Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Аз болж зуд боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “2024 оны улсын төсвийн нөөц хөрөнгийг бүхэлд нь цас, зудны гамшигт зарцуулна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын зөвлөх инженер Н.Доржсүрэн “Манайд дрон ашиглах тухай нарийвчилсан хууль хэрэгтэй” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Аз болж зуд боллоо” хэмээн өгүүллээ 

Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахгүй гэдэг нь Монгол Улс хөрөнгө оруулалт болон бизнест хаалгаа бүрмөсөн хааж байна гэсэн үг” гэлээ.

Сэтгэл зүйч Б.Пагмадулам “Охид нэгнээ дээрэлхэх үзэгдэл гэр бүлийн хайр халамж дутагдсантай холбоотой” хэмээв.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Т.Дүүрэн: 10000 залуусыг бизнесийн сургалтад хамруулна DNN.mn

-Төр данхайж, социализм руу ухарч эхэлжээ.  Энэ эрчээрээ үргэлжилбэл 10 жилийн дараа Монгол улс дампуурна-

– МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй ярилцлаа.


-МҮХАҮТ-аас Биз­несийн сэргэлт хөтөл­бөрийн хү­рээнд 10000 залуусыг биз­­несийн сур­галтад хам­руулна гэж зар­лалаа. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Засгийн газрын Шинэ сэр­­­гэлтийн бодлоготой зэрэг­­­цүүлэн “Бизнесийн сэр­гэлт” бодлогыг МҮХАҮТ-аас боловсруулсан. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хам­руулах хөтбөлбөрийг э­х­лүүлж байна. Өнөөдөр Монгол Улсын бүх салбар ажил­­лах хүчний хомсдолд орж эхэлсэн. Хэдэн жилийн өмнө бид ажилгүйдлийн ту­хай ярихдаа мэргэжил, ур чад­варын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр мэргэжил чадвар шаардахгүй аж­лын байранд ч ажиллах хүн олдохоо болилоо. Яагаад ийм бол­чихов гэхээр, нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавт­гайр­сан бодлоготой холбоотой. Ээж аав, эмээ өвөөгийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бусад халамжинд дулдуйдаад бол­гоод байгаа тул бүхэлдээ идэвх нь суларсан гэсэн судал­гаа гарсан. Нөгөө талаас, эдийн засгийн орчин таагүй учраас, ажил бизнес эрхлээд ч нэмэргүй гэсэн гутранги хандлагатай, ирээдүйдээ итгэлгүй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тиймээс МҮХАҮТ-аас залуусдаа бизнес эрхлэх талаар практик мэдлэгийг түгээх, урам зориг өгөх, туршлага хуваалцах, би­чил ба жижиг бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал аж­лын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан юм.

-10 мянган залууг тэгээд ямар сургалтад сургах вэ. Гадаадад сургах юм уу. 10 мянга хүрээд л зогсох уу?

– Хөтөлбөр арваас нэг нь гэсэн хэлбэрээр гурван үе шаттай явна. Эхний ээлжинд 10000 залууг Бизнесийн Удирдлагын хөтөлбөртэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох, олон улсын лиценз бүхий “P-MBA” (Personal MBA) сургалтанд хамруулна. Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас (5 бүсээс) 50:50 харьцаатай сонгон суралцуулна. Мөн эр эм хүйсийн харьцаа тавь тавин хувь байна гэж тооцож байгаа. Олон улсад Бизнесийн магистрын сур­галтын жилийн төлбөр дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй адилтгах хэмжээний мэдлэгийг бид 10000 залууд түргэвчилсэн хуга­цаанд олгох нь ээ. Эхний шатан­даа амжилттай суралцсан 1000 за­лууг сонгон авч, англи хэлтэй ор­нууд болох Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад олон улсын бизнесийн сургалтад хам­руулна. Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газрын (ITEC буюу “Энэтхэгийн тех­ник, эдийн засгийн хамтын ажил­лагааны” хөтөлбөрийн хүрээнд тусгай хөтөлбөрийг БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран боловсруулж, эхний ээлжинд 200 хүнийг сургахаар ярьж тохи­­роод байна. Мөн бусад улс орны ЭСЯ, олон улсын байгууллагуудтай ярьж байна. Маш нааштай хүлээж авч байгаа. Гурав дахь шатанд нь бид энэ­хүү 1000-аасаа 100-200 хүнийг сонгон шалгаруулж, тэднийг ши­нээр бизнес эхлүүлэх боломжоор хан­гана. Өөрөөр хэлбэл 100-200 жи­жиг бизнесийг бид бойжуулна. Сур­галтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхэлнэ. Дүүргүүд дээр бүрт­гэлийн цэг ажиллана. Яаж хэрхэн бүртгэхийг манай Бизнес академиас МҮХАҮТ-ын вэб сайт, пэйж хуудсаар дамжуулан мэдээлнэ. Энэ хөтөлбөр маань жил бүр 10000 залуус гээд үргэлжилнэ.

