Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа DNN.mn

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг боллоо.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх буюу хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 10 гишүүний 6 нь дээрх төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Тус Байнгын хороо энэ сард Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цаглавар хамаарахгүй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчид ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоног амарна DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 8 хүртэл долоо хоног үргэлжилнэ.

Зуны амралтын тухайд, 1-2 дугаар ангийнхан зургадугаар сарын 1-нээс, 3-5 дүгээр ангийнхан зургадугаар сарын 8-наас, 6-12 дугаар ангийнхан зургадугаар сарын 15-наас эхэлж амарна.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багахангай дүүрэгт зөрчлийн хэрэг 39 хувиар өсчээ DNN.mn

Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар,  92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна. Зуны улиралд Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн байгалийн цогцолборт газар болох Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг бол цахим залилангийн гэмт хэрэг нийтлэг үйлдэгдэх болжээ.

Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр зүүн болон говийн бүс рүү явдаг босоо тэнхлэгийн зам дайран өнгөрдөг учир замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих зөрчил ихээр үйлдэгджээ. Тиймээс 2024 онд  тухайн зөрчлийн хэргийг бууруулах, мөн хүний халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

Тус дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад онцгой анхаарч, Төрд учирсан хохирлыг  нөхөн төлүүлэх, шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийн бодит нөхөн төлбөрийг улсад төвлөрүүлэхэд хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгчээ.

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүмүүсийг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас хэрэгслээр хангах, хорих ялаас хугацааны өмнө суллагдсан  иргэдийг нийгэмд амьдрах, дасан зохицох нөхцөл боломжоор дэмжих зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан хүний хилээр нэвтрэх эрхийг сэргээгээгүй 18 зөрчлийг илрүүлж, хилийн хоригийг цуцлуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын нөөцийг нэмэгдүүлнэ DNN.mn

“Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсэг танилцуулга хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн олон улсад экспортлохоор бэлтгэсэн хонь, үхрийн махнаас дотоодын махны нөөцийг зохих хувиар нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг холбогдох хүмүүмт үүрэг болголоо.

Товч мэдээ
·      Орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгав.
·      Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
·      Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.
·      Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад харилцааны яамны дэргэд байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.

Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.

2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сан байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.

Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс бүрдүүлсэн “Үндэсний баялгийн сан” бий болж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжих юм.
“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл боловсруулна

“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.

Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр;
1.Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

2. Орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэрлэг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон аж ахуйн нэгжийн шалгуурыг  хангана.

5. Бэлчээр ашиглалт, малын тэжээл тариалалт, хашаа хорооны зохион байгуулалт сайжирна.

6. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төрөөс олгож буй урамшууллын ач холбогдол, үр өгөөж дээшилнэ.
7. Малчдын санал, санаачилгад тулгуурласан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зах зээлийн зарчмаар явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.

Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123,100 төгрөгийг мөн адил 275,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6  мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бямба гаригаас ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарын анхааралд… 

– Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх;

– Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх;

– Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх;

– Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх;

– Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх;

– Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, ирэх сараас 785.6 мянган төгрөг болно DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно. Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянгаас 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.  ХБИ-ийн нэн чухал байнгын асаргааны тэтгэмж гэж байдаг. Байнгын асаргаа үзүүлж байгаа гэр бүлийн хүнд нь олгодог тэтгэмж 2023 оны 7-р сард нэмэгдэж, 275 мянган төгрөг болсныг мөн 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр төмс, хүнсний ногооны зоорь барина DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо.

Хуралдааныг Байнгын хорооны дарга Ж.Батжаргал даргалж, Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээлэл сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын хэмжээнд 2024 онд 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.0 мянган га-д тариалалт хийж, 350.9 мянган  га-д уринш боловсруулж, 546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 4.0 мянган тонн, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал,  34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хураан авч, хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна гэж байлаа.

Мөн тариалалтад улаанбуудайн үр 55.0 мянган тонн шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацид 7.2 мянга, улсын үрийн нөөцөд 3.0 мянга, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд импортоор 9.5 мянган тонн үр орж ирүүлэхээр гэрээ хийж буйг дурдахын зэрэгцээ хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1177 тонн шаардлагатай гэв.

