Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засаг 6.4 хувиар өсчээ DNN.mn

Монголын банкны холбооноос 2023 оны эхний хагас жилийн тоймыг танилцууллаа.

2023 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан нь уул уурхайн салбарын сэргэлт хурдан байсантай холбоотой.

Тодруулбал оны эхнээс уул уурхай, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Харин боловсруулах болон эрчим хүчний салбар сэргэж байгаа ч харьцангуй сул хэвээр байна.

Мөн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Хөдөө аж ахуйн салбарт эдийн засаг уналттай байна. Засгийн газрын зүгээс үр ашиггүй зардлуудыг бууруулсан нь төлбөрийн тэнцэл дээрх дарамтыг бууруулж ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Энэ онд банкууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан нь өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлжээ. Системийн нөлөө бүхий банкууд IPO амжилттай гаргаж, 447 тэрбум орчим төгрөгийг татан төвлөрүүлэв.

Ингэснээр эдийн засгийг дэмжих, гол салбаруудын сэргэлтийг хурдасгах хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй болсон байна. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний дунджийг 12 хувиар зааж өгсөн бол манай банкуудынх 18 хувьтай гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлттэй холбоотой 69 хүнд холбогдох 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв DNN.mn

 Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 69 хүнд холбогдох 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Тус ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Хил орчим нутаглаж байгаа иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийлээ

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар ангитай хамтран Давст, Сагил, Бөхмөрөн зэрэг сумдын хил орчим нутаглаж байгаа иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Зохион байгуулалттай үйлдэгдсэн 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Улсын ерөнхий прокурор хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг хамгаалах, гэмт үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зохион байгуулалттай бүлэг этгээдийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна гэж УЕПГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын “Keumkang-Three ENC” корпорацаас Улаанбаатар хотод баригдах Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, “Keumkang-Three ENC” корпорацаас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долдугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулжээ.

Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, Ус сувгийн удирдах газрын удирдлагууд өчигдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. Ингэснээр Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг.

Харин тус хязгаарлалтад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, албан ажлын, “тулгуур эрхний бэрхшээлтэй хүн” гэх таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхэд зохион байгуулалттай тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаардаггүй.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 5-ны А/1028 дугаар захирамжаар тус журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөд хязгаарлалт тогтоох журмын 1.2 дахь хэсэг буюу дугаарын хязгаарлалт харгалзахгүй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд “цахилгаан тэжээлт” автомашиныг нэмэв. Ингэснээр цахилгаан автомашинтай иргэд улсын дугаа

Categories
гадаад мэдээ

Цахим аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлэв DNN.mn

Сүүлийн өдрүүдэд Европын холбооны оршин суугчид гар утсаараа What­sapp, Instagram эсвэл Tik­tok гэх мэт сошиал медиа аппликейшнүүдийг нээхэд “Бид нууцлалын бодлогоо шинэчилж байна” гэсэн мэдээлэл авах болжээ. Энэхүү мэдээлэл нь Fa­cebook, Google зэрэг технологийн аварга компаниудад чиглэсэн “Дижитал үйлчилгээний тухай хууль (DSA)” Европын холбоонд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэсэн үг аж. Энэ хуулийн дагуу дээрх компаниуд өөрсдийн платформ дахь худал мэдээлэл, үзэн ядалтыг өдөөн турхирсан хууль бус контентыг бүртгэн хяналт тавьж зохицуулж байх шаардлагатай болж байгаа юм байна. Энэхүү “DSA” нь цахим орон зайн аюулгүй байдлыг ханган, цахим орчинд иргэдийн үндсэн эрхийг хамгаалах зорилготой хууль юм.

“Хүн бүр илүү аюулгүй интернэттэй байх ёстой” гэж Европын дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон X (хуучнаар Твиттер гэгддэг байсан) хуудастаа онцлон дурдаад “Энэ хууль хүчин төгөлдөр болсонд баяртай байна. Томоохон онлайн платформууд бидний өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ЕХ өөрийн дүрэм журмыг тогтоох цаг болсон” гэж тэрбээр нэмж мэдэгджээ.

Одоогийн байдлаар энэ хууль 19-н платформ, түүний дотор Facebook (Мета корпорацийн эзэмшдэг), Instagram, LinkedIn, Pin­terest, Snapchat, TikTok, X (хуучин Twitter), You­Tube, зах зээл дэх онлайн дэлгүүрүүд болох AliEx­press, Amazon Store, App­Store, Google Play, Google Shopping болон Zalando; зочид буудлын захиалгын хайлтын системүүд болох Bing, Google Maps, Google Search болон Wikipedia интернэт нэвтэрхий толийг хамарч байгаа аж. Энэхүү шинэ хуулийн дагуу 45 сая гаруй өөрийн хэрэглэгчтэй томоохон платформууд болон хайлтын системүүд нийтлэгдсэн контентыг илүү хатуу хянаж, хэрхэн устгасан талаар хяналтын байгууллагад сар болгон мэдээлэл өгч байх шаардлагатай болж байна.

DSA хүчин төгөлдөр болохоос өмнө дээрхи 19-н платформ ЕХ-ны эрх баригчдад энэхүү хуулийн заалтуудыг хэрхэн дагаж мөрдөхөө харуулан интернэт дэх хууль бус контентуудыг хэрхэн устгаж, хэрэглэгчдийн нууцлал, ил тод байдлыг хэрхэн хангахыг харуулсан “стресс тест”-д хамрагдсан юм байна. Мөн өнгөрсөн сарын эхээр ТикТок, Мета компаниуд энэхүү шинэ хуулийг хэрхэн дагаж мөрдөх талаар олон нийтэд мэдэгдэл гаргаж байжээ. Тухайлбал, Титкток “Манай Европын хэрэглэгчдийн хувьд бид хэрэглэгчид хууль бус гэж үзэж буй зар сурталчилгаа зэрэг контентыг бидэнд шууд мэдээлэх нэмэлт сонголтыг нэвтрүүлж байна. Үүнийг аль болох хялбар болгохын тулд хэрэглэгчид үзэн ядсан үг хэллэг, санхүүгийн гэмт хэрэг, мөрдлөг гэх мэт ангиллын жагсаалтаас сонгох боломжтой болно. Бид ангилал тус бүрийг илүү сайн ойлгож хэрэгжүүлэхэд туслах зааварчилгааг өгөх болно” гэж өөрийн мэдэгдэлдээ дурдаж байжээ. ТикТок мөн DSA-д нийцсэн цоо шинэ зар сурталчилгааны архив үүсгэснээ зарлажээ. Ингэснээр анх удаа платформ дээр хэн сурталчилгаа хийж байгааг олон нийт ил тод харах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь илүү ил тод байдлыг хангахад туслах болно гэж мэдэгдэв.

Шинэ хууль нь Net­flix, AirBnB, PornHub зэрэг “хорт” контент түгээдэг платформуудад нөлөөлөхгүй байна гэж биднийг шүүмжилж байгаа учир эдгээрийг ирэх саруудад нэмж оруулах боломжтой гэж ЕХ-ны албаны хүмүүс мэдэгдэв. “19 платформын жагсаалттай холбоотой олон асуулт гарч байгаа учир бид нэмэлт зохицуулалтууд хийх болно. Гэхдээ одоогоор DSA нь платформуудын хэрэглэгчдийн тоо гэх мэт бодит шалгуурыг баримтлах ёстой” гэж Бельгийн Европын бодлогын судалгааны төв (CEPS)-ийн ажилтан Андреа Ренда мэдэгдэв. Тэрбээр “Одоогийн жагсаалт нь төгс зүйл биш бөгөөд ойрын ирээдүйд бид үүнийг нэмж магадгүй” гэж DW-ийн сурвалжлагчид хэлжээ.

Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд онлайн платформууд жилийн нийт орлогын 6 хувийн торгууль төлөх бөгөөд дахин зөрчсөн тохиолдолд Европын холбоонд үйл ажиллагаа явуулахыг хориглох боломжтой гэж ЕХ-ны албаны хүмүүс мэдэгдэв. Евро комиссын мэдээлснээр DSA нь шинээр гарч ирж буй эрсдэлд хариу үйлдэл үзүүлэхийн тулд онлайн орон зайд зохицуулалтын хяналт, хариуцлага, ил тод байдлын хэвтээ тогтолцоог бий болгох аж. “Шүүхийн шийдвэр хатуу байх болно. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгжихийн тулд хэд хэдэн зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, иргэний нийгэм тодорхой хэмжээний туршлага, бие даасан байдалтай байдаг учраас энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж бид үзэж байна. Хоёрдугаарт, үндэсний хэмжээнд бие даасан үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллагууд энэ хуулийг хэрэгжүүлэх талаар практик нөөц бололцоогоо нээн хэнээс ч хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой” гэж Ардчилал, технологийн төвийн Европын албаны дарга Иверн Макгоуан DW-д ярьжээ.

Дижитал үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлснээр эдгээр 19 платформыг ашиглаж буй европчууд хамгийн түрүүнд анзаарах зүйл бол контентыг зохицуулж байгааг харах явдал байх болно. “Анх удаа контентыг яагаад зохицуулан, устгаж, хориглосон талаарх бүрэн мэдээллийг хэрэглэгчид шууд авдаг болох бөгөөд энэ нь ил тод байдлыг дэмжиж буй үйлдэл юм” гэж ЕХ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрбээр ирэх хоёрдугаар сар гэхэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүс болон бүлгүүд контентыг нь зохицуулсан тохиолдолд уг шийдвэрийг давж заалдах механизмыг ашиглах боломжтой болно гэж тэр нэмж хэлжээ. Андреа Ренда мөн ихэнх өөрчлөлтүүд нь эдгээр платформын хэрэглэгчдэд үл мэдэгдэх бөгөөд давж заалдах хууль батлагдах хүртэл хэсэг хугацаанд платформ дээрх мэдэгдлийн баннертай холбоотой будилаан үүсэх байх гэж анхааруулжээ. Мөн Андреа Ренда Европын DSA хэрхэн хэрэгжиж байгааг дэлхий нийт “сонирхолтой” ажиглаж байна гээд “АНУ-д DSA-г ЕХ заримдаа зарим зүйлийг Америкаас хамаагүй илүү зохицуулж чаддагийн гол жишээ гэж үзэж байгаа бол Бразил, Япон ч мөн энэ хуулийг ихээхэн сонирхон ажиглаж байна. Их Британид зориулсан платформууд үүнтэй төстэй арга барил баримталдаг болж, онлайн зуучлагчдад илүү их үүрэг хариуцлага хүлээлгэсэн. Тиймээс энэ хууль дэлхийн хэмжээнд нэг их түгшүүр төрүүлэхгүй гэж би бодож байна” гэж тэр онцлон мэдэгдэв. Харин Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен дижитал үйлчилгээний тухай хуулийг сайшааж, “Манай Европын үнэт зүйлсийг дижитал ертөнц л авчирна” гэж хэлжээ.

Хэд хэдэн улсын Засгийн газар хуурамч онлайн илэрхийллийг хязгаарлаж байгаа ч бас хүний эрхийн төлөө тэмцэгчид болон эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээллийг устгаж эсвэл блоклож байгаа тул DSA нь дэлхий даяар хэрэглэгчийн эрхийн стандартыг тогтооход том тус болно гэж найдаж байна гэж Айверна Макгоуан онцлон дурдаад “ЕХ нь гадаад бодлогодоо ч DSA хүний эрхийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж байгааг ажиглаж байх нь маш чухал юм. ЕХ гадаадын сонгуульд уг хууль хэрхэн үйлчилж байгааг ажиглаж байх хэрэгтэй биш гэж үү?” гэж тэрбээр нэмж хэлжээ.

ХБНГУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч “Сүүлийн 12 сарын хугацаанд Оросын худал мэдээллийн цар хүрээ огт буураагүй” гэж мэдэгдээд “Орос улс “Telegram” зэрэг олон нийтийн сүлжээг худал мэдээлэл түгээхэд идэвхтэй ашигладаг. Оросыг дэмжигч ташаа мэдээлэл түгээдэг хуурамч хаягууд жинхэнэ мэт харагддаг. Тэд алдартай мэдээллийн порталуудын нэрээр зохиомол мессеж тараадаг” гэж мэдэгдэв. Албаны хүний хэлснээр, Оросын худал мэдээлэл тараагчид Германы олон нийтийн санаа бодолд нөлөөлж, Германы нийгэм дэх зөрчилдөөнийг нэмэгдүүлж, төрийн байгууллага, Засгийн газрын үйл ажиллагаанд итгэхгүй байхыг сурталчилдаг аж. “Орос Украины эсрэг түрэмгий дайн эхлүүлснээс хойш бид Германд Оросын хуурамч мэдээлэл эрчимжиж байгааг харж байна” гэж Германы Дотоод хэргийн яамны төлөөлөгч дүгнэн хэлжээ. Иймэрхүү хуурамч мэдээллийг таслан зогсоож, хүний эрхийг хангах нь энэхүү DSA гэх шинэ хуулийн гол үүрэг юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Л.Гантөмөр: Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь болон Ардчилсан намын 15 Дэд дарга нар Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр “АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны тухайд “Ямар түвшний хүн ажиллуулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Олон нийтэд хүрдэг хүн ажиллуулах уу эсвэл дотоод ажил чухал байна уу гэдгээ анхаарна гэсэн үг. Бид тодорхой шийдвэрүүдээ гаргана. Ойрын хугацаанд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилно” гэв.

Мөн “Ардчилсан намын гишүүдийн гаргасан санал нь нам цусаа сэлбэх ёстой, удирдлагын төвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх шаардлага байна. Төрийн бодлого алдагдсантай холбоотойгоор туршлагатай хүмүүс хэрэгтэй. Тэрний хажуугаар ардчиллыг хамгаалдаг, монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг дараа үеийн хүмүүсийг гаргаж ирж, удирдуулах гэдэг саналыг хүчтэй илэрхийлсэн. Гурван том санал дээр багцалсан.

Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой. Ардчилсан нам дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон гэдэг санал давамгайлсан” хэмээн ярилаа.

 

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг энэ сарын 14-нөөс орон нутгаар аялан тоглоно DNN.mn

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг энэ сарын 14-нөөс орон нутгаар аялан тоглохоор товоо гаргажээ.

Тодруулбал, Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драм жүжиг есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд, 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд,19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт, 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус бүр тоглоно.

Тус жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтггэлтэн Н.Наранбаатар, гол дүрд жүжигчин Н.Ялалт, МУГЖ, Ж.Оюундарь, жүжигчин М.Тогтохжаргал, Г. Ганбат нар тоглож байна.

Categories
мэдээ нийгэм

Хортон шавж устгалын бүсээс түүсэн жимсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул сумын ойн сангийн 25 мянган га талбайд хортон шавж устгах ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд 48 мянган га талбайд судалгааны ажил хийж үзэхэд ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн гэсэн дүгнэлт гарчээ.

Ойн хөнөөлт шавжийн хохирлыг “утаагүй түймэр”-тэй адилтгадаг. “Утаагүй түймэр”-т өртсөн мод цайрч, хувхайран хатаж, байгаль экологи, экосистемд үзүүлэх үйлчилгээгээ алддаг байна. Тиймээс ойн хортон шавжийн хүрээг хязгаарлаж, хэт олшрохоос өмнө устгах, урьдчилан сэргийлэх ажлыг хийж эхэлжээ. Иймд дээрх бүсийн ойд зорчих, хор цацсан ойгоос самар, мөөг, жимс зэргийг түүхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас сэрэмжлүүлж байна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Драгоны шинэ байршил 50 автобус, 500 автомашины зогсоолтой DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн зорчигч үйлчилгээний төв буюу бидний нэрлэж заншсанаар Драгон төв байршлаа өөрчилж Номин худалдааны төвийн зүүн талын автовокзалд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхэлж энэ байршилд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус төвөөс сурвалжилга бэлтгэлээ.

Драгон энд нүүж ирээд төдийлөн удаагүй байгаа ч үйлчлүүлэгчид аль хэдийнээ мэддэг болжээ. Цэлийсэн том зогсоолыг голоор нь хоёр хуваасан байв. Баруун хэсэгт нь хот хоорондын такси, зүүн хэсэгт нь автобуснууд эгнээд зогсжээ. Цааш яваад шилэн хаалгаар шагайвал сэлүүхэн заалнаас сэрүү татаж байна. Шинээр ашиглалтад орсон Драгон төвийн заалыг олон улсын түвшинд ойртуулж тохижуулсан нь ил цагаан харагдаж байлаа. Харин энэ том зааланд хоёр цонхоор л иргэдэд үйлчилгээ үзүүлж, билет бичиж байв. Энд харин урт дараалал үүсчээ. Гэсэн ч талбай нь уужуу учраас хоорондоо ам мурийсан асуудал алга.

Шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа газрын тохижилтын ажил хараахан дуусаагүй байгаа гэнэ. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн “Шинэ автовокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ автовокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн.

Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.

Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт, шалгалт явуулж байна” гэв.

О.Доржтовуу: Нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдсэн байна

Хүлээлгийн танхимд ойролцоогоор 200 гаруй хүн тухлах сандлыг байршуулжээ. Хот хооронд зорчихдоо автобусыг илүүд үздэг ахмадууд үүнд таатай хандаж байна. Зөөлөвчтэй сандалд тухлаад дугхийсэн ч боломжтой юм билээ. Бид зорчигч О.Доржтовуутай цөөн хором хөөрөлдлөө.


-Автовокзал шинэ бүсэд суурьшжээ. Үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ, та?

-Би Ховд аймгийн Булган сумаас дөрөв хоногийн өмнө ирсэн. Вокзалын заал сэлүүхэн сайхан болжээ. Үүдээр орж ирэхэд л хаанаас ямар үйлчилгээ авах талаар ажилтнууд нь тайлбарлаад өгч байна. Өмнө нь бол жижигхэн талбайд хөлөө амраах газар ч олдохгүй хэцүү байлаа. Ачаа чирээд явахад тавих газар ч олдохгүй. Хулгайд алдчих гээд их хэцүү байсан. Энд бол амар болжээ. Ийм цэлгэр зааланд уурлаж уцаарлаж байгаа ч хүн алга. Хилийн цаана нь ийм тухтай орчинд үйлчилгээ авдаг байлаа.

-Энд ирэх гэж түгжрэв та?

-Нэг их түгжирсэнгүй. Харин унаа олох гэж жаахан будилж, цаг алдлаа. Таксидаж ирлээ. Хотын төвөөс ийшээ ирж байгаа автобус бараг алга. Заавал дамжих шаардлагатай юм байна. Тэр бүрийг хүлээж, хайхад хугацаа алдаж унаанаасаа хоцорчих гээд байлаа. Энэ чиглэлд илүү олон автобус явах шаардлагатай санагдлаа.

-Үйлчлүүлэгчийн зүгээс өөр ямар санал байна вэ, танд?

-Гадаа талбайд орж ирэхэд яг хаанаас ямар унаа явах нь тодорхой бус юм. Үүнд тэмдэг, тэмдэглэгээ хэрэгтэй санагдлаа. Өөр санал алга даа. Хажуудаа том үйлчилгээний төвтэй нь зүгээр юм. Нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдсэн нь таалагдлаа. Өмнө нь бол драгоны хажуугаар явахад энд тэнд барилгын ажил яваад хаанаас юу нурж ирэх бол гэх айдастай байлаа. Энд бол сэтгэл тайван амар үйлчилгээ авах боломж бий болжээ” гэв. Хүлээлгийн заалны хойморт хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулжээ. Төрөл бүрийн тоглоом өрж үлгэрт гардаг шиг л тохижуулсан энэ өрөөнд унаа хүлээх зуураа хүүхдээ тоглуулах боломжтой. Энд хүүхдийн бужигнаан тасардаггүй юм билээ. Хажууханд нь харин эх нярайд зориулсан өрөөг гаргаж өгсөн байна. Энэ өрөөг нялх хүүхдийг хуурайлаад гарахад зориулж тохижуулжээ. Түүнчлэн хол замд явдаг жолооч нарт зориулсан амрах өрөөг гаргаж өгчээ. Шөнөжин дахиж ирсэн жолооч нүдний хор гаргаж хажуудах кофе шоппоос өглөөний унд уугаад ажилдаа гарах боломжтой. Автобусны суудал дээрээ тухгүй амардаг байсан асуудал ард үлджээ.

Жолооч Б.Энх-Эрдэнэ: Сэлүүхэн зогсоолтой амар байна

Автобусны жолооч Б.Энх-Эрдэнээс тодруулга авлаа.


-Шинэ автовокзалын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Шинэ вокзал сэлүүхэн байна. Өмнөх байршилд бол битүү барилга босчихсон. Сүүлдээ зогсох газар ч олдохгүй болсон шүү дээ. Төв замаасаа салж ороход ч их төвөгтэй. Зогсоол байхгүй учраас зорчигчид холоос ачаагаа зөөх зэрэг хүндрэл гардаг байлаа. Энд тийм асуудал алга. Хаанаас ямар үйлчилгээ авах нь тодорхой. Орж ирээд л шууд унаандаа сууж байна.

-Ийшээ ирэхэд замын ачаалал их байна уу?

-Өмнө нь ч түгжирдэг л байсан. Зарим тохиолдолд зогсоол руу орох гэж цаг орчим зогсдог байсан шүү дээ. Ялгаагүй л түгжирдэг. Энд ирснээрээ тухтай амраад замд гарах нөхцөл бүрдсэн. Өмнө нь бол 25 автобусны зогсоол багталцдаггүй байлаа. Одоо бол 50 автобусны зогсоолд ийм асуудал тулгарахгүй байна. Хажуугаар нь 500 машины зогсоолтой” гэв.

Зогсоолын баруун талд Номинтой залгаа байранд food court үйл ажиллагаа явуулж байна. 100 орчим хүний багтаамжтай энэ зааланд гурван цонхоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Монгол хоолноос гадна европ хоолны сонголт байна лээ. Автовокзал Номингийн байршилд нүүж очсон нь шүүмжлэл дагуулж байгаа. Энэ асуудлын хүрээнд “АТҮТ” ТӨҮГ-ын захиргааны хэлтсийн дарга Б.Баатарцол “Та анзаарсан бол өмнөх байршилд барилгын үйл ажиллагаа явж байгаа. Дээрээс тоосго унаад хүн цохивол нүүж байхгүй яав гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ бол зорчигчийн аюулгүй байдлын үүднээс л гаргасан шийдвэр. Хэн нэгэн сайд хэлэхэд нь нүүчихсэн асуудал огт биш. Судалгаа хийж гаргасан шийдвэр юм шүү” гэх байр суурийг илэрхийлэв. Зааланд цугласан иргэдийн онцолж байгаагаар энд ирэхдээ хоёроос гурван автобус дамжиж байгаа нь хүндрэлтэй байгааг онцлов. Үйлчлүүлэгчдийн зүгээс энд дугаарлаж зогссоноос онлайнаар тасалбар захиалдаг болсон гэнэ. Ирэх замдаа хугацаа алдаж хоцрох эрсдэлтэйг хэлж байв.

Өнөөдрийн байдлаар шинэ драгон руу 6-7 чиглэлээс автобус явж байгаа гэнэ. Үүнийг нэмэх ажил хэлэлцээрийн шатанд явааг ажилтнууд хэлж байлаа. Түүнчлэн энэ орчимд нийслэлээс төмөр замын дөрвөн нүхэн гарц гаргах ажлыг эхлүүлсэн гэнэ. Илүү тодруулбал “Энхжин” худалдааны төвийн нүхэн гарц ирэх сард ашиглалтад орох юм байна. Ингэснээр Драгоныг чиглэсэн түгжрэлийн асуудал цэгцэрнэ гэж тооцоолж байгаа гэнэ. Энэ нь хотын түгжрэлийг бууруулах ажлын нэг хэсэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Драгоныг хотын зах руу шахсанаар төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолжээ. Бид хаанаас ч ирсэн ямар ч жуулчны өмнө нүүр бардам үйлчлэх зорчигч үйлчилгээний төвтэй болжээ. Food court-д үндэсний хоол зоогломогцоо Номин супермаркетаас эрүүл хүнс торлоод зорьсон газрынхаа унаанд суух боломжоор хангаж өгсөн байна. Унаагаа хүлээх зууртаа хүлээлгийн танхимд зурагт хараад тухлах болно. Энэ завсартаа утсаа цэнэглэхээс авахуулаад наад захын шаардлагатай бүхэн энд байна. За тэгээд ямар ч овор хэмжээтэй ачааг тэргээр зөөгөөд өгөх хүмүүс бэлэн сууж байна лээ.

 

Categories
мэдээ нийгэм

Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтвортой байна DNN.mn

Улсын арслан М.Бадарчийн биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Тодруулбал түүний хувьд есдүгээр сарын 6-ны өдөр буюу өчигдөр авто осолд орсон. Улсын арслан М.Бадарч одоогоор ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна.