Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэс болон Ойн булганы арьс худалдаалах гэж байсныг илрүүлжээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн И, Д нар нь хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалан тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Олон улсын болон Монгол орны нэн ховор амьтдын жагсаалт, “Улаан ном”-д орсон цоохор ирвэсийн 2.2 метр урттай 1 ширхэг арьс, ховор амьтдын жагсаалтад орсон Ойн булганы 7 ширхэг арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 2-д “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иргэн та хүрээлэн байгаа орчны талаарх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 7019-1070 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нийт 1727 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1337, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авлаа DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж буйг УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулав.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг онцлоод УИХ-ын төдийгүй Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгээр ажлын гурав хоногийн завсарлага өгч буйг тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Хүүхэлдэйн театр нэгдүгээр сард зургаан жүжиг толилуулна DNN.mn

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөрийг хүргэж байна. Энэ сард тус хамт олон зургаан жүжгийг толилуулахаар болжээ.

Тодруулбал, 2024.01.13-ны өдөр

12.00 цагаас “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас “Алладин-1001 шөнийн үлгэр” хүүхэлдэйн жүжиг

2024.01.14-ний өдөр

12.00 цагаас “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас “Алладин-1001 шөнийн үлгэр” хүүхэлдэйн жүжиг

2024.01.20-ны өдөр

12.00 цагаас О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Ц.Хулан “Монгол ардын суут” хүүхдийн жүжиг

2024.01.21-ний өдөр

12.00 цагаас О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Ц.Хулан “Монгол ардын суут” хүүхдийн жүжиг

2024.01.27-ний өдөр

12.00 цагаас О.Уайльд “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Г.Райва “Мял богдын намтар” хүүхдийн жүжиг

2024.01.28-ны өдөр

12.00 цагаас О.Уайльд “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас Г.Райва “Мял богдын намтар” хүүхдийн жүжиг

Categories
мэдээ цаг-үе

“Yutong Bus” компанийн үйлдвэрээс гарсан хоёр дахь ээлжийн 50 автобус Эрээн хотод иржээ DNN.mn

БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрээс гарсан хоёр дахь ээлжийн 50 автобус өчигдөр Эрээн хотод иржээ. Одоо ажлын хэсгийнхэн гаалийн агуулахад байгаа автобуснуудын стандартыг хянаж, хүлээн аваад Улаанбаатар хот руу авч ирэх юм байна. Эхний ээлжид 35 автобус Улаанбаатарт ирээд байгаа юм.

Хоёр хоногийн хоногийн дараа гурав дахь ээлжийн 50 автобус үйлдвэрээсээ гарах бөгөөд хоёрдугаар сарын 4-н хүртэл графикийн дагуу 600 автобусаа хүлээн авч дуусах аж.

 

Манай улс БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авч буй. Үүнийг тооцоолоод үзвэл нэг автобус 275 орчим сая төгрөгийн үнэтэй байна.

 

 

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалаа цахимаар илгээх заавар DNN.mn

Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайлангаа жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор цахимаар илгээх учиртай.

Ингэснээр анх удаа орон сууц худалдаж авсны болон сургалтын төлбөрийн буцаан олголтоо авах боломжтой юм. Тэгвэл уг тайлангаа хэрхэн гаргах, шаардлагатай материалыг яаж хавсаргах талаар татварын улсын байцаагч Ц.Ундармаагийн зөвлөгөөг хүргэж байна.

Эн тэргүүнд иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн “Тайлан тушаах” гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг.

Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэд нотлох баримтыг бүрдүүлэх материал цэсэд бүрэн хавсаргахаас гадна өөрийн бүртгэлтэй дансны дугаар, гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг үнэн зөв оруулсан байхыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Франц улсаас 32, 42 метр хүртэлх өндөрт хөөсөөр гал унтраах 18 машин авна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх, Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах Монгол, Францын төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцжээ.

Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байгаа аж.

Тус анги 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

“Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр хоёр улсын холбогдох сайдууд Парис хотноо гарын үсэг зуржээ.

Агаараас аврах ангид зохион байгуулах нэмэлт сургалтыг жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт, хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн үзжээ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Бэлтгэгдэж байгаа нисгэгчидтэй бид хариуцлагын буюу тогтвортой ажиллагааны гэрээ байгуулсан.

Төсвийн хөрөнгөөр сурсан албан хаагчид хувийн хэвшил рүү орохгүй. Орсон тохиолдолд суралцсан бүх төлбөрийг хариуцах талаар гэрээнд тусгасан. Гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан” болохыг хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Паспортын чансаагаар Монгол Улс дэлхийн 200 гаруй улс, бүс нутгаас 79 дүгээрт эрэмбэлэгдэв DNN.mn

Швейцарын зөвлөх үйлчилгээний Henley & Partners компани 2023 оны байдлаар дэлхийн улс орнуудын паспортын чансааг гаргажээ.

Ингэхдээ тухайн улсын паспорттой иргэд дэлхийн 227 улс, бүс нутгийн хэдэд нь визгүй зорчиж байгаагаар үнэлсэн байна

Жагсаалтад Монгол улсын паспорт дэлхийн 63 улсад визгүй зорчих эрхтэйгээр 79 дүгээрт эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн онд манай улсын паспорт мөн 79 дүгээрт эрэмбэлэгдэж байсан юм.

2023 оны жагсаалтыг адилхан дэлхийн 194 улсад визгүй зорчих эрхтэй Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани улсуудын паспорт тэргүүлсэн байна.

Дэд байрыг 193 улсад визгүй зорчих эрхтэй Финланд, Өмнөд Солонгос, Швед гурван улсын паспорт эзэлжээ.

Жагсаалтын сүүлийн таван байрыг Йемен, Пакистан, Ирак, Сири, Афганистан улсууд дэлхийн 35, 34, 31, 29, 28 улсад тус тус визгүй зорчих эрхтэйгээр эзэлсэн байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд чансаа нь хамгийн хурдтай өссөн паспорт Арабын Нэгдсэн Эмират Улсынх байжээ. 2014 оноос хойш тус улс визгүй зорчдог 106 улс шинээр нэмж, 55 дугаар байраас 11 дүгээр байрт ахисан байна.

Чансааны өсөлтөөр тэргүүлэгчдийн дунд бас сүүлийн 10 жилд адилхан 21 байраар урагшилсан Украин, Хятад улсууд оржээ.

Одоо Украин улсын паспорт 148 оронд визгүй зорчих эрхтэйгээр 32 дугаарт, Хятадын паспорт 85 оронд визгүй зорчих эрхтэйгээр 62 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

Харин паспортын чансаа нь хамгийн их суларсан орнуудын нэг Орос улс болжээ. Сүүлийн арван жилд тус улс визгүй зорчих 24 улс шинээр нэмсэн ч 2014 оноос хойш 13 байраар ухарч, 51 дүгээрт эрэмбэлэгдэх болжээ.

Монгол улсын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд 77 дугаар байраас хоёр шат ухарсан байна.

 

Жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

 

 

Эх сурвалж: Henley & Partners

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд ирэх сараас таксины шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил зөвхөн автобуснууд оруулж ирснээр хэмжигдэхгүй. Трамбай, такси, дүүжин тээвэр, метрог хосуулж хөгжүүлнэ гэдгийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлч нартай уулзах үеэр онцлон хэлсэн юм.

Тэрбээр таксины үйлчилгээгээр жишээ татан хэлэхдээ, такси болон жолооч нарыг бүртгэлжүүлэх нь чухал байна гээд таксины үйлчилгээний нэгдсэн стандарт бүхий франчайзинг хэрэгжүүлэх бизнес моделийг боловсруулж байна гэв. Тодруулбал бизнес модулийг доорх төрлүүдээр хөгжүүлэх нь. Үүнд:

  • Нэгд, такси баазтай байх юм уу, бааз байгуулж жолооч нарыг авч бүртгэн цалинжуулж ажиллуулах,
  • Хоёрт, uber маягийн таксины баазгүй, жолооч нарыг аппликэйшн дээр нэгтгэж явуулах,
  • Гуравт, дээрх хоёр аргыг хослуулсан дундын бизнесийг хөгжүүлэх явдал юм гэдгийг танилцууллаа.

Манай улсад 80 гаруй мянган хүн албан болон албан бусаар таксинд явдаг судалгаа гарчээ. Энэ нь такси барих хүний нөөц байна гэсэн үг. Гол нь тэдэнд стандартын, зөв талын жолоотой, таксиметртэй, аюулгүй байдлыг хангасан бүхээгтэй таксины шинэ моделийг санал болгоно гэдгийг хэллээ.

Тэрбээр, таксины бизнес үйлчилгээг ирэх сараас олон нийтэд танилцуулна. Анхаарах нэг зүйл бол манайд цахилгаан машин явахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс манай таксины үйлчилгээнд тохирох машин нь хайбрид юм гэдгийг тодотгож байв.

Цаашид таксины үйлчилгээг хоёр төрөлтэй болгох нь. Нэг нь хар такси, нөгөө нь ердийн такси. Хар такси нь үнэтэй, өндөр зэрэглэлийнх байх бол ердийн такси нь арай хямд үнээр үйлчлэх аж. Таксины үйлчилгээний зорчих үнэ тарифыг нь шинэчлэх хэрэгтэй байгааг нийслэлийн Засаг дарга онцолж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч Н.Энхжаргал: Хэрэг зөрчилд холбогдсон хэн ч бай хуульчаас тусламж авч байж эрх зүйн байдлаа хамгаална DNN.mn

Хэрэг мөрдөн байцаалтын явцад иргэн ямар эрх эдэлдэг, тэрхүү эрхийн хэрэгжилт практик дээр байдаг эсэх талаар хуульч, өмгөөлөгч Н.Энхжаргалтай ярилцлаа.


-Аливаа хэрэг зөрчил гарахад хохирогч болон холбогдож байгаа аль аль талд нь эдлэх ёстой эрх гэж байдаг. Хүний амь хөнөөсөн хүн ч гэсэн эдлэх эрхтэй гэж үздэг. Харин энэ зарчим практик дээр хэрэгжих нь хэр байдаг юм бэ?

-Аливаа гэмт хэрэг гарлаа гэхэд нэг талаас хохирогч, нөгөө талд холбогдогч бий болдог. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Холбогдогчийн хувьд тухайн хүнийг баривчлах саатуулах, ямар нэгэн байдлаар цагдан хорих, эсвэл таслан сэргийлэх арга хэмжээ авах, мэдүүлэг тайлбар авах ажиллагаа эхлээд явагдана. Хохирогчийн хувьд ч мэдүүлэг тайлбар өгөх, өөр бусад тодруулах ажиллагаанууд хийгддэг. Ингээд ирэхээр цагдаа болон прокурорын байгууллагын хооронд харилцаа үүсч байгаа биз.

Ер нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг том зарчим байдаг. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж. Гэтэл ямарваа нэгэн хэрэг гарч, хэн нэгэн холбогдоход гэмт хэрэг хийчихсэн юм шиг, гэмт хэрэгтэн байдлаар хандах хандлага нийгэмд нэлээд бий. Шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад гэм буруутай гэж тооцох нөхцөлүүд бүрдчихдэг гэсэн үг. Нөгөө талаар иргэд хуулийн мэдлэггүйгээс, эсвэл хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хүмүүсээс хурдан түргэн тайлбар мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэнээр зарим эрхээ эдлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсдэг.

-Тухайлбал?

-Хамгийн наад зах нь төрөл садан, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл мэдэхгүйгээс болоод өөрийнхөө үзсэн харсан зүйлийг ярихдаа тэр хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөх тохиолдол байдаг. Ингээд тухайн хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй. Гол зүйл бол ерөөсөө холбогдогчоор ч бай, хохирогч ч бай хамгийн түрүүнд хуулийн зөвлөхөд л хандах ёстой юм.

-Ямар ч хэрэг маргаан дээр өмгөөлөгч авах ёстой. Энэ нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордохоос сэргийлдэг. Гэвч энэ талаарх ойлголт хандлага нийгэмд нэлээд доогуур байгаа нь ажиглагдаж байна. Хууль зүйн ямар ч зөвлөгөө тусламжгүйгээр цагдаа, прокурор, шүүх дээр очоод хүнд ял шийтгэл авдаг тохиолдол байна?

-Өмгөөлөгч бол хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөх, ямар чиг үүрэгтэй, ямар эрхтэйг урьдчилж хэлж сануулах гол хүн. Тухайн хүн ирээдүйд ямар нэгэн эрсдэлд орчих вий гэдгээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Магадгүй зарим хүмүүс сандарч тэвдээд буруу зөрүү ярьчихдаг. Тухайн ярьсан зүйл бодит байдлаас зөрүүтэй байдаг ч тохиолдол бий. Энэ нь эргээд өөрийнх нь эсрэг, эсвэл төрөл садангийнх нь эсрэг ноцтой засч болшгүй алдаа болчихдог. Тиймээс аливаа нэг хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд өмгөөлөгчөөс урьдчилж заавал зөвлөгөө тусламж авч байгаарай гэж зөвлөе. Жишээ нь, хохирогч байлаа гэхэд ямар хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Ямар үүрэгтэй, мэдүүлэг өгч болох уу болохгүй юу гэдгийг өмгөөлөгч л хэлж өгдөг.

