Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 98 гараашийн газрыг чөлөөлжээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилттой.

Энэ хүрээнд Засаг даргын Газрын зөрчил арилгах НЗД-ын А/321 дүгээр захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/250, А/251, А/252, А/253 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 98 ширхэг тоосгон гараашыг буулган, нийтийн эзэмшил газрыг чөлөөлж тохижилт, ногоон байгууламж хийх нөхцөлөөр ханган ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 28.470 хэрэг бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-ний хооронд хэрэг бүртгэлтийн 28 470, мөрдөн байцаалтын 2 868 хэрэг бүртгэгдсэн байна.

Түүнчлэн эдгээр хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 249 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тухайлбал, хүний амьд явах эрхийн эсрэг гурав, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, өмчлөх эрхийн эсрэг 95, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг арав, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гурав, хүрээлэн байгаа орчны эсрэг найм, хүүхдийн эсрэг нэг, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын хэрэг найм, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тав, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг нэг хэрэг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

SPEAK OUT: Орон нутагт ажлын байр бий болговол хөдөөг зорих хүсэлтэй залуус цөөнгүй байна DNN.mn

Хөл хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын хүүхэд, залуус амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун бус байгаа нь нийгмийн нэг бухимдал төрүүлсэн асуудал юм. Ажлын цагтайгаа уралдан алхах залуусын төлөөллөөс ямар орчин тэдэнд хэрэгтэй талаар сэтгэгдлийг нь сонслоо.

Автобусны буудал дээр зогсох хөвгүүд цагийн төлбөр боломжийн бүх төрлийн хөгжим, хөгжөөнт тоглоом бүхий байгууламжтай болчихвол бидэнд хэрэгтэй хэмээн ярьж байлаа.

Мөн амьдрах тохитой орчин, ажлын байр, цалин хөлсөө шийдвэрлэчихвэл орон нутгийг зорих хүсэлтэй залуус ч цөөнгүй байгаа аж. Эцэст нь бяцхан иргэдийн хүсэл хоггүй орчин гэнэ.

ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙГ СОНСЛОО


Иргэн Л.Р: Иргэдийн дийлэнх хувь нь залуус учир залуусын хот гэж боддог. Харин ээлтэй гэж боддоггүй. Ер нь л чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар ч байхгүй шүү дээ. Цаг нь боломжийн мөнгө төлөөд хөгжим дардаг ч юм уу, сонирхолтой тоглоом тоглож болох газар нээгдчихвэл ч…

Иргэн Б.Батбаатар: Улаанбаатар хот амьдрахад иргэддээ ээлтэй хот биш шүү дээ. Цалин гэхэд л өдрийн 50 мянган төгрөг. Үнэндээ юу ч авч хүрэхгүй мөнгө. Түүгээрээ байр түрээсэлнэ. Түрээсийн байрнууд нь бохир. Оронгуут л жоом, хорхой гээд байхгүй зүйл байхгүй.

Иргэн Ө.Өсөхбаяр: Чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд нь ихэвчлэн зун л нээгддэг. Өвөл гэвэл ПС тоглоомын газар л байдаг. Кофе шоп гээл өртөг өндөртэй газар суухаар зарлага өндөр байдаг. Тиймээс төв номын сангаас өөр хичээл хийх газар нээвэл хэрэгтэй.

Иргэн н.Цолмон: Манай хот залууст ээлтэй биш. Хаа сайгүй шороо тоос ихтэй. Харшил, өвчлөл их байдаг. Хэрэгтэй газар гэвэл ногоон байгууламж л их байвал зүгээр.

Иргэн Номин-Эрдэнэ: Автомашинаа явган хүний зам дээр байрлуулчихдаг. Мөн тоглоомын талбай дээр тамхи татсан хүмүүс их байдаг.

