Categories
мэдээ улс-төр

АН: 2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авч байна DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төрд нүүрлэж буй авлигын талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Батбаярын Жаргалан: Монгол Улс даяар өвөлжилт хүндэрсэн, зуд, үер усны аюул хөдөө төдийгүй хотод нүүрлээд байна. Энэ өвөл 176 мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна. Малчид энэ өвөл маш хүнд нөхцөлтэй өвөлжиж байна. Өнгөрсөн хугацаанд гал усны аюултай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, шадар сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл, зуд, үер усны асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар ямар арга хэмжээ авч байгаа талаар ярьж байна.
Цагаан сарын өмнө иргэдийн амьжиргааны талаар тодорхой судалгаануудыг хийсэн. Инфляц Монгол Улсын эдийн засгийн маш томоохон асуудал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Сар шинийн баярын ширээ засагдахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46% буюу тал хувиар өссөнийг ҮСХ-оос харуулж байна. Цагаан сарын ачаалал иргэдэд маш хүндээр тусаж байна.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнийн хэмжээ 3 дахин өслөө. Орлогын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгаагийн улмаас иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нийт хүн амын 27% нь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай байна. Нөгөө талаас өргөн цар хүрээнд хийвэл манай улсын нийт хүн амын тэн хагас нь ядуурсан байна гэдгийг эдийн засагчид танилцуулж байна. Тийм учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна
Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87% нь ямар нэг банканд зээлтэй байна. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8,6 сая төгрөг байна. 2016 онд Ардчилсан нам засаглаж байх үед нийт насанд хүрсэн иргэдийн 43% нь зээлтэй байсан бөгөөд ипотекийн урт хугацааны, хөрөнгөжүүлэх зээлүүд эзэлж байсан бол одоо бол иргэдээ ядууралд оруулах хэрэглээний зээлүүд байна. Иргэдийн амьжиргааны талаар тоо баримттай дурдлаа.
Нөгөө талд төр засгийн орлого маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс буюу 70 сая нүүр 8,9 тэрбум ам долларын нүүрсний борлуулалтыг хийсэн байна. Бид 1,5 тэрбум ам долларын Чингис бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа. Иргэдийн амьдрал, амьжиргаа доройтсоор байхад дарга нарын амьжиргаа нэмэгдсээр байна. Бид Засгийн газарт шаардлагуудыг хүргүүлэх болно.
Ардчилсан намын Дэд дарга Жудагийн Баярмаа: Монгол Улсад өнөөдөр шинэ сар гарлаа. Аливаа айл өрх, улс өмнөх жилдээ маяр амжилт бүтээлтэй бав гэдгээ дүгнэдэг. харамсалтай нь албан ёсоор дүгнэсэн дүгнэлт хийгдсэнгүй. Бид өөрсдийгөө дүгнэхгүй байвч Цагаан сарын өмнөхөн дэлхий биднийг дүгнэж байна. Олон улсын Трансперенси интернешнл байгууллагаас 2023 онд Монгол Улс авлигатай хэр тэмцэж ямар дүнтэй онд оров гэхээр өмнөх оноосоо даруй 5 байраар ухарч 121-р байрт орсон байна.
Сүүлийн 10 жил авлигын индексээр эрс ухарч байгаа 6 улсын нэгд орсон байна. Уг улсуудад тоталитар дэглэм бүхий улсууд багтаж байна. Ардчилсан намын засаглаж байх үед буюу сүүлийн 8 жилд Монгол Улс 2012 онд буюу МАН засаглаж дуусаад АН-д шилжүүлэх тэр үед 94-р байрт орсон бол Ардчилсан нам засаглаж байх үед 2015 онд 72-р байр буюу урагш 20 байраар алхсан амжилттай байсан байна.
Харамсалтай нь 2016 оноос энэ дүн эрс үгүй болсон байна. Ухралт эрчимтэй явсаар байгаад 50-иад байраар ухарсан байна. Авлигын индекс тухайн улсын толинд харж байгаа тусгал гэж харах хэрэгтэй. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин гэх мэт олон зүйлийг үзэж байж авлигыг хэмждэг.
Сүүлийн үед хэн нэг дунд албан тушаалтны сейфээс, оймсноос тэрбум, тэрбум доллар, төгрөгөөр гарсаар байна. Үүн дээр бид гайхахаа больсон байна. Шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгийг бид дүгнэх хэрэгтэй. МАН-ын бодлого аль болох төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай учир яамдын тоо, төрийн алба хаагчдыг нэмдэг, төрийн өмчит компаниудыг нэмсээр байдаг. Аргентин улс Монгол Улс даруй 13 дахин их хүн амтай атал 9 яамтай байна. Гэтэл манайд байгаа сайдын албан тушаал 22 яам бүхий сайд, дэд сайдууд гээд 40 гараад явчихлаа. Сонгуулиар сонгогчдыг худалдан авдаг, авлигачдын байдал газар авлаа. Ингэхийн тулд захиран зарцуулах мөнгө хөрөнгө хэрэг болдог. Тиймд Төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудаар дамжиж хэрэгждэг. Дараагийн сонгуульд мөнгийг нь бэлдэж өгдөг саалийн үнээ нь төрийн өмчит хувьцаат компаниуд болж байна. Тийм учраас төрийг хэзээ ч жижиг байлгахгүй хүсдэггүй.
2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авах боллоо. Тийм ч учраас төрийн өмчит компаниудаар дамжуулан сонгуулийн мөнгөө бэлэн байлгадаг байна. Ногоон автобусны авлигын хэрэг юу болсон, эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдсээр байна. Энэ бүхэнтэй тэмцэж төрийн өмчийг задлахгүй бол авлига тасрахгүй. Төрийн байгууллага, компануудын үйл ажиллагаа, худалдан авалтаыг ил тод, шилэн болгох шаардлагатай байна.

МАН-ын засаг өмнөх хэргүүд хэрхэн шийдэгдсэн, хэн ямар хариуцлага хүлээв, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ 7 хоног тутам мэдээлэх шаардлагатай. Ил гаргахын эцэсгүй байгаа нь МАН-ын ажлын арга барил боллоо.

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон: Такер Карлсон бол Оросын хувьд “ашигтай мулгуу” DNN.mn

Өнгөрсөн онд Дональд Трамп “Би дахин ерөнхийлөгч болвол Такер Карлсоныг дэд ерөнхийлөгч болгоно” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Америкийн сэтгүүлч Такер Карлсоны Москвад очиж Владимир Путинтэй хийсэн хоёр цаг долоон минутын ярилцлага дэлхий нийтэд шуугиан тарив. Карлсоны бүрэн ярилцлагыг тавьсан “X” хуудас хамгийн олон буюу 100 сая хүн үзсэн бичлэг болов. “Financial Times” сонин “Путинд Догшин Иван, Петр I, Их Екатерина хатан гэсэн гурван зөвлөх бий” гэж бичиж байсан явдал дахин давтагдаж Путин өөрийгөө Петр хааны дүрээр түүхэнд үлдэнэ гэдэгтээ итгэсээр л байгаа юм байна гэж бичив.

“CNN” агентлагийн шинжээч Оливер Дарси “Карлсон Орос дахь авторитар дэглэм, Украинд дайн дэгдээснээс үүдсэн гэм зэмгүй олон хүмүүсийн үхэл, эвдрэл сүйрэл, орос цэргүүдийн өдөөсөн дайны гэмт хэргүүд, ядаж Алексей Навальныйг яагаад шоронд хорих болсон тухай гэх мэт америкчуудын сонирхлыг татах асуултуудаас зайлсхийсэн нь Владимир Путин яагаад Такер Карлсонд ярилцлага өгсөнийг тодорхой болгов” гэж онцолжээ. CNN-ийн шинжээч нийтлэлийнхээ төгсгөлд “Энэ зүйлийг ярилцлага гэж нэрлэх аргагүй. Карлсон дарангуйлагч удирдагчид өөрийн үзэл бодлыг олон нийтэд хүргэх бүрэн эрх чөлөө олгосон явдал болов” гэж дүгнэв.

Independent сонин, Путин “тагнуул” болон “нууцлагдсан мэдээлэл” гэсэн үгсийг хэд хэдэн удаа хэлсэн бөгөөд Такер Карлсон Оросын шоронд хоригдож байгаа нутаг, мэргэжил нэгтнүүддээ туслах ямар нэг оролдлого хийсэнгүй. Путин нэрийг нь дурдаагүй ч 2019 онд Берлинд гэгээн цагаан өдөр Чечений Зелимхан (Торнике) Хангошвилигийг хөнөөсөн Оросын Вадим Красиковын тухай ярьж байгаа нь ойлгомжтой болов. Путин сэтгүүлч, алуурчин хоёр адилхан учир тэднийг солих хүсэлтэй байна гэдгээ Карлсоноор дамжуулан бидэнд илэрхийлж чадав” гэжээ.