Холбогдож байгаа хүмүүсийн хувьд онцгой нэг эрх байдаг. Тэр нь тухайн үйл баримтын талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл энэ эрхээ мэдэхгүй, сандарч тэвдсэнээсээ болсон зүйлийг буруугаар тайлбарлах тохиолдол бас бий. Мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно. Дээрээс нь төрөл садангийн хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

-Ядаж өөрийнх нь холбогдсон хэрэг цагдаа, прокурор, шүүх дээр ямар шатанд яваа юм. Эрх зүйн байдлаа хамгаалах боломж нөхцөл хаана байдаг талаарх ойлголт хомс. Үүнийг цагдаа, прокурор нь сануулаад хэлээд өгдөггүй юм уу?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тухайн холбогдсон хэргийн талаар мөрдөгч прокурор, шүүгч зөвлөгөө өгөх үүрэггүй. Хэрэв тэгвэл буруутан болно. Зөвлөгөө өгөх чиг үүрэг нь хуулиараа өмгөөлөгч дээр л үлддэг. Өмгөөлөгчдийг та нар чөлөөтөөр өөрсдийнхөө үйл ажиллагаанаас орлогоо ол, үүнийхээ төлөө иргэдэд зөвлөгөө өг гэдэг. Маш товчхоноор хуулийн зөвлөгөө өгөх үндсэн эрхтэй хүмүүс нь өмгөөлөгчид.

Хэдийгээр хуульд иргэний талаар том том эрх, ашиг сонирхлыг заагаад өгчихсөн ч практик дээр мөрдөгч тухайн хэргийг түргэвчлүүлэх, эсвэл хялбарчлах байдлаар асуудалд хандах тохиолдол бий. Авсан өгсөн мэдээллүүд нь нотлох баримт болдог учраас үүн дээр маш мэдрэг хандах ёстой.

-Наад зах нь мөрдөгчөө уурлуулчих вий, буруу зүйл ярьчих вий гэж бөхөлздөг байдал амьдрал дээр элбэг шүү дээ. Зарим тохиолдолд мөрдөгчийн ар ажлыг хүртэл хийгээд явдаг гэдэг. Мөрдөгчид нь өөдөөс “Өмгөөлөгч авч яадаг юм бэ, шаардлагагүй” гэх байдлаар хохироох явдал ч байна?

-Надаас хууль зүйн зөвлөгөө тусламж авдаг ихэнх хүмүүсийн хэлдэг үг ерөөсөө энэ. “Өмгөөлөгчөөр яах юм. Түүний оронд мөнгөө тэг ингэ” гэж цагдаагийн байгууллагаас хэлсэн байдаг. Энэ бол зөрчил.

Тухайн нэг хүн гэмт хэрэгт холбогдлоо гэхэд ирээдүйн дөрөв тав, 10, 20 жилийн амьдралынх нь асуудал шүү дээ. Гэтэл үүнийг хамгаалахын тулд хуульд яаж заасан, ямар боломжоор өөрийгөө хамгаалах вэ гэдгийг өмгөөлөгчөөс л асуух боломжтой. Мөрдөгчдийн хувьд хэрэг гарлаа гэхэд нотлох баримтыг бүрдүүлж, энд юу болсон юм бэ гэдэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг тэгш цуглуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бодит үнэнийг тогтоохын тулд сэргээн тогтоох чиглэлийг хэрэгжүүлдэг. Үнэхээр нэг хэрэг гарлаа гэхэд энэ хүн хийжээ эсвэл хийгээгүй байна гэдгийг гарцаагүй нотлох чиг байх ёстой. Гэтэл практик дээр мөрдөгчид хүмүүсийн мэдүүлэг дээр тулгуурлаж хэргийг мөрддөг. Энэ нь өрөөсгөл явдал юм. Яг ийм мэдүүлэг дээр тулгуурлаж байгаа практик дээр хохирогч болон холбогдогч аль ч тал зайлшгүй хууль зүйн туслалцаа авах ёстой гэдгийг дахин хэлье. Ядаж өмгөөлөгч авч чаддаггүй юм гэхэд хуульчаас хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Яалт ч үгүй баривчлагдаж, хоригдож байгаа хүмүүс дуугүй байх эрхтэй. Хэрэв мэдүүлэг өгөх болоход “Би өмгөөлөгчтэйгөөр мэдүүлэг өгнө” гэдэг эрх нь өөрт нь олгогдсон хамгийн том эрх юм шүү.

-Иргэдийн хууль зүйн боловсрол, нөгөө талд хууль хүчний байгууллагын хүний эрхийн мэдрэмжийн асуудал аль аль нь тулгамдаж байна, тийм үү?

-Ер нь нэг талд төрийн бүхэл бүтэн механизм ажиллаж байна шүү дээ. Цагдаа нь баримт бүрдүүлнэ. Прокурор нь хянана. Шүүх нь энэ хүн ийм хэрэг хийсэн үү гэдгийг эцэслэж шийдвэрлэж байна. Энэ төрийн гурван байгууллагын өөдөөс хуулийн дагуу ажлаа хийгээч, энэ хуулийн дагуу энэ хүний эрхийг ингэж хангаач, хуулиа ингэж биелүүлээч гэдэг шахалт үзүүлэх чиг үүрэг өмгөөлөгчид л ногддог.

-Шүүх дээр хэрэг маргаан шийдвэрлэх болоход “Шүүгчийн үзэмж” гэдэг зүйлийг хуульч өмгөөлөгчид ярьдаг болсон. “Шүүгч үзэмжээрээ л шийднэ шүү. Асуусан зүйлд нь хүндэтгэлтэй харьц, бөхөлз” гэх агуулгатай зөвлөдөг. Шүүгч хэргийг үзэмжээрээ шийдэх ёстой юу?

-Шүүгч бол хуулийн нэрийн өмнөөс шийдвэрээ гаргана. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр өөрийнхөө дотоод итгэлээр шийдвэрээ гаргах үүрэгтэй. Захирагдах юм нь ерөөсөө хууль. Шүүгчийг ямар нэгэн байдлаар хүмүүсийн ааштай байна, аашгүй байна, эсвэл энэ нь ингээд байна гэсэн зүйлд битгий автаарай гэж Шүүгчийн ёс зүйн дүрэм болоод хууль тогтоомжид маш тодорхой заачихсан. Шүүгч хуулиа л удирдлага болгоод шийдвэл тухайн асуудал бодитой шийдвэрлэгдэх юм л даа.

Мэдээж шүүх хуралдааны үед тавигдах дэг журам гэж бий. Шүүх хуралдаан эхлэхэд босч хүндэтгэл үзүүлэх хуулийн заалттай. Түүнээс өөр бусад байдлаар ямар нэгэн хувийн эрх ашиг сонирхол, шүүгдэж байгаа хүмүүсийн гаднах өнгө үзэмж, ааш зан, харилцаа хандлагад тулгуурлаж дүгнэлт гаргах эрх хэмжээ байхгүй. Прокурор, мөрдөгчид ч тэр.

Хамгийн чухал нь хүмүүс аливаа хэрэгт холбогдлоо гэхэд ядаж хүсэлт гомдлоо гаргах үндсэн эрх нь байдаг. Хууль хүчний байгууллага өөртэй нь зүй бус харьцсан, өөрийнх нь эрхийг хязгаарлаад байна гэж үзвэл дээд шатны байгууллагад гомдол хүсэлтээ гаргах эрх хэмжээ хангалттай байдаг. Зарим иргэд маань үүний эсрэг гомдол гаргачихвал намайг улам зууна гэдэг буруу ойлголттой байх нь бий. Энэ бол маш буруу хандлага. Нэгэнт хуулиар цагдаа, прокурорт үүрэг хүлээлгэчихсэн учраас тэд иргэний эсрэг хууль бус зөрчил гаргах эрхгүй.

Хэн ч буруутгагдаж байгаа зүйл дээр хуулиа мэдэхгүй байх нь тухайн хүнийг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс зөвхөн гэмт хэрэг зөрчил гэлтгүй ажил хэрэг явуулахад, аливаа бусад харилцаан дээр өмгөөлөгчөөс зөвлөгөө авдаг болж хэвшээрэй.