Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн төлбөрийн шинэ системийг гуравдугаар сард ашиглалтад оруулна DNN.mn

Нийтийн тээврийн шинэ чиглэлээр 1075 автобус үйлчилгээнд гарч байна. НИТХ-аас шийдвэр гараагүй тул иргэд автобусанд 500 төгрөгөөр зорчиж, 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилж байна. Харин автобусаар зорчих үнийг НИТХ-аар энэ сарын 25-нд тогтоохоор болсныг өмнө нь бид мэдээлсэн.

Түүнчлэн нийтийн тээврийн төлбөрийн шинэ системийг гуравдугаар сараас нэвтрүүлэхээр болсныг албаныхан хэллээ. Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог тус камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот орчмоор цасны зузаан 16-20 см байна DNN.mn

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Төв аймгийн Эрдэнэсантад 31 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Увсын Зүүнговь, Сүхбаатарын Түмэнцогтод 28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон.

Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт 1.6-2.6 мм цас орж, цасны зузаан 16-20 см байна.

Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн бол өдөртөө 15-17 хэм, шөнөдөө  Яармаг-Сонгины орчмоор 27 хэм, бусад хэсгээр 22 хэм хүйтэн хоносон байна.

Харин Өвөрхангай аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с хүрч, цасан шуурга 3-5 цаг, Дундговь аймгийн нутгийн төв болон зүүн хэсгээр 0.2-4.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 3-5 цаг, Дорноговь аймгийн нутгаар 0.3-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 7-10 цаг, 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн нутгаар 0.8-3.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 4-10 цаг, Сүхбаатар аймгийн нутгийн баруун хэсгээр 1.0-5.0 мм цас, салхи секундэд 10-12 м/с, зарим үед секундэд 16 м/с, цасан шуурга 3-7 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш, шатахууны дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, зудын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж ажиллалаа.

Аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос байнга хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж байгааг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм.

Энэ жил гойд их цастай, хөр цасанд мал бэлчээрт гарах ямар ч боломжгүйн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа, хамгийн гол нь зам даваа хаагдсан нь ихээхэн бэрхшээлтэй байгааг говийн малчид учирлаж байв. Улсын онцгой комиссоос зам даваа гаргахад шаардлагатай авто грейдер шийдэж өгсний зэрэгцээ цасанд боогдсон айлуудад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай түлш шатахууны нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах ажил эхэлсэн нь энэ цаг үед малчдад томоохон дэмжлэг болно. Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон. Мөн их хэмжээний махыг аж, ахуйн нэгжүүдэд зээлээр өгөөд, дараа нь 1-2 сарын хугацаанд төлбөрөө авах ч боломжтой. Хамгийн гол нь хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа тул аймаг, орон нутгууд энэ тал дээр онцгой анхаарч, иргэд олон нийтийг бодит мэдээллээр хангах нь чухал” хэмээн үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс 2030 онд нийт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик болгоно DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 18-нд намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улс 2030 онд нийт хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ 5 хувийг органик болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг хангахын тулд Органик бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Монгол Улсын эдийн засгийг тэлэх том салбар нь хөдөө аж ахуй. Иймд эл салбарт түшиглэн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ их байгаа тул энэ хууль онцгой ач холбогдолтой.

Төрийн зүгээс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд нийт орлогын 90 хувийг аж ахуйн нэгжийн орлогын татвараас эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөхөөр тусгасан. Мөн органик хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу олгодог зээлүүдээс иргэд, аж ахуйн нэгж авах боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргасан тохиолдолд банкны хүүгийн 50 хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж шийдэж өгөхөөр холбогдох зохицуулалтыг тусгасан.

Ер нь органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том боломж манай улсад бий” хэмээн ярилаа.

Органик бүтээгдэхүүний тухай хууль анх 2016 онд батлагдсанаас хойш найман жил өнгөрсөн байна. Иймд уг хуулийн эдийн засагт зохицуулж байгаа үүргийг шинэчлэх, орчин үед тавигдаж байгаа шаардлагуудтай уялдуулах нөхцөл үүссэн тул нэмэлт өөрчлөлт оруулсан аж. Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг дөрвөн үндсэн хууль, түүнийг дагасан 19, нийтдээ 23 хуулийг эцэслэн батлуулсан аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албан хаагчдын 35 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлээд байна DNN.mn

АТГ-ын мэдээгээр Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийг шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд 35 хувьтай байна.

Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХОМ гаргавал зохих нийт албан тушаалтны 35 хувь нь мэдүүлгээ гаргаж өгөөд байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд АТГ-аас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.

ХОМ хүлээн авах хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын 15-наар дуусгавар болдог. Үүнтэй холбоотойгоор ХОМ авах АТГ-ын цахим систем нь дээрх өдрийн 23.59 цагт хаагдах юм.

Тиймээс мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө уг системд 2023 оны ХОМ-ээ мэдүүлж, холбогдох  байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд баталгааны маягтыг хүргүүлэх нь зүйтэйг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гар утас, гадуур хувцсыг нь бүлэглэн дээрэмдсэн хэргийг илрүүлэн, шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 18-ны өдрийн 23 цагийн үед “3 залуу намайг зодоод гар утас, гадуур хувцсыг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг шалгахад 20 настай эрэгтэй М-н “I Phone 15 pro” загварын гар утас, гадуур хувцсыг 17 настай, эрэгтэй Т нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/

“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн барилдаан болно DNN.mn

“Жем интернэйшнл” компаниас ивээн тэтгэж, зохион байгуулдаг харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 13:00 цагаас эхэлнэ.

“Жем интернэйшнл” компанийн 25 жилийн ойд зориулсан энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоно.

Тус барилдааны тасалбар авсан үзэгчдээс 5 азтан шалгаруулж, мөн цагтаа ирсэн 250 хүнд ивээн тэтгэгч компанийн зүгээс шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс нийтийн тээвэр шинэ маршрутаар явж эхэллээ DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарлаа.

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарах аж. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой.

Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна.

Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Насны хишиг” авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй DNN.mn

“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал, 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргана.

“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй.

Өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Илүү олуулаа яваад ирээрэй DNN.mn

Манайхан одоо ид гадагшаа аялцгааж байна. Хүүхдийн амралт таарсных, утаатай хотоосоо явж уушги цээжээ цэвэрлэцгээж байна.

Нэгэн цагт адилхан амьжиргаатай байсан улс орнууд биднийгээ хол хаян хөгжиж, цэвэр цэмцгэр тааламжтай сайхан орчин, хямд үнээрээ жуулчдыг даллан дуудаж эхэлжээ. Тэр жуулчдын дунд монголчуудын маань цөөн хэсэг нь багтаж, хүний нутгийн сайхныг гайхаж, үлдсэн бидэндээ гайхуулцгааж явна. Ингэж гадагшаа явдаг, аялдаг монголчууд илүү олон болоосой гэж би хувьдаа боддог. Илүү олуулаа явж, юм үзэж, нүд тайлж, дэлхийн хүмүүс яаж амьдарч байгааг хараад ирэг. Иргэдээ сайхан амьдруулж болдог юм байна, улс орноо хөгжүүлэх гарц гаргалгаа хаана ч байдаг юм байна гэдгийг биеэрээ үзээд ирсэн хүмүүс сонголтоо огт өөрөөр хийх нь дамжиггүй юм.

Монголчууд бид ч гэсэн сайхан амьдрах боломжтой, эрхтэй. Үүнийг олон олон хүн биеэрээ мэдрээд ирэх хэрэгтэй. Ийм ойлголттой болж, тэр мэдрэмжийг авсан хүмүүсийн шаардлага ч, хүсэл тэмүүлэл ч өөр болно. Хэдий болтол Монголд цөөхөөн хэдхэн хүн хагартлаа баяжиж, бусад нь тэдэндээ атаархаж амь зуух билээ.

Хэдий болтол бид Улаанбаатарынхаа утаанд хахаж цацан амьдрах билээ. Хэдий болтол бид маргаашийнхаа хоолыг өнөөдөр зээлж идэх билээ. Ер нь хэдий болтол ч амьдрах билээ…

Илүү олуулаа явж, нийтээрээ хандлагаа өөрчилж, хөгжиж, бусдын адил энгийн сайхан амьдармаар байна.