Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн “Задгай”-д ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн бетон гүүр”-ний хажууд ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Иймд иргэд сонор, сэрэмжтэй байж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе

АТГ: Нийтийн албанд томилогдох 242 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 242 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 61 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 181 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 107 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 62 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн нь зөв юм боллоо DNN.mn

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эцэслэн баталснаар Монголын парламент 126 гишүүнтэй, УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах түүхэн шийдвэрийг гаргалаа. 2019 онд бүх ард түмнээсээ санал асуулга авч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байсан. Тэгэхдээ гишүүдийн тоог олон болгох, сонгуулийг пропорциональ системээр явуулах, “давхар дээл”-тэй байх, мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гээд эдгээр өөрчлөлтүүдийг нэг мөр хийчих байсан юм.Тэгсэн бол өнөөдрийнх шиг энэ их бужигнаан шуугиан гарахгүй, ҮХНӨ-өө дутуу хийлээ гэж ард түмэн зүхэхгүй, ингэж ажил удахгүй байх байлаа. Гэвч тэгж чадалгүй горойгоод Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэдэг заалтыг оруулсан. Мөн Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэдгийг оруулсан байдаг.

“Давхар дээл”-ийг хууль зөрчиж байна гээд Үндсэн хуулийн Цэц өөрөө унагачихсан. Сүүлд нь харин УИХ-ын ээлжит бус чуулганаар “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Өмнөх ҮХНӨ яагаад дутуу хийгдсэн, яг жинхэнэдээ цаанаа ямар учиртай гэдгийг бид мэдэхгүй л дээ. Тухайлбал, гишүүдийн тоог олон болгож болохгүй гэдэг ч юм уу тодорхой асуудал дээр гадна дотны ямар нэгэн эрх ашгууд байдаг байх. Тиймээс улс орны хувь заяатай холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг хийж чаддаггүй байхдаа гэж бодохоос. Ямар ч байсан энэ удаад эрх баригч МАН өөрөө санаачлан эргэж буцан үзэж тарсаар байгаад ҮХӨ-ийг хийчихлээ. Ингэснээр сонгууль болгоны өмнө намууд өөрсдөдөө зориулж Үндсэн хуулийг өөрчилдгийг, өөрчлөх гэж оролддогийг болиулж чадлаа. Ерөнхий сайдын хэлснээр улс төрийн нам эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тоглоомын дүрмийг өөрчилдөг өнгөрсөн 30 жилийн гажиг энэ хүрээд төгсөв бололтой. Чамлахаар чанга атга гэгчээр гишүүдийн тоо ямар ч байсан 126 боллоо.

Уул нь өмнө нь ярьснаараа 152 байсан бол их зүгээр байх байсан. 152 гишүүн 50:50 гэдэг зарчмаар үндсэндээ 76 нь тойргоос, 76 нь нийт ард түмний салбар бүрийн төлөөлөл болж сонгогдох байсан. Ингэснээр нийгмийн салбар бүрийн дуу хоолой парламентад орж ирж судлаачдын үздэгээр төлөөллийн зарчим хангагдах байлаа. Гэхдээ 126 гэдэг бас ч гэж бага тоо биш. 78 нь тойргоор 48 нь нэрээр сонгогдоно. Монгол Улс 76 тойрогтоо хуваагдчихсан. 78 гишүүн тойргоос гарна гэхээр ямар ч байсан тойрог бүр эзэнтэй болно. 48 нь салбар бүрийн төлөөлөл болж сонгогдоно. 76 гишүүнтэй манай парламент үнэндээ давжаа байсан. 20-иод гишүүн нь Засгийн газартаа ороод сайдаар ажиллабал бараг хүнгүй болчих гээд байдаг. Дээрээс нь 76 гишүүний 50-иас дээш хувь нь 39 юм. 39-ийн 18 нь тавиас дээш хувь, тэрхүү 18-ын 10 хүнийг худалдаад авчихад олонхийн шийдвэр гээд явчихна.

Ингэж 10-хан хүнийг атгандаа оруулахад Монголын төр хүссэн бүхний гарт ороод ирнэ гэсэн үг. Мөн байнгын хороодод ердөө 11 гишүүн оногдож зургаан гишүүн дэмжихэд тухайн хуулийн төслийг

шийддэг. Ийм л хэврэг, ямар ч дархлаагүй давжаа парламенттай байсныг эрх баригч намын залуу дарга нар зоримог шийдвэр гарган Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж гардан хийлээ.

Тэднийг хүн бүр магтаж байна, магтахаас ч аргагүй. Сонгодог парламентын жишиг руу улс орны хувь заяаг залахаас гадна Монгол ардын намдаа маш ашигтай шийдвэрийг гаргаж чадлаа. Ардын нам яг энэ байдлаараа сонгуульд ороход ёстой үсгүй арчуулах байсан. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гээд улс орноо тоночихсон хүмүүс ямар нүүрээрээ “Намайг дахиад сонгоод өгөөч” гэж ард түмэн, сонгогч олондоо очих билээ. ЖДҮ-гээс аваад энэ их хулгай дээрэмтэй холбогдсон нөхдөө нэр дэвшүүлэхгүй гэвэл Ардын намаас өрсөлдөх нэр цэвэр хүн олдоход бэрх. Тэдний оронд дандаа шинэ залуу хүн тавихад эрсдэлтэй. Ингээд эцэст нь үнэмлэхүй байдлаар ялагдаж, ердөө бүлэг байгуулах хэмжээний арав гаруйхан гишүүнтэй байх тооцоолол яригдаад байгаа. Энэ бүхнийг намын удирдлагууд мэдэж байгаа учир гишүүдийн тоог олон болгож, сонгуулийг хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоогоор явуулахыг санаачилж УИХ-аар батлуулсан нь энэ юм.

Ард түмэн таньж мэдэгдээгүй, үзэгдэж дуулдаагүй улс төрийн 30 гаруй намаас таньдаг мэддэг юм гээд, тэгээд ч хамгийн түрүүнд бичигдэж байгаагаар нь Ардын намаа дугуйлж саналаа өгнө. Өмнөх жишгээс харахад тийм л байсан. Тэгэхээр МАН-ын гол найдвар бол 78 тойргоосоо илүүтэй намын жагсаалтдаа найдаж байгаа. Намынхаа нэрээр жагсаалтын олонх нь, дээрээс нь тойргоос цөөн хэд нь сонгогдоод эрх биш дараагийн парламентын 50 хувь дээр ах нам маань зуурч унах байлгүй дээ. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт намд ийм ашигтайгаас гадна Монголын улс төрд ашигтай тусна байх. Лав л хортой юм болохгүй. Олон намын дуу хоолой орж ирнэ гэсэн хүлээлт байгаа.

Одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 нам байна. Эдгээрээс нийт сонгогчдын гурван хувийг нь авсан нам босго оноогоо давна гэсэн зүйл Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад яригдаад байгаа. Сонгуулийн насны санал өгөх хоёр сая иргэний гурван хувь нь 60 мянга. Үндсэндээ 60 мянгаас дээш иргэдийн санал авсан намуудын төлөөлөл хуулийн дагуу Их хуралд жагсаалтаар орж ирнэ.

Олон ургальч үзэл талаасаа Монголын ардчилал бэхжинэ. Ардчилал бэхжинэ гэдэг бол Монголын тусгаар тогтнол бэхжинэ гэсэн үг. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ёстой гэж үздэг намуудын итгэл үнэмшил сэргэж байгаа. Ялангуяа Ардчилсан нам 2008 оны сонгуулийн дараагаас л гишүүдийн тоог олон болгоё, пропорциональ системээр сонгуулийг явуулъя гэж зүтгэсэн. Олон жил тэгж зүтгэчихээд яг хийхээ болохоор сая гэдийчихсэн нь харамсалтай. Зүгээр л 152 гэдгээр нь явуулчихсан бол аль аль талдаа хэрэгтэй байх байлаа.“152 гэж бид бүхэн нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задалж парламентад иргэдийг төлөөлөх нэг гишүүний нөлөөллийг хоёр дахин нэмэгдүүлэх зарчим барьж байсан. Харин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны санал, хамтарсан зөвшилцлийн дүнд гишүүдийн тоог 126 болгож бууруулсан” гэдгээ эрх баригч намын дарга хэлсэн. Гэхдээ нэгэнт батлагдсан юмыг одоо яалтай.

Хамгийн гол нь ҮХӨ-ийг улс төрийн аль ч хүчин өөрсдөдөө ашигтайгаар авч үзэж Ардын намын залуу дарга нарын хэлээд байгаа Монголын улс төрийн цоо шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр л улс орны хөгжлийн шинэ үе нь, шинэ төр засгийн бодлогоор эхэлж байгаа юм бол найдлага, горьдлого тавьж хүлээх цаг нь иржээ гэж итгэхээс. Тиймийн учир Монголын парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн нь ямар ч байсан зөв юм боллоо.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэгшбаяр: Нийгэм, байгаль орчны нөлөөллийг үнэлэх сайн аргачлал гаргаж чадвал уул уурхайн томоохон төсөл хэрэгжихэд орон нутгийн эсэргүүцлийг шийдвэрлэх боломжтой DNN.mn

Оксфордын их сургуулийн нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах төслийн багийн зөвлөх, санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяртай ярилцлаа.


-Дэлхийн улс орнууд маш олон төрлийн индекс, үнэлгээгээр хоорондоо өрсөлддөг. Ер нь улс орнуудыг үнэлэх ямар индексүүд байдаг, үнэлгээнүүд ямар ач холбогдолтой талаар мэдээлэл авч ярилцлагаа эхэлмээр байна?

-Монгол Улс дэлхийн нийт улс орнуудын адилаар нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үр нөлөөний олон төрлийн үнэлгээгээр үнэлэгддэг.

Авлигын индексийг гаргахад 8-9 эх сурвалжийн тайланг харгалзаж үздэг. Үүнээс гадна Ардчиллын индекс, Тогтвортой хөгжлийн зорилт, Хэвлэлийн эрх чөлөөний индекс, Дижитал амьдралын чанарын индекс зэрэг сүүлийн үед хүч түрж орж ирж байна. Эдгээр үнэлгээгээр бид бусад улс оронтой харьцуулахад хаана байна вэ гэдгээ мэдэх боломжтой бол хөгжлийн байгууллагууд тухайн улс орны төсвийн зарцуулалт нь хэр үр ашигтай байна, иргэдэд хэр хүртээмжтэй, оновчтой байна, төсвийн зарцуулалтаар амьдралын чанарыг дээшлүүлж чадаж байна уу, тогтолцоо, хүний нөөц, эдийн засгийн чадавхи байна уу гэдгийг үнэлдэг.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлох ёстой. Хэдийгээр бид бүхэлдээ сайнгүй үнэлгээтэй байгаа ч зарим үзүүлэлтэд Монгол Улс амлалт өгсөн тохиолдолд үнэлгээг өсгөх боломж бий. Жишээлбэл, зээлжих зэрэглэлийн үнэлгээ, Авлигын төсөөллийн индексийн эрсдэлийн үнэлгээнүүдэд зөв, бодлогын амлалт өгч, үнэлгээгээ сайжруулах боломж бий. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд нийт авлигын төсөөллийн индексийн 18-22 хувийг эзэлдэг ба бүтэн 3½ эх сурвалж дан улс орны эрсдэлийн үнэлгээ байдаг. Зээлжих зэрэглэлийн үнэлгээг гаргахад авч ашигладаг ганцхан эх сурвалж нь авлигын төсөөллийн индекс, бусад нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн үнэлгээ байна. Тэгэхээр бидний анхаарал хандуулах ёстой үзүүлэлтэд Авлигын төсөөллийн индекс зайлшгүй бөгөөд сүүлийн жилүүдэд энэ индексийн эх сурвалжуудад шинээр нэмэгдэж орсон ЕSG буюу байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн гурвалсан концепцийг тусгайлан анхаарах, бодлогын түвшинд эхний ээлжинд шаардлага хангахуйц амлалт өгч чадвал индексүүдэд эергээр нөлөөлнө.

-Тэгвэл Засгийн газар энэ тал дээр юу хийх ёстой вэ. Ямар алхам шаардлагатай гэж та үзэж байна?

-Сайн мэдээ гэвэл Засгийн газар Нийгмийн нөлөөллийн үнэлгээний журмыг өнгөрсөн хоёрдугаар сард баталлаа. Аргачлал нь энэ ондоо батлагдахаар байх шиг байна.Амлалт буюу ирээдүйд хийх ажил, макро эдийн засгийн үзүүлэлтээ өсгөх төлөвлөгөө, ЕSG буюу байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг амлавал зээлжих зэрэглэл, улс орны эрсдэлийн үнэлгээнд эергээр үнэлүүлэх боломж бий. Мэдээж төд удалгүй хэрэгжилтээ үнэлүүлж, худлаа амлаж уу гэдгээ харуулах шаардлагатай. Энийг энэ засаг, сайд нар нь мэддэг үгүйг хэлж мэдэхгүй. Мэддэггүй бол ийм боломж бий гэдгийг мэдээд авчих хэрэгтэй. Хэрэв бид эдгээр үнэлгээнүүдийг эергээр үнэлүүлье, дэлхийн улс орнуудын байр эзлүүлж эрэмбэлүүлж байгаа үзүүлэлтэд оноогоо сайжруулъя, ахиц гаргая гэж байгаа бол Засгийн газартодорхой амлалт өгөх хэрэгтэй. Дахиад сайн мэдээ гэвэл эрсдэлийн үнэлгээ, зээлжих зэрэглэлийн үнэлгээг маш ойрхон хугацаанд, дийлэнх нь улиралд нэг удаа үнэлж байна. Тиймээс бидэнд боломж байна. Олон улсын шаардлагыг оновчтой тодорхойлон, бодлого төлөвлөлтөө зарлавал Монгол Улсын зээлжих зэрэглэл ч сайжрах боломж байна.Улс орны эрсдэл буурвал гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж байна. Цаашлаад валютын урсгал сайжирна.

-Нийгэм, байгаль орчны үнэлгээний талаар дэлгэрүүлж ярьж болох уу?

-Оксфордын их сургуулийн Газар зүйн тэнхим өнгөрсөн тав зургаан жилийн хугацаанд манай орон нутагт нийгмийн нөлөөлөл, орон нутгийн иргэдийн аж амьдрал, нүүдэлчдийн ахуй соёл уламжлалыг судалсан байдаг. Түүнээс гадна 3200 иргэдээс шууд асуулга, тодруулга авч тайлан гаргаж, орон нутгийн асуудал огт шийдэгдэхгүй байна гэж дүгнэсэн байдаг. Үүний дараа 2019 онд Оксфордын их сургуулийн Газар зүйн тэнхимээс нийгмийн нөлөөллийг орон нутагт үнэлэх, нүүлгэн шилжүүлэх нөхөн олговортой холбоотой асуудлыг судлаж шийдлийг цогцоор нь боловсруулж гаргаж ирье гэдэг агуулгаар төсөл хэрэгжүүлсэн.

