Categories
мэдээ нийгэм

Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ (бөөрний ялгаруулах үйл ажиллагаа, гистеросалфингографи, шодойн хөндүүлэг бие, шээдэг сүв, шээлгүүр өгсүүлэх, уруудуулах, цистография)-г 45 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм цаг-үе

АИ-92 шатахууны 28 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Манай улс он гарснаас хойш 684.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 199.7 мян.тн, АИ-95/98 автобензин 6.1 мян.тн, ДТ 390.6 мян.тн, онгоцны түлш 13.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 53 мян.тн байв.

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 117,561 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,551 тн буюу 27, АИ-92 автобензин 35,345 тн буюу 28, АИ-95 автобензин 3,575 тн буюу 27, дизель түлш 70,102 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотод 62,826 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 754 тн, АИ-92 автобензин 19,934 тн буюу 21, АИ-95 автобензин 2,230 тн буюу 31, дизель түлш 36,872 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрт илрүүлэгт нэг сая иргэн хамрагджээ DNN.mn

Тавдугаар сарын нэгний байдлаар эрт илрүүлэг үзлэг оношилгоонд нэг сая иргэн хамрагдаад байна. Одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдээ хамруулах ажлыг эхлүүлсэн. Нийт шинжилгээнд хамрагдсан иргэдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь эрэгтэйчүүд байна.

Үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 60.5 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Мөн үзлэгт хамрагдсан иргэдийн 49.9 хувь нь орон нутгаас хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн хошууч Ж.Алтангэрэл: Долдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг буудсан хэрэгт татагдсан 14 цагдааг цагаатгасан тогтоолыг таван жил дарсныг сая олж мэдсэн DNN.mn

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр дөрвөн хүн буудуулж, нэг хүн угаартаж нас барсан дуулиант хэрэг мандсан. Олон зуун залуус баривчлагдаж ял сонссон нь ч бий. Энэ хэргээс улбаалж Цагдаагийн байгууллагыг тухайн үед удирдаж байсан дөрвөн хурандаа ял сонсож, цагдаагийн 14 албан хаагч хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг. Тэгвэл мартагдах дөхсөн энэ хэргийг сэргээж шалгаж эхэлсэн талаар мэдээллүүд гарч эхлээд байна. Энэ дуулиант хэргийг дахин шалгаж эхэлнэ гэдэг бол шинэ нөхцөл байдал, шинэ нотлох баримт илэрсэн гэсэн үг. Энэ хүрээнд Цагдаагийн ажилтны ар гэрийн холбооны гүйцэтгэх захирал, цагдаагийн хошууч Ж.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Долдугаар сарын 1-ний хэргээс хойш 15 жил болжээ. Та бол тэр үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчид болон хэрэгт буруутгагдсан цагдаа нарын эрхийг хамгаалж олон жил дуугарсан хүн. Өнөөдөр тэдгээр цагдаа нарын нөхцөл байдал ямар байгаа талаар та л бодит зүйл ярина даа…?

-Долдугаар сарын 1-ний хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн аж амьдралд юу болов гэхээр эмгэнэлтэй зураг л харагддаг. Тухайн үед цагдаагийн газрыг удирдаж байсан дарга нар хорих ялаар шийтгүүлсэн. Үүрэг гүйцэтгээд явж байсан цагдаагийн 14 алба хаагч сэжигтэн яллагдагч нэртэйгээр 15 жил орчим явлаа.

Хүний нэр төр цэвэр тунгалаг байх, ар гэрийн аж амьдрал, сэтгэл санаа амар амгалан, төвшин байх, ижий аав нь үр хүүхдийнхээ үйл ажлаар бахаддаг, үр хүүхэд нь аав ээжийнхээ алба ажлаар эрэлхдэг, эрэмшдэг явдал өнгөрсөн 15 жилд энэ хэдэн цагдаагийн алба хаагчдад байгаагүй. Тэдний эдлэх ёстой эрх зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, хэлмэгдсэн. Тухайлбал, дөрвөн даргыг шийтгээд ял эдлүүлсэн.

Зарим нь нас барсан даа. Энэ бол тийм дурсаад, тийм ч таатай биш байна. Гэхдээ яг одоо бодит байдал ийм л байгаа.

Яагаад цагдаагийн дарга нарыг хилсээр шийтгэчихсэн гэж хэлж байгаа юм бэ гэж чи асуух байх. Ерөөсөө яллагдагч сэжигтнээр татагдсан 14 алба хаагчийг нас барсан дөрвөн хүнийг буудсан гэдгийг тогтоогоогүй. Тийм мөртлөө чиний удирдлагад байсан цагдаа нар хүн буудаж алсан байна гээд дөрвөн даргыг шийтгэчихэж байгаа юм. Ингэж болдог юм уу. Бүр сонин зүйл болсон. 2017 оны долдугаар сард дээрх нэр бүхий цагдаагийн 14 алба хаагчийн үйлдэл холбогдлыг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг юм байна. Үүнийг бид саяхан, өнгөрсөн арванхоёрдугаар сард олж мэдлээ.

-Таван жилийн дараа гэсэн үг үү?

-Тийм.

-Яагаад?

-Бид ч үүнийг асуумаар байна. Яагаад тухайн үед нь, 2017 оны долдугаар сард хүмүүст нь тогтоолыг танилцуулсангүй вэ. Яагаад ЦЕГ-ын удирдлага, дарга нарт мэдэгдээгүй юм бэ. Ёстой нөгөө ариун явдал уу гэдэг юм болсон. Бид энэ асуудлаа хөндөж, тавьж, ярьж байгаа.

-Таван жил дарах ямар сонирхол байна вэ?

-Мэдэхгүй. Хэлэхээсээ айсан юм уу. Одоо их сонин байдал үүсч байна. Долдугаар сарын 1-ний хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан 14 хүнийг “Чи гэмт хэрэг үйлдээгүй байна” гээд чөлөөлснөө хэлэхээр нөгөө дөрвөн даргыг яах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Тэд ял эдэлчихсэн шүү дээ, бүр. Хүн хэлмэгдүүлсэн бодит факт мөн биз дээ.

Энэ хэргийг прокурор, Прокурорын мөрдөн байцаах алба өөрөө л хийсэн ажил. Дотроо бүтэц байгуулж байгаад энэ хэргийг мөрдөөд прокурор нь яллаад шүүх дээр шүүн таслах ажиллагааг явуулчихсан шүү дээ.

-Хэргийн гол буруутан гэж үзэж байсан цагдаа нарын эрх сэргэлээ гэхэд амиа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан бэ гэдэг асуудал сөхөгдөх нь?

-Түүнийг олох ёстой. Би мөрдөгч биш л дээ. Ерөнхийд нь тойм ойлголтоор харахад яг долдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэр гарсан үетэй давхцуулаад дөрвөн хүнийг хэн буудаж алсан бэ гэдгийг шалгах субъектууд нь цагдаа, тагнуул байсан бол өөр байх байсан болов уу. Прокурорын дэргэдэх мөрдөн долдугаар сарын 2-ноос нь энэ хэргийг шалгаж эхэлсэн. Прокурорын мөрдөнг муу, чадваргүй гэж хэлэх гэж байгаа юм биш. Тэд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, прокурор гэх мэт тусгай хүчний байгууллагын ажилтнуудын дундаас үйлдсэн гэмт үйлдлүүдийг шалгадаг субъект. Түүнээс биш эрүүгийн гэмт хэрэгтэн, гадаадынхныг шалгах эрх байхгүй. Хуулиараа тийм. Нэг ёсондоо цагдаагийн эргүүл хамгаалалтын газрын тухайн үед тэнд үүрэг гүйцэтгэсэн хэдэн албан хаагчдыг л шалгаад байсан. Манай хэдийг л тойруулж мөлжсөн. Гадагшаа хальж чадаагүй. Гадагшаа гарч шалгах эрх ч байхгүй, боломж байхгүй.

Нийгэмд ойлгуулахдаа цагдаа л энэ хэргийг үйлдсэн гэдэг. Х.Тэмүүжин гэдэг сайд сум, хонгио хоёр харуулж байгаад “Цагдаа буудсан” гэж яриад байсан биз дээ. Ингэж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, цагдаа л буудсан юм байна гэдэг тархи угаалт хийсэн. Тэгж цагдаагийн албан хаагчдыг шийтгүүлсэн. 14 албан хаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгочихоод таван жил дарсан. Энэ өвөл л олж мэдлээ шүү дээ. Ийм л зүйл болоод байгаа юм. Яривал зөндөө юм ярина. Гэхдээ ярих цаг нь арай болоогүй байна. Улс төрийн нөхцөл байдал, чин үнэнийг хэлэхэд Шүүх, Прокурор ямархуу ёозтой байгаа вэ гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж шалгаж эхэлсэн гэж байгаа. Цагдаа нарын хэрэг хэрэгсэхгүй болж, шинэ нөхцөл байдал илэрчээ дээ, янз нь?

-Гэмт хэрэг үйлдсэн, үйлдэгдсэн нөхцөл байдал дээр уялдуулаад сэжигээ зөв гаргаад шалгалтаа хийх ёстой. Даанч олон жил боллоо. Сэжиг, тухайн үед авагдаж байсан мэдээ, мэдээлэл гэж юу байдаг юм бол. Прокурорын мөрдөн байцаах алба юу шалгасан байдаг, тэр хэрэг дотор сонирхол татахуйцаар ямар баримт авагдсан байдгийг үзэх шаардлагатай болж байна. Улстөржихөөрөө л хүний амь насны хэрэг илрэхээ байчихаад байгаа шүү дээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг байж л байна.

-Хэрэгт татагдсан цагдаа нараас гадна үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон алба хаагчид олон байдаг. Тэд ажил үүргээ гүйцэтгэж байгаа юу?

-Долдугаар сарын 1-нд 532 алба хаагч ямар нэгэн хэмжээгээр бэртэж гэмтлээ гэсэн тоо гарсан. Үүнээс 397 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хохирогчоор тогтоогдсон байдаг. Ер нь ойлгомжтой нь, хатуу биетийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байдаг. Чулуунд оногдсон, модоор, төмөр трубагаар цохиулсан, сүлбүүлсэн, хатгуулсан. Нүүр нүд, толгой тархиндаа цохиулсан хүнд зэрэгтэй гэмтлүүд олон гарсан. Нүдний хараа, өрөөсөн бөөрөө авахуулсан, өрөөсөн төмсөгөө авхуулсан, тахир дутуу болсон, нурууны хугарлаас болж сэртэн яснууд хугарсан, группэд орсон алба хаагчид олон бий. Миний санаж байгаагаар найман хүн хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон. 10 орчим хүн тухайн үед ажлаа хийж чадахгүй болж чөлөөлөгдөж байсан.

-Цагдаагийн байгууллага энэ хүмүүстээ анхаарал тавьж байв уу?

-Амралт сувиллын газарт явуулсан, асарсан. Хэрэг гарснаас хойш нэг жилийн дараа Ламбаа гуайг Эрүүл мэндийн сайд байхад хамтарсан Ажлын хэсэг гаргаад долдугаар сарын 1-нд бэртэж гэмтсэн 397 албан хаагчаас 245 хүнийг дахин эмчилгээ шинжилгээнд хамруулсан юм. Үүнээс 140 хүн эдгэрч илааршсан байна, ажил үүргээ гүйцэтгэж болно гэсэн бол үлдсэн 100 гаруй хүн үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай болж таарсан. Эмчилгээ сувилгаанд зориулж тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгсөн удаа ч бий.

-Буудуулж амиа алдсан иргэдийн ар гэрт улсаас нөхөн олговор олгосон. Цагдаагийн ар гэрийг улсаас харж үзсэн зүйл байдаг уу?

-Манайханд өгөөгүй. Долдугаар сарын 1-ний үймээнээр авсан гэмтэл нь даамжирсаар нас барсан дөрвөн алба хаагч бий. Хамгийн сүүлд Эрдэнэ-Очир нас барсан. Тархины хүнд гэмтэлтэй. Унаж тусдаг болоод ажлаа хийж чадахгүй болсон доо, хөөрхий. Тиймээс группэд гарч, өвчин нь даамжирсаар өөд боллоо. Мөн П.Баясгалан гэж залуухан цагдаа бас яг ийм тархины гэмтэлтэй. Ажлаа хийж явж байгаад нэг л орой “Толгой өвдөөд байна” гэж хэвтээд л нас барсан байдаг. Үүнээс өмнө хоёр ч алба хаагч өөд болсон юм. Эдгээр дөрвөн хүн долдугаар сарын 1-ний үймээний үеэр олсон гэмтлээсээ болж л нас барсан гэж үздэг. Талийгаачдын ар гэрт ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор олдоогүй.

Харин буудуулж нас барсан, угаартаж нас барсан, бууны сумны шарх олоод тахир дутуу болсон иргэдэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 50 сая ч бил үү, 80 сая бил үү төгрөг өгсөн. Би бас энэ хүмүүстээ олж өгье гэж хөөцөлдөж үзсэн. Бүтээгүй.

-Юу гэх юм бэ?

-Цагдаа гэхээр тэгдэг юм уу, өгөх сонирхолгүй юм билээ. Тухайн үеийн төр нь аль талдаа үйлчилдэг байсан бол доо гэж би одоо боддог юм. Үймээн дэгдээсэн хүмүүст үйлчилдэг төр байсан юм биш биз дээ гэж. Монголын цагдаа бол төрийн гар хөл байх аа. Хуулийг сахиулах л гэж ажиллаж байгаад эрэмдэг, зэрэмдэг болсон хүмүүс. Яахав, 2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Нөхөн олговрын хуулиар тэтгэмж авсан хүмүүс бий. Гэмтлийн зэргээсээ хамаараад 700 мянгаас долоон сая төгрөгийн нөхөн олговор өгсөн байдаг юм. Түүгээр болчихлоо гэж үздэг юм болов уу даа.

-Цагдаагийн дөрвөн албан хаагч гэмтлээ даалгүй нас барсан гэлээ. Ар амьдрал нь ямаршуу үлдсэн бол доо?

-Ажлаа хийж байгаа ард иргэд яажшуу амьдардаг билээ дээ. Гэтэл ажилгүй болсон айл өрхийн аж амьдрал ямар байх нь ойлгомжтой. Дээрээс нь тархи, нуруу нугасны гэмтэл өвдөлт ихтэй байдаг. Хэрэглэдэг эм тан нь ховор, үнэтэй. Гавьтай сайхан амьдраад байгаа юм алга.

Жишээлбэл, талийгаач Эрдэнэ-Очир гэдэг цагдаа гэр бүлээрээ хөлсний байранд амьдардаг байлаа. Өндөр настай ээжтэйгээ, эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байсан. Хүүхэд нь оюутан болсон гэж дуулддаг. Оюутны сургалтын төлбөр, орон байрны түрээсийн мөнгө, ээжийнх нь асаргаа зэрэг их л зардалтай. Гэтэл тэр гэрийг тэжээж байсан хүн нь гэмтлээр өөд болчихсон.

П.Баясгалан гэдэг цагдаа байлаа. 32-хон настайдаа тархины гэмтлээр нас барлаа. Гэтэл удалгүй эхнэр нь бас өөд болсон. Тэгээд өнчин нэг охин үлдсэн. Уг нь хөөрхөн товхийсэн айл Зурагтад амьдарч байсан юм билээ. Гэвч нөхөр нь үүрэг гүйцэтгэж байгаад гэмтэл авч өөд боллоо. Аж амьдрал нь доройтоод эхнэр нь сэтгэл санааны хямралтай явсаар нас барчихсан. Өнчин үлдсэн охиныг талийгаач цагдаагийн аав Пүрэвдорж асардаг. “Өнчин охиноо сургуулийг нь төгсгөөд мэргэжилтэй болгочих юмсан даа” гэж Пүрэвдорж ярьдаг. Хэдэн муу цагдаа нарын маань нөхцөл байдал иймэрхүү л байгаа юм.

Энэ хэргийг сэргээгээд шалгаж байгаа нь сайн. Гэмт хэрэгтнийг олох хэрэгтэй. Нөхцөл байдлыг зөвөөр тогтоох ёстой. Бас нэг сайн юм нь 14 цагдааг хүн буудсан, хүний амь нас бүрэлгэсэн, зохион байгуулалттай бүлэг гэдэг ангиллаас амьдад нь нэрийг нь салгасанд баяртай байгаа. Энэ хэргээс улбаатай олон ч хүнд, хэцүү зовлон бэрхшээлийг тэд маань үзэж дээ.

-Харамсалтай нь Ш.Батсүх хурандаа ялаа эдэлж гарч ирээд удалгүй өөд болов уу даа?

-Ш.Батсүх хурандаа сахартай байсан хүн л дээ. Сахар бол сэтгэл санаанаас шалтгаалдаг хэцүү өвчин. Сахар нь эцсийн шатандаа орчихсон. Тийм байдлаас болж өөд болсон. Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгуулж, хоригдож байх хугацаанд нь ээж, хоёр ч дүү нь өөд болсон байдаг шүү.

Нөгөө 14 цагдаагийн алба хаагчдын нэг Мягмаржав хурандаа нас барсан. Даржаа дэд хурандаагийн эхнэр өөд болсон, хөөрхий. Хажуудах хань ижил нь хэрэг төвөгт шалгуулж шаналгаатай байхаар эргэн тойрны хүмүүст хүнд нөлөөлнө шүү дээ. Ариунболд цагдаагийн аав өөд болж, Батцэрэнгийн эхнэр салж хүүхэд нь өнчрөөд, аав нь нас барсан гээд яривал их л хүнд зүйлс болсон доо. Хүний амьдрал тоглоом болж байна шүү дээ. Ядаж л энэ хүмүүст олон жил хилийн хориг тавьчихсан. Төмөр замын цагдаа байлаа гэхэд галт тэргэнд үүргээ гүйцэтгээд хойшоо хил гарах гэхээр хоригтой гээд хил дээрээс буцаадаг. Цагаан сар болж байна, ижийдээ оймс тэрүүхэн олоод ирье гээд урагшаа явахаар буцаад л ирнэ. Энэ чинь хүнийг хөөрхөн шоглож байгаа юм.

-Тангараг өргөсөн цагдаа нар өөрсдөө онц хүнд гэмт хэрэгт татагдаж, нийгэмд адлагдаж удаан хугацаанд явах тийм ч хүсэх зүйл биш шүү…?

-Хүнд, хүнд. Монголын төрд тангараг өргөдөг субъектууд бий л дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдээс эхлээд эмч, сувилагч, прокурорууд тангараг өргөдөг. Гэхдээ шаардлага гарсан тохиолдолд амь биеэ үл хайрлахаа батлан тангараглаж байгаа ганцхан субъект байгаа. Тэр нь цагдаа. УИХ-ын гишүүд эх орноосоо урвах юм бол амь насаа өгнө гэдэггүй биз дээ. Тэгчихээд улс орноо тоноод, ард түмнээ ядууруулаад л явж байна. Харин Монголын цагдаа шаардлагатай тохиолдолд амь насаа үл хайрлахаа батлан тангараглаж байгаа. Тиймдээ ч долдугаар сарын 1-ний хэрэг дээр нэг ч цагдаа дуулга, бамбайгаа тайлж шидчихээд зугтаагаагүй юм шүү. Ямар ч байсан чулуун мөндөрт хавтгай болтлоо нүдүүлээд ард нь гарсан юм. Гэтэл яллагдагч болсон, дарга нар нь шоронд орсон. Том доромжлол шүү.

1930-аад оны үед цагдаагийн дарга нар хэлмэгдсэн байдаг юм. Гүрсэд, Дугаржав нарын дөрвөн хүнийг тухайн үед ЗХУ-д аваачиж цаазлуулсан. Гэтэл XXI зуунд Монголын төр цагдаагаа дахин хэлмэгдүүлсэн. Энэ явдал түүхэнд үлдэх байлгүй, бичигдэх байлгүй. Ямар нэгэн хэмжээгээр хойчийн хойч үед сургамж болж үлдэх л ёстой асуудал.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш манай улсад ОХУ-ын 76 мянга гаруй иргэн иржээ DNN.mn

Манай улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээг 1.2 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас он гарснаас хойш манай улсад гадаад иргэдийн тоог тодруулахад, дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 140,000 гаруй хүн иржээ.

Гадаад иргэдийг ирсэн улсаар нь авч үзвэл, 76,496 буюу 55 орчим хувь нь ОХУ-аас, 30 орчим мянга нь БНХАУ-аас ирсэн байна.

Сонирхуулахад, гуравдугаар сарын 11-ний байдлаар ОХУ-аас 35,763 иргэн орж ирсэн нь манай улсад ирсэн гадаад иргэдийн 60 хувийг эзэлж байжээ. Манай улсад ирж буй ОХУ-ын иргэдийн тоо өссөөр буй бөгөөд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ОХУ-аас 59,215 хүн ирсэн байна.

График:

Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн дийлэнх нь Чингис хаан, Алтанбулаг, Боршоо боомтуудаар орж иржээ. Эдгээрээс визгүй орны иргэд 75 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сумъяа: Монгол Польшийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна DNN.mn

Дэлхийн геополитик ээдрээтэй энэ цаг үед, дайнтай орны дэргэд нь оршдог БНПУ-ын төрийн тэргүүн Анджей Дуда манай оронд айлчилсан нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал боллоо. Түүний айлчлалын эргэн тойрондох асуудлаар Олон улсын судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай ярилцлаа.


-Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда өнгөрсөн долоо хоногт манай улсад Төрийн айлчлал хийлээ. Түүний айлчлалын онцлог юу байв?

-Монгол Польш хоёр улс 70 гаруй жилийн дипломат харилцаатай. Энэхүү түүхэн харилцаатай орны төрийн тэргүүн манай улсад арван жилийн дараа айлчилж байна.

Хоёр улс олон жилийн уламжлалт харилцаа, өндөр дээд харилцан айлчлалын давтамжаа хадгалах үүднээс Анджей Дудагийн айлчлал өндөр ач холбогдолтой болсон гэж дүгнэж болно. Монголын хувьд Польш улс бол европын орнууд дундаас уламжлалт тогтвортой харилцаатай улсуудын нэг юм.

-Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийсэн. Нэлээд олон салбарт Польшийн талтай хамтран ажиллахаар болсон. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Хоёрдугаарт, уул уурхайн чиглэлээр хамтарсан судалгаанууд тухайлбал “Бэлийн булаг, Задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ” хийхээр хоёр талын агентлагууд гарын үсэг зурлаа. Мөн мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар чухал санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Эдгээрээс гадна түүх, соёл шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд тохиролцлоо. Энэ хүрээнд хоёр талын архивын газрууд, Монгол Улсын шинжлэх ухааны академи, Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагаа өргөжиж тэлэх юм байна.

-Олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой байгуулсан хэлэлцээрийн талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу. Энэ нь манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ зарим хэсгийг европоос импортолдог. Ингэхдээ битүү хөргүүртэй ачааны машинуудаар тээвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Оросоор дамжаад Монгол руу ирдэг гэсэн үг. Ийм хүнд даацын тээврийн хэрэгслийн ихэнх жолооч нь орос, беларусь голдуу хүмүүс байдаг. Харин польш болон монгол жолооч нар тэднээс ачааг нь аваад Монголд тээвэрлэж ирдэг. Мөн Монголоос ачаа тээвэрлэдэг. Харин Олон улсын авто тээврийн харилцаанд манай хоёр улс хамтран ажилласнаар тэндээс Монголын жолооч нар чингэлэгт тээврийн хэрэгслүүдийг жолоодож, Монгол руу шууд тээвэр хийх бололцоог хангаж байгаа юм. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд хоёр улс тээврийн бичиг баримтуудаа харилцан хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Польш, Орос, Беларусь бас Монголын талаас жолооч нар ачаа бараа зөөх, гадаад худалдаа экспорт, импорт хийхэд чухал ач холбогдолтой. Манай бараа бүтээгдэхүүн Польшид цаашлаад европ руу тээвэрлэх гарц нээгдэж байгаа юм.

Тээвэр ложистикийн чухал ач холбогдолтой хэлэлцээр боллоо гэж харж байна. Үүний зэрэгцээ Монгол Польшийн агаарын тээврийн харилцаа хөгжих байх гэж харж байна.

-Польшийн ерөнхийлөгчийн айлчлалаар тус улсын ЭСЯ-ыг Улаанбаатарт нээж байгаа тухай онцолж байсан. Ингэснээр бидэнд ямар боломжууд бий болох вэ?

-Польшийн ЭСЯ-ыг сэргээн ажиллуулах бэлтгэл ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Харин 2023 онд Польшийн ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын үеэр Улаанбаатар дахь ЭСЯ-ны нээлтээ хийв. Мөн визийн үйлчилгээ, шинжлэх ухаан, аялал жуулчлал, соёл зэрэг олон салбарт эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр 2024 оны эхээр Польшийн Консулын үйлчилгээний газрыг элчин сайдын яамны дэргэд нээхээр болсон. Ингэснээр хоёр улсын хамтын ажиллагаа иргэд хоорондын харилцаа солилцоог өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр Европын орнууд дундаас Монгол Улстай хамгийн их худалдаа хийдэг улсуудын нэг нь Польш улс юм. Эдийн засаг худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа ЭСЯ-тай байж ажиллах чухал. Тэр утгаараа Монголын тал баяртай байгаа болов уу. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт Польшийн ЭСЯ байхгүйгээс болж манай иргэдэд багагүй хүндрэл учирдаг байлаа шүү дээ. Бээжин дэх Польшийн ЭСЯ-нд ч юм уу, Улаанбаатар дахь Чехийн ЭСЯ-нд виз мэдүүлдэг байсан. Харин одоо Улаанбаатарт виз мэдүүлэх боломжтой болно.

-Ингэхэд хоёр улсын бизнесийн харилцаа ямар түвшинд байдаг юм бэ. Польшийн хөрөнгө оруулалт аль, аль салбарт зонхилж байна.Тэд Монголоос юу авах сонирхолтой байдаг юм бол?

-Польш улс бол зүүн болон төв Европтоо нэлээн том эдийн засаг. ДНБ-ний хэмжээгээр дэлхийд 21 дүгээрт эрэмбэлэгддэг. Тэр утгаараа бүхий л салбарт манайхтай хамтран ажиллах бололцоотой. Хөдөө аж ахуй, машин техник, технологи талдаа нэлээд өндөр түвшинд хүрсэн. Европын стандартад нийцсэн үйлдвэрлэгч орон юм. Тиймээс Польш улс бол хамтарч ажиллах бүрэн бололцоотой улсын нэг. Тус улсын зүгээс Монгол Улстай хамтрах сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Жишээлбэл, уул уурхай, геологи хайгуулын салбарт хамтарч ажиллах бололцоо байна. Өмнө манай экспортын голлох уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулахад хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр саналаа илэрхийлж байсан.

-Манай хоёр улс геополитикийн хувьд ямар онцлогтой вэ. Худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх ямар боломжууд байдаг вэ?

-Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Газар зүй, геополитикийн онцлог нь энэ хоёр улсаас ихээхэн хамааралтай. Польш улс бол Европ Оросын дунд байдаг геополитикийн онцлогтой улс байгаа. Монгол, Польш зарим талаараа ижил төстэй газар зүй геополитикийн нөхцөлд орж байсан улс. Энэ үүднээсээ харилцан нэг нэгнийхээ нөхцөл байдлыг ойлгодог улсууд.

-“Украины хямралын дараагаар, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн дэлхийн 50 гаруй улсын удирдагчид Украинд айлчлаад байна” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр та судлаачийн нийтлэлээ хүргэсэн байсан. Сая Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад ирэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн орондоо айлчлахыг урьсан. Тэгэхээр түүний хувьд Польшоор дамжиж Украин руу айлчлах бололцоотой юу?

-Энэ цар тахлын ээдрээтэй нөхцөлд дэлхийн хамтын нийгэмлэгийн 200 орчим улсаас өнөөдрийн байдлаар 50 гаруй улсын төр засгийн тэргүүнүүд Украинд айлчилсан байна. Монгол Улсын хувьд Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын нэг. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд тус хямралыг шийдвэрлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын хүчин чармайлт тодорхой хэмжээнд чухал гэж бодож байна. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Украинд айлчлах бололцоотой талаар судлаачийн байр сууриа илэрхийлсэн нийтлэл гаргасан байгаа. Дэлхийн олон орны удирдагчид Польш улсаар дамжин Украинд айлчилсан. Энэ утгаараа Украины хямралын үед Польш бол маш чухал байршилд байгаа орон юм. Польш, Монгол хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай энэ цаг үед Монгол Улс Варшавт өндөр дээд хэмжээний айлчлалыг амжилттай зохион байгуулах боломжтой. Цаашлаад манай зүгээс Польш улсаар дамжин Украинд айлчлал хийхэд аюулгүй байдал болон бусад талаасаа Польш улсын дэмжлэг чухал юм.

-Украины хямралаас хойш Польшийн тал тус улсаас арав гаруй сая дүрвэгч хүлээж авсан тухай мэдээлж байгаа. Дайн болж буй оронтой зэрэгцээ шахам оршдог тус улсын төрийн тэргүүн энэ ээдрээтэй нөхцөлд манай улсад айлчилсан нь дэлхийн анхаарлыг татах шиг боллоо. Польш улс бол НАТО, ЕАБХАБ-ын гишүүн орон. Энэ зэргээс харвал бүс нутгийн орнууд Польшийн ерөнхийлөгчийн айлчлалыг яаж харж байгаа бол?

-Ер нь бол Монгол Улс дахь Польш улсын төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын тухайд гэвэл Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска манай улсад 2019, 2021 онуудад ирж байсан. Мөн өнгөрсөн 2022 онд Польш улсын Гадаад хэргийн сайд Зибегнив Рау айлчилсан. Энэ удаад Польшийн ерөнхийлөгч Монгол Улсад айлчиллаа.

Харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, Монгол Польшийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Монголын талаас уламжлалт найрсаг харилцаагаа хадгалах, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжаа нэмэгдүүлэхэд цаашид анхаарах хэрэгтэй болов уу. Энэ үүднээс нь авч үзвэл Польшийн ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол дахь айлчлал ач холбогдолтой байв.

Польш улс бол Украины хямралд маш чухал байр суурь эзэлж байгаа. Польшийн хилээр дамжиж бусад улсууд руу Украины дүрвэгсэд явж байна. Мөн Польш улс өөрөө Украины дүрвэгсдийг их хэмжээгээр оруулж, ажил, амьдрал, хүндрэлтэй асуудлуудыг нь шийдвэрлэж байгаа улсуудын нэг. Польш, Украин хил залгаа хөрш орнууд, уламжлалт харилцаа зэрэг нь үүнд ихээхэн нөлөөтэй байгаа.

Польш, Монгол Улс багтдаг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Америк, Ази тивийн 57 гишүүн оронтой бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Польш улсын Гадаад хэргийн сайд бөгөөд ЕАБХАБ-ын 2022 оны дарга Зибегнив Рау айлчлахдаа, Монгол Европ Польшийн харилцаа ЕАБХАБ хамтын ажиллагаа чухлыг онцлоод өнгөрсөн.


Categories
мэдээ эдийн-засаг

“Тавантолгой” ХК-ийн нүүрсний дуудлага арилжааны хуваарьт өөрчлөлт орлоо DNN.mn

БНХАУ-д Майн баярын өдөр тохиолдож байгаатай холбогдуулан “Тавантолгой” ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт болох 2 багц буюу 12,800 тонн, 5 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт болох 5 багц буюу 32,000 тонн нүүрсний дуудлага арилжааны хуваарь, нөхцөлд өөрчлөлт орлоо.

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11:00 цагт 5 багц буюу 32,000 тонн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12:00 цагт 5 багц буюу 32,000 тонн нүүрсийг тонн бүрийг нь 139,2 ам.доллароор тус тус арилжаална.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бээжин рүү машинаар очих нь “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг гунигт түүхийг үгүй болгох юм DNN.mn

Монголчууд автомашинаар Бээжин рүү зорчдог болно гэсэн нь үнэхээр сайн мэдээ байна. Салбарын яам уг асуудлаар нэлээд идэвхтэй хөөцөлдөж, ажил хэрэг болгохоор хичээж байгаа дуулдсан. Энэ нь биеллээ олчих юм бол манай ард түмэнд хэрэгтэй. Том зургаар нь харахад бидний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжраад ирнэ. Олон, олон таатай боломжууд ч нээгдэнэ. Ядаж л Бээжинд сурахаар мордож буй учраа мэдэхгүй шинэхэн оюутнаа ээж, аав, ахан, дүүс нь өөрсдийнхөө унаагаар хүргэж болж байна. Хүний газарт анх очиж байгаа хүүхдээ түм түжигнэсэн их хотод төвхнүүлчихээд буцахдаа тэр гэр бүл ч гэсэн сэтгэл өег байх нь үнэн. Хамгийн гол нь эдийн засагт хэмнэлттэй. Онгоцонд ганц хүн явах зардлаар хувийн унаатайгаа бүхэл бүтэн гэр бүлээрээ Бээжин ороод ирчихнэ. Зүгээр ч үгүй тэндээ шоппинг хийж, газар үзэж, гадны соёлыг биеэрээ мэдрэх боломжтой.

Улаанбаатараас Бээжин хүртэл 1170 км-ийн зайтай. Энэ нь манай баруун хязгаар аймаг болох Баян-Өлгий орохоос ч ойрхон гэсэн үг. Өлгий рүү бид үүрээр хөдлөхөд шөнө дунд очдог. Замдаа саатахгүй, тасралтгүй явахад шүү дээ. Харин Бээжин рүү үүнээс ч богино хугацаанд асуудалгүй хүрнэ. Улаанбаатараас эртхэн шиг гарч давхиад Эрээн ороод хоночихно. Тэндээсээ өглөө Бээжин рүү гишгэхэд оройхондоо зорьсон газартаа очсон байна. Ингэж хувийн унаагаараа Бээжин рүү явдаг болвол хичнээн сайхан бэ. Галт тэргэнд чихцэлдэж, давчдахгүй. Аяллын компанийн хөтөлбөрт захирагдахгүй. Өөрийнхөө унаагаар явж байгаа улс чинь ёстой тааваараа жаргаад ирнэ дээ. Холын замд ингэж явна гэдэг жинхэнэ тав тух.

“Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг хэлц үг бий. Урд хөрш рүү жин тээдэг байсан эрт цагт буюу хувьсгалаас өмнө үүссэн яриа л даа. Бээжин рүү тэмээгээр, үхэр тэргээр жин тээдэг байсан тэр үеийн монголчуудын дунд ийм хэлц байсан гэдэг. Жинчдийн гаргасан энэ яриаг аваад үзвэл үнэхээр гунигт түүх юм. Эрдэмтэн, судлаачдын бүтээл болтлоо судлагдсан жингийн цуваа зорьсон газартаа хүрэхийн тулд олон хоног, сараар явж туулдаг байв. Арваннэгдүгээр сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл жинчдийн улирал байсан гэж хэлж болохоор. Тэмээ гэдэг амьтан халуун зунаар ачаалал авбал тамир нь унаж, хайлдаг учраас хүйтэн сэрүүний улиралд холын замд жин тээхэд тохиромжтой. Тэгэхээр голдуу намар, өвөл, хаврын эхэн саруудад жингийн цуваа явдаг байсан нь ийм учиртай байжээ. Тухайн үед өнөөдрийнх шиг зам харгуй байсан ч биш, саад бартаа мундахгүй. Бээжин рүү хөдөлсөн жингийн цуваа зогсолтгүй явлаа гэхэд өдөрт хамгийн ихдээ 40-45 км зам л гэлдэрдэг байж. Энэ янзаар Бээжин рүү хурдлаад, хурдлаад шальтай зам хороож чадахгүй. Холын замд жинчид өөрсдөө амарна, үхэр, тэмээнийхээ нурууг тэнийлгэнэ. Цаг агаарын хүнд бэрхтэй учирна. Ингэж явсаар урд хөршийнхөө нийслэлд очиход хоёр сар шахам хугацааг зориулдаг байсан гэлцдэг. Буцаад тэндээс бараа аваад эргэхэд мөн л ийм хугацааны дараа гэртээ харина.

Тэгэхээр “Би явж байна. Бээжин сууж байна” гэдэг хэлц яалт ч үгүй гунигт түүхээс үүссэн байгаа биз. Бээжин хөдлөх биш, байрандаа байж л байна. Харин жинчид хэзээ нэгэн цагт хүрч л таарах байх гэсэн санаа юм. Тэгвэл өнөөдөр энэ гунигт түүх ард хоцорч байна. Бээжин сууж л байна, бид газраар хэдхэн цагт давхиад хүрдэг болох нь ээ. Мэдээж монголчууд Бээжин рүү машинтай зорчдог болвол хариуд нь хятадууд манайд ирж л таарна.

