Categories
мэдээ нийгэм

Энэ жилээс “Түмэн тэмээний баяр”-ыг хоёрдугаар сард зохион байгуулна DNN.mn

“Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээ ирэх сарын 1, 2-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болно. Энэ жилээс эхлэн тус арга хэмжээг хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа мэдээллээ.

Тэрээр “Өнгөрсөн хугацаанд тэмээний хурд хүч, тэмээний спортыг хөгжүүлэх чиглэлд голчлон анхаарч байсан. Энэ жилийн тэмээний баяраар тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн, тэмээний ноос түүний бүтээгдэхүүнээр хийсэн хувцас, тэмээтэй холбоотой урлаг, энтертайнмент арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэмээний баярын арга хэмжээг нь 1997 оноос хойш Монголын аялал жуулчлалын салбарын өвлийн эвент болгон зохион байгуулсаар ирсэн.

Жил бүрийн гуравдугаар сарын 6, 7-нд Хөвсгөлийн мөсний баяр, Улаанбаатарт болдог бүргэдийн баяртай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жилээс хугацааг нь наашлуулж, хоёрдугаар сарын 1- 3-нд зохион байгуулна. Олон жил тогтмол явуулсан арга хэмжээ энэ жил өөрчлөгдсөн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гурван сард тэмээ уралдахад тохиромжгүй орчин бүрдээд байгаа учраас нэг сараар урагшлуулсан юм.

Уг арга хэмжээний үеэр ингэний сүүний баярыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулна. Ингэний сүүгээр ямар бүтээгдэхүүн хийж болдгийг үзэхээс гадна тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүнээр ямар хувцас урлаж өмсөж, үзүүлж гадаад ертөнцөд зарлагддагийг “Гоёл наадам”-ын загвар өмсөгчид очиж, олон нийтэд танилцуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

М.Ариунболд: Зам тавьж өгөөд баруун эргэх самбарыг жолооч заавал дагаж мөрдөхгүй байж болно DNN.mn

“Зам тавьж өгөөд баруун эргэж болно” хэмээн уулзваруудад байрлуулсан нь тэмдэг биш мэдээлэх самбар юм. Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдсэн учир жолооч нар уг самбарыг дагаж мөрдөхгүй байж болно хэмээн албаны хүн тайлбарлалаа.

ТЦА-ны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Ариунболд “Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг 2016 онд тодорхой газруудад байрлуулсан байдаг.

Замын хөдөлгөөнийг тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиогоор зохицуулдаг. Энэ үйлдлийг хийхийг Засгийн газраас баталсан замын хөдөлгөөний дүрмийн 274 заалтаар зохицуулдаг. Уг заалтад замын тэмдэг ба тэмдэглэл гэсэн хэсгийн 7.1-т замын хөдөлгөөнийг зохион байгуулахад стандартын дагуу тэмдгүүдээр зохицуулахыг заасан байдаг.

2016 онд Улаанбаатар хотод замын түгжрэл эхэлж байв. Түгжрэлийг шийдэхийн тулд тодорхой газруудад Зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн самбарыг дөрвөн замын уулзварын харалдаа хэсэгт байрлуулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл хоёр урсгалтай замд хөдөлгөөнд оролцох үед нэмэлт эгнээ гарган зүүн, баруун тийш эргэж,  үндсэн хоёр эгнээ замын хөдөлгөөнийг чөлөөтэйгөөр дараагийн уулзвар руу нэвтрүүлэхийн тулд баруун талд гарсан эгнээ дүүрэхээс болгоомжилж, тасралтгүй эргүүлж байх зорилгоор уг самбарыг байрлуулж, өөрчлөлтийг хийсэн байгаа юм.

Одоо Зам тавьж өгөөд баруун эргэж болно мэдээлэх самбарыг жолооч заавал дагаж мөрдөхгүй байж болно. Учир нь Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдэж, дээрх мэдээлэх самбар шаардлагагүй болсон. Гэхдээ уг самбар байхад эрхзүйн акт зөрчигдөхгүй” гэв.

Тэрбээр “Зам тавьж өгөөд баруун эргэж болно мэдээлэх самбар шаардлагагүй болсон тул буулгуулахаар хэд хэдэн удаа Нийслэлийн Замын Хөгжлийн Газарт хандсан. Хамгийн сүүлийн шаардлагыг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд илгээсэн байгаа.

Одоогийн байдлаар “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” самбарыг зөрчсөн үндэслэлээр хэн нэгэн жолоочийг торгоогүй. Хэрэв арга хэмжээ авагдсан иргэн байвал ТЦА-нд хандаарай. Хэн нэгнийг буруутгахгүй, асуудлыг шийдэж өгнө” хэмээн хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Цэргийн бүртгэл үргэлжилж байна DNN.mn

2024 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.
Цэргийн бүртгэлд хамрагдахаар ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
2. Иргэний цахим үнэмлэх
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Цэргийн бүртгэлийг ажлын өдрүүдэд 08:00-18:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд Хорооны байранд хийж байна.
Categories
мэдээ нийгэм

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдан “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.

УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмолтой өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан байна.

Иймд  хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний  хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь  олон улсын жишгийн дагуу бүсчилсэн хөгжлийг дэмжин, хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож нийслэл хотыг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Тогтоолын төслийг Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж дараах асуудлыг тусгалаа. Үүнд:

-Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах,

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх,

-Төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгасан болно.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Алслагдсан бүс нутагтай харьцуулахад Улаанбаатарт амьдарч буй иргэд орлого олж, зарлага багатай амьдарч байна. Ийм учраас иргэд аятай тухтай амьдрахын тулд Улаанбаатар руу тэмүүлж байна. Үүнийг шийдэхийн тулд бид баруун, зүүн, өмнөд, хойд төвүүдийг бий болгож Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэх ёстой. Төрийн байгууллагыг хэсэгчлэн байршуулах тал дээр Зам, тээврийн хөгжлийн яам манлайлж ажиллана.  МИАТ, ИНЕГ-т ажилладаг 3000 орчим албан хаагч Улаанбаатараас Буянт-Ухаа чиглэл рүү явах гэж өглөө, оройдоо түгжрэл үүсгэж байна. Үүнийг шийдэх гэж бид “Тээвэрчин” хотхоныг Буянт-Ухаад барих ажлыг эхлүүлсэн. Нийт албан хаагчдынхаа орон сууцыг барьж, ажлын байрыг тэндээ бий болгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, спорт заалыг байгуулан иргэд ажиллах, амьдарч, амрах орчныг нэг дор цогцлоохоор төлөвлөж байгаа ч зарим албан тушаалтнуудын гарын үсэг хүлээгдэж байна гээд энэ асуудлыг анхаарч ажиллахыг сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны удирдлагад уламжилсан.

УИХ-ын гишүүд бүсчлэлийг хэрхэн тогтоох, төрийн ямар байгууллагыг нийслэлээс нүүлгэн байршуулахаар төлөвлөж буй талаар, үйл ажиллагааны хамрах хүрээг хэрхэн харгалзан бүсчлэх талаар тодруулж, хариулт авч, саналаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс, нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг зохион байгуулахтай холбогдуулан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.

Тэрбээр, Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэслэл, үзэл санаа, төрийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх үе шатыг тусган баталсан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүс, орон нутаг, нийслэл Улаанбаатар болон дагуул хотыг хөгжүүлэх, мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогод боомтын болон хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод тусган хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал, байр суурийг сонсож, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгах, түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах, холбогдох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхнасан: Жуулчдад өгөөд буй хонины үнэ нь малчин айлаар үйлчлүүлсний төлбөрт орсон DNN.mn

Булган аймагт хэрэгжиж эхэлсэн “Нэг жуулчин-нэг хонь” төслийн талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан мэдээлэл өглөө. 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг тэрбээр хэлсэн юм. 

Энэ талаар “Малчин айлд жуулчид очиход тэндээс үйлчилгээ авч байгаа гэсэн үг. Тухайн айл илүү гэртэй, гэр нь тохижилттой бол хонож, байрлаж, хоол ундаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

Үйлчилгээний хөлсөнд нь хонины үнэ багтсан гэсэн үг.

Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа процесс дандаа хөдөө орон нутаг, жуулчны баазад түшиглэж буй. Гэтэл жуулчны баазын хүрэлцээ хүртээмж зорилтот гоё газрууддаа байна уу гэвэл, үгүй.

Тухайлбал Өмнөговь, Хөвсгөл, Архангай гэсэн тодорхой цэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа явагддаг. Монгол Улс маш өргөн уудам газартай, гадаадын жуулчдад үзүүлэх харуулах зүйлс маш их. Гэвч жуулчид очиж чадахгүй, очихоор хонох газар байхгүй, үйлчлүүлэх газар хомс.

“Жуулчид” гэх энэ том ойлголтоос хүн бүр ашиг хүртэхийг хүсэж байгаа. Ялангуяа нутгийн иргэд ашиг хүртэхийг хүсэж байна. Үүнийг холбох холбоосыг уялдуулж гаргаж ирэх нь зүйтэй гэж үзсэн” хэмээв.

“Жуулчдад хонь өгч, Хөх сүрэг аппликэйшнээр хянаад явах боломжийг бий болгож байна”

Үргэлжлүүлэн “Малчин айл өрхүүд маш том үнэт зүйл.

Хүргэлт ирлээ шоу нэвтрүүлэгт гардаг шиг малчин айлууд гадаадынхны сонирхлыг үнэхээр их татаж байна.

Энэ ярианаас үндэслээд малчин айлууд жуулчдаас орлого олох боломжийг нь бүрдүүлж өгч байгаа.

Жишээ нь Nas Daily-гаас ирсэн дөрвөн инфлүэнсерт хонь өгсөн. Малчин айлд очоод үйлчлүүлж байгаа төлбөрт нь хонь шингэсэн гэсэн үг. Одоогийн зах зээлийн ханшаар хонь 100,000 төгрөгийн үнэтэй байгаа.

Урьд нь ийм жишиг байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй гэх яриа гараад буй. Тэр үед малчид онлайнаар холбогдож чаддаггүй байсан.

Харин одоо “Хөх сүрэг” аппликэйшнийг ашиглаж эргэх холбоотой ажиллаж байна. Тухайн хонийг зүсэлж аваад тамга тавиад “танай хонь” гэж хэлээд өгч байгаа.

Улмаар тухай аппликэйшн дээр зураг хөргөө авхуулаад утсан дээр нь аппликэйшнийг нь татаад өгнө. Ингээд хоёрлосон, гуравласан харилцаа үүсэж, хонио хянаад явах боломж бий болж буй.

Үүнийг Булган аймгаас эхлэн хэрэгжүүлж байна. Цаашдаа Архангай аймагтай “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар төлөвлөж байгаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газраас 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалт эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт яамдын 2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар мэдээлэл өгөх цахим уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 11-19-ний өдрүүдэд зохион байгуулж, уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар эхлүүллээ.
Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон бодлогын газрын дарга нар эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн үр дүн, 2024 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, 2025 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах, шинээр хэрэгжиж эхлэх Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулиудын хэрэгжилтэд анхаарах зүйлс, бодлогын тэргүүлэх чиглэл, орон нутагтай хамтарч ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх сэдэвтэй форум, чуулганыг 2024 оны 1-р сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна.
Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам
Categories
мэдээ спорт

Н.Баяраа буудлага спортын гурав дахь олимпийн эрхийг авлаа DNN.mn

Индонезын Жакарта хотод буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) болж буй.

“Парис 2024” олимпын эрх олгох чухал тэмцээн гэдгээрээ онцлог болж буй энэ удаагийн тивийн аваргаас манай тамирчид нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү медалийн тавцанд гишгэж олимпын эрх авсан юм.

Тэгвэл 50 метрийн гурван байрлалаар буудах дасгалд Н.Баяраа олимпын эрх авлаа. Энэ дасгалд 44 тамирчин цэц сорьсноос Н.Баяраа 583 оноогоор шигшээ наймд шалгарч, “Парис 2024” олимпын эрх авсан гурав дахь мэргэн бууч боллоо. Түүнээс өмнө эмэгтэйчүүдийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн олимпын эрх авсан билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцын түвшин 7.9 хувьтай гарлаа DNN.m

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.9 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өсжээ. Түүнчлэн барааны бүлгийн үнэ 8.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.4 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арванхоёрдугаар сард 13.2 хувьтай гарч байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 7.9 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.3 нэгж хувиар буурчээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд инфляцын түвшин 7.9 хувьтай гарсны 3.3 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байн

Categories
гадаад мэдээ

Палестин газар нутгаа хэрхэн “алдав”? DNN.mn

Израиль, ХАМАС-ын байлдаан эхлэнгүүт исламистууд “1946 онд Палестин хэмээх улс байсан бөгөөд Израиль хагас зуун жилийн дотор бараг бүх газар нутгийг хэрхэн эзлэн авсан тухай” зургийг интернэтээр эрчимтэй тарааж эхэлсэн. Үнэндээ бол энэ зураг нь мусульманчуудын дунд маш их алдаршсан ч бодит үнэнд огт нийцэхгүй хуурамч ухуулга юм.

Эхний газрын зураг: “1946 он” гэж тэмдэглэгдсэн энэ газар нутаг бараг бүхэлдээ ногоон өнгөтэй байна. Үзэгч энэ газрын зургийг хараад 1946 онд тусгаар тогтносон Палестин байсан, дараа нь иудейчүүд энд ирж Израилийг байгуулж, дараагийн хэдэн арван жилд газар нутгийн ихэнх хэсгийг эзлэн авсан гэж бодоход хүргэдэг. Бодит байдал дээр палестинчууд өөрийн газар нутаггүй жинхэнэ нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд харин дэлхийн нэгдүгээр дайны үр дүнд газар нутагтай болж Палестин үүсчээ. Учир нь НҮБ-ын өмнө байсан Үндэстнүүдийн лиг энэхүү газар нутгийг Их Британид захируулах мандат олгосон билээ. Палестин нь Палестин ба Трансйорданы Эмират гэсэн хоёр хэсгээс бүрдэж харин сүүлийнх нь автономит улс хэлбэрээр оршин тогтнож байсан. Иймээс энэ зураг бол тухайн үедээ Их Британийн мэдэлд байсан газрын зураг болохоос палестинчуудад ямар ч хамаагүй зүйл юм.

Хоёр дахь газрын зураг: “1947” гэж тэмдэглэсэн зураг нь зүгээр л Палестиныг хуваах НҮБ-ын төслийн газрын зураг юм. Нэгдүгээрт, тухайн үед Үндэстнүүдийн лигийн мандатаар Палестин нь Палестины захиргаанд биш харин Их Британийн мэдэлд байсан учраас еврейчүүд Палестинаас ямар нэг газар нутаг авсан гэж ярих нь угаасаа утгагүй зүйл. Хоёрдугаарт, Палестиныг хуваах НҮБ-ын төлөвлөгөөг палестинчууд хүлээж авахыг хүсээгүй учраас энэ газрын зураг амьдралд огт хэрэгжээгүй төслийн зураг төдий зүйл юм. Иймээс хоёр дахь зураг нь бодит байдалтай ямар ч холбоогүй нь тодорхой. Учир нь 1948 оны тавдугаар сарын 14-нд еврейчүүд НҮБ-ын төлөвлөгөөний дагуу Израилийг байгуулсан бол маргааш нь энэ нутаг дахь Их Британийн бүрэн эрхийн хугацаа дуусангуут Арабын орнууд Израиль руу дайрчээ. Эхлээд Египет, Сири, Трансйордан, Ирак гэсэн дөрөв байсан. Дараа нь тэдэнтэй Йемен, Марокко, Саудын Араб, Судан нэгдсэн. Харин Израиль ялсан.

Гурав дахь газрын зураг: “1949-1967” гэсэн байна. Гэтэл Йордан голын Баруун эрэг, Газын зурвас (одоогийн Палестины хоёр тусдаа бүс) нь 1949-1967 онд Палестины газар нутаг байгаагүй юм. Учир нь Йордан улс 1950 онд Баруун эргийг эзлэн авч 1967 он хүртэл эзэмшиж байсан бол харин Газын зурвас 1949-1967 онд Египетийн мэдэлд байсан. Египет улс 1967 оны зургаан сарын эхээр Тираны хоолойн Акабагийн буланг хааж, улмаар Израилийн усан онгоц хөвөхийг таслан зогсоох хүртэл Египет, Иордан улсууд Палестиныг эзэмшиж байв. Үүний хариуд Израиль “Зургаан өдрийн дайн” эхлүүлж, улмаар Египетийн Синайн хойг болон Газын зурвас, Йорданы Баруун эрэг, Зүүн Иерусалим, Сирийн Голаны өндөрлөгүүдийг эзлэн авав. Энэ бол Арабын гурван улсын хувьд хамгийн ичгүүртэй ялагдал хүлээсэн дайн болсон.

Ийнхүү Израиль газар нутгаа гурав дахин нэмэгдүүлсэн ч эзэлсэн газар нутгаа Египет, Иордан, Сирид буцааж өгсөн нь баримт юм. Израиль эзэлсэн газар нутгийнхаа 70 хувийг арабчуудад энх тайвныг сахиулахын тулд буцаан өгч тэднээс өөрийн улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Харин Израиль Баруун эрэг болон Газын зурваст цэргээ байлгасаар байв. Харин Ослогийн хэлэлцээрт 1994 онд гарын үсэг зурсны дараа Израиль баруун эрэг, Газын зурвас дахь армийнх нь хяналтад байдаг нутгуудаас еврейчүүдээ Израиль руу нүүлгэн шилжүүлж Баруун эргийн хил дагуу тусгаарлах хаалтыг 2003 онд барьсан байна.

Дөрөв дэх газрын зураг: Израиль, Палестины хил хязгаарыг үнэнээр нь тусгасан боловч өмнөх хуурамч тайлбартай газрын зургуудаас болж агуулга нь бүрэн гажуудаж байна. Энд зөвхөн 1988 онд л Газын зурвас болон Баруун эрэгт Палестин улс байгуулагдсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, энэ хүртэл Палестин улс байгаагүй гэдгийг мартаж болохгүй. Иймээс “Палестинчууд газар нутгаа биржээр худалдсан”, “Палестинчууд газар нутгаа түрээсэлсэн”, “Израиль улс Палестины газар нутгийг булаан авсан” гэх мэт хуурамч ухуулгад бүү автагтун! Учир нь ийм зүйл огт болж байгаагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Машин нь цасанд сууж 2 хүүхэд, 2 том хүн нас баржээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явахаар замд гараад машин нь цасанд сууж улмаар 4 хүн амиа алдсан харамсалтай хэрэг  гарсан байна. Үүний 2 нь хүүхэд байжээ.  Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 14: 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй гэх. Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.