Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn

01-р сарын 14-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 37-42 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө хүйтний эрч чангарч 16-18 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд Халх гол орчмоор, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндсэн хуулийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ DNN.mn

Улсын цолтнуудын 2024 оны эхний барилдаан болох Ардилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн бөхийн уламжлалт барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Сүлд спорт хороо, “Шижир Гоульд” ХХК, ТЭЦ-4 ТӨХК, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, Нэгдэл клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн арслан Ж.Алтаншагай нар үлдэв. “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт гардуулсан юм.

Мөн түрүүлсэн улсын заан Б.Бат-Өлзийд “Италта” ХХК-иас уламжлал ёсоор Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.

Маргааш буюу нэгдүгээр сарын 14-ний Ням гарагийн 11:00 цагаас “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” уламжлалт Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаантай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдсэн байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд найман аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна.

Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрч байна.

Categories
мэдээ нийгэм

Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ оны аравдугаар сараас Улаанбаатарт 150 мВт эрчим хүч нийлүүлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжиж буй. Нэгдүгээр үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд дараагийн 150 мВт-ыг нийлүүлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3 хувиар нэмэгдсэн. Өвлийн оргил ачааллын үед хэрэглээ огцом нэмэгдсэнээр ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд доголдол гарсан. Үүнтэй холбоотойгоор оргил ачааллын үед Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эрчим хүчний хязгаарлалтуудыг хийсэн. Айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, метро байгуулах зэрэг агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах томоохон төсөл хөтөрбөрүүд энэ оноос хэрэгжинэ. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ дэд бүтцийг урьдчилан төлөвлөж, бэлдэж байгаа. Төсөл бүрт эрчим хүчний өндөр хэрэглээ шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах нь чухал болоод байна.

Улаанбаатар хот, Бөөрөлжүүтийн цахилгаан станц хооронд байгуулсан Санамж бичиг бий. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар төслийн удирдлагуудтай санал солилцож, цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Төслийн эхний хоёр шат хэрэгжсэнээр одоогийн ТЭЦ-3-ын үйлдвэрлэдгээс нэг дахин илүү хүчин чадлыг буюу 300 мВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм” хэмээлээ.

Төслийн сүүлийн хоёр шат 2026, 2027 онд хэрэгжих бөгөөд үйл явц төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа хэрэгжиж буйг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Мөн төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт “1 жуулчин-1 ямаа” төслийн танилцуулга боллоо DNN.mn

Архангай аймаг 2024 онд ЗУУН МЯНГАН ЖУУЛЧИН хүлээн авахаар зорьж байгаа ба нутгийн онцлогт тулгуурлан ДӨРВӨН УЛИРАЛ-ийн турш зохион байгуулах эвент арга хэмжээ, “Нэг жуулчин-Нэг ямаа” төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд 19 сумын МЭҮА-ны мэргэжилтэн, малчдын төлөөлөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар төслийг танилцуулан, мэдээлэл хийлээ.

Энэхүү хөтөлбөр нь мал аж ахуйг түшиглэсэн, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, малчин ахуй соёлыг дэлхийд сурталчлах, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох зэрэг нэн чухал зорилтуудыг агуулж буй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёр өөр дугаар ашиглаж, хөдөлгөөнд оролцсон жолоочийн эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цахим орчинд “Хоёр өөр дугаартай машин явж байна” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл дээрх зөрчилд ТЦА-наас арга хэмжээ тооцжээ.

Тодруулбал, Toyota “Vitz” маркын автомашины жолооч “Х”-ийн гаргасан зөрчилд “Хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон” үндэслэлээр жолоо барих эрхийг нь 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мазаалай мөсөн хотхон” маргааш нээлтээ хийнэ DNN.mn

Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” маргааш нээлтээ хийнэ.

”Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох, 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлаж байгаа.

Мөсөн хотхон нь 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилготой байгаа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж нэг жилд 15 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ DNN.mn

“Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж эхэлсний нэг жилийн ой өчигдөр тохиов.

Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын хөрөнгийн биржээр явуулах шийдвэр гарсан. Иймд Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлснээр өнгөрсөн нэг жилд худалдагч компаниуд МХБ-ээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.

Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 530 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. 2023 онд манай улс нийт 60 сая тонн нүүрсийг урд хөршид худалдсан. Үүний 1/4-ийг биржээр худалджээ. Цаашид биржээр худалдах нүүрсний хэмжээг өсгөх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаа ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхэлнэ.

Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг өсгөх зорилготой тус арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй. “Амар байна уу-2024” жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах юм.

Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Шинэ зуун айл” худалдааны төвд болно.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Автомашинтайгаа цасанд суусан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 13-ны 08:53 цагт Багануур дүүргийн 3-р хороонд Төмөр замын гармын хажууд автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор нь байгаа гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход 4 настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар байсныг аюулгүй байдлыг нь хангаж, автомашиныг татан гаргаж ажиллалаа.

Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас 4 иргэн /2 хүүхэд/ осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна.

Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.