Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрөөр хол замд гарахгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
  • Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд  тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарчээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа.

Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас, мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд ороод байна.

Техник хэрэгсэл хүн хүч гарч байгаа хэдий ч замын зорчих хэсгийн нөхцөл байдал хэвийн болох хүртэл цаг хугацаа орж байна.

Аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

Аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран,машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан зохион байгууллаа.

Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна.

Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: 127 байгууллагын 50.258 албан тушаалтан хуулийн хугацаанд ХАСХОМ-ээ гаргажээ DNN.mn

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт 127 байгууллагын 50,258 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргалаа.

Мэдүүлэг гаргавал зохих нийтийн албан тушаалтнуудаас нэг хүн буюу АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нэр бүхий мэдүүлэг гаргагч хуулийн хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаагүй байна.

Мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлан мэдээ нэгтгэх ажил 2024 оны хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ гэж АТГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөлөг салхины гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж ширүүсэж мөн Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулаад байгаа билээ.

Иймд нөөлөг салхины гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж дараах мэдээллийг гаргасан байна. 

Нөөлөг салхи гэж юу вэ? 

Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Хэрхэн үүсдэг вэ?

Нөөлөг салхи нь агаарын өгсөх урсгал буюу аянга цахилгаант аадрын үүл түүнээс үүдэлтэй цаг агаарын аюултай үзэгдэлтэй шууд холбоотойгоор үүсдэг аж.

Агаар дээшлэн өтгөрөх тусам хөнгөн болж салхины хурдыг цаашид нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгодог. Аадрын үүлний урд зах дахь энэхүү хурдтайгаар өгсөх урсгал нь ард тал дахь уруудаж буй урсгалаас тусгаарлагддаг. Хүчтэй уруудах урсгал нь газрын гадаргад тулаад аадрын үүлний өмнөд хэсэгт салхины хүч нэмэгдэж эргэлэг үүсдэг.

Энэ хүчтэй уруудах урсгал нь хүйтэн, нэвт агаарын урсгал байх ба түүний урд захыг салхины өрөвхийлөлийн фронт гэж нэрлэдэг бөгөөд энд салхины хүч нэлээд эрчимждэг. Өрөвхийлөлийн фронт нь өмнөх дулаан чийглэг агаарын өгсөх хөдөлгөөнийг тэтгэн аадрын үүлэн дэх өгсөх хөдөлгөөнийг эрчимжүүлж улмаар аадрын үүл өөрөө өөрийгөө тэтгэх нөхцөлийг бий болгодог.

Нөөлөг салхи нь аадар бороо болон аадар бороотой аянга цахилгааны үеэр ч бага масштабаар ажиглагдаж болно. Илүү том масштабын нөөлөг салхины шугам нь хүйтэн фронтын өмнө болон дагуу үүсэж маш их хэмжээний агаарын масс босдог хүчтэй салхитай зурвас юм.

Эдгээр нөөлөг салхины зурвас нь хэдэн зуун км-ээс илүү урттай байж болох ба бүтцээ хэдэн цагийн туршид ч хадгалж чаддаг.

Нөөлөг салхины зурвас дунд ширүүн салхи, аадар бороо, мөндөр болон хар салхи ч ажиглагдаж болно. Нөөлөг салхины зурвас нь замдаа тааралдсан бүхэнд аюул учруулж болзошгүй аюултай үзэгдэл юм.

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлын өрөөнд буйдан шатжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн … хороонд байрлах зочид буудалд буйдан шатаж, 40 орчим насны нэг иргэн амь насаа алдсан байна.

Тодруулбал, Өнгөрсөн шөнө буюу 2024.02.16-ны өдрийн 03:21 цагт ОБГ-т зочид буудалд буйдан шатаж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид иргэн Т-ын зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж нас барсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт ихэссэн байна DNN.mn

Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөөр байгаа аж.

Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн хоёр гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьсан. Харин энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг нэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан зөрчил долоо бүртгэгдэж урьд оны мөн үеэс 85 хувиар өсчээ.

Энэ онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс дурдвал:

– Дархан-Уул аймгийн Хонгор сумын I багийн нутаг дэвсгэрт 2024 оны нэшдүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Э нь ховор амьтны төрөл болох улаан номд орсон Тул загас 2 ширхгийг хууль бусаар агнан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж,

-Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаас Амарын зэвэг, Шивэр хадран, Цулбуурт, Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, Гутаарь зэрэг загасыг зохих зөвшөөрөлгүй барьж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн долоон иргэнд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг тус тус явуулж байна.

Иймд иргэд зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнахгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай түүхий эд худалдан авах, тээвэрлэхгүй байхыг  анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндоржийг 40 саяар торгох ялыг хэвээр үлдээжээ DNN.mn

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 07-ны өдөр /2024.02.07/-нд “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 1 тэрбум 543 сая төгрөг, 547 мянган ам.долларыг гаргуулж иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон байна.

Харин Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Луу жилийн эхний барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ.

2024 оны хоёрдугаар сарын 18-ны Ням гарагт 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох барилдаанд барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж байна.

 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Төгсжаргал: Талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа тамирчид найзууд байдаг DNN.mn

МСБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай спортын ёс зүй, ҮДЛ-т мөрдөгдөж байгаа дүрэм, журмын тухай ярилцлаа.


-Спортын ёс зүй гэж юу вэ. Үндэсний Дээд Лигийн тоглолтуудад ёс зүйн дүрэм ямар хэмжээнд мөрдөгдөж вэ?

-Нийгэмд олон хүүхэд залуус мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдаас үлгэр дууриалал авдаг. Даган дууриадаг. МСБХ-ны зүгээс тамирчдаас ёс зүйг өндөр хэмжээнд шаарддаг. МСБХ нь олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн. Тиймээс ОУСБХ-ны ёс зүйн дүрмийг чанд даган мөрддөг. Лиг хажуудаа мэргэжлийн зөвлөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ ямарваа нэгэн тамирчин ёс зүйн зөрчил гаргавал мэргэжлийн зөвлөл ямар хариуцлага хүлээлгэх шийдвэрийг лигийн журмын дагуу гаргадаг. Сагсан бөмбөгийн тамирчид дунд  талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа найзууд байдаг. Өмнө нь нэг багт тоглож байсан найз нөхөд, олон жил өрсөлдсөн, ахан дүүс байхыг ч үгүйсгэхгүй. Сагсан бөмбөгийн соёлд шүгэл дуугарсны дараа нөхөрлөл хадгалагдаж үлддэг. Ийнхүү байсаар ирсэн, ирээдүйд ч энэ соёл үргэлжилнэ. Тухай мөчид маргалдсан ч дараа нь уучлалт гуйдаг, уучилдаг байх нь спортын салшгүй нэг хэсэг.

-Ямар журам баримталдаг вэ. Олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу?

-ОУСБХ-ны дүрэм журмыг дагаж мөрддөг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бүх төрлийн зөрчил, ёс зүйгүй үйлдэлд оноох шийтгэл, хариуцлагийг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн ҮДЛ-гийн журам нь МСБХ-ны дүрэм, журамтай холбоо уялдаатай байдаг.

-Өнгөрөгч долоо хоногт талбайн шүүгчийн биед халдсан, нэгнийгээ газар шидсэн ёс зүйгүй үйлдлүүдэд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Энэхүү тохиолдол манай лигт болж байгаагүй. Шүүгчийн биед халдах бол олон улсын хэмжээнд хамгийн хүнд шийтгэлтэй, аль ч спортын төрөлд хатуу шийтгэлтэй байдаг. Учир нь шүүгчийн шийдвэр эцсийнх байдаг. Олимп, Дэлхийн аварга, бусад улсуудын дотоодын лигүүдэд гурваас дөрвөн жил хүртлэх хугацаагаар тоглох эрхийг нь хасах тохиолдлууд бий. Шүүгчийн биед халдсан нь ямар ч тохиолдолд байж болохгүй том ёс зүйн алдаа. Тухайн тамирчин мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурлын шийдвэрээр 2026 он хүртэл  лигт тоглох эрхээ хасуулсан. Энэхүү үйл явдал нь харамсалтай байлаа. МСБХ-ны зүгээс ийм алдааг дахин давтуулахгүй байх тал дээр анхаарна.

Харин бид эсрэг багийн тамирчнаа авч шидсэн тоглогчийг хоёр тоглолт өнжүүлэх шийдвэр гаргасан. Сагсан бөмбөг нь өөрөө маш их контактай спорт. Хасагдах шатны тоглолтууд болж байгаа үед тоглолт өнжүүлэх гэдэг бол маш хатуу шийтгэл. Хасагдах шатны тоглолтуудад энэ мэт азаартах тохиолдолууд байдаг. Хичнээн өрсөлдөөн, тэмцэл байгаа ч гэсэн дайн байлдаан биш.

-Мөнгөн торгуулийн хэлбэр байдаг уу?

-Сануулах, мөнгөн торгууль, тоглолт өнжөөх гэсэн шатлалтай хариуцлагын хэлбэрүүд байдаг. Мэргэжлийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргадаг. Шаардлагатай үед ажлын хэсэг, ёс зүйн зөвлөл хамтран хуралдаж шийдвэрээ гаргадаг. Шүүгчид гар хүрсэн зөрчилд мөнгөн торгууль оногдуулаагүй. Мөн FIBA-гийн дүрмээр ямар ч тохиолдолд сэлгээний тоглогчид талбай руу орохыг хатуу хориглодог. Талбай руу орж ирсэн зарим тамирчдад мөнгөн торгууль, зарим тамирчдад мөн сануулах арга хэмжээ авсан.  Аливаа баг тоглогчидтой байгуулсан гэрээнийхээ дагуу цалингаас нь хасах арга хэмжээ ч авах тохиолдлууд ч байдаг.

-Бусдыг доромжилдог, олон нийтийг турхирдаг хөгжөөн дэмжигчидтэй МСБХ-ны зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?

-Лигийн ордны хамгаалалтын албанаас ҮДЛ-ийн тоглолт үзэх эрхийг нь хасдаг.Ямар үйлдэл хийснээс хамаараад ямар хугацаанд эрх хасагдах нь тодорхойлогдоно. Энэ нь олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй учир цагдаагийн байгууллагатай ч хамтарч ажилладаг. Багаа, дуртай тоглогчидоо ихэнхи үзэгчид маань соёлтой дэмждэг болсон. Учир нь сагсан бөмбөгийг гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ, хосоороо зорин ирж үздэг соёл хэвшиж байна.  Залуучууд, хосууд болздог, хүүхдээ дагуулан ирж үзэн чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх хамгийн тухтай газар Үндэсний дээд лиг болсон. Энэ хэрээрээ ч залуучууд соёлтой үзэж дэмжиж байгаа.

Бидний зүгээс багууд, тамирчид болон шүүгчдэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Улирлын тоглолтууд эхлэхийн өмнө допинг, хориотой бодисоос сэргийлэх, бооцоот тоглоомоос сэргийлэх сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үүнээс гадна бүгд тэгш эрхтэйг сануулан уриалсан “One Basketball” компанит ажлыг ҮДЛ-ээс эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага улаан давааны замыг хаажээ DNN.mn

2024 оны хоёрдугаар сарын 16-ны 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.

Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

Иймд Ховд аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид, жолооч та бүхэнд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.