Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн өдрүүдэд нэмэлт автобус үйлчилнэ DNN.mn

Сар шинийн баяр, шинийн 1-3-ны өдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд алслагдсан гэр хороолол, хүн ам ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгслийг тоог нэмжээ. Тодруулбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-хуаран, Санзай зэрэг чиглэлийн автобусны тоог нэмж, иргэдэд үйлчлэхээр болсон байна.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын автобус, троллейбус цагийн хуваарийн дагуу үйлчлэх аж.

Орон нутаг буюу хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн тоог мөн нэмжээ. Ингэснээр баярын өдрүүдэд иргэд заавал хувийн тээврийн хэрэгслээр биш нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.

Хэрэв нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байвал иргэд 7004-4040 дугаарт хандах боломжтой. Харин хот хооронд зорчих тасалбар болон цагийн хуваарьтай холбоотой мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс авах боломжтой. Цагаан сарын өдрүүдэд нийтийн тээврийн маршрутад ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд зөвхөн нэмэлт автобусууд үйлчлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 13-наас цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд буюу 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи шуургатай, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Агаарын температурын хувьд 13-аас эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашид ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Иймд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүр хүлээн авч, хэрэглэж хэвшихийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Жимсийг буцалсан бүлээн усаар угааж, махны модоо хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгахыг зөвлөв DNN.mn

Баярын үеэр орон нутагт зорчих хөдөлгөөнд ихэсдэг тул Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-аас дараах зөвлөгөөг гаргажээ.

Үүнд

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,
  • Гал түймрийн аюулаас сэргийлэх
  • Ногоон гэрэл цагаан шугамаар зам хөндлөн гарах
  • Осголт, хөлдөлтөөс сэргийлэх, дулаан хувцаслах
  • Хүүхдийг автомашинаар тээвэрлэх бол зориулалтын нэмэлт суудал, суудлын даруулга, бүс хэрэглэх
  • Хол замд явахдаа автомашины суудлын даруулгыг тухайн автомашинд зорчиж буй бүх хүн зүүх, суудлын тооноос олон хүн тээвэрлэхгүй байх
  • Хол замд зорчихдоо автомашины аюулгүй байдлыг хангах, хурдны хязгаараас хэтрүүлэхгүй байх
  • Хол замд удаан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Хэт ядарсан, харшлын эм уусан, согтууруулах ундаа хэрэглэсэн, нойр муутай бол жолоо барихгүй байх
  • Таньж мэдэхгүй гэрийн тэжээмэл амьтан, үхэр малын хөлөөс бага насны хүүхдийг хол байлгах
  • Морь малаас унаж гэмтэхээс сэргийлэх

Мөн хоолны хордлого гарах эрсдэл нэмэгддэг тул:

  • Хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
  • Лаазалсан, савласан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
  • Хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй, бохир нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах.
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг буцалгаж хэрэглэх.
  • Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвшихийг зөвлөлөө.
  • Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.

Үүнд:

  • Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт.
  • Амьсгалын замын халдвараас сэргийлж шаардлагатай бол амны хаалтаа хийж, гараа бохирдсон тохиолдол бүрд сайтар савандаж угаана
  • Та хаана ч байсан танд эрүүл мэндийн асуудал гарвал орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж эмчийн тусламж авахыг зөвлөе

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Сар шинийн өдрүүдэд хилийн боомтууд ямар цагийн хуваариар ажиллах талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Тухайлбал, Алтанбулаг боомт өдөр бүр 24 цагаар ажиллах бол БНХАУ-тай хиллэдэг зарим боомтууд хоёрдугаар сарын 10-12-ны хооронд түр хаана.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов DNN.mn

VII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

ТӨРИЙН ЗОЛГОЛТОД ОРОЛЦСОН АХМАДУУД:
  1. Найдансүрэнгийн Цэдэндамба /Нийгмийн зүтгэлтэн/
  2. Нямын Жигжидсүрэн /Кино механикч/
  3. Базарсадын Бямбаа /Агрономич/
  4. Дандардоржийн Өлзий /Туульч/
  5. Цэрэнлхамын Дорж /Тариаланч/
  6. Сүхийн Дамбий /Соёлын гавьяат зүтгэлтэн/
  7. Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/
  8. Сумъяагийн Лхамхүү /Алдарт эх, малын эмч/
  9. Нямын Жадамба /Ардын багш/

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ерөнхийлөгч Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сарантуяа: Хөлөө жийж суугаад төрсөн өдрийн бэлгүүдээ задлах гоё шүү DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.


“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.

-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?

-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.

“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.

-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?

-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.

-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?

-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.

-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?

-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.

-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.

-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?

-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.

-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?

-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.

-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?

-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.

-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?

-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.

-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?

-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.

-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?

-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй DNN.mn

Өдрийн сонины архиваас………………..

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, баяр жаргалаар дүүрэн байх болтугай DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын XVII жарны хөх луу жилийн цагаан сарын мэндчилгээ


Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.

 Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монгол түмэн буурал жилээ үдэж, буянтай жилээ угтаж байна. Хатуу өвөл харьж, урин хавар айсуй.

Улиран одож буй “усан” туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа.

Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, монголчууд бид Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна.

Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах” эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрхзүйн шинэчлэл, авлига луйвар, худал хуурмагийн эсрэг ард нийтээрээ хамтран тэмцсэний бодит үр дүн юм.

“Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр “ард түмний мэдэх эрх” хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна.

Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна. Энэ бол том өөрчлөлт, цоо шинэ хэм хэмжээ, тэс өөр хандлага тогтож, улс орон бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж буй их хөдөлгөөний эхлэл юм.

Энэ хөдөлгөөн одоохондоо эмх замбараагүй үйл хөдлөл мэт санагдаж болох ч эцсийн дүндээ нийт нийгмээрээ ЭМХЭРЧ ЦЭГЦРЭХ ЖАМ ЁСНЫ ЗӨВ ХӨДӨЛГӨӨН гарцаагүй мөн.

Боломжийг нь хулгайлдаг, булаадаг, буурай хөгжлөө болж байна гэж итгүүлдэг, халамжаар дөрлөж, хулгайгаар мөлждөг хуурмаг явдлыг ард түмэн одоо маш сайн  мэддэг болсон. Хэн нь эх оронч, хэн нь дүр эсгэгч вэ гэдгийг ч андуурахаа байсан. Худал мэдээ, тархи угаалт, цахим сүлжээн дэх “амьгүй албатууд”-ыг сайн танидаг болсон. Улс орноо авлига, хулгайгаар дээрэмдэж, “амьгүй албат”-уудынхаа ард нуугддаг цаг үе өнгөрсөн.

Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өөр түрж байгааг ч анзаарч байна.

Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, Монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ.

Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх  санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Буян хурайлсан амин нутгаа бурхдаас ч хамгаалдаг” түүхэн уламжлалтай монгол хүн монгол газартаа эзэн нь байж, үр шимийг нь хүртэж, ажил хөдөлмөр эрхлэн, аятай таатай амьдрах боломжийг олгох нь ЗӨВ  НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ  мөн.

Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна  гэсэн бэлгэ дэмбэрлийн сайхан үгээр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний ерөөл мялаалгаа өргөе.

Дэлхий даяар болон Монгол эх орныхоо дөрвөн зүгт амьдран суугаа Улаан залаат, Хөх монголчууд минь урган гарч буй Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, хангай дэлхийгээ хайрлаж, төр, ард түмэндээ хүндлэгдэж, золбоо хийморь, амжилт бахархал, баяр жаргалаар дүүрэн байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орлоо DNN.mn

Нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс дараах чиглэлүүдэд өөрчлөлт орлоо.

М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”,

М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль”,

Ч:6 “Толгойт–10-р хороолол”,

Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”,

Ч:23 “Чингэлтэй/Зүрх Уул/-Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв”,

Ч:33 “Шадивлан-7 буудал-Сансарын тойрог”,

Ч:70 “ТЭЦ 3 – Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”,

Х:1 “Санзайн эцэс-Их Тамир-Зунжин худалдааны төв-7 буудал”,

Х:2 “Шарга морьт-Зунжин худалдааны төв-7 буудал”,

Х:6 “Өлзийт хороолол– Яармагийн 3-р буудал”,

Х:7 “Туул тосгон–Биокомбинат–Яармагийн 3-р буудал”,

Х:9 “Био комбинат–Яармагийн 3-р буудал” болгон өөрчилж үйлчилгээг эхлүүлж байна.