Categories
мэдээ нийгэм

Байшин шатаж нэг иргэн нас баржээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг VI хорооны нутаг дэвсгэр дэх Тоосгоны 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 7-ны 17:05 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 62 настай эрэгтэй өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын ширээний гол идээ ундны зүйл 45.8 хувиар өсчээ DNN.mn

Сар шинийн баярын ширээний гол идээ болох ууцны дундаж үнэ 2024 оны 1-р сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад 45.8 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сүүн ааруул, архи, хэвийн боов, ундаа, жүүс, хатуу чихэр, шар тос болон ууц, шилтэй өргөст хэмх, сүү, хиам, өргөст хэмх, хөлдөөсөн бууз, өндөг, майонез, төмс, мандарин 0.5-63.6 хувь хүртэл өссөн байна. Харин айраг, гадил, алим зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.1-10.1 хүртэл хувиар буурчээ.

Баярын ширээний идээ ундны үнэ 45.8 хувиар өсжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв DNN.mn

Нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй.

Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас эдгээр үзэсгэлэн худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан шалгалт хийжээ.

Энэ үеэр үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймд иргэдийг гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхаарууллаа. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв.

Categories
мэдээ нийгэм

Лондон руу шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгууллаа DNN.mn

Их Британи, Монгол Улсын хооронд Агаарын харилцааны хэлэлцээрийг 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр байгуулжээ. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд шууд нислэг хийх боломжийг нээж буй юм.

Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт нар гарын үсэг зурав.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2000 оны гуравдугаар сарын 01-ний өдөр байгуулж байсан. ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм. Гарын үсэг зурах уулзалтын үеэр хоёр тал агаарын болон авто зам, төмөр замын тээвэрт харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.

Агаарын тээврийн тухай шинээр гарын үсэг зурсан гэрээнд дараах  шинэ заалтуудыг оруулжээ. Үүнд:

  • хууль тогтоомжийг дагаж мөрдөх
  • шударга өрсөлдөөн
  • нислэгийн аюулгүй байдал
  • аяллын дугаар хамтран ашиглах
  • түрээс
  • онгоц хөөрөх болон буух слот
  • газрын үйлчилгээ
  • байгаль орчны хамгаалалт
  • олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх

Энэхүү гэрээнд Нислэгийн аюулгүй байдлын ажилтнуудын тухай заалтыг багтаасан байна. Монгол Улсаас Лондон руу зорчигч тээврийн нислэгийг “МИАТ” компани, ачаа тээврийн нислэг үйлдэх “Изинис Эйрвэйс” ХХК тус тус үйлдэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

АРДЫН БАГШ ЦОЛООР:
  • Дээд боловсролын байгууллагын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон арван эрдэм шинжилгээ, сургалт судалгааны бүтээл туурвисан Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Нямын Жадамба,
АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, “Байгаль эх дэлхий” сонины эрхлэгч Хөхөөгийн Отгонбилэг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, хурандаа Норовын Наранжамц,
  • Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш Үрчгээгийн Бямбаа,
  • Ерөнхий боловсролын “Оном” сургуулийг үүсгэн байгуулагч Ономын Дашдорж,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,  

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • “Чандмань тал” ХХк-ийн захирал Жамцын Энхболд,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү,
  • Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш,
ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
  • НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Жаргалын Бяцхандаа,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,
  • “Хос аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,
  • “Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,
  • Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,
  • “НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • “Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших,
  • Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа,

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж,

  • Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо,
  • Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • “Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • “Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлд 10 жил хорих ял оногдуулсан Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв DNN.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Д.Адъяацэрэн,Ж.Багамонгол Р.Дашбилэг,Б.Энхмандах, Р.Эрдэнэхүүнарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Батдөлийг нийтийн албан тушаал /Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга/ хашиж буй хугацаандаа 2.3 тэрбум төгрөгийн хахууль авсан, хахууль авсан мөнгөөрөө гурван объект худалдан авч мөнгө угаасан.

Мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад хийгдсэн нэгжлэгээр илэрсэн 5.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт 12 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн магадлалаар шүүгдэгч С.Батдөлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хахууль авсан хэрэгт найман жил хорих ял оногдуулсныг долоон жил, мөнгө угаах гэмт хэрэгт хоёр жил хорих ял оногдуулсныг 1 жил болгон өөрчилж, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт оногдуулсан хоёр жил хорих ялыг хэвээр үлдээж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Батдөл нарын долоон хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь тус хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй хэмээн дүгнэж, С.Батдөлд нийт 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 2.3 сая тонн нүүрс биржээр борлуулав DNN.mn

2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй 34.4 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүллээ. Төсвийн хэмнэлтийн хүрээнд тэсэлгээ, ачилт зэрэг 17 нэр төрлийн уулын ажлын зардлыг бууруулснаар 2023 онд 363.2 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийлээ.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 157 багц буюу 1 сая тонн коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсийг 163.3 ам.долларт арилжив. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 307.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 2,3 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол, нуурын мөсөөр зорчихгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Хөвсгөл нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг өчигдөр 16:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход  “Модон хүй” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн “Хайлюкс” загварын  суудлын автомашин мөс цөмөрч урд дугуйгаараа усанд суусан байжээ. Улмаар автомашиныг  22:08 цагт татан гаргасан байна.

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн сард 936 сая ам.долларын бараа импортолжээ DNN.mn

 Манай улс өнгөрсөн сард нийт 936 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан нь 2023 оны мөн үеийнхээс 248 сая ам.доллараар буюу 36.0 хувиар нэмэгджээ.

Импортоор нийлүүлсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн, 0.5 хувийг гадаадын тусламжийн, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.

Нийлүүлсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 170.5 сая ам.доллар буюу 18.2, эрдэс бүтээгдэхүүн 221.9 сая ам.доллар буюу 23.7, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 99.6 сая ам.доллар буюу 14.5, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 249 сая ам.доллар буюу 26.6, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 55 сая ам.доллар буюу 5.9, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 40.9 сая ам. доллар буюу 4.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.3 хувь ногдож байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Санхүүгийн салбарын өсөлт ДНБ-ний 26.3 хувийг эзэлжээ DNN.mn

СЗХ санхүүгийн салбарын 2023 оны жилийн эцсийн тойм үзүүлэлтийг мэдээллээ. Нийт салбарын ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 3.1 хувиар өсөж 26.3 хувьд хүрчээ. Үүнд:

  • хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.8 хувь,
  • ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 7.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

СЗХ зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 3,766 зохицуулалттай этгээд, 2,416 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг хянан ажилласан байна. Салбараар авч үзвэл:

  • Хөрөнгийн зах зээлд 603,
  • даатгалын зах зээлд 337 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор,
  • банк бус санхүүгийн салбарт 529,
  • мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх 7,
  • хадгаламж зээлийн хоршоо 191,
  • үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 308,
  • үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 428 хувь хүн, 52 хуулийн этгээд,
  • сэндбоксийн зохицуулалтын 6, тэдгээрийн 1293 салбар төлөөлөгчийн газар тус, тус үйл ажиллагаа явуулж байна.