Politico “Өөрийгөө Кремльд тасралтгүй сууж байх хугацаандаа Америкийн өмнөх ерөнхийлөгч нартай Москва яагаад барууныхантай сөргөлдөөнгүй болж чадаагүй тухай Путин ганц ч үг хэлсэнгүй. Оронд нь тэрээр АНУ-ын улс төрийн системийг бүхэлд нь намаг балчиг, Америкийн ардчиллыг хуурмаг хоосон зүйл гэж нэрлэн Карлсоноор дамжуулан Америкийн иргэдэд АНУ-ын өнөөгийн нийгмийн тогтолцоог ард түмнээс сонгогдсон хүмүүс удирддаггүй гэсэн мессеж хүргэлээ” гэж онцолжээ.

Украины тал энэхүү ярицлагыг “Хоёр цагийн худал хуурмаг суртал ухуулга” гэсэн бол Еврокомиссын албан ёсны төлөөлөгч Набила Массрали “Олон хүнд аль хэдийнэ үхэл хагацал, эвдрэл сүйрэл гэх мэт олон хохирол, хөнөөл учруулаад буй Путины хортой, хөнөөлтэй худал хуурмаг, суртал ухуулгыг дахин тараах боломж олгосон явдалд харамсаж байна” гэж мэдэгдэв.

Германы канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийг эрс шүүмжилж “Энэ ярилцлага нь Украинд Оросын хийсэн бодит үйлдлийг доог тохуу болгох гэсэн оролдлого. Путин болж буй дайны шалтгааны талаар туйлын утгагүй түүх зохион ярьсан байна. Түүнд дайн эхлүүлсэн тодорхой шалтгаан үнэхээр бий. Энэ нь Оросын ерөнхийлөгчийн Украины газар нутгийн зарим хэсгийг өөртөө нэгтгэх хүсэл. Путины ярьсан болгон нь түүний империалист хүсэл эрмэлзлийн зорилгооос юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг дахин нотлов. Украины дайн хэзээ нэгэн цагт дуусна. Гэхдээ Оросын ерөнхийлөгчийн төсөөлж байгаагаар Украин бууж өгснөөр бус, харин дайныг зогсоох нөхцөл бүрдүүлсэний үр дүн байх болно” гэж мэдэгдэв.

Хиллари Клинтон “Такер Карлсон бол Оросын хувьд “ашигтай мулгуу” гэдэг улс төрийн хэллэгт багтах нэгэн” гэжээ.

А.Гитлер “Польш улс гэж байгаагүй” хэмээн дэлхийн II дайн эхлүүлсэн. Харин В.Путин “Украин гэж улс байгаагүй” гэж зарлан дэлхийн III дайны галыг өрдсөн. Энэ удаа В.Путин Карлсоноор дамжуулан “Польшууд тохиролцох саналд нь хариу өгөөгүй учраас А.Гитлер дайн хийхээс өөр арга байгаагүй” гэж мэдэгдэв. Энэ нь Германы фашистуудын удирдагчийг гэхээсээ өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого. Гэхдээ тэрээр өөрийгөө Германы фашистуудын удирдагчтай адил гэж хэлж буйгаа анзаарсангүй.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоохоор цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ DNN.mn

Өргөн нэвтрүүлгийн 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн саналыг авах талаар сэтгүүлч Б.Пүрэв олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Б.Пүрэв “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг телевизийн эзэд төртэй хуйвалдаж баталсан. Телевиз бол олон нийтийн санаа бодлыг удирддаг хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Тиймээс арилжааны 18 телевизэд төр онцгой давуу эрх олгож, тусгай хууль баталж өгсөн. Хариуд нь телевизүүд олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлэх, дарга сайд нарыг магтан дуулах, зөвхөн нэг талын урсгалтай мэдээллийг дамжуулах суваг болсон.

Иргэд олон нийтийн дуу хоолойг хүргэхгүй байгааг би шүүмжилж байна. Ковидын үеэр “Мэдээллийн урсгал”, “Карантин-14” контентыг бүх телевизээр нэгэн зэрэг явуулж байсан. Одоо харахад төрөөс бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг бүх телевиз цацаж байна. D-Parliament-д 100 мянган иргэн санал өгвөл хуулийн төсөл санаачлах эрх үүсдэг сүүлийн боломжийг ашиглахын тулд өргөдөл гаргасан. Нийгмийн сүлжээнд ордоггүй, зөвхөн телевизээс мэдээлэл авдаг ахмад настнууддаа хэлээрэй. Телевиз бол итгэж болох эх сурвалж биш болсон” гэлээ.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн20.5.3-т

  • Өргөн нэвтрүүлгийн радио телевизүүд үндсэн багцын өргөн нэвтрүүлгүүдийн телевизийн үйлчилгээний орлогын албан татварын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авна.

20.6-д

  • “Өргөн нэвтрүүлгийн радио телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоонд энэ хөлсийг төвлөрүүлж авна” гэж заасан байна.
Categories
мэдээ нийгэм

Автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаанд оруулснаар 12,7 тэрбум төгрөгийн орлогыг тусгай санд төвлөрүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 төгрөгийн орлогыг “Хүүхдийн төлөө сан”-д төвлөрүүлээд байна.

“Азын” гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам тээврийн яаманд 2 удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн билээ.

Ингэснээр Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болов. Өнөөдрийн байдлаар азын гэх тодотголтой улсын дугааруудыг дуудлага худалдааг зохион байгуулж, 2021 онд 1998 ширхэг дугаарыг 3,630,800,000 төгрөгөөр, 2022 онд 2172 ширхэг улсын дугаарыг 4,728,000,000 төгрөгөөр, 2023 онд 7796 ширхэг улсын дугаарыг 4,376,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн 3 жилийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн “Хүүхдийн төлөө сан”-д шилжүүлсэн байна.

Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгуулсан болно.

 

Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ DNN.mn

Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй байршилд ажиллаж байна.

“Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх ажил өнөөдөр 10 байршилд зэрэг эхэлж байгаа. Үүнээс гадна Толгойт, Нарангийн ол, Улиастайн гол болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн усны байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Валентины баяраар буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2,114 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 1,765, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

  • Хүний биед халдах 91
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 120
  • Хулгайлах гэмт хэрэг 49
  • 157 хүн эрүүлжүүлэгдэж
  • 63 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Дээрх гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 13-ныхтай харьцуулбал:

  • Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 38-аар илүү
  • Хулгайлах гэмт хэрэг 25-аар илүү
  • Хүний биед халдах гэмт хэрэг 31-ээр илүү бүртгэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шахмал түлшний 24969 тонн нөөцтэй байна DNN.mn

“Тавантолгой түлш” компани Сар шинийн 1, 2, 3-ны баярын өдрүүдэд шахмал түлшийг тусгай хуваарьт цэгүүдээр дамжуулан борлуулсан.

Тэгвэл шинийн 4-өөс эхлэн бүх цэгүүд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 599 борлуулалтын цэг ажиллаж байна.

Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд “Тавантолгой түлш” ХХК нийт 24969 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлбэрэлтийн улмаас түлэгдэн эмчлүүлж байсан иргэдээс дөрөв нь нас барж, хоёр хүн гадаадад эмчлүүлэхээр явжээ DNN.mn

Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон дэлбэрэлтийн улмаас түлэгдэж, бэртэж гэмтсэн 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Тус иргэдийн биеийн байдал, эмчилгээний явцын талаарГэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)  “ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэнхийн төвийн тасагт одоо хоёр үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал тогтвортой. Нэг үйлчлүүлэгчид нэг мэс засал, нөгөөд нь хоёр мэс засал хийгдсэн. Мэс заслын эмчилгээ амжилттай болж, эмчилгээ үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Мөн тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр үйлчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа.

Эрчимт эмчилгээний тасагт зургаан үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байсан. Үүнээс

  • Хоёр нь ар гэрийнхний хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд явсан.
  • Дөрвөн үйлчлүүлэгч харамсалтайгаар нас барсан.

Дөрөв дэх үйлчлүүлэгч Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд, гурав дахь үйлчлүүлэгч 4-5 хоногийн өмнө нас барсан. Нас барсан иргэдийн түлэгдэлтийн зэрэг нь 80-95 хувь буюу амь нас насны заалттай, амьсгалын аппаратын тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан юм. Одоо Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

  • Нэгдүгээр сарын 27-нд нэг иргэн
  • Нэгдүгээр сарын 31-нд нэг иргэн
  • Хоёрдугаар сарын эхээр нэг иргэн
  • Хоёрдугаар сарын 10-нд нэг иргэн нас баржээ.

Мөн ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн иргэдийг олжээ DNN.mn

Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг нөхрийнх нь хамт эрэн хайж байгаа тухай бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл төөрсөн иргэдийн сураг чимээг гаргаж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Тэд 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж очжээ.

Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

2024 онд нийт 1826 км төмөр зам барих ажлыг эхлүүлнэ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Энэ онд төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна.

Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

Мөн Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар төлөвлөлөө гэж ЗТХЯ-наас мэдээллээ.