Categories
мэдээ нийгэм

“18 дугаар сургуулийн хордсон сурагчдын шинжилгээний хариу эцэслэгдээгүй байна” гэв DNN.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 20 гаруй хүүхэд хичээлийн байран дээрээ хоёр ч удаа хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтсэн. Уг явдал 2023 оны 9, 10 сард болсон юм. Харин сүүлийн өдрүүдэд “Тухайн хүүхдүүдийн шүүх шинжилгээний хариу гарч, электрон тамхины шингэнээс хордсон гэх дүгнэлт гарчээ” гэх мэдээлэл гараад буй.

Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас бататган асуухад “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагчид 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлгийн тусламж авсан гэх хэрэг бүртгэлтийн хэргийг Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй ба олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл явж байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсний дагуу одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 100 гаруй алба хаагч 12 аймагт өвс тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгааг БХЯ-наас мэдээллээ.

  • Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 20 алба хаагч, 13 нэгж техниктэйгээр Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын чиглэлд өвс, тэжээл хүргэх, зам гаргажээ. Зарим техникүүд цааш Говь-Алтай аймгийн Жаргалан сум руу хөдөлгөөнөө үргэлжлүүлэн, үүргээ гүйцэтгэсээр байна.
  • Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 10 гаруй алба хаагч, 7 нэгж туулах чадвартай техниктэйгээр Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж, Өгийнуур, Төвшрүүлэх суманд өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүргийг гүйцэтгэж эхэллээ.
  • Булган, Хөвсгөл, Орхон аймагт Зэвсэгт хүчний дугаар ангиас томилогдсон найман цэргийн алба хаагч, дөрвөн техниктэйгээр Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад малчдад өвс, тэжээл хүргэж байна.
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт Зэвсэгт хүчний хоёр ангийн найман алба хаагч, дөрвөн техниктэйгээр 14 тонн өвс, тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна. Зэвсэгт хүчний дугаар ангиас Төв аймгийн Өндөрширээт суманд зургаан алба хаагч, хоёр техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний таван ангийн 13 алба хаагч, зургаан техникээр өвс, тэжээл хүргэх, зам гаргах үүрэг гүйцэтгэхээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдад очиж, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна.
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний гурван ангиас Дундговь аймагт үүрэг гүйцэтгэхээр 12 алба хаагч, зургаан техникээр өвс, тэжээлээ ачаалж хөдөлгөөн үйлдэж байна. Мөн дугаар ангийн дөрвөн алба хаагч, хоёр техниктэйгээр Дорноговь аймгийн нутагт өвс тэжээл хүргэж орон нутгийн замд гарц гаргаж байна гэв.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд цас орж, томоохон голын хөндийд шөнөдөө -48 хэм хүрч хүйтэрнэ DNN.mn

Монгол орны нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш цастай байна.

Цаашдаа цас үргэлжлэн орох бөгөөд нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.

Дашрамд, энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Зудын нөхцөл байдлын улмаас сурагчид сургуульдаа ирж чадахгүй байна DNN.mn

Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний 8 сургуулийн нэг юм. Төсөл хэрэгжсэнээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, сургалтын чанарт эерэг өөрчлөлтүүд гарсан тухай орон нутгийн болон сургуулийн удирдлагууд ярилаа.

Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.

Дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байна. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг уламжиллаа.

Тус сургууль нөхөн хангалтын зардлаараа 25 таблетыг шийдвэрлэсэн. 10 таблет EDUTEN платформыг хэрэгжүүлэхэд 15 таблетыг PEARSON платформ дээр ашиглаж байна. Дотуур байрын сурагчидтай уулзахад EDUTEN платформыг ашиглан суралцах нь илүү сонирхолтой байдаг талаар ярьж байлаа.

Цэцэрлэгийн хувьд 130 хүүхэд бүртгэлтэй. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байна. Энэ жилээс Амьдралын мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ангиудад ухаалаг дэлгэц хэрэгтэй байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

АН: Ээлжит бус чуулган зарлах шаардлагыг УИХ-д хүргүүллээ DNN.mn

Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Жамбын Батсуурь: Ард иргэдэд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна.

Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээд 600,700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна.

Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.

Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малчдын гар дээр мөнгө алга. Хөдөөгийн айлыг утаа гарч байгаа яндангаар нь баримжаалж очиж олж байна. Энэ гамшиг биш юм уу. УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж энэ асуудал руу оръё гэх тодорхой шийдвэрүүдийг санаачлаад явж байна. Тухайлбал

  • УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж гамшиг оруулж гэнэтийн аюулын үед түр хороо байгуулж, эрх баригч, сөрөг хүчин гэхгүйгээр асуудал руу хамтарч орох
  • Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон “Зудын аюул, гамшиг үүссэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Уг төсөл нь гурван зүйл заалттай” гэв.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж: Монгол Улсын нийт газар нутгийн 80% цас, зудын аюул нүүрэлчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хорроодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна.

Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын их аюулын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам бүтцийн хүрээнд гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна. Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50% нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2.8 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (2.2 дахин) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд
төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хууль бусаар хил дамнуулан худалдсан үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээн авлаа DNN.mn

 Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах ажлыг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттай хэрэгжүүлж байна.

May be an image of book and text

Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг  2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ удаа 6 төрлийн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музей өчигдөр хүлээн авлаа.

Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж ирсэн.

May be an image of 1 person and text

Дээрх олдворуудыг Соёлын сайдын 2024 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын баг хүлээн авч, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт түр хадгалж, цаашид ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, музейн судлаачид хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулах юм.

Categories
гадаад мэдээ

Хятад ганхаж буй ч зогсож үлдэх магадлалтай DNN.mn

Олон улсын валютын сангийн сайт дээр тавигдсан Корнеллийн их сургуулийн Дайсон коллежийн профессор, Брукингсийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,“The Fu­ture of Money-Мөнгөний ирээдүй” номын зохиогч, Эсвар Прасадын “China has shaken, but is likely to stand-Хятад ганхаж буй ч зогсож үлдэх магадлалтай” нийтлэлийг хүргэж байна.


Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн үзүүлэлт маш сайн буюу гайхалтай тогтвортой, өндөр өсөлттэй байсан нь тэднийг бага орлоготой улсаас дундаас дээш орлоготой ангилалд оруулсан билээ. Зах зээлийн ханшаар Хятадын ДНБ 2022 онд 18.3 их наяд ам.долларт буюу АНУ-ын ДНБ-ий 73 хувьд хүрч, 1990 оны Америкийн ДНБ-ий долоон хувьтай тэнцдэг байснаасаа 10 дахин их болсон. Хятадын нэг хүнд ногдох орлого 1990 онд АНУ-тай харьцуулахад хоёр хувиас бага байсан бол 13.000 доллар буюу АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 17 хувьтай тэнцэх болсон. Иймээс сүүлийн 10 жил хагасын турш Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж дэлхийн ДНБ-ий нэрлэсэн өсөлтийн 35 хувийг бүрдүүлж, харин АНУ 27 хувийг эзэлж байв.

Сайн ажиллагаатай санхүүгийн систем, хүчирхэг эдийн засгийн институцийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг, ардчилсан нээлттэй төрийн тогтолцоо зэрэг эдийн засагчдын өсөлтийн гол түлхүүр гэж үздэг олон хүчин зүйлгүй Хятад улс ийм амжилтад хүрсэн нь гайхамшиг болов. Ковид-19 тахал эдийн засгийг нь саармагжуулах хүртэл Хятад дотоодын болон дэлхийн хямралыг мэдэгдэхүйц алдагдалгүйгээр даван туулсан билээ.Гэхдээ шүүмжлэгчид Хятадын эдийн засаг удахгүй сүйрнэ гэж эртнээс таамаглаж, олон сул талыг нь онцолж байсан. Тус улсын эдийн засгийн гол өсөлтийг биет капитал бүрдүүлж, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь үр ашиггүй ажилладаг банкны системээс санхүүжиж байв. Дотоодын өрийн хэмжээ өсөж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, ажиллах хүчний хомсдол зэрэг нь зарим шинжээчдийг сүйрлийн өдөр ирлээ гэж маргахад хүргэсэн. Гэхдээ тэдний буруу байх магадлалтай. Институцийн сул талыг нөхөх гэсэн тэнцвэргүй шинэчлэл, зах зээлийн төрөөс хэт хамаардаг хандлага, санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хямрал зэрэг нь ирэх жилүүдэд энэ улсын эдийн засагт ихээхэн хэлбэлзэл үүсгэж болзошгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүхэн санхүү, эдийн засгийн уналт гарцаагүй гэсэн үг биш юм.

Хятадын эдийн засгийн өсөлтийг үр ашиггүй банкны системээр санхүүжүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй нь ихээхэн дэмжлэг болох магадлал өндөр байна. Энэ хандлага 2008 онд эхэлсэн санхүүгийн хямралаас хойш эрчимтэй явагдах болсон. Ийм замаар хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь 2009-1910 оны ДНБ-ий өсөлтийн гуравны хоёр орчим хувийг хангасан. Гэсэн хэдий ч эдгээр хөрөнгө оруулалтын ихэнх нь хувийн хэвшилд биш, харин төрийн салбарт чиглэгддэг. Хувийн хэвшлийн пүүсүүд, ялангуяа жижиг бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх нь төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдэд хийх хөрөнгө оруулалтаас хамаагүй эрсдэлтэй байдаг. Гэсэн ч Хятадад банкны найдваргүй болсон зээлийг бүрдүүлж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын хариуд өндөр өгөөж өгч чадахгүй байна. Иймээс эдийн засгийн өсөлтийн энэ загвар нь үр ашиггүй, санхүүгийн хувьд эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, Хятадын Засгийн газар эдийн засгаа тэнцвэржүүлэх зорилт тавьж эхэлсэн юм. Үүнд, Хөрөнгө оруулалтын тоон өсөлтөөс хамаарах хамаарлыг бууруулж, өрхийн хэрэглээг ДНБ-ий өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгох;Эдийн засгийн өсөлтийн ихэнхийг ур чадвар багатай, бага цалинтай үйлдвэрлэлээс бус үйлчилгээний салбараас бий болгох;ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар биет капиталын эрчимтэй өсөлтөөс зай барих зорилтууд багтаж байна.Өрхийн хэрэглээ үнэхээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болов. Мөн үйлчилгээний салбар одоо жилийн ДНБ-ий талаас илүүг, нийт ажил эрхлэлтийн тал орчим хувийг бүрдүүлдэг болжээ.

Шинжээчид сайндаа л төрөл бүрийн өсөлт, бууралтын мэдээлэлд тулгуурлаж, ирээдүйд юу тохиохыг бичдэг.Иймээс Хятадын эдийн засгийг урьдчилан таамаглах нь тийм ч таатай, амар зүйл биш юм.

Өнөөдөр Хятадын нийт өрийн хэмжээ АНУ, Япон зэрэг бусад томоохон эдийн засагтай орнуудынхаас хэтрээгүй ч өрийн хэмжээг эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад өсөлттэй гарч байна.Хятадын ажиллах хүч буюу 15-64 насны хүн амын тоо цөөрч 2030 он гэхэд энэ бууралтын хэмжээ жилд ойролцоогоор 1 хувь болох төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын өсөлтийг хурдасгах нь үүнийг тодорхой хэмжээгээр нөхөж болох ч энд олон эрсдэл бий. Сүүлийн үед төрийн бус хөрөнгө оруулалтын өсөлт суларч байгаа нь (2022 онд төрийн хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгийн салбараас гадуурх нийт үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзэлсэн байна) хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Хятадад хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж эхэлснийг харуулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд үйдвэрийн бүтээмжийн өсөлт жилд 1 орчим хувиар буурчээ. Бүтээмж өсөхгүй бол Хятадын эдийн засгийн өсөлт саарна.Бүтээмжийг нэмэгдүүлэх, ур чадвар муутай үйлдвэрлэлээс татгалзах ёстойг хүлээн зөвшөөрч, Засгийн газар сүүлийн үед “давхар эргэлтийн” үзэл баримтлалд суурилсан эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж, дэлхийн худалдаа, санхүүгийн оролцоогоо хангах, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, технологийн бие даасан байдалд анхаарч эхлэв. Гэсэн хэдий ч энэ арга нь тодорхой бэрхшээлтэй тулж байна. Хятад улсад аж үйлдвэрээ шинэчлэхэд гадаадын тэргүүний технологи шаардлагатай байгаа бөгөөд АНУ болон ерөнхийдөө барууны орнуудтай эдийн засаг, геополитикийн санал зөрөлдөөн нэмэгдсэн нь энэхүү боломжийг хязгаарлаж байна. Мөн технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь хувийн хэвшлийг сүүлийн үед засгийн газраас дарангуйлж буй нь энэ салбарын бизнест сөрөг нөлөө үзүүлэх болов.

Хятадын эдийн засаг Малайз, Тайланд зэрэг бусад өндөр авсан Азийн эдийн засагтай адил уналтад орж байна гэсэн болгоомжлол бий болов. Хятадын нийт өр олон жилийн турш ихээхэн санаа зовоосон асуудал байсаар ирсэн. Цаг хугацаа өнгөрөхөд нийт өрийн хэмжээ АНУ, Япон зэрэг бусад томоохон эдийн засгуудынхаас хэтрээгүй ч түүний хэмжээ эдийн засгийн хэмжээтэй нь харьцуулахад өссөөр байна. Гэсэн хэдий ч Хятадын засгийн газрын зээлийн хэмжээ нэрлэсэн ДНБ-д эзлэх хувь нь бусад томоохон эдийн засагтай орнуудынхаас бага байна. Хятадад аж ахуйн нэгжийн өрийн хэмжээ хэт өндөр буюу

ДНБ-ий 131 хувьтай тэнцэж байна. Гэвч үүний дийлэнх нь Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, дотоодын банк, хөрөнгө оруулагчдын мэдэлд байгаа нь өр гадаадын хөрөнгө оруулагчид хамаарч, өр өөрөө ам.доллар гэх мэт гадаад валютаар илэрхийлэгдэж байснаас аюул багатай зүйл юм.Гэсэн хэдий ч өрийн төвлөрөл нь зарим салбарт асуудал үүсгэж, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт саад болж байна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн тулгын чулуу буюу бусад салбаруудаа хөдөлгөгч хүч болж, эдийн засгаа тогтвортой өсөхөд тусалдаг. Барилгын бүтээн байгуулалт иргэдэд ажлын байр бий болгож, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвөөс ашигтай зарлага гаргах боломж бүрдүүлдэг учир нутгийн удирдлагууд үүнд баяртай байдаг. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт буюу үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн идэвхжил саарах нь бусад үйлдвэрүүд, орон нутгийн засаг захиргааны санхүүжилт, тэр байтугай өрхийн баялагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.Үл хөдлөх хөрөнгийн салбараас үүдэлтэй өрхүүдэд учирч буй эрсдэл нь эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд ч нөлөөлж болзошгүй нэмэлт эмзэг асуудлыг бий болгодог.

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээл авахыг хялбаршуулсан нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, өрхийн өрийг арван жилийн өмнөх ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байсантай харьцуулахад 60 гаруй хувьд хүрэхэд нөлөөлсөн. Хятадын айл өрхүүдийн хувьд орон сууц гэх үл хөдлөх хөрөнгө нь тэдний баялгийн суурь болдог. Гэтэл өрхийн нийт өр банкны систем дэх нийт хадгаламжаас бага болоод байна. Гэхдээ Хятадын өрийн хуримтлалыг дотоодын хуримтлалаар нөхдөг тул санхүүгийн эрсдэл хязгаарлагдмал юм. Ихэнх гол зээлдүүлэгчид болон зээлдэгчид Засгийн газрын өмч байдаг тул санхүүгийн цочрол нь санхүүгийн хямрал, эсвэл өсөлт зогсоход хүргэхгүй гэсэн үг. Гэтэл хөрөнгийн эргэлтийн систем хямарч буй нь үр ашиггүй байдал, үр ашиггүй байдалтай холбоотой бусад ноцтой асуудлууд илүү хурцаар тавигдах суурь нөхцөл болж байна.

Өр болон хөрөнгийг эдийн засагт хэрхэн, яаж байршуулах нь маш чухал асуудал байдаг. Үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт нь сүүлийн үед “Country Garden”, “Evergrande групп” зэрэг хэд хэдэн томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудыг өндөр өр, эмзэг баланс гэх мэт санхүүгийн асуудалд оруулсан бөгөөд бусад олон компани үүнтэй төстэй эрсдэлтэй тулсан. Тэдэнд зээл олгож байгаа зарим санхүүгийн байгууллага ч мөн хямралт байдалд ороод байна. Гэсэн хэдий ч энэ бүхэн системийн уналт биш юм. Хятадын томоохон банкуудын ихэнх нь төрийн хяналтад байдаг бөгөөд тэд тулгамдсан асуудлуудыг хойшлуулж, хямралтай тэмцэж буй корпорациудад бэлэн мөнгө олгох боломжтой. Энэ нь Хятадын зах зээлийн эрх чөлөөг гацаах нь гарцаагүй боловч засгийн газарт санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх хангалттай хяналт бас нөөц байна гэсэн үг юм.

Шинээр хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай олон улс гадаад өр, ялангуяа гадаад валютаар илэрхийлэгдсэн өрийн хэмжээ өндөр байдгаас хүндрэлтэй тулгардаг бөгөөд энэ нь тухайн улсын эдийн засаг, валютын ханш зэрэг муудвал тэнцлийн асуудал үүсгэж байдаг. Гэтэл Хятадын гадаад өр ДНБ-ий 16 хувьтай тэнцэж байгаа бөгөөд үүний талаас бага хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байна.Гэсэн ч эдийн засаг, улс төрийн тодорхойгүй байдал нь санхүүгийн системийг сүйрүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн уналтад хүргэж болзошгүй юм. Гэхдээ банкны системийн ихэнх нь засгийн газрын мэдэлд байдаг тул санхүүгийн хямралд орвол засгийн газар бүх хадгаламжид баталгаа гаргах тул ийм хувилбар гарах магадлал бага. Тэр битгий хэл банкны системийн үндсэн хэсэгт шууд хяналт тавьсны хүчинд төр их хэмжээний мөнгөний гадагш гарах экспортыг шууд хааж чадаж байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд шинэчлэл хийгдэж байгаа ч тэдгээрийн ихэнх нь санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлтэй холбоотой байсан. Харин төрийн өмчит аж ахуйн нэгж, зохион байгуулалтын бүтэц зэрэг бусад салбарт хамаагүй бага анхаарал хандуулсан. Энэ тэнцвэргүй байдал нь эрсдэлийг бий болгоод байна.Санхүүгийн салбарт шинэчлэл хийх, либералчлах, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг Засгийн газар ойлгосон. Санхүүгийн тогтолцоог засах нь эрсдэлийг удирдах, гамшгаас зайлсхийхэд чухал ач холбогдолтой төдийгүй эдийн засгийн илүү бүтээмжтэй, эрч хүчтэй, ажил эрхлэлтийг бий болгодог салбарт хөрөнгө оруулалт чиглүүлэхэд чухал ач холбогдолтой. Хятадын санхүүгийн системийн зээлийн ТӨҮГ-ын салбарт төвлөрсөн банкууд ноёрхсон хэвээр байна. Банкны тогтолцоог засахын тулд банкны балансын найдваргүй өрийг хүлээн зөвшөөрч, тэглэхээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өөрсдийг нь шинэчлэх, тэр дундаа банкны зээлээс хэт хамааралтай байдлыг нь арилгах шаардлага үүсээд байна.Засгийн газар сүүлийн жилүүдэд орон сууц, хөрөнгийн зах зээл дэх тогтворгүй байдлын үеийг хялбар давахыг хичээж байгаа тул зах зээлийн итгэлийг хадгалахын зэрэгцээ зах зээлд өөрийгөө сахилгажуулах гэсэн зөрчилтэй байдалд орж, улмаар зах зээлд үймээн самуун нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүрээд байна. Интервенцэд хандах энэхүү тууштай бус хандлага нь заримдаа тогтворгүй байгаа хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд ихээхэн хэмжээний сөрөг байдлыг бий болгож, зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлдэг.Түүгээр ч зогсохгүй зах зээлд чиглэсэн шинэчлэл нь өргөн хүрээг хамрахгүй л бол сөрөг үр дагаварт хүргэж, тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж, нэмэлт эрсдэл үүсгэж болзошгүй. Хятад улс санхүүгийн болон бусад зах зээлд чиглэсэн шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж буй үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлж, компанийн засаглал, нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, төв банк болон зохицуулагчдын үйл ажиллагааны бие даасан байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Засгийн газраас хөрөнгийн болон компанийн бондын зах зээлийн хөгжлийг дэмжих нь зөв. Гэхдээ энэ нь Хятадын компаниудын засаглалыг сайжруулах, нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг дээшлүүлэхэд төдийлөн тус болохгүй. Энэ нь хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгө оруулж буй компаниудын талаар мэдээлэл дутмагаас үүдэн хувьцаа болон бондын зах зээлийн огцом хэлбэлзлийг бий болгож, далайцыг нь нэмэгдүүлэхэд хүргэдэг. “Тогтвортой байдал, дэг журам”-ыг хадгалахын тулд засгийн газрын оролцоог хадгалахын зэрэгцээ зах зээлд илүү их эрх чөлөө олгох гэсэн зөрчил бүхий хоёр түлхэцийг эвлэрүүлэх нь хэцүү сорилтуудыг бий болгоно. Үр ашиггүй нь илт байгаа эдийн засагт шинэчлэл хэрэгжүүлэх нь санхүүгийн болон эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх шилжилтийн эрсдэлийг бий болгодог, ялангуяа Засгийн газрын ийм бодлого айл өрх, бизнес эрхлэгчдийг эргэлзэхэд хүргэдэг. Одоогийн байдлаар засгийн газарт эдгээр шилжилтийн эрсдэлийн заримыг удирдах нөөц бололцоо, бодлогын орон зай байгаа ч хүнд хэцүү үед зах зээлд шууд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаа явуулах оролдлого нь асуудлыг улам хурцатгаж, урт хугацааны үр дагаварт хүргэж болзошгүй.

Хятадын Засгийн газрын гадаад валютын нөөц 2015-2016 онд нэг их наяд долларын алдагдалд орсон үед хувьцаа, үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийн үнийн маш өндөр хэлбэлзэл, банкны хямрал, үндэсний мөнгөн тэмдэгтийн их хэмжээний үнэгүйдэл, орон сууцны зах зээлийн уналт, эдийн засгийн бууралт зэргээс гайхамшигтай байдлаар зайлсхийж чадсан. Гэхдээ Хятадын Засгийн газар одоо эдийн засгийн өсөлтийг хадгалахын зэрэгцээ өрийг хэрхэн бууруулах вэ; Эдийн засаг нь хүнд үйлдвэрээс хамааралтай хэвээр байгаа нөхцөлд эрчим хүчний үнийг яаж бууруулах вэ; Засгийн газар өөрөө төрийн хяналтын боолтыг чангалах гэж оролдож байхад зах зээлийн чөлөөт байдал, санхүүгийн сахилга бат сахихыг хэрхэн зохицуулах вэ; Хувийн хэвшил их баялаг бүтээж буй нөхцөлд баялгийн тэгш бус байдлыг хэрхэн хязгаарлах вэ; Амжилттай яваа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хэт их хөрөнгө байлгахгүйгээр хувийн хэвшлийн инновацийг яаж дэмжих вэ гэх мэт бодлогын хэд хэдэн бэрхшээлтэй тулгараад байна. Зах зээлийн баримжаатай социализмаар угаасаа маргаантай байдаг эдгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн Засгийн газрын оролдлого нь цаашид алдаа, бэрхшээл дагуулна. Бодлого боловсруулахад түүний арга барил нь богино хугацаанд зөв байсан ч илүү тодорхойгүй, тогтворгүй байдлыг бий болгож, улмаар бүтээмж, эдийн засгийн өсөлтийн урт хугацааны хэтийн төлөвийг бэхжүүлэхэд шаардлагатай олон нийтийн дэмжлэгийг бууруулж болзошгүй юм.Түүхэн болон аналитик талаас нь авч үзвэл Хятадын эдийн засгийн өсөлтийн үндэс суурь хэврэг харагдаж байна. Хямрал гарахгүй байсан ч хүн ам зүйн таагүй байдал, өрийн өндөр түвшин, санхүүгийн үр ашиггүй тогтолцоо зэрэг нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлах л болно. Гэсэн хэдий ч Засгийн газар зөв тоглолт хийвэл Хятадын эдийн засаг нь зах зээл, нийгэм, байгаль орчны хувьд тогтвортой, дунд зэргийн өсөлттэй гэрэлт ирээдүйг харах боломжтой байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ оны нэгдүгээр сард 9305 суудлын автомашин импортолжээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сард импорт өмнөх оны мөн үеэс 247 сая ам.доллароор өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Ийнхүү өсөхөд

  • суудлын автомашин 60.1 сая ам.доллар
  • авто бензин 32.2 сая ам.доллар
  • нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар
  • цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар
  • бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар
  • хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын 25-нд автомашингүй өдөр болно DNN.mn

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулдаггүй билээ.

Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуйн нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 30 мянга гаруй оролцогч гүйж байв.

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод буй.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олноороо марафонд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээн НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.