-Гурав дахь шатны 100 хүний гараа­ны бизнесийг МҮХАҮТ санхүү­жүүлнэ гэсэн үг?

– Тэгнэ. Тоног төхөөрөмжөөр хан­гах, хөрөнгө оруулагч олж ажлыг МҮХАҮТ хариуцна. Өөрөөр хэлбэл, “шарк танк” шиг нэвтрүүлгийг амьдрал дээр өргөн утгаар хэрэгжүүлнэ гэсэн үг. Ийм боломж нь бий. Энэ жил 9 сарын 1-нд бид “Бизнес Сэргэлт” хөтөл­­бөрийн хүрээнд “ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспо”-г БНХАУ, БНТУ, БНСУ орнуудын холбогдох талуудтай хамт­ран Монголд зохион байгуулна. Мөн ма­най Судалгааны институтээс “Мон­голын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгаа”-г бо­дит мэдээлэл дээр суурилан нээлттэй санд байрлуулна. Энэ судал­гааны дүнд үндэслээд ямар сал­барт бизнес эрхлэх боломжтойгоо тодорхойлчихож болно гэсэн үг. Зэрэг­цээд ЖДҮ тоног төхөөрөмж, түү­хий эд зэрэг нь ямар үнэ ханштай байх зэрэг мэдээлэл нь “ЖДҮ-ийн тоног төхөө­рөмжийн үзэсгэлэн экспо” дээр бэлэн байж байх нь. Тэгээд тэр тоног төхөөрөмжөө зээл тусламжаар авах боломжийг нь бид бүрдүүлж өгдөг ч юм уу, олон талаас нь судалж, цогц байдлаар харж ажиллаж байна.

-Яагаад гэнэт одоо ийм хөтөл­бөр зарлаж байгаа юм. Сонгууль угтсан шоу юм биш үү?

-МҮХАҮТ төрийн байгууллага биш. Улс төрийн байгууллага бүр биш. 6000 гишүүнийхээ эрхийг хам­­­гаалдаг, бизнесийн эрүүл зөв шу­дарга орчныг бүрдүүлэхийн тө­лөө ажиллах тусгайлсан “Танхимын тухай хуулиар” олгогдсон эрхтэй, хувийн хэвшлийнхнийхээ дуу хоолой болж, манлайлан ажилладаг байгууллага. Бидний үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс сон­гууль­тай холбох ямар ч утгагүй. Өнгөрсөн оны сүүлээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сон­гог­дож, үүрэгт ажилдаа орсон. Ши­нэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөл­­бөрт багтсан зүйлийн нэг нь “Эдийн засаг дахь бичил, жижиг, дунд бизнесийн оролцоо, хувь нэм­­­рийг нэмэгдүүлэх”. Энэ үзэл са­­наа дээр суурилж “Бизнесийн сэр­гэлт” бодлого боловсруулагдсан. Энэ дагуу л хийгдэж байгаа ажил. Төр нь улам данхайгаад, албан тушаалтнууд нь авлигадаа бялуурч бааварлаад, хувийн хэвшлийн хийж болох ажлыг хүртэл төр шүүрч авч хийдэг, хувийн хэвшлийн орол­цоотой ААН-д Засгийн газар БЭТ томил­дог буруу жишиг хүртэл тогтлоо. Компанийн тухай хууль нь бай­саар байтал аль БНМАУ-ын үеийн хууль ашиглаад Төр хүч хэрэглэдэг боллоо шүү дээ. Энэ бол бодит түг­шүүр. Сүүлийн 10-аад жилийн хуга­цаанд гэхэд татварын хувь хэм­жээ 3,2 дахин, Төрийн өмчит ком­паниудын хөрөнгө 12 дахин нэмэгдсэн байна.

– МҮХАҮТ том компаниудын эрх ашгийг хамгаалдаг гэсэн гомд­­лын үгс сонсогддог. Гэтэл том ком­паниуд чинь төртэй нийлж хулгай хийж байгаа нь саях­­ны сонсголуудаар нийтэд ил бо­­лоод байна шүү дээ.

– МҮХАҮТ 6000 гишүүнтэй. Топ 10-аас эхлээд нэг хүнтэй жижиг ААН ч гишүүн. Бүгд ижил нэг л саналын эрхтэй. 10000 залуу сургах хөтөл­бөр маань гэхэд жижиг дунд бизнесийн хөгжилд илүү чиглэсэн. Өнөөдөр том компаниуд нийт идэвх­тэй компаниудын гуравхан хувь. Гэвч тэдний хөрөнгө, төсвөөс авч буй тендерийн дүн 90-ээс дээш хувь. Том­чууд төрийн тэндэр, том төслүүдэд албан тушаалтнуудтай хуй­валдан оролцож, ашиг олж байгаа талаар бүгд л сонсголуудаар ил тод сонслоо. Авсан тендер төс­лүүдээ зөвхөн дангаараа хийх гэж үздэг нь ч бас үнэн. Танхимын судалгаагаар, том компаниуд авсан тен­дер, төс­лүүдийн­хээ зарцуулалтын 90 хувийг өөртөө шингээж, 10-хан хувь нь л жи­­ж­иг дундууд руу хуваарилагдаж бай­­на. Баялгийн шударга бус хуваарилалт өрнөж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу “Социализм” ма­­най нөхцөлд дампуурдаг юм бай­на гэдгийг бид 1990 онд ойлгоод татгалзсан шүү дээ. Гэтэл одоо хурган дарга нар эргээд Социализм руугаа алхаад эхэлчилсэн. Бодвол арай өөрчлөөд “Сошиалисм” гээд англи уран гоё нэр өгөхөөр мөрөөдөж байгаа биз. Энэ байдлыг өөрчилж байж эдийн засаг эрүүлжинэ. Үгүй бол 10 жилийн дараа бид дампуурна. Үүний нэг эхлэл нь Танхимын “Биз­несийн Сэргэлт” бодлого. Ер нь хөгжсөн орнууд Энтерпренер сам­баа, санаачилга, оролдлогоо дэмжиж л хөгжсөн түүхтэй. Тодруулбал, 1970-аад он АНУ-ын хувьд эргэлтийн жил буюу дэлхийн анхны удирдлагын капитализмыг тэргүүнд тавихаа больж энтрепренер самбаа, оролдлогыг дэмжсэн анхны улс болсон. Энэхүү хөдөлгөөнөөс л бид­ний мэдэх Apple, Nike, Xerox, Starbucks, Home Depot зэрэг компаниуд төрөн гарсан байдаг. Аж­лын байруудыг маш ихээр бий бол­­годог тул Америкийн эдийн зас­­­гийн салшгүй нэг хэсэг бол энт­репренерүүд байдаг. Тиймээс Энтрепре­нерүүдийг дэмжих зорилгоор 10000 залууг Бизнесийн мэд­лэгтэй болгох ажлыг эхэлж байгаа юм. Цаашлаад энэ хөтөлбөр дөрвөн жил үргэл­жилж, илүү олон тооны залуусыг сургах, олон жижиг дунд бизнесийг дэмжих, магадгүй Apple шиг том компанийн эхлэлийг ч тавина гэж итгэж байна.

 

П.ЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Цахим машин ашиглан эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авах заавар DNN.mn

Улсын бүртгэлийн цахим машин ашиглан эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авах заавар

Categories
мэдээ нийгэм

Ард түмний хүч намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ DNN.mn

Ард түмний хүч намын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдөл нь “Ард түмний хүч намын даргаар Л.Гүндалайг сонгож баталсан тул намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай байна.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.21/ Газрын тухай болон Ашигт малтмалын зөвшөөрөл олгох асуудлаар хяналт шалгалтын сонсгол  явуулахад бэлтгэх үүрэг, чиглэлийг дэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох байгууллагуудад өглөө. Тэрбээр, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр гаргасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг 100167 иргэн долоо хоногийн хугацаанд дэмжсэн. Мөн 146 төрийн бус байгууллага, иргэдээс газрын харилцаатай холбоотой асуудлаар санал гомдол ирүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна. Өнгөрсөн “нүүрсний” хяналт, шалгалтын сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг  илрүүлж гаргасан. Үүний дараа Авлигатай тэмцэх газраас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн. Иймээс УИХ, Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ажлын дэд хэсгийн зохицуулагчаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд ажиллана гэв.

Түүний дараа дэд Ажлын хэсэг байгуулсан талаарх УИХ-ын даргын захирамжийг Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд уншиж танилцууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өндөр түвшинд зохион байгуулсан гэдгээ онцлоод УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн бүх байнгын хороодын дарга нар 100 хувь санал нэгтэй дэмжиж, байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна гэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирсэн газрын эзэмшилтэй холбоотой шударга бус мэдээллүүдийг жишээ авч танилцууллаа. Тэрбээр, газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсэн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0,07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын газар олголт ч гэсэн хууль зөрчсөөр ирсэн байж болзошгүй байдлыг иргэд мэдээлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон  талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг иргэдээс ирсэн дээрх гомдол, мэдээллийг ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их хурал нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр, ард түмний итгэлцэлийг бууруулж байна.  Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон.  Газрын маргаан орон нутагт ч мөн яригдаж байна. Иймээс газрын маргаан улсын хэмжээний асуудал болжээ. Улмаар Үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтнохын баталгаа хэмээн заасан. Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж авч үлдэх, иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд шударга ёсны хүсэмжлэлд бид нийцүүлж, асуудлыг цэгцлэх ёстой. Нэн тэргүүнд  хууль хяналтын байгууллагаас газартай холбоотой шийдвэрлэгдсэн  хэргүүдийн  мэдээллээ УИХ-ын Хяналт, шалгалтын газар болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт ирүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороо байгуулна. Ирэх 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт шалгалтын Түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулна. Энэ ажилд Дэд ажлын хэсэг идэвхтэй оролцохыг хүсье.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн газар олголтын асуудлыг,  Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар энэ чиглэлээрх хэрэг зөрчил, ард иргэдээс ирүүлж буй мэдээллийг нягтлан шалгана. Цахим хөгжил, харилцаа холбооны яам  газар олголтын талаарх  харилцаа, хамаарал зэрэг мэдээллийг техник, технологийн аргаар судалж, ил болгоно. Энэ мэдээллийг бэлтгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана. Энэ мэт Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг бусад байгууллагууд чиглэл чиглэлээрээ Ажлын хэсэгт мэдээлэл бэлтгэн өгч, хариуцлагатай, төлөвлөгөө гарган хамтран, үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов. Энэхүү Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсийн дарга нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ Майдар” дурсгалын зоос гаргав DNN.mn

Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргажээ.

“Хүрээ Майдар” зоосны хувьд бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд 1 унц буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, ultra high relief технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос юм.

Categories
мэдээ нийгэм

“Зуднаар үхсэн малын махыг зарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэв DNN.mn

Улсын Онцгой Комиссоос Монгол Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр танилцуулав.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зудад нэрвэгдсэн малын махыг борлуулж буйг хэрхэн хянах талаар тодруулахад Шадар сайд С.Амарсайхан “Зуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэгдэх асуудал боломж байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд тус асуудалд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Зудад хорогдоод буй мал дулаарахаар халдварт өвчин бий болгох эрсдэлтэй. Үүнийг гаргахгүй байхын тулд зэвсэгт хүчний хүн, машин техникийн нэмэгдүүлж малыг газар булж устгана. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 25-наас бүх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна DNN.mn

2024 оны хоёрдугаар сарын 23-наас 2024 оны хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ мөрний сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -26-31 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 367 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 367 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 222 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2 иргэнийг тухайн албан тушаалд томилогдож албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал буюу ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, хариуг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст 1 материалыг шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
мэдээ спорт

Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотод болно DNN.mn

Азийн олимпын зөвлөл болон БНХАУ-ын Үндэсний олимпын хорооноос Азийн IX өвлийн наадмыг Харбин хотноо зохион байгуулахаар 2023 онд Тайланд улсын Бангкок хотноо болсон Ерөнхий ассамблейн үеэр шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Тэгвэл БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар эцэслэн шийдвэрлэснийг Азийн олимпын зөвлөлөөс мэдэгдлээ.

Азийн өвлийн наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлттэй улс орон цөөн байгаа учир наадам 4 жил тутам зохион байгуулагдах боломжгүй байгаа билээ.

Сануулахад, Азийн VIII өвлийн наадам нь 2017 онд Япон улсын Саппоро болон Обихиро хотноо зохиогдож, манай улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккей, тэшүүрийн төрлүүдэд 46 тамирчин оролцож байсан түүхтэй.

Дашрамд дурдахад, Азийн олимпын зөвлөлийн 2022 оны Ерөнхий ассамблейгээс Азийн X өвлийн наадмыг Саудын Араб улсын Трожан хотноо 2029 онд зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо