Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

У.Хүрэлсүх: Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. 

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Настан буурлуудын ерөөл үр хүүхдүүдээ ивээж, насны буян хишиг нь өнө мөнхөд дэлгэрч, хатуу өвлийг өнтэй давж, хаврын урьтай учран золгож, буурал жилээ үдэж, буянтай жилээ угтахаар сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголчууд бидний өвөг дээдэс өнө эртнээс тэнгэр газрын үзэгдэл, нар сар, од эрхсийн хөдөлгөөнийг шинжиж, газар нутаг, аж амьдралдаа нийцүүлэн, монгол цаг тооллоо тогтоон, жилийн тэргүүн барс сард сар шинэ, цагаан сараа ёслон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Монголын цагаан сар бол Хүннү гүрний гурван их баяр цэнгэлийн нэг, Их Монгол Улс, Эзэнт гүрний төрт ёс, түүх соёл, түмэн олны эв нэгдлийн бэлгэдэл, монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, түүхэн ой санамж юм.

Бидний өвөг дээдэс ирж буй жилийнхээ өнгө төөрөг, өлзий дэмбэрлийг цагаан өнгөөр бэлгэдэн, сар шинийн баяраар цайвар зүсмийн морь унаж, цагаан дээл хувцсаар гоёж, цагаан идээ ундаагаа хүртэж, сүүн цагаан сэтгэлээр ерөөл бэлгэтэй үг хэлэлцэж, эвийг эрхэмлэн, итгэлийг бэхжүүлж, ахас ихсээ хүндэтгэн, ард түмнээрээ ёслон золгодог сайхан уламжлалтай.

Монголчууд бидний энэхүү өв соёлын өвөрмөц онцлогийг манай нэрт Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай нэгэнтээ “Миний ардын сэтгэл цагаан, Мэндлэн золгох ёс нь ариун” хэмээн яруу тунгалгаар шүлэглэн хэлсэн байдаг.

Энэхүү үндэсний их баяр ёслолоороо монгол хүн бүр эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн мөргөж, эцэг эх, ахас ихсээ хүндлэн золгож, их түүхээрээ бахархан, өв соёлоороо гоёж, үр хүүхдүүддээ өвлүүлэн, үнэт зүйлээрээ нэгдэж, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд бид мянга мянган хавар сар шинэ, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, өв соёлоо хөгжүүлж ирсний учир үүнд оршдог билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож байгаа “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 500 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувьд хүрлээ.

Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна.

Мөн манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, Монголыг дэлхийд, дэлхийг Монголд ойртуулсан гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн он жил байлаа.

Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа.

Хөх тэнгэрийн хүчтэн луу жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь босоо монгол бичиг шигээ өөдөө байж, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурын аялгуу айл бүрийн хойморт эгшиглэн хөгжиж, монгол өв соёл, зан заншил үеийн үед түгэн дэлгэрч байх болтугай.

Миний Монголын ард иргэд ээ,

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай.

Сар шинийн баярын энэ өдөр өнө эртний түүхтэй нүүдэлчин түмний өв соёл, эрдэм ухааныг өвлөн тээгч, эрдэнэт мал сүргийн эзэн малчин түмэндээ өвлийг өнтэй, хаврыг хавтай давж, дэлгэр сайхан зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай монгол түмний минь цог хийморь, буян заяаг Их Эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар өнө мөнхөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Уяач, шагайн харваачдад улсын цол олголоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4,  12.5 дахь хэсэгт заасан болзол  хангасан уяач, шагайн харваачдад улсын цол олголоо


 МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:
  • Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батмөнхийн  Батхүү, 
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир, 
  •  Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын  Ганзориг,
МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир,
  • Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан,
  • Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөх,
  • Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын   Цэрэнжав,
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Уртнасангийн  Тамир,
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Адуучийн  Нямбаатар,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн харьяат Баатарчулууны  Дашдорж,
  • Төв аймгийн Заамар сумын уугуул Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий,
  • Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Дайвийнямын   Батсайхан,
  • Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Бүдийн Отгонсэлэнгэ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Наранцэцэгийн  Алдаржаргал,
  • Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Туваан,
  • Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төмөрбаатарын Батжаргал,
  • Завхан аймгийн Улиастай сумын уугуул Ганбатын  Даваадалай,
  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Чулуунбаатарын  Амарсанаа,
  • Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Бүтийн   Батсайхан,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэдэндамбын Эрдэнэбаяр,
  • Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын  Энхболд,
  • Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Тогтохбаярын  Тогтохжаргал,
  • Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Бөхчулууны  Баатарбилэг ,
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Эрдэнэ-Очирын  Отгонбаатар,
  • Төв аймгийн Баянцогт сумын уугуул Дэмбээгийн  Гэсэрваань,
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛЫГ:
  • Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Болдбаатарын Бадарч ,
МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН ЦОЛЫГ:
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уугуул Чойжилын  Буянжаргал,
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дэлгэрмаагийн Одгэрэл,
МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН ЦОЛЫГ:
  • Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Чулууны Мөнхбаясгалан,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын   уугуул Энхтуяагийн Өсөх-Ирээдүй,
  • Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Жамъяндоржийн Батбилэг,
  • Дундговь аймгийн Адаацаг сумын  уугуул Цогбадрахын  Отгонбаяр,
  • Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  уугуул Батмөнхийн Нямсүрэн,
  • Дундговь аймгийн Өлзийт сумын  уугуул Рашинхүүгийн Цэрэндорж,
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Уяатын Өнөрбаяр,
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Товуудоржийн Данзандорж,
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Гансүхийн Дорждаваа,
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛЫГ 
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Явуухулангийн Чимэд,
  • Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Ганхуягийн Тогтуунжаргал,
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Пүрэвээгийн Чинбат,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул Дэлгэрмаагийн Орхонтамир,
  • Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул Төмөрбаатарын Бат-Амгалан,
  • Дорноговь аймгийн Айраг сумын уугуул Батсайханы  Билгүүн нарт олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгааны хэт ачаалал үүсэхээс сэргийлээрэй DNN.mn

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээллийн 30 гаруй хувийг айл өрхийн цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймэр эзэлж байна.

Иймд баяр, амралтын өдрүүдэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

-Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

-Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах

-Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

-Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгахгүй байхыг хичээгээрэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шинэлэх ёсон DNN.mn

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг.

Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

ЗОЛГОХ ЁСОН

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁСОН

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

ХАДАГ БАРИХ ЁСОН

Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

ХАДАГ БАРИХАД ХЭЛЭХ ҮГ

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/

Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35…-40 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

2024.02.10 / БЯМБА ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 08.08-18.05
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 1, Тооно одтой, хөх луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:08-18:05. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхтгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шороон үхрийн зурлага DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах хүснэгтийг  хүргэж байна.

“Хилэнт эх” хэмээх модон луу жилд “Өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй” гэж зурхайн шүнд айлдсан байна.

Шороон үхрийн зурлагыг шинжих: Үхрийн толгой, омруу ногоон, эвэр, сүүл, чих, бие, дөрвөн шийр шар, ходоод улаан, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай явна.

Үхэр хариулаач: Ногоон дээлтэй, хөх бүстэй, шар царайтай үхэр хариулаач нялх хүүхэд байх бөгөөд  үс нь чихнийхээ араар хийссэн, баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, мяндсан шилбүүр барьж, үхрийнхээ өмнө яаран алхаж явна.

Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.

Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр, ямар суудал дээр сууж буй болон гарах зүг, унших тарни, дом зэргийг нарийвчлан дэс дараалуулан он, оноор нь гаргаж өглөө. 

Гал

Зүүн зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.

Шороо

Баруун зүг рүү мөрөө гаргаад “Ум бадма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.

Төмөр

Баруун урд зүг рүү мөрөө гаргаад “Ум раднаа дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.

Огторгуй

Зүүн хойт зүг рүү мөрөө гаргаад “Ум пагма хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс ирнэ.

Ус

Зүүн зүг рүү мөрөө гаргаад “Ум гарма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүгээс ирнэ.

Уул

Баруун хойд зүг рүү мөрөө гаргаад “Ум будда дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд зүгээс ирнэ.

Мод

Хойт зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ.

Хий

Урд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар пад дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд зүгээс ирнэ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Сар шинийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн Сар шинийн барилдаанд Монгол Улсын аварга О.Хангай Улсын заан Б.Пүрэвсайханаар 8 давж түрүүллээ.

Наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан нар тунаж барилдсанаас Улсын аварга О.Хангай давж түрүүлэн, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд их дээд сургуулиуд цахимаар хичээллэнэ DNN.mn

Бүх нийтийн амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар шинийн 1-3-нд амардаг. Харин битүүний өдөр аж ахуй нэгж, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийнхан дотоод зохицуулалтаар хуваарийг гаргадаг билээ.

Энэ жил шинийн 1-3-ний бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням, Даваа гаригт таарч байгаа. Орон нутгийн оюутнуудад энэ нь хүндрэлтэй байгаа тул зарим их, дээд сургуулийн захиргаанаас дотоод зохицуулалтыг хийж хичээлээ цахимд шилжүүлжээ.

Харин ерөнхий боловсролын сургуулийн зарим нь бүтэн минутаар хичээллэж байгаа бол зарим нь 30 минутаар орж, үлдсэн цагт битүүлэх ёстой холбоотой хичээл орж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчихгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Цагаан сарын баяр буюу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд иргэд нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчдог.

Ялангуяа Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг байна.

Тухайн аймгуудын хувьд энэ өвөл цас ихтэй, Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудын нөхцөл байдалтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Түүнчлэн зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутагт зорчих гэж байгаа иргэдийн хувьд техник хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатах тослох материал, хоол хүнсний нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.