Categories
мэдээ нийгэм

Шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нутагшуулжээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулсан хэмээн мэдээллээ.

ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан, тус тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын мэс заслын баг бүрэлдэхүүн шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна.

Тус тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн  энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж буй юм.    

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовиураар шаналж буй иргэд үйлчлүүлэгчид олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 37.5 их наяд төгрөг болжээ DNN.mn

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Мөнгөний нийлүүлэлт 37.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 их наяд төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь, 40.6 хувь хувийн байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллагын өрийн үлдэгдэл байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 27.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсжээ. Чанаргүй зээл 2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 14.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 15-нд дуусна DNN.mn

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 19-ны 09.00 цагаас ирэх дөрөвдүгээр сарын 26-ны 18.00 цаг хүртэл явагдах юм байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны  гуравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /

2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

МХБШ нь үнэ төлбөргүй бөгөөд ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

• Өргөдөл хүсэлт

• Эмчийн магадалгаа

• Сургуулийн тодорхойлолт

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Rokit Bay-ын зохион бүтээсэн “Carnival Hunt” тоглоом 28 хоногт 122 мянган ам.доллар босгожээ DNN.mn

Kickstarter платформ дээр $50,000 босгох зорилготойгоор кампанит ажлаа эхлүүлж байсан Carnival Hunt тоглоом 28 хоногт 1470 хүнээс 122,426 ам.долларын санхүүжилтийг амжилттай босгожээ.
Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом болох Carnival Hunt нь рэппэр, найруулагч, продюсер О.Баярсайханы (Rokit Bay) үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл юм. Энэ нь тэдний бүрэн хэмжээний хоёр дахь видео тоглоом бөгөөд анхны тоглоом “Fragile” нь Steam платформ дээр гарсан юм.

Тоглоомын ертөнцөд хүлээлт өндөртэй байгаа Carnival Hunt энэ оны зургадугаар сард зах зээлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувьтай гарсан бөгөөд өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурсан. Үүний 3.2 нэгж буюу 42.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Инфляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлсөн аж.

Эргэн сануулбал 2023 оны арванхоёрдугаар сард инфляц 7.9 хувь гарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр зудын (6 аймгийн 23 суманд), Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын (17 аймгийн 88 суманд) нөхцөл бүрдсэн байна.

Мөн Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу (17 аймгийн 79 сум) (2 дугаар зураг) байна.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  •  Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1,1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байсан.
  • МАА-н үйлдвэрлэлд мал оторлуулах, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор М.Анaрa: Хүнийг хүндэтгэх эрхэм чанар доройтсоноос жудаггүй хүмүүс олширсоор байдаг DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор М.Анаратай ярилцлаа.


-Монголчуудын ёс зүй, ёс суртахууны талаар өмнө нь тантай ярилцаж байсан. Энэ удаа жудагийн тухай илүү дэлгэрүүлмээр байна. Ёс зүй, ёс суртахуунтай ойрхон юм шиг санагдах юм. Гол нь өнөөгийн нийгэмд эдгээрийг ухаж ойлгох шаардлагатай болчихоод байна шүү дээ. Жудагийг философийн ухаанаас тайлбарлаж болох уу?

-Би жудаг гэдгийг хүн чанартай байх гэдэг утгаар ойлгож байна. Хүн чанартай байна гэдгийг нэр төрийн асуудал, нэр төрөө эрхэмлэх гэдэг агуулгаар нь ойлгож байна. Ер нь монгол хүн энэ үгийг сонсохоор надтай адил утгаар хүлээж авдаг байх. Ёс зүйн үндсэн ухагдахууны нэг бол  нэр төр, нэр төрөө эрхэмлэх юм. Тэгэхээр эндээс юу гэж ойлгож болох вэ гэвэл, хүн ёс суртахуунтай байна гэдэг бол нэр төрөө эрхэмлэдэг, хүн чанартай буюу жудагтай байхыг бас хэлдэг байх нь. Энэ бол хүн шиг хүн байхын нэг шалгуур үзүүлэлт гэх юм уу даа.

-Жудаг гэхээр бөхтэй шууд холбогддог. Бөх хүн л жудагтай байх ёстой юм шиг. Саяхан манай сонинд нэгэн судлаач ярихдаа “Танигдсан байдлаа буруугаар ашиглахгүй байх нь жудаг юм” гэж онцолсон нь анхаарал татсан. Нээрээ л олон нийтэд танигдаж, хүмүүсийн итгэл, хүндлэлийг хүлээдэг. Нэг харахад эргээд олон итгэлийг унагаасан үг, үйлдэл гаргах тохиолдол ажиглагддаг. Энэ тухай?

-Жудаг гэдэг үгийг яахав бид өдөр тутмын хэл ярианд нэг их хэрэглэж дадаагүй. Би өнөө цагийн бидний ярианы хэлийг ярьж байна л даа. Нэг тийм уламжлал агуулсан үг ч юм шиг сонсогддог байж болох юм. Үүнтэй холбоотойгоор бөхтэй илүү холбож ойлгох, бөхийн зан чанарыг ярихаар чихэнд тийм сонсголон сайхан ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа байж болох юм.

Харин танигдсан байдал гэдгийг хоёр талаас нь харж байна. Нэгд, хийсэн бүтээснээрээ олонд хүлээн зөвшөөрөгдөж танил болсон хүн буюу алдартай хүмүүсийн тухайд, нөгөө талаас хүн гэдэг бол эхээс мэндлээд алдар буюу нэрийг эцэг эхээсээ оноож авдаг. Тэр утгаараа бусад хүмүүсээс миний ялгарах нэг тодотгол бол миний нэр -миний алдар. Алдар гэдэг чинь үгийн хувьд “нэр” гэдэг үгийн хүндэтгэлийн үг шүү дээ. Тэгэхээр бид нэг бол олонд танигдаж алдартай болох нь, нэг бол өөрийн биед эцэг эхээс заяасан нэрээрээ бусдад танигдах нь. Миний хувьд жудаг гэдгийг хоёр дахь утга буюу хүн байхын жудаг гэдгээр л ойлгох нь хамгийн чухал, суурь нь. Кино, зохиол дээр “За чи ч ёстой хүн ч гэхэд хэцүүхэн хүн байна даа” гэх мэт үгнүүд гардаг даа. Энэ бол эцэг эхээс заяасан А гэдэг нэртэй хүн нь хүн гэдэг нэрээ гээж байгаа, алдаж байгаа хүмүүст хэлж байгаа үг шүү дээ. Философи утгаараа, хүний нэр гэдэг бол, жишээлбэл Анара гээд миний нэр надад их чухал зүйл юм. Миний судалдаг психоанализд ч нэрний тухай маш их судлагдсан байдаг. Монголчууд хүүхэд төрөхөд яаж нэр өгдөг билээ. Тэр чинь маш их утга учиртай. “Нэр төрийг” нь бэлгэдэлт зан үйлээр дамжуулан өгдөг. Маш нарийн ухаан. Эдгээр бүх зүйл өрнөдийн гэх онолд ч яригддаг. Миний хэлээд байгаа психоанализд бас. Нэр нь хүндэдсэн зэрэг олон заншил байдаг даа.

-Олонд танигдсан хүмүүс юу ч хамаагүй ярьж, үйлдэж болох юм уу?

-Олонд танил болсон алдартай хүмүүсийн жудгийн тухай ярих юм бол энэ бол бүр их гүнзгий чухал сэдэв болно. Өнөөдөр бид нийгэмд, олонд танигдсан хүмүүс олны анхаарлын төвд ороод л их сайхан байдаг гэж ойлгодог. Сайхан тал ч мэдээж байлгүй яахав. Гэхдээ нэр алдар өсөхийн хэрээр хариуцлага, үүрэг өсөж байдаг. Нэр алдартай хүн юу хүссэнээ хамаа намаагүй ярьж, дураараа дургиж болохгүй гэдэг. Тийм хууль байхгүй л дээ. Гэхдээ үүний учир нь тэр хүнийг даган дууриаж, үлгэр жишээ авч, хүндэтгэж байгаа хүмүүс их байна гэсэн үг. Жирийн Анараг 10 хүн хүндэлдэг, дагадаг гэж үзвэл алдартай Анараг 100 хүн хүндэлдэг дагадаг байна. Үүгээрээ алдартай Анарагийн хариуцлага, үүрэг өсч байна. Алдартай одууд яагаад элдэв хэрэг төвөгт орох, алдаа гаргахаараа сэтгэл санаагаар хэт унаж байна, яагаад зарим нь бүр амиа хорлож байна. Нөгөө алдартай болсон нэр төрөө эрхэмлэх, хариуцлага, үүрэг нь өсөөд түүнийг сэтгэл зүйн хувьд үүрэх, даах боломж нь шавхагдаад, эцэстээ тийм шийдвэрт хүрч байна гэж бас харах боломжтой. Гэхдээ үүнийг бас өрөөсгөлөөр бүх алдартай болсон хүмүүс, эсвэл алдартай болоод амиа хорлосон бүх хүмүүсийн ганц шалтгаан нь гэж ойлгож болохгүй. Миний аав хэлдэг юм. “Хүн чанаргүй уран бүтээлчээс аугаа бүтээл хэзээ ч гардаггүй ээ” гэж их сайхан онож хэлсэн үг. Үүнийг заавал ч үгүй, уран бүтээлч, нэр алдартай хүн гэлгүй, ер нь жудаггүй хүний ажил үйлс нь сайн, сайхан байдаггүй. Тустай юм байдаггүй гэсэн үг болж байгаа биз дээ.

-Ер нь өнөөдөр яагаад бид энэ асуудлыг хөндөх болов. Жудаггүй болох, нэр төрөө эрхэмлэхгүй байх явдал юунаас үүдэлтэй болчихоод байна вэ?

-Хүнийг хүндэтгэх эрхэм чанар доройтсоноос болж байгаа. Хүнийг хүндэтгэхэд хайрлах, эмээх, бахархах гэсэн гурван мэдрэмж маш чухал. Эмээх гэхээр хүмүүс айх гэдэгтэй эндүүрээд байдаг. Би хэнээс ч, юунаас ч айхгүй гээд хүнээс эмээх гэдэг мэдрэмжээ алдчихдаг. Нөгөө ардчилалыг анархизмтай адилаар эндүүрч ойлгоод байгаа шиг юм даа. Гэхдээ хүн энэ бүхнийг ямар нэг ном зохиол, сургууль соёлоос олж мэдэж, эзэмшихээс илүү эцэг эх, гэр бүл, багш, эргэн тойрны хүмүүс, нийгмийн харилцаанаас л олж авдаг. Харин түүнийгээ хэрхэн хэрэглэх, яаж хөгжүүлэн баяжуулах гэдгийг боловсролоороо, уншиж мэдсэн ном бүтээлээсээ олж авдаг гэж би хардаг. Залуу хүн бол цаас шиг сайхан цагаан. Түүнд бүх мэдрэмж шинэхэнээрээ байдаг. Гэтэл тэдэнд нөгөө жудгаа алдсан хүмүүс буюу хүн чанараа гээсэн хүмүүс буруу үлгэр дууриал үзүүлнэ, нөлөөлнө.

Би өмнө нь хэлж байсан “Хүнийг хүн болгох” ёс, уламжлал одоо алдагдчихаад байна. Ёс, уламжлал гэхээр л нэг л их дээр үеийн хоцрогдсон зүйл юм шиг хүмүүс бодох юм. Харин энэ бол тухайн хүн, тухайн үндэстэн ард түмний бахархан, хайрлан, нандигдаж явах үнэт зүйл. Дэлхийн бүх улс үндэстэн, ёс суртахууны үнэт чанар, эрхэмлэх зүйлсээрээ өөрсдийгөө бусдаас ондоошуулан-тодотгон бахархаж байна. Оюуны өв уламжлалыг түүхийн он жилүүд, хүний нийгмийн шалгуурыг даван туулж, шигдигдэн үлдсэн байдаг учраас үнэ цэнтэй гэж үздэг. Хэрэггүй, буруу, утгагүй, цаг үед нийцэхгүй зүйлс нь түүхийн явцад гээгдэж байдаг. Жудаггүй болох, нэр төрөө эрхэмлэхгүй байх нь бидний өв уламжлалаа хадгалахыг хүсэхгүй байгаа хүсэл, түүхийг эс тоох хандлага, хүн байхын сайн сайхныг мэдрэхээс зугтах, аливаа зүйлд итгэх итгэл үнэмшил суларсных юм болов уу даа.

-Жудагтай, нэр төрөө эрхэмлэх нь нийгэмд ямар үр дагавартай вэ?

-Хүн чанартай сайхан хүмүүс их байна л гэсэн үг байх даа. Бие биеэ хайрлаж хамгаалдаг, хүндэтгэдэг, өөрт ноогдсон ажлыг хариуцлагатай сэтгэлтэй хийдэг. Ийм хүмүүс олон байх тусмаа л ажил, амьдрал сайхан байх байхдаа. Тэгэхгүй, би л болж байвал яахав гээд л яваад байвал эргээд өөрийнх нь ажил амьдрал ч бүтэлгүй л байна гэсэн үг биздээ. Өнөөдөр бид их ахархан бодлоор өөрийнхөө л ажлыг бүтээчих гээд, өөрөө л түрүүлж баян тансаг эд баялагтай болчих гээд байгаа юм шиг. Гэтэл, бүгд л гараад нэг зам дээр түгжирч байна, бүгд л бохир агаараар амьсгалж байна. Баян хүмүүс нь хэт тасарсан гээд л байдаг яг үнэн дээ, гаднаас нь харвал бүгд л “монгол хүн” гэсэн нэртэй шүү дээ. Нэг уулын наана цаана, энэ ууланд агаар бохирдолтой, тэр ууланд арай дээр. Гэхдээ л нэг нутагт, нэг Монголд л байна. Үүнийг нэг талаас нь харахад, өнөөдрийн монгол хүн, би үүнд бүр бүх монгол хүмүүсийг оруулж хэлж байна,  их л “гэнэн” юм даа л гэж бодогдох юм. Бид чинь эрэмгий зоригтой, шударга, нэр төрөө эрхэмлэдэг үндэстэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн л байдаг юм уг нь.

-Та өмнө Японд багагүй хугацаанд амьдарч, судалгаа хийж байсан хүн. Япончуудын хувьд нэр төр, манайхаар жудагтай байх тухай ойлголт хандлага ямар юм бэ?

-Япончууд чинь “надаас нийгэм бүхэлдээ хамаарна, шалтгаална” гээд бүх хүмүүс нь ойлгочихсон, тийм үзэл суртлаар хүмүүжиж байгаа хүмүүс. “Чамаас болоод бид хөгжихгүй байна” биш, “биднээс болоод бид хөгжихгүй байна” л гэж асуудлыг харна. Энэ бол хамтын нийгмийн амьдралд маш чухал үзэл суртал. Гэхдээ зарим талаар энэ нь хэтрээд хувь хүнд нийгмийн дарамт болох сөрөг үр дагавар ч байна л даа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хөгжилтэй орнууд бол сууриа зөв тавьчихсан учраас өдөр тутмын ч гэх юм уу тиймэрхүү жижиг асуудлууд бий. Япон хүн маш их нэр төрөө эрхэмлэнэ. Энэ нь зөвхөн алдартай хүний хувьд ч биш, хүн бүр өөрийн нэр, эцэг эх, өвөг дээдсийн нэрээ эрхэмлэнэ. “Муу явахаар сайн үх” гэдэг дээ. Хувь хүний нэр, харъяалагдах овог, нутаг ус-аймгийн нэр гээд л байна. Гэхдээ энэ бүхэн манай монголчуудад ч байгаа шүү дээ. Нутаг ус, элгэн садныхаа нэрийг бодох гээд л, тийм биздээ. Гол нь тэд уламжлалаа гээлгүй, түүгээрээ бахархаж, хүн бүр тэр ёс заншлаа нандигнан хайрлаж, түүгээрээ бахархаж, бусдад гайхуулж, өвлөж байна. Зарим залуус нь утга агуулгыг нь сайн ойлгоо ч үгүй байдаг. Гэхдээ заавал тэр уламжлалын утга учрыг олох гээд л байхгүй, ёсыг ёсоор нь дагана. Тэгээд тодорхой цаг хугацаа ирэхээр аяндаа ойлгоно, ухаарна. Би нас явахаар гэдэг утгаар хэлж байна. Бид чинь одоо сүүлийн үед хэт мэдэмхий ч гэх юм уу, хэт сониуч ч гэх юм уу, эсвэл цэцэн цэлмэг болохыг хүсдэг ч болсон юм уу их сонин сонин үзэгдэл гаргаж байна. Бид одоо хүн чанараа алдахгүйгээр, нэр төрөө эрхэмлэн хөдөлмөрлөх, бүтээх, хөдөлмөрлөх, бүтээх, хөдөлмөрлөх, бүтээх л хэрэгтэй байна.

-Жудаг гэдгийг та нэр төрөө эр хэмлэх гэж хөрвүүлэн хэллээ. Монголчууд бид “нэр хугарахаар яс хугар” гэдэг. Энэ философиор бол бид нэр төрөө эрхэмлэдэг, жудагтай үндэстэн гэж харагдахаар. Гэвч орчин цагийн амьдрал, ялангуяа хот хүрээний хөгжил, соёлжилт дээрх философийг үгүй болгож байна уу даа?

-Агуулгын хувьд тийм. Би бол хүн чанараа алдахгүй байх, нэр төрөө эрхэмлэж явах гэж тайлбарлаж байна. Гэхдээ би яг монгол үгийн тайлбараар нь хэлээгүй, утгаар нь ингэж ойлгож байна гэж байгаа юм. Хот хүрээнд ороод ирэхээрээ хүн чанаргүй болоод нэр төрөө хайрлахгүй, хүнд муу юм хийгээд, юу ч хамаагүй хийгээд, хэлээд явдаг хүн болдог гэж бид ер нь хаанаас тийм мэдээлэл авсан юм бэ. Хот хүрээ чинь харин чиг соёлтой сайхан газар байх ёстой юм биш үү. Би бол ингэж орчин үеийн амьдралыг өөрсдийнхөө ёс суртахууны алдаанд тохохыг нэг их сайшаан үздэггүй.

Бид л буруу тайлбар хийж, өөрсдийн буруугаа ямар нэг зүйлд тохох арга заль гэж бодож байна. Мэдээж хотын амьдрал өөр, өөрийн хууль дүрэм, зарчимтай. Тэдгээрийг л дагаад мөрдөөд амьдар л даа. Нэр төрөө эрхэмлэдэггүй, жудаггүй хүн аль ч улсад, хот хөдөөд ялгаагүй байвал байгаа л гэж бодож байна. Гол асуудал бол бидэнд байсан, байгаа зүйлээ алдахгүй гээхгүй байя аа л гэсэн санаа юм. Бид өөрсдийн сайн сайхнаа хадгалж, хамгаалж, бусдад түгээж, бас орчин үеийн хэв маягаар баяжуулж л чадахгүй байна. Түүнээс бидэнд бүх зүйл бий. Энд нэг зүйл хэлэхэд, соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд эдийн засгийн ухагдахуунтай зүйл яригдаж байгаа. За тэр санаагаар байж болно. Нөгөө талаас бид энэ уламжлалт зан суртахуун, ёс суртахуун, оюун сэтгэлгээний өв, өнөөдрийн сэдэв болох жишээлбэл, монгол хүний хүн чанар жудаг, нэр төрөө эрхэмлэх энэ ойлголтыг яаж бүтээлчээр тайлбарлан хөрвүүлж, ямар жишээ баримтаар хэрхэн өвлүүлэн үлдээх талаар бүтээгдэхүүн хийж болох л байх. Бүтээгдэхүүн гэж бараа таваар биш. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэхэд, нийгэмд нөлөө бүхий хүмүүс нь нийт хүмүүст зөв үлгэр дууриал болдог, бас манлайлагч нь байх ёстой. Энд нөгөө алдар нэртэй хүмүүсийн үүрэг, нөлөө маш их. Би бол алдартай хүн биш. Гэхдээ би таньд олон нийт унших ярилцлага өгч байна. Тэгэхээр би ярьж, хэлж байгаа зүйлээ маш их бодож хянаж байна шүү.

-Жудагтай байх, нэрээ төрөө эрхэмлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Юунаас эхлэх вэ. Ямар өөрчлөлтийг нийгэмд, соёл уламжлалдаа бий болгох, сэргээх вэ?

-Юун түрүүн бие биенээ хүндэтгэх. Ингэхийн тулд өөрийгөө хүндэтгэхээс эхэлнэ. Би өөрийгөө ямар нэг байдлаар үнэ цэнтэй гэдгээ мэдэрч байж өөрийгөө хүндэтгэнэ. Надад ийм эрхэм чанарууд бий, би эдгээрийг ижий ааваасааа, удам угсаанаасаа, нутаг уснаасаа мэдэрч, хүмүүжиж олж авсан юм гэдгээ зөнгөөрөө мэдрэх, энэ мэдрэмж чухал гэж бодож байна. Дараа нь хүнийг хүн шиг хайрладаг, энэрдэг байх. Энэ бол хүн чанартай, жудагтай байхад маш чухал. Хайр, энэрлийг зөвхөн би хайрлачихъя гээд л санааны зоргоор бий болгохгүй. Аливаа юмс үзэгдэл, хүний сайныг нь, сайхныг нь эхэлж олж харахыг хичээх. Энэ бол бас их хэцүү боловч чухал чадвар шүү. Юм ярихаар л болохгүй бүтэхгүй талаас нь асуудлыг, юмыг харж эхэлдэг хүмүүс байдаг. Би бол энийг хүний дутагдалтай тал гэж хардаг. Ийм хүмүүс өөрсдийгөө би юмыг их амархнаар хөнгөнөөр хардаггүй гэж зөвтгөдөг л дөө. Амьдралд, ялангуяа, өнөөдрийн нийгэмд амархан бүтдэг зүйл ховор болсон. Юмс улам л төвөгтэй, нарийн болоод байгаа. Гэхдээ тэдгээрийг болгоно, бүтээнэ гэж явах л хэрэгтэй. Монгол хүний хүн чанарт бас нэг сайхан онцлог байна. Энэ бол хүний ач тусыг санах. Энэ нь бас нөгөө нэр төрөө эрхэмлэхтэй холбогдоно. Хүний ач тусыг хүртсэн бол түүнийг хариулдаг. Яривал их л зүйл байна. За дээрх зүйлсийг үйл үйлдэлдээ анхаарч, мэдэрч, хэрэгжүүлж чадаж байвал хүн чанар гэдэг зүйл аяндаа л бидний дотор цэцэглээд байх болов уу гэж бодож байна. Бас нэг зүйл, хүн ер нь өөрийгөө би алдаж байна уу, буруу юм хийж байна уу гэж үе үе бодож, тунгааж байх ёстой. Алдаж болно, гэхдээ нэг алдсанаа дахин давтахгүйг л хичээх хэрэгтэй. Бидэнд эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн монгол хүний жудаг буюу хүн чанар, түүний нэг чухал илрэл нэр төрөө эрхэмлэх явдал байгаа цагт ямагт Монгол эх орноо хайрлах, хүндэтгэх, хөгжүүлэх зүрх сэтгэлтэй бадарч байна.

Categories
гадаад мэдээ

Дэвид Кэмерон: Гитлерт харуулсан бидний сул дорой байдал давтагдахыг би хүсэхгүй байна DNN.mn

Их Британийн Ерөнхий сайд асан, одоогийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Гитлерийг зөөлрүүлэх гэсэн бодлогын алдааг Путин дээр давтахгүй байхыг Америкийн конгрессийн гишүүдэд уриалж, Украинд олон тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх шийдвэрийг яаралтай батлахыг уриалав. Лорд Кэмерон “1930-аад онд Гитлерт харуулсан бидний сул дорой байдал давтагдахыг би хүсэхгүй байна… 2008 онд Путин Гүржийг довтлох үед, эсвэл түүнийг Крым болон Донбассын ихэнх хэсгийг эзлэн авахад нь 2014 онд Кремлийн эсрэг авсан бидний сул дорой хариу арга хэмжээ түүнд 2022 онд өргөн хэмжээний шинэ түрэмгийлэл үйлдэх боломж олгож, бид илүү их зардал гаргах болоод байна” гэж Америкийн The Hill цахим хуудсанд бичжээ.

Камерон АНУ-ын конгрессменүүдэд хандан “Ямар ч шалтгаангүйгээр нэг улс нөгөө рүүгээ дайрч байгаа үүнээс илүү жишээг олох байтугай төсөөлөхөд бэрх зүйл” гэсэн байна. Их Британийн Гадаад хэргийн сайд цааш нь “Нэг талд барууныхны идэвхигүй байдалд тулгуурлан эзэнт гүрнээ өргөжүүлнэ гэж найдаж буй Путин сууж байна. Тэр биднийг сул дорой амьтад гэж бодож сууна. Тэрээр өөрийн энэхүү түрэмгийллийг бүтэлтэй болно гэж найдаж байгаа нь бидний амьдралдаа харсан хамгийн цочирдмоор зүйл юм. Нөгөө талд нь бид зогсож байна. Бидэнд нөөц, эдийн засгийн хүч бас мэдлэг, чадвар бий. Манай эдийн засаг Оросынхоос 25 дахин илүү байна. Харин тэр Пхеньянаас тусламж хүсэх болсон. Бидний хийх ёстой зүйл бол өөрсдийн хүчийг ашиглах явдал юм. Гол асуудал нь бидэнд ийм хүсэл байна уу? гэдэгт л байна” гэж бичжээ.

Их Британийн Ерөнхий сайд асан “Бид хурцадмал байдал буюу Кремлийн “улаан шугам” гэдэг нь огт хуурмаг зүйл гэдгийг нотолж чадсан. Учир нь Их Британи танк эсэргүүцэх зэвсгээс эхлээд их буу, танк, одоо “Storm Shad­ow” пуужин зэрэг алсын тусгалын зэвсгийг Украинд шууд өгсөн. Путин биднийг Украинд шинэ зэвсэг өгөх болгонд хурцадмал байдал үүснэ хэмээн дайсагнасан мэдэгдлээс өөр юу ч хийж чадаагүйг бид харсан” гэж дурдаад “Би үүнийг гадаадын улстөрч АНУ-ын парламентын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа явдал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэсэн хэдий ч АНУ-ын хамгийн ойрын холбоотон улсын албан ёсны төлөөлөгч, удирдагч асан хүний хувьд аливаа дипломат хоригоо таслан зогсоож, Конгрессийн гишүүдийг Украйнд үзүүлэх тусламжаа батлах уриалга гаргахыг би өөрийн үүрэг гэж үзэж байна” гэжээ.

Дэвид Камерон Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцохын өмнө НАТО-гийн зүүн Европын орнууд болох Болгар, Польш улсад айлчилж Украинд зориулсан цэргийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг яаралтай нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр энэ уриалгыг нийтлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал, малчдад тусламж хүргэхэд туулах чадвартай машин, техникүүд л дутагдаж байна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн сүүлд мэдээлснээр таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байгаа гэсэн билээ. Баруун аймгийн нутгуудаас эхэлж төвийн аймгуудаар дамжиж зүүн аймгийг чиглэсэн фён буюу хуурай, ширүүн салхи өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар салхилав. Зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн хувьд энэ удаагийн хүчтэй салхи цасыг дагтаршуулж, зудархуу байгаа аймаг, сумдыг шилэн зудад шилжүүлсэн хүнд нөхцөл байдал бий болгосныг орон нутгийнхан ярьж байна.

Хүчтэй цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж, Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн хөдөлгөөнийг бямба гаригийн 18:00 цагаас эхлэн түр зогсоосон. 17 цагийн дараа буюу өчигдөр 11:00 цагт Улаанбаатараас Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг руу чиглэсэн замыг нээв.

Мөн энэ үеэр буюу бямба гаригт гэхэд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, БаянӨлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг есөн аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага иржээ. Дуудлагын дагуу  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж,  Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван  иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлж байна. Фён салхины нөлөөгөөр нийслэлийг тойрсон дүүргүүд, орон нутагт хөдөлгөөн хязгаарлагдаж, онцгой байдлын албан хаагчид 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Зудын нөхцөл байдлаас үүдэж малын хорогдол энэ жил хамгийн өндөр байгаа мэдээллийг албаныхан өгч байгаа. Сүүлийн байдлаар малын хорогдол 670 мянгад хүрээд байгаа аж.

Цас зуд хүнд байгаа энэ үед малчид, иргэд төөрөх, эрсдэх нөхцөл байдал учирсаар байгаа юм. Баян Өлгий аймгийн Дэлүүн суманд  энэ сарын 12нд уулын цасны нурангид хоёр иргэн дарагдсан. Нэг нь амьд гарч чадсан ч нөгөө иргэнийг нь тав хоногийн турш эрэн хайх ажиллагаа үргэлжилж бямба гаригт дөрвөн метрийн гүнээс олжээ.

Өвөлжилтийн нөхцөл байдал болон фён салхи орон нутагт хэрхэн нөлөөлснийг тодрууллаа.

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: Эмнэлгийн тусламжийн УАЗ-469, ПУРГОН машинууд явж чадахгүй байна

Манай аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Нийт 19 сумын 90 гаруй хувьд нь зудын байдалтай гэдэг эрсдэлийн үнэлгээ гарсан. Шинийн 2ноос эхлээд цаг агаар муудаж, хоёр удаа ойр, ойрхон цас орчихлоо. Ноцтой нь 1820 см хүртэл нэмэгдэж орлоо. Дээрээс нь хүчтэй шуураад цас улам нягтарч хатуураад мал бэлчээрлэх ямар ч боломжгүйд хүргэчихээд байна. Өнгөрсөн хугацаанд хоёр үе шаттайгаар улсын нөөцийн хуваарилалт хийж, сумуудад, малчдад өгөөд дуусч байна. Сар шинийн баярын дараа аймгийн нөөцөө задлаад зудын эрсдэлтэй байгаа сумуудад түлхүү хуваарилж байна. Маргаашаас /өнөөдөр/ эхлээд бүх сумд руу өвс, тэжээл түгээгдэж эхэлнэ. Өнөөдөр /өчигдөр/ Сагил суманд ажиллаад ирлээ. Увс аймгийн хэмжээнд хамгийн их цасан бүрхүүлтэй, хоёр удаагийн их хэмжээний цас орсон сум. Хөдөө битгий хэл сумын төвөөр машинтай явахад хэцүү байна.

Аймаг, сумын зүгээс зам гаргах ажилд голлон анхаарч байна. Тулгамдаж байгаа гол асуудал бол туулах чадвар сайтай техник хэрэгсэл л байна. Байгаа цөөн тооны машинаа ээлж дараалан зам чөлөөлж байгаа ч давтамжтай орж байгаа цас эргээд л зам хаачихаж байна. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа. УОК оос аймаг, сумын нөөцийг нэн даруй малчдын хотонд хүргэх чиглэл өгсөн. Үүний дагуу онцгой байдал, хилийн цэргийн ангийн туулах чадвар сайтай машин ашиглаад зам гаргаад өвс тэжээлээ түгээж эхэлнэ. Эмнэлгийн тусламжийн УАЗ469, пургон машинууд явж чадахгүй байна. Цаашдаа эмнэлгийн тусламжийн машиныг туулах чадвар сайтай техникээр солих шаардлагатай юм байна.

Зам хаагдчихаар бүх зүйл зогсчихож байгаа юм. Малчид өвс тэжээлээ татаж чадахгүй. Малаа тэжээж чадахгүй. Саахалт айл битгий хэл хажуу айлд хүрч очиж, холбогдож чадахгүй байна. Фён салхи 16, 17ны өдрүүдэд салхилсан. Ингэхдээ хөвсгөр байсан цасыг улам дагтаршуулчихдаг юм байна. Тэгэхээр мал бэлчээрлэх боломжгүй болж байна.

Аймгийн хувьд малын хорогдол их. Нэгдүгээр сард гэхэд л 23 мянган толгой мал хорогдсон. Энэ сард энэ тоо улам ч нэмэгдэнэ. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд гэхэд нэг айл 100 гаруй малаа алдаж байна. Ялангуяа өнгөрсөн жилийн төл малууд энэ хаврыг давахгүй шинжтэй.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Малын хорогдол 260 мянгад хүрээд байна 

Өнгөрсөн амралтын өдрийн шуурга Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрийг дайран өнгөрлөө. Манай 13 сум тэр чигээрээ мөсөн зудтай, хамгийн хүнд байгаа аймаг. Бид хэдийгээр сумууд руугаа өдөр шөнөгүй зам гаргаж байгаа ч өдөртөө шуураад л хаагдчихаж байна. Ингэхээр сумын төвөөс малчид руу явж очих боломжгүй. Байнгын шуургатай байгаа учраас зам харгуй гэж маш хүнд.

Аймгийн нөөцөөс 700 сая төгрөгөөр 60 мянган боодол өвс худалдаж авсан. 20 мянгыг нь малчдад тараачихсан. Үлдсэн 40 мянган боодлыг тараахаар ажиллаж эхлээд байна. Зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн хувьд тулгамдаж байгаа ганц асуудал бол туулах чадвар сайтай машин тэрэг, ковш байна.

Яахав, азаар хүний эрүүл мэнд эрсдээгүй өнөөдөртөө золгож байна. Манай аймгийн нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь үүрэн холбооны сүлжээтэй учраас айлуудтайгаа холбогдсоор байгаа. Маргааш /өнөөдөр/ аймгийн Онцгой комисс хуралдана. Очиж чадахгүй байгаа айлуудад яаж очих талаар арга зам эрэлхийлж, зохион байгуулна. Олон нийтийн байгууллага, иргэдээс хандив дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бид гурван ч төсөлтэй хамтраад зургаан сумын 600 гаруй айлд хүнсний болон бусад дэмжлэг үзүүлж эхэлсэн. Нэг айлд 500660 мянган төгрөгийн дэмжлэг өгч байна. Малын хороглол сүүлийн үед огцом өссөн. Яг одоогоор малын хорогдол 260 мянгад хүрээд байгаа урьдчилсан мэдээтэй гэв.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон салбарын бусад сайд нарын хамт өчигдөр УОКын Шуурхай штабт ажиллаж, Засгийн газрын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгийн гишүүдтэй уулзсан байна. Шуурхай бүлгүүдийг сайд нар ахлан ажиллаж байгаа бөгөөд малчдад шаардлагатай өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажил хийгдэж байгааг мэдээллээ.