Categories
мэдээ нийгэм

“Контент бүтээгч Э.Санчирдамба талийгаач болсон гэдэг нь ташаа мэдээлэл” гэв DNN.mn

Контент бүтээгч Э.Санчирдамба бусдад зодуулж, нас барсан гэх агуулга бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд гарсан.

Энэ талаар Цагдаагийн байгууллага “Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол мэдээллийн бүртгэлд аваад шалгаж байгаа.

Талийгаач болсон гэдэг нь үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Шалгалтын явцад ямар мэдээлэл үнэн, аль нь худал болох нь тодорхой болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ шатаж байсныг унтраажээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Сургуулийн 1 дүгээр гудамжинд Түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:18 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп дахин ялалт байгуулав DNN.mn

Цагаан ордны тэргүүн асан Дональд Трамп Өмнөд Каролина мужид сонгогчдын 60.8 хувийн санал, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч, тус мужийн амбан захирагч асан Никки Хейли 38.6 хувийн санал авчээ. Ийнхүү Трамп сонгуулийн өмнөх санал хураалт гэгддэг мужийн праймеризд дахин ялалт байгуулав. Гэхдээ түүний өрсөллдөгч Никки Хейли ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн өрсөлдөөнөөс гарах бодолгүй байгаа аж. “The New York Times” сонинд бичсэнээр Хейли Трампыг праймеризд ялалт байгуулсанд нь баяр хүргээд “Үр дүн ямар байх нь хамаагүй. Би манай мужийн ард түмэнд хайртай. Ирэх 11 сарын 5-нд Ардчилсан намаас сонгуульд оролцох төлөвтэй байгаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены нүд рүү харж байгаад “Жо, чи халагдсан. Одоо эндээс явж болно” гэж хэлнэ гэдэгтээ найдаж байна” гэжээ.

АНУ-ын ерөнхиийлөгчийн сонгуульд зөвхөн бүртгүүлсэн эрх бүхий иргэд санал өгдөг. Эдгээр сонгууль өгөх эрхтэй иргэдийн 36 хувь нь Бүгд Найрамдах, 34 хувь нь Ардчилсан намын дэмжигчид бөгөөд үлдсэн 30 хувь нь нам бусчууд байдаг аж. Нэр хүндтэй судалгааны компаниуд санал өгөх эрхтэй бүх хүмүүсийн дунд судалгаа явуулахад Трамп Байденаас 5 хувь, харин Хейли Байденаас 17 хувийн саналаар тэргүүлж байгаа дүн гарсан юм байна. Мөн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп нь тус улсын бараг 250 жилийн түүхэнд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсон хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх эсэхээ шүүхээр шийдүүлэх анхны төрийн тэргүүн болсон юм. Иймээс Никки Хейли уламжлалаас гажиж өрсөлдөөнөөс нэрээ татахгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гурваас дээш жил үзлэгт ороогүй автомашиныг улсын бүртгэлээс хасна DNN.mn

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.

Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-н хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасахаар болжээ.

Хэрвээ таны тээврийн хэрэгсэл 3 жил ба түүнээс дээш техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг АТҮТ-өөс зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ц.Доржготов: Хүний амьдрал бол нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх явдал юм DNN.mn

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө.


-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан багш танд “ Алсаас мэнд дамжуулах цаг ирэх юм” гэж айлтгасныг уламжилъя!

-Сар шинэ сайхан шинэллээ. Галсангийн бие сайн уу?

-Багшийн бие сайн.

-Ай мөн сайхан бие хаа сайтай хүн юм аа. Галсан чинь надаас найм ах хүн юм шүү дээ. Би 1940 оных юм байгаа юм. Тэгэхээр 1932 оны хүн шүү дээ.

-За та юу аязагнаж байна. Хаваржаа тавлаг уу. Зохиолчид ирж золгов уу?

-Би гэр зууртаа, цахим харсан шигээ сууна. Зохиолчид хааяа ирдэг юм аа. Би чинь их эртний хүн болчих гээд байна. Одоо тэгээд ганцаараа шахуу болох нь шив дээ, үеийнхнээсээ. Эвгүй юм. Үр хүүхэд ирэх юм. Биологийн хувирлаар хүн чинь их эвгүй болчих юм байна шүү дээ. Ийм үедээ урьдын ухаантай улс чинь хүнтэй нэг их уулзахгүй болчихдог байсан шүү дээ. Чихэвч зүүгээд зурагтаар орос, монгол хоёр хэлээр мэдээ харчихдаг юм. Энэ надад одоо илүү зан шахуу юм. Уг нь урьдын монгол зангаар бол энэ бүхнээс хол маани уншаад хэвтээд баймаар байх юм. Манай ээж, аав хоёр “Дүнчүүр маани уншина” гээд орой болгон суугаад байдаг байсан юм. Аав, ээжийнхээ хэмжээнд би гэгээрээгүй байна л даа. Тэд чинь хорвоог хуурамчийг нь ойлгоод, алив зүйлд оролцоод ч хэрэггүй гэж буян хурааж л байсан юм байна л даа. Өөрийгөө тамд битгий унаасай гэж маани уншихаас гадна “Эх болсон хамаг амьтны тусын тулд” гэж уншиж байсан юм шүү дээ. Тэр одоо үед их хоцрогджээ.

-Яаж хоцрогдсон байна?

-Хүн төрөлхтөн чинь үүссэн цагаасаа эхлээд үзэл бодол нь янз янзын чиглэлээр өөрчлөгдөөд явна шүү дээ. Эрхи эргүүлээд, дүнчүүр маанинд хүргэх гэж сууснаас би бол нөгөө л бодсон санасан санаагаа хуваалцах юмсан гэж боддог, ялангуяа залуус та нартай.

Интернэт гэж нэг сайхан юм гарч ирсэн нь их зол шүү. Нийтлэлч Баабар, Цэнддоо эд чинь нийтлэлчдийн клубтэй. Тэнд юм бич гэдэг юм. Тэр маань надад яахав дээ, амьд байгаагаа харуулах, амьд байгаагаа харуулах гэж ярих юм даа, зохиолч нар. Бас тэгж бодох хаашаа ч юм бэ. Биднийг харах гэж хүсэж байгаа хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Бид харагдах гэж хүсэхээс илүү уншигчид харъя гэж хүсэж байгаа бол өөр хэрэг юм даа. 84 нас гэдэг ч аргагүй тэгж шахаанд оруулж байх шиг байна.

-Таныг нас өндөр болсон ч Монголын нийгмийн сэтгэл зүйг шинэтгэгчдийн нэг гэж үзэх хүн олон байдаг даа?

-Хээцэс. Гэхдээ намайг оюутан байхад тухайн үеийн урлаг, уран зурагт модернизм ид хэрүүл маргаан тарьж байсан. Би тэрийг үзээд дотроо бодсон юм. Гоё юм л даа, уг нь. Сэтгэлгээ нь их гоё. Хүн сэтгэж чадамгүй, хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг, галзуу солиотой ч юм шиг тийм чиглэл шүү дээ, модернизм чинь. Тэр чинь аль эрт XIX зуунд Кандинскийгээс эхэлсэн юм. Франц энэ тэрд хөлөө олоод зуу гаруй жил болчихсон, эрэл хайгуул хийгээд хуучирчихсан зүйл шүү дээ. Тийм чиглэлийг би үзэж үзэж “Энэ бол Монголд хэрэггүй юм байна. Монголд ард түмнийг гэгээрүүлэх (уран зохиол ч биш) эсээ л хэрэгтэй юм байна” гэж ойлгосон хэрэг. Монголын ард түмэн гэдэг чинь тэр үед улаан оросуудад хууртчихсан байсан. Улаан Оросын ард түмнийг чи одоо хар.

-Их л том гүрний байдлаар дайн байлдаан хийж байх юм байна шүү дээ?

-Хажуудахтайгаа дайтаад, дэлхийн адаг шаар болж байна шүү дээ, энэ сайхан орон. Ийм сайхан орны шавь нь болсон Монголын ард түмэн юу хийх ёстой вэ гэхэд надад бол гэгээрүүлэх хэрэгтэй юм л гэж бодогдсон. Тэгээд соён гэгээрүүлэх, хөдөлмөрч, их өндөр мэдлэгтэй, ухаалаг зөв хүн үүсэх, Монголын ийм ядаж нэг гурван сая хүнтэй болчихоосой гэсэн бодол намайг өөрийн эрхгүй хөтөлсөн дөө. Тэр замаар явсан. Миний бүтээлийн гол цөм үндсэндээ эсээ. Монголын ард түмнээс төрсөн Дарамын Батбаяр гэж сайхан зохиолч байлаа даа.

-Гайхамшигтай авьяастай зохиолч шүү…

-Д.Батбаяр байна. Д.Урианхай ч оролцсон байх. Намайг Зохиолчдын хороонд ажиллаж байхад эд чинь нэг бүлгэм шиг юм байгуулсан уу, яасан. Батбаяр, Урианхай нарын “БиШүБи” (Билгийг шүтэн бишрэгч) урсгал чинь ерээд оноос хүчээ авсан. Би Зөвлөлт, Польшийн зураач, оюутнуудаас жараад онд мэдчихсэн байсан болохоор ерээд онд “Эд маань түүгээрээ явж л байна биз” гээд ороогүй. Модернизм нь ч байж л байг, миний соён гэгээрүүлэх чиглэл ч байж байг, Монголын уран зохиол олон сайхан жимстэй, навчтай мод байх хэрэгтэй шүү дээ.Одоо бодоход Д.Батбаяр, Д.Урианхай нар маань шинэ зүйлийн эх үүсвэрийг ерээд онд тавьж, залуучуудыг өгдөөж байсан нь зөв байжээ, буруу байгаагүй. Ер нь урлагийн нэг урсгал нөгөө урсгалаа үгүйсгэж болохгүй. Зэрэгцэж орших учиртай. Тэрнээс биш шинэ урсгалаар явсан нь сайн зохиолч, реализмаар юм уу, шидэт реализмаар явсан зохиолч муу гэх хэрэггүй. Барьж авсан чиглэлдээ торойж гарч ирэх нь үү, урлаж чадаж байна уу, тэр “изм”-ээ жинхэнэ чулуу болгож чадаж байна уу гэдгээр нь л дүгнэх хэрэгтэй. Тэрнээс реализм муу, модернизм сайн гэх хандлага байж болохгүй гэж би хойч үедээ захих гээд байгаа юм. Ямар ч урсгал явж л байг, бүү саад хий. Шинэ чиглэлээр явсны сайн гэж бас ч байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Ийм учиртай. Миний нас өндөр болчихлоо. Би бол өөрийн чиглэлээрээ явсан. Одоо чадахаа байлаа.

-Чадахаа ч байгаагүй байх аа, та?

-Өнөөдөр нөгөө л гэгээрүүлэх чигээ л барьж сууна. Миний Монголын ард түмнээс илүү гэж юу байхав дээ, уг нь хүнд хэлмээргүй л дамшиг, гэхдээ дутуугаа гэгээрүүлэх, хүнээс илүү хүн болгох гэсэн бодол минь хэвэндээ байна аа. Энэ сошиал (нийгмийн сүлжээ) энэ тэрийг харж, тролуудын жиргээнүүдийг уншиж байхад, хулгайч нар баригдахгүй хууль завшиж байхад, энэ хуйвалдаан энэ тэрийг ажиглаж байхад миний чиг болгож явсан гэгээрүүлэх чиглэл арилахгүй дамшиг шиг байна аа. (гашуунаар инээв. Л.Б) Энэ муу муухай арилахгүй байсан цагт, луйвар хулгай хүчтэй байсан цагт миний энэ явж байгаа соён гэгээрүүлэх чиглэлд зохиолчид маш хүчтэй түрж орж ирэх хэрэгтэй. Энийг юу уядуулж, нийгмийн хөгжлийг ахиулахав гэвэл нөгөө гэгээрсэн ард түмэн л төгс утгаар нь чадна. Найдах юм гэвэл хууль бус, авилгач бусармаг зүйлтэй гурван сая таван зуун мянган хүн бүгдээрээ дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэйгээр тэмцвэл дийлнэ. Баталсан хуулиа бид сайн, муу гэж яриад байгаа юм. Нэгэнт л баталчихсан хуулиа бид муулж байхаар яс биелүүлэх хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэмцэж л байг. Тэрэнд найдаад хэрэггүй. Би юунд найдах вэ гэвэл нэг юм байна.

-Та юунд найдаж байна, тэгээд?

-Олон жилийн дараа ч бай, гэгээрсэн ард түмэнтэй болбол нийгмийн бусармаг муухай бүхэн арилна. Миний бүтээл, хойч үедээ захих уран зохиолын чиглэл бол ард түмнийг гэгээрүүлэх. Энэ чиглэлийн урлаг сул байна. Энийг чангаруулах хэрэгтэй. Модернизмээр явж байгаа Галсансүх эдэнд баяр хүргэе. Би бол гэгээрүүлэх чиглэлийг л маш хүчтэй орчин цагийн байдлаар, өөрөөр хэлбэл бүр модерный байдлаар гаргаж ирэх хэрэгтэй гэдгийг л хэлье дээ. Би гэгээрүүлэх гэдэг чиглэлээ дидактик (заах аргын) маягаар богино богиноор давтаж олон түмэнд хүргэх бодолтой болсон. Өөрийнхөө зөв гэж байгаа юмыг масст давтаж хүргэх гэж байгаа бол сурганы арга хэрэглэмээр байна шүү дээ. Тэр утгаар бичлэгээ хумиад, сэдвийг нь цөөрүүлээд, урьд бичсэнээ ухуулгын (ухуулга гэж хэлье, бүдүүлгээр) аргаар хамгийн цөөхөн үгээр яаж хүнд хүргэх вэ гэдэг зарчим л барьж байгаа. “Ах нь зохиолч явсан” л гэхээс одоо бол би зохиолч биш ээ. Яахав, түрүүний бичсэн зүйлс маань уран зохиол юм аа, уран зохиол юм.

-Та өөрийгөө зохиолч биш гэсэн, гээгүй таны зохиол бол Монголын нийгмийг сэрээсэн, соён гэгээрүүлсэн, хүнд юм бодуулсан сайхан бүтээлүүд шүү дээ. Одоо уран бүтээл аль хэр хийж байна?

-Уран бүтээл одоо бичиж чадахгүй болжээ.

-Таны дүр төрх ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайтай их адилхан болж байна аа?

-(Инээв. Л.Б) Ц.Дамдинсүрэн гуай юу?

Тийм байх аа, хамар, нүд энэ тэр ойролцоо байх. Дамдинсүрэн гуай надад их сайн байсан юм шүү. Ринчен гуай ч их сайн байсан. Миний бичиж, зурж байгаа юм сонин санагддаг байсан байх. Миний жижиг санаанууд тэр хоёрын сэтгэлд их туссан бололтой байгаа юм л даа. Яагаад гэвэл миний “Тоншуул”-д бичсэн юм чинь шүүмжилсэн л бүтээл байдаг. Нөгөө л гэгээрүүлэх чиглэлээрээ Цэдэнбалын дэглэмийн хүнд суртлын болох болохгүй юмыг арай нэг хэрэгт орохоос наагуур хөндөөд байсан байхгүй юу. Тэр утгаар тэр хоёр надад их сайн байсан байх. Ринчен гуай ирж уулзана. “Их нүүдэл” романыхаа зургийг хэлж зуруулаад.

-Өө, бүр номынх нь зураач байж…

-Би зургийг нь бүр хичээж зурсан. Би нэг л номон дээр их анхаарсан. Би чинь номын дизайны чиглэлийн Хэвлэлийн дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Тэгээд надад их сайн. Дамдинсүрэн гуай шүүмжилдэг талаас нь дэмждэг байсан байх.

-Ардын зураач Цэвэгийн Байды андтайгаа ойрд уулзав уу?

-Байды ирж золгосон. Инженер Л.Өлзийбат маань гавьяат болсон байна. Хоёулаа ирж золгосон. “Тоншуул”-ын хэд” гэж би цагаан сарын өмнө үржсэн хэдэн дүү нартаа зориулж мэнд хүргэх маягаар бичсэн юм. Эд маань бас л над шүүмжлэлт чиглэлээр явж байсан. С.Цогтбаяр маань гэргийтэйгээ ирлээ.

-Таны хүү зохиолч Д.Буян зохиолоо бичиж байна уу?

-Зохиолоор амьдрахгүй болсон цаг юм шүү дээ. Сонин гаргах, нийтлэл бичих гээд янз бүрийн л юм хийж явна. Гэргий нь сэтгүүлч шүү дээ, Баярмаа. Хоёулаа олон хүүхэдтэй, болоод яваа.

-Зурагтаар цаг үеийн мэдээ хардаг гэлээ. Монгол орон маань цас зудтай бэрх л байх шиг байна даа?

-Энэ аймаар юм болж байх шиг байна аа. Ер нь нэг зуд болдог мөчлөгүүд байх шиг байдаг юм. Хэдэн жил болж байгаад хэдэн малыг маань хамдаг. Тэгээд дахиад өсдөг. “Зудтай тэмцэж байна” л гэнэ. Би ардчиллын дараа жараад шахуу насандаа хөдөө Архангайнхаа Хашаатад очиж мал малласан шүү дээ. Зудыг би сайн мэднэ.“Хойшид нүүдлийн, бэлчээрийн мал ахуй яавал дээр вэ” гэж боддог л байсан. Өвс, хужир, тэжээл малчны хотонд очиж л байна. Юм болдоггүй юм аа. Яахав, энийг муулаад яахав, хэчнээн шатахуун шатааж очиж л байг. Дарга нар сүртэй амьтад очицгоодог л юм. Тэр нь тээр дараа л болдог юм. Чи бод л доо, хотонд хонь ямаа нийлсэн мянгаад мал байгаа шүү дээ. Хэдэн боодол өвсийг хэд хоног өгөх вэ? Дарга нарын нэр төрийн төдий л юм. Гэхдээ дэмий байснаас, яахав тавьж өгдөг юм. Түр зуурын цас шуурга болоод мал бэлчээрт гарч чадахгүй, тэнгэр онгойх хоёр гурван хоногт л өвс тавьж өгч болох л юм биз дээ? Тэгээд найдваргүй шүү дээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд орчин үеийн ухаан хэрэгтэй байх аа. Малын тоо толгойг цөөрүүлье, чанарыг сайжруулъя гэх зөв л байх. Гэхдээ энэ ч хангалттай мэргэн шийдэл биш. Өөр уран арга олох байлгүй дээ. Залуучууд гадаадын улс орнуудад яваад байх юм, анзаарч ажиглаж л яваа. Гадаадын улс орнууд чинь мал аж ахуйтай шүү дээ. Байгаль нь ч өөр юм.

-Нүүдлийн биш эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй л гэцгээх юм?

-Монголын нүүдлийн таван хошуу малд орхиж болохгүй нэг маш үнэтэй зүйл байгаа юм.

-Тэр нь юу байна?

-Монгол мал үнэгүй хоол иднэ. Гадаадын, тэр Европын байнга тэжээлгэж байгаа малын чинь тэжээлийн зардал, дулаан, цахилгаан, эмчилгээнд маш их зардал орно шүү дээ. Тэгэхээр малаас гарах ашиг шим үнэ нь өсөөд явчихна. Манайхан бол малаа уул тал руу хөөчихөөд, ирэхээр нь хотлуулаад, сул олз олоод байгаа юм. Энэ сайхан, гэхдээ энүүгээр үргэлжлүүлж аж төрж болохгүй нь л дээ. Манай энэ буриадуудыг их ажилсаг гээд магтдаг. Халх, буриадууд ялгаа байхгүй адилхан Монгол Улс. Нэг буриад “Халхууд ажилсаг” гэж хэлж байна лээ. “Яаж байна” гэсэн “Бид яахав, өвстэй хангай газар, модон дотор байгаа юм чинь хадлан арвин их байна. Энийг чадлаараа аваад овоолчихсон, цөөхөн хэдэн малтай л байгаа улс” гэж байна. Үнэн л дээ. Ой дотор олон мянган мал байж болдоггүй шүү дээ.

-Нээрээ л тийм юм даа?

-Мал хаана өсөхөв гэвэл танай Баянхонгорт л, манай Хашаатад өснө ш дээ. Хэнтийн Биндэр, энэ Онон мононд дэлгэртлээ өсөхгүй шүү дээ. Ахуйгаараа цаанаасаа байгаль тэднийг тийм болгож байна. Тэгэхээр буриадууд хадлангаа авчихдаг л болж. Буриадууд цас уналаа гээд зуданд малаа үхүүлнэ гэж айхгүй шүү дээ. Тэр аргыг говьд хэрэглэе гэхээр болдоггүй. Хадлан олигтой ургахгүй. Мал нь олон тоо толгой, үхэж л байдаг. Зуд зулагтай гэдэг. Үхээд дараа нь өсөөд явж ирсэн юм байна. Хэдэн галваар ч явсан юм, бүү мэд. Энэ уламжлалаа аваад явах л юм шиг байгаа юм. Би чамд олон юм яриад яахав, монголчууд одоо сэхнэ. Одоо бараг сэхчихжээ.

-За, яаж сэхэж вэ?

-Сайхан болж байна. Одоо хуулиа л хэрэгжүүлэх хэрэгтэй. Хууль баталдаг 76 хүнээ 126 болголоо. Тэд нар чинь хуучны үгээр бол “Завилах нь жанжин шиг, залгих нь мангас шиг” улс шүү дээ. Ардын үг шүү, миний үг биш. “Хууль тогтооно” гэж худлаа амлаж Их хуралд суучихаад хууль хууль батлаад байна. Энэ зөв. Зөвхөн шинэ хууль зохиогоод байх биш, хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэвэл засарна. Энэ төр засгийг би муу хэлээд байдаг чинь сайжруулахын л тулд юм шүү дээ. Насаараа шүүмжиллээ. Хоосон магтаалаа багасгаж, муу хэлж засъя гэдэг үзлийг “Тоншуул” сэтгүүлийнхэн баримталлаа л даа. Цөхөрсөн, зутарсан ард түмэн захидал бичвэл “Тоншуул” аврах юм шиг санадаг байсан. Бөөн захидалд дарагдана. Төв хорооноос томилогдсон дарга түшмэд л шийднэ. Том дарга шүүмжилж эхлээд хариугүй жоохон дарга, ядуу зүдүү малчин дээр буугаад сүүлдээ хурган хуц, бухан бяруу шүүмжлээд өнгөрдөг байсан. Одоо бол шүүмжлээд, жагсаж байгаа чинь зөв. Урьд чинь “Бид Зөвлөлтийн хүчинд капитализмыг алгасчихсан, дэлхийн хоёр дахь социалист орон, бүх ард түмэн бичиг үсэгтэй” гээд өлсөж үхэх гэж байгаа нэгдлийн гишүүн нэгдлийн даргаараа хонь цохуулж иддэг мөртлөө тэгж ярьдаг байлаа шүү дээ.

-Одоо ч ёстой дураараа дургидаг болсон доо?

-Тэгэхэд одоо “Өлсөж үхэх нь. Энэ ардчилал элгээр нь хэвтүүлчихлээ. Энэ хулгайч нарыг шоронд хийж, шонд өлгөөч” гэж хашгичаад зарим нь жагсаж байгаа биз дээ. Хамаагүй дээрдэж байгаа биз. Одоохондоо үр дүн нь хангалттай сайн биш.

Үр дүн сайн нийгэм Америкт ч байхгүй л байна. Гэхдээ засраад л байна. Ардчилал, чөлөөт зах зээл Монголыг зөв голдиролд нь оруулсан. Би тэр сайхан цагийг үзэж чадахгүйдээ харамсаж байна. Урт наслах гэж харамсаж байгаа юм биш. Яг сайхан болдгийн ирмэг дээр би ная гараад явчихлаа.

-Та ануухан байна аа. Хоцорсон, амьжихгүй нь гэж нүгэлтэй юм яриад яах вэ, ах минь?

-Энэ ч уг нь нүгэлтэй юм биш ээ. Төрөх, үхэх хоёр адил. Үхлээс айж болохгүй. Яагаад гэвэл хувирал. Гагцхүү, төрснөө би мэдэхгүйтэй адил үхэх бол хүүхэд төрж байгаатай адил хувирал.

-Та ер нь хойд нас байдаг гэж боддог уу?

-Би урьд “Хойд нас, Бурхан, сүнс байдаг юм болов уу, үгүй юм болов уу” гэж их боддог байсан. Одоо би энэ талаар огт боддоггүй. Харин нэг боддог юм бол “Энэ яваа насандаа нүгэлгүй орлогоор л гэдсээ тэжээх хэрэгтэй. Чадах юман дээр тус бол, чадахгүй юмандаа бүү гай бол”. Ердөө товчхондоо энэ. Энэ сүнс байх, байхгүйн тухайд хүн төрөлхтөн хэчнээн зуун жилийн дараа ч юм, олно л биз. Одоо энэ тухай бол над шиг настай хүн яриад ч хэрэггүй, тийм юм. Нэг юм бий, “Хойд нас байхгүй” гэхээр нүгэл үйлддэг байхгүй юу. Хүн алах, хулгай хийх нүгэлийг хорихын тулд шашин үүссэн.

-Нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээнэ гэдэг их аятайхан философи юм даа?

-Хуулиа л биелүүлдэг болчихвол. Авлигыг аль ч нам засахгүй, хүчирхэг масс л засна. Хүчтэй масс, миний хүсээд уриалаад байгаа ард түмэн, хөрс шороо Монголд бий болчихвол дураараа дургидаг дарга байхгүй болно шүү дээ. Тэр дороо л үхнэ.

 

Л.Батцэнгэл

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Төрхүү: Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард болсон үерийн шалтгаан нөхцөлийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, далан сувгийг тэлээгүй, засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй, далан сувагчлал дотор хэт их бургас ургаснаас болон сувагчлалыг боож шороо асгаснаас үүдэн далан сэтэрсэн. Уг дүгнэлтийг үндэслэн эхний ээлжид “S’Outlet” дэлгүүрийн урд талын гурван давхар агуулахын барилгыг буулгасан бол одоо дэлгүүрийн үндсэн барилгыг дотор талаас нь буулгаж эхлээд байна. Үүний дараа даланг хүчитгэж, гол доторх  хагшаасыг цэвэрлэн, ус саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлнэ. Ер нь бид аливаа гамшиг болсны дараа ажиллах бус урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Иймд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд цахим орчинд шүүлтүүргүйгээр шүүмжлэхээс урьтаж учир шалтгааныг нь олон, зөв мэдээ мэдээллийг түгээн хамтран ажиллах хэрэгтэй болов уу” гэлээ.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсныг албаныхан мэдээлж буй. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 97,200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗС-ийн 4.2 тэрбум төгрөгийг эргэн төлжээ DNN.mn

“Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 7, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж УЕПГ-аас мэдээллээ.

Тодруулбал, 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байна.

Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ.

Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгаа болохыг тогтоосон байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1,2 сая ам.доллар буюу 4,2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч П.Эрхэмбаяр: Хуулийг иргэдэд ойлгомжтой сурталчлан таниулдаггүйгээс шоронжсон систем рүү явж байна DNN.mn

Хуульч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Нийгэмд их сонин кейсүүд яригддаг боллоо. Айлын нохой өшиглөөд 14 хоног баривчлуулчихлаа гэх иргэн байна. Энгийн зүйлийг мэдэхгүйгээс үйлдээд эрх зүйн байдал нь дорддог. Торгуулдаг, эрхээ хасуулдаг, баривчлуулдаг явдал маш олон байдаг юм байна. Нэг талдаа нийгэм шоронжоод байна уу даа гэж хардаж болохоор. Иргэний эрхэнд халдах эрсдэлтэй хуулийг сурталчлан таниулах ажил дутмаг гэж харж болох уу?

-1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүний жам ёсны эрх болон бусад эрхийг тусгасан. Нэгбүрчлэн хэлье гэвэл урт дараалал үүснэ. Гол нь хүн өөрийнхөө эрхийг эдлэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байхаар л хязгаарлагдана гэсэн үг. Манайхан заримдаа “Би гэр дотроо шөнийн 03:00 цагт хөгжим чангаар тавиад орилох нь миний эрх” гээд, нөгөө хананы цаана байгаа хүний эрхийг зөрчиж байгаагаа ойлгодоггүй. Иргэд тодорхой нийгмийн харилцаанд орж байгаа бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг мэдэх, түүнийг биелүүлэх журамт үүрэгтэй.

Таны хэлснээр нөгөө талд хуулийг сурталчлан таниулах гэдэг зүйлийг хэн хийх вэ гэдэг нэг асуудал бий. Хууль тогтоомжийн тухай хуулийн 46 дугаар зүйлд хуулийг олон нийтэд сурталчлахтай холбоотой заалт бий. Хуулийг УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван субьект баталдаг. УИХ-ын санаачилсан хууль батлагдвал дээрх зүйлд зааснаар УИХ-ын хуулийг тухайн Байнгын хороо, УИХ-ын Тамгын газартай нийлж сурталчлан таниулдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал Ерөнхийлөгчийн Тамгын газар таниулдаг. Засгийн газартай холбоотой бол төрийн захиргааны байгууллага, бүх ИТХ, Засаг дарга хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг.

Эндээс харахаар манайд хуулийг таниулах нэгдсэн систем гэж байдаггүй. Түүнийг хариуцсан байгууллага алга. УИХ-ын баталсан хуулийг Хууль зүй дотоод хэргийн яам мэдэхгүй. “УИХ-ын гишүүн санаачилсан юм байна, бид тайлбарлаж мэдэхгүй байна” гээд суух юм уу. Нөгөө талаар хууль таниулна гэдэг гадагшаа чиглэсэн төсөв баталж таарна. УИХ дээр нэг төсөв, ЕТГ дээр өөр нэг төсөв, Засгийн газар дээр өөр төсөв байна. Төсвөө дагаад сурталчлах ажлууд өөр өөр болж таарах нь. Мөн ялгаагүй түүнд очих, хүрэлцэх нөхцөл байдал өөр өөр байдлаар бууна. Яахав, Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу хуулийг иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр төсөвлөөд хийдэг юм шиг байна.

-Хууль тогтоомжийн тухай хуулийг та хөндлөө. Хуулийн төсөлд санал авна гээд сайт дээр байршуулаад орхичихдог. Эрх ашиг нь хөндөгдсөн, эсвэл мэргэжлийн хүмүүс биш л бол энгийн иргэн түүнийг орж хараад ойлгох боломжгүй. Уг нь нэг төрлийн хуулийн таниулга биз дээ?

-Хуулийн төслийг олон нийтийн сүлжээнд байршуулчихдаг. Түүнийг орж харна уу, орж хараагүйгээс болж эрх зүйн үр дагаварт унаж хариуцлага хүлээнэ үү, хамаагүй. Ингэж л хөнгөн хуумгай байдлаар ханддаг. Жишээ нь, БНСУ-д хуулийг комик байдлаар, маш ойлгомжтой байдлаар иргэддээ сурталчилдаг. Нэг байгууллага дангаараа хариуцаж, энэ ажлыг таниулдаг.

Манай улсад одоогийн байдлаар 880 хууль мөрдөгдөж байна. Үүний 330 орчим нь иргэдийн нийгмийн харилцааг зохицуулж байдаг. Уг нь хуулийн талаар ойлголт, тайлбарлан таниулах ажил, тодорхой тогтолцоо, системтэй, нэг байгууллага хийдэг, тэр нь тодорхой төсөвтэй болоод ирэхэд зөрчлийн байцаагч нар, цагдаагийн албан хаагчид, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг субьектүүдээс илүү иргэд өөрсдөө хэрэгжүүлээд эхлэх юм. Гудамжинд шүлсээ хаяж болохгүй, шөнийн 03:00 цагт чанга дуу чимээ гаргахад торгуулна гэдгийг иргэд мэддэг болно. Эргээд хууль сахиулах байгууллагад ч дэмтэй. Хоёрт, хуулийг таниулж чадахгүй байгаа хэрнээ нэг айлын үнэтэй нохой өшиглөсөн иргэнээ Зөрчлийн хуулиар шоронд явуулчихдаг. Эсвэл эхнэр, нөхөр рүүгээ сүрдүүлсэн мессэж бичээд 30 хоногийн баривчилгаанд явчихдаг. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж албан хаагчид мөнгө өгөөд авлигын асуудлаар баривчлуулдаг. Ийм шоронжсон систем рүү орж байна шүү дээ.

Хууль гэдэг зүйл шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай батлагдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүний сайхан, муухай ааштай боссон хөлөн дээр сэтгэл хөдлөлөөр бичдэг үг өгүүлбэр биш. Сүүлийн үед нийгэмд гараад байгаа цочроосон гэмт хэргүүдийг ажиглахад манайх хорино, хамгийн өндөр ялыг өгнө гээд байх тусам тэр хүн эхний нэг хоёр жилдээ шоронд залхана, хүмүүжинэ, ойлгоно, ухаарна. Харин гурваас дээш жил болоод ирэхээр суралцаад эхэлдэг. Намайг хүн хүлээж авахгүй, би гараад амьдарч чадахгүй, тиймээс дахиж гэмт хэрэг хийхдээ суралцаад байдаг.

-Нийгэм шоронжиж байгаа нь маш ноцтой үзэгдэл. Хууль шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдахгүй байгаатай холбоотой байж болох уу?

-Хэдхэн жилийн өмнө малчдын чуулганыг Төрийн ордонд хийсэн. Маш олон малчид ирж оролцсон. Тэнд сэтгэл хөдлөлөөрөө босоод “Малын хулгайчийг заавал хорь” гэцгээсэн. Тэгээд нэг ишиг хулгайлсан ч малын хулгай учраас хоёр жилийн ял авахаар хуульчилчихсан.

Хууль эрх зүй, салбарын асуудал шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаатай явахгүй бол нэг ишиг хулгайлаад хоёр жил суугаад гараад ирэхэд нийгэм хүлээж авахгүй. “Манай Должин гуайн хүүхэд хоёр жил суучихсан гэнэ лээ. Шорон санаатай болсон гэнэ” гэдэг. Үүнийг дагаад хүний нэр төр алдар хүнд дагаж унаж байдаг. Зөрчлийн тухай хууль бий. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 3780 байна. Ганцхан сарын дотор гарсан гэмт хэрэг гээд бод доо.

Нэгэнт төрийн байгууллагаас сурталчан таниулах ажлыг хийж чадахгүй, тэр нь иргэдэд хүрэхгүй байгаа бол иргэд миний гаргаж байгаа үйлдэл хэн нэгний эрхийг зөрчиж байна уу гэдгээр хязгаарлаад нийгмийн харилцаанд ороход тодорхой эрсдэлүүдээс өөрийгөөс болон гэр бүлээ хамгаалах боломжтой.

-Нийгмийн асуудал ихтэй, түгжрээ, агаарын бохирдолтой, стресс бухимдал өндөр түвшинд байгаа энэ үед ийм ёс суртахуунлаг үйлдэл гаргах боломжтой юу. Та жишээ нь иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж байхад анхааруулах ямар асуудлууд гардаг вэ?

-Наад захын жишээ гэхэд иргэд зээл авах, орон сууц захиалгын гэрээ зэрэг иргэний эрх зүйтэй холбоотой гэрээг уншаад танилцаж гарын үсэг зурдаггүй. Энэ ч гэсэн иргэдийг эрх зүйн мэдлэг боловсрол, түүнийг сайжруулахтай холбоотой асуудал юм шүү дээ. Өөрийнх нь эрх ашгийг зөрчигдөхөөс сэргийлж байгаа зүйл.

-Эрүүгийн хэрэг дээр гэхэд гомдол гаргах эрхтэй, өмгөөлөгч авах эрхтэй байдаг. Гэтэл энэ эрхээ мэддэггүй иргэд ч олон байдаг шүү дээ. Үүнийг ашиглаад л иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, улам шоронжуулж байдаг юм биш үү?

