Categories
мэдээ улс-төр

ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.29) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 22 минутад эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т заасан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцож буй гишүүдэд тараасан болохыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлэв. Төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 6.5 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн байгааг тэрбээр тэмдэглээд, үүн дээр холбогдох тооцооллыг хийхэд Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт хүргэхгүйгээр одоогийн түвшиндээ барих боломж бий гэдэг байр суурийг илэрхийлж, төсөл дэх төлөвлөлтөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. Ажлын хэсгээс хариулт өгөхдөө, Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа нь 2022 онд 52.4 хувьтай, 2023 онд 51.2 хувь байгаа аж. Засгийн газрын өрийн нийт хэмжээг төсөлд хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн хэдий ч заавал тулгах буюу төлөвлөсөн хэмжээнд хүргэх шаардлагагүй, валютын ханш болон бусад эрсдэлт нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн гэдгийг тайлбарлалаа.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсвийг төлөвлөхдөө хариуцлагыг дээшлүүлэх, дээрээс нь төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Засгийн газар, Сангийн яам онцгой анхаарах ёстой хэмээн сануулав. Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн байгаа асуудлыг анхаарахын зэрэгцээ орлогын тооцоолол дээр үүсч байгаа нөхцөл байдлуудыг анхаарч, тооцоолохыг санууллаа. Үүгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Хөгжлийн банк”-ны гэм буруугийн шүүх хуралдаан 31 дэхь өдрөө үргэлжилж байна DNN.mn

ШЕЗ-өөс өнөөдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн явцын талаарх мэдээллийг хүргэлээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож тэдгээрийн шүүх хурал 31 дэх өдрөө үргэлжилж буй юм. Шүүх хуралдаанд 215 оролцогчтой учраас Улаанбаатар чуулгын иргэний танхимд зохион байгуулж байна.

Тус оролцогч нараас Улсын яллагч 6, иргэдийн төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчид гэсэн нийт 215 оролцогчоос бүрдэж байна. Шүүх хуралд нийт есөн үе шаттай явагдахаас дөрөвдүгээр үе шатанд явж байгааг мэдээллээ. Одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт, шинжилгээг судлах үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус ажил 85 хувьтай явж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Монголын 19 бөх Бишкекийн дэвжээнд барилдана DNN.mn

Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээн зургаадугаар 1-4-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект болох хуваарьтай.

Бишкекийн дэвжээнд бөхийн гурван төрөлд 29 орны 400 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 бөх Кыргызстанд барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Эрэгтэйчүүд:

57 кг: З. Занабазар

65 кг: Т. Тулга

70 кг: Д. Төрбаяр

74 кг: З.Сумъяабазар, О. Сүлдхүү

79 кг: Б. Бямбадорж

86 кг: Б. Бат-Эрдэнэ

92 кг: Г. Ганхуяг

97 кг: Ө. Батзул

125 кг: М. Лхагвагэрэл, Э. Батмагнай

Эмэгтэйчүүд:

53 кг: Б. Болортуяа, Б. Хулан, Г. Отгонжаргал

59 кг: Х. Болортуяа

62 кг: С. Цэрэнчимэд, П. Орхон

65 кг: Ө. Пүрэвсүрэн

68 кг: Э. Дэлгэрмаа нар дэвжээнээ өрсөлдөх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Н.Учрал: Дөрвөн тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлийг ил болгов DNN.mn

Өнөөдөр /2023.05.29/ ЦХХХ-ны сайд Н.Учрал үе үеийн дүүргүүдийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл болон зургаан сангийн мэдээллийг шилэн болгож байгаа талаар мэдээлэл хийлээ.

“Шил” ажиллагааны хүрээнд 6 тусгай сангийн мэдээллийг ил болгож байна.
1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
3. Төсвийн тогтворжуулалтын сан
4. Эрүүл мэндийг дэмжих сан
5. Эрүүл мэндийн даатгалын сан

6. Ирээдүйн өв сангууд багтаж байна.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОЛГОСОН 310,503 ГАЗАР
Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд:
2000-2023 оны хооронд олгосон:
Чингэлтэй дүүргийн 35,049
Баянзүрх дүүргийн 86,051
Сүхбаатар дүүргийн 51,477
Баянгол дүүргийн 10,744
2000-2021 оны хооронд олгосон:
Багануур дүүргийн 10,487
2000-2020 оны хооронд олгосон:
Налайх дүүргийн 32,870
2000-2010 оны хооронд олгосон:
Багахангай дүүргийн 265
Хан-Уул дүүргийн 9,539

2013–2023 оны хооронд олгосон:
Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дэлгүүрийн худалдагчийн биед халдсан иргэнд зөрчлийн хэрэг нээжээ DNN.mn

Дэлгүүрийн худалдагч руу үйлчлүүлэгч нь мэс барьж танхайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, уг хэрэг 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах GS25 сүлжээ дэлгүүрт болжээ.

Иргэн Н нь үйлчлүүлж байхдаа худалдагч С-ийн биед халдан, хэл амаар доромжилж танхайрсан байна.

Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяа: Допинг гэхэд л миний дүү рүү массаараа хоморголон дайрч, ялладаг болж DNN.mn

МҮБХ-ны зүгээс Э.Оюунболд допинг хэрэглэсэн талаарх мэдээллийг хийв. Допингийн асуудлаар улсын аварга цолоо хураалгасан тэрбээр дахин допинг хэрэглэсэн гэх мэдээлэл шуугиан болж байна. Улсын арслан Э.Оюунболдын эгч Э.Саруулзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Таны дүүтэй холбоотой допингийн асуудал дахиад л сөхөгдлөө. Арслантай өөртэй нь холбогдох гээд чадахгүй юм. Э.Оюунболд арслан хөдөө байна уу?

-Одоогоор хөдөө байгаа. Удахгүй орж ирэх байх. Сүлжээ орж гараад би ч тухтай холбогдоод ярилцаж амжихгүй л байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд та ямар тайлбар хэлэх вэ?

-Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг нэрлээд өнгөрлөө. Сэтгүүлч лавлаад асуухад нь хүний нэр төртэй холбоотой асуудал гээд чимээгүй өнгөрч байна лээ. Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон.

-Арслангийн шинжилгээний хариутай та танилцсан уу?

-Үгүй. Гэхдээ энэ шинжилгээ хууль бус гэдгийг онцлох нь зөв. Аль эрт хоёр сарын өмнө авсан допингийн шинжилгээний хариугаар эрх чөлөөнд халдана гэдэг хаана ч байхгүй завхрал.

-Хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ та танилцуулахгүй юу?

-Эхний үндэслэлийг дээр хэллээ. Өөр нэг шалтгаан нь Э.Оюунболдын допингийн шинжилгээ ирэх замдаа задарсан. Журмаараа МҮБХ-ноос шинжилгээний хариуг зарлах учиртай. Гэтэл өнгөрсөн сард “NTV” телевизийн хуудсаар миний дүүгийн шинжилгээний хариу ил болсон. Ямар нэгэн байдлаар дундаа задарсан учраас л тухайн үед цацагдсан гэсэн үг шүү дээ. Олон улсын допингийн эсрэг журамд зааснаар шинжилгээний явцад нэг алдаа гарахад л тухайн шинжилгээ хүчингүй болдог. Энэ журмаараа шинжилгээ хууль бус болж байгаа юм.

-Магалжав тэргүүн удаа дараа дуудахад очоогүй гэж хэлж байна лээ. Энэ тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга. Тухайн хүмүүсийн хоорондын харилцааг мэдэх боломжгүй шүү дээ.

-Таны дүү үнэхээр удаа дараа допинг хэрэглээд байдаг юм уу?

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багш миний дүүг байгалиасаа өгөгдөлтэй, авьяаслаг бөх гэж хэлсэн байдаг. Би ч дүүгээ ингэж л боддог. Энд нэг зүйлийг онцлоход Э.Оюунболдын гарт допинг хэрэглэсэн тухай баримт өгч байгаагүй. Чи допинг хэрэглэсэн гээд л эрхийг нь хасч, цолыг нь хураасан. Энэ допингийн шинжилгээ гэх ажил хөшигний ард хаалттай явагддаг нь анхаарал татсан юм. Шинжилгээ аваад хэдэн сарын дараа хэдэн хүний нэр хэлээд л туг тахиад өнгөрдөг. Монголын Үндэсний допингийн эсрэг төв гэх байгууллагын үйл ажиллагаа шилэн байх ёстой. Ямар луйвар явдаг болоод үйл ажиллагаа нь хаалттай байгаад байгааг ойлгодоггүй. Ноцтой асуудлууд дуулдаж л байдаг.

-Тухайлбал?

-Допингийн шинжилгээг авлигал өгч нуун дарагдуулдаг тухай. Энэ хэрэгт хоёр ч эмчийг холбогдуулан АТГ-аас шалгаж байгаад нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Прокурор дээр хаагдсан байдаг. Энд ямар нэгэн нөлөөлөл орсон гэж би харддаг. Шалгагдаж байсан эмч нь одоо боксын шигшээ багт ажиллаж байна лээ. Ил яригддаг асуудал нь 2009 оноос хойш шинжилгээг АТГ нягтлахад 38 бөхийн сорьц зөрчилтэй нь тогтоогдсон байдаг. МҮБХ энэ мэт бузар булайг цэвэрлэх талаар ажил огт хийхгүй байж Э.Оюунболд руу л дайраад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой гэж харагдаж байна. Магадгүй бөхийн дэвжээнээс бүр мөсөн явуулахыг ч төлөвлөж байж болно. Миний дүүг 2019 оноос хойш л янз бүрээр хэлж, нийгмээрээ яллалаа. Одоо болсон юм биш үү. Оюунболд чинь ч гэсэн хүн шүү дээ.

-Одоо яах вэ?

-Хүний эрхийг хамгаалах байгууллагуудад л хандах байх даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нямтайшир: Улстөрчид төрийн өмчид ойр байгаа учраас авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа юм DNN.mn

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай ярилцлаа.


-Тантай уулзсаных нэн түрүүнд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгааг тань сонсмоор байна?

-Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Миний мэдэхээр 1990 оноос хойш ийм бодлогын баримт бичгийг гаргаж байсан Засгийн газар байхгүй. Үүнийг аж ахуйн нэгжүүд ихэд талархан дэмжиж байгаа. Боомтын сэргэлтийн бодлого үр дүнгээ өгч эхэлсэн. Ингэснээр экспорт нэмэгдэж валютын эх үүсвэр бий болно. Ажлын байр бий болж байна. Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болохуйц бодлогын баримт бичиг гарсан. Аж үйлдвэржилтийн сэргэлтийг хөгжүүлэх үндэсний зөвлөгөөн өнгөрөгч тав дахь өдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд өөдрөг илтгэл тавьсан. Миний бие мөн “Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс”-ийн талаар илтгэл тавьсан. Энэхүү зөвлөгөөнд төр, бизнесийн салбарынхан маш идэвхтэй оролцсон. Чуулганаас тодорхой шийдвэр гарна. Аж үйлдвэрийн үндэсний хороо хуралдаж, ойрын таван жилийн хугацаанд хүнд аж үйлдвэрийг хэрхэн яаж хөгжүүлэх, аль салбарыг нь эхний ээлжинд хөгжүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүч, усны асуудал, мөн боловсон хүчний хангалт, хууль эрх зүй болон стандарт хэмжил зүйг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн. Мөн барьсан үйлдвэрүүд нь хэрхэн олон улсын стандартад нийцсэн экспортын бүтээгдэхүүнийг бий болгох вэ зэрэг олон зүйлийг ярьсан. Онцолж хэлэхэд эдгээр асуудлуудын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоё, тэр дундаа аж үйлдвэрийг хөгжүүлэх хуультай болъё гэж ярьж байна. Энэ маш зөв. Эдгээр асуудал шийдэгдээд явбал Монгол Улсын ирээдүйг би их өөдрөгөөр харж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг ойрын хугацаанд 10 мянган ам.долларт хүргэх боломж байна. Цаашдаа монголчууд бид эх орондоо баяр баясгалантай ажиллаж, амьдрах нөхцөл нээгдэнэ гэж бодож байна.

-Аж үйлдвэржсэн орон болно гэж олон жил ярьж байгаа ч өнөөдөр бодитоор биежсэн зүйл алга. Үүнийг бодит ажил болгохын тулд яг ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та бодож байна?

-Зэс цэвэршүүлэх үйлдвэр барина ч гэдэг юм уу, энэ мэтээр том бүтээн байгуулалтын ажлыг зөндөө л ярилаа. Зөндөө л ажлын хэсгүүд томилогдлоо. Үр дүн байдаггүй ээ. Ерөөсөө 1960-аас 1990 оны хооронд аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлсний хүчинд тэр нь өнөөдөр Монголыг тэжээж байгаа шүү дээ.

Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Бор-Өндөрийн үйлдвэр гээд. 1990 оноос хойш аж үйлдвэр төдийлөн хөгжсөнгүй. Маш чамлалттай байгаа. Тийм биз?

-Тэгэлгүй яахав, асар чамлалттай байгаа.

-Тийм учраас энэ хэрэгжилтийг өнөөдөр төр хангаж чадахгүй юм байна. Хувийн хэвшилдээ итгэл үзүүлээч. Хувийн хэвшлүүд мега төслийг магадгүй консорциум байдлаар нэгдэж нийлээд гадны хөрөнгө оруулалтыг татаж Монгол Улсдаа хамгийн шилдэг техникүүдийг нэвтрүүлж аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой. Тиймээс бид хөгжлийн энэ цаг үед төрийн өмчийн оролцоог аль болох бага байлгах хэрэгтэй. Төр бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, боловсронгуй болгох үүргээ л гүйцэтгэ. Харин бүтээн байгуулалтын асуудалд хувийн хэвшилдээ итгээд үзэх хэрэгтэй. Ингэж гадны шилдэг техник технологи эзэмшигчдийг оролцуулж Монголынхоо хөгжлийн хөрс суурь болсон аж үйлдвэрийг хөгжүүлье гэж байгаа юм.

-Төр хувийн хэвшлийн өмнүүр орж ажил, үйлчилгээ үзүүлэхгүй гэж олон жил ярьж байгаа ч мөн л бодит ажил болж чадахгүй байна. Хувийн хэвшлийг бодитоор дэмжих бодлогыг та хэрхэн харж байна?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдлаа. Өнгөрөгч баасан гаригт болсон Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд ч, сайдууд ч “Аж үйлдвэрийн тухай хуультай болъё” гэж ярьж байна. Ингэхгүй бол хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр тус тусдаа хуультай. Үүнийг нэгтгээд орчин цаг үед нийцсэн бодлогын хууль гаргая гэсэн. Эрх зүйн орчин бол маш чухал асуудал.

Баасан гаригт болсон тэрхүү зөвлөгөөний үеэр төр бизнес эрхлэгчийн өмнүүр орохоо больё гэдгийг Ерөнхий сайд товч тодорхой хэлсэн. Энэ бол сайн эхлэл. Хамгийн гол нь үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх алхам дутуу байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс “Аж үйлдвэрийн үндэсний хороо” гэдгийг байгууллаа. Анхны хурал нь хуралдсан. Бүтэц зохион байгуулалтаа хийсэн. Миний бие анх удаа хувийн хэвшлээ төлөөлж “Аж үйлдвэрийн үндэсний хороо”-ны дэд дарга гэдэг албан тушаалд томилогдсон. Энэ бол шинэлэг зүйл гэж би бодож байгаа. Дандаа л төрийнхөн, дарга нар томилогддог. Сонгуулийн мөчлөгөөр солигдоод явчихдаг. Энэ байдал өөрчлөгдөх өөрчлөлтийн эхлэл тавигдаж байна гэж харж байна.

Аж үйлдвэрийн үндэсний хороо дан ганц үйлдвэр гэж ярих бус нөгөө л эрчим хүч, усны асуудал, гадны зах зээл, боловсон хүчнээр хангах, хууль эрх зүйн орчин, стандарт хэмжил зүйг боловсронгуй болгох зэрэг олон асуудал бий. Тиймээс энэ тухайд идэвхтэй ажиллана.

-Та бид хоёрыг ярилцаж буй энэ цаг мөчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нийгэмд ид хэлэлцэгдэж байна. Та энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог хэд болгох нь зохистой гэж та бодож байна?

-Монголчууд бэлгэдлийн тоог эрхэмлэдэг улс. Өөдрөг бэлгэдэлтэй тоотой байгаасай гэдгийг бид яах аргагүй л олон жил ярьсан. УИХ-ын гишүүдийн тоо хэд байх вэ гэдгийг тооцох аргачлал байдаг. Тэрхүү аргачлалаар, мөн ирээдүйн хүн амын өсөлттэй уялдуулж тогтоох хэрэгтэй. Тодорхой хэдэн жилийн дараа ахиад гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ярих бус одоо зүй зохистой хийх хэрэгтэй.

Энд гагцхүү холимог тогтолцоо байна уу эсвэл, “бүх ард түмэн сонгосон байх ёстой” гэдэг Үндсэн хуулийнхаа заалттай уялдуулж гишүүдийг бүгдийг нь тойргоос сонгох уу гэдгийг улстөрчид шийднэ.

-Өнгөрсөн хугацааны алдаа завхралыг тогтолцооны гажуудлаас үүдэлтэй гэлцдэг. Та үүнд ямар бодолтой байдаг вэ. Тогтолцоогоо яаж эрүүлжүүлмээр юм бэ?

-Тогтолцоог боловсронгуй болгох нь чухал асуудал. Монгол Улсад өнөөдөр нийтлэг ярьж байгаа өмч хөрөнгө, авлига хээл хахууль, албан тушаалын зэрэг хэргүүд нь улстөрчдөд өмч ойрхон байгаатай холбоотой асуудал. Эрх мэдлээрээ дамжуулж өмч хөрөнгийг өөрсдийн эрх ашгийн үүднээс хандуулсан. Төр цэвэршье гэвэл өмчөөс хол байх хэрэгтэй. Тиймээс төрийн өмчийг үе шаттайгаар хувьчлах асуудлыг олон нийтийн оролцоотой, засаглал сайтай, хяналттай тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл цэвэршээд эхэлнэ шүү дээ.

-Хувьчлахдаа нэн тэргүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ. Ерээд оны хувьчлалыг хүмүүс дүгнэхдээ…

-Тэр бол алдаатай бодлого явсан асуудал бий. Хувьчлалын үйл ажиллагааныхаа чиг үүргийг өөрчлөөд сүүлдээ байраа түрээсэлдэг зэрэг тухайн үеийн хувьчлалын буруу үзэгдлүүд байсан. Өнөөдөр ерэн он биш. Тиймээс төрийн өмчийг хувьчлахдаа чиг үүргийг нь огт өөрчлөхгүй, технологийн дэвшил, хөрөнгө оруулалт хийх байдлаар хөгжилд хүргэх чиглэлээр явах хэрэгтэй. Хамгийн гол асуудал нь улсын үйлдвэрийн газрууд алдагдалтай ажиллаж байна гэж яриад л байгаа. Бүгд мэдээд л байгаа. Тэгэхдээ хувьчлал хийхгүй байна. Үүний засаглалыг өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Хяналтыг сайжруулах хэрэгтэй. Үүнийгээ л төр хийхэд болно.

-Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлэх нээлтэд та оролцлоо. Шивээхүрэн боомт дээр олон жил ажилласан хүний хувьд энэ үйл явцын талаарх бодлоо хэлэхгүй юу?

-Яг 20 жилийн өмнө буюу 2003 онд Монголоос анх удаа энэ боомтоор нүүрс экспортолсон. Энэхүү боомтыг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай болгох ажлыг бид санаачлан эхлүүлж, хоёр улсын хооронд Засгийн газрын хэмжээнд шийдүүлж байсан. Ингээд Боомтын барилгын ажлууд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нүүрсний нийт экспортын 48 хувийг энэ боомтоор гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Таван толгой гэж яригдаагүй байх цаг үед буюу 2003 оноос нүүрсний экспортыг гаргаж байсан гэсэн үг. Энэ бүтээн байгуулалтын ажлыг анх эхлүүлж байсан хүний хувьд боомтыг хөгжүүлэх мөн төмөр замын асуудал их чухал гэж боддог.

2008 онд уурхай хүртэл 47.6 км нарийн царигийн төмөр зам барих бүх инженер судалгаа, зураг төслийг хийж яг бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах гэж байхад Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замыг хойш нь тавьсан. 15 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтыг хийх олон оролдлого гарсан. Уурхай хүртэл нарийн царигийн төмөр зам баригдсанаар танк ороод ирчих гээд байгаа бол боомтын хэмжээнд нь барья. Нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлэх боомтын хөгжлийн асуудлыг шийдье гээд боомтын хэмжээнд зураг төслийг хийлгэсэн. Бас л дэмжлэг авсангүй. Боомтын хэмжээнд өргөн царигаар барь гэсэн. Эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй ийм бүтээн байгуулалтыг хийхгүй гэсэн асуудал гарсан. Өнөөдөр ямартай ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад маш их баяртай байна. Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр их зүтгэл гаргаж хийж хэрэгжүүлэх санаачилгыг тавьж байсан хүний хувьд биеллээ олж байгаад баяртай байна.

-Шивээхүрэнгийн боомт дээр танайх AGV тээврийг хэзээнээс эхлүүлсэн юм бэ?

-Жолоочгүй тээвэрлэлтийн туршилтын ажил өнгөрөгч жилээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 ширхэг AGV явж байна. Хятадын талаас энэ тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа компанийг 24 болгож өргөтгөж байгаа. Ингээд 24 AGV явбал нэг рейсээр 70 орчим тонн нүүрс гарна. Зөвхөн 24-хөн AGV машинаар жилдээ 6.5 сая тонн нүүрс гаргах бололцоотой.

AGV тээвэрт оператор огт хэрэглэхгүй. 5G сүлжээг энэ бүс нутагт бий болгочихвол оператортай, операторгүй тээврийн хэрэгсэл явах бололцоо бүрдэнэ. Янз бүрийн халдварт өвчин гарлаа гэхэд хүний оролцоо байхгүй учраас хил хаагдахгүй, экспорт хэвийн үргэлжлэх боломжтой. Нөгөө талаар тээвэрлэлтийн өртөг хамаагүй хямд болж байгаа зэрэг давуу талтай. Хятадын талд нүүрстэй контейнероо буулгах тээврийн зай 1.6 километр. Хоёр талд ерөөсөө 3.2 километрт л эргэлдэнэ гэсэн үг. Цааш хоёр улсын хооронд 24 цагийн үйл ажиллагаатай болсноор жилд экспортоор гаргах нүүрсний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Ирээдүйд бид энэ боомтоор 50 сая тонн нүүрс гаргах зорилт тавиад ажиллаж байна. Үүний тулд эрчим хүчний эх үүсвэр туйлын чухал. Энэ наймдугаар сард Хятадын талаас 110 кВт-ын өндөр хүчдэлийн шугам татаж ашиглалтад оруулах гэж байна. Цаашид эрчим хүчний эх үүсвэрийн асуудлаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл байгаа. Цаг нь болохоор энэ талаар мэдэгдье. Энэ намар гэхэд төмөр замын бүтээн байгуулалт чингэлэг тээврийн терминал бүрэн хэмжээнд ашиглалтад орно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нийт 