Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл ашигтай гарчээ DNN.mn

Манай улсын экспорт 2023 онд 15.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 21 хувиар нэмэгджээ. Үүний 90 гаруй хувь нь уул уурхайн салбарынх аж.

Мөн онд 10 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оныхоос 6 нэгж хувиар нэмэгдсэн байна. Импортын бүтээгдэхүүний 60 орчим хувийг дизель түлш байснаас гадна удаан эдэлгээтэй автомашин, сэлбэг хэрэгслийн импорт нэмэгдсэн нь уул уурхайн экспортоос үүдэлтэйг Монголбанкаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлын үеэр Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх мэдээлэв.

Харин төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2008 оноос хойш анх удаа урсгал тэнцэл ашигтай гарсан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцолсон юм. Тэрбээр, “Төв банк 2024 онд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байна гэж төсөөлж байгаа. Инфляц өнгөрсөн оны сүүлийн гурван сарын турш 8 хувьтай буюу Төвбанкны зорилтын хэмжээнд байна. Төсөв энэ онд ихээр тэлсэн тул инфляцид нөлөөлнө. Үүнийг аль бага байлгахыг зорьж, бодлогын хүүг 13 хувиас бууруулах шийдвэрээ хойшлуулсан. Бодлогын хүүг нэмэхгүй, бодлогын хүү удаан хугацаагаар өндөр байх нь сайнгүй. Бодлогын нэрлэсэн хүү хэвээр байгаа ч инфляц буурснаар бодит бодлогын хүү өссөн. Энэ нь мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна гэсэн үг юм” хэмээн тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Сар шинийн өдрүүдэд хилийн боомтууд ямар цагийн хуваариар ажиллах талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллах бол БНХАУ-тай хиллэдэг зарим боомтууд хоёрдугаар сарын 10-12-ны хооронд түр хаана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цагаансар” нэртэй 10, “Шинийннэгэн” нэртэй 49 хүн байна DNN.mn

Энэ жилийн Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр төрсөн 11237 хүн байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь 98 настай ахмад байна.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай нийт 130 иргэн байгааг ҮСХ-оос мэдээллээ.

Түүнчлэн “Цагаансар” нэртэй 10, “Шинийннэгэн” нэртэй 49, “Шинийнгурван” нэртэй 1 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээн авлаа DNN.mn

Азийн Хөгжлийн Банк(АХБ), Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн гадна талбайд боллоо.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглосон машинуудыг хүлээлгэн өгөх ёслолд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээний бүрэн тоноглогдсон автомашинуудтай болоход дэмжлэг үзүүлсэн Япон улсын Засгийн газар, АХБ-нд гүн талархал илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 шахам хувийг хамруулаад байна.

Өнөөдөр хүлээн авч буй бүрэн тоноглогдсон  автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилго зорилтоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” хэмээсэн.

Цаг агаарын эрс тэс нөхцөл, бартаатай замаар хол зайд зорчих зэргээс шалтгаалан хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад хүндрэл учирдаг. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бартаат замын хүчирхэг ачааны машин дээр суурилуулж, иж бүрэн тоноглосон нүүдлийн эмнэлгүүдийн тусламжтайгаар хамгийн алслагдсан нутагт амьдардаг хөдөөгийн иргэддээ хүрч үйлчлэх боломж бүрдэж буйг Элчин сайд Игавахара Масарү, Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцлон дурдаж байсан. Тэд улс орон даяар зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж буй гэдгээ ч хэлсэн.

Монгол Улс болон АХБ, Ядуурлыг бууруулах Японы сангийн хэлэлцээрийн дагуу 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон эдгээр автомашинаас гадна 585 вакцинжуулалтын цэгүүдэд үйл ажиллагааг нь бэхжүүлэх бараа, тоног төхөөрөмж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүд болон хилийн боомтуудад нийт 11 иж бүрэн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, гурван суурин рентген аппарат, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хээрийн тандалтын нэгжүүдэд холбогдох багаж хэрэгслүүдийг амжилттай нийлүүлж ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн Үндэсний төвүүдээр дамжуулан дархлаажуулалтын эмч, вакцинаторууд болон бусад эмнэлгийн болон эмнэлгийн бус салбарын мэргэжилтнүүдэд зориулсан Ковид-19 цар тахлын дараах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой юм. Энэ машинд гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна  дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан байна.

Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

Эдгээр машинд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашиглах төхөөрөмжийг ч хийж өгснөөрөө онцлог юм байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын 33 байршилд халиа тошин үүсжээ DNN.mn

Нийслэлийн онцгой комисс/НОК/ Пүрэв гарагт хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоожээ. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгосон байна.

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан.

Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо.

Шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна.

Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй.

Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” хэмээн хэллээ.

Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгож, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгав.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
  • Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
  • Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвиж, зохиогчийн эрх болон шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар бүтээн, дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Цэрэндоржийн Бадамсэд,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зөвлөх мал зүйч Дэлэгийн Жанцанхорол,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн захирал, Шинжлэх ухааны доктор Дамдины Дагвадорж,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан, Уул уурхайн баяжуулалтын инженер Жамбаагийн Амаржаргал,
  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Цэндээгийн Анхбаяр,
  • “Өвөр баян бүрд” ХХК-ийн зөвлөх Төмөр-Очирын Түдэвренчин,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Бадамцоогийн Идэрчулуун,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Шугарсүрэн Ядамсүрэн,
  • “Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Аюурзанын Энхжаргал,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсүрэнгийн Жавзмаа,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын зөвлөх, зөвлөх профессор Баатарын Очирбат,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Нийслэлийн “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Тогтохдоржийн Ренчинноров,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан Гомбосүрэнгийн Алтанцэцэг,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Номун” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Жамганы Жанчив,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Бозын Төмөрбаатар,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад уран бүтээлч Балжиннямын Банзаржав,
  • “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Худалдааны салбарын ахмад ажилтан Бухаагийн Норжоо,
  • Баянхонгор аймгийн “Баялаг богд” ХХК-ийн захирал Сүхцэрэнгийн Оюун,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Цэндийн Дагвадаш,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан Сэнгийн Пэлжээ,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Бяруузанын Өлзийбат,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян-Тавантолгой” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч Зунайн Отгонтөр,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
  • Дорноговь аймгийн Мандах сум, Улсын аварга малчин Нямсүрэнгийн Баясгалан,
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • “Батхаан групп” ХХК-ийн захирал Балдоржийн Энхтайван,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Гэлгээгийн Батсүх,
  • “Шинэ дөл констракшн” ХХК-ийн захирал Бат-Очирын Батболд,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Соёл, урлагийн их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Эрдэнэцогтын Сонинтогос,
  • Гандантэгчэнлин хийдийн “Гунгаачойлин” дацангийн багш, гавж Өсөхбаярын Гүндсамбуу,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, багш, дасгалжуулагч Цэрэндамбын Баярхүү нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: 100 болон түүнээс дээш настай 130 ахмад байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар 100 болон түүнээс дээш настай нийт 130 иргэн байна.

Энэ жилийн Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр төрсөн 11 237 хүн байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь 98 -тай ахмад байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн 272 сургагч багш бэлтгэжээ DNN.mn

ХЭҮК өнгөрсөн онд нийт 1026 гомдол, мэдээлэл хүлээн авч, Комиссын гишүүний санаачилга, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр нийт 145 хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлага 26, Комиссын гишүүний зөвлөмж 61 хүргүүлж шийдвэрлэсэн байна.

Комисст хандаж гаргасан гомдол мэдээллийг эрхийн төрлөөр ангилбал, шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүүхдийн эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Эдгээрийн 93.8 хувийг хуульд заасан хугацаанд шалгаж, шийдвэрлэжээ.

Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 болон 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг дээрх сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ.

Комиссын гишүүний шаардлагын дагуу дээрх сургуулиудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд сургуулиудын урсгал засварт шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэснээс гадна сургууль, сурагчдын дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин, хоол хүнсний чанар, хүртээмжтэй байдалд ахиц дэвшил гарсан байна.

Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллага түүний агентлагууд, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, багш, судлаач, хуульч, өмгөөлөгчдийг хүний эрхийн давтан болон шатласан сургалтад хамруулснаар хүний эрхийн 272 сургагч багш бэлтгэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямсүрэнг “Алтан гадас” одонгоор шагналаа DNN.mn

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй. Өнөөдөр эрчим хүчний салбарт олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүст шагнал гардууллаа. “Алтан гадас” одонгоор эрчим хүчний инженер Д.Нямсүрэнг шагналаа. Тэрээр Төв засварын заводод засварчин, IV цахилгаан станцад инженерээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд одоо эрчим хүчний “Ди Эн Ди Эс” ХХК-тйн захирлаар ажиллаж байна. Д.Нямсүрэн нь хүн амыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эх үүсвэртэй холбох, амьдралын чанарыг сайжруулах, цахилгаан дамжуулах дэд өртөөнүүдийг барьж байгуулах, эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.