-Манай салбарт агуулга болон процесс яг тэнцүү явах шаардлагатай. Нэг талдаа иргэдийг буруутгаад байж болохгүй. Агуулга гээд хуулийг чангатгаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн иргэний нэр төр, алдар хүндэд нь халдсан үйлдэл өөр хэн нэгэн гаргачихлаа. Түүнийг скрийншот хийгээд хэвлээд цаасан дээр өргөдөл гомдол бичээд энэ их түгжээн дунд цагдаагийн байгууллагад хүргэнэ. Нөгөөх нь шалгаж байна гээд нэг сар болоод буцааж өөрийг нь дуудаж мэдүүлэг аваад нөгөөхийг нь хайж байна гээд хоёр сар орчим болоход хүн залхана. Гэтэл энэ процессыг ЦЕГ-аас өөрийнх нь фэйсбүүктэй холбоод тэр даруй нь гурван минутын дотор хариуг нь өгөөд, хариуцагчаар уучлалт гуйлгаж болно. Ийм байдлаар цагдаа дээр байгаа ачааллыг багасгахтай холбоотой процессын ажлуудыг хийхгүй бол иргэд маш их чирэгдэж байдаг. Тиймээс хаячихдаг. Хаяж байна гэдэг уг нь тэр харилцаанд орсон хүн хариуцлага хүлээх ёстой байтал тэр хүнийг хохироосон хүн дараагийн хүний нэр төр алдар хүнд рүү халдаж байдаг.

Сүүлийн үед эхнэр нөхрийнхөө утсыг шалгадаг, хэнтэй чаталсан мессэжийг нь дэлгэдэг, эсвэл хэн нэгний зөвшөөрөлгүйгээр зураг хөргийг олон нийтийн сүлжээнд тавьдаг зөрчлүүд олон болсон. Эдгээр бүгд эрүүгийн хариуцлагатай. Ял авсан ч хүмүүс байна. Энэ талаар хууль тогтоогч нар, цагдаагийн байгууллага, хууль санаачлагч нарын хууль сурталчлан таниулах субьектүүд үүнтэй холбоотой ажлаа хийгээгүй байх жишээтэй.

Нэг ийм жишээнээс эхлээд цаашаа өчнөөн олон хэрэг, татвараа нуун дарагдуулах, урлагийнхан, бөхчүүдийн бай шагналтай холбоотой асуудлууд дараа нь өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл болчихсон явсаар байдаг. Нохой өшиглөсөн иргэн өмгөөлөгч авч ороогүйгээс болоод 14 хоног баривчилгаанд орчихдог. Эсвэл нөхөртэйгөө муудаад, хүндрүүлсэн утгатай мессэж бичсэнээс болж 30 хоногийн баривчилгаанд яваад гэр бүл салж байна.

-Иргэний нийгмийн харилцааг зохицуулсан 330 хууль байдаг гэлээ. Хуулийг сурталчлахын тулд юу хийх ёстой вэ?

-Иргэдэд маш ойлгомжтойгоор сурталчлан таниулах ёстой. Сошиал хөгжчихсөн энэ үед сайтан дээр линк холбож тавьчихаад энэ хуулийг хараарай гэж хаячихаж болохгүй.

Ч.Чимид багш Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш тухайн үеийн УИХ-ын гишүүдээс эхлээд хэдэн ч парламент дамжуулж, “Хуулиа сурталчлан таниулах ажлаа хэзээ хийх гээд байгаа юм бэ” гэж олон удаа шаардаж байсан түүх байдаг. “Үндсэн хууль ийм юм, таны эрх энэ юм, төрийн захиргааны байгууллага энэ юм. Иргэд энэ нийгэмд яаж амьдрах ёстой, ямар өмч хөрөнгө эзэмшиж болох вэ, яаж үзэл бодлоо илэрхийлэх вэ” гээд суурь танилцуулга мэдээллийг эртнээс авсан бол хүссэн хүсээгүй Үндсэн хууль руу гар дүрэхэд хөндлөнгөөс хяналтаа тавьж чадах байлаа. Цаашлаад түүнийг дагалдан гарч байгаа хуулиуд батлагдлаа гэхэд “Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн хууль байна” гэж хуульчаар дамжуулж Цэц рүү гомдол гаргах зэргээр өргөн хяналтууд байх ёстой.

Угтаа Хууль зүй, дотоод хэргийн яам үүнийгээ багцалдаг, тодорхой төсөвтэй, олон нийт юун дээр төвлөрөөд юунд илүү анхаарч байна вэ гэдгийг хардаг, мэдэрдэг. Судалгаа шинжилгээ гаргаад тийшээ ямар байдлаар хуулиа сурталчлах вэ гээд ойлгомжтой ажиллах ёстой. Одоо бол хуульчид, өмгөөлөгчид л сайн дураараа хууль сурталчилж байна шүү дээ.

Б.ЗАЯА

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Газрыг ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй гэхээр хувьчлах уу, түрээслэх үү, бүр зүгээр өгөх юм болов уу DNN.mn

Өнгөрсөн онд манай улсад 1.87 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэний 1.43 тэрбум ам.доллар буюу 76.7 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлжээ. Товчхон хэлбэл, нүүрсээ зарж төсвөө бүрдүүлдэг манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт гэдэг амин чухал хэрэгцээ. Тийм ч учраас өнгөрсөн хагас жилийн хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг олон нийтийн анхаарлын төвд явж ирлээ. Эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд, гуравдагч орны хөрөнгө оруулалтын ач холбогдлыг мэддэг, гадарладаг, гадаадад ажиллаж амьдраад ирсэн иргэдээс эхлээд дотоодын бизнес эрхлэгчид хэн бүхэн энэ хуулийн үнэ цэнийг хэнээр ч хэлүүлэлтгүй хүлээн зөвшөөрч, батлагдахыг хүлээж байв. Гэвч ганц л саад бий болсон нь хууль батлагч эрх бүхий УИХ өөрөө болж таарлаа.

Одоо мөрдөгдөж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэлх жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэлх жилээр сунгах” гэсэн заалт бий. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас харвал, ялангуяа УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаан дээр хэлснээс үзвэл мөн иргэдийн уг саналыг хүчингүй болгох тухай 100 мянган санал цуглуулсан зэргээс шалтгаалан энэ заалтыг хүчингүй болгож байх шиг байна. Тэрээр бас өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж “Монгол 0.7 га газраа эзэмшиж чадахгүй байхад гадаадынханд 100 жилээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй” гэсэн тайлбарыг хийлээ.

2019 онд нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж шинэчлэн хуульчилсан. Бодвол энэ нийтийн өмч гэдэг заалтаар гадаадын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх, ашиглуулах газрын зөвшөөрлийг ард нийтээс асууж байгаад өөрчлөх гэсэн юм болов уу гэж ойлгогдож байна. Ямартаа ч гадны хөрөнгө оруулагчдад 100 хүртэлх жилээр газрыг эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг аваад хаячихна гэлээ. Энэ тухай УИХ-ын дарга, түүний ажлын албанаас идэвхтэй сурталчлан таниулж байна.

Тэгвэл газрыг эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй бол өөр ямар арга хэлбэр байж болох вэ. Уул уурхай түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт болон урт хугацаагаар газар ашиглах, эзэмших нөхцөл л ээлтэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ хоёрыг л харж, хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Гурван жил гаруй дуншсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг тэд ингэж л харж, хүлээж байв. Эцэст нь тэдэнд шанаа өгөөд буцаахаар шийдсэн бололтой. Газрыг эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй бол өөрөөр хэрхэн шийдэх тухай албаныхны зүгээс өнөөдрийн байдлаар ямар нэгэн арга зам, хувилбар танилцуулаагүй байна. Хэрэв ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй юм бол газрыг хувьчлах юм уу, түрээслэхээр төлөвлөсөн хэрэг үү. Аль эсвэл зүгээр өгөх юм болов уу. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдад ерөөсөө газар олгохгүй гэсэн шийдвэр үү. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг тойрсон сүүлийн үеийн үйл явдал иймэрхүү маягтай л бужигнаж байна.

1992 оноос хойш өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг болж ирсэн газартай холбоотой зохицуулалтыг нэг л өдөр ингээд хасаад хаячихвал бид хэрхэх вэ. Газрын зохицуулалтгүй гадны хөрөнгө оруулалт орж ирдэг үү. Тэд орж ирэхгүй бол нүүрс, зэсийг хэн хайж, хэн олборлож экспортлох вэ. Дараагийн Оюу толгой шиг том ордыг хэн илрүүлэх вэ. Ашигт малтмал хайх, олборлох үйл явцыг төр дийлдэггүй юм. Хувийн хэвшлийн нуруун дээр явагддаг асар том шинжлэх ухаанч, асар их хөрөнгө шаардсан ажил байдаг.

Газар нутаг багатай, уул уурхайн ашигт малтмалгүй Сингапур шиг оронд гадаадын хөрөнгө оруулагчид хошуураад хөгжүүлсэн тухай пи-ар явж харагдана лээ. Тэнд газрыг гадаадуудад өгдөггүй гэцгээж байна. Бодвол үнэн л ярьж байдаг байлгүй. Тэгэхлээр газрыг нь өгөлгүй хөгжиж болдог гэнэ. Бидний өнөөдрийн давуу тал уул уурхайн баялаг л болж таарч байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглочихвол уул уурхайд Оюу толгойн араас гялтайж мэдэх ураны төслийн гэрээ яаж явах болчихов оо. Францын ерөнхийлөгчийг Монголд урьж авчраад ураны төслөөр хамтарна гээд дэлхийгээр нэг зарласан нь хэдхэн сарын өмнө. Гэтэл ураны төслийн гэрээ ид үргэлжилж байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалтад тушаа болж мэдэх асуудал өрнөөд явчихаж байгаа юм биш үү. Уран ухах гэхээр газар нь нэг монгол далбааны мэдэлд байдаг, тэр нь дургүйгээ хүрвэл газартаа оруулахгүй гээд суучих биш үү.

Хөрөнгө оруулалтад дөнгө тавьдаг үзэгдэл манай улс төрд анхных биш юм. Харин нэг хүний гараар хоёр удаа орж, зогсож байгаа юм биш биз. Оюу толгойн гэрээ хийгдэж, гадныхан цүнхтэй мөнгөө бариад Монгол руу урт дараалал үүсгэж, эдийн засаг хоёр оронтой тоо руу үсэрч очоод байсан 2012 оныг хүн бүхэн санаж буй. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байсан бөгөөд тэрээр Стратегийн ач холбогдол бүхи салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэртэй хууль санаачилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн түүх бий. Өнөөдөр 12 жилийн дараа тэрхүү үзэл санаагаа гүйцэлдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хавчиж жадалсан түүх бүтээж байна уу гэж хардах хүмүүс байна. Баялгаа үнэ цэнэд хүргэж, дэлхийн энтэй наймаалцаж сураагүй, эхлээгүй байсан 2012 оны үеийн монголчууд өнөөдөр өөр болсон. Хүн ард хөгжсөн, ухамсар суусан. Танктай цэргүүд орж ирээд Монголыг эзэлнэ гэдэг “философи”-ийг гадарлахтайгаа болчихсон. Г.Занданшатар дарга ч өөрөө ардчиллын өлгий нутаг АНУ-д боловсрол дээшлүүлсэн сураг дуулдддаг. Нэг ёсондоо, Монгол хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гуравдагч хөршийн бодлогыг дэмжих ёстой, хамтрах хэрэгтэй гэдгийг бид хаа хаанаа бүрэн ойлгочихсон ухамсарт хүмүүс гэж үзэж буй. Гэтэл улс орны хэмжээний амин чухал асуудал дээр хоёр дахь удаагаа хориг тавих сонирхол байна гэхэд арай хүн үнэмшмээргүй санагдах юм.

Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатар “Гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэггүй” гэдэг үзэл баримтлалтай байдаг бол энэ нь Үндсэн хууль зөрчсөн, мөн гишүүний өргөсөн тангаргаасаа няцсан үзэгдэл болох биш үү. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг эзэмшүүлж, ашиглуулахгүйгээр өөр ямар хэлбэрээр Монголд ажиллаж болох хувилбарыг санал болгож байгаагаа тодорхой тайлбарламаар байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 27, Ангараг гариг. Билгийн тооллын 18, Тугчин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:38 цагт мандаж 18:32 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй