Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Цэнд: “50 машин нэр бүхий сэтгүүлчид өгсөн” гэсэн агуулгыг сэтгүүлчид нягтлахгүйгээр дамжуулсан нь мэргэжлийн байх зарчмаа алдсан DNN.mn

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Энэ асуудлаас улбаалж нийгэмд, олон нийтийн сүлжээнд, ялангуяа сэтгүүлчдийн дунд “40 сэтгүүлч нүүрсний машин авсан. 50 сэтгүүлч авсан. Тэд хэн бэ” гэх асуултууд өрнөж байна. Энэ хүрээнд СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор Ph.d Д.Цэндтэй ярилцлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Гэтэл үүнийг олон нийтийн сүлжээнд “40 сэтгүүлч нүүрсний машин авсан” гэж өөрчлөн ярьж шүүмжилж эхэллээ. Баримт гэдэг сэтгүүл зүйд ямар ач холбогдолтой талаар лавшруулж ярьж өгөхгүй юу?

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол мэргэжлийн үйл ажиллагаа. Монголын нийгэм тэр чигээрээ сошиалд хөтлүүлчихлээ шүү дээ.

Энэ тохиолдолд сэтгүүлчид мэргэжлийн байх ёстой. Дээрээс нь иргэдийн мэдээллийн боловсрол маш чухал болчихсон. Сошиалд байгаа мэдээллийг үнэн гэж хүлээж авах уу, аль эсвэл мэргэжлийн ямар нэгэн сэтгүүлчийн үйл ажиллагаанаас гарсан мэдээллийг үнэн гэж хүлээж авах уу гэдэг хоёр ойлголтыг сошиал нийгэм, олон нийт ялгахаа больчихсон. Сэтгүүл зүйд баримт чухал. Сэтгүүл зүй баримт дээр л тогтож явдаг. Бид баримтаар л ярихаас биш сошиалчны, иргэний мэдээллийг үнэн гэж хүлээж авч болохгүй. Иргэд ч хүлээж авах боломжгүй. Гэхдээ сошиалд иргэн аливаа зүйлийг мэдээлж байна гэдэг тухайн хүн мэдээлэлтэй байх, мэдэх эрхээ эдэлж байгаагийн илрэл. Тэр хүний буруу биш.

Гэхдээ ямар мэдээллийг сэтгүүлчид цааш цацах вэ. Энэ мэдээлэл нийгэмд хэр нөлөөтэй вэ гэдгийг ойлгодог байх нь чухал.

-Эх сурвалж нь тодорхой. “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Харин сэтгүүлчид болохоор “40 сэтгүүлч нүүрсний машин авсан, тэд хэн бэ” гэж өөрөөр ярьсан нь дийлэнх байлаа?

-Энэ бол хоёр талтай зүйл. Б.Энхбаяр сайд 50 машиныг нэр бүхий сэтгүүлчид өгсөн гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн байсан. Таны хэлснээр сэтгүүлчид өөрсдөө 40 нүүрсчин сэтгүүлч гээд бичээд эхэллээ.

Энэ мэдээлэл хаанаас гарч ирсэн бэ. Хэний бичсэн тоо вэ. Сэтгүүлчид баримтыг нягтлалгүйгээр шуугиад эхэлж байгаа нь сэтгүүлчдийн төдийгүй цаашлах юм бол энэ салбарын, энэ нийгмийн нэр хүндэд буруугаар нөлөөлж байгаа зүйл. Үнэхээр 40 сэтгүүлч нүүрсний машин явуулдаг бол Б.Энхбаяр сайд түүнийгээ зарлах ёстой. Нөгөө талдаа сэтгүүлчид үүнийг бодит баримттайгаар нотолсныхоо дараа түгээх ёстой. Үүний цаана ямар ч агуулга явж болзошгүй. Тэр мэдээллийг хэн ч гаргасан байж болно. Гэтэл сэтгүүлчид баримтаа, эх сурвалжаа нягтлахгүйгээр түгээнэ гэдэг л том аюул. Ямар бодол санаатайгаар цацаад байгааг мэдэх боломжгүй. Магадгүй “дөрөв дэх засаглал”-ын амыг боох, сэтгүүлчдийн нэр хүндэд ямар нэгэн байдлаар халдах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй. Энэ нь цаашдаа мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хортойгоор нөлөөлдөг.

Тэгэхээр бидний гол зүйл бол сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийн, мэдлэг мэдээлэлтэй байх, баримтан дээр ажилладаг, баримт мэдээллийг боловсруулж, магадласныхаа дараа цааш дамжуулдаг байх ёстой. Хэрэв бид ингэж хариуцлагатай байхгүй бол нийгэм олон нийт яаж ч тоглолт хийж болохоор салбар. Энэ салбар дээр хэн ч тоглолт хийчих онцлогтой салбар. Үүнийгээ сэтгүүлчид маш сайн ойлгодог байх ёстой. Хэдийгээр хувь хүний сошиал хуудас ч гэлээ түүнийг дагаад сэтгүүл зүйн нэр хүнд явж байдаг. Тиймээс цахим хаяг платформ дээрээ хамаагүй үзэл бодлоо илэрхийлэх нь зохимж муутай. “Сэтгүүлчийн хэлсэн үг юм чинь үнэн байх” гэдэг хандлага нийгэмд байдаг. Бид худал ташаа мэдээллийг түгээж болохгүй гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй.

-Сайн сэтгүүлч гэдэг сайн эх сурвалжтай хүнийг л хэлдэг тогтсон зарчим сэтгүүл зүйд бий. Гэтэл эх сурвалжаа нягтлахгүйгээр мэдээлэл түгээх, түүндээ эргээд ороогдох хандлага энэ кейсээр харагдав уу?

-Тийм. Саяхан манай тэнхимээс сэтгүүл зүйн салбарын багш, судлаач 51 хүн, 238 иргэний дунд сэтгүүл зүйтэй холбоотой 14 төрлийн асуумжтай судалгаа авсан юм. Судалгаанаас онцолж хэлэхэд “Та мэдээллээ ихэвчлэн ямар эх сурвалжаас авдаг вэ” гэхэд 79.7 хувь нь “нийгмийн сүлжээ” гэж хариулсан. Тэгэхээр өнөөдөр бид нийгмийн сүлжээг үгүйсгэх аргагүй. Хамт хөгжих ёстой болж таарч байна. Үүний түүчээлэгч нь сэтгүүлчид өөрсдөө.

Мөн “сэтгүүлчид олон нийтийн хүндэтгэлийг хүлээж байна уу, эсвэл хүлээхгүй байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын ихэнх нь “дундаж” гэж хариулсан байсан. Хамгийн сонирхолтой нь “сэтгүүлчид хэвлэн нийтлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ худал, ташаа мэдээлэл дамжуулах тохиолдол байна уу” гэж мэргэжлийн судлаач, багш нараас асуухад 60 гаруй хувь нь “заримдаа” гэж хариулсан. Энэ бол сэтгүүлчид худал, ташаа мэдээллийг цааш нь дамжуулдаг гэдгийг харуулж байгаа юм. Бид мэргэжлийн байх зарчим руугаа анхаарал хандуулах хэрэгтэй байна шүү гэдэг сэрэмжийг өгч байна гэсэн үг.

-Мэдээж Б.Энхбаяр сайдын мэдэгдлийг няцаах гэсэнгүй. Хуулийн салбарыг толгойлж байгаа хуульч хүн баримттай ярьж байгаа. Бидний дунд байгаа ганц хоёр сэтгүүлч, улстөрч, дарга нарын хэвлэл мэдээллийг хариуцдаг мэргэжилтнүүд тэр асуудалд холбогдсон байх магадлалтай. Гэхдээ нийтээрээ сэтгүүл зүйн салбар доройтоогүй. Гол нь мэргэжлийн байх зарчмаа хадгалах ёстой гэдэг нь таны ярианаас харагдлаа?

-Олон улсын “Edel­man” байгууллага дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийн бараметрийг гаргадаг. Эндээс харахад сэтгүүл зүйн салбарын нэр хүнд, сорилт бол Монгол төдийгүй дэлхийн нийтийн асуудал болсон. Сэтгүүлчдэд итгэх итгэл унасан. Сэтгүүлчид өөрсдөө ч нэр хүндээ унагаахад нөлөөлсөн. Аливаа нэг асуудлын араас судалж байж мэдээллийг дамжуулах биш сошиалчидтайгаа хамт тэр мэдээлэл рүүгээ шумбаж ороод судалгаагүйгээр, баримтаа нягтлалгүйгээр дамжуулж байгаа нь худал мэдээлэл түгээх, сэтгүүлчдийн нэр хүнд унах шалтгааныг бий болгоод байгаа юм. Тиймээс сэтгүүлчид аль болох мэргэжлийн, хэрсүү байх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэсэн үг.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 27, Суулга одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:12 цагт мандан, 18:00 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Хүнэн сүрэг” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын Гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаа “Ардчиллаас ухарч байгаа долоон улсын нэгээр Монгол шалгарсан” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Эдийн засагч Т.Саруулхүү “Хятадын барилгын салбарын хямрал манай улсын экспортод сөрөг нөлөөтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар ” Хүнэн сүрэг” хэмээн өгүүллээ

Инженер Д.Уужимсанаа “Уул уурхайн мэргэжлийн хүн шинжээчээр ажилласан бол эдийн засгийн үр ашгийг тооцож, гэрээтэй нь ч танилцах байсан” гэв.

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Жандос “Ташкент, Даян боомтыг хатуу хучилттай замаар холбоход Шинжаан Уйгар, ОХУ хоорондын худалдааны урсгалын тодорхой хэсэг манай улсаар дамжих боломжтой” хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

2023 онд авлига, албан тушаалын 329 хэргийг шүүхээр шийдвэрлүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2023 онд авлига, албан тушаалын 1661 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд 2022 онтой харьцуулбал 20 хувиар өсчээ.

