Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.02.04 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ГУРВАН ХӨХ ШАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 08.17-17.55
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 4, Адьяа гариг. Билгийн тооллын 24, Онгоц одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон луу жилийн хаврын уур орох улирал (16ц 40м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 04-нөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Халаасны хулгайн 70 хувь нь зах, автобус дотор гарч байна DNN.mn

Халаасны хулгайн гэмт хэрэг өсч байгаа учир иргэдийг автобус болон зах худалдааны төвөөр зорчихдоо сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

2024 оны нэгдүгээр сарын байдлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нийт 121 халаасны хулгайд өртсөн дуудлага бүртгэгдсэн байна.

Эд зүйлээ халаасны хулгайчид алдсан дуудлага мэдээллийн 69,6 хувь нь зах худалдааны төв, автобусны буудал, автобус дотор гарчээ.

Хүмүүс ихэнхдээ гадуур хувцасны кармандаа гар утас, хэтэвч, бэлэн мөнгийг хийснээр эд хөрөнгө, үнэт зүйлсээ алдсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно DNN.mn

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Үнэт цаасны арилжаагаар 725.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ DNN.mn

Үнэт цаасны арилжаагаар 2023 онд 725.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 1148.3 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оныхоос гүйлгээ 174.7 (31.7 хувь) тэрбум, арилжсан үнэт цаас 548 (91.3 хувь) сая ширхгээр нэмэгджээ.

Үнэт цаасны гүйлгээ өнгөрсөн оны 12 дугаар сард 56.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 36.8 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оныхоос 113.6 (66.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Арилжсан үнэт цаас 74.5 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 54 (3.6 дахин) сая   ширхгээр өсөж, өмнөх оныхоос 59.3 (44.3 хувь) сая ширхгээр буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2023 оны 12 дугаар сард 38553.9 нэгж болж, өмнөх сарынхаас 1853, өмнөх оныхоос 2377.1 нэгжээр нэмэгдэв. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн оны 12 дугаар сард 11.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.5 (14.5 хувь) их наяд, өмнөх оныхоос 4.7 (68.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

32-ын тойрог орчимд үйлчилгээний төв байгуулж, тохижуулна DNN.mn

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, 32-ын тойрог орчимд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийх юм.

Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төсөлд ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 5-наас эхлэн 14 хоног хугацаанд олон нийтээс санал авна гэдгийг Хотын дарга мэдээллээ. Санал асуулга эхэлмэгц иргэд www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд шаардлагатай засварыг энэ онд хийнэ DNN.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүй байна. Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөөд байгаа юм. 2023-2024 оны хичээлийн жилд 29 дүгээр сургуульд нийслэл болон 21 аймгийн тусгай хэрэгцээт 263 хүүхэд суралцаж, 145 багш, ажилтан ажиллаж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар:

-Манай сургууль нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сургалт явуулж эхэлсэн ууган сургууль бөгөөд 1964 онд үүсэн байгуулагдсан. 1989 оноос хойш иж бүрэн засвар ороогүй. Энэ хугацаанд урсгал засварын санхүүжилтээр засвар үйлчилгээ хийж ирсэн ч сүүлийн жилүүдэд дулаан алдалт хүндэрч, тулгамдсан асуудал болсон. Ялангуяа дотуур байр 24 цагийн үйл ажиллагаатай, 130 хүүхэд байрладаг. Хүүхдүүдийн эрх ихээр зөрчигдөж байсан тул бид сүүлийн зургаан жилийн турш шат шатны байгууллагад хандаж, хүсэлт гаргасаар ирлээ. Гадна фасадыг метал хавтангаар хийх шаардлагатай байгаа. Нийслэлийн удирдлагууд газар дээр нь ирж, сургуулийн нөхцөл байдалтай танилцан, шийдвэрлэхээр ажиллаж буйд баяртай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлээс бодлого гарган ажиллана. 2010-аад оноос хойш замбараагүй, төлөвлөлтгүй баригдсан орон сууцны хотхон, хорооллуудад сургуулийн хүртээмж маш муу байгаа. Энэ асуудлыг шийдэж, цэгцлэхийн тулд сургууль, цэцэрлэгүүдийг үе шаттай байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Алтай”, “Голден парк” хотхон, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхон, “Шинэ яармаг” хороолол, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо зэрэг байршилд газар чөлөөлж, сургууль барихаар болсон. Энэ жил сургууль, цэцэрлэг барьж, байгуулахад 160 орчим тэрбум төгрөг зарцуулна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Нийслэлээс 2024 онд сургууль цэцэрлэгийн хүртээмж дээр онцгой анхаарч нийт 33 сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар төлөвлөөд байна. Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг зэрэг хүн амын суурьшил илүү нягтарч байгаа байршлуудад газар чөлөөлж, улсын сургууль, цэцэрлэгийг байгуулна. Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний хамгийн гол хоёр хүчин зүйлийн нэг нь боловсролын чанар байна. Энэ төвлөрлийг сааруулах, боловсролын хүртээмжийг сайжруулахын тулд хотын захын сургуулиудын боловсролын чанарыг илүү хүртээмжтэй болгох дээр бодлого гарган ажиллаж байгаа юм. НЗДТГ-аас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгох төсөл хэрэгжүүлж байна хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин, тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл 2050 он хүртэл 77 хувиар өсөх тооцоо гаргажээ DNN.mn

Дэлхийн Хорт Хавдрын өдөр ирэх Ням гарагт тохиох гэж байгаатай холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр сүүлийн үеийн тоо баримтуудаа танилцуулжээ.

Танилцуулсан гол тоо баримтуудыг дурдвал:

  • Хамгийн сүүлийн тайлант жил буюу 2022 онд хорт хавдрын 20 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, 9.7 сая хүн нас барсан байна
  • 2022 оны байдлаар хорт хавдартай нь оношлогдоод тав хүртэл жил амьдарч буй хүмүүсийн тоо 53.5 сая байжээ.
  • Дэлхийн хүн амын таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилж байна. Есөн эрэгтэй тутмын нэг, 12 эмэгтэй тутмын нэг энэ өвчлөлөөр нас барж байна.
  • 2022 оны байдлаар хамгийн түгээмэл нь уушги, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар байжээ. Жилд уушгины хорт хавдрын 2.5 сая, хөхний хорт хавдрын 2.3 сая, бүдүүн гэдэсний хорт хавдрын 1.9 сая шинэ тохиолдол нэмэгдэж байна.
  • 2050 он гэхэд жилд бүртгэгддэг хорт хавдрын тохиолдлын тоо 2022 оны 20 саяас 77 хувиар нэмэгдэж, 35 саяд хүрэх тооцоо гарчээ.
  • Энэ өсөлтөд нэг талаас ерөнхий хүн амын хөгшрөлт, өсөлт, нөгөө талаас хүмүүсийн эрсдэлд (хоол хүнс, хүрээлэн байгаа орчин г.м) өртөх явдал нэмэгдэх нь нөлөөлөх гэнэ.

 

Эх сурвалж: WHO

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Э.Ням-Очир эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч боллоо DNN.mn

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2024 онд шигшээ багийг удирдах дасгалжуулагчийн багийг зарлалаа.

Холбооны удирдах зөвлөлийн хурлаар Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилсон аж.

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Бямбаа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар ажиллахаар боллоо.

Харин эмэгтэй багийг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар ахлаад Ц.Баярсайхан, Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар туслахаар нь сонгогджээ.

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо