Categories
мэдээ нийгэм

Нүүдэллэдэг зэрлэг амьтдаа хамгаалах боломж байна DNN.mn

Улс орны хөгжил, эдийн засгийн боломж гэдэг утгаараа төмөр зам барих нь маш чухал. Харин энэ бүтээн байгуулалтыг хэрхэн байгальд ээлтэй хийх нь маш чухал юм. Учир юу гэвэл, зүүн босоо чиглэлийн төмөр зам барих нутаг нь хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн амьдрах орчин болдог. Хэрвээ бүтээн байгуулалт эхлэхдээ үүнийг онцгой анхаарахгүй бол зөвхөн Монголд олон зуун мянгаараа нүүдэллэдэг зээрийн сүрэг таслагдаж устах аюулд ойртох юм. Гашуун жишээ ч бий.
Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг 1949 оноос ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Хөөрхий зэрлэг амьтад бидэн шиг ярьж, эрхээ хамгаалж чадахгүй болохоор хөгжлийн золиос болоод хоцорсон юм.
Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Амьтдын нүүдлийг төмөр зам дагуухь тороор хааж тэнд нь амьтад олноороо өлгөгдөж үхсээр байгаа дүр зураг олон жил давтагдсаар ийнхүү цагаан зээрийн тасарсан сүргийг мөхөл рүү чирсэн юм. Өргөст тор нь зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг төдийгүй үхэл хорогдолд нөлөөлдөг маш том хүчин зүйл болох нь судалгааны дүнд батлагджээ. Тухайлбал, 2016 оны нэг, хоёрдугаар сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр өргөст торонд өлгөгдөж үхсэн байсныг судалгаагаар тогтоосон юм. Нутгийн зүүн хэсэгт төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц хийхгүй бол зүүн хэсэгт үлдсэн зээрийн сүрэг дахин хуваагдаж мөхлийн ирмэгт тулах аюултай. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хоорондоо “учирч” чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.
Чухамдаа ийм байдалд дахин хүргэхгүйн тулд байгаль хамгаалах байгууллагууд талуудтай хамтран ажиллаж боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандарт, “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг хэрэгжүүлэх нь маш чухал билээ. Стандартчилал, хэмжил зүйн газраас баталсан ийм хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болсон. Тодруулбал, нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэх юм.
Стандарттай болох нэг хэрэг, харин хэрэгжүүлэх нь дутахгүй ач холбогдолтой байдаг. Тиймээс шинээр батлагдсан стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах нь маш чухал болоод байна. Одоогийн байдлаар төмөр замын салбарт гурван томоохон төсөл хэрэгжиж байгаа. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл. Эдгээрээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам анхны тээврээ д Оюутолгойн зэсийн баяжмалаар хийсэн. Удахгүй бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Эдгээр бүтээн байгуулалтыг хийхдээ нүүдэллэдэг амьтдын нүүдлийг таслахгүй байхад анхаарч гүүрэн болон нүхэн гарцыг хийсэн хэмээн албаны хүмүүс хэлсэн. Хэдийгээр байршил, нүхэн гарц стандартын дагуу хийгдсэн эсэх, тэрүүгээр нь зэрлэг амьтад гарч байгаа нь тодорхой болоогүй байгаа ч энэ нь нэг талаар том дэвшил юм. Стандарттай болсон, үүнийгээ хэрэгжүүлж эхэлллээ гэсэн эерэг дохио ч болно. Ололт амжилтаа улам ахиулж стандартын хэрэгжилтийг улам сайжруулах чухал цаг ирснийг шинээр хийх төмөр замын бүтээн байгуулалтууд сануулж байна.
Тиймээс төмөр замыг стандартын дагуу, байгаль зэрлэг амьтдад ээлтэй байдлаар барих ажилд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар онцгой анхаарал хандуулах шаардлагатай болоод байна. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн үүрэг, хариуцлага энд маш их юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн төвшинд хийлгэх, талуудыг бодлогоор зангидах, компаниудад шаардлага тавих, санал зөвлөмж өгөх гээд олон ажил түүнийг хүлээж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтын ажиллагаа маш чухал. Нэг нь ажил хийгээд байдаг, нөгөөх нь гэдийгээд байвал үр дүн гарахгүй. Хамтран ажиллах нь маш чухал юм. Мөн гарц, гармын байрлалыг сонгохдоо энэ салбарын мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн зөвлөмж, байгаль хамгаалах байгууллагуудын үнэлэлт дүгнэлтийг харгалзан үзэх нь ач холбогдолтой билээ.
Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь бидний анхаарч хийх ёстой ажил юм. Шинээр баригдах төмөр замуудыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн бүтээн байгуулалтад зөв жишиг болох ач холбогдолтой билээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Хоёрдугаар сарын дунд 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж, байгаа хэдий ч мөсний зузаан 2023 оны мөн үеийнхээс 5-45 см бага байна.

Мөн нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байрандаа архидан согтуурсан иргэдийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Энэ сарын 2-нд цахим сүлжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудын бичлэг цацагдсан.

Үүнтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргаж ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаар мэдэгдэж байв.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгж буюу 25.000 төгрөгөөр торгожээ.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

“Эмээлт” захын түүхий эдийн үнэ DNN.mn

“Эмээлт” захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.02.26/ мэдээллийг хүргэж байна.


Ямааны арьс- 38.000-45.000 төгрөг

Ямааны өлөн- 500 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 2500 төгрөг

Үхрийн шир- 7000 төгрөг

Үхрийн том шир- 12.000 төгрөг

Адууны шир сүүлтэй-15.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 13.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 3000 төгрөг

Адууны сүүл 1 кг нь-18.000 төгрөг

Адууны цагаан шир- 55.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -27.000 төгрөг

Сарлагийн сүүл-23.000 төгрөг

Бухын шир-35.000 төгрөг

Тэмээний шир- 50.000 төгрөг

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар жолоо барьсан 47 зөрчил бүртгэгдэж, 99 хүнийг эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр нийт 1564 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1278, гэмт хэргийн шинжтэй 62 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 47, хүний биед халдсан 60, эрүүлжүүлэх байранд хоносон 99 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” захын махны үнэ, ханш DNN.mn

Хүчит шонхор-Дэнжийн 1000″ захын махны үнэ, ханшийн мэдээг хүргэж байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлбэ гол орчмын модыг тайрсан асуудлыг шалгаж байна DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “S Оutlet” төвийн орчимд Сэлбэ голын дагуу мод тайрч байна гэх мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Цэцэгсайхан: Амлалтуудыг жагсаавал Америк, Япон байтугай дахиад нэг дэлхий байгуулчихаар болсон DNN.mn

АЭХ-ны дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цас зудын нөхцөл байдал амаргүй байна. Үүний хажуугаар цахим орчинд малчидтай холбоотой сайн муу янз бүрийн мэдээлэл явах юм. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Төр засгийн бодлого, шийдвэр хэр “бай”-гаа онож, хандив тусламжийн цуваа яг малчны хотонд очиж чадаж байгаа болов уу?

-Манай улс мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдгийг Үндсэн хуульдаа заачихсан. Энэ заалтад зарим хүн маш их шүүмжлэлтэй ханддаг. Мал бол хувийн бизнес, хувийн өмч гэдэг өнцгөөр ярьж тайлбарладаг. Зудын нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед яг л тэр утга санааг зарим хүн ярьж эхэллээ. Би үүнтэй санал нийлдэггүй. Уламжлалт мал аж ахуй бол монголчууд бидний нэг соёл. Үүнийг дагаад монгол хүний сэтгэлгээ,онцлог, ондоошил явж байдаг. Тэгэхээр бид малчин түмэндээ туслахаас өөр аргагүй. Бид анхнаасаа л хүнд хэцүү үед нь малчиддаа туслах аяныг орон даяар өрнүүлдэг байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг амаргүй ш дээ. Нэг өглөө босоод ирэхэд нь л хамаг мал сүрэг хөлдөөд, малчид гэрээсээ ч гарах боломжгүй болчих тохиолдол байна. Ер нь монгол түмэн минь “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” гэдэг шиг бие биеэ халамжилж, хайрлах дуртай ард түмэн. Энэ сэтгэлгээ бидний нэг онцлог юм. Тиймээс манай нам “Амь нэгтэй монголчууд” нэртэй малчдадаа туслах аян өрнүүлээд явж байна. Би энэ аяныг дэмжин оролцож байгаа.

-Нээрээ л бид бие биедээ туслах дуртай ард түмэн. Улаанбаатарыг үерт автахад малчид маань бас тусалж байсан санагдаж байна?

-Тийм ээ. Өнгөрсөн онд нийслэлд болсон үерийн үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аян өрнөж л байсан. Малчид маань сайхан сэтгэлээр хандивт нэгдэж байсан шүү дээ. Ер нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бий болж байгаа асуудлуудад бид бие биедээ энэрэнгүй хандах ёстой. Тусалж, дэмжих ёстой. Гэхдээ хотын үерийн асуудал бол энэ өвөл, хаврын айхтар зудтай дүйцүүлэхэд арай өөр л дөө. Магадгүй, хотод үер болохгүй байж болох л байсан. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед энэ талаар одоогийн төр засгийн түвшинд ч ярьж байна. УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна лээ.Шулуухан хэлэхэд, газрын замбараагүй олголт, наймаа, төр засгийн алдаатай бодлого энэ үерт нөлөөлсөн шүү дээ.

-Та малчдыг бизнес эрхлэгч биш өв соёл тээгч гэдэг өнцгөөс нь хардаг юм байна. Гэтэл тэднийг бас хүмүүс залхуу, ажилгүйгээр нь дуудах юм?

-Малчин түмнээ хөдөлмөрлөхгүй байна гэж би харахгүй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг бодох хэрэгтэй. Гэнэт нэг өглөө цас шуураад л зөвхөн яндан нь цухуйчихсан ямар олон айл байна вэ. Малчин хүний амь нас, аюулгүй байдлын асуудал яригдаж байхад энд бид цахим орчинд гар утас, компьютерийн араас хичнээн том том юм яриад яах юм бэ. Би өмнө нь олон улсын байгууллагад ажиллаж байсан. Малчны зовлон жаргалыг мэднэ. Тэд маань маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байдаг. Өглөө зүв зүгээр нар гараад үдээс хойш нь цасан шуурга дэгдээд зуд болохыг үзэж л байлаа. Мянгат малчин хүртэл нэг ч малгүй болж байсан. Ямар өрөвдмөөр байдаг гэж бодно. Мөн цас, зуд болсны дараахь зовлон малчдад их хүнд тусдаг. Өөрийн мал сүргээ зуданд алдаад юу ч үгүй болчихсон, хот нь харлачихсан хүний сэтгэл зүй ямар байх вэ. Эрүүл мэндийн ноцтой асуудлууд ч тулгардаг. Тиймээс зудын нөхцөл байдлыг монгол хүний эрүүл сэтгэхүйгээр харж, тунгаах ёстой.

-Төр засгаас бодлого хэрэгжүүлж, хандив тусламжийн аян ч нэлээд өрнөж байна. Ер нь хэр үр дүнтэй байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Оновчтой, ойлгомжтой шийдлүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор төрөөс 21.5 тэрбумын тусламж дэмжлэг үзүүлэхээр ярьж байна. Энэ хөрөнгийг яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж, малчдад бодит дэмжлэг үзүүлмээр байна. Сонгууль угтсан улс төрийн шоу хэрэггүй. Ер нь манай төр засгийнхан байгалийн давагдашгүй хүчин зүйл, түүнээс шалтгаалах үр дагаврыг тооцоолох, урьдчилан сэргийлэх ажлууд их дутмаг хэрэгжүүлж байгаа нь олон зүйл дээр харагддаг. Таны өмнө асуудаг үерийн асуудал дээр гэхэд хот төлөвлөлтөөс эхлээд айл өрхүүд төлөвлөлтгүй газар буучихсан л байна. Түүнээс шалтгаалж өнгөрсөн зун ямар их хохирол амсав. Дахиад ирэх зун Улаанбаатарт үер буух магадлал маш өндөр байна гээд мэргэжлийн хүмүүс хэлээд байна. Тэр цагт бид дахин асар их хэмжээний хохирол амсахгүй гэсэн баталгаа, бэлтгэл байгаа юм уу. Төр засагт лав төлөвлөлт, төлөвлөгөө, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой зүг чиг алга. Ер нь бид, монголчууд хаа хаанаа сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон. Улстөрчид ч, иргэд ч аливаа асуудалд өнөөгийн нийгмийн сүлжээнд тогтож буй хандлагаас ангижрах шаардлагатай.

-Сэтгэлгээ өөрчлөх… Энэ талаар жаахан тодруулаач?

-Ардчиллын үндсэн зарчим бий. Нэг хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарлагддаг. Үүнийг улс төр дээр ч, бидний өдөр тутмын амьдрал дээр ч зөрчсөөр л байна. Тэр дундаа төрийн эрх мэдэл хүртсэн улс төрийн намууд, улстөрчдөөс ийм зөрчил гэдэг юм уу, хүчирхийлэл гэж болохуйц үйл ажиллагаа явагддаг нь ихээхэн анзаарагддаг.

-Жишээ нь?

-Улс төрийн намууд өөр өөрийн үзэл баримтлалтай. Манай АН гэхэд баруун чигийн үзэл баримтлалтай. Тэр агуулгаараа АН төр засгийн эрх мэдэлд хүрэхэд үндэсний том үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд өндийж ирдэг. Харин өнөөдөр томоохон бизнесмэнүүд нийгэмд адлагдаад л явдаг болсон байна. Бараг л бүгдийг нь гэмт хэрэгтэн мэтээр цоллодог. Өмчтэй хүнийг буланд шахдаг. Яг л 100-гаад жилийн өмнөх үе дахин ирчихсэн юм шиг тийм үйл явдлуудтай бид тулж л байна. Өнөөдөр өмч гэж юу гэдэг ойлголт хүртэл өөр болчихоод байна шүү дээ. Өмчийг бодит байдлаар нь үнэлэхээ больж байна. Маш сайн идеа маш өндөр үнэлэгддэг. Энэ нь бизнесийн агуулгаараа хувьцаа болдог ч юм уу, дэлхий эдийн засгийнхаа тал дээр шал өөр болж хувирч байна. Гэтэл бид 100 жилээр ухраад байна уу даа гэж хардаг. Ер нь Монголд үндэсний бахархал болсон үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд байх ёстой. Ийм болж байж л хөгжинө. Энэ MCS, МАК, өөр юу байдаг юм, том компаниудаа төр бодлогоор дэмжээд дэлхийд гарга л даа. Өндөр хөгжсөн бүх улсын гарц нь энэ шүү дээ.

Ийм байхад манай улс эсрэг зүг рүү нь яваад байдаг. Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан залуучууд, бизнесмэнүүдийг зөвтгөдөг. Яахав, хууль хяналтын асуудлыг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ сая цар тахлын үеэр Эрдэнэт үйлдвэр Монголд ирсэн тулдаа л цахилгаан, дулааны төлбөрийг иргэдээс гаргалгүй, тэндээс хариуцчихлаа шүү дээ. Цааш нь яривал энэ дайны хүнд хэцүү цаг үед хоригт орохоос эхлээд эрсдэл байсныг үгүйсгэхгүй.Ардчиллын засаглалын үед шийдэж хэрэгжүүлсэн өмч хувьчлалын дүнд тэсэж үлдсэн томоохон үндэсний үйлдвэрүүд өнөөдөр монголчуудынхаа үндсэн хэрэгцээг хангаж ажиллаад явж л байна. “Алтан тариа”, “Талх чихэр” гээд дурдвал зөндөө л байна. Гэвч тэднийг шүүмжилдэг. Гагцхүү өнгөрсөн хугацаанд АН болон ардчиллыг дэмжигч намууд төр засгийн эрхэнд төдийлөн гарч ирж байгаагүй болохоор хөгжлийн бүхий л бодлого алдагдсан гэж хардаг юм.

Хэрвээ төрийн залгамж чанараар ардчиллын засаглалын үед хөдөлгөсөн үндсэн хөтөлбөрүүд үргэлжилсэн бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэл маш сайн хөгжчихсөн байх байсан. Харамсалтай нь энэ бодлого тасарсан. Ганцхан жишээ хэлье л дээ. Өнөөдөр яагаад манай том компаниуд уралдаж байгаа юм шиг CU, GS25-ыг оруулж ирээд байна вэ. Уг нь тэдэнд өөрсдийнх нь зүгээс ажиллах, бүтээх бүх бололцоо нь байдаг. Гэтэл төрөөс тэр нөхцөлийг хангаж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, тэднийг дэлхийд гаргах бодлого алга. Тэгсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай яриад байдаг. Энэ нь маш ойлгомжгүй. Энэ мэтээр төр буюу улстөрчид эхлээд сэтгэлгээгээ, хандлагаа, итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм.

-Улстөрчдийг иргэдэд таалагдахын тулд л ажилладаг, үйл ажиллагаагаа тэгж нийцүүлдэг гэдэг. Тэгэхээр таны хэлээд байгаагаас зөрөөд байгаа юм биш үү?

-Үгүй л дээ. Монгол Улсын, монгол хүний хэрэгцээ юу байна вэ гэдгийг энд ярих шаардлагатай болж байна. Бидний Үндсэн хуулиараа тунхагласан, олгогдсон хүний эрхээ эдлэхэд шууд утгаараа төр л саад болж ирсэн. Үүнийг би хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлуудад дуугарч, тэдний дуу хоолойг хүргэж ирснийхээ хувьд маш сайн ойлгосон. Ерөөсөө үндсэн гол асуудлуудыг шийдэгдэхгүйгээр нийгмийн жижиг асуудлууд шийдлээ олоход амаргүй юм байна гэдгийг мэдэрсэн.

Өөрөөр хэлбэл, иргэдийн хүний эрхийн салбар асуудал руу орохын өмнө Монгол Улс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас ангижрах ёстой. Энэ хоёр яагаад хүний эрхтэй холбогдоод байна вэ гэж асууж магадгүй. Тэгвэл байсхийгээд л цахилгаан тасардаг, байн байн шатахууны хомсдолд ордог байдал монгол хүний эрхийг тэр чигт нь зөрчиж байна шүү дээ. Гэтэл бид 1990-ээд оноос хойш найман удаа УИХ-аа сонгосон. Одоо ес дэх удаагаа сонгох гэж байна. Тэр болгонд улс төрийн намууд, улстөрчдийн өгдөг байсан амлалт эрчим хүч, шатахуун хоёр дээр байнга л яригдаж ирсэн. Бүх амлалтыг нь жагсаавал юун Америк, Япон вэ, өдийд дахиад нэг дэлхий байгуулчихаар болсон шүү. Ядаж л том том цахилгаан станцууд бариад, нефтийн үйлдвэр байгуулна аа л гэдэг. Байхгүй. Бахь байдгаараа. Шатахуун тасрах, эсвэл үнэ нь нэмэгдэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өссөөр байгаад өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нийслэлд амьдарч байгаа юм шиг амьжиргааны өртөг төлдөг болсон. Бас 30 гаруй жилийн өмнө цахилгаан тасарч, лаа бариад суудаг байсан нь өнөөдөр хэвээрээ л байна. Тэгэхээр улстөрчид чадахгүй олон зүйлийг амлаж байхаар энэ хоёр асуудлаа л шийдчих л дээ. Монгол хүнд, Монгол Улсад хэрэгтэй шийдэл одоогоор ердөө л энэ байх шиг байна. Тэгэхэд араас нь бүх зүйл хөврөөд л болж бүтээд явчихна. Өөрөөр хэлбэл, өөр олон зүйл битгий амлаасай. Ингэж хэлмээр байгаа юм. Тэгэхгүйгээр үлгэр шиг баахан зүйл амлаад иргэдийг хуурдаг. Тэгээд санал авдаг. Төрд, албан тушаалд очоод мартдаг. Мартах байтугай, эсрэгээр нь ажилладаг. Буцаад иргэдийн эрх ашгийг дээрэмдэж эхэлдэг.

-Та дээр хэлэхдээ, төр ч, иргэд ч сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн. Төрийг хэлчихлээ. Иргэд ямар гэж?

-Бид бүгдээрээ л харж байна, өнөөдөр цахим сүлжээнд нийтээрээ нэгдчихсэн сенсаци дагаж хуйларч байгааг. Хэн нэгний хувийн амьдралд хайран цагаа үрж байхаар бидэнд юу хэрэгтэй байгааг төрөөс, улс төрийн намуудаас шаардах хэрэгтэй. Эрчим хүч, шатахуун гэдэг шиг амьдралын хөшүүрэг болж буй өөр юу байна вэ, тэр бүхнийг хийж хэрэгжүүлэхийг эрх барьж байгаа, тэр албан тушаал, нөхцөл боломж нь байгаа хүмүүсээс нэхэх хэрэгтэй. Шалдар булдар зүйлд битгий хууртаасай. Хэн нь хулгай хийж байна вэ, хэн нь боломж олгох гээд зүтгэж байна вэ гэдгийг ялгаж салгаасай.

-Сүүлийн үед улс төрийн бүх нам хүчнүүд, улстөрчид шударга бус явдал, авлига албан тушаалын хэргүүдийн талаар ярьдаг боллоо?

-Мэдээж яригдах ёстой. Яриад суугаад байж болохгүй. Таслан зогсоох ёстой. Ерөөсөө энэ шударга бус явдалтай хийж байгаа тэмцэл хэн нэгний өмч биш. Нийтийн эрх ашгийг зөрчиж, боломжийг нь хулгайлна гэдэг бол бүгдийнх нь дайсан гэсэн үг. Энэ дээр улс төрийн намууд баруун, зүүний үзэл баримтлалтай гэлтгүй нэг чигт хараасай. Тэгж ч байгаа байх. Саяхан Баялгийн сангийн асуудал дээр УИХ-д суудалтай намын дарга нар нэг байгаагаа илэрхийлсэн. Энэ зөв шүү дээ. Ер нь энэ монголчуудынхаа боломжийг хулгайлах явдалтай хэзээ ч эвлэрч болохгүй. Бүр хатуу байх ёстой. Нэлээд хэд хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний хулгайн мөнгөний хажууд Хөгжлийн банкны хохирол задгай мөнгө юм байна лээ” гэж яриад сууж байна лээ. Энэ маш ноцтой үг шүү дээ. Энд хэлэхэд, эрх баригчид авлигын хэргүүдийг илрүүллээ гээд өнгөрсөн хугацаанд баахан ярьсан. Бас хоёр ч сонсголыг УИХ дээр хийлээ. Харамсалтай нь бодит байдал дээр хариуцлага тооцох явдал нь дутуу дулимаг байна. Иргэд, олон нийт ч үүнд сэтгэл дундуур байна. Яг энэ асуудал дээр АН, тэр дундаа АН-ын дарга Л.Гантөмөр “Бид бүхэн 1992 онд монгол оюун ухаан, монгол эрдэм мэдлэг, монгол сэтгэл зүрхээр шинэ Үндсэн хуулиа баталж “Мэдэгтүн,Сахигтун” хэмээн зарлигдаж, ард түмэн сахин биелүүлэх үнэ цэнийг хүлээн зөвшөөрч бүтээсэн. Бүрэн эрхт Монгол Улсынхаа Үндсэн хуулиар эрх чөлөөгөө мануулсан, дархалсан ард түмэн болсон. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг бүхлээр нь хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нандигнан хамгаалахын төлөө зориулсан. Харин одоо бид Үндсэн хуулиа “амь” оруулж, хууль засагладаг болгомоор байна. Хуулийг амилуулах хамгийн хүчирхэг субьект нь төр билээ. Өөр нэгэн хүчирхэг хүч бол ард түмэн.

Хайрлах хамгаалах их хүч байдаг шүү гэдгийг зүй зохисгүй сэтгэлтэнгүүдэд, улс бүхэнд сануулъя, харуулъя. Ийнхүү хүн бүр хичээж чадвал “эцэг” хуулийн зүйл заалт бүр төгс төгөлдөр хэрэгжих болно” гэсэн. Бас “Монголыг хувааж,тонон дээрэмдэхийг хүссэн хүмүүсийн эсрэг АН цайз байх ёстой.Тийм учраас хагарал, хуваагдал, амбицаа хойш тавьж эрх чөлөөгөө илүү хамгаалахын тулд манай гишүүд хамтдаа ажиллалаа. Хагархай цонх шиг байсан намаа бүрэн бүтэн болгосон. Ардчилал дахин ялж ард түмний нуруу тэнийнэ” гэж хэлсэн. Яагаад намын даргын эдгээр үгийг эш татаад байна вэ гэхээр АН-ын бодлого учраас тэр. Элдэв хачиргүй, үлгэргүй, товч тодорхой бодлого. Мэдээж, сонгууль учраас нам хуульд заасанчлан бодлогыг гаргаж таарна. Харин хэдэн сарын дараа АН-ын бодлогыг гүйцэтгэх засаглалаар дамжуулж гардаж хэрэгжүүлэх эрх мэдэл намын даргад очно. Бид, манай намынхан тэгж харж байна.

Categories
мэдээ нийгэм

Сумогийн “Үлэмж биет” Ичиножёо зодог тайллаа DNN.mn

Токио хотод сэвшээ салхи сэвэлзэн үлээж, нар ээсэн дулаахан өдрүүдэд монголчууд бид модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, цагаан сар, хотол түмнээрээ баярлан золгож буй шинийн дөрвөн буюу 2 дугаар сарын 11-нд Сумогийн ордноос ердөө л галт тэрэгний нэг өртөө зайд орших ихэнхдээ монгол сумо бөхчүүд хурим найр ёслолоо хийдэг нэгэн томоохон зочид буудалд дээд зиндаанд олон жил барилдан, ид хаваа үзүүлэн, түрүү бөхийн магнайд тодорч байсан Ичиножёо буюу сумо бөх Алтанхуягийн Ичинноровын зодог тайлах ёслол боллоо. Ёслол эхлэхийг мэдэгдэн, модон цохиурын товшилтоор хаалга нээгдэн, сумо бөхийн засалч, цагтаа сумогийн дэвжээг доргиож явсан “Үлэмж биет” Ичиножёог дагуулсаар танхимд орж ирэн, 400-гаад зочин алга ташин угтаж авав. Түүний ойр дотны найз нөхөд, одоо сумод барилдаж байгаа Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Чиёошима Г.Мөнхсайхан, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Дайшохо Ч.Шижирбаяр, Саданохикари Д.Наранцогт, Араүма Б.Төртогтох зэрэг бөхчүүд Оошима ояаката Н.Цэвэгням, Такасаго ояаката Б.Дашням, Отоваяма ояаката М.Ананд нар болон монголоос аав, ээж, дүү нар, хамаатан садан зэрэг 80-аад зочин хүрэлцэн иржээ. Ёслолын үйл ажиллагааг “Эн эйч кэй” телевизийн сумо башёг олон жил хөтөлж байсан ахмад нэвтрүүлэгч Огата Ёшихарү болон орчуулагчаар “Монгорү сэй” компанийн захирал Г.Заяасайхан нар хөтлөв. Үйл ажиллагааг түүнийг сумод анх оруулж байсан Тоттори мужийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн клубийн дасгалжуулагч багш Ишиура Токиёоши нээж үг хэлэв. “Тэр даруухан, зөөлөн сэтгэлтэй, томоотой хүү байв. Анх 110 кг байсан бол одоо 200 кг хүртлээ том болжээ. Өсөх ирээдүйтэй том бөх болно гэдэгт итгэж байсан. Тэр олон жил дээд зиндаанд амжилттай барилдлаа. Дараагийн шинэ амьдралын гараанд нь их амжилт хүсье!” гэлээ.

No description available. Ичиножёогийн сумо бөхийн нэр нь Ичин гэдэг нэр дээр гоц авьяас билэг гэсэн утгатай “но” хэмээх ханз оруулаад “Жёохокү” сургуулийнх нь “жёо”-г нэмжээ. Тэр яахын аргагүй өсөж, том болсон сургуультайгаа хувь заяагаа холбосон мэт сумод хөл тавиулсан багш нь энэ ёслолын гол хүндэтгэлт хүн байлаа. Мөн Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан гэргийн хамт оролцож, нээлтийн хундага өргөн, ерөөл айлтгав. Бас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн “Харангын Чука” хэмээгддэг Ц.Чулуунбат ая дуугаа өргөн, олныг хөгжөөсөн юм. Ёслолын цайллагад оролцон суугаа зарим хүндтэй зочидтой зурвасхан хуучилж амжив. Ичиножёогийн аав Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Ш.Алтанхуяг “Башётой үед хөдөө мал хуйгаа эртхэн амжуулчихаад гэртээ зурагтаар тэмцээн болгоныг үздэг. Сонирхогчийн сумод медаль авч байсан бас ах нартайгаа үзүүр түрүүнд нэмэлт барилдаан хийж байсан нь санаанаас гардаггүй юм” хэмээн намуухан өгүүлэв. Бас энэхүү ёслолын нэгэн хүндтэй зочин болох Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Улаанбаатар хотод 1992 оноос Архангайн бөхчүүдийн “Бөх билэг” дэвжээг үүсгэн байгуулагч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Норовсамбуу “Анх үндэсний бөхөөр 6 дугаар ангиасаа эхлэн барилдсан. Хоёр дахь жилээсээ амжилттай барилдаж мөнгөн медаль хүртэж байв. Манай сум бол үндэсний бөхийн өлгий нутаг л даа. Хамгийн олон алдар цуутнууд төрсөн. Хамгийн олон бөхтэй. Халхын анхны аварга Г.Вандан аварга, дархан аварга Г.Өсөхбаяр хоёр алдартан манай сумаас л төрж гарсан. Ичко маань хоёр талдаа бөхийн удамтай, Хүүхэд байхын их зөөлөн, тайван хүн шүү дээ. Сайхан намбайгаад л алхаж байдаг. Бид мөн ч олон жил Ичиножёогоороо омогшиж, бахархаж, гайхуулж явлаа. Тэр байгалиасаа заяасан их авьяастай. Цаашид ч олон жил барилдах боломжтой байсан. Даанч ингээд больчихлоо. Хакухо аваргатай үзүүр түрүүний барилдаан мөн ч сайхан хиймортой байсан шүү” хэмээн дурсан ярив. Сумогийн ах нарын нэг нь болох сумо бөх байсан Сакигакэ Я.Баттүшиг “Тогтсон барилдаантай, яг хүч тулан барилдахад хөдөлшгүй хүчтэй, нэг л зуурсан бол тавихгүй, өөрийн мэдэлгүй бууж өгч байлаа. Түүний дэндүү өр зөөлөн чанар нь ийм эрт зодог тайлахад нөлөөлсөн ч байж болзошгүй” хэмээн өгүүлэв. Хамт нэг онгоцоор ирж, нэг сургуульд мөр зэрэгцэн сурч байсан үеийнх нь бөх одоо жүрёо зиндаанд барилдаж буй Миторюү Б.Төрболд “Түрүүн хамт зураг авахуулахад тэр “Найзынхаа үсийг хайчлахдаа гоё үг хэлээрэй!” гэв. Би үгээ бодоод л байна. Цаашид ч барилдах байсан. Ийм гэнэт юм болчихлоо. Тун харамсалтай байна” гэлээ. Ээж Н.Болортуяагийн төрсөн дүү, Улсын харцага Нинжээгийн Алтансүх “Шийрэв багшаас хүүхэд сумод сонгон шалгаруулж байна гэж дуулаад анх дагуулж очиж байлаа. Бие томтой болохоор нь хөдөөнөөс авчирч Спортын дунд сургуульд оруулж, нэг жил сураад тэгээд л шалгаруулалтад тэнцээд Япон явж байлаа. Байгалиасаа заяасан их авьяастай, бяр чадалтай. Яг энэ мөчид баяртай байна гэхэд хэцүү, гунигтай гэхэд бас хэцүү. Сумоч бөхийнхөө хувьд оргил үеэ үзэж чадалгүй, цэг тавьчихлаа. Жаахан харамсалтай байна хэмээн өгүүлэв. Саяхан Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Японы Жёохокү ахлах сургуульд 19 жил багш дасгалжуулагч хийж байгаа анхны багш нарын нэгэн болох Р.Гантөгс “Энэ том бие шигээ маш дөлгөөхөн, томоотой хүү байв. Тэр анх сургуульд орохдоо эмэгтэй хүүхдэд албаар ялагддаг зөөлөн сэтгэлтэй хүү байв. Нэг удаа Ишиура багш нэлээн ширүүн загнав. Бараг л нутаг руугаа харь, буц! болов. Тэр нэгэн өдрөөс хойш л хэнд ч ялагдахгүй хүчтэй болж билээ. Бэлтгэл сургуулилтыг маш сайн хийдэг. Шико-г зуу хий гэхэд 150 удаа үргэлж давуулан хийдэг. Дандаа боль! гэж хэлтэл хийдэг байлаа. Маш хөдөлмөрч, даруухан хүү байв. Малчин айлын хүүхэд болохоор дөрвөн мөчиндөө их бяртай, гарын атгалт хүчтэй, нуруулаг, Вандан аваргын удамтай гээд түүний онцлогийг дурдаад баршгүй. Ахлах сургуулиа төгсөөд мэргэжлийн сумод оръё гэхэд нь макүшта зиндааны 15-аас ор! гэж зөвлөсөн. Ичко маань ч их хичээсэн. Доод зиндааг алгасан макүштагийн 15-аас ороход их баярласан даа. Насанд хүрэгчдийн сонирхогчдын сумогийн аварга болоход нь -За үүнээс хойш мэргэжлийн сумогийн аварга болоорой! гэж ерөөж байв.

No description available.

Түрүүлчихээд утсаар над руу ярьж байсан. Сая үсэнд нь хүрэхдээ сумогийн аварга болоогүй ч дараагийн шинэ амьдралдаа аварга нь болоорой! гэж захисан юм. Би нулимсаа их тэвчиж байна. Дахиад хэдэн жил барилдах байсан ч ийм явдал болж, сэтгэл их гонсгор байна” гэж гуниглангуй өгүүлэв. Ингээд түүний сумочийн үс болох чёнмагэ үргээх ёслол эхлэв. Оролцсон бүх зочин дараалан үс хөндсөөр ойр дотны найз сумо бөхчүүд, монгол ояагата нар дэс дарааллаар, аав, ээж, дүү нар нь хүрцгээж, нулимсаа шудран байлаа. Ингээд хамгийн сүүлд түүнийг анх сумод алхуулсан ачит багш болох Ишиура Токиёоши магэ үсний тавыг хайчилснаар ёслол өндөрлөв. Түүнийг үсээ засуулж байх хооронд цугларсан олон хэвлэл мэдээллийнхэн бүчин авч, янз бүрийн асуултыг зогсоо зайгүй шалгааж байв. -Ёслолын хамгийн сүүлд яагаад уйлав? -Олон юм гэнэт бодогдоод өөрийн мэдэлгүй уйлчихлаа. -Цаашид юу хийх үү? -Хоёр улсын хооронд ямар нэгэн ажил хийнэ дээ гэх зэрэг Ичинёожо маш тогтуун бөгөөд ганц хоёр үгээр хариулсаар байв. Сумогийн замналаар арван дөрвөн жил явсаны дараах цоо шинэ үсний засалт нь ямар байх бол? хэмээн их л сониучирхан байн байн утсаараа тольдон харж байлаа. Түүний нэг л тийм цайлган, гүндүүгүй, хүүхэд шиг гэнэн цагаахан сэтгэл царайнаас нь тодрох шиг. Түүнийг шүтэн бишрэгчид япон зочид -Хөөрхөн болж байна хэмээн өхөөрдөн, уулга алдацгааж байв. Костюм өмсөн, богино халимагтай болсон тэрбээр цоо шинээр дахин мэндлэх мэт инээмсэглэн тайзан дээр гарахад зочид алга ташин баяр хүргэлээ. Тийм ээ. Тэр дахин төрөх шиг болсон юм. Энэ хүртэлх түүний сумогийн замнал дардан байгаагүй. Анх 15 настай биерхүү том ч гэлээ жаахан хүү хөдөө гэрээсээ шууд л далайн дундах их улсын нэгэн мужид ирж, ахлах сургуульд орсноор мэргэжлийн сумогийн гараа эхэлсэн. Түүнтэй хамт их аварга болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Миторюү Б.Төрболд нар ирж нэгэн ангийн андууд болжээ. Тэр тухай их аварга Тэрүнофүжи өөрийн “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номдоо “Би том биетэйд ордог атал тэр надаас том. Би сүр сар гэсэн ширүүн зантай. Харин тэр дэндүү зөөлөн зан чанартай. Багш надад:-Ганаа, чи түүнд улам илүү хүчтэй дайраач! гэж хэл дээ” гэдэг байв. Би бас түүнийг “Чи яасан хулчгар юм бэ?” гэж хааяа загнадаг байв. Ичинёожо бол үнэхээр бүрэг ноомой, маш зөөлөн гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Түүний тэр зан чанар нь сумогийн ертөнцөд зарим талаараа хор нөлөөтэй, саад тотгор болох тул хатуу чанга үгээр хатуужуулж, хэрсүү болгох шаардлага нилээд их тохиолдож байсан ч тэр нь заримдаа түүний сайн тал болдог байлаа.” хэмээн дурссан байдаг. Тэрбээр одоо 31 настай, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 192 см өндөр, 224 кг жинтэй хамгийн хүнд жингийн сумоч гэдэг байсан. Минато дэвжээний харьяат бөгөөд дэвжээндээ анхны санякү бөх бас 2022 оны 7 дугаар сарын башёд түрүүлж, дэвжээндээ анх удаа эзэн хааны цомыг авчирч, дэвжээнийхээ нэр хүндийг тун чиг өсгөсөн билээ. Дээд зиндаанд ганцхан башё барилдаад л Сэкиваке цолонд хүрч байсан Японы мэргэжлийн сумод олон жил дээд зиндаанд барилдаж байсан бөх ийм энгийн нэгэн зочид буудалд зодог тайлах ёслолоо хийж байгаагүй бөгөөд ояагата нь хамгийн сүүлд үсийг нь хайчилж, хамтдаа талархан ёсолж өндөрлөдөг уламжлалтай хэдий ч ояагата, дэвжээнийх нь бөхчүүд болон Сумогийн холбооноос зочид төлөөлөгчид байхгүй байгаа нь нэн хачирхалтай бөгөөд жир бус байгааг Японы хэвлэл мэдээллийнхэн онцлон дурдацгааж байв.

Тэр анх мэргэжлийн сумод 2014 оны 1 дүгээр сарын башёд барилдсанаар сумочийн гараагаа эхэлж, 9 дүгээр сарын башёд макүчи зиндаанд дэвшин, ид гялалзан мандаж, сумогийн үлэмж, аварга биет хэмээн алдаршиж, түүний байгаагаараа л энгийн бас үг дуу цөөнтэй ч гэнэн цагаахан яриа нь олны анхаарлыг татан бие нь аварга том ч хүүхдээрээ гэнэн цайлган төрх, үг яриаг нь өхөөрдөн хайрладаг байв. Нэгэн хэвлэлийн бага хурал дээр тэр “Өчигдөр шар айраг жаахан л уулаа” гэхэд нь сэтгүүлч нар:-Тэгээд хэдэн аяга уув? гэж асуухад “Арван нэгэн аяга” гээд тэднийг бөөн инээдэм болгож байсан зэрэг түүний хөгжилтэй, цагаахан яриа олон байдаг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг “Хөөрхөн” гэдэг байлаа. Түүнийг удахгүй аварга, арслан болно гэсэн итгэл найдвар ч тун өндөр байв. Тэр сумогийн дээд зиндааны дэвжээнд нэг түрүүлж, жүрёо зиндаанд хоёр тэргүүлж, башёд идэвхтэй сайн барилдсан бөхөд олгодог тусгай гурван том шагналууд болох гарамгай барилдааны шагнал гурван удаа, уран барилдааны шагнал нэг удаа тус тус хүртэж байжээ. Түүний энэ их цаглагшгүй хүч чадлыг хөдөө талын унаган хүү, морь малтай ойрхон өссөн, төрөлхийн авьяас билэгтэй холбодог ажээ. Түүний гэнэт сумогоо орхисныг нурууны бэртлээс боллоо гэж тайлбарлаж буй ч тэрбээр ояаката тэр хоёрын хоорондох харилцаанд үл ойлголцол үүсч улам даамжирсаар ийнхүү бяр ухаан жагсах ид яваа насандаа сумогоо больсон нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд тун харамсалтай байв. Дэвжээгээ залгамжлан багш болох бэлтгэлээ хийж, иргэншлээ хүртэл солиулчихсан байв. Тэр барилдахдаа эрэмгий хүч чадлыг үзүүлж, дэвжээн дээр онцгой нэгэн ч эгэл даруухан, эв энгийн байдаг сан. Одоо ч яг л адилхан тэр дөлгөөн, намуухан төрхөөрөө буурь суурь суусан эр хүн болон зогсоно. Залуу хүний зам урт гэдэг, түүний өмнө цоо шинэ амьдралын замнал зурайн тодорч буй нь гарцаагүй.

 

 

Манай сонины Осака хотод суугаа сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

– “С” нь Экологийн цагдаагийн албаны албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

– Улс төрд нөлөө бүхий этгээд болох Улсын Их Хурлын гишүүн “Н” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх;

– Төв аймгийн Сэргэлэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;

– Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Ч”, “О”, “Б” нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.