Өвлийн хүлэмж хоёр га, зуны нийллэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулна гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих, жимс, жимсгэний дотоодын хангамжийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 980 сая төгрөгт Төв, Хэнтий, Увс аймгууд, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэний суулгац үржүүлгийн төв 12 га-д байгуулна. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг тодотгосон.

Тэрбээр мэдээлэлдээ, Засгийн газрын хуралдаанд улаанбуудайн үрийг 30, төмс, хүнсний ногооны үрийг 80 хувь, бордооны татаасыг 30 хүртэл хувь олгох шийдвэрийн төслийг бэлтгэж, танилцуулна. Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгт хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн хуулийн этгээдэд хөнгөлөлт үзүүлэх, төмс хүнсний ногооны механикжуулалт 3.9 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, 950 га талбайг механикжуулна гэж байлаа.

Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө сайжруулах зээлд 2024 онд 65.0 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 16.0 тэрбум төгрөгийг тус тус  жилийн 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжихэд 8.0 тэрбум, хүлэмжийн аж ахуй байгуулахад 7.0 тэрбум, зоорийн аж ахуй байгуулахад 10.0 тэрбум төгрөгийг тус тус жилийн 6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл олгох мэдээллийг тариаланчдад хүргэж, хүсэлт ирүүлсэн материалыг цахим системд хянаж, арилжааны банканд хүргэж, бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна гэв.

Хүнсний ногооны хадгалалт, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад баригдах 200-500 тонн төмс, хүнсний ногооны зоорь барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг  зохион байгуулаад байгааг мэдээлэлдээ дурдсан юм.

Салбарын сайд мэдээлэлдээ, газар тариалангийн үйлдвэрлэлд 23.0 мянган тонн шатахуун хэрэгцээтэй ба тариалалт, уринш боловсруулалтад 11.0 мянган тонн, ургац хураалтад 12.0 мянган тонн шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан тоот хүргүүлсэн гэхийн сацуу  цаг агаарын болон бусад  гэнэтийн давагдашгүй хүчин зүйл  учраагүй тохиолдолд тариалалтыг 14-16 хоногт гүйцэтгэх техникийн хангамж бүрдээд буйг онцлон тэмдэглэсэн.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, ОХУ, Укрианы нөхцөл байдалтай холбогдуулан хаврын тариалалт эхлэхэд дизель түлшний хангамж тасалдахгүй, бүрэн нийлүүлэхэд холбогдох арга хэмжээ авч буй эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин говийн аймгуудын байгаль, цаг агаарын онцлогт тохирсон хүлэмжийн аж ахуйг дэмжсэн зэрэг тариалалтын бодлого баримталсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, малын тэжээлийн үйлдвэрлэлийн асуудалд тодорхой бодлого, дэмжлэг төлөвлөсөн эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал  үг хэлж, хаврын тариалалтын асуудалд холбогдох салбарын яам, Ажлын хэсэгт чиглэл өгсөн. Тухайлбал, тэрбээр Төсвийн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төсөл тариаланчдын бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчдэд хүрч буй гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн асуудалд ч томоохон нөлөө үзүүлэх хэдий ч бид тариалангийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшин, дэвшүүлсэн зорилтоосоо ухрахгүй гэдгийг тодотгоод хаврын тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах шаардлагатайг онцолсон. Төр засгаас  анхаарал тавьж 1959 онд атрын анхдугаар аяныг өрнүүлснээс хойших 65 жилийн хугацаанд газар тариаланг бие даасан шинжлэх ухааны үндэслэлтэй салбар болгож хөгжүүлсэн бөгөөд цаашид энэхүү амжилтаа улам ахиулан өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд байгаа 40 мянган тонн үрийн хянан баталгаажуулалт, импортоор орж байгаа үрийн чанар, цаашлаад малын тэжээлийн ургамлын үрийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг гэж байлаа. Мөн хаврын тариалалтаас өмнө аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, говийн бүсрүү хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зээл олгох асуудлыг тусгах, тариалалтаас ургац хураалт хүртэл шаардлагатай түлш, шатахууны нийлүүлэлт, хангалтын асуудалд бодлогоор анхаарах, үрийн нөөцтэй болох, хөрс, талбайн хамгаалалтын хүрээнд хашаажуулалтын ажилд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэлийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.