Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.8 хувиар өсчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард 17.6 их наяд төгрөг болж, өнгөрөгч нэгдүгээр сараас 457.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна. Харин 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж. Түүнчлэн валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 901.4 тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Categories
мэдээ нийгэм

Голын мөс цөмөрсөн хоёр дуудлага иржээ DNN.mn

Өнгөрсөн 7 хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.

2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас баржээ.

Иймд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал тус хэргийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай эрэгтэй О гэгч үйлдсэн байна.

Одоогоор түүнийг баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна DNN.mn

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ.
Categories
мэдээ цаг-үе

Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна DNN.mn

Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна.

Тодруулбал Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай арга хэмжээ аван ажилласан.

Тухайлбал Хан-Уул дүүргийн  наймдугаар хороо, Яармагийн замд тогтсон усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, УБЗАА болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс нийт 25 албан хаагч зургаан машин техник, дөрвөн помптойгоор сорууллаа.

Авто замд тогтсон 54 тонн усыг нийт долоон рейсээр соруулж дуусгаад байгаа юм. Тухайн байршилд холбогдох байгууллагууд сувагчлал, усны хаялга зэргийг хийхээр ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимд шар усны үер бууж Хөлийн голд нийлсний улмаас 30 айл их бага хэмжээгээр усанд автжээ.

Иймд өнгөрсөн шөнөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газар, ГУББГ, УБЗАА болон Баянзүрх дүүргийн холбогдох хэлтэс, газруудын 35 албан хаагч, 12 машин механизм, хоёр помптойгоор ажиллаж байна.

Тухайн байршилд сувагчлал татах, шар ус соруулах, усанд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж буй.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Оюунбаяр: Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга, шугам хоолойн угсралтын ажил 85 хувьтай байна DNN.mn

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцыг өчигдөр сурвалжиллаа.

Төв цэвэрлэх байгууламж өнөөгийн байдлаар хоногт 160-210 мянган метр куб бохир ус хүлээн авч 70-80 хувьтай цэвэрлэн байгальд нийлүүлж байна. Шинэ цэвэрлэх байгууламж 2025 онд ашиглалтад орно. Одоогийн байдлаар барилга байгууламж, шугам хоолой угсралтын ажил 85 хувьтай байна. Ирэх наймдугаар сард анхны бохир усыг хүлээн авч туршилтын шатанд шилжинэ. Биднийг төв цэвэрлэх байгууламжийн инженерүүд үндсэн гурван цэвэрлэх шат дамжилгатай танилцууллаа. Эхний дамжилга нь Насосны станц буюу бохир уснаас ахуйн хог хаягдал ялгах механик цэвэрлэгээ хийгддэг станц. Тус станц нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, хоолны хаягдал, даавуу, үс, хүүхдийн памперс гэх мэт усанд уусдаггүй ахуйн хаягдлыг ялган цэвэрлэдэг. Энэхүү үйлдлийг гүйцэтгэх төхөөрөмжид шаардлагатай цэвэрлэгээг ажилтан хүрз, гапуугаар хийдэг. Өдөрт 4-5 тонн ахуйн хог хаягдал гардаг. Иргэд суултуурт ахуйн хог хаягдал хийдгээс үүдэж энэхүү хүндрэл учирдаг байна. Мөн арьс шир, ноос ноолуур боловсруулах 53 үйлдвэрээс үйлдвэрийн бохир ус Урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бол бусад 27 үйлдвэрийн хаягдал бохир ус урьдчилан цэвэрлэгээ хийгдэлгүйгээр тус байгууламжид ирж байна.

Дараагийн зогсоол лаг усгүйжүүлэх байгууламж байлаа. Өмнө нь лаг усгүйжүүлэх байгууламжгүй байхад лагийг 3-4 жил ил задгай хатаадаг байсан бол тус байгууламж бий болсноор хоногт 900-1300 метр куб лагийг усгүйжүүлж байна. Үүний үр дүнд лаг илүү хурдан хатдаг байна. Түүний дараа нэг, хоёрдугаар тунгаагуурыг харуулсан бөгөөд тэдгээр нь харьцангуй үнэр бага байлаа. Учир нь үнэр саармагжуулах ажил хийгдсэн ба хлороор халдваргүйжүүлэх ажил мөн хийгдэх аж. Эцсийн шат нь “UB” байгууламжаар дамжиж Туул голд цэвэршсэн усыг нийлүүлдэг. Ирж байгаа бохирдлын хэмжээ стандартаас 2-4 дахин өндөр, бохир усны гидравлик ачаалал их байгаагаас биологи цэвэрлэгээний процесс хэвийн явагдах боломжгүй байгааг инженерүүд онцолж байв.