Оксфордын их сургууль,“Хил хязгааргүй алхам” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй энэ төслийн хугацаанд бид өмнө нь хийгдсэн “Говийн загвар” төслийн судалгааны ажилд түшиглэн, уул уурхайн төслүүд хэрэгжиж буй хэд, хэдэн сумдаар явж орон нутгийн аж байдалтай танилцсан. Ингээд харахад Монгол гэдэг тэнд байгаа Австралитай адилгүй, нүүдэлчид, малчид маань Австралийн аборигенууд биш, өөрийн онцлогтой байдаг. Монголчуудын хувьд хэдэн зуунаас эхлээд малчид нь нэгдүгээр мах, сүү зэрэг стратегийн хүнс үйлдвэрлэгч, хоёрдугаарт, арьс шир, ноос ноолуур зэрэг стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, гуравдугаарт, ахуй амьдралаараа нүүдэлчний соёл уламжлалаа тээгч нь байдаг. Иймд уул уурхайн үйл ажиллагаа явагдсанаар тэдний уудаг ус, малын бэлчээр, аж амьдралд нь өөрчлөлт ороод байгаа учраас эрсдэлийг үнэлэхэд үндэсний онцлог ялгарч гарах ёстой. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хэрэгцээ, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтөө харсан ч бид уул уурхайгаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ төслийн хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн концепцио бариад, манай улсад тохирсон нүүдэлчин, ахуй соёлоо нэг талдаа хамгаалах, мэдээж уул уурхайн төслүүдээ цааш нь үргэлжлүүлэх гэсэн балансыг барьж, тооцоолж үзсэн. Мөн нийгмийн нөлөөллийг үнэлж, эрсдэлүүдийг тодорхойлж өгсөн. БОАЖЯ одоо ажлаа л зөв хийгээд аргачлалаа баталчих хэрэгтэй байна.

-Ямар үр дүн харагдаж байв?

-Нийгмийн эрсдэл орон нутгийн иргэд дээр өөр, суурин газрын иргэдэд өөр байна. Нэгэнт бид уул уурхай түшиглэсэн эдийн засаг мөн юм чинь яалт ч үгүй орон нутгийн иргэдийн нийгмийн нөлөөллийг шийдвэрлэх шаардлагатай. Ямар асуудлыг шийдэх, ямар эрсдэл тулгараад байгаа вэ гэдгийг бидний төслийн багийнхан монгол загвараар гаргачихсан. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгч компаниуд нийгмийн нөлөөлөл, эрсдэлийг яаж үнэлэх вэ гэдэг журмыг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас 58 дугаар тогтоолоороо баталчихлаа. Нийгмийн нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийг хамтад нь үнэлье гэж шийдлээ. Энэ бол маш том ахиц. Үүний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас энэ журмыг хэрэгжүүлэх, эрсдэлийг үнэлэх аргачлалаа боловсруулж, батлах ёстой. Энэ ажил одоог хүртэл хийгдээгүй байна. Бодвол наймдугаар сараас өмнө аргачлалаа боловсруулаад дуусгах байх. Сайн аргачлал гаргаж чадвал уул уурхайн гэлтгүй бусад мега төсөл хэрэгжихэд орон нутгийн эсэргүүцлийг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой.

-Уул уурхайн төслөөс үүдэлтэй орон нутгийнхны эсэргүүцэл урт хугацаанд үргэлжилж байгаа. Тэднийг төсөл “гацаагч, гадны тавиул босуулууд” гэж нийгмийн нэг хэсэг зэмлэдэг?

-2021 онд гарсан нэг судалгааг сонирхуулъя. 2011-2021 онд буюу 10 жилийн хугацаанд уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт татвар, төлбөр, хураамжид 18 их наяд төгрөг төвлөрсөн байдаг. Дээрээс нь уул уурхайн компаниудаас орон нутгийн хөгжлийн санд 500 орчим тэрбум төгрөг хандивласан дүн мэдээ бий. Жишээ нь, Дорноговь аймгийн Даланжаргал сум Монгол орны хувьд хамгийн их уул уурхайн лицензтэй сум. Сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд 98 лиценз олгогдсон байдаг. Ийм олон лицензтэй суманд 10 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөнийг харахад Хаан банкны шинэ байр, МАК компаниас 120 хүүхэдтэй нэг цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан байдаг. Ганц энэ сум гэлтгүй нийтлэг байдлаар орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн уул уурхайн төслийн хандивын хөрөнгө морины бай, бөхийн шагналд зориулагдсан байх жишээтэй. Тэнд цэвэр усны хангамж, дэд бүтэц, ажлын байр нэмэгдүүлэх ямар ч ажил хийгдээгүй. Тиймээс нийгмийн нөлөөллийн үнэлгээг зөв гаргаж, эрсдэлээ зөв тодорхойлж сурч байж л орон нутгийн иргэдтэй хэл амаа ололцоно. Ингэж байж уул уурхайгаа түшиглэж эдийн засгаа хөгжүүлнэ.

-Олон улсад нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэрхэн хардаг юм бэ?

-Байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийг цөөн компаниуд зөвхөн санхүүжилт босгохдоо зориулж хийж байна. Орон нутгийн иргэдтэйгээ ойлголцохгүй бол олон улсаас санхүүжилт босгох огт боломжгүй. Учир нь олон улсын санхүүжүүлэгчид мэргэшсэн байгууллагууд байдаг учраас аливаа төслийн нөлөөлөлд өртөж буй орон нутгийн иргэдэд сөрөг нөлөөтэй, түүнийгээ бууруулах ямар ч арга хэмжээг төлөвлөгөөгүй тохиолдолд зээл санхүүжилт олгохоосоо татгалздаг. Гэтэл манайх үүнийг ойлгодоггүй. Орон нутгийн иргэдийг зөвхөн уул уурхайг зогсоох гэсэн хандлагатай гэж хүлээж авдаг. Нөгөө талдаа иргэд үнэхээр хохирч байдаг. Түүнийг шийдэх ёстой. Төр шийдэх гаргалгааг нь компаниудад зааж өгөх ёстой. Олон юм шаардагдахгүй. Буух газар, нөхөн төлбөр, нүүх асуудал, ундны цэвэр ус, болж өгвөл цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдээд өгчихөд л болно.

-Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг БОАЖЯ боловсруулах үүрэг авсан гэлээ. Энэхүү аргачлалд зайлшгүй орох шаардлагатай заалт, заавар таныхаар юу байх ёстой вэ?

-Хамгийн чухал нь төсөл хэрэгжих нөлөөллийн хамрах хүрээг зөв тодорхойлох, нөлөөлөлд өртөж байгаа иргэдийн оролцоотой хамтарсан багийг компани, иргэд, судлаачид хамтраад бий болгох хэрэгтэй. Хамтарсан багаар л өөрсдийнхөө эрсдэлийг оновчтой үнэлнэ. Түүнээс Улаанбаатар хотоос нэг годгоносон хүүхэн явж очоод малчдын эрсдэлийг үнэлнэ гэж байдаггүй юм. Хамтарсан баг гаргаад эрсдэлээ зөв тодорхойлоод ирвэл шийдвэрлэх хугацааг хуваарьтай тавьчихаж болно. Иргэд бол мал биш, ойлгомжтой харилцах, асуудлыг нь бодитоор шийдвэрлэвэл төслүүдийг ч бүрэн дэмжихээр байгаад байна. Дээрээс нь нөлөөллийн үнэлгээнд нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох болон гомдол гаргах механизмыг орхигдуулж болохгүй.

Б.ЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэхэд тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 17, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4:55 цагт мандан, 20:47 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +20..+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байв” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Зам тээврийн
хөгжлийн дэд сайд Л.Халтар “Б.Цогтгэрэл
манай
гэр бүлээс
уучлалт
гуйсан” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Санхүү эдийн
засгийн их сургуулийн
ахисан түвшний
профессор, Компанийн
засаглалын хөгжлийн
төвийн гүйцэтгэх
захирал, доктор Т.Цэнд-Аюуш “ТӨБЗГ-ын ажилд Засгийн газар,
яамдын амбиц орж хяналтыг сулруулж, хулгай
гарах нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улстөрчид нь эх орноо тонодоггүй
байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг
гүрэн болж сэргэх байв” гэв.

Улсын гарьд М.Бадарч “Алтан цом”-ын дор монгол туургатнууд нэгдэх хэрэгтэй” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

ЗАХИДАЛ ИРЛЭЭ: Г.Ган-Очир “Миний тухай худал мэдээллийг интерполд
өгч, намайг шоронд хийлгэсэн


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Story News 7

Story News 7

Story News 6

Story News 6

Story News 5

Story News 5