Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн хойшиллоо DNN.mn

Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос өчигдөр буюу 2 сарын 22-ны өдөр Монголын Шатрын Холбоонд ирүүлсэн албан бичгийг үндэслэж 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний хугацааг сурагчдын амралтын үеэр буюу 2024 оны 4 сарын 1-5 өдөр болгож хойшлууллаа.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа тул хөдөө орон нутгийн шатарчид маань 3 сарын 15-с хойш аливаа тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэх юм байна.

Монгол Улсын өсвөрийн шатарчдын АВАРГА шалгаруулах тэмцээнийг “Millennium Plaza” зочид буудалд 4 сарын 1-5 хооронд зохион байгуулагдана.

Жич: Тэмцээний бүртгэл 3 сарын 25-г хүртэл явагдах ба аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ хийх боломжгүй байгаа аймгууд 3 сарын 15-с хойш зохиож удирдамжийн дагуу мэдүүлгээ ирүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Эрээнээс ачаа тээвэрлэж явсан автомашин шатжээ DNN.mn

Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Соёмбо багийн “Хилийн 3 дугаар хаалт” гэдэг газар  ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02 сарын 22-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, 3 км замыг туулан 19:50 цагт очиход БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд ачаа тээвэрлэж явсан иргэн Д-ын “Volvo FH12” загварын зүтгүүр болон тээвэрлэж явсан 26 тн ачаанаас 8 тн орчим бараа материал шатаж байсныг 1 цаг 13 минут ажиллаж унтраасан байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 59.84 төгрөгөөр чангарав DNN.mn

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 3407.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59.84, өмнөх сарынхаас 13.83 төгрөгөөр чангарав.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 475.13 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.27, өмнөх сараас 3.62 төгрөгөөр чангарсан байна.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 38.17 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.61 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.55 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3716.82 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.78, өмнөх сарынхаас 13.24 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үүдний амбаар шатаж байсныг унтраажээ DNN.mn

Булган аймаг, Булган сум. Ачуут багт амбаар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр (2024.02.23) 02:27 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.

Гал түймэрт өртөн хоёр настай хүүхэд угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өглөө.

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт цээжний хөндийн хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал хийлээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбацэцэг, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн алсын дуудлагын баг бүрэлдэхүүн аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Энхтулга, их эмч Э.Эрдэнэбаяр, Т.Лхагважав, Б.Анхбаяр, мэдээгүйжүүлэгийн эмч Б.Саруултөгс, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа, мэс заслын сувилагч Б.Мягмарнаран, туслах сувилагч Б.Баасанцэрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

рентген нарын зураг байж магад

Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй бөгөөд алсын дуудлагын баг нийслэл рүү буцах замдаа авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлж, хунгар цасанд суусан 2 адууг цаснаас гаргаж ижил сүрэгтэй нь нийлүүлжээ.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 6 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу нийт 18 аймагт очиж, яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байран дээрх сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.

 

 

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

Categories
мэдээ нийгэм

13 аймгийн 58 суманд төмөр зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийжээ.

  • Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр,
  • Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо,
  • Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант,
  • Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант,
  • Төвийн Заамар, Баянхайрхан, Лүн, Эрдэнэсант,
  • Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр,
  • Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар,
  • Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн буюу төмөр зудтай байна. 13 аймгийн 58 суманд төмөр зуд нүүрлэсэн ба цаг агаар гэнэт дулаараад, гэнэт хүйтрэхэд төмөр зуд болдог байна.  
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Баярхүү: Улсын нөөцөөс гарч байгаа хивэг, тэжээл ОХУ-д үйлдвэрлэсэн, орос шошготой DNN.mn

УОК-оос өвөлжилт, хаваржилт зудын эрсдэлийг хохирол багатай давахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл өглөө.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Улсын болон аймаг, сумдын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийг эхний ээлжид малчин өрхүүдэд, дараагийн ээлжид ХАА-н корпорацад хадгалагдаж байгаа 10,000 тонн тэжээлийн будааг аймаг, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн аймаг гэрээ байгуулж, Хэнтий аймаг татан авалтаа хийж эхэлсэн.

Гуравдугаар ээлжид орон нутаг руу хүргэх малын тэжээлийн хангамж, нөөцийн судалгаа тооцоо бэлэн болсон.

Цахим орчинд цацагдсан тал шуудайтай хивэг тэжээл айл өрхүүдэд тараасан гэх мэдээлэл нь ор үндэсгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой хивэг. Монгол шошготой хивэг тэжээл байхгүй. Хандив, тусламжийн аян болон улсын нөөцийн тусламж ялгаатай.

Зуд байгалийн гамшиг. Үүний цаана олон айлын амьжиргаа, хувь заяаны асуудал байгаа учраас гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын албан ёсны үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хоёрдугаар сарыг дуустал цас орж, хүйтрэх төлөвтэй байна” гэв DNN.mn

УОК-оос өвөлжилтийн талаарх мэдээлэл хийж байна.

Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ” Энэ сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлнэ. 27-ны өдрөөс эхлэн эрч нь нэмэгдэж зүүн аймгууд, говийн аймгуудаар ч цас орж, салхины эрч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 27-ноос хойш иргэд маань хол замд, тэр дундаа зүүн аймгуудаар зорчих гэж байгаа бол бодолцож, түр азнахыг зөвлөж байна.

Мөн энэ сарын 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Мөн хоёрдугаар сар дуустал цас орж, хүйтрэх байдал үргэлжлэх төлөвтэй байна” гэв. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлбэ голын 21.340 тонн мөсийг зөөв DNN.mn

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.

Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүссэнээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол ойрын замд гарч буй иргэд цасанд суусан дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна. 2024 он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдсэн ба 2487 иргэнийг /том хүн 2179, хүүхэд 308/, 613 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Иймд иргэд хол ойрын замд зорчихдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангаж дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.