-Та Төв цэвэрлэх байгууламжид хэд дэх жилдээ ажиллаж байна. Ажлын байранд шаардлагатай хувцас, хэрэглэлээр хангагдаж байна уу?

-Би хоёр дахь жилдээ Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна. Ажлын байрны нөхцөл бол мэдээж хүнд, мөн хортой. Миний ажиллаж байгаа лаг усгүйжүүлэх хэсэгт тоног төхөөрөмжийн эвдрэл их гардаг

Жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагддаг. Мөн ажлын гараа бүр дээр хоргүйжүүлэх зорилгоор бидэнд сүү өгдөг журамтай. Нийт ажилчдын маань 60 хувь нь эрэгтэй. Ажлын хэрэгслээ тогтмол хэрэглэдэг. Миний одоо хэрэглэж байгаа маск гэхэд үнэрийг 100 хувь шүүхгүй. Мэдээж хорт хийнээс тодорхой хэмжээнд хамгаалах шүүлтүүртэй. Халууцах нь бага.

-Таны ажиллаж байгаа станц нь ямар үүрэгтэй дамжлага вэ?

-Лаг усгүйжүүлэх байгууламж юм. Миний үүрэг энэхүү байгууламжийн эвдрэл гэмтлийг засварладаг. Тухайлбал, насосын ажлын дугуй, шугам хоолой, хаалтад хаягдал ноос орж механник гэмтэл үүсгэж байна. Түүнчлэн боолт, ремээн, шургуу зэрэг зүйлс амархан хугардаг. Учир нь энэхүү станц нь зогсолтгүйгээр жилийн бүх өдөр ажиллаж байдаг. Эвдрэлийг цаг тухайд янзлах нь миний үүрэг. Иргэддээ хандаж хэлэхэд, бидний хийдэг ажлыг ойлгож, хүндлээрэй. Битгий суултууртаа ахуйн хог хаягдал хаяарай. Муухай үнэр нь хоёр хоногийн дараа гардаг. Ажлын онцлог болохоор яалтай билээ.

Төв цэвэрлэх байгууламжийн дарга О.Оюунбаяр: -Төв цэвэрлэх байгууламжийн үндсэн үүрэг нь ахуйн бохир усыг цэвэрлэх үүрэгтэй. 2013 оноос тус байгууламж ачааллын хувьд анх төлөвлөгдсөн хүчин чадлаас илүү ачаалал авч хүндрэл үүсээд байсан. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлуудын үр дүнд хүчин чадал нь тодорхой хэмжээнд нэмэгдсэн.

Байж болох хамгийн оновчтой чиглэл, шийдлээр ажиллаж байна. Ирэх жилүүдэд Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Төв цэвэрлэх байгууламж нь анх 1963 онд ашиглалтад орохдоо лагийг ил задгай хатаах, түүний дараа устгалд оруулах шат дамжлагатай баригдсан. Сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны голлох үзүүлэлтүүдийн бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагийг далд хэлбэрт байлгах төлөвлөлттэй. Үүний үр дүнд үнэртэх асуудал гарахгүй юм.

Түүгээр зогсохгүй лагийг исэлдүүлсний үр дүнд хийн түлш үйлдвэрлэх боломжтой. Барилга хот байгуулалтын яамны төслийн нэгж рүү хандаж та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Иргэд дунд нийтлэг буруу ойлголт байдаг нь нийслэлд үнэртэж байгаа үнэр бүр Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байгаа гэх юм. Үнэр бүр эзэнтэй, хотод үнэртэж байгаа бүх муухай үнэр төв цэвэрлэх байгууламжаас улбаагүй.

Тухайлбал, “Очир дагинас” ХХК өнгөрсөн намар устгалд оруулах ёстой хийн бодисоо шугамын хоолой руу асгасан байж болзошгүй гэж гүтгэгдсэн шүү дээ. Эцэст нь тухайн компани буруугүй байсан. Үүнтэй ижил нийслэлд үнэртэж байгаа муухай үнэр бүр Төв цэвэрлэх байгуулжаас гараагүй. Төв цэвэрлэх байгууламжийг тойроод маш олон арьс шир, өлөн боловсруулах үйлдвэр байрлаж байна. Эдгээр үйлдвэрүүд ч тодорхой хэмжээний муухай үнэр ялгаруулж байгаа юм. Мөн байгууламжийг тойрсон 500 метрийн радиуст хүн амьдрах ёсгүй юм гэв.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхцэцэг: Хаврын улиралд амиа хорлолт бусад улирлаас илүү тохиодог DNN.mn

Хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйд яагаад өөрчлөлт илэрдэг талаар “Сэтгэл зүйн зөвлөгөө” цуврал номын зохиолч, Австрийн Зигмунд Фройд их сургуулийн докторант Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

——————————————————————————————

-Хаврын синдром гэж үнэхээр байдаг уу. Үүний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

-Шинжлэх ухааны нэршил нь яг ч хаврын синдром биш Seasonal Affective Disorder буюу Улирлын сэтгэл санааны эмгэг. Тиймээс зөвхөн хавар ч биш, ямар ч улиралд Улирлын сэтгэл санааны эмгэг илрэх боломжтой. Өвөл, зун, хавар, намар аль ч улиралд тухайн хүний онцлогоос хамаарна. Жишээлбэл, өвөлтэй холбоотой, өвөл болж байсан таагүй дурсамжтай хүнд өвлийн улиралд энэ эмгэг илрэхийг үгүйсгэхгүй. Хаврын улиралд байгаль дэлхий сэргэж, ногоо нахиалж, амьтад ичээнээсээ гарахтай зэрэгцэн хүмүүст маниа буюу хөөрөл илэрдэг. Хүмүүсийн сэрэл мэдрэхүй ч бас сэргэж байдаг. Маниа гэдэг нь байполар буюу хоёр туйлт эмгэгт илэрдэг нэгэн шинж юм. Хоёр туйлт эмгэг нь нэг бол маш их хөөрөлд автдаг, эсвэл гүн сэтгэл гутралд ордог. Хүнийг гаднаас нь хараад хөөрөл нь давамгайлсан байна уу, гутрал давамгайлсан байна уу гэдгийг тодорхойлж болно. Хаврын улиралд хүмүүс хөөрөлд автаад унтах нь багасах, их ярих, хөдөлгөөний идэвхтэй болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

-Тиймээс хүмүүс хөөрөлд автдаг юм байна?

-Хүмүүс зөвхөн хөөрөлд автаад эрч хүчтэй байхаасаа гадна сэтгэл гутралд ч автаж байдаг. Нэг хэсэг нь хөөрөлд автдаг бол нэг хэсэг нь сэтгэл гутралд автдаг. Жишээлбэл, 2016 онд хийсэн нэгэн судалгаагаар хаврын улиралд амиа хорлолт бусад улирлаас илүү тохиодог. Хавар болоод уур амьсгал гоё байж болох ч хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс энэ үеэр амиа хорлох өндөр эрсдэлтэй байдаг. Үргэлж инээгээд, баярлаад явж байсан хүн долоо хоногийн дараа орноосоо ч босох тэнхэлгүй болтлоо сэтгэл гутралд өртөж болно.

-Хүмүүст хөөрөл гэлтгүй хямрал бас үүсдэг байх нь?

– Хэрвээ сайн анзаарвал ажлын газрын тань хүмүүст ч хавар болсонтой холбоотой өөрчлөлт гарч байгаа. Даруухан, ичимхий, дотогшоогоо хүмүүс цоглог, санаачилгатай, гадагшаа хандлагатай болчихсон байдаг. Гадуур шоудах, хүмүүстэй уулзах гэх мэт нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоно. Мэдээж тухайн үедээ зүгээр ч гэсэн төгсгөл хэсэг буюу хөөрөл дуусах үед сэтгэл гутралд автах эрсдэлтэй байдаг. Тэр хэсэгт хүмүүс хоосорсон, цөхөрсөн мэдрэмжид автдаг. Хүн ганцаараа бие дааж сэтгэл зүйн хүнд нөхцөлөөс гарах бэрх. Тиймээс ойр тойрныхоо хүмүүсийг анхаарч байх хэрэгтэй.

-“Чингис хаантай уулзлаа, Эйнштентэй хамт аугаа онол нээчихлээ” гээд байдаг хүмүүс ямар учиртай вэ?

-Хийрхэх эмгэг буюу жүжигчлэх. Тэдгээр хүмүүс амьдралыг тайз гэж хардаг, өөрийгөө жүжигчин гэж итгэдэг.Бүх зүйлсийг жүжигчилсэн хэлбэрээр харуулах гэдэг тийм эмгэг юм. Шизофрений үндсэн хоёр шинж буюу дэмийрэх, хийрхэх гэсэн хоёр шинж илэрч байгаа юм. Бодит бус зүйл бодож, харж байна гэсэн үг.

-Хавар гудамжинд хувцасгүй гүйгээд байдаг хүмүүс ямар сэтгэл зүйн асуудалтай байдаг вэ?

