Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эмнэлгүүд 13А маягт шаардахгүй DNN.mn

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг.

Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой. Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна.

Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.

Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзснээр эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд тус маягтыг цаашид шаардахгүй боллоо.

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс /2023.10.04/ иргэд 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ, шинжилгээ өгөхдөө өрх, дүүргийн эмнэлгээс 13А маягт бичүүлэхгүй, шууд үйлчлүүлэх боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзжээ DNN.mn

лсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан хэлэлцэхээс татгалзсан байна.

Тодруулбал, хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ оны аравдугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-аас батлан гаргасан хуулиудыг аудио хэлбэрт шилжүүлж эхэллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний дагуу иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарсан хуулиудыг аудио хэлбэрт хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой аж.

Иргэн та Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудасны ЦАХИМ ПАРЛАМЕНТ цэснээс Парламентын подкаст-ыг сонгож, Аудио хууль буланд байршуулсан Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг зүйл тус бүрээр, эсхүл бүхэлд нь сонсох боломжтой.

Парламентын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн оролцоог хангах нь Улсын Их Хурлын үнэт зүйлс юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн энэ заалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж, Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, саналаа хэлэх боломж хуульчлагдсан байх явдал юм. Энэ үүднээс Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай анхдагч хууль батлагдсан юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “хянан шалгах” үндсэн чиг үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” зорилгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

III улирлын НӨАТ-ын урамшууллыг энэ сард олгоно DNN.mn

III улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд 10 хоног үлдлээ.

Иргэн та 2023 оны III улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59 цаг хүртэл бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваарай.

НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан.

Categories
мэдээ улс-төр

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонголоо DNN.mn

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.10.04/ 11 цаг 09 минутад, гишүүдийн 85.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх эмийн үнийг буулгаж зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг нь тодруулж байлаа.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн  Ж.Чинбүрэн хариултдаа,  Эмч хүний хувьд эм бол эмчийн гол зэвсэг байдгийг онцлоод өөрт нь хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр, “3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай байна” гэсэн юм.

Ингээд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн тул Түр хорооны даргыг сонгох тогтоолын төслийг батлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Дэлхийн сансрын 7 хоног-2023” арга хэмжээ эхэллээ DNN.mn

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” өнөөдөр эхэлж байна.

“World Space Week” буюу дэлхийн сансрын долоо хоног нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Энэхүү долоо хоногтой холбогдуулан өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш Зайсан хилл цогцолборт болох аж.

Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах түүнд сонирхолтой болгох зорилготой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭХЯ: Ачааллаас хамаарч 18-22 цагийн хооронд цахилгаан хязгаарлана DNN.mn

Дулааны цахилгаан түгээх дөрөвдүгээр станц дээр зуух зогссон тул өнөөдөр 18:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгжээ.

Энэ талаар Эрчим хүчний яам “Бага зэргийн хязгаарлалт хийж магадгүй. Ачааллаасаа хамаарна. Гэхдээ тусгай үйлчилгээ үзүүлэгч буюу эмнэлэг, онцгой хүчний байгууллагуудын эрчим хүчийг хязгаарлахгүй. Хотын А бүсэд хязгаарлалт хийхгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх авто замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна DNN.mn

Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна.

Зайсангийн хос гүүрний эхнийхийг ашиглалтад оруулсан. Нийт ажлын явц 68 хувьд хүрсэн.

Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто замын ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад валютын нөөц 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар өсчээ DNN.mn

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд гарсан үр дүн, 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тус тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Экспорт 2023 оны эхний есөн сарын байдлаар 11 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор өслөө.
Гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системийг нэвтрүүллээ. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, энэ сарын 02-ны байдлаар нийт 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжлаа.
Тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “C” зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд бүрэн шилжүүлээд байна.
Улмаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны есдүгээр сарын эцсийн байдлаар дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрч, 2022 оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллароор өслөө.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ирэх онд  60 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгасан, энэ зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН-ын УЗ: Хотын даргад Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханыг томилох шийдвэр гарлаа DNN.mn

Монгол Ардын Нам(МАН)-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болов.

Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад Х.Нямбаатарыг томилох, үүнтэй холбоотойгоор түүний оронд Б.Энхбаярыг томилох, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилох зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцуулахдаа “МАН-ын Удирдах зөвлөл гурван цаг 30 минут хуралдаж, гурван асуудлыг шийдвэрлэлээ.

  1. Хотын даргаар одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, улс төрийн бодлогоо намын дарга танилцуулсан. Сонгинохайрхан дүүргээс ажлаа эхлүүлж байсан, дүүрэг болон хотын ажлыг мэднэ. Хууль зүйн сайдаар сайн ажилласан. Нэн ялангуяа хотод үүсээд байгаа нөхцөлтэй холбогдуулан олон хариуцлагын асуудал яригдах учраас Х.Нямбаатар сайд хотын даргаа томилогдох нь зүйтэй гэдэг саналыг танилцуулж, Удирдах зөвлөл 100 хувь дэмжлээ.
  2. Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцсан сайд буюу үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлсэн. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдсон, хувийн хэвшил ба төр хоорондын харилцаа, менежментийг сайжруулахад хамгийн сайн нэр дэвшигч гэж үзсэнээр Удирдах зөвлөл дэмжлээ.
  3. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүнийг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл 100 хувь дэмжлээ” гэв.

Ингэснээр Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгөхөөр болж байна. Энэ нь хувь хүний хүсэл зорилгод түшиглэсэн гэхээс илүү улс төрийн шийдвэр, томоохон үүрэг даалгавар авч ажиллахаар болж буй хэрэг хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа тайлбарлалаа.