Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Амарбаясгалан: Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ мах нийлүүлэх боломжгүй байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Тэрбээр “Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ мах нийлүүлэх боломжгүй байна.

Өнөөдрийн байдлаар

  • Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна.
  • Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа.

Ялангуяа тав, зургадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана. Цас зудын нөхцөлөөс үүдэн мал тарга, тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.m

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2024 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 40,943,162 баримтыг бүртгэжээ.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 36,988
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,670
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 31
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 41469143

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл Монголд айлчилна DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт Кэмпбэлл энэ оны гуравдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд Япон болон Монгол улсад айлчилна.

Уг айлчлал Др. Кэмпбэллийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албаа аваад хийж буй анхных нь бөгөөд Энэтхэг-Номхон далай болон бусад улсуудад энх тайвныг урагшлуулахын төлөөх АНУ-ын хүчин чармайлтыг онцолж буй хэрэг юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Токио хотод засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, ирэх сард Япон Улсын Ерөнхий сайд Кишидагийн Вашингтонд хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийн талаар ярилцана. Орлогч Кэмпбэлл мөн чөлөөт, нээлттэй, холбогдсон, цэцэглэн хөгжсөн, уян хатан, аюулгүй Энэтхэг-Номхон далайн төлөөх гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх уулзалтыг Япон болон Филиппиний түншүүдтэй хийх болно.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбэлл Монгол Улсын өндөр дээд албан тушаалтнуудтай Улаанбаатар хотод уулзана. Тэрээр АНУ болон Монгол Улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг, мөн Америк-Монголын ард түмний тогтвортой найрамдалт харилцааг онцлон тэмдэглэх болно.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 171.086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ DNN.mn

Монгол Улсын хэмжээнд нийт 171,086 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ.

Үүнээс нийт гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар анхны үзлэгээр 7012 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй байна.

Иргэн, тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж байгууллага та бүхнийг техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ой гарантай хүүхдээ орхиж архидан согтуурсан иргэд Дархан-Уул аймгаас түр ирээд байжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд энэ сарын 16-нд эцэг эх нь архидан согтуурч, үл хайхарснаас ой гарантай хүүхэд осгосон хэрэг гарсан юм. Тодруулбал, тус дүүргийн хуучнаар V хороо буюу АлтанӨлгийд уг хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өглөө 08:38 цагийн үед “Хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид дуудлагын дагуу очиход бага насны хүүхэд осгосон байдалтай байжээ. Хүүхдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн эмчлүүлж эхэлсэн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гараагүй байна.


Нийгмийн ажилтан Д.Одончимэг: Архи хэтрүүлэн хэрэглэж ойр орчмоо анзаарахгүй, үр хүүхдээ хайхрахгүйгээс ийм эрсдэл учруулж байна

Ахуйн хүрээний архидалт, үл хайхрах хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөж байгаа асуудлаар Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Д.Одончимэгтэй ярилцлаа.


-Эцэг эх нь архидаж хүүхдээ үл хайхарснаас болж бага насны хүүхэд осгож, эмнэлэгт хүргэгдсэн юм байна. Юу болсон талаар тодруулж болох уу?

-Тэр хэрэг амралтын өдөр гарсан юм билээ. Даваа гаригт бид ажилдаа цуглахад дүүргээс мэдээлэл өгсөн.

Эхлээд хүүхэд эндсэн гэдэг мэдээлэл орж ирсэн. Дараа нь эмнэлэгт хүргэгдсэн, азаар амь нас нь эрсдээгүй болохыг араас нь мэдээлсэн. Бид уг мэдээллийн дагуу тухайн хаяг байршил дээр явж очсон.

-Эцэг, эх нь байсан уу?

-Тухайн хаяг бол 32 дугаар хороонд хамаардаг хэсэг. Гэхдээ дуудлага мэдээлэл манайд ирсэн учраас нөхцөл байдалтай танилцахаар очсон. Тэгэхэд тухайн иргэд Дархан-Уул аймгийн харьяат хүмүүс байсан. Улаанбаатарт хоёр, гурав хоноод буцах байсан юм билээ. Тиймээс энэ асуудлыг Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн гэж мэдэгдсэн.

-Хүүхдийн эрх зөрчигдсөн иймэрхүү асуудал гэр хороололд ихэвчлэн гардаг. Нийгмийн ажилтнууд үүн дээр хамгийн түрүүнд очиж ажилладаг хүмүүс. Ямар учир шалтгаанаас ийм асуудал гараад байна гэж хардаг вэ?

-Манай хороо бол тэр чигээрээ гэр хороолол. Нийтийн байр ихтэй, түр оршин суугч олонтой. Тиймээс ахуйн архидалт нэлээд бий. Иргэдийн хувьд амьдралын зан үйлийн хэвшил, эрүүл мэндийн боловсрол дутмаг байдал хамгийн их ажиглагддаг. Манай иргэдийн дунд хүүхэд төрүүлээд болчихно гэж боддог хандлага их байна. Хүүхдээ эрүүл аюулгүй өсгөх, чанартай хоол хүнс өгөх зэрэг мэдлэг дутуу. Саяхан бид 0-6 насны 60 орчим хүүхдэд эрт илрүүлгийн шинжилгээ хийсэн. Тэгэхэд дийлэнх нь амны хөндийн асуудалтай гарч байна. Мөн хэл ярианы хөгжил дутмаг хүүхдүүд ч олон байна.

-Ахуйн хүрээнд архидан согтуурдаг учир шалтгаан юунд байна вэ?

-Архины зохисгүй хэрэглээ маш өндөр болсон. Архинд донтох эмгэг ч нэмэгдсээр байна. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ойр орчмоо анзаарахгүй, үр хүүхдээ хайхрахгүйгээс ийм эрсдэл учруулж байна шүү дээ. Бид тийм хүмүүстэй уулздаг. “Та архи ууж болохгүй шүү. Бага насны хүүхдээ хайхраарай” гэхээр “Хүний эрхэнд халдлаа, чиний амаар ууж байгаа юу” гэх зэргээр мушгиад биднийг буруутгаад явчихдаг. Тийм хүмүүстэй харьцахад маш хэцүү. Эцэст нь хүүхэд хохирдог.

Уг нь насанд хүрсэн хүмүүсийн ухамсарт энэ тухай маш сайн ойлгуулж өгмөөр байна. Таны эрүүл мэнд, үр хүүхдийн чинь эрүүл мэнд танаас шалтгаална шүү гэдгийг. Мөн дээр нь томчууд ямарваа өвчнөө архиар дарах гэж уудаг тохиолдол бий. Өвдсөн л бол эмнэлэгт хандаарай гэдгийг давхар хэлмээр байна хэмээв.

Б.Түвшинтөгс: Үл хайхрах хүчирхийлэл гэж ярьдаг ч хариуцлага тооцно гэсэн заалт хуулинд байхгүй

Хүүхдээ үл хайхрах хүчирхийллийн талаар хуульч, өмгөөлөгч Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө гэртээ архидан согтуурсны улмаас хүүхэд нь осгосон хэрэг гарсан. Ер нь эцэг эхийн хариуцлага хууль эрх зүйн хүрээнд хэрхэн заагдсан байдаг талаар тодруулмаар байна?

– Гэр бүлийн тухай хуульд зааснаар нэгдүгээрт, хүүхэд төрснөөр эцэг эх хоорондын харилцаа үүснэ гэсэн үг. Хоёрдугаарт, эцэг эх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Мөн эрүүл аюулгүй орчинд өсгөх. Үүнийг хуульчлаад өгчихсөн гэр бүлийн зохицуулалт. Жишээлбэл, хүүхэд хүчирхийлэх, хүүхэдтэй хүнлэг бусаар харьцсан, догшин авирласан, халдсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Амь нас эрсдсэн, хүнд байдлаар гэмтсэн бол Эрүүгийн хуулийн зөрчлийн дагуу хариуцлага хүлээнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг агуулгаараа хүүхдэд халдаж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа нь хүүхдийн ирээдүйг бүрхэг болгож байна гэсэн үг.  Зөвхөн энэ хэрэг гэлтгүй хүүхдээ үл хайхарсны улмаас хүүхдийн амь эрсэдсэн хэргүүд ч цөөнгүй байдаг. Хүүхэд хэт дуугаа хурааж дотогшоо болох, нийгмээс тусгаарлагдсан гэх асуудлууд зөндөө байгаа. Хүүхэд бага насандаа ямар байсан яг тиймээрээ л цаашаа явна. Хүүхдийн хүмүүжил эцэг эхээс шууд хамааралтай. Хүүхдээ үл хайхарсны улмаас хүүхдийн амь нас эрсдэх ч аюултай гэдгийг эцэг эхчүүд энэ хэргээс хангалттай сургамж авсан байх гэж бодож байна.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах нь гэмт хэрэгт тооцогдох уу?

-Шууд гэмт хэрэг гэж үзэхгүй ч хүүхдийн дэргэд архидан согтуурах, амгалан тайван байдлыг нь алдагдуулах, айлгаж ичээсэн бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

Үнэхээр үргэлж хүүхдийн хажууд архидан согтуурч, зодож цохидог, хүүхдийн эрхийн эсрэг зүйл хийсэн бол хариуцлага хүлээнэ.

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд оруулсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага байна вэ?

-Үл хайхрах хүчирхийлэл гэж яриад байдаг болохоос биш хуулиндаа хариуцлага тооцно гэсэн агуулгатай заалт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн шинжтэй  гэсэн агуулга руу орчихдог. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж үзвэл Зөрчил болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Ямар тохиолдолд эрүүгийн хууль гэж үзэх вэ гэвэл, хүний үйлдлээс гажуудсан хэт хэрцгий авирласан, удаа дараа давтамжтай хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар тохирох арга хэмжээг авдаг. Харин Зөрчлийн хууль зөрчсөн гэж үзвэл, зорчих эрхийг хязгаарлах, торгох, 7-30 хоног баривчлах зэрэг арга хэмжээг авдаг.

-Хүүхдүүд энэ талын хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Мэдсэн ч хаана хандаж, хэнд хэлэх учраа олохгүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Яг тийм. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө том болсон гэх бодолд автаж өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх гэж хичээдэг. Хүүхэд бие дааж эрхээ хамгаална гэдэг бол хязгаарлагдмал. Үнэхээр хүчирхийлэлд өртөөд байдаг бол холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж тэр үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.

Мэдээж эцэг эхтэйгээ ярилцах нь хамгийн чухал. Гэвч ярилцаж ойлголцож чадахгүй байгаа тохиолдолд үе тэнгийнхэн, найз нөхөд, ангийн багшдаа хэлж болно. Тиймээс нэгдүгээрт, э цэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ бүх сэдвээр ярилцдаг байх ёстой. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд илт мэдэгддэг. Дуугаа хураах, хэт дотогшоогоо болно, ганцаараа байх дуртай болох, өөрийгөө илэрхийлж хүнтэй ярилцахаас айдаг болно, олны дунд орохоос эмээдэг болно, байнга гэртээ бүгдэг болно, сэтгэл гутралд орно  гэх мэт сөрөг тал ихтэй. Хоёрдугаарт, хүүхдээ сайтар ажиглах ёстой. Хэнтэй найзалж нөхөрлөж байна, хаана юу хийж байна, юу  хийх илүү сонирхолтой байгаа талаар ажиглах нь чухал. Гуравдугаарт, хүүхдээ бусадтай харьцуулахаа болих хэрэгтэй. Хүүхдийг хамгийн их гомдоодог зүйл бол бусадтай харьцуулах гэж хэлж болно.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх хэлэлцээрийг албажуулан баталлаа. Үүний үр дүнд хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.

Ингэснээр Монгол Улс дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. 2024 онд шинээр Узбекистан, Кувейт, Испани, Латви, Азербайжан улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Австрали, Иран, Индонез улстай агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэхээр төлөвлөж байна. Мөн  БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэг эхлүүлнэ.

Одоогийн байдлаар ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.3 хувиар өсчээ DNN.mn

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногт хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод 2024 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин, дуучин Д.Амартүвшингийн “Хөөрхөн төрөх албагүй” анхны бие даасан тоглолт болно DNN.mn

Жүжигчин, дуучин Д.Амартүвшингийн  “Хөөрхөн төрөх албагүй” анхны бие даасан тоглолт дөрөвдүгээр сарын 06-нд UB Place-ийн их танхимд болно.

Тоглолтонд урилгаар МУГЖ Л.Чаминчулуун, СТА, дуучин Э.Дашням, Б.Уранзаяа, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Лууяа, Ш.Саранхөхөө нар оролцох юм.

Categories
гадаад мэдээ

Украинд туслах бас нэг шинэ эвсэл байгуулагдав DNN.mn

Польшийн Батлан хамгаалах яамны тэргүүн Владислав Косниак-Камыс, Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус нар “Польш, Германы засгийн газар Украинд хуягт машин нийлүүлэх эвсэл байгуулж байна” гэж мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь “Веймарын гурвалжин” гэгддэг Франц, Герман, Польш улсын тэргүүн нар уулзаж “Украинд холын тусгалын пуужин, их буу нийлүүлэх шинэ эвсэл байгуулагдсан” гэж зарласны дараахан болж буйгаараа онцлог юм.

Батлан хамгаалахын сайд нар “Шинэ эвслийн хуягт машин нийлүүлэх ажил энэ сарын 26-нд эхлэх бөгөөд Их Британи, Швед, Итали зэрэг бусад улс орнууд үүнд нэгдэнэ” гэж мэдэгджээ. Косиниак-Камыш “Энэ бол байгуулагдсан хамгийн чухал эвслийн нэг” гэж сэтгүүлчдэд хэлэв. Харин Писториус “Энэхүү эвсэл ирээдүйд ч Украины аюулгүй байдлыг хангах зорилготой” гэж тайлбарлав. Германы Батлан хамгаалах яамны тэргүүн “Бид Украиныг пуужин, зэвсгээр хамтран хангах тухай ярьж байна. Нэг талаас, бид үүнийг аль хэдийнэ хийж байгаа, гэхдээ нөгөө талаас энэ нь ирэх хэдэн жилд Украины ирээдүйд зориулагдсан шинэ потенциал бий болгох хүчин чармайлтын нэг хэсэг юм “ гээд “Украиныг зэвсгээр хангах олон улсын бүлгийн (“Рамштейн формат” гэгддэг) одоогийн хурлаар хуягт машин нийлүүлэх эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэнэ” гэж нэмж хэлэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Берлин, Варшаваас Украины зэвсэгт хүчинд танк, явган цэргийн байлдааны машин зэрэг олон тооны хуягт машин илгээсэн. Гэвч зуны сөрөг довтолгоон амжилтгүй болсноор Украины Зэвсэгт хүчин энэ техникийнхээ зарим хэсгийг алдаад байгаа билээ.

Хамгийн гол нь хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар “Манай хоёр улс Европын холбооны улс орнуудад учирч болзошгүй халдлагыг няцаах зорилгоор түргэн шуурхай цэргийн бүлэг байгуулахад оролцоно” гэж мэдэгдсэн нь цэргийн шинжээчдийн анхаарлыг татав. Писториус, Косиниак-Камыш нарын хэлснээр, ирэх долдугаар сараас эхлэн улс бүрээс 2500 цэрэг бүхий, шаардлагатай тохиолдолд шилжин байрших чадвартай тусгай бүлэг бэлэн болох аж.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоног зогсоолоо DNN.mn

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.
Өнөөдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж та бүхэн олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зөвлөлөө.