийн нүд цогтой байна DNN.mn

Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги болон Алтанбулагийн застав, Тавтын заставт өнжлөө.


Монгол Улсын хойд талаар эмжин Орхон Сэлэнгийн сав газраар дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн байрлах Сэлэнгэ аймаг. Энэ аймаг Монголын цэргийн түүхтэй маш их холбоотой аймаг билээ. Ардын хувьсгалын өлгий болох Алтанбулаг, Тужийн нарс, дуунд мөнхрөн үлдсэн Дөрвөлжин сүм гээд Сэлэнгэ аймагт манай улсын онц чухал цаг үеийн түүхийн улбаа тодхон үлджээ. 1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт Сэлэнгэ аймагт болж, Шивээ хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ардын журамт цэрэг байрлаж, зохион байгуулалтаа шийдвэрлэн байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг газрууд түүх соёлын дурсгалт газар болон үлдээд байгаа юм. Тэгэхээр Сэлэнгэ аймаг манай цэрэг армийн ялгуусан түүхтэй салшгүй холбоотой байгаа биз. Ялгуусан гэсний учир нь Монголын арми XX зуунд томоохон тулаануудад ганц ч ялагдаагүй гэж түүхчид дуу нэгтэй баталдагт байгаа юм.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги үнэхээр арвин их түүхэн замналтай. 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар Алтанбулагт байцаан өнгөрүүлэх пост хэмээн байгуулснаар энэ ангийн түүх эхэлнэ. 1949 онд Улаанбаатар-Наушкийн өргөн төмөр зам ашиглалтад орсноор зорчигчдын урсгал их болж, Сүхбаатар хотын байцаан өнгөрүүлэх ангийг илүү өргөтгөн штабтай болгожээ. Ийнхүү цаг хугацааны явцад өргөжин тэлж, үүрэг хариуцлага нэмэгдсээр өдгөөгийг 0101 дүгээр анги орчин үеийн хилийн цэргийн ангиа болон төлөвшөөд байна.

Ангийн хаалгаар ороход бүх зүйл цэмцгэр, эмх цэгцтэй харагдана. Ангийн штабын байр бүр ч цэвэрхэн. Нэгэн жигд дүрэмт хувцастай алба хаагчид ажил төрлөө амжуулан ийш тийш яаруухан алхана. Ер нь аливаа байгууллагын эмх цэгцтэй байдал даргаас нь хамгийн их шалтгаалдаг. Тэгвэл 0101 дугаар ангийг ангийн захирагч хурандаа Н.Баяржаргалгүйгээр төсөөлөхөд бэрхтэй. Нэг давхарт байрлах номын сан хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Төрөл жанраар нь эвтэйхэн өрж тавьсан номуудыг харж байхад голдуухан хилчдийн түүх, дурсамж, амьдралын замналын тухай ном түлхүү юм. Мэдээж бусад төрлийн номууд байх боловч харьцангуй эрэлт ихтэй байдаг гэнэ. Хугацаат цэргийн алба хаагчид уран зохиолын, хувь хүний хөгжлийн номуудыг түлхүү унших хандлагатай байдаг аж. Зарим ном их л олон цэрэг байлдагчийн гарыг дамжсан бололтой нэлээд хуучирсан байх авч, дориун сайн торддогийн ачаар бас дажгүй цэвэрхэн харагдана. 0101 дүгээр ангийн хамт олон “Алдарын танхим”-аа үнэхээр сайхан тохижуулсан байлаа. Шилэн хоргонд дахь тухайн цаг үед хэрэглэгдэж байсан эд зүйлсийн бяцхан цуглуулга, ангийн жанжин туг гээд донжийг нь олж зөв байрлуулсан үе үеийн ангийн захирагч нарын зураг гээд ер нь өөлөх юмгүй гэхэд болохоор байв. Ангийн төв байрны байр байдал ер нь нам гүм бөгөөд эмх цэгцтэй газар аж. Энд бүх зүйлсийг дэлгэрэнгүй бичиж болохгүй тул ангийн төв байрны тухай ингээд өндөрлөе.

Аймгийн төвд байрлах ангийн төв байрнаас гараад Монгол Улсын хойд хилийн Алтанбулагийн боомтыг зорилоо. Нэлээн хэдэн жилийн өмнө хальт очиж байсныг бодвол багагүй тохижилт, зохион байгуулалтын зөв оновчтой шийдэл гаргаж чаджээ. Чөлөөт бүс рүү орохын тулд машинтайгаа бараг л гэр хороолол дундуур шахуу дараалалд зогсож байж ордог байсан бол шинэ зохион байгуулалтаар хуучны тэр нэг сонин байдал алга болж. Ойлгомжтой, хялбар болчихож. Нэгэнт ирснийх Алтанбулаг дахь чөлөөт бүсээр орж үзлээ. Шалган нэвтрүүлэхийн цэргүүд тун шуурхай юм. Бичиг баримт шалгах, нэвтрэх хуудас өгөх зэрэгт ямар нэгэн хүндрэл бол алга. Шалганы цэргүүд юу ч асуусан сайхан ойлгомжтой гэгч нь тайлбарлаад өгчихөөр үл ойлголцох юм гарахгүй амар юм л даа. Алтанбулагийн чөлөөт бүс хүн тун цөөхөн эл хуль байлаа. Жимс, хүнсний ганц нэг дэлгүүр л ажиллаж харагдав. Өмнө нь архи согтууруулах ундаа зардаг байхад ёстой бужигнаж байдаг байв даа. Тэр хэрээр шалганы цэргүүд ч амсхийх завгүй байдаг байж. Тодорхой шалтгааны улмаас архи дарс худалдан борлуулахаа болиод багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэзээ буцаж өмнөх байдалдаа орохыг хэлж мэдэх хүн алга.

Чөлөөт бүсээс гараад застав руу хөдөлцгөөлөө. Тэнд Монгол Улсын дархан хилийн 652 дугаар багана байрлана. Нэлээн олон жилийн өмнө нэрт нийтлэлч Ж.Гангаа ахтайгаа яг энэ багананд ирж сурвалжилга бэлтгэж байсан юм. Тэрнээс хойш бас л сайн тохижилт хийж, ойр орчим нь тохитой аятайхан болжээ. Дархан хилийн баганаас холгүйхэн завтавын байр болон гэрээт хилчдийн байр харагдана. Хилийн цэрэгт хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуус арван сар албаа хаагаад гэрээт алба хаагч болж болдог юм байна. Мэдээж боломжийн өндөр цалинтай. Гэрээтээр алба хаах хугацаандаа чамгүй мөнгө хуримтуулах бололцоотой юм байна лээ. За тэгээд гэрээт хилчин байж байгаад цаашаа хилийн цэрэгтээ үлдээд офицер болмоор байвал тодорхой шалгалт шүүлгээ өгөөд хилийн цэргийн сургуульд орж болох нь. Ер нь ажиглаад байхад хил дээр ажиллах асар өндөр хариуцлагатай, нэр төрийн хэрэг аж. Гэрээт хилчдийн байр үнэхээр тохилог. Боловсон ариун цэврийн өрөө, усанд орох хэсэг гээд бараг л гэртээ байгаа мэт тухтай юм. Хүмүүсийн төсөөлдөг шиг хилийн цэрэг гэхээр л алс хол харилцаа холбоогүй хязгаар газарт цөлөгддөг гэсэн үг огт биш. Харин ч бүр эсрэгээрээ амт чанартай хоол ундтай, өөрийгөө яаж л бол яаж хөгжүүлэх бололцоотой, тохь тухтай байр сууц, харилцаа холбоо гээд бүх зүйл иж бүрнээрээ байхыг харахаар бахдах сэтгэл эрхгүй төрж л явлаа. Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Алтангийн застав нохой үржүүлгийн газартай. “Хилчин” албаны нохой үржүүлгийн газарт цэвэр цусны удмын сангийн гэрчилгээтэй нохой үржүүлдэг. Эдгээр ноход хил хамгаалахад тунчиг тохиромжтой агаад маш чадамжтай. Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь “Хилчин” албаны нохойн үржлийн газрыг Герман улсын нохойн удмын санд бүртгэлтэй цэвэр цусны үүлдрийн найман немц овчарктайгаар анх эхлүүлж байжээ. Харин нохой үржлийн газар маань цэвэр цусны нохдоор удмын санд баяжуулалт хийж, үржлийн чанараа сайжруулж 20 гаруй нохойг үржил болон хилийн албанд ашиглаж байгаа гэнэ. Ерөөсөө тус ангийн нохой үржлийн газар хилийн цэргийн бусад анги, тусгай салбарууддаа үүрэг гүйцэтгэх өндөр чадамжтай нохдыг нийлүүлэх бүрэн боломжтой гэдгээ хэлцгээж байлаа. Сайн нохой гэдэг хилчин дайчдын үнэнч туслах гарцаагүй мөн ажгуу. Алтанбулагийн заставаас гараад дараагийн застав болох “Тавт” руу хөдөллөө. Аймгийн төвөөр дайран өнгөрч, монголчуудын сайн мэдэх “Сайханы хөтөл” рүү чиглэн явлаа.

“Тавт” руу явахад энэ замаар явдаг аж. Аймгийн төвөөсөө хорь гаруй км хол, шороон замаар явж хүрдэг тус заставт хорь гаруй цэрэг алба хааж байна. Хотоос голдуу ирсэн 18-19 насны залуус байлаа. Энэ оны 10 дугаар сард халагдах эдгээр хилчин залуус албандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа ярьцгааж байлаа. Эхлээд гэрээ бага зэрэг санаж байсан бол одоо дасаад “Тавтын застав”-таа улам л хайртай болжээ. Биднийг очиход хойшоо гарч яваа ачааны галт тэрэг хамт ирж таарсан юм. Хилчид маань шалган нэвтрүүлэх ажилдаа гарчээ. Хамгийн эхэнд тэдний соёл хүмүүжлийн өрөөгөөр орлоо. Телевиз, унших ном, гитар гээд залуусын хэрэгцээтэй бүх зүйлс тэнд байна. Үүрэгт ажлаа, сургалт гэх мэт зүйлсээ хийгээд чөлөөт цагаараа хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх бүрэн бололцоо заставт байна. Ангийн зүгээс тухайн сард идэх хоолны цэс, нормыг баталж өгдөг. Хоолны чанар, амттай ярих зүйл алга. Шим тэжээлтэй хоолны цэс үнэхээр баялаг юм билээ. Цэргүүдээс юу ч асуусан ерөнхийдөө л “Тийм”, эсвэл “үгүй” гэх товч хариулт сонсох боловч ойртоод ярилцвал элдэв маяггүй сайхан яриа хөөрөө өрнүүлж байгаа юм. “Одоо удахгүй хуучин цэргүүд маань халагдана. Шинэ цэргүүд ирнэ. Бидний зарим маань тэгээд хал цэрэг болно” гэж инээмсэглэн ярих хилчин залуус хайр татам, хүндэтгэл дүүрэн байсныг хэлүүштэй. “За тэгээд ер нь элдэв дэглэлт, дарамт юм байна уу” гэж асуувал харин ч өөдөөс шоолох аястай “Яалаа гэж тийм юм байхав дээ. Элдэв дарамт, элдэв дэг манай ангид огт байхгүй. Бид харин ч энд маш их зүйл сурч мэдэж, жинхэнэ эр хүн болж байгаа. Бид эх орныхоо дархан хилийг манаж байгаа эр цэргүүд шүү дээ” гэсэн хариулт өгцгөөж байсан юм. Монгол Улсын хойд хил амгалан тайван байна. Хилчин залуус маань нүдэндээ галтай, хийморьтой сайхан харагдаж байлаа. Тэд эх орноо хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаагаараа үнэхээр бахархалтай байсныг энд заавал хэлэх хэрэгтэй. Энгийн байлдагчаас, заставын дарга, ангийн дарга, орлогчид, тогооч, номын санч, эмч гээд хилийн цэргийн анги дахь хэн бүхэн өчүүхэн ч завгүй ажиллаж байна. Эрхэм хилчид та бүхэндээ Монгол цэргийн өдрийн мэндийг сониноороо дамжуулан хүргэж байна. Монгол Улсын Дархан хил тайван байх болтугай.

Я.Баярбаатар

Categories
мэдээ нийгэм

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлжээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.

Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдлаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна. Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батална DNN.mn

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжид 10 орчим хууль, шийдвэр байна гэж үзэж байна.

УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон бий.

Хоёрдугаарт Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина.

2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байна, хууль гаргана гэсэн голт заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой юм.

Хот, тосгон эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийг чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуульд нэр дэвшигчдийн хугацаа дуустал буюу зургаадугаар. сарын 1-н хүртэл УИХ-ын чуулган үргэлжилнэ.

Туулай жилийн төгсгөл луу жилийн эхэнд улс даяар цаг агаарын байдлаас мал аж ахуйн салбарт нэлээд хүндрэл гарч байгаа.

Малчдын зээлийн хүүг хойшлуулах, малтай болгох асуудлаар тодорхой арга хэмжээний саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй гэж үзлээ. Засгийн газраас урьдчилсан байдлаар 16 сая орчим толгой мал хорогдох тооцоолол гарсан юм билээ.

Мал аж ахуйн салбар одоогийн байгаа хэлбэрээрээ хөгжих боломжгүй болоод буй. Цаашид энэ салбарыг яах вэ гэдэг асуудлаар санал боловсруулах нь зүйтэй гэж үзлээ” гэлээ.

Categories
мэдээ спорт

Аваргуудын лигийн шилдэг найман багийн сугалаа явагдлаа DNN.mn

2023-2024 оны улирлын Аваргуудын лиг хамгийн үзүүштэй хэсэгтээ тулж ирлээ. Европын хөлбөмбөгийг энэ цаг үед тодорхойлж яваа яах аргагүй шилдгүүд нь гэж нэрлэхүйц багууд дунд шөвөгт шалгарч чадсан тул ямар ч хос өрсөлдөгчийг тэр нь сул, энэ нь чанга гэж ялгаж салгах боломжгүй сугалаа байлаа.

Атлетико (Мадрид)-Боруссиа.Д

Жаахан гоочлох дуртай хүмүүсийн хувьд хамгийн сул хос баг гэж нэрлэхээр. Гэхдээ харьцангуй ойлголт шүү. Аль аль нь гэртээ сайн тоглодог, сайн хамгаалдаг, сүүлийн үед бүрэлдэхүүн нь гэмтэл бэртэлд шургуу өртөөд явж байгаа багууд.

ПСЖ-Барселона

Шинэ зуун гарснаас хойш тав дахь удаагаа хоорондоо таарч буй салж хагацдаггүй найзууд гэмээр багууд. Дөрвөн тохиолдолд нь Испаний баг дараачийн шат руу алхаж байжээ. Одоо цагт Барсад найдсанаас Мпаббегийн хурдад итгэл хүлээлгэх нь илүү байх.

Арсенал-Бавари

Хүмүүс ээ, яагаад Арсеналд итгэж болохгүй гэж. Тэд Баваритай урьд жилүүдэд учирч байхдаа тогтмол хожигдож байсан учраас гэж үү. Үгүй ээ. Энэ жил арай өөр. Бавари гүнзгий хямралтай байгаа. Нөгөө талдаа Арсенал одоо овоо ялалтын амтыг мэдэрсэн дунд насны залуучуудтай, хөөрхөн туршлага хуримтлуулчихсан, дасгалжуулагч нь ухаантай гээд л. За даа тэгээд бөмбөг бөөрөнхий хойно яаж ч эргэж магадгүй дээ.

Реал-Ман Сити

Хамгийн их хүлээлттэй, үзүүштэй, өрсөлдөөнтэй байх магадлалтай хос баг. Гурван жил дараалан хасагдах шатанд таарч буй багууд. Ялсан баг нь эцэстээ тэр жилийнхээ Аваргуудын лигт түрүүлдэг байв.

Одоо багуудын төлөөлөгч нар юу гэж айлдсаныг сонирхъё.

Бавари багийн спортын захирал Фройнд: -Тун сонирхолтой сугалаа. Арсеналын сүүлийн жилүүдийн хөгжил дэвшил гайхалтай байгааг мэднэ. Гэхдээ бид бол Бавари. Тэнд очиж тоглох эхний тоглолтоо сайн дуусгах хэрэгтэй. Гэртээ бол бид хаан.

ПСЖ багийн хөлбөмбөгч Маркиньос: -Яг адил тэнцүү багууд. Барса мэдээж арвин их түүх, уламжлалтай баг ч гэлээ талбай дээр түүх ярьж тоглодоггүй юм. Дасгалжуулагч зөв тактик хэлж өгөх байлгүй.

Реалын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти: -Мэдээж Сити оройлогч баг мөн л дөө. Хөгжөөн дэмжигчид тэднийг ялна гэж үзэж байх шиг байна. Бид ч гэсэн тийм муу баг биш. Хэдий хариу тоглолт тэдний нутагт байгаа ч гэлээ цом өргөе гэж бодож байгаа бол шилдгүүдийг л хожих хэрэгтэй. Одоо тааруухан баг үлдээгүй ээ.

Эцэст нь тоглолтын хуваарийг танилцуулъя. Дунд шөвгийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 10-нд эхэлнэ.

Дөрөвдүгээр сарын 10-11 эхний тоглолт, дөрөвдүгээр сарын 17-18 хариу тоглолт, хагас шигшээ-тавдугаар сарын 1-2

Финаль. Зургадугаар сарын 2-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх байршлууд DNN.mn

Өнөөдөр /2024.03.18/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дээд цол хүртээв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цэргийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол цэргийн өдөр” -ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх болон Монголын эрт, эдүгээ цагийн цэргийн түүх, өв соёлын тухай ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлэн, монгол цэргийн түүхэн замналыг залуу хойч үе, олон улсад сурталчлан таниулж, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх, салбарын төсөв, санхүү, бодлогын хэрэгжилтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, хурандаа Лувсандоржийн Чулуунбаатар нарыг шагналаа.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, хурандаа Гомбосүрэнгийн Буянхишиг,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Жадамбаагийн Энхбаяр,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Төрбатын Наранхүү,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Адъяагийн Балжинням,
  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Доржнямын Шинэбаяр,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, цагдаагийн хурандаа Баахүүгийн Баяр,
  • Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Батцагааны Очирбат,
  • Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агроэкологийн төвийн сургалт эрхэлсэн орлогч, агрономич, бэлтгэл хошууч Сосорбарамын Дайрийбаатар,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ядамжавын Түвшинбаатар,
  • Цэргийн төв эмнэлгийн Гар, сарвуу, бичил мэс заслын тасгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд хурандаа Агваан-Осорын Ганбат,
  • Монгол цэргийн музейн Жуковын дурсгалын музейн эрхлэгч тайлбарлагч, дэд хурандаа Доржсүрэнгийн Амартайван,
  • Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Наранхүүгийн Золбоо,
  • Дотоод хэргийн их сургуулийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Лувсандоржийн Оюунтуяа,
  • Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Дашдондогийн Лувсанландар,
  • Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Дашвэлийн Цогтбаатар,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Бөртэ” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын оёдолчин Сагарын Бурмаа,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Бат-Өлзийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын холбооны ахлах офицер, дэд хурандаа Гантулгын Мөнхтүвшин,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Тусгай ажиллагааны удирдлагын төвийн төлөвлөлтийн ахлах офицер, дэд хурандаа Оюунчулууны Чулуунбаатар,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын дарга, хошууч Ганбаатарын Сарантуяа,
  • Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, хошууч Ганбатын Хосбаяр,
  • Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн усны бэлтгэлийн сургагч багш, сургагч ахлагч Батчулууны Ганбаяр,
  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цацраг хими, биологиос хамгаалах албаны нярав, ахлах ахлагч Нарангэрэлийн Цогзолмаа,
  • Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн тоног төхөөрөмжийн техникч, ахлах ахлагч Батсүхийн Түвшинзаяа,
  • Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, ахлах ахлагч Одбаатарын Өлзий нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 41 мянган иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2024.03.11-03.17/ шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Зөвлөл (ЁЗСХЗ)-ийн хурал энэ сарын 16-ны өдөр болжээ.

Тус хурлаар улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхийг 2023 онд нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямар нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан.

Тиймээс түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхын саналаар барилдах эрхийг өнөөдрөөс эхэлж сэргээх шийдвэрийг гаргав.

Мөн ЁЗСХЗ-өөс Монгол бөхийн ёс жудгийг сахин бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийг жил бүр тодруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

 

зураг