Бид очиж байгаа юм чинь тэд ирж бололгүй яахав. Тэгээд ч дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг хүчирхэг эдийн засагтай Хятад оронтой бид дотносох хэрэгтэй шүү. Хэдий болтол элдвээр зүхэж, хужаа энэ тэрээр нь дуудах юм бэ. Энэ үзэл, хийрхлээсээ болж бид их юм алдаж байгаа. Ухаантайхан нүүдэл хийж, түншийн харилцаагаа зузаатгах нь юу юунаас чухал.

Тэглээ гээд бид дагаар орчихгүй гэдгийг эрх биш мэдэх байлгүй дээ. Орчин цагийн олон улсын харилцаа өөр болсон. Хуучин шиг хүчтэй, зэвсэгтэй нь жижиг улсыг залгих биш, эсрэгээрээ харилцан нэгнээ дэмжиж, хөгжих нь дэлхийд тогтсон жишиг юм. Харин бид хөрш орноо үзэн ядаж, гоочилдог хандлагаасаа болж олон боломжийн гадна үлдсэн гэдгээ ойлгох ёстой. Адаглаад л дэлхийн том, том хотуудад “Чайна таун” байдаг. Ийм хотхонгүй нийслэл гэвэл Улаанбаатараас өөр байхгүй биз. Бусад орны Чайна таун”-д очиж үзсэн монголчууд маань сайн мэднэ дээ. Хотхон руу нь оронгуут л хоол хүнс, ахуй соёл, орчин нөхцөл, арилжаа наймаа, хүмүүсийн харилцаа зэргээс нь яг л Хятад улсад очсон мэт болдог. Нөгөөтэйгүүр гадаадын жуулчдын хамгийн их очдог газрын нэг байсаар ирсэн.

Хятадууд чөлөөтэй ирдэг болбол үндэсний аюулгүй байдал алдагдана гэж айж сүйд болоод байх хэрэггүй. Харин ч манай хөдөлмөрийн зах зээлд нэмэртэй. Өнөөдөр манайд хар ажил хийх хүн олдохгүй байгаа талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Монголд 200 мянган ажлын байр сул байна гэж Баабар хүртэл жиргэж байсан. Яг үнэндээ нэг үндэстэн бие биедээ хар ажил хийж өгөх ясны дургүй байдаг. Тэгсэн хэрнээ өөр улс, үндэстэн дээр очиж хамаг муу ажлыг нь голж шилэлгүй хийж өгч мөнгө олдог. Ойрын жишээ гэвэл, солонгосчуудын тоож хийхгүй байгаа хамгийн хүнд хэцүү ажлуудыг монголчууд болон гадны ажиллах хүч л хийдэг шүү дээ. Харин манай барилгын салбарт хятадууд л голдуу ажилладаг байх жишээтэй. Монголд хар бор ажил хийх хүн үнэндээ олдохгүй хэцүүдлээ. Залуучууд нь гадны улс орнууд руу борооны дараах мөөг шиг шавчихаар ажиллах хүчний хомсдолд орлоо гэж дээр, дооргүй ярих нь ч аргагүй юм. Тэгэхээр энэ сул орон зайд хятад хүмүүсээр ажиллуулж баймаар байна.

Ер нь хөрш орнууд хоорондоо сайн, муу хэлэгдээд л цуг амьдардаг шүү дээ. Мөнхийн зэрэгцээ орших учраас аль болох найрсаг, дотно харилцаатай байх хэрэгтэй. Гэтэл бид дэндүү хийрхсэн зантай байх юм. Ажиглаад байхад энэ нь бидний яг төрөлх мөн чанар биш юм шиг. Дээр үеийн улсуудын яриагаар Бээжинтэй ямар чухал түншийн харилцаатай байсан нь мэдэгдэж байгаа биз дээ. Тэгсэн атлаа орос ах нар гээд л дагаж намирдаг мөртлөө “Москва сууж байна. Би очиж байна” гэсэн хэлц үг бий бил үү. Бид хэзээнээсээ хоёр хөрштэйгөө ийм л маягтай харилцаатай ирсэн. Монголчуудын үндсэрхэг үзлийг ашигласан элдэв суртал ухуулга бидний өнөөгийн хийрхэлд асар их нөлөөлсөн. Шулуухан хэлэхэд, хятадуудыг харааж зүхдэг тэр хийрхэл бол оросуудын суулгасан зан. Одоо хэдүүлээ хэн хэнийг нь муу хэлж, нөгөөг нь дагадгаа больцгооё. Цаг үе өөр болж байна. Олон талын мэдээллийн эх сурвалжтай болсон. Тэгэхээр мөнхийн хоёр хөршийнхөө нэгэнд нь саймширч, нөгөөг нь муулдгаа болих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 17 түймрийг бүрэн унтраав DNN.mn

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газрын хамтарсан эргүүл хяналтын бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэхдээ шар өвсний 17 түймрийг бүрэн унтрааж, хашааныхаа шар өвсийг шатаасан, гагнуур хийсэн зургаан зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа. Мөн ногоон бүсэд зорчсон 161 автомашин, 567 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, гал түймэр гарч болзошгүй 12 зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулсан. Түүнчлэн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг чанга яригчаар иргэд, олон нийтэд хүргэж, зурагт хуудас тарааж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын газар, жуулчны баазуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг эхлүүллээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны бааз”-ын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт болоод урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйгээр ханган ажиллах юм.

Ой, хээрийн гал түймэр гарах хуурайшилт бүхий цаг хугацаа эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа тус хяналт, шалгалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.