Үүнээс 256 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол энэ төрлийн 329 хэргийн шүүх хуралдаанд прокурор улсын яллагчаар оролцож, шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал,

– Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 203 хэрэгт 177 хүн,

– Хахууль авах 61 хэрэгт 94 хүн,

– Хахууль өгөх 65 хэрэгт 160 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлж, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 8.9 тэрбум төгрөг, 5.000 рубль, 547 мянган евро, 65 мянган ам.доллар, 6 хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг гэм буруутай этгээдээс хураан авч, улсын орлого болгуулсан байна.

2023 онд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 65 хувь нь Нийслэлд, 35 хувь нь орон нутагт, үүнээс Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгдсэн. Нийт бүртгэгдсэн хэргийн 77 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчийн өөрийн үнэлгээний системийг шинээр нэвтрүүлж байна DNN.mn

Сурагчид өөрийн регистрийн дугаараар SORIL.EEC.MN рүү нэвтэрч монгол хэл, математикийн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох боломжтой. Тухайн сар, улирал, жилд үзсэн хичээлийн агуулгаар өөрийн түвшинг тогтоох бөгөөд хоцрогдсон агуулгын хичээл рүү дамжиж орох холбоос байршуулсан. Ингэснээр энэ систем нь түвшин тогтоохоос гадна хоцрогдол нөхөх давхар ач холбогдолтой.

SORIL.EEC.MN өөрийн үнэлгээний системийг эцэг, эх, асран хамгаалагчид мөн ашиглах боломжтой. Сонгогдсон хэсэгт аав ээжүүд өөрийн мэйл хаягийг бүртгүүлснээр хүүхдийнхээ сурлагын амжилтын мэдээллийг тогтмол хүлээн авах боломж бүрдэж байна.

Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна. Энэ хавар гэхэд бусад бүх хичээлийн сорил, нөхөх агуулгын холбоос байршина. Цаашид МЭДЛЭ цахим хичээлийн сангаас гадна олон улсын болон дотоодын хичээлийн платформууд ч холбогдох юм гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг шалгуулахаар хоёр албан тушаалтны материалыг Мөрдөх хэлтэст шилжүүлжээ DNN.mn

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгааг АТГ мэдээлэв.

Харин төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар хоёр хүний материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл энэ сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ховдын Чандмань сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Ховд аймгийн Чандмань сумын төвөөс зүүн урд зүгт 19 километрийн зайд хоёрдугаар сарын 5-ны өдрийн 11:07:42 цагт 3.9 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

2024 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 13 удаа бүртгэгдээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хариуцах эзэнгүй орхигдсон 1229,8 га талбайд 100 хувь нөхөн сэргээлт хийжээ DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу 2023 онд Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Нөхөн сэргээлт-2024“, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий орчмын эвдэрч, эзэнгүй орхигдсон 398.7 га талбайд Бугант нандин ХХК, Үзэгт дэлгэрэх ХХК, Могойн гол-1, Могойн гол-2, Харганатын ам, Цамхагийн гол, Угтаал гол, Гозонгийн ам, Өвөрзалаат зэрэг 7 байршлын 1229.8 га талбайд Жинжий майнинг ХХК, Тотал дистрибьюшн ХХК-иуд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэлээ.

Аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрууд 2023 онд салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/10 тоот “Авто замын өргөтгөл, шинээр барих, геологи, уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийсэн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 255 аж ахуйн нэгжийн уулын ашиглалтын төлөвлөгөөнд тусгагдсан 420.13 га-д техникийн нөхөн сэргээлт, 190.5 га-д биологийн нөхөн сэргээлтийн байдалд Улсын /ахлах/ байцаагч нар хяналт тавин ажиллалаа.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ эдийн-засаг

Нэгдүгээр сард 3 сая 474 мянган тонн хүдэр олборлов DNN.mn

Эрдэнэт үйлдвэрийн 2024 эхний сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелжээ.

Уурхайчид 3 сая 474 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 101.3 хувиар давуулж, уулын цул гаргалт, хөрс хуулалтын гүйцэтгэл 101.8-102.4 хувиар биелсэн байна. Исэлдсэн хүдэр олборлолт 113.7 хувиар, энэ хугацаанд 51950 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөөгөө 100.7 хувиар биелүүлжээ.

Баяжуулагчид оны эхнээс 3 сая 206 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөгөө 100.6 хувиар биелүүлэв. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.8, зэсийн металл авалт 101, молибден авалт 126.8 хувь байлаа. Хуурай жингээр зэсийн баяжмал 47790, молибдены баяжмал 559 тонныг гаргаж, төлөвлөгөөгөө 102.4-118.3 хувиар биелүүллээ.

Энэ оны эхний сард нийт 47608 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал экспортод ачуулж, баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.4-104.3 хувиар биелүүлснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мэдээлэв