Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн өдрүүдэд 5200 тонн шахмал түлш борлуулалтын цэгүүдээр худалдаална DNN.mn

“Тавантолгой түлш” компани Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 5200 тонн шахмал түлшийг борлуулалтын цэгүүдээр дамжуулан худалдан борлуулна.

Сонгинохайрхан дүүрэгт 78 цэгээр 2545, Баянзүрх дүүрэгт 67 цэгээр 900 тонн, Чингэлтэй дүүрэгт 17 цэгээр 460 тонн, Хан-Уул дүүрэгт 30 цэгээр 450 тонн, Баянгол дүүрэгт 27 цэгээр 345 тонн, Сүхбаатар дүүрэгт 23 цэгээр 360 тонн, Налайх дүүрэгт 10 цэгээр 130 тонн түлш худалдан борлуулах юм.

Шинийн дөрвөнөөс борлуулалтын бүх цэг хэвийн ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргаашнаас Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгоно DNN.mn

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг маргааш буюу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс зөвхөн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгохоор боллоо.

Тодруулбал, Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн үйлчилгээний цэгт очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээн авах боломж бүрдэж байна.

Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа:

  1. Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, бичиг баримтын хуулбарыг хураалгана.
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.

Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өмнө нь зөвлөгөө мэдээлэл авах, бүртгүүлэх, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлт өгөх, оршин суух үнэмлэхээ авах, хасалт хийлгэх зэргээр хамгийн багадаа долоон удаа биечлэн ирдэг байсан нь үйлчилгээ цахимжсанаас хойш хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ авахаар нэг л удаа биечлэн ирдэг болж буурсан. Харин одоо хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ өөрт ойр үйлчилгээний цэгээс авах боломжтой болсноор хотын төвөөс алслагдмал үйлчилгээний цэгт очих цаг зав, зардал мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой болж байна.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тов гарчээ. Тодруулбал, 44 хууль тогтоомжийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд:

1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

5/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;

13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

23/”Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/””Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;

26/”Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;

32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;

33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;

35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

36/Цусны донорын тухай хуулийн төсөл;

37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 02-р сарын 05-ны 20 цагаас 02-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -37…-42 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Ерөө, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

2024 оны 02 дугаар сарын 07-ноос 2024 оны 02 дугаар сарын 11-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Чили улсад гарсан ойн түймрийн улмаас 120 хүн амиа алджээ DNN.mn

Чили улсад дэгдсэн ойн түймрийн улмаас 120 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй болсон хэмээн тус улсын эрх баригчид мэдээллээ.

Валпарайсо хотын төв бүсэд ойн түймэр үргэлжилсээр байгаа тул амь үрэгдэгсэдийн тоо нэмэгдэж болзошгүйг Ерөнхийлөгч Габриэль Борич анхааруулав.

Чилийн үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албанаас гал түймэрт өртөж нас барсан 32 хүний цогцсыг таниулж, 38 хүний цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, 10 цогцсыг төрөл төрөгсдөд нь таниулах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдээлсэн байна.

Тус улсад нүүрлээд байгаа ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 8000 га талбай, 1400 орон байр шатсан бөгөөд Валпараисо далайн эргийн хотын нийт 372 оршин суугч сураггүй алга болжээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-нд эхэлнэ DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд www.e.halamj.mn сайтаар явагдана.

Уг шалгалтаас нийт 4,261 хүнийг сонгон шалгаруулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 насны буюу 1984 оны хоёрдугаар сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын29-ний өдрийн хооронд төрсөн байх
  • Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  • БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй.

Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг энэ сарын 16-нд hudulmur-halamj.gov.mn болон monkor.net сайтад байршуулах аж.

Categories
мэдээ нийгэм

В, С ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна DNN.mn

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс  гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм.

Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо.

Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна.

Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо.

Мөн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-н гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэнэ. Ч чиглэлд явах автобусны тоог нэмнэ.

Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно.

Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна.

Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар 2 материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай байв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны бүртгэл эхэллээ DNN.mn

Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Хоёрдугаар сарын 08, 09-нд 13:00 цагт болно.

Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын сенаторууд тохиролцоонд хүрчээ DNN.mn

АНУ-ын сенаторууд Украин, Израильд тусламж үзүүлэх, АНУ-ын өмнөд хилийг бэхжүүлэхэд зориулах нийт 118 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн тухай хоёр намын удаан хэлэлцсэн хуулийн төслийг батлах тохиролцоонд хүрчээ. АНУ-ын Сенатын гишүүд Украин, Израильд тусламж үзүүлэх, АНУ дахь цагаачлалын хуулийг чангатгах тухай хоёр намын хэлэлцээрийн эцэст АНУ, Мексикийн хилийн хамгаалалтын тухай 370 хуудас бүхий хуулийн төслийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, уг хуулийг яаралтай батлахыг Конгрессоос хүсчээ. Энэ долоо хоногийн дундуур анхны санал хураалт явуулах бөгөөд уг хуулийн төсөл Бүгд найрамдах намын олонх болсон Төлөөлөгчдийн танхимд зохих саадтай тулах нь тодорхой. Гэхдээ л уг хууль батлагдах нь нэгэнт тодорхой болжээ.

Өнгөрсөн намраас хойш сенаторууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсны гол шалтгаан нь Мексиктэй хил залгаа бүсийг бэхжүүлэх арга хэмжээ, цагаачлалын бодлогыг чангатгах талаар Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны санал зөрөлдөөн байсан билээ. Бүгд найрамдахчууд Мексиктэй хиллэдэг хилийн хяналтыг чангатгасан тохиолдолд Украинд нэмэлт тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн болзол тавьсан юм. Ийнхүү нэмэлт санхүүжилт болох нийт 118 тэрбум гаруй ам.долларыг батлах тохиролцоонд хүрч чадав.

Үүний 60.06 тэрбумыг Украинд, 14.1 тэрбумыг нь Израильд, 20.23 тэрбумыг Мексиктэй хиллэх хилийн аюулгүй байдлыг хангахад, 4.83 тэрбумыг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын түншүүдийг дэмжихэд, 2.44 тэрбумыг нь Улаан тэнгис дэх АНУ-ын цэргийн Төв командлалын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулахаар болсон байна.

Г.АМАРСАНАА