Иргэн Н.Жигүүр: Ядаж л зам талбай, орон сууцныхаа хоорондын зайг бодолцоогүй байна шүү дээ

Иргэн Д.Анар-Эрдэнэ: Залуу гэр бүлээ дэмждэггүй. Залуу гэр бүлээ дэмжээд хөдөө орон нутаг руу явуулна гэдэг хэр нь бодитой арга хэмжээ авдаггүй. Ажлын байр байдаггүй. Амьдрах байр, орон сууц шийдвэрлэх хүртэл хэцүү байдаг. Орон нутагтаа амьдрах тохитой орчин, ажлын байр, цалин хөлсөө шийдвэрлэчихвэл орон нутгийг зорих хүсэлтэй залуус ч цөөнгүй байгаа байх. Хотод агаарын бохирдол, өвчлөл ихтэй учир хүүхдээ орон нутагт байлгаж хол амьдардаг.

Иргэн Л.А: Бараг л залуучууддаа ээлгүй хот ш дээ. Хамгийн эхэнд ядаж түгжрэлээ арилгачихмаар байна.

Долон настай н.Ирээдүй: Байгаль орчиндоо хог хаяхгүй байвал бид эрүүл агаарт тоглоно.


Т.САНЧИРМАА

Categories
мэдээ нийгэм

Булганы Орхон суманд 72.2 мм хур тунадас оржээ DNN.mn

Долоо хоногийн нийлбэрээр хамгийн их нь Булганы Орхонд 72.2 мм, хоногийн нийлбэрээр хамгийн их нь тавдугаар сарын 31-нд Булганы Гурванбулагт 54 мм хур тунадас орсон байна.

May be a graphic of map and text that says

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны шүүх хуралдаан 35 дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 35 дахь өдрөө үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага, дунд ангийнхан электрон тамхийг ихээр хэрэглэх болжээ DNN.mn

Үүлний завсраар үе үехэн ёлтойх илч муутайхан нарны өөдөөс нүдээ гурвалжлуулж саравчлах ахмадыг хажуугийн тоглоомын талбайд цангинатал хашхирах хүү цочоов. Хичээл амарч тоглоомын талбайд хүүхдийн хөлд дарагджээ. Нийслэлийн 11 дүгээр сургуулийн хойд талд байрлах хүүхдийн тоглоомын жижигхэн талбайд хүүхдүүд шпрот шиг чихцэлдэнэ. Сургууль цэцэрлэг амарч тэд чөлөөт цагаа энд өнгөрүүлж байгаа нь энэ. Энд өмнөхөөс өөр зураг харагдах нь дунд ангийн юм уу гэмээр хүүхдүүд амандаа тамхи зууж, утаа баагиулах юм. Эр, эмгүй л халааснаасаа электрон тамхийг гаргаж хэд сормогцоо цааш нь хийгээд огло үсэрч тоглохоор гүйлдэнэ. Төд удалгүй өнөөхөө гаргаж хэд сороод л гүйлдээд алга болно. Электрон тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд ингэж л дэлгэрчээ. 10 хэдхэн настай хүүхдүүд амнаасаа утаа саагиулаад гүйлдэх зураглал захын тоглоомын талбайгаас л ил цагаан харагдаж байна. Тэднийг тоож байгаа хүн ч алга

Тавдугаар ангийн сурагч н.Оргил: Электрон тамхи аваад явахад ах нар мөнгө нэхдэггүй


Том цагаан малгай, бариу улаан подвалкоор гоёсон жаахан хүүг н.Оргил гэнэ. Шинэ хувцсаа найзууддаа гайхуулж, чамирхаж ярих дэгжин хүү 111 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч. Хүүхдийн баяраар аав, ээжээрээ хувцас авхуулаад гоёж яваа нь энэ. Түүнтэй ярилцлаа.


-Электрон тамхи татдаг юм уу, чи?

-Тийм ээ.

-Гэрийнхэн нь авч өгсөн үү?

-Би өөрөө авсан. Манай ангийн хүүхэд зарж байсан юм. Ээжийн өгсөн хоолны мөнгөөр авсан.

-Сороход ямар санагдаж байна?

-Жимс амтлагдаад, чихэр шиг санагддаг юм.

-Танай ангийнхан татаж байна уу?

-Завсарлагаанаар л татдаг. Багш хэд хэдэн хүүхдийн тамхийг нь хураагаад авчихсан. Зарим нь ээждээ хэлээд буцааж авсан. Би багшид мэдэгдэхгүйгээр хичээл завсарлахад л гараад татчихдаг.

-Электрон тамхи тийм гоё байна уу. Гэртээ татаж байна уу?

-Жимс л амтлагдаад байдаг. Дахин дахин сороход илүү гоё амттай. Гэртээ татахгүй ээ. Татаж байгаад л ордог. Ээж мэддэггүй юм. Өвөөгийн тамхи шиг үнэртдэггүй шүү дээ, энэ чинь.

-Танай ангийнхан хаанаас электрон тамхи авч байна, чи мэдэх үү?

-Байрныхаа дэлгүүрээс л авсан гэдэг. Би лав ангийнхаа хүүхдээс авсан.

-Үүнийг заавал татах гээд байдаг юм уу, зүгээр зайрмаг идэж болохгүй байна уу?

-Чихэр, жимс амтлагдаад байдаг. Дээд ангийн ах нартай уулзахад ч тамхи татахад гоё байдаг юм. Тамхи бариад явж байхад тэд мөнгө нэхдэггүй. Тамхинаас хэд сороод л явуулчихдаг.

-Үнэхээр татмаар санагдаж байна уу?

-Завсарлагаан бүрээр л гарч татмаар санагдаад байдаг.

-Танай эмэгтэй найзууд хүртэл татаад байна уу?

-Зарим нь татдаг. Тэгж их татдаггүй ээ” гэсээр бидний яриа өндөрлөв. н.Оргил ч электрон тамхинаасаа хэд сорж жижигхэн амандаа тамшаалаад бөмбөгөө хөөгөөд гүйв.

Түүний хэлж буйгаар хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар цахилгаан тамхиа сордог гэнэ. Тэд электрон тамхины чихэр, чимсний үнэр амтад болдог гэнэ. Үнэр нь ч таатай сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Хачирхалтай нь эмэгтэй хүүхдүүд ч электрон тамхи хэрэглэх нь түгээмэл болж. Тэднээс тодруулахад ээж, эгчийнхээ тамхинаас хэд сорж явсаар хамааралтай болсон талаараа хэлж байна. Гэр бүлийнхэн нь электрон тамхийг соёлтой хэрэглээ гэх ойлголтыг дүү нартаа өгснөөр хамааралтай болгож. Тэдэнд электрон тамхины хор хөнөөлийн талаар наад захын ойлголт харагдсангүй. Зарим нь модтой чихэр шиг амнаасаа салгахгүй сорж байх юм.

Электрон тамхины худалдаа ч дэлгэрчээ. Захын байрны дэлгүүр ороход л шажигнатал зарагдаж байна. 17500-гийн электрон тамхийг дунд ангийн хүүхдүүд булаацалдаад аваад гарч байх. Хаа сайгүй тааралдах CU, GS25-ын салбаруудаар ч электрон тамхи талх шиг л зарагдаж байна. Түүнчлэн электрон тамхи татах залуусын цуглах газар гэх 20 орчим мянган гишүүнтэй бүлгэм сошиалд тун идэвхтэй ажилладаг юм байна. Тухайн бүлгэмээр шагайхад гишүүд нь гол төлөв дунд сургуулийн хүүхдүүд байдаг бололтой. Анзаарахад тийм өнгөтэй тамхи нь ийм жимстэй, тийм мэдрэмж төрүүлдэг гэхчлэн зар байршуулжээ. Тэнд ийм тамхийг зарж байна ийм ч гоё гэх постууд ар араасаа хөвөрч байх.


Э.Тэмүүлэн: Электрон тамхи татдаг хэд маань хичээлээ хаясан

ХУД-ийн 115 дугаар сургуулийн X ангийн сурагч Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Электрон тамхи хэр удаан татаж байна вэ?

-Дунд ангид байхаасаа л татсан. Дөрвөн жилийн хугацаанд л тасралтгүй татаж байна.

-Анх яагаад татах болов?

-Ангийн хүүхдүүд татдаг байсан юм. Сорж үзэхэд чихэр амтлагдаад гоё санагдаад л татдаг болчихсон. Татаж байгаа хүмүүс гоё харагддаг байсан л даа. Дуурайгаад л татаад эхэлсэн. Удаан татахад их муу юм байна.

-Нэлээн хугацаанд татжээ. Эрүүл мэндэд өөрчлөлт гарч байх юм уу?

-Эхэндээ анзаардаггүй юм билээ. Чихэр амтлагдаж байгаад л нэг мэдэхэд донтчихдог. Цахилгаан тамхи байхгүй л бол байж сууж чадахаа болино. Хичээл биш цахилгаан тамхи бодогдоод байдаг болсон. Одоо би биеийн тамирын хичээлдээ ороод гүйж чадахаа больсон. Өнгөрсөн хавар хатгаа тусаад уушгиа рентгенд харуулахад эрүүл бус гэх онош гарсан. Үүнийг электрон тамхины хэрэглээтэй л холбоотой гэж харж байгаа. Ээж аав маань ч надад ингэж л хэлдэг.

-Гэнэт л салж чадахаа больсон хэрэг үү?

-Тийм ээ. Тамхиа л сорохгүй бол хичээлдээ ч анхаарч чадахгүй. Тамхи хайгаад л хаа сайгүй тэнэдэг болсон. Хичээлээ бараг хаясан. Сүүлд нь уушги өвддөг, амархан ханиад хүрдэг боллоо. Гэхдээ одоо би электрон тамхи татахаа больсон гэв.

Электрон тамхины уршгийн талаар сурагч дээрх байр суурийг илэрхийлж байна. Эхлээд соёлтой хэрэглээ гэх байдлаар татаж байсан бол сүүлдээ эрүүл мэндэд нь эрсдэл учрах болсон талаар хэлж байна. Электрон тамхи татдаг хүүхдүүд ч эрүүл мэнд нь доголдоод эхэлснийг тэр онцолж байв. Өнөөдөр байрны гаднах дэлгүүрүүдэд ихээр зарагдаж буй электрон тамхи арваадхан настай хүүхдүүдийн эрүүл мэндийг устгахад ойрхон байгааг Эрүүл мэндийн яамнаас ч анхааруулж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр Өмнөговь, Дархан-Уул аймгуудад электрон тамхи худалдаалахыг хориглоод байгаа юм.

Өнөөдөр тоглоомын талбайд утаат тамхинаас илүү электрон тамхины хурц, ихүүн үнэр сэнгэнэх болжээ. Бага дунд ангийнхан электрон тамхиар амьсгалж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын нэгнээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно DNN.mn

Ирэх сарын нэгнээс цалин тэтгэврийг нэмж 2023 оны төсвийг 1,8 их наяд төгрөгөөр тэлсэн.

Сангийн сайд Б.Жавхлан долдугаар сарын нэгнээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно хэмээн мэдээлсэн. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд олгогдсон мөнгийг айл бүрт нөхөж олгоно. Нийт 167.2 тэрбум төгрөгийг тодотгох ба 141.4 мянган хүүхэд хамрагдах юм.

Тиймээс хүүхдийн мөнгө олгох журамжд өөрчлөлт оруулна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хилийн цэргийн …-р ангийн удирдах албан тушаалтан “Б”, “Ч” нар бусдаас хахууль авсан гэх;
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн албан тушаалтан “Э” нь гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө ашигтай эдийн засгийн хууль бус давуу байдлыг олж авсан гэх;
  • Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан “Э” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон
  • “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа ашиглаж нийт 36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ улс-төр

МАН: Төсвийн тодотголыг лхагва гаригт УИХ-д өргөн барина DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгч байна.

МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм” гэв.

Хаврын чуулган дуусахаас өмнө УИХ дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ:
-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл
-Боловсролын багц хуулийн төсөл
-Улсын төсвийн тодотгол буюу 2023 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл (Гэр бүлийн тухай хуультай уялдуулна)
-Бооцоот тоглоомын тухай хууль
-Морин уралдааны тухайн хуулийн төсөл
-Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл (Ажлын хэсгийн ахлагч өвдсөн тул хойшилсон)
-Төрийн албаны тухай хуулийн төсөл
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөл
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл

Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг шинэчлэх болсон. Гэвч энэ ажил удаашралтай байгаа тул БШУЯ, Боловсролын ерөнхий газар яаравчлах талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Энэ ажлын явцыг бүлэгт эргэж мэдээлэхээр тогтсон байна. Нийт 67 тэрбум төгрөг зарцуулсан ч зарим ариун цэврийн байгууламжийг ашиглалтад өгөөгүй гэх мэт зөрчлүүд илэрчээ.