-Ямар үйлдэл гаргаж байгаагаас хамаараад өөр өөр онолоор тодорхойлогддог. Жишээлбэл, хувцасгүй гадаа явж байгаа шалтгаан хөөрөлөөр тайлбарлагдана. Биеийн хэмээр ч тайлбарлагдаж болно. Нарны гэрэл нөлөөлж, цусны эргэлт хурдсаж биед өөрчлөлт ордог гэсэн үг. Нарнаас үүдэж хүний оюун ухаан, бодол санаанд өөрчлөлт орж байгаа юм.

-Энэ төрлийн эмгэгтэй хүмүүс өөрийгөө хянаж чадах уу?

-Хурцадмал шинж чанартай хүмүүс мэдээж СЭМҮТ-ийн хараа хяналтанд байдаг. Сэтгэл гутралтай, хөөрөл ихтэй байна гэдгээ өөрөө анзаарч чадах хүн ховор. Олон хүмүүс тусламж авч чаддаггүй. Хүүхэд залуус тэр дундаа мэргэжлийн хүнээс тусламж зөвөлгөө авах боломж хомс байна. Хүүхдүүдэд улирлын сэтгэл санааны эмгэг уур бухимдлаар илэрдэг. Хүүхдүүд тулгамдсан асуудлынхаа тухай хэлэхэд “үхсэндээ маяглаад байгаа юм” гэсэн хандлага эцэг эхчүүд гаргаж болохгүй. Хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлэх үед сонсож ойлгох гэж хичээх хэрэгтэй.

-Хаврын улиралд хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Орчин үед монголчууд энэ тал дээр анхаардаг болсон нь сайн хэрэг. Энгийн боловч хоол хүнсээр дамжуулан шим тэжээлээ сайн авах, бөх унтаж амрах хэрэгтэй. Усанд орох хүртэл их сайн. Сэтгэл гутралтай хүмүүст илэрдэг нийтлэг шинж нь усанд ордоггүй. Тиймээс усанд орох, хүнийг маш сайхан сэргээдэг. Дуртай спортоороо хичээллэх, амин дэм хэрэглэх зэрэг нь сайн.

-Эдгээр зүйлсийг хийсэн ч үр дүнд хүрэхгүй бол яах вэ?

-Хүн эдгээр зүйлсийг хийгээд хичнээн сэтгэлийн гүндээ, угтаа шарх болон асуудалтай бол түүнийг шийдвэрлэх, эдгээх хэрэгтэй. Хэт их ганцаараа давж туулах гэж хичээх нь буруу. Энэ нь сүүлдээ хийх ёстойн дарангуйлалд ордог. “Би бүгдийг оролдож үзлээ, гэтэл” гэдэг асуулттай нүүр тулдаг. Хүн унтаж чадахгүй, цөхрөлд автаад, байнга ядраад, хүмүүстэй харилцах хэцүү байгаа бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Бөөр өвдөөд байна гээд эдгэхийг нь хүлээгээд, эсвэл өөрөө эмчилдэггүй шүү дээ. Үүнтэй л ижил.

Н.Нарванчин

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.03.24 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 06.46-19.10
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 3 сарын 24, Адъяа гариг. Билгийн тооллын 14, Харцага одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:46-19:10. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд   18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академи хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт ба дүн шинжилгээ, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн ахиц дэвшил, цаашдын төлөв ба олон улсын туршлага, ТББ, мэргэжлийн холбоодын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын төвүүдийн байгуулсан эвлэрлийн гэрээний биелэлтийн талаарх олон улсын туршлага, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны товч танилцуулга, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн тушаалаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тус үйл ажиллагаатай уялдуулан 2023-2025 онд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институцийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх зорилготой.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2012 онд баталсан. Тус хууль батлагдсанаар аливаа хэрэг, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Хэрэгжилтийн явцад тус хуулийн хүрээ, маргааны төрлийг өргөжүүлэх, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын эвлэрлийн маргаан шийдвэрлэх ажиллагааны процессыг нарийвчлан тусгах, гэрээний биелэлтийг сайжруулах, нэр томьёог жигдлэх, хийдлийг арилгах, эвлэрүүлэн зуучлагчийн эрх зүйн статусыг тодорхой болгох, чадавх, нийгмийн баталгааг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг асуудлуудыг хуулийг шинэчлэн боловсруулах замаар шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэн.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар шүүхийн ачаалал буурах, арилжаа, хөрөнгө оруулалтын харилцаа нэмэгдэх зэрэг эерэг үр дагавар үүснэ.

Мөн иргэний эрх зүйн харилцааны оролцогчдын эрх, ашиг сонирхол хангагдах, хурдан шуурхай, маргаан шийдвэрлэх субьектээ өөрөө сонгодог, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөхгүй нууцлал сайтай, хараат бус, хөндлөнгийн бие даасан механизмаар маргаанаа шийдвэрлүүлэх боломж бэхэжнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.