Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлж байна.

Бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Энэ талаар өнөөдөр Боловсролын Үнэлгээний Төвөөс 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

May be a graphic of floor plan, map and text

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө DNN.mn

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж, Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна.

Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: 129 иргэний амь нас, 2 тэрбум 322 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 129 иргэний амь нас, 2 тэрбум 322 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас иргэд автомашинтайгаа цасанд суусан дуудлага мэдээлэл зонхилж, алба хаагчид хөлдөж, осгохоос авран хамгаалав.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах тул гэр, сууцны галлагааг хэтрүүлэлгүй, угаарын хийн хордлогоос эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: НОБГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш/2024.02.20/ 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Нөгөө л бүлэглэл… DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “мэдэгдэл” хийсэн байна. Тэрээр “Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

Л.Оюун-Эрдэнийн үгнээс “Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно”, “Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр цагаан сар, цас зуд гээд нийтээрээ завгүй байгаа ч улс төр далдуур бужигнаатай байгаа бололтой. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг “хамгаалалтын далан” босчихсон, “Чамайг ирэх сонгуулиар унагаж зогсооно” гэсэн мессежийг өгөөд эхэлсэн үү. Ингэж ойлгогдож байна.

Гэхдээ ийм агуулгатай үг Л.Оюун-Эрдэнийн амнаас дөнгөж өчигдөр унаж байгаа юм биш.

Ерөнхий сайд болоод, түүнээс өмнө ч авлигын эсрэг гэж болохоор ноцтой мэдэгдлүүдийг хийж ирсэн.

Тэр дундаа өнөөдөр олны зэвүүцэл, жигшлийг төрүүлээд байгаа төрөөс хулгай хийсэн том хэргүүдийн талаар Ерөнхий сайд болсноосоо хойш олон удаа дуугарсан. Хэзээ, юу гэж хэлж байснаас нь хэдийг онцолъё.

2021.7.18. Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг.

2021.11.11. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй.

2021.12.8. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина.

2022.4.5. Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн шиг, Оюу толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Ордон дотор хүч мөхөствөл би олон нийтэд хандана.

2022.4.5. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлнэ. Ажлын хэсэг байгуулсан. Энэ цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ.

2022.10.20. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай.

2022.12.15. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно.

2023.1.11. Нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Цаашлаад төмөр зам, газрын албанд гардаг асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй.

2023.1.18. Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой. Ер нь хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү.

2023.2.19. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны энэ асуудлуудын араас 2023 оныг онцгойлон яг авлигатай тэмцэх жил болгоод Засгийн газраас зарлачихлаа. Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа “Бид авлигатай хатуу тэмцэнэ” гэдэг байр сууриа тогтоолоор баталгаажуулсан.

2023.4.17. Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж авлигын эсрэг “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм.

2023.4 дүгээр сар. Авлига авсан хүмүүс биднийг өрөвдөөгүй. Өрөвдөж, уучилж болохгүй. Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улстөржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой. Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина

2023.5.4. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаа эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна.

2023.5.9. Эрдэнэтийн 49-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү. Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү.

2023.7.25. Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй. Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ.

2023.11.30. Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?

Ингэж хэлдэг. Ерөнхийдөө сүүлийн 2-3 жилд төрд нүүрлэсэн авлигын талаар олон нийт ихийг мэддэг болсон. Тэр хэрээр албан тушаалаараа дулдуйдаж төрөөс хулгай хийж ирсэн нөхдүүдийг олон нийт багцаалдаг болчихсон. Энэ нь ирэх сонгуульд нэр дэвшигчдэд нэлээд том шаардлага болж очихоор байна. Хамгийн гол нь үүнээс улбаалаад “Монголчууд авлигыг үл тэвчигч болсон” гэдэг дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.

П.Хуяг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 667.841 толгой мал хорогджээ DNN.mn

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.

Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Тайшир өргөө” ХХК-ийн захирал Д.Амгаланбаатар: Сүү сааль их байх нь тэжээлийн шимээс хамаардаг DNN.mn

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, тухайлбал цөлжилт, ган, зуд, цаг агаарын гэнэтийн онц аюултай үзэгдлээс үүсч буй эрсдэлийн нөлөөг багасгах, мал сүргийн таваарлаг байдлыг дээшлүүлэхийн тулд тэжээл гэгч зүйлийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Бид өөрсдөө эх орны хөрсөн дээр ургасан чанартай ногоог хэрэглэнэ гэж ярьдаг хэрнээ, Монголчууд бидний амьдралын эх ундарга болсон малдаа юу ч хамаагүй өгч гэдсийг нь дүүргэдэг. Эрчимжсэн аж ахуй эрхлэгч хүмүүсийн хамгийн гол зүйл бол тэжээл. Чанартай тэжээл олгохын тулд газар тариалантай би өөрөө салшгүй холбогдсон” гэх энэ эрхэм хүнийг Д.Амгаланбаатар гэнэ. Ингээд түүнтэй газар тариалан, фермээр дамнасан их туршлагын тухай ярилцсан ярилцлагаа хүргэе.


– Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны эрчимжсэн мал аж ахуй, фермийн талаар ярилцья гэж бодлоо. Та хэзээнээс энэ салбар руу орсон бэ?

– Юуны өмнө та бүхэнд баярлалаа. Би багаасаа л фермийн аж ахуйтай ойрхон өссөн. Манайх Говь-Алтай аймагт аль социализмын үед л фермтэй байлаа. Гэсэн хэдий ч би мэдэхгүй нь их байсан болохоор их ч туршлага судалсны үр дүнд өнөөдрийн фермийнхээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хүмүүс надад анх эрчимжсэн мал аж ахуй эрхэлнэ гэхээр та хар бага наснаасаа харж, сонсож өссөн юм чинь юухан байхав л гэж байсан. Яг дотор нь байсан болохоор айж тэвдэж орж чадахгүй байлаа. 2008 оноос зөвхөн фермийнхээ үхрийн идэх тэжээлийг судалж, газар тариалан хийж, бэлтгэж сурсан. Ингээд тэжээлээ бэлтгэж сураад 2011 онд одоогийн энэ фермээ байгуулж эхэлсэн дээ. Ингээд фермийнхээ бүхий л зүйлийг бэлтгэж дуусаад 2013 онд Хэнтий аймгийн Дадал сумаас симменталь үүлдрийн үхрийг авчирч байсан.

– Та дээр яриандаа дурдлаа. Зөвхөн тэжээл бэлтгэж сурах гэж гурван жил, фермийн үйл ажиллагаагаа эхлүүлж барилгаа барих гэж хоёр жил болсон гэсэн үг үү?

– Тийм ээ. Энэ бол их хөрөнгө мөнгө, цаг зав шаардсан ажил. Хам хум хэдхэн сарын дотор нэг барилга бариад, байгалийн өвсийг хадаад ферм баривал барина л даа. Гэхдээ тэгэж болохгүй. Дэлэнгээс нь гарсан сүү бүр хүний биед ашиг шимтэй байлгахын тулд хэлэн дээр нь эрүүл чанартай тэжээл тавих ёстой. Би фермийн барилга байгууламж, дотоод зай талбай гээд бүх л зүйлийг Голландаас туршлага судалж ирээд яг тэр стандартаар барилгаа бариулсан. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, тухайлбал цөлжилт, ган, зуд, цаг агаарын гэнэтийн онц аюултай үзэгдлээс үүсч буй эрсдэлийн нөлөөг багасгах, мал сүргийн таваарлаг байдлыг дээшлүүлэхийн тулд тэжээл гэгч зүйлийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Манай орны малын тоо толгой жилээс жилд өсч, бэлчээрийн даац муудаж, нэгж талбайд ноогдох малын тоо гурав дахин нэмэгдсэн нь тэжээлийн таримал тариалж, нэмэгдэл тэжээлийн нөөцийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг харуулаад байгаа юм л даа.

– Ер нь тэжээл, газар тариалан дээр эрчимжсэн мал аж ахуйн бизнес суурилж байна гэсэн үг байх нь ээ?

– Манайх үхрийн аж ахуйгаас гадна хонины аж ахуй эрхэлдэг. Эрчимжсэн мал аж ахуйн үхэр бол хоногт өөрийн биеийн жингийн 15-20 хувь таарсан тэжээл идэж байж, мах сүүнийхээ ажлыг хийнэ. Харин зарим малаа хонин толгойд шилжүүлснээр бэлчээрийн монгол мал хоногт 1.7-2.1 кг хуурай өвс идэх бөгөөд тодорхой хэмжээний шимт, биологийн идэвхт эрдэс бодисыг агуулж байх ёстой. Энэ шимт ба биологийн идэвхт бодис агуулсан тэжээлийг бэлчээрийн зуны ногооноос илүүдэл хэмжээтэй, намар бага, харин өвөл, хаврын борог өвснөөс дутуу хэмжээтэй авч байдаг. Нэмэгдэл тэжээлийн ач холбогдол нь мал сүргийн тэжээллэг байдал, маллагаанд жил бүр дутагдаж буй шимт, биологийн идэвхт, эрдэс бодисын дутууг нөхөх, мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх, бүс нутагт тохиолдож буй ган, зудын эрсдэлийг бууруулахад оршиж байгаа юм. Иймд тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх нь тариаланч, малчид, фер­мерүүдийн хамгийн том ажил. Миний хувьд 2014 онд Оросоос үр авч ирээд 2016 онд рулондож буюу вакумжуулж тарих технологийг Монголдоо анхлан оруулж ирснээр сүү сааль, малын ашиг гэдэг аль нэг спиртийн шаарнаас биш, тэжээлийн шимнээс хамаардаг юм шүү дээ.

– Та тэжээлийн чиглэлээр маш их зүйл хийсэн байна. Ямар ямар нэр төрлийн тэжээл тариалж байна.

– Боломжтой болгоныг тарьж туршиж байдаг даа. Тэжээлээ дарш, ногоон тэжээл, холимог тэжээл, царгас гэх мэтээр ангилан тарьж хураадаг. Холимог тэжээл гэхэд л арвай, овъёос, вандуй гээд л олон нэр төрөл бий л дээ. Царгасыг бол сүүлийн гурван жилийн турш 60 га талбайд тарьж ургуулж байна. Тэжээлийн олон нэр төрөл ургахаас гадна чанар хамгаас чухал. Тэгээд сайхан ургуулсан ургацаа хадгалах, хурааж авах нь маш чухал. Тиймээс хадгалах, хураах тусгай технологийг хүртэл судалж оруулж ирсэн.

Өнгөрсөн жилийн хувьд та хэр их талбайд тэжээл тариалсан бэ?

– Өнгөрсөн жилийн хувьд нийт 500 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 170 га талбайд үр тариа, 330 га талбайд рулон буюу вакумжуулсан тариалалт хийсэн. Өмнөх жилдээ арвин сайхан ургацынхаа ашгаар фермийн үхрүүд маань шимт сүүгээ арвин их өглөө.

– Сүү анхнаасаа өдгөөг хүртэл хэр арвин байна. Сүүгээ хэр бэлтгэн нийлүүлж байна.

– 2013 оноос үхрүүдээ Хэнтий аймгаас гаршуулан авч ирснээс хойш өнөөдрийг хүртэл есөн жилийн турш Сүү ХК-д сүүгээ бэлтгэн нийлүүлж байна. Анх сүү бэлтгэн нийлүүлж эхэлж байснаасаа хойш өнөөдөр бол өгч байгаа сүүний хэмжээ маш сайн нэмэгдэж байна. Гэхдээ сүү арвин их байснаараа тийм их ашигтай байхгүй л дээ. Анх чинь сүү гэдэг чинь дэлгүүрт зарагдаж байгаа савтай уснаас хямд байлаа. Одоо бол “Сүү” ХК зах зээлд хамгийн боломжит үнээр авч малчид, фермерүүд биднийг дэмждэг. Зөвхөн сүүний үнийг төлөх биш бидэнд зориулсан эрүүл мэнд, соёл, сургалтын гээд бүхий л талаар олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сүүлийн хоёр жилд л гэхэд “Сүү” ХК-иас хаврын тариалалт, намрын ургац хураалтандаа зориулж дэмжлэг авсан.

ТООНЫ МАШИНЫ ТООГООР ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БҮҮ ЖИГҮҮРЛЭЭРЭЙ

– Нэг хэсэг Улаанбаатар хот руу хөлтэй болгон нь зорьж, төвлөрөл их байсан. Эдгээр үеүүдийг бодвол харьцангуй хөдөө орон нутгийг зорих энэ төрлийн бизнесийг сонирхох залуусын тоо нэмэгдэж байна. Дөнгөж эхэлж байгаа залуусдаа хандаж та юу хэлэх вэ?

– Монголчуудын хамгийн алдаатай зан гэх юм уу даа. Хэтэрхий бардам. Хүнээс мэдэхгүй байгаа зүйлээ хэзээ ч асууж мэддэггүй. Асуухаас хэзээ ч битгий ич, мэдэхгүй байгаагаасаа хэзээ ч бүү ич. Харин мэдэхгүйгээсээ болоод алдах вий гэдгээс хамгийн их санаа зовох хэрэгтэй.
Зарим эрчимжсэн мал аж ахуй эрхлэх гэж байгаа хүмүүсийг би хардаг л даа. Тооны машин дээр нэг л их тоо нэмээд, үржээд тэгээд энэ салбар руу ороод ирдэг. Үгүй шүү. Судалгаа маш их хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тооны машины тоогоор хүсэл мөрөөдлөө бүү жигүүрлээрэй л гэж хэлмээр байна даа.
Тооны машины тоогоор хүсэл мөрөөдлөө бүү жигүүрлээрэй л гэж хэлмээр байна даа.

Бидний яриа өндөр­лөх гэж байна. Хамгийн сүүлийн асуултаа би таныг ирээдүйд юу хийх гэж байгаа талаар асуумаар байна.

– Миний ирээдүйн хамгийн том зорилго бол жишиг ферм байгуулахаар зорин ажиллаж байна.

Тариалалт, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан шүү дээ. Баас үйлдвэрлэдэг биш сүү үйлдвэрлэдэг тэжээл тарьснаар бид илүү их амжилттай ажиллаж чадна гэсэн үг. Фермийнхээ мал бүрийг өөрсөд шигээ хайрлаж, аманд нь хийх тэр тэжээлийг өдрөөр, сараар биш жилээр бэлтгэдэг байя. Тэр тэжээлийн чанарыг алдагдуулахгүй малд өгөөд илүү чанартай сүү нийлүүлж, улсынхаа хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах эрхэм үйлсэд мөрөө үлдээхийг хүсдэг дээ.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхний арвин их үйлд илүү их амжилтыг хүсэе.

Баярлалаа. Сүү гэх шидэт ундааг монгол хүн бүр хэрэг­лэдэг байгаасай. Хэрэглэдэг хүн бүр ид шидийг нь мэддэг байгаасай гэж ерөөл өргөе.

 

Ярилцсан С.УКА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сум сумынхаа малчдадаа хариу нэхсэн тус хүргэцгээе DNN.mn

Монгол орон даяар зуд болж байна. Шадар сайд С.Амарсайханы лхагва гаригийн Засгийн газрын хуралдаан дээр улсын хэмжээнд 135 сум цагаан зудтай , нийтдээ 256 сум зудын нөхцөл байдалтай байгааг мэдээлсэн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан үнэлгээгээр таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа аж. Зудгүй нэг ч аймаг үлдээгүй.

Хамгийн хүнд хэцүү буюу шилэн зудтай сумд гэвэл Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшар байна. Эдгээр сумдад цасны нягт 0.35-1.05 г/см3 буюу мал цасан дороос өвс малтаж гаргаж идэх битгий хэл зогсох ч боломжгүй нягтралтай гэсэн үг. Ийм нөхцөлд мал бэлчих боломжгүй. Малчид өвс тэжээлээ хангалттай нөөцөлж бэлдээгүй. Эхний хэдэн удаагийн цаснаар л нөөцөлсөн багахан юмаа тарамдчихдаг. Яг хаврын хавсарган үед юу ч үгүй болчихдог “уламжлалтай” хүмүүс. Ингээд цас зуд үргэлжлэхээр замаа ч гаргаж дийлэхгүй, өвс тэжээлгүй хэдэн мал өглөө босоход л арав, арваараа, зуу, зуугаараа үрэгдчихдэг жил жилийн зудтай өвлийн нөхцөл байдал хэвээрээ л үргэлжилж байна.

Үүнтэй зэрэгцээд хэдхэн хоногийн өмнө улс орон даяар Монгол Улсын аварга малчид төрцгөөлөө. Энэ жилийн хувьд сонгуулийн жил. Сонгууль дөхөөд ч тэр үү, бараг 330 сумаас аваргууд төрсөн бололтой. Сар шинийн баярын өмнөх өдрүүдээс эхлээд л бүх телевизийн оройн мэдээгээр УИХ-ын гишүүд өөр өөрсдийн тойрогтоо оччихсон Улсын аварга малчдын цол тэмдгийг гардуулж байгаа тухай мэдээллээ. Баяр дууссан ч мэдээллүүд нь хөвөрч л харагдана. Аварга малчдын тухай сурвалжлага, мэдээг өдөр шөнөгүй цацсаных нэг зүйл маш тодорхой, нэвт шувт харагдлаа. Малчид өвлийн бэлтгэлээ ямаршуухан базаадаг болохыг телевизийн дүрсээс бэлэхнээ харагдаж байна. Малын битүү пинтэй айл бараг алга. Сарзайсан онгорхой, нар салхи нэвт шувт орж ирэхээр тахир хэдэн шургаагаар голдуу барьчихсан пин гэж хэлэхэд хэцүүхэн малын оромжууд нүдэнд тусах ажээ. Мөн өвс нуруулдсан аварга малчин ганц ч харагдсангүй гэхэд хэлсдэхгүй.

Хуучин бол малын пин гэдэг салхи савир нэвтрэх боломжгүй, яваад ороход пүн гэсэн дулаахан орчинтой. Дээврээр нь, ханаар нь битүү үхрийн баасаар шавчихсан. Давхарлаад пресслэсэн өвсөөрөө хуччихдаг хуучны малчдын арга ухаан байв. Аварга нь байтугай адаг нь хүртэл өвсөө гаднаа нуруулдчихсан халуу дүүгээд сууж байдаг байлаа. Тэгвэл одоо хангай газрын модтой аймгийн малчдын ганц нэг нь малын пиндээ мод зориулж дориухан барьсан харагдана. Улаанбаатар хоттой ойрхон сумдад тоосгоор барьсан пинтэй малчин өрх зурвасхан үзэгдсэн. Бусад нь бол энэ хүйтэн жаварт түй ч нэмэргүй онгойсон шөнөдөө малаа хаших төдий махир тахир шургаагтай малын хашаа л гэмээр пинтэй өвөлжиж байдаг юм байна.

Тэд уг нь Улсын аварга малчид шүү дээ. Мал маллах арга ухаанаараа шалгарсан хүмүүс л байлтай. Гурван зуу гаруй мянган малчдаасаа цойлж, улсад нэрээ цоллуулж байгаа. Тийм хүмүүс, айл өрхүүд малаа онд мэнд оруулахаас л шалгуур нь эхэлдэг баймаар юм. Ажилтай аньхайтай гаднаа ч гэртээ ч тов хийсэн хүмүүс баймаар юм. Тэгэхэд сэржийсэн хоосон пинтэй нэг их гозогносон чихтэй булган малгайтай харцуул эхнэрүүд л шагнал гардаад санаа амар малилзах. Гэтэл үхэж үрэгдэж байгаа малын тоо, цас зудтай байгаа сумдын тоогоор бол хорогдолгүй, хохиролгүй малчин өрх гэж байхгүй бололтой.

Цаг агаар цаашид ч хүндрэх төлөвтэй болчихлоо. Өчигдөр шөнөөс эхлээд өнөөдөр Ховдын нутгаар фён буюу хуурай салхи секундэд 34 метр хүрч ширүүсэх анхааруулгыг цаг уурын байгууллага мэдээлж эхэллээ. Завханы нутгаар ч хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй гэнэ. Малчдын нөхцөл байдал улам хүндэрч, малын хорогдол нэмэгдэнэ л гэсэн үг. Малын дулаан орон байргүй, дээрээс нь өвс тэжээл нь тасарчихсан энэ нөхцөлд бүр хэцүү. Өнөөх 60 сая малаасаа 30 саятай үлдэж мэдэх эрсдэлтэй байдал үргэлжилж байна.

Тиймээс малчдад туслах аяныг орон даяар эхлүүлье. Аймаг аймгийнхаа, сум сумынхаа малчдад нэгдэж тусламж үзүүлье. Хэн бүр эрвийх дэрвийхээрээ тусалъя. Мөнгө төгрөг, малын нэмнээ, хоол хүнс зэрэг мал дагаж юу л хэрэгтэй болно түүнийг бэлдэж, илгээцгээе. Ямар сумаас нь хүн байхгүй гэх биш хотоор дүүрэн

хөдөөнийхөн амьдарч байгаа. Зам харгуй гаргахаас эхлээд хүн хүч, техникийн шаардлага ч их байгаа нь хол ойрын мэдээнээс дуулдаж байна. Аль болох бодит тусламж дэмжлэгийг

нийтээрээ бий болгоё. Угтаа малчид бизнес хийж байгаа л хүмүүс. Бизнесмэн хүн өмчөө хамгаалах уу, салхинд тавиад туух уу тэдний л асуудал байдаг. Мал аж ахуйн салбар яалт ч үгүй нийт монголчуудын амь амжиргаатай холбогддог эд. Түмний нүдэн дээр мал нь хорогдож, аргаа барж байгаа малчдыг орхилтой нь биш, тусалцгаая. Туслана гэхээр бүгдээрээ наадуул чинь ааруулаа 69 мянгаар махаа 20 мянгаар зарж байна пээ паа болоод л явчихна. Тийм учраас л энэ туслалцаа бол хариугаа нэхэх, цаг сайхан болсон хойно эргээд төлөгдөх учиртай эд байх ёстой. Яг л зах зээлийн туслалцаа байх юм.

Сум сумыхандаа мөнгө төгрөг тэжээл бордоо эм тан гаргаж өгөхдөө хэн гэдэг хүнд очсоныг засаг дарга нар нь бүртгэлжүүлээд гар хөлийн үсэг зураад баталгаажуулаад авна биз. Тусламжаар илгээсэн эд материал, мөнгө төгрөг яг хэнд, ямар малчны хотонд очив. Хэнээс ирэв, хэн хүргэж байв бүгдийг ил тод зарлаж бүртгэлжүүлж байх ёстой. Бүр мал онд мэнд орж тарган тавлаг өсч үржихийн цагт тусламж илгээсэн хүмүүстээ малчид хариу барих үүрэгтэйгээр тусламжийн аян өрнүүлцгээе.

Нэгэнт цаг үе хүндэрч, малчид малаа маллаж чадахгүйд хүрсэн юм чинь сум сумынхаа малчдад туслах аяныг цаг алдалгүй өрнүүлцгээе. Тэдэнд одоо л тус дэм мөнгө төгрөг хэрэгтэй байна. Хүмүүнлэг нийгэмийн мөн чанар ийм л байх учиртай. Зах зээл ойр байдагаараа хотын хүмүүс арай эдийн засгийн боломжтой байдаг. Тэр боломжийг нь ашиглаж хэдэн малчдынхаа хотыг нь харлуулчихгүй шиг аваад гарах хэрэгтэй байна. Харин малчид эргээд өөрт нь тусалсан иргэнд сүү тараг, мах ноосоор хариуг нь барих үүрэгтэй гэдгээ санаж байх ёстой.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендерийн урилга

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллы н хоёрдугаар сарын 19, Сумъяа гариг. Билгийн тооллын 10, Хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:53 цагт мандаж, 18:19 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.