Categories
мэдээ нийгэм

“Дашваанжил” ХХК: Амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье DNN.mn

“Дашваанжил” ХХК-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Тус компанийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж явсан машин осолдож, онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон хүн хохироод байгаа билээ.

“Дашваанжил” ХХК “Мэдээллийн эхэнд ослын улмаас амиа алдсан алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлж, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг хурдан эдгээрэй, биеэ сайн эмчлүүлээрэй.

“Манай компанийн жолооч Д.Равдан нь 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан байгаа юм. Гэнэтийн осол гарсан; гүнээ харамсаж байна. Хүмүүст учирсан зовлонг ашиглаж PR хийх гэж санамсаргүй мэдээлэл битгий хийгээрэй гэж хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тахийн сүрэгт 185 боодол өвс тавьжээ DNN.mn

Байгаль, цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс болж зэрлэг ан амьтны идэш тэжээл хомсдох, тоо толгой хорогдох, устаж үгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлж төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон ажил хийж байна.

Энэ жил ихэнх нутгаар өвөлжилт хүндэрсний улмаас ан амьтны идэш, тэжээл хомстож айлын хот, суурин газарт орж ирэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын “Шивээт хайрхан”, “Талдгийн их уул”, “Сонгионт”, “Мухар”, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын “А”, ”Б” хэсэг, “Хүрэнхайрхан”, “Хармагнай” орчимд Аргаль, Янгир, Халиун буга зэрэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг тэтгэх зорилгоор зургаан удаагийн давтамжтайгаар найман газарт 260 боодол өвс, есөн тонн давс тавьсан байна.

Түүнчлэн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн нийт нутаг дэвсгэрт хяналт шалгалт, мониторинг хийжээ. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт их хэмжээний цас тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаан цастай байна. Тэгвэл Хонь ба Тахь усны баянбүрд газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 25 тахь сүргийн 273 тоо толгойд 185 боодол өвс тавьжээ.

Ташрамд дурдахад, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт Говь-Алтай, Ховд аймгийн таван сумын нутаг дэвсгэр хамаардаг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хархорин” захын нэг өдөр DNN.mn

“Шинэ Сандэй”-ын гадаа  цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна. Иргэд портерийнхоо тэвшин дээр ууц, гулууз мах зарж байлаа.

Бид энэ удаа  “Шинэ Сандэй” худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ.

Тэдгээр хүмүүс дунд хүүхдүүддээ хэлэлгүй тор, даавуун уут зардаг эмээ ч байлаа.


Гадаа талбайн түрээс дунджаар сард 600 мянган төгрөг.  Харин дотор талбайн түрээс маань 350 мянган төгрөг гэв


Энэ талаар Иргэн А “Манай лангуу өдөрт 20 мянган төгрөгийн түрээс төлдөг. Манайх мөн урд байгаа барилга дотор нарийн ногооны  лангуутай. Дөрвөн жилийн өмнө өдөрт 10 мянган төгрөг төлдөг байлаа. Нийтдээ гадаа талбайн түрээс дунджаар сард 600 мянга болдог харин дотор талбайн түрээс маань 350 мянган төгрөг. Мэдээж өдрийн хоол авч идэх гэх мэт урсгал зардлууд бас байгаа.

Энд өглөө эрт ирж машинаа байршуулахын тулд бензин, шатахуун зарцуулна. Хүйтэнд зогсоод ойр ойрхон бие засдаг болох ч асуудал байна. Гадаа хүйтэнд худалдаа хийж байгаа бид эргээд эрүүл мэндээрээ хохирч байна” хэмээн ярилаа.

Харин иргэн С.Төмөрмөнх “Манай асар үнэгүй энд байрлаж байгаа. Учир нь БГД-ээс худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүст үнэгүй олгосон талбай. Гадаа хүйтэнд нийтийн өмчийн талбайг үнэгүй түрээслэлгүй яахав вээ. Бүх асар битүүний өдрийн орой татан буугдана. “Шинэ Сандэй” урд байрлаж байгаа асрууд 500 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа. Бидэн шиг хүмүүс бол үнийг нь дийлэхгүй” гэв.


Хүүхдүүддээ хэлэлгүй тор, даавуун уут зарж байна. Тэдэнд төвөг удахыг хүсээгүй

Иргэн Ө хүүхдүүддээ төвөг удахгүйн тулд тэдэнд хэлэлгүйгээр тор, даавуун уут зарж буйгаа хуучилсан юм.

Тэрбээр “Эмээ нь тэтгэврийн зээлтэй. Бага хүүдээ зээл авч өгсөн. Том охиндоо энэ тухай хэлээгүй. Тор, даавуун уут зарахгүй бол ямар мөнгөөрөө цайны сүү, түлээ нүүрс авах, цагаан сар хийх мөнгөө олох билээ. Хүүхдүүд маань намайг зах дээр тор, даавуун уут зардгийг мэдэхгүй. Мэдвэл намайг болиулна шүү дээ. Үр хүүхдүүддээ төвөг удмааргүй байна” хэмээн ярьсан юм.

Иргэн Б.Батбаатар “Манайх Төв аймгаас ирж хэдэн хонио зарж байгаа. Ууц 200-450 мянган төгрөгийн хооронд байна. Тарга тэвээргээсээ хамаараад үнэ хэлбэлзэнэ. Гадаа юмаа зарж байгаа бүх хүмүүс ялгаагүй 20 мянган төгрөг түрээсэнд төлдөг. Өглөө эрт ирээд машинаа байрлуулдаг. Түрээсийн үнэ бол боломжийн байна. Ченжид хямдхан өгч байхаар өөрсдөө ийнхүү зогсоод зарсан нь илүү ашигтай байна шүү дээ. Авч байгаа хүмүүстээ ч арай хямд болно. Учир нь хүн дундаас нь үнэ нэмэхгүй.

Тэр ченжүүд чинь намар идэш хийх үеэр их хэмжээгээр мах хямд аваад зооринд хийгээд хадгалчихдаг. Тэгээд хавар хямдхан авсан махаа үнэтэй зардаг улс шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад яаж бид махаа үнэ хүргэж зарж чадахгүй. Иргэд ч хямдхан авах боломжгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

2023 онд жолооч даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчлийн гаралт нэмэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 онд 3.185.868 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 2022 оны мөн үеэс 18 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 72 хувь нь Нийслэлд, 28 хувь нь орон нутагт гарсан бол дийлэнх буюу 88 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна.

2023 онд жолооч даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчлийн гаралт хамгийн их хувиар нэмэгдсэн. Тодруулбал, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 56.093 бүртгэгдэж 59 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 82.715 бүртгэгдэж 10 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.824.162 бүртгэгдэж 7 хувиар, Хүний биед халдах зөрчил 19.942 бүртгэгдэж 0.5 хувиар тус тус өсжээ.

Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 2022 онд 112.173 бүртгэгдэж байсан бол 2023 онд 103.829 бүртгэгдэж, 7.4 хувиар буурсан байна.

Categories
мэдээ улс-төр

АН: УИХ-ын дарга болон НИТХ-д албан шаардлага хүргүүллээ DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү, ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа нар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд агаарын бохирдол, авто замын түгжрэл, замын халтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол, гэмтлүүд гээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчигдүүлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон НИТХ-д албан шаардлага хүргүүллээ.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү : Нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй хот болгох вэ гэдэг дээр Ардчилсан нам зарчмын байр сууриа илэрхийлж байна.

2024.01.25-ний өдөр болсон галын аюул бол Улаанбаатар хотод болж буй маш олон алдаа завхралуудын зөвхөн ил харагдаж буй мөсөн уулын орой хэсэг нь юм. Өвөлдөө агаарын бохирдол, утаа, зундаа үер, усны аюул, галын аюул гээд маш олон эрсдэлийг дунд нийслэлчүүд амьдарч байна. Энэ гамшгийн эрсдэлийг бууруулахыг төр хариуцах ёстой атал эсрэгээрээ эрсдэлийг илүү их нэмэгдүүлж байна. Асуудал гарсан хойно нь бие биедээ барьцаалагдсан дарга нар нэгнээ буруутгадаг тогтолцоо бий болж ямар ч хариуцлага тооцохгүйгээр үлдэж байна.

Хаана, ямар алдааны үндэс байна вэ. Улаанбаатар хотыг хэрхэн эрүүл, аюулгүй болгох вэ гэдэг бид байр сууриа илэрхийлсээр байх болно. Онцгой байдлын үйл ажиллагааг хэрхэн оновчтой, зөв байлгах талаар санал шаардлагыг хүргүүлж байна. Нийслэл Улаанбаатар хотод аюултай ачаа тээвэр маш их байна.

Ардчилсан нам 2012-2016 онд нийслэлийн ачаа тээврийн горимд өөрчлөлт оруулж байсан. Үүний нэг жишээ гэвэл Улаанбаатар хотын төмөр замаар маш аюултай ачаа зөөгдөж байсан горимд өөрчлөлт оруулсан боловч эргээд эрсдэл бий болсон. Бүх салбарт аюулын улаан гэрэл асчихлаа. Ийм учраас Монголын төр ажил хэрэгчээр бүх шатанд хуралдаж аюул, эрсдэлийн менежментээ оновчтой хийх шаардлага үүсэж байна. Эрх баригчид алдаа, аюул болсны дараа хэсэг шуугиад өнгөрөх биш ямар өөрчлөлт хийх вэ гэдэг чиглэлээр Ардчилсан нам шаардлага хүргүүлж байна.

НИТХ-ын орлогч Батбаясгалан нийслэлчүүдийн гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах шаардлагатай байна. Онцгой байдлынхан дарга нь хангалттай хувцас, техник, хэрэгсэл байхгүй гэж байна. Гэтэл хангалттай хэмжээний төсөв онцгой байдалд төлөвлөгдсөн байна. Төсөвт хяналт тавих ёстой Аудитын байгууллага байх ёстой атал тэр байгууллага нь шүдгүй арслан болсон байна. Аудитын байгууллага ажлаа хийхийг шаардаж байна.

Онцгой байдлын ерөнхий газар зөвхөн генерал төрүүлдэг байгууллага болсон ч галын аюулын үед гал унтраах ганцхан шат байна. Монгол Улс гамшгийн эрсдэлд бэлэн байна уу гэдгийг хөндөх хэрэгтэй. Өвөл болохоор утаа ярьдаг, зун болохоор үер ярьдаг биш буруу тогтолцоогоо халмаар байна.

Стандартыг мөрдүүлдэг, стандартын дагуу төлөвлөдөг, ашиглаж байгаа дээр нь хяналт тавьдаг байх талаар шаардлага хүргүүлсээр байх болно. Нийслэлд засаглалын хямрал үүслээ. Ардчилсан намын байр суурь бол Үндсэн хуулийн концепцоо хэрэгжүүлэх явдал юм. Бид бүхэн эхлээд тогтолцоог нь зөв болгоё. Хуулийг мөрдүүлье, хэрэгжүүлье гэдэг шаардлага тавьж байна.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг: Галын аюулын улмаас 3 монгол айлын хүүхдүүд өнчирч үлдлээ. Онцгой байдлын Ерөнхий газар 4 дэх оршуулгаа хийж байна энэ бол сүүлийн 2 сард бий болсон үйл явдал. Бусдыг аврах ёстой аврагчид яагаад амь насаа алдаад байна вэ, мэргэжлийн удирдлага ер нь хаана байна вэ, гамшигт бэлэн байх ёстой хүн нь тэр хүн биш үү. Онцгой байдлын алба хаагчид хэзээ орон байртай болох вэ, Газын дэлбэрэлтэд 600 гаруй алба хаагч шуурхай ажиллаж гал унтраасан гэж байгаа. Гал унтраах дүрмээ уншмаар байна.

Аврагчид өнөөдөр 1 сая төгрөгийн цалин авч байна. Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нь өөрөө ТТ-1 зэрэглэлээр цалин авч байхад аврагчид, алба хаагчид ТТ-ын 15 буюу хамгийн бага зэрэглэлээр цалинжиж байна. Энэ шударга ёс мөн үү. Яагаад өдий олон жилийн туршид Гамшиг, эрсдэлийн тухай Монгол Улсын стандарт гэж байдаггүй юм бэ. Бид энэ тогтолцооны өөрчлөлт рүү явах ёстой, засаглалын хямралыг үгүй болгох ёстой.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа: Дэлхий дээр байгаа 400 гаруй хот бол дэлхий нийтээр түгээгдсэн концепцийн дагуу хөгжиж ирж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгохын тулд маш олон тооцоолол шаардлагатай байна.

Ардчилсан намын үед эрүүл, аюулгүй байдлын индекс төлөвлөгдөж байсан. Галын аюулын үед тэсрэмтгий бодис хэрхэн цацарсан талаар дүн шинжилгээ хийх, хэвийн горимд орох хүртэл хэрхэн хамгаалах эсэх талаар зөвлөмж өгдөг ч тэсрэлт бий болсноос хойш нэг ч удаа иргэдэд санамж, зөвлөмж өгөөгүй байна. Эрүүл мэнд, агаарын чанарын хэмжилт хийдэг багаж байхгүй байгаа ч иргэдийг 24-48 цагийн хугацаанд ойр орчмоор явахгүй байх, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй байх талаар мэдээлэл, зөвлөмжүүдийг өгөх шаардлагатай байдаг.

Стандартыг нь сайжруулж шинэчлэхгүй бол дүрэм, горимыг мөрдөх боломжгүй болдог. 2012 онд агаарын бохирдолтой түвшний хэмжээг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр эрх зүйн шинэчлэлийг хийсэн ч хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймд эдгээр асуудлуудад нэн шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.

#Ардчилсан_нам
#дөрөв_арван_нэг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Хуурай хувцас нь өндөр үнэтэй учир дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай DNN.mn

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав ангилдаг. Онцгой байдлын хэмжээнд Польш, Беларусь, Франц улсын өндөр чанартай техникүүдээр тоноглогдож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Toyota” загварын автомашинаар парк шинэчлэлийг хийж байгаа. Хүн нэг бүрийг хамгаалах тусгай зориулалтын хувцас, багаж техникийн хувьд улсын төсөвт тавигдсан мөнгөний хэмжээгээр худалдан авалт зохион байгуулдаг. Өдөр тутмын хувцас хэрэглэлийг улсын төсөвт тавигдсан хөрөнгийн хэмжээгээр алба хаагчдад авч өгдөг. Алба хаагчдын хувцас хэрэглэлд мөрдөгддөг стандарт бий. Өндөр үнэтэй, чанартай хувцас байж болно, энэ хэмжээгээр худалдан авах гэхээр тоо нь багасдаг асуудал тулгардаг. Тийм учраас монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас хэрэглэлийг авахыг зорьж ажилладаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллага. Энэ байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцад хамаардаг. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард үер болох үеэр улсын Онцгой комисс, Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын техник, хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх тогтоол гарч, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Энэ хүрээнд улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж энэ жил худалдан авалт хийнэ. Тусгай зориулалтын усны хувцас өндөр үнэтэй бөгөөд дотроо хуурай болон нойтон гэж ангилагддаг. Хуурай хувцас нь өндөр үнэтэй учир дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай” хэмээлээ.

Харин Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Гал унтраах ажиллагаанд өмсдөг алба хаагчдын иж бүрэн хувцас объектын буюу ахуйн хүрээний, ой, хээрийн гал түймрийн гэж ангилагддаг. Хувцасны хамт хэрэглэгдэж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмж, бидний хэлдгээр байлдааны сүх, нэг бүрийн хэрэгсэл, дуулга малгай гээд хамгаалах тусгай хувцасны стандартад ордог. Энэ гурван төрлийн стандартын хамгаалах хувцсыг иж бүрэн хэрэгсэлтэй нь өмсөх журамтай. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжийг дагаж мөрдөх стандарт, нормын дагуу оролцдог. Хар өнгөтэй нь БНХАУ-д, шаргал өнгийн хувцас нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. ОХУ-аас худалдаж авч байгаа шаргал өнгөтэй хувцас нь хөвөнтэй дотортой, зуны улиралд дотрыг салгадаг. Тус хувцасны гаднах материал нь +400 хэмд тэсвэртэй, үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй. Баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой. Шахсан агаарын баг хэрэглэж байна. Энэ баг нь хүчилтөрөгчийн цэвэр агаараар амьсгалж байгаа учраас ачаалал авах хэмжээнээс шалтгаалаад дунджаар 40 минут ажиллана. Аврагчдад утаатай орчинд сандрах үед амьсгалаа хэрхэн зөв авах талаар сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Нийт алба хаагчдын 80%-ийг эдгээр хувцсаар хангасан. Аврагч өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Гал түймэр унтраах үйл ажиллагаа явагдсаны дараа дүрэм, журам, тактикийн алдаа гарсан эсэхээ ярилцдаг. Тэсэрч дэлбэрэх бодис бүхий объект, өндөр барилга, ил задгай газарт гарсан гал түймэрт ямар хошуу, хоолойг яаж хэрэглэхийг гал түймэр унтраах цусаар бичигдсэн дүрэмд заасан байдаг. Гал унтраах болон шуурхай албаны машины жолооч нар гадаа тогтмол үүрэг гүйцэтгэдэг учир өвлийн хээрийн хувцастай байдаг. Объект дотор гал унтраах бол иж бүрэн хувцсыг өмсдөг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амиа алдсан 3 алба хаагчийн ар гэрт 3 өрөө байр олгохоор шийдвэрлэв DNN.mn

Дүнжингаравын уулзварт болсон ослын үеэр онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа насаа алдсан.

Гал унтраах, аврах үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тэдний гэр бүлд нийслэлээс “Буянт-Ухаа 2” хороололд тус бүр гурван өрөө байр өгөхөөр шийдвэрлэжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх ослын урьдчилсан хохирлыг тооцох, галд өртсөн орон сууцны оршин суугчдыг түрээсийн байранд байрлуулах зэрэг цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна

Categories
мэдээ нийгэм

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтныг шалгаж байна DNN.mn

Улс төрд нөлөө бүхий этгээд “Х”-ийн орлогын дүн 10 дахин өссөн, мал аж ахуйн үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн, 177 ба 155 мкв амины сууцууд, орон сууц 1, газар 7, өндөр өртөгтэй байгууламж нь хууль ёсны орлогоор бий болсон нь нотлогдоогүй.

Их хэмжээний зээл төлж барагдуулсан ч хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан байгааг Хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар тогтоосон.

Албан тушаалтан “Х”-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж АТГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нийт 1596 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1255, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хайлааст, Баянхошуу орчимд агаарын чанар хамгийн муу үзүүлэлтийг давж байна DNN.mn

Нийслэлийн хоёр цэгт 10:00 цагийн байдлаар агаарын чанар маш муу үзүүлэлтийг давлаа.

Тодруулбал Хайлааст, Налайхад агаарын чанарын индекс 500-гаас дээш утгыг заав. Мөн Дамбадаржаа орчимд агаарын чанарын индекс 472 байгаа нь агаарын маш их бохирдолтойг илтгэж байна.

Агаарын чанарын индекс 401-500 байх үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг.