Categories
мэдээ нийгэм

ААН-үүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриаллаа DNN.mn

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал, ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам метр, бусад долоон аж ахуйн нэгж 1,076,475 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Харин Чингэлтэй дүүрэгт хувийн хэвшлийн хоёр аж ахуйн нэгж 1,242,115 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж буй. Тус дүүргийн хувьд авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгасан бөгөөд явган зам, замын нуухны цэвэрлэгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү тухайн дүүргүүд дэх томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөлтэй уулзан, орчны 50 метр талбайн цэвэрлэгээгээ тогтмол хийх, цэвэрлэгээнээс гарсан цас мөсийг яаралтай тээвэрлэх шаардлагатайг сануулж байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Хот, нийтийн аж ахуйн ажил дүүргүүд рүү шилжсэнтэй холбогдуулан аль болох богино хугацаанд ажлаа жигдрүүлэхийг хичээж байгаа. Одоогоор төв зам болон өгсүүр, уруу замуудын халтиргаа гулгааг арилгахад анхааран ажиллаж байна. Гэр хороолол дундах засмал замын цэвэрлэгээг “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ хариуцаж буй. Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хүний нөөцийн дутагдал их байна. Тиймээс тохижилт, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэж байгаа” гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Дүүргүүдийн нөхцөл байдлыг харахад ихэнх нь төв замаа сайн цэвэрлэсэн боловч гэр хороолол, байшин хороолол доторх зам талбай, явган хүний замын цэвэрлэгээ хангалтгүй байна. Мөн замын хажууд овоолж тавьсан цасан дээр хүмүүс хогоо хаяж байгаа тул шуурхай тээвэрлэн, цэвэрлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга нар СӨХ-дтойгоо уялдаа холбоотой ажиллаж, СӨХ-д хотхон доторх үйлчилгээний байгууллагуудаа уриалан орчны 50 метр талбайг нь тогтмол цэвэрлүүлэх хэрэгтэй. Ер нь иргэн, аж ахуйн нэгж бүр оршин суугаа газартаа эзэн болж, бие биеэ уриалан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэснээр аюулгүй орчин бүрдэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажил хавар эхэлнэ DNn.mn

Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажил хавар эхлэх бөгөөд эхний ээлжинд түр зам тавьж байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавих ажил энэ онд хийгдэнэ.

Өвлийн улиралд замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс түр зам тавих ажлыг эхлүүллээ.

Мөн тухайн байршилд талбайн хэмжээгээ хэтрүүлэн хашаа татсан “Сентури Лэнд Марк” ХХК-ийн талбайг чөлөөлөөд байна. Нийт 2000 метр талбайг чөлөөлсөн.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс түгжрэлийг бууруулах хүрээнд Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбох авто замын ажлыг хийхээр ийнхүү төлөвлөөд байна.

Нийт 1.4 км урттай, хоёр урсгалтай авто замаас гадна явган хүний зам хийгдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 23 хууль батлуулжээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.18) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Д.Цогтбаатар нар оролцов.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэдээллийн эхэнд, Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг дөрвөн үндсэн хууль түүнийг дагасан 19, нийтдээ 23 хуулийг эцэслэн батлуулсан гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн тэрбээр, энэ удаагийн чуулган ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол хэлэлцэн баталсныг дурдахын зэрэгцээ тус Байнгын хороо 11 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 1 удаа, ажлын хэсэг 9 удаа, ажлын дэд хэсэг 21 удаа тус тус хуралдаж, нийт 24 асуудал хэлэлцэж, 34 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төсөл,  Байнгын хорооны 6 тогтоолын төслийг хэлэлцүүлсэн гэж байлаа.

Байнгын хорооноос Монгол Улсын нийт нутгаар цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл бэлтгүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хоёр удаа хэлэлцүүлж,  “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 12 заалт бүхий тодорхой үүрэг, чиглэл өгсөн тогтоол батлуулан, биелэлтийг нь хангуулан ажиллаж байгааг Ж.Батжаргал дарга мэдээлэлдээ тодотгов.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 165 сум зуд, зудархуу байдалтай байна. Иймд өвөл, хаврын хүнд цагийг хохирол, эрсдэл багатай даван туулах бэлтгэл зохион байгуулалтаа чамбайруулах, хөдөөгийн иргэд, малчдад үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангах явдал чухал байна. Малчид цаг үеийн нөхцөл  байдал хүнд байгаатай холбогдуулан мах бэлтгэлийн асуудлыг зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар 44.3 мянган тонн мах бэлтгэгдсэний 39 мянган тонныг төв суурин газарлуу нийлүүлэгдэхээр, үлдсэн 8.7 мянган тонн мах малчдын гар дээр байна гэсэн дүн мэдээ байна. Иймд үүний борлуулалтыг дэмжих, малчдаа мөнгөжүүлэх, энэ нь эргээд малын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд шаардагдах эх үүсвэрийг бий болгохоор Засгийн газарт тодорхой чиглэл тогтоолдоо тусгаж өгсөн.

Мөн улсын хил дагуух аймаг, сумдад өргөн хэрэглээний хүнс, гурил, өвс, тэжээл, бензин, шатахууныг тухайн бүс нутагт байрлах улсын хилийн боомтоор татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг авах,  бензин, шатахуун, дизель түлшний хангалт, нийлүүлэлтийг  нэмэгдүүлэх, сумдын шатахуун түгээх станцыг шатахуунаар бүрэн хангаж, сум, аймаг орон нутгийн онцгой комиссууд чиг үүргээ цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж ажиллахад бололцоо, боломжийг нь бүрдүүлэх, үүнд чиглэсэн   хөрөнгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөөд байгааг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хоёр Ажлын хэсэг байгуулан, батлагдсан хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд үнэлгээ өгөхөөр хяналт тавин ажиллаж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтын ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар ахлан ажиллаж байна гэж байлаа.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэдээллийнхээ төгсгөлд, Байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд гурван томоохон хуулийн төсөл байна. Тухайлбал, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл юм. Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бэлчээрийн ашиглалт менежментийг сайжруулах, талхлалт, цөлжилтийг бууруулахад чиглэсэн эрх зүйн харилцаагаа малчид, иргэдийн оролцоотой зохион байгуулан зохицуулах бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцаагаа илүү боловсронгуй болгоход чиглүүлэн ажиллаж байна гэж байлаа.

Мөн орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлыг гишүүд Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулан ажиллаж байгаа бөгөөд үүнийг хөдөөгийн иргэд, малчдад сурталчлан, хэлэлцүүлж, тэдний саналыг авч сайжруулах замаар боловсронгуй болгож, батлуулахаар зорьж байна. Хуулийн гол агуулга нь малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээ дунд нь уламжлалт мал аж ауйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын үүсгэл санаачилга дээр тулгуурласан байгууллагаар нь дамжуулан тэдний эрх ашгийг хамгаалах, салбарын ашгийн байгууллагаа дэмжиж ажиллах суурь нөхцөл болно. Эдгээр асуудлуудад Байнгын хорооны гишүүд анхаарлаа төвлөрүүлж, ажиллана гэдгийг Байнгын хорооны дарга Ж.Батжаргал онцлон тэмдэглэсэн.

Дараа нь хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч нар батлагдсан хуулийн талаар товч мэдээлэл хүргэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Миний бие Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж ажиллалаа.

Мэргэжлийн ерөнхий хяналтын газар татан буугдсан. Иймд салбарын яам болон зохих мэргэжлийн байгууллагууд дээр очсон хяналтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг хуулийн өөрчлөлтүүдэд тусгасан. Тухайлбал, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулсан мэргэжлийн байгууллага гэрчилгээ олгож байх Европын холбооны зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэн экспортын гэрчилгээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус олгодог байх зохицуулалтыг тусгасан.

Ер нь мэргэжлийн байгууллага мэргэжлийнхээ үйлчилгээний хяналтыг тавих нь чухал. Ингэснээр  хүнсний аюулгүй байдалд тавих хяналт сайжрах юм. Хуулийн нэг томоохон зохицуулалт нь хамгаалагдсан аж ахуйн талаар тусгасан явдал. Өөрөөр хэлбэл, бид малын өвчнөөс хамгаалах, худалдааг сайжруулах үүднээс хамгаалагдсан эрүүл бүс, эрүүл аж ахуйг бий болгох, үүнд тавих шаардлагуудыг тодорхой тусгаж өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр:  Органик бүтээгдэхүүний тухай хууль анх 2016 онд батлагдсанаас хойш найман жил өнгөрсөн. Иймд уг хуулийн эдийн засагт зохицуулж байгаа үүргийг шинэчлэх, орчин үед тавигдаж байгаа шаардлагуудтай уялдуулах нөхцөл үүссэн.

Ер нь органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том боломж Монголд байгаа. Монгол Улс 2030 онд нийт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ таван хувийг органик болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахын тулд хуульд нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, өсөх том салбар нь хөдөө аж ахуй. Иймд эл салбарт түшиглэн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрэлт, хэрэгцээ их байгаа тул энэ хууль онцгой ач холбогдолтой юм.

Төрийн зүгээс  органик бүтээгдэхүүн гэж батлагдсан, тэдгээрийг үйлдвэрлэсэн тохиолдолд нийт орлогын 90 хувийг аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөхөөр тусгасан. Мөн органик хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу олгогддог зээлүүдээс иргэд, аж ахуйн нэгж авах боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргасан тохиолдолд банкны хүүгийн 50 хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж шийдэж өгөхөөр холбогдох зохицуулалтыг тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн. Монголд гэрийн тэжээвэр амьтны талаар өмнө нь нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Улаанбаатар хот хүн ам ихтэй, том хот болсон тул гэрийн тэжээвэр амьтны асуудал иргэн бүрд хамаатай. Үүнийг  ямар нэгэн зохицуулалтгүй үлдээнэ гэдэг нь эргээд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал гарна гэсэн үг. Нөгөөтээгүүр, судалгаагаар тогтоогдсон нэг асуудал нь гэртээ амьтан, тэжээгээд зөөлөн хандаж байгаа хүн бусад хүмүүстэй ч зөөлөн хандах хандлагатай байдаг байна. Тэгэхээр энэ нь эргээд нийгэмд ёс суртахууны, хүнлэг ёсны хэмжигдэхүүнийг нэмж буй ийм хууль болсон. Хамгийн гол нь хуулийн төслийг “Азтай савар” ТББ-ын залуучууд буюу иргэд нь доод шатнаасаа асуудлаа хэлэлцүүлж, боловсрлуулж, батлуулж чадсанаараа гол онцлог нь байлаа.

Ийнхүү хэвлэлийн бага хурал сэтгүүлчийн асуулт, хариултаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилов DNN.mn

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгуульт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Түүний оронд гавж Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлсэн билээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Т.Аубакир, Д.Сарангэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Үндэсний зөвлөлд үүссэн эмх замбараагүй байдал, ажлаа цалгардуулж, талцсан байдалтай, мөн өдөр Улсын Их Хурлын төлөөллийг очиж ажиллах үед ажлаа орхин зугтсан, ажилтнуудын цалинг тавьж чадахгүй, уран бүтээлч уур амьсгал эвдэгдсэн, талцсан талаар мэдээлсэн юм.

Энэ бүхэн нь цаашид уг Зөвлөлийн гишүүдийн томилгоог эргэн харах, хариуцлага тооцох, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага урган гарч байна гэв. Олон жилийн ажлын туршлагатай уран бүтээлчдийн багт буруу байхгүй. Түүнчлэн үндэсний эв нэгдлийг эрхэмлэх, соён гэгээрүүлэх чиглэлд тэнцвэртэй мэдээллээр олон нийтийг хангахад чиглэж ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржид захилаа.

Гишүүдийг үг хэлсний дараа Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлье гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилох саналыг олонх дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өнгөрсөн шөнө буюу 17-18-нд шилжих шөнө 01.08 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт арван км-ын гүнд болсон байна.

Он гарснаас хойш 20 хүрэхгүй хоногийн хугацаанд манай улсад нийт долоон удаа газар хөдлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш  буюу 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Цаашид  буюу 20-нд  баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 22-нд  Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-ны өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

-Замд гарах шаадлагатай үед тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаатай зам, гүүрээр гарах,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх_

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад гадаадын 99 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Манай улсад өнгөрсөн оны 4 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын  6.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүй, сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (64.4 хувь) мянган хүнээр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 5.7 (47 хувь) мянган хүнээр багасжээ. Гадаад иргэдийн 5.5 (84.6 хувь) мянга нь эрэгтэй, 1 (15.4 хувь) мянга нь эмэгтэй гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 49.2 хувь нь БНХАУ-ын, 7 хувь нь БНСВУ-ын, 6.7 хувь нь БНЭУ-ын, 5.6 хувь нь ОХУ-ын, 4.4хувь нь Филиппин Улсын, 3.7 хувь нь АНУ-ын, 3.6 хувь нь БНСУ-ын 2.9 хувь нь БНТУ-ын, 16.9 хувь нь бусад улсын харьяат байна. Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.1 (17.6 хувь) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 56 (0.9 хувь) хүн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар өнөөдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв.

Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн.

Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг аж. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх юм байна. Зогсоолыг:

  • Төвлөрсөн ил авто зогсоол
  • Төвлөрсөн дотор авто зогсоол
  • Орон сууцны хороолол дундах авто зогсоол
  • Гудамж, зам дагуух авто зогсоол
  • Их багтаамжтай газар доорх авто зогсоол
  • Их багтаамжтай олон давхар зогсоол
  • Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.

Мөн авто зогсоол барьж байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь дотоод гадаадын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр барьж байгуулах боломжтой байхаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан аж ахуйн нэгжийн хашааг албадан чөлөөллөө DNN.mn

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ажилласан. Тодруулбал, “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавихаар зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн юм. Тухайн байршилд “Сентури Лэнд Марк” ХХК газар эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа татсан зөрчил гаргасан юм. Тухайн аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй хашсан талбайг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлж дууслаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар:

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Сентури Лэнд Марк” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.  Тус мэдэгдэлд нэгдүгээр сарын 5-ны дотор зөвшөөрөлгүй татсан хашаагаа  чөлөөлөх тухай тусгасан. Гэвч уг аж ахуйн нэгж нь заасан хугацаанд хашаагаа чөлөөлөөгүй, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хашааг буулган, газрыг албадан чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тул гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэ хавраас тус талбайд хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөж байна гэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс “Сентури Лэнд Марк” ХХК-ийн газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашсан 2000 метр талбайг чөлөөлж, Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбох зам тавих юм. Тус зам нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм.

Өвлийн улиралд замын бүтээн байгуулалт эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжид Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс чөлөөлсөн талбайд шороо асгаж, газрыг тэгшлэх аж.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Харцага цолны хүндэтгэл” барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Жем Интернэшнл ХХК – GEM International LLC  групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Барилдаан бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.