Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 532 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 532 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 233 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 299 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 70 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө DNN.mn

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болдог. Энэ сарын өдөрлөг гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Иргэн та иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар: “Н.Мөнхбат нарыг яллаад аваад ир” гэсэн далд гар ажилласаар байна DNN.mn

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Хөгжлийн банкны хэрэг буюу 80 иргэн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Н.Мөнхбатын хувьд анх хэд, хэдэн зүйл ангиар буруутгагдаж байсан. Өнөөдөр түүний холбогдсон хэргүүд юу болж хувираад байна вэ?

-Н.Мөнхбат Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2013 оны наймдугаар сард томилогдоод УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг 2014 оноос эхлээд л Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 (Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах), 150 дугаар зүйлийн 150.2 (Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх), 266 дугаар зүйлийн 266.2 (Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх) гэсэн зүйлүүдээр түүнийг 2016 оны нэгдүгээр сард сэжигтнээр тооцсон мөрдөгчийн тогтоол байна. Ер нь бол Хөгжлийн банктай холбоотой бүхий л асуудлаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд Н.Мөнхбат, түүний гэр бүл, төрөл садангуудын хөрөнгө орлогоос эхлүүлээд л нэг бүрчлэн шалгасан. Гэвч Н.Мөнхбат Хөгжлийн банкны эд хөрөнгө завшсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдаас хээл хахууль авсан, хувьдаа ашиг хонжоо олсон гэх ямар нэг үйл баримт огт тогтоогдоогүй. Н.Мөнхбат хийх ёстой ажлаа хийж байна гэсэн итгэл үнэмшлээр шударгаар ажиллаж байсан учраас даравч ил гарна, булавч бултайна гэдэг шиг үнэн юм үнэнээрээ л тодорсон. Энэ бол шүүхийн дүгнэлт шүү. Үүнд бид харин талархалтай хандаж байгаа.

-Прокурор Н.Мөнхбатыг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байсан Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг хугацаанаас нь өмнө татаж, хүүгийн алдагдалд оруулсан зэрэг хэд, хэдэн үйлдэл байсан байх аа?

-Үүн дээр нэмээд “төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулаагүй байхад их хэмжээний зээл олгож, “Мон-Лаа” ХХК-д давуу байдал олгосон”, ”Худалдаа Хөгжлийн банкнаас зах зээлийн ханшаас илүү үнээр оффисын байр худалдан авч, уг хуулийн этгээдэд давуу байдал олгосон” гэж буруутган, дээрх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, хамгийн анх 2017 оны зургадугаар сард шүүх рүү шилжүүлсэн.

Энэ хэрэг анхан шатны шүүх-прокурор-давахын шүүх-АТГ-анхан шатны шүүх гэсэн тойргоор 2018-2021 он хүртэл явсан. Шалтгаан нь мөрдөгч, прокурор оролцогч талын гаргасан цагаатгах талын баримтыг хэрэгт нотолгоо болгож хавсаргадаггүй, хэргийн бодит байдлыг тогтоодоггүй, цагаатгах үйл баримтуудыг шалгуулах тухай Н.Мөнхбат, түүний өмгөөлөгчийн хүсэлт гомдлыг хүлээж авдаггүй. Хэт яллах байр сууринаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хэргийн бүрдэл хангагдаагүй байна гэсэн. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн удаа дараагийн захирамжийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна гэсэн үндэслэлээр уг хэрэг дээрх байгууллагуудын дунд дөрвөн жил гаруй хугацаанд эргэх буцах тойргоор явлаа.

Миний хувьд хууль сахиулах байгууллагад 30-аад жил, мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, тасгийн даргаар 10 орчим жил ажиллаж байсан, тодорхой хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулсан учраас хэрэг шалгах процесс, үйл явдлын өрнөлийг мэднэ л дээ. Хэрэг мөрдөн шалгах үе шатанд асар их но-той асуудал, хүний эрх, халдашгүй байдал зөрчигддөг, улс төрийн нөлөөлөл байна гэдгийг энэ хэрэгт олон жил ажиллахдаа сэтгэл, оюунаараа мэдэрсэн, мэдэрсээр ч байна. Тийм итгэл үнэмшилтэй болсон.

-Хэрэг удаашраад байгаа шалтгааныг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчидтэй холбон тайлбарлах явдал бий. Бас шүүхтэй ч холбодог?

-Иргэд, олон нийт шүүх л хэргийг санаатай удаашруулаад байгаа мэт ойлголттой байдаг нь тэдний буруу биш. Эрх баригчид төөрөгдүүлсэн мэдээллээр тархийг нь угаадаг, тэдэнд бодит мэдээллийг өгдөггүй, улстөржүүлсэн үйлдэл, үйл ажиллагаа хэт хавтгайрсантай шууд холбоотой. Мөрдөн байцаалтын нууц гэдгээр халхавчилж өмгөөлөгч нарын амыг хаадаг, боодог, хуулиар сүрдүүлдэг асуудлыг эргэн харах, түүнийг өөрчлөх тийм цаг үе, нөхцөл шаардлага үүссэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Хадгаламж буцаан татсан”, “Худалдаа Хөгжлийн банкнаас байр худалдан авсан” үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, “Мон Лаа” ХХК-нд зээл олгосон нь гэм буруутай гэж үзэж, 2002 оны хуулийг хэрэглэн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ хэрэг дээр прокурор эсэргүүцэл бичээгүй байхад Хөгжлийн банк гомдол гаргасныг хэлэлцэх нэрийдлээр давахын шүүх дээрх тогтоолыг хүчингүй болгосон нь өнөөдөр өрнөж буй үйл явдлын эхлэл болсон юм.

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Н.Мөнхбатад оноосон дөрвөн жилийн ялыг хоёр жил болгон бууруулсан. Харин өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгчийн зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Хоёр жил болгож бууруулах ч юу байх вэ дээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан маш ноцтой алдааг залруулсан төдий л үйлдэл гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн тухайн шийдвэр гаргасан шүүгчийн хувьд олон жил ажиллаж байгаа, мэдлэг чадвартай, туршлагатай алдаа гаргадаггүй шүүгч гэж сонсож байлаа. Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлж баталсан хуулиуд, манай нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцид заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэх заалтыг хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хуулийн хууль үйлчлэх цаг хугацааны зарчмыг зөрчиж, илтэд яллах байр сууринаас хандаж шийдвэр гаргасан. Хуульд заасан үндэслэлээр шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн хэргийн хууль зүйн үндэслэл арилаагүй байхад сэргээсэн нь хуульд нийцээгүй учраас уг гаргасан шийдвэр ч хүчингүй болох үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хууль түүний эрх зүйн байдалд эергээр нөлөөлөх нөхцөлийг бий болгосон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь илтэд байхад 2015 оны хуулийг хэрэглэсэн. Хэрэглэхдээ түүний эрх зүйн байдлыг дордуулсан 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулсан хорихоос өөр төрлийн ялын сонголтгүй заалтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж ял оногдуулсан. Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн үргэлжилсэн хоёр үйлдлийг бие даасан гэмт хэрэг мэтээр тооцож, ялыг нь нэмж нэгтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасаж, дөрвөн жил хорих ял оногдуулсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Үүнийг санамсаргүй үйлдэл гэж харахгүй байгаа. Энэ алдааг нь л давж заалдах шатны шүүх залруулах төдийгөөр хязгаарлаж, хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Н.Мөнхбатад оногдуулсан ялын хэмжээг бууруулсан шийдвэр гаргасан.

-Энэ хэргийн шалгалт сүүлийн найман жил орчим үргэлжилсэн. Үндсэн хуулийн Цэц дээр бас маргаантай байгаа сэдэв байх аа. Гэтэл ингээд хэргийг шүүгээд шийдвэрлээд явчихаж болох юм уу?

-Н.Мөнхбатын өмгөөлөгчөөр 2016 оноос эхлэн ажилласнаас хойш найман жилийн хугацаа өнгөрчээ. Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх зарчмуудын талаар зүгээр ч нэг хөндөж яриагүй юм шүү. Н.Мөнхбатад эрүүгийн хариуцлага оногдуулах л гэж байгаа бол түүний эрх зүйн байдалд эергээр нөлөөлөх, дээрх хуулийн зарчмууд зайлшгүй хөндөгдөж байгаа юм. Учир нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн цаг үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар шүүх тодорхойлох хууль зүйн үндэслэлтэй байсан. Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлох гэдэгт гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол энэ нь тухайн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болно. Чөлөөлнө гэдэг нь эрүүгийн хариуцлагын төрлийг тодорхойлж байгаа нэг хэлбэр. Үндсэн хуульд “…зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг иргэндээ олгосон”, хөөн хэлэлцэх хугацааны талаарх маргаан өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Гэтэл иргэнийхээ зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах ёстой анхан болон давж заалдах шатны шүүхүүд Н.Мөнхбатын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан үйлдэл, үйл ажиллагааг дэмжсэн үйлдэл болж хувирлаа. Үүнийгээ тэд яаж тайлбарлахыг би хэлж мэдэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Цэц дээр 2002, 2015, 2020 оны Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны заалтын аль нь Үндсэн хууль зөрчсөн бэ, энэ хэрэг дээр аль заалтыг хэрэглэх вэ гэдэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад давж заалдах шатны шүүх Н.Мөнхбатад Эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг яаран хэлэлцэж шийдвэрлэх биш, эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн залруулж, хүчингүй болгон, түүнийг нэн даруй суллан, хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан. Хуулийн ийм заалтыг эс хэрэгжүүлснээрээ давж заалдах шатны шүүх хуулиа мөн л зөрчлөө. Үндсэн хуульд заасан Н.Мөнхбатын зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсангүй эс үйлдэхүй гаргалаа. Үл үзэгдэх хэн нэг этгээдийн дохио зангаа шүүхэд нөлөөлөөд байна гэж хардаж байна.

-Энэ хэрэг бол маш олон оролцогчтой, шүүхийн практикт өмнө нь байгаагүй шүүх процесс үргэлжилж байгаа. Нэг талаас банкны харилцаатай холбоотой асуудал эрүүгийн гэмт хэрэг болох уу гэдэг асуудлыг зарим хуульчид хөндсөөр байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эрхийг нь хамгаалах, нийгэмд хууль, шударга ёсны баталгааг шүүх л хэрэгжүүлдэг гэсэн ойлголттой хүмүүсийн нэг нь би. Хөгжлийн банкны хэрэг гэдэг шошго наагаад, хоорондоо хамааралгүй хүмүүсийн хэргийг нэг шуудайнд хүчээр хийгээд шүүх рүү ирүүлсэн байдаг юм. Зээл өгсөн авсан асуудал энэ хэрэг дээр ч мөн ялгаагүй яригддаг. Энэ нь тэгээд нийгэмд аюултай үйлдэл юм уу, Хөгжлийн банкны тухай хуулийн заалт, дүрэм, журмыг зөрчсөн нь бусдад давуу байдал олгох нөхцөл бий болгосон, тиймээс урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж, гэмт хэргийг хамтран үйлдсэн байна гээд Засгийн газрын тэргүүн, салбарын сайд, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх удирдлагын баг, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд гээд ажлаа хийсэн бүх хүмүүсийг хоморголон яллаж, эрүүгийн хариуцлага хүлээлгүүлэхээр авчирсан байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцаас харахад бусдад давуу байдал олгох шууд санаатай үйлдэл хийгээгүй, ажлаа л хийцгээсэн хүмүүс юм байна гэдэг нь илт харагдаж байсан. Гэтэл тэр нь улсын яллагч нарт үйлдлээрээ нэгдсэн болж харагдаад байгаа юм билээ.

Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийн заалттай холбож өөрсдийн бодлоороо л улсын яллагч нар дүгнээд байсан. Хөгжлийн банкны албан тушаалтнуудад мэргэжлийн алдаа гаргасан зарим нэг асуудлууд байсан. Гэхдээ мэргэжлийн алдааг эрүүжүүлж, эрүүгийн хариуцлага оногдуулаад байгаа нь хэлмэгдүүлэлт төдийгүй төрд ажиллах хүний тоо цаашид буурах муу үр дагавартай. Мэдлэгтэй, ур чадвартай, мэргэшсэн залуус нь Хөгжлийн банкинд ажиллахгүй гэдэг болсон байна лээ. Энэ бол анхаарал хандуулах асуудал мөн. Эцэст нь дүгнээд хэлэхэд, Анхан шатны шүүх тэр олон хүмүүсийн асуудлыг хэргийн үйл баримт, нотлох баримттай харьцуулах, талуудын байр суурийг чөлөөтэй сонсох зэргээр мэтгэлцэх нөхцөл боломжоор бүрэн хангаж, тэдгээрийг харьцуулан маш сайн нягталж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргасан, зөв шийдвэрлэсэн.

-Танай үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нэг үндэслэл бол Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй байр худалдаж авч, бусдад давуу байдал олгосон гэх. Олон нийтэд ил болсон мэдээллээр шүүгдэгчид энэ үйлдэл дээр өөрсдөдөө давуу байдал олгоогүй гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн юм билээ. Өөрт давуу байдал, ашиг хонжоо олоогүй бол гэмт хэрэг гэж үзэх үү?

Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1116 дугаартай шийдвэрт: “Шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө давуу байдал бий болгоогүй буюу өөртөө ашиг олоогүй байна” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ бол шүүхийн дүгнэлт.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэм хэрэг, гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцдог. Иргэний хуулийн хэм хэмжээнд нийцүүлж, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ Хөгжлийн банк, Худалдаа Хөгжлийн банкны хооронд байгуулагдсан нь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна.Хуульд нийцүүлж явагдсан худалдах, худалдан авах үйл ажиллагааг нийгэмд аюултай үйлдэл гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байгаа, Худалдан авсан байр нь үрэгдэж үгүй болоогүй байна, үнэ ханш нь унаагүй бүр өссөн байна. Хөгжлийн банкинд хохирол учруулаагүй, өөрөөр хэлбэл мөнгөө буцааж аваад, байрыг нь буцаагаад өгөх эрх нь нээлттэй.1. Худалдан авсан 3200 мкв талбай, 10 автомашины зогсоол бүхий Монгол улсад ганцхан байдаг банкны стандарт шаардлага хангасан байранд өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк 9 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Худалдан авсан үнийн дүнгээр буюу 27.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийгээ Олон улсын санхүүгийн байгууллагын аудитаар баталгуулжуулан 9 жилийн турш тайландаа бүртгэсээр ирсэн. 2.Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр уг байрны ханш 70 тэрбум төгрөгөөс доошгүй байгаа. Худалдан авсан үнээсээ 2 дахин бүр илүү өсчээ.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг байрны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 5 удаа шинжилгээ хийлгэж, бусад 4-ийг нь үгүйсгэж чадаагүй хэрнээ хамгийн сүүлийн, хамгийн багаар үнэлгээ тогтоосон дүгнэлтээр 4.5 тэрбум төгрөгийн зөрүү гаргасныг үндэслэлтэй байна, тиймээс давуу байдал олгосон байна гэж шүүх буруутгасан.Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ёстой харилцааг эрүүгийн шүүхээр оруулан шийдвэрлүүлж, бусдын өмчийг үнэгүйдүүлэн дээрэмдэхийг Хөгжлийн банкны өнөөдрийн удирдлагасанаархаж байна. Үүндээ эрүүгийн шүүхийг ашиглаж байна.Хөгжлийн банк энэ гэрээг цуцлах эрхээ иргэний хуулийн дагуу хэрэгжүүлэхийг огт хүсдэггүй юм. Хэрэв эрүүгийн шүүхийн эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болвол “Худалдах, худалдан авах” гэрээ хүчингүйд тооцогдож, 27.5 тэрбум төгрөгөө Хөгжлийн банк буцаан аваад, уг байрыг буцаах эрх үүснэ. Түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк 9 жилийн түрээсийн төлбөрөө Хөгжлийн банкнаас нэхэмжлэх ньтэдний хууль ёсны эрх болж хувирна.Тэгэхлээр эрүүгийн шүүхүүдийн энэ шийдвэр эцсийн үр дагавраараа Худалдаа Хөгжлийн банкинд ашигтай болж хувирсан байгаа биз.Н.Мөнхбат өмнө нь давуу байдал олгосон уу ,эсхүл шүүх өнөөдрийн шийдвэрээрээ давуу байдал бий болгож байна уу гэдэгт өөр цаг хугацаанд өөр хүмүүс шударга дүгнэлт хийх нь гарцаагүй юм. Нөгөө талаар хууль дүрэм, журмаар бүрэн эрх олгогдоогүй, ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хамтарч оролцдог Гүйцэтгэх захирлыг шүд сугалж байгаа юм шиг ганцааранг нь сугалж үлдээгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь логикгүй байна. Эрх мэдэлгүй хүн яаж албан тушаалаа урвуулах юм бэ. Шийдвэр гаргах ямар ч эрхгүй л албан тушаалтан шүү дээ.Түүнчлэн энэ гэмт хэргийн субьектив талын гол шинж болох хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа баримт нотолгоогүйгээр хувийн бодлоороо шүүхүүд шийдвэр гаргадаг болжээ.

-“Мон Лаа” ХХК болон Бэрэн группэд зээл олгосон хэрэгт буруутгагдсан. Хөгжлийн банкинд нэлээд хохирол учруулсан гэж одоог хүртэл бичигдэж байгаа. Эдгээр зээлийнх нь талаар тодруулж өгөхгүй юү?

-Зээл өгсөн авсан асуудлыг нийгэмд аюултай үйлдэл, зээлийн гэрээнд заасан үнийн дүнг нь гэмт хэргийн улмаас Хөгжлийн банкны ашиг сонирхолд учирсан шууд үр дагавар буюу хохирол гэж хуулийг төсөөтэй хэрэглэж, шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсаар байгаа. Хор хохирол учруулах ямар үйлдэл хийсэн гэж Н.Мөнхбатыг буруутгасан бэ гэхээр үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулаагүй гэдэг. Энэ нь тэгээд гэмт хэрэг юм уу. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүх, улсын яллагч нар, Хөгжлийн банк аль нь ч ТЭЗҮ-г заавал батлуулах ёстой гэдэг хууль эрх зүйн ямар акт байгаагаа нотолж чадаагүй, гаргаж үзүүлээгүй. Түүнчлэн “ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар авах” гэж юуг хэлээд байгаагаа огт тодорхойлж чаддаггүй юм. Эдгээрт шүүх дүгнэлт хийгээгүй. Уул уурхайн яамнаас өмгөөлөгчийн хүсэлтээр ирүүлсэн албан бичигт: “…үйлдвэрийн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зайлшгүй урьдчилан батлуулсан байх тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй болно” гэсэн бичиг ирүүлснийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгч түүнд дүгнэлт хийхийг огтхон ч хүсээгүй байна билээ. Өнөөдөр “Мон Лаа” ХХК зээл, зээлийн хүүд 8.3 тэрбум төгрөг төлж зээлээ барагдуулсан, Хөгжлийн банк энэ зээлийн гэрээнээс гурван тэрбум орчим төгрөгийн ашиг олсон. Хамгийн хачирхалтай нь давуу байдал олж авсан гэх “Мон-Лаа” ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 онд эрүүгийн хариуцлагаас прокурорын шийдвэрээр чөлөөлсөн байдаг юм. Энэ нь тэгээд шударга ёс мөн үү, хууль шүүхийн өмнө эрх тэгш байж чадаж байна уу.

“Бэрэн”-гийн асуудал мөн ялгаагүй л зээл өгсөн, авсан иргэний хуулийн л дагуу шийдвэрлэгдэх ёстой асуудал. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсан гэмт хэрэг биш гэж үзэх хуулийн үндэслэлтэй асуудал байгаа юм. Албан тушаалаа урвуулсан үйл баримт тогтоогддоггүй, хийх ёстой ажлаа л Н.Мөнхбат хийж гүйцэтгэсэн, барьцааны хөрөнгө хангалттай авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах байдлаар зээл, зээлийн хүүг бүрэн төлүүлэх боломжтой. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дээр энэ цаг хугацаанд энэ хэрэг хэлэлцэгдэж нягтлагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар “Бэрэн”-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэдгээр биш гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдох хуулийн үндэслэлтэй байна гэдгээр миний бие тогтоолд хэсэгчлэн гомдол гаргасан байгаа. Хурлын шийдвэр өнөөдөр эцэслэн гараагүй байна. Давахын шүүх хуульд нийцүүлж, бодитой шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа.

-Шүүгчдийн томилгоо эргэлзээтэй байгаа гэв үү. Хүний эрх, эрх чөлөө алдагдах эрсдэлтэй нөхцөлийн талаар та дээр дурдлаа?

-Н.Мөнхбатад холбогдох хэрэг зургаан удаа давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Гэтэл үүний тавд нэр бүхий шүүгч илтгэгч шүүгчээр, нэр бүхий нэг шүүгч хоёр удаа оролцсоны нэгд нь хурал даргалагчаар томилогдсон байдаг юм. Энэ хоёр шүүгчийн өмнө өөр нэр бүхий шүүгч нар томилогдсон тухай сонссон байсан боловч дахин томилгоо хийгдэж тэдний нэрсээр солигдсон байдаг юм билээ. Энэ томилгоо бол эргэлзээ төрүүлэхүйц шалгуулах ёстой асуудлын нэг мөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бидний гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Н.Мөнхбат нарыг гэмт хэрэг үйлдсэн байна, яллаад аваад ир” гэсэн агуулгаар анхан шатны шүүх рүү буцаасан нэр бүхий хоёр шүүгч дахиад томилогдсон нь, нэг нь илтгэгчээр, нөгөө нь шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон нь тохиолдлын зүйл биш. Биднийг гайхаж цочирдоход хүргэсэн. Н.Мөнхбат нарын үйлдлийг гэмт хэрэг мөн гээд толгойдоо кодолсон, итгэл үнэмшилтэй болсон дээрх шүүгч нар бидний гаргасан гомдлыг хүлээж авахгүй байх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь ойлгомжтой байсан учраас татгалзсан. Гэвч хуульд заасан үндэслэл биш гэдгээр бидний татгалзлыг хүлээн аваагүй, хуралдаан цааш үргэлжилж ялаа оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд онц гойд өөрчлөлт ороогүй.

-Н.Мөнхбатын хувийн байдал ямар байгаа вэ?

-Хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж, хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө мэдээллийн хэрэгслэлүүдээр гүтгүүлж балбуулж, олон нийтээр зүхүүлэн, хардлага сэрдлэг доор 10 жил ажил төрөлгүй явж байгаа хүн. Хийх ёстой ажлаа гүйцэтгэснийхээ төлөө хорих ялаар шийтгүүлсэн хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Өөрсдийн үр хүүхэд, ах дүүсээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Тэрээр гэмт хэрэг хийгээгүй, банкныхаа эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаагүй гэдэгтээ өнөөдөр ч тэр итгэлтэй байгаа.

Хамгийн гол нь шүүх л үнэнийг тогтоож өгнө, зөрчигдөж байгаа эрхийг нь сэргээнэ гэдэгт маш их итгэж, найдаж байсан. Харамсалтай нь шүүх шударга үнэнийг тогтоож чадсангүй, эрх эрх чөлөө нь зөрчигдсөн иргэнээ хамгаалсангүй. Ардчилсан нам засгийн эрх барьж байсан тэр цаг үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсныхаа төлөө гэм буруугүй гэмтэн боллоо. Шүүхээс ял оноож, хууль завхруулж хэлмэгдүүллээ. Ардчилсан Монгол Улсын анхны улстөрийн хоригдол боллоо гэсэн байр суурийг тэр илэрхийлж байна билээ. Өмгөөлөгчийн хувьд түүнтэй байр суурь, итгэл үнэмшил ижил байгаа. Өнөөдөр, маргааш биш юм аа гэхэд шударга үнэн ялах өдөр ирэх нь цаг хугацааны асуудал. Бусдыг хэлмэгдүүлж, сэтгэл санаа, эрүүл мэндээр нь хохироосон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг тэр цаг үе ирнэ. Хууль, шударга ёс тогтоно гэдэгт би итгэлтэй байна. Хувь хүмүүс бүлэглэл биш хууль засагладаг тэр цаг ирнэ.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар давжээ DNN.mn

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө.

Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан иргэдийн хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 4, Заналхийлэх, Татвар төлөхөөс зайлсхийх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.А нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний даргаар ажиллаж байсан Т.Ү нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллээ ашиглан бусдад дарамт шахалт үзүүлж хахууль өгөхийг шаардан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн иргэн Г.Д, Ч.Ж нар нь бүлэглэн 17 ширхэг тэсрэх бодис, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Н.Э нь мах, ноос, ноолуур, самар зэргийг худалдан авах, экспортод гаргах зэргээр 2020, 2021 онд нийт 1 тэрбум 188 сая төгрөгийн орлого олсон боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор зориуд худал тодорхойлон нууж, 118.828.707 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мөнхбат: “Нэг хонь-нэг жуулчин” төсөл бол хуулиа зөрчсөн, гадаад иргэдийг хуурсан луйвар DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “Нэг хонь-нэг жуулчин” төслийг эхлүүлээд байгаа билээ. Энэ төсөл аялал жуулчлалын салбарт ямар үр дагавар бий болгож байгаа талаар “Muugii Tours” компанийн захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.


-“Нэг хонь-нэг жуулчин” төсөл хэрэгжиж эхлэхээр боллоо. Аялал жуулчлалын салбарынхан энэ төсөлд ямар байр суурьтай байх юм бэ?

-“Нэг хонь-нэг жуулчин” гэх төслийг анх ярих үеэс л гайхаж байсан. Ямар учиртай төсөл болохыг судлаад үзэхэд аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон жуулчин татаж авчрах тухай юм шиг байна лээ. Гэхдээ энэ төсөл бол инээдтэй, шогийн, ойлгомжгүй зүйл гэдгийг аялал жуулчлалын салбараар тогтохгүй мэргэжлийн бус хүн ч хэлнэ.

Гол нь бид хоорондоо хэмлэлдэж, нэгнийгээ шоолоод үр дүнд хүрэхгүй. Энэ бол аялал жуулчлалын салбарт гарч байгаа буруу зүйл. Буруу зүйлийг зогсоох ёстой. Энэ салбарыг нэг айл гэж үзвэл тэр айлд буруу зүйл болбол хэрүүл маргаанаар биш эцэг, эх нь асуудалд тайван хандаж, болохгүй асуудлыг халаад шийдээд явдаг. Хоорондоо хэрэлдэж, нэгнийгээ шоолоод, шуугилдаад байвал асуудал улам даамжирдаг. Үүнтэй адил манай салбарт буруу зүйл бий болоод байна. Үүнийг бид зогсоох ёстой.

Үнэндээ ийм төсөл санаачилж байна гэдэг бол өнөөдрийн бидний байгаа царай л энэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэр, үйл ажиллагаа бол бодлого боловсруулж, зангидаж байгаа төрийн бодлого шүү дээ. Харамсалтай нь төрийн бодлого шийдвэр хэрэгжүүлж байгаа газарт мэргэжлийн бус хүмүүс ажилладаг. Улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүс оччихдог. Тэр хүмүүст зөвлөж, тусалж байгаа хүмүүс гэж бий. Тэд нь бас л мэргэжлийн бус, намынх нь, фракцынх нь хүмүүс байдаг. Ийм хүмүүсээс гарч байгаа шийдвэр, бодлого ойлгомжгүй, амьдралгүй, байгаа бодит байдал энэ шүү дээ.

-Та бол жуулчид хүлээж авдаг мэргэжлийн салбарын хүн. Жуулчинд мал өгнө гэдэг байж болох уу. Яаж хэрэгжүүлж болох юм бол доо?

-Жуулчинд хонь бэлэглэнэ гэж байгаа. Нэгд, хонь хилээр гаргахгүй. Амьдаар нь ч бай, махлаад гаргахад тусгай гэрээ, зөвшөөрөл хэрэгтэй. Үүнийг Хөдөө аж ахуйн яам хариуцдаг. Аялал жуулчлалын салбарт энэ асуудал хамаагүй. Нэг ёсондоо гадаадын иргэнд хонь бэлэглэнэ гэдэг хууль зөрчиж байгаа гэсэн үг.

Хоёрт, хонийг монголчууд үр хүүхдэдээ, хамаатан садандаа зүсэлж заадаг. Энэ нь зөвхөн дотооддоо байдаг зан уламжлал. Харин гадаадын иргэнд хонь зүсэлж байгаа нэрээр мөнгө авна гэдэг бол луйвар. Саяхан би говь руу хэсэг жуулчид авч явсан юм. Хөдөөний айлд буухад нь “Нэг хонь-нэг жуулчин” төслийн талаар ярьж өглөө л дөө. Тэгтэл шууд өөдөөс “Баярлалаа. Би хонио авч явж болох юм уу. Надад хилээр авч гарахад зөвшөөрөх юм уу” гэж асууж байна лээ. Гадны хүмүүс ямар ч зүйлийг хуулийн хүрээнд л ярина. Бидний сэтгэлгээнээс шал өөрөөр харна. Хариуд нь “Боломжгүй” гэдгийг хэлсэн. “Тэгвэл би худалдаж аваад төхөөрлөө гэхэд өөрөө ганцаараа идэж барахгүй. Чононд хоол болгож өгье” гэж ярьж байсан. Аль аль нь боломжгүй. Надад хэлэх зүйл олдоогүй. Үнэндээ гадныханд бид өөрсдийгөө доош хийж байгаа үйлдэл болж байна. Ийм зүйлд хэн нэгнийг нэр цохож буруутгах хангалтгүй, зохимжгүй. Буруу тогтолцоо, самуунтай, эргэлзээтэй цаг мөчид бид амьдарч байна. Нам дагаж гүйдэг, цүнх барьдаг, ажиллах чадваргүй, хэл усгүй, өлбийсөн хүмүүс явж байгаад л төрд гараад суучихаж байна. Нийгэмд сул, сулбагар хүмүүс байдаг. Тийм хүмүүс төрд гарах боломжийг нээж өгсөн цаг үе өнөөдөр байна.

-Жуулчинд мал бэлэглэчихсэн байдаг. Гэтэл энэ өвөл зуд болоод багагүй хэмжээний малаа алдчихлаа. Төсөлд хамрагдсан мал үрэгдэх эрсдэлтэй?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яалтай билээ. Мэдээж ийм зүйл болно гэж энэ төслийг санаачлаагүй байх. Гол нь хэрэгжих боломжгүй, ажил хэрэг болохгүй зүйлийг төрийн бодлого болгож хэрэгжүүлж байгаа нь харамсалтай. Хоёр гурван жилийн дараа эргээд харахад энэ төсөл үнэхээр байж боломгүй, ичиж үхмээр зүйл болж таарна. Хүн согтуу үедээ олон зүйл ярьчихаад маргааш эрүүл болчихоод харамсдаг шиг л юм болно. Үнэхээр байж боломгүй, онигоотой төсөл. Амьдралд, хөрсөн дээр бүтэхгүй. Аялал жуулчлалыг сэргээх биш улам нураана. Харин түүний оронд ариун цэврийн байгууламжаа цэвэр байлгах, үйлчилгээгээ гоё болгох ёстой. Жуулчинд хонь мал бэлэглээд аялал жуулчлал хөгжихгүй, бүтэхгүй.

-Тэгвэл аялал жуулчлалын салбарт нэн түрүүнд шийдэх ёстой асуудал нь юу вэ. Салбарын яам энэ чиглэлд анхаарч байна уу?

-Гол асуудал ариун цэврийн байгууламж шүү дээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамыг гайхаад байдаг юм. Хавар болохоор жуулчны баазуудын дунд чуулга, уулзалт зохион байгуулдаг. Бололгүй яахав. Гэхдээ Монголын аялал жуулчлалын салбарт зөвхөн жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаггүй. Жуулчин хүлээж авдаг газрууд дөрвөн ангилалтай. Нэгд, үнэ өндөр Lodge, үнэтэй жуулчны бааз, дунд зэргийнх нь Guest­house, боломжийн хямд үнэтэй нь малчин айл гэж ангилдаг.

Гэтэл өнөөдөр зөвхөн жуулчны баазуудын хооронд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлаа ярьчихаад тарчихдаг. Бусдад нь анхаардаггүй. Уг нь бусад гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг ч давхар цуглуулж асуудлаа ярьж, шийдвэр гаргаж байх ёстой. Гэтэл төр нь анхаарахгүй хаячихсан. Тэр хүмүүс нь ч бие биенээ танихгүй. Харанхуйгаар л таван гэртэй, дотор нь ор тавьчихад болно гэж үздэг. Мэдээж тэд төр засгаас мөнгө гуйхгүй. Өөрсдийгөө аваад явж байгаа хүмүүс. Гаднаас доллар оруулж ирж байгаа салбар. Гол нь төрөөс зохион байгуулалтын ажлыг л тодорхой болгож өгөх ёстой юм.

-Ариун цэврийн байгууламж гээд үргэлж ярьдаг. Энэ жил ямар байв?

-Бохирын асуудал малчин айл дээр л яригддаг. Lodge, жуулчны бааз, guest­house бүгд ариун цэврийн байгууламжаа шийдчихсэн. Малчин айлд л байдаггүй. Тэглээ гээд тэднийг шахаад байх боломжгүй. Жилдээ 2-3 удаа нүүдэл хийж байгаа хүмүүс боловсон ариун цэврийн байгууламж маллаад явж чадахгүй. Харин түүний орон био нойлтой болчих ёстой. Бүгд биш, жуулчин авч байгаа айлуудыг хэлж байна. Гарц гаргалгаа зөндөө бий.

Харин манай яамны хүмүүс зам дагуу нойл барина гэдэг. Эсвэл жуулчны баазын нойлын асуудлыг сайжруулна гэх зэрэг мухар, байгаа онохгүй, модон хөшүүн бодлого л ярьдаг. Тэр нь хөрсөн дээр бууж өгдөггүй. Төсөл гаргаад л тендер зарлах сонирхол л байдаг юм шиг байна лээ. Зам дагуу 25 сая төгрөгөөр нойл барилаа л гэсэн. Баас нь дүүрчихсэн, зарим нь эвдрээд уначихсан, юу ч үгүй болчихсон байна лээ. Бараг байгальдаа бие зассан нь цэвэр гэмээр. 25 сая төгрөг зарцуулж барьсан нойл нь эргээд байгалиа бохирдуулж байх жишээтэй. Тиймээс амьдрал, бодит нөхцөл байдлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс л бодлого зангидмаар байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 180 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нийт 2459 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 2046, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ DNN.mn

“Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын/НМЭГ/ мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 17-ны өдөр газар дээр нь очиж, ажиллажээ.

Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, НМЭГ-ын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагч нар хамтран шаардлага хангахгүй 47.64 тонн махыг устгах ажлыг энэ сараас эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингэлтэй дүүрэгт байшин шатаж, гурван настай хүү нас баржээ DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 18-ны 16:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид зургаан километр зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.

Харамсалтай нь гал түймэрт гурван настай хүү өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн 29 настай эрэгтэйн нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төвд тус тус шилжүүлэн өгчээ.

Түүнчлэн Архангай аймаг, Өлзийт сумын Бодонт багийн “Ханан” гэдэг газар гуравдугаар сарын 17-ны 16:00 цагт таван ханатай гэр шатсан, тус сумын харьяат иргэн Г-ийн таван ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг өчигдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Уг гал түймэрт иргэн 37 настай эрэгтэй болон гурван настай охин нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг: Шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелыг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг ОБЕГ-аас санууллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Одой парламент отгон чуулганаа нээлээ DNN.mn

Монголын парламентыг дэндүү давжаа, одой, ямар ч дархлаагүй хэврэг гэж гадна дотны эрдэмтэд, аюулгүй байдлын судлаачид, улстөрчид, нийгэм төрийн зүтгэлтнүүд хэлж ярьсаар ирсэн. Манай парламент 76 гишүүнтэй, түүнээс 20-иод нь Засгийн газарт сайдаар ажиллавал бараг хүнгүй болчихдог. Хамгийн аюултай нь улс орны хувь заяатай холбоотой шийдвэр гаргахад маш амар хялбар байсан. Тухайлбал, 76 гишүүний тавиас дээш хувь нь 39 гишүүн. 39-ийн 18 нь тавиас дээш хувь, тэрхүү 18 гишүүний 10-ыг нь худалдаад авчихад хүссэн бүхэн дуртай шийдвэрээ Монголын төрөөр гаргуулах бүрэн боломжтой байсан. Үндсэндээ УИХ-ын 10-хан гишүүнийг атгандаа оруулахад бүхэл бүтэн улс орон хэн нэгэн хүний гарт орлоо гэсэн үг. Ийм л хэврэг, давжаа, одой парламент отгон чуулганаа саяхан нээлээ.

Аливаа парламент сүүлийн чуулганаа нээх нь гайхах юм биш. УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ хугацаанд үйл ажиллагаагаа хүчин төгөлдөр явуулаад сүүлийн чуулганаа нээж, нийгэмд хүлээгдэж буй гол гол хуулиудаа хэлэлцдэг нь жам. Гэхдээ энэ удаагийн хаврын чуулган одой парламентын отгон чуулган гэдгээрээ онцлогтой.

“Өнөөдөр тогтолцооны цогц реформ томоохон үр дүнг баталсан чуулган болж байна. Түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч та бид боллоо” гэж УИХ-ын дарга чуулганыг нээж хэлсэн.

Ердөө гуравхан сарын дараа болох УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй дараагийн шинэ парламент бүрдэнэ. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй одой парламентын баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй том парламенттай болох гэж байна. Их хурлын сонгууль пропорциональ тогтолцоогоор явж 78 нь томсгосон тойргоос сонгогдон, 48 нь салбар бүрийн төлөөлөл болон намын жагсаалтаар орж ирнэ. ҮХӨ-ийг ингэж хийснээр сонгууль болгоны өмнө намууд өөрсдөдөө зориулж Үндсэн хуулийг өөрчилдгийг, өөрчлөх гэж оролддогийг болиулсан. Мөн улс төрийн нам эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тоглоомын дүрмийг дураараа өөрчилдөг өнгөрсөн 30 жилийн гажиг үүгээр төгсөж, улс орны цоо шинэ 30жил эхэлж байна гээд байгаа нь ийм учиртай.

Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглал нь аливаа үйл явцыг олон ургальч үзлээр авч үзэж дүгнэж цэгнэдэг. Ингэхдээ багагүй удаан хугацаа авдаг ч эцэст нь харьцангуй зөв шийдвэрт хүргэдэг. Парламентын засаглал нь Ерөнхийлөгчийн тогтолцооноос удаан оршин тогтнож, ардчилсан тогтолцоо болохын хувьд илүү дархлаа сайтай гэдгийг олон улс судлаачид дуу нэгтэйгээр бататгадаг. Иймээс олон ургальч үзэл бүхий ардчилсан парламентын засаглал гэдэг тухайн улс орны тусгаар тогтнолын гол баталгаа нь болдог. Энэ утгаараа манай улс Үндсэн хуулиа өөрчилж сонгодог парламентын

хүчинтэйгээ зөвшилцөж байж улс төрийн шийдвэр гаргадаг тийм л парламент бий болно хэмээн ард түмэн итгэж найдан хүлээж байгаа. “ҮХӨ-өөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгох. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм. Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад чиглэгдэнэ” гэж Ардын

тогтолцоогоор шинэ УИХ бүрдэх түүхэн сонголтын өмнө ирээд байна.

Парламентад аль нэг нам ялах нь чухал биш. Гол нь ялсан нам сөрөг

хүчинтэйгээ зөвшилцөж байж улс төрийн шийдвэр гаргадаг тийм л парламент бий болно хэмээн ард түмэн итгэж найдан хүлээж байгаа. “ҮХӨ-өөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгох. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм. Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад чиглэгдэнэ” гэж Ардын намын залуу дарга нар хэлсэн.

Эрх баригчдын ийнхүү хэлснээр, олон түмний хүсэн хүлээсэн сонгууль болох гэж байна. Үнэхээр л нэг нам үнэмлэхүй ялаад, улс төрийн дээд доод бүх шатанд эрх мэдлийг гартаа аваад өөрийн дураар дургидаг энэ систем гажуудал байхгүй болно гэдэгт хэн хүнгүй итгэж байгаа. Олон намын оролцоотой зөвшилцлийн парламент бий болно гэж хүлээж байна. Томсгож бүсчилсэн тойргоос 78 гишүүн сонгогдож, тойрог бүр эзэнтэй болж, 48 нь намын жагсаалтаар орж ирж салбар манлайлал болсон эрхмүүд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, үндсэндээ салбар бүрийн дуу хоолой Их хуралд орж ирнэ. Ингэснээр төлөөллийн ардчилал бүрэн бэхжих үндэс суурь болно.

“126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш. Ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой” гэж ноён спикер энэ удаагийн сонгууль түүхэн сонгууль шүү гэдгийг сануулж хэлээд байгаа.

Монголын төрд сүүлийн найман жил нэг нам дангаараа ноёрхож, үнэмлэхүй ялалт байгуулан “галзуурсан”-ы үр дүнд ардчиллын индексээр манай улс сүүлийн хоёр жил гэхэд 20 байраар ухарч (түрүү жил 16 байраар ухарсан бол, энэ жил дахиад 4 байраар ухарсан), улс орон аль ч шатандаа уруудан доройтож, үнийн өсөлт гаарч, ард түмний амьдрал өдөр ирэх тусам ядуурсаар байна. Эдийн засаг өслөө гэдэг, гэвч ард иргэдийн аяган дахь боорцогны тоо нэмэгдэх биш хасагдсаар байгаа. Нэг нам ноёрхохдоо улс орныг яаж сүйрүүлж, элгээр нь хэвтүүлдгийг бид харлаа. Эрх баригчид улс орноо хэрхэн тонон дээрэмдэж болдгийг нүдээр үзлээ.

Зөвхөн Чингэлтэй дүүргийг аваад үзэхэд гурван гишүүний нэг нь шоронд явчихсан, нөгөө нь албан тушаалын хэргээр шүүх дээр байж байх жишээний. Мөн нэр бүхий хоёр гишүүн шүүхээс ял аваад бүрэн эрх нь түдгэлзэх эсэх нь яригдаж байгаа. Яг ийм байдлаар албан тушаалтнууд дээрээсээ доод шат хүртлээ эх орноо цөлмөсөн байдаг.

Эрхтэн дархтануудын энэ муу муухай бүхэн эцэс болж, улс орноо харгисаар тонон дээрэмддэг биш өөд нь татаж, хөгжин дэвшүүлдэг шинэ цагийн эхлэл болсон түүхэн сонгууль хаяанд ирлээ.Олон намын оролцоотой зөвшилцлийн парламент шинэ Монгол Улсыг бүтээх гол тулгуур нь байх ёстой.Дээрээс нь бүсчилсэн тойргоос сонгогдсон гишүүд улс орныхоо ирээдүйг томоор харж, өмнөх шигээ зөвхөн өөрийн тойргийн соёлын төв, сургуулийн дээвэртэй ноцолдох биш баруун бүс, зүүн бүсийн тулгуур хөгжил, дэд бүтэц, бүтээн байгуулалтыг ярьдаг улс төрийн шинэ эргэлт бий болно. Ингээд эцэст нь хэлэхэд, одой парламент отгон чуулганаа нээсэн энэ цагт монголчууд бид улс орныхоо тусгаар тогтнолыг улам баталгаажуулсан, хойд хөршийн дайны нөхцөл байдалтай холбогдуулан олон улсад зоримог шийдвэр гаргасан, эдийн засгаа сэргээж эх орноо хөгжил дэвшлийн замд нь оруулсан шинэ цагийн түүхэн парламентыг хүлээж байна.

Д.БАтБОЛД