Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашины улсын дугаарын хязгаарыг 730 мянга байхаар тогтжээ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг танилцууллаа.

Энэ журам нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах зорилготой юм. Мөн зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбож, нэг цэгээс нөгөө цэгт зорчихдоо тухайн газар авто зогсоол байгаа эсэхийг урьдчилж мэдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зогсоолуудад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч байршуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайг тусгайлан төлөвлөх юм.

Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байдаг. Өдгөө бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ хурдаар гурван жилийн дараа нэг саяд хүрэх юм. Хэдий шинээр зам тавьж байгаа ч жилд орж ирэх машины тоо түүнээс хэд дахин их байгаа. Энэ нь замын хөдөлгөөний эрчим удааширч, цаашлаад тэг зогсох эрсдэлийг бий болгосон. Иймээс Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох шаардлагатай байгаа тул дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоожээ.

Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цэнгүүн: Өвөө маань одоо ч намайг “мэлхий сэлэлтээ” сайн сур гэдэг DNN.mn

Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн хошой аварга, “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүнтэй ярилцлаа. Түүний өвөө Ш.Даваадорж болон М.Цэнгүүн нар нэгдүгээр сард болсон мөстэй усан сэлэлтийн ДАШТ-ээс дөрвөн алтан медальтай ирсэн юм.


-Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаана, ямархуу болж өнгөрөв?

-Тэмцээн маань АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан. Тэмцээны өдөр гадаа нэмэх найман градус байсан. Би сэлэх усаа 15 градус хэм гэж бодож байсан. Гэвч сэлэх үед маш хүйтэн санагдсан, өмнөх жилийн уснаас илүү хүйтэн шүү. Учир нь өвөө бид хоёр усны температурыг фаренгейтаар хэмжиж байгааг мэдээгүй. Бид хоёр “за яах вэ, 15 градус тийм ч хүйтэн биш” гэж эндүүрсэн. Тиймээс сэлсэн ус маань гурван хэмтэй буюу өмнөх жилийн уснаас илүү хүйтэн байв.

-Хэдэн орноос хүүхдүүд ирж оролцсон бэ?

-Зургаан улс, АНУ-ын есөн мужаас хүүхдүүд ирж оролцсон. Өмнө жил би өвлийн усан сэлэлтийн төрөлд өрсөлдөөд түрүүлсэн харин энэ жил мөстэй усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн. Энэ жил сэлэхдээ далайн ус биш бассейны цэнгэг усанд сэлсэн. Үүний ялгаа нь юу байдаг вэ гэхээр цэнгэг ус нь далайн уснаас илүү хүйтэн байдаг. Усны хэм ялгаагүй зааж байгаа ч биед мэдрэгдэх хүйтэн  илүү байдаг. Мөстэй усанд сэлэлт илүү хүйтэн байдаг. Өмнөх дэлхийн аварга дээр би далайд сэлсэн. Далайд сэлэх үед сэлж байгаа хурдаасаа таван секундээр ч юм уу харьцангуй удаан сэлдэг. Өмнө жил таван градус усанд сэлэхэд хүйтэн санагдаагүй  харин энэ жил гурван градус усан сэлэх надад эрс хүйтэн санагдсан.

-Олон орны найзуудтай болж байна уу?

-Манай сургуульд англи хэл сайн заадаг, таван өдрөөс дөрвөн өдөрт нь англи хэл заадаг болохоор тэмцээний үеэр гадаад найзуудтай болдог шүү. Би 15 хүртэлх насны ангилалд оролцдог болохоор олон эгч нартай танилцдаг.

-Өөрөөсөө эгч хүүхдүүдтэй уралдаад мундаг юм аа. Хэдэн настайгаасаа усан сэлэлтээр хичээллэж байна?

-Би таван жилийн өмнө усан сэлэлтээр анх хичээллэсэн. Тэр цагаас хойш усан сэлэлтээр тогтмол хичээллэж байна. Анх хөвүүргүй сэлсэн мөчөө тод санадаг. Яг живэх гэж байгаа юм шиг санагдаж байж билээ. Зуны амралтын үеэр Тэрэлжид их усанд сэлдэг байсан. Өвөө тогтмол сэлдэг болохоор би дагаад сэлэх боломжтой.

-Бэлтгэлээ яаж хийдэг вэ. Хэн дасгалжуулдаг вэ?

-Надад сэлэлтийн арга техникийг өвөөгөөс өөр хэн ч заагаагүй. Тиймээс манай өвөө их мундаг байгаа биз. Ихэвчлэн өвөөгийн шавь нартай хамт бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлийн хувьд өдөрт эхлээд 500 метрт мэлхийгээр сэлдэг. Дараа нь 500 метрт ачаатай сэлнэ, сүүлийн 500 метрт гарандаа хөвдөг салбар барьж байгаад хөлний дасгалаа хийдэг. Тиймээс өдөрт нийт нэг километр 500 зуун метрт сэлдэг гэсэн үг. Өвөө байхгүй өөр хүнтэй бэлтгэл хийх үед тоглосоор байгаад л цаг дуусдаг даа. Нэг удаа өвөөгийн шавьтай хамт бэлтгэл хийсэн чинь бид хоёр усанд тоглосоор байгаад уснаас гарч ирсэн(инээв). Сонин зүйл хэлэхэд би зөвхөн мэлхий сэлэлтээр сэлдэг. Маш олон удаа чөлөөт сэлэлт заагаад өг гэж өвөөгөөс гуйсан боловч өвөө маань одоо ч намайг мэлхий сэлэлтээ сайн сур гэдэг. Ирэх гуравдугаар сард тэмцээнтэй түүндээ бэлтгэлээ базааж байгаа.

-Усан спортын тамирчид дэглэм барьдаг уу?

-Хоол идээд нэг цагийн дараа бассейнд орох нь дээр байдаг. Тэгэхгүй бол огих эрсдэлтэй. Манай өвөө намайг хэдэн цагаас сэрэх, хэдэн цагт өглөөний цайгаа уух, хэдээс бэлтгэлээ хийхийг  цагийн хуваарийг маань зааж өгдөг. Надад онцгой хоолны дэглэм байхгүй гэхдээ чипс, хийжүүлсэн ундаа, шарсан төмс зэргийг идэж болохгүй. Гэхдээ чипс идэх хүсэл заримдаа төрдөг (инээв).

-Бэлтгэлдээ их цаг зарцуулаад хичээлээ хийх цаг зав гарч байна уу. Анги хамт олон, багш нь дэмждэг үү?

-Тавдугаар ангид маш онц сурдаг байсан. Одоо зургадугаар ангид хичээлүүд нэмэгдээд жаахан толгой эргэх шинжтэй шүү. Ангийн багш маань надад урмын үг их хэлдэг. Манай анги спортлог анги шүү.

-Усан сэлэлтээс өөр хоббитой юу. Ямар мэргэжилтэй болмоор байна?

-Би жижигхэн ноорог зургууд их зурдаг. Би эмээ шигээ эмч болохыг хүсдэг. Манай эмээг Саранчулуун гэдэг, ардын эмч цолтой, маш мундаг хүн бий. Эмч болоод хажуугаар нь усанд сэлэлтээрээ тууштай хичээллэх хүсэлтэй.

-Өвлийн усанд сэлэлтийн онцлог юу вэ?

-Өвлиийн усанд сэлэлтээр хичээллэдэг хүмүүс залуухан харагддаг. Тэмцээний үеэр хүмүүс өвөөг маань миний аав гэж их андуурдаг. “Танай аав хэдэн настай вэ. Танай аав хэдэн медаль авсан бэ” гэж надаас их асуудаг. “Манай аав биш өвөө байгаа шүү” гэж хэлэх үед хүмүүс “ийм залуухан өвөөтэй юм уу” гэж их гайхдаг. Мөн би нэг зүйлийг анзаарсан. Хүйтэн усанд сэлдэг болохоор гадаа хүйтэнд даардаггүй. Би сүүлийн таван жил хоёр, гурван удаа л ханиад хүрсэн.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ. Ах эгч, дүүтэй юу?

-Гэр бүл маань намайг үргэлж тусалж дэмждэг. Саяны тэмцээнд ээж маань өвөө бид хоёртой хамт явсан. Би нэг эрэгтэй дүүтэй. Намайг гурван настай байхад дүү маань төрсөн. Нэг нууц хэлэхэд би заримдаа дүүгийнхээ гэрийн даалгаварыг хийчихдэг байсан. Манай дүүгийн ангийнх нь багш миний бичгийг хүртэл таньдаг болчихсон гээч (инээв). Сүүлийн үед дүү маань гэрийн даалгавраа мундаг хийдэг болсон. Одоо нэг хөөрхөн охин дүүтэй болмоор байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас илүү байвал хоног тутам 5000 төгрөг төлнө DNN.mn

Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам ашигласны төлбөр гэж жилд 77 тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд энэ мөнгөөр замын засвар, арчлалтыг бүрэн хийж чаддаггүй байна.

Мөн орон нутгийн тээврийн хэрэгсэл хот руу шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд 48 цагийн хугацаанд 1000 төгрөг авна.

Харин 48 цагаас дээш хугацаагаар нийслэлд байсан тохиолдолд 24 цаг тутамд 5000 төгрөгийн хураамж авах юм. Үүнтэй холбоотойгоор хотын захын гурван байршилд томоохон хэмжээний авто зогсоол байгуулж, машинаа тавиад хотын төв рүү орох нийтийн тээврийн асуудлыг шийднэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

О.Хангай: Том цолтой бөхчүүдтэй шийдэмгий, дайрч барилдъя л гэж бодсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа. Тэрээр ялгуусан хэ­мээх модон морин жи­лийн сар шинийн барил­даанд үзүүрлэсэн билээ.


-Сар шинийн барил­даанд аймгийн цолтой бөхчүүд өнгөлсөн то­хиолдол цөөхөн байдаг. Таны хувьд өнөө жил үнэхээр сайхан барил­даан гаргаж үзүүр­лэлээ, баяр хүргэе?

-Баярлалаа. Аймгийн арслан цол хүртсэнээс хойш анх удаа том барил­даанд зодоглож үзүүр­лэлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Бэлтгэл сайн хан­гасан харагдсан. Яаж бэлтгэл хийв?

-“Ховд дэвжээ”-ний­хэн­тэйгээ хотод бэлтгэл хийсэн. Хөдөө гарч бэлт­гэл хийж амжсангүй. Заа­ландаа л бэлтгэлээ хан­гасан. Бага наадам гэдэг утгаараа их ач холбогдол өгч өдөр тутмын бэлт­гэлийг бодвол арай ша­хуу бэлтгэл хийсэн. Тэр­нийхээ үр дүнг ч хүртлээ.

-Таныг богинохон ху­га­цаанд өндөр амжилт гаргаж байгаа бөх гэх юм. Хичнээн жил бө­хийн спортоор хичээл­лэж байна вэ?

-Би бөхөд хожуу орсон. Энэ жил 25 насны жил орж байна. Нас ч бага байна. Барилдаад гурван жил болж байна. Төгсөх ангийн оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд су­мын­хаа наадамд барил­даж цолоо ахиу­лаад да­раа жил нь Ховд аймгийн наадамд айм­гийн арслан Батсайхан­тай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан бол­сон. Өн­гөр­сөн жил айм­гийн­хаа наадмын түрүүг авч арслан цол хүртсэн.

-Яагаад гэнэт бөх болъё гэж бодов. Ямар мэргэжлээр сурч бай­сан бэ?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын инжене­рийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолд­лоор гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөв­гийн дөрөвт үлдсэн тухай­гаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүр­тэй хүлээж авсан. “Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна” гэж ирээд л. Тэгснээ намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч өгөөд “Сайн бөх болоо­рой” гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигд­сан. Аав, ээжийн маань удамд байсан сай­хан бөх­чүүдийн буян гэж бодож явдаг.

-Аав, ээжийгээ та­нил­цуулахгүй юу. Одоо хамт амьдарч байна уу?

-Миний аав Оргих гээд улсын тэргүүний тариа­ланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэр­гэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн уугуул. Ээж Хов­дын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч байгаа. Харин би хотод дүү­тэйгээ болон найз охин­тойгоо хамт амьдардаг.

-Эхээс хэдүүлээ юм бэ?

-Эхээс дөрвүүлээ. Гур­ван эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү.  -Эцэг, эхийн тань нэр их өвөр­мөц юм. Таны нэрийг бас их утга учиртай өгсөн гэж дуулсан?

-Аав, ээж хоёрын нэр хоёулаа үйл үг байгаа биз. Хүмүүс хоорон­доо их зохилдлогоотой өвөрмөц нэр гэж ярьдаг. Харин миний нэр бяр тэнхээтэй мундаг зохиолын баатрын нэр юм билээ. Намайг төрөх үед аав “Газар шороо” рома­ныг уншсан гэсэн. Романд Хангай Базар гээд эгэлгүй хүчтэй хүний тухай өгүүлдэг нь санаанд нь буугаад надад Хангай гэдэг нэрийг хайрласан юм билээ. Ихэд бэлгэ­шээж өгсөн нэр дээ.

-Ээжийн тань тал бөхийн удам­тай гэж сонссон?

-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын арслан Ван­чин­хүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэр­нээ их уран барил­даантай. Бас айм­гийн арслан Магван, айм­гийн начин Дамдин­сүрэн, аймгийн заан Даваасүрэн гээд сай­хан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүү­дийн удам гэг­дэж яваа­даа үнэ­хээр бахарх­даг.

-Хүүхэд байх­­даа хэр но­цолд­дог байв?

-Нэг их барил­даж байгаагүй. Ер нь би дуу цөөтэй, хөдөл­гөөн багатай хүүхэд байсан. Одоо ч бараг тийм дээ. Багадаа аавыгаа дагаад тариа, ногоо тарих ажилд нь тусалж хар бор ажил хийж сурсан. Хичээл амрахаар өвөөгийнд очно. Айлын ганц хүү болоод ч тэр үү өвөө намайг их эрхлүүлнэ. Ийм сайхан том барилдаанд үзүүрлэсэнд өвөө маань их баярласан байна лээ. Утсаар ярьж баяр хүргэсэн.

-Гэрийнхэнтэйгээ золгож амжсан уу?

-Хараахан амжаагүй л байна. Өнөөдөр нутаг руугаа мордох санаатай. Аав, ээж, өвөөтэйгөө очиж золгож үнсүүлчихээд уул усандаа мөргөөд ирнэ дээ.

-Сар шинийн барилдаанд үзүүр­лэхэд гэрийнхэн тань зураг­таар үзэж ёстой л суудал дээрээ тогтохгүй хүүгээ дэмжиж байсан байх даа?

-Барилдаан дуусангуут аав, ээж рүүгээ залгатал ерөөсөө утас нь яриад завгүй гээд болдоггүй. Нэлээд удаж байж холбогдсон. Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь “Хүү чинь үзүүрлэчихлээ баяр хүргэе” гээд зогсоо зайгүй залгасан гэсэн. Тэр хэд маань зурагтаар миний барилдааны даваа бүрийг тэсч ядан догдолж үзсэн байна лээ.

-Улсын том цолтой бөхчүүд­тэй их зоригтой барилдсан. Ер нь үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодог­дож байх юм?

-Мөнхбаатар арсланг өвдөг шороодуулаад шөвгийн дөрөвт үлдсэндээ үнэхээр их баярласан. Би ийм том барилдаанд шөвгөр­чихлөө шүү дээ гэж бодсон. Ер нь барилдаан бүр миний хувьд хүнд санагдсан. Учраа бөхчүүд  ч гэсэн бяртай, барилдаан сайтай боло­хоор надад зоригтой дайрч барил­дахаас өөр зам байгаагүй. Нэгийн даваанд гэхэд л аймгийн арслан  Ганболдтой барилдсан. Аймгийн арслангуудаас бас л барилдаа­наараа тодордог бөх. Ганболдыг хийлж хаяад хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөн­баа­тарыг тонго­ро­ход нь араар нь мордоод өвдөг шороо­дуулчихлаа. Удаах даваанд Т.Баа­сан­хүү начинд амлууллаа. Амлуулсан учраас зоригтой барил­дана л гэж бод­сон. Харин  дөр­вийн даваанд улсын арслан Д.Азжаргалтай оноолт таарсан. Тавын да­ваанд улсын арслан Х.Мөнх­баатар,  зургаагийн даваанд улсын заан Ч.Сан­жаа­дамба­тай барилдахдаа нэгэнт өндөр даваанд хүртэл барилдсан хойно дайрч барил­да­хаар шийд­сэн. Гэхдээ Ч.Санжаа­дам­ба заантай барил­дах­даа жаахан бэргэж байсан. Энэ барилдаанд ихэнх бөх сонир­хогчид түүнийг түрүүлэх байх гэж таамаглаж бай­сан шүү дээ. Бэлт­гэл ч сайн байгаа нь мэдэгдсэн. Харин хий гарч өөрийнх нь мэхэнд тохоод өвдөг шороодуулсан. Мөнх­бат аварга­тай бол удаан барилдаж болохгүй гэж бодсон. Том цолтой бөхчүүдтэй залуу бөхчүүд удаан барилдах юм бол цуцдаг. Тиймээс дайрч барил­дах нь зөв байсан.

-Гарьд Д.Рагчаатай барилда­хын өмнө Батзориг заан өөрт чинь их л дотночилж үг хэлж харагдсан. Тэгж барилд гэж зааварласан уу, даваа чинь хана­сан байна гэж хэлэв үү?

-“Шууд дайрч санасан мэхээ хий” гэж захисан. Гарьд Д.Рагчаа­тай барилдахад үнэхээр цуцсан байсан болохоор хүнд барилдаан болсон. Хий гарвал дөрөөлөөд мэх гаргая л гэж бодсон. Даанч гарьд үнэхээр бяртай, сайн барилдаан­тай юм билээ. Гэхдээ миний хувьд үзүүр, түрүүнд үлдэж, тэр өндөр цолтой ах нарыг өвдөг шороо­дуулна гэдэг том амжилт шүү дээ. Маргааш нь өөрийгөө зурагтаар харсан чинь үзүүрлэчихээд их л догдолж хөөр­сөн харагдсан (инээв).

-Гарын багш тань Ц.Мягмар­сүрэн заан. Барилдааны үеэр тэг, ингэ гэж зөвлөж байв уу?

-Багш өөрөө хөлийн цэцээр ажилласан болохоор надад зааж, зөвлөх эрх байхгүй. Хэлээгүй л болохоос биш дотроо ингээсэй, тэгээсэй гэж бодож л байсан байх. Үзүүрлэхэд “Сайн барилдлаа” гэж их урам өгсөн. 2010 оны өвөл Ц.Мягмарсүрэн заантай багш шавийн барилдлагатай болж бай­лаа. Тэрнээс хойш багшаасаа барилдахаас гадна амьдралын туршлага хүртэл хуримтлуулж явна даа. Энэ дашрамд хэлэхэд намайг дэмжиж, надад тусалдаг багшдаа болон “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ширнэн­бандийн Адьшаа ахдаа талархаж явдгаа хэлмээр байна. Адьшаа ах бөхийн спортыг их сонирхоно, сайн ч мэднэ. Бас “Автобус нэг” компа­нийн хамт олон, “Аврагч” спорт хороо, “Ховд бөх”-ийн дэвжээ­нийхэн­дээ бүгдэд баярлаж явдгаа илэр­хийлье.

-Та сугадаж тонгорох мэхийг тун их гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?

-Тухайн үеийн барилдаанаас хамаарч шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах, тон­горох мэхэнд овоо гаршаад байгаа.

-Одоо биеийн өндөр, жин хэд­тэй байна?

-Өндөр 186 см. Жин 100 кило­­грамм хавьцаа хэлбэлзэж байгаа. Сая цагаан сараар бууз их идээд жаахан жин нэмсэн байх аа (инээв).

-Улсын наадамд зодоглож үзсэн үү?

-Энэ жилийн наадмаар л зодог­лож үзнэ дээ.

-Сүүлийн хэд хэдэн барил­даанд өнгөтэй барилдаж улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэг­дээд байгаа байх аа?

Саяхан “Талх чихэр”-ийн барил­­дааны түрүүг хүртсэн. Энэ оны анхны барилдаан. Оны өмнө “ТВ-9” телевизийн арван жилийн ойн барилдаанд “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авсан. Сая сар шинийн барилдаанд “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг дахиад авсан. Бас “цахиур хагалах бөх”-ийн шагналыг авсан. Түмэн олныхоо энэ их итгэлийг алдахгүй, цаашид олон сайхан барилдаан харуулахыг хичээнэ ээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврээр зорчих төлбөрийг 1000 төгрөгөөр тогтов DNN.mn

1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой болжээ. 

Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг.

Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.

2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн  нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.

Төлөөлөгчид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд боловсруулсан журам, тогтоолын төслүүдийг дэмжиж байгаагаа  илэрхийлж, олонхын саналаар дээрх журам, тогтоолын төслүүдийг батлав. Мөн Амьтны хүрээлэн ажиллуулах журам, Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэж баталлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Битүүлэх ёсон DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн “битүүлэх” ёсны талаар товч мэдээлэл хүргэж байна.


Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засаж бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүлэх ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог: Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой хүжээ өргөөд унших тарни: Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

Битүүний өдөр цээрлэх зан үйл

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэргүүн их хамба Д.Жавзандорж: Зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь шашинд сүсэглэдэг эсэхээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм DNN.mn

Монголын Бурханы шашинтны төвгандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь Хамба Номун Хан, гэвш лхаарамба дуламрагчаагийн жавзандоржийн Монголын ард түмэндээ илгээсэн мэндчилгээг хүргэж байна.


Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй усан туулай жил монголчуудын хувьд онцлох үйл явдал ихтэй, авшиг ерөөлтэй сайхан жил болж өнгөрлөө.

Урьдын таалал ерөөлийн хүчээр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт дээдэс Монгол орондоо тодрон заларсан түүхэн баярт үйл явдал тохиосон юм. X Богд гэгээн маань ном эрдэмд шамдан суралцах зохиолыг үзүүлж буйд бид бүхэн сүсэглэн залбирч байна.

Ирээдүйд Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд залгамж болсон лам хуврагууд маань Монгол болон Энэтхэг оронд ном эрдэмд шамдан суралцаж байгаа бөгөөд гэвш лхаарамба, гавжийн дамжааг амжилттай хамгаалж мяндаг цол хүртсэн лам хуврагууд төрөн гарсан жил байв.

Бурхан багшийн сургаалд бидний зөв сэтгэл, зөв үг, үйлдлээс ирээдүйд бидэнд аз жаргал ирдэг. Бидний муу сэтгэл, зохисгүй үг, үйлдлээс зовлон гардаг. Энэ нь гагцхүү хувь хүн төдийгүй байгаль дэлхийд хүртэл нөлөөлдөг хэмээн айлдсан. Тийм учраас бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь хэн нэгэн аливаа шашинд сүсэглэдэг, эс сүсэглэдгээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм.

Иймд гарч буй модон луу жилдээ Бурхан багшийн энэхүү сургаалыг тунгаан нийтээрээ бие, хэл, сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе.

Миний бие энэхүү ажлыг хүлээж аваад Монголын уламжлалт шашин соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсрол, ахуй нөхцөл, орон хийдийн өнгө үзэмжийг дээшлүүлэх, сүсэгтэн олон номын адис жинлав хүртэх, зорин ирсэн сүсэгтэн болон жуулчдад ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт лам хуврагууд, бусад хүмүүсийн хамтаар онцгой анхааран ажиллаж байна.

Мөн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд МБШ Төв-Гандантэгчэнлин хийд Шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт цуврал нэвтрүүлэг эхлүүлсэн нь “Бурханы шашин бол шинжлэх ухаанч шашин” хэмээн барууны эрдэмтэд онцлон хэлсэнтэй нийцэж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахаар зорьж байна.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдээс төлөвлөж буй олон үйл ажилд идэвхийлэн дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлийн талархал өргөе.

Ингээд МБШ Төв Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон луу жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, санасан сайн үйл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий бэлгэт ерөөлийг өргөн, багш гурван эрдэнэ, номын сахиусанд даатган залбиръя.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

2024.02.09 / БААСАН ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.09-18.03
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Аргын тооллын 2 сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 29, 21 харагчин одтой, туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 8 минутад мандан, 18 цаг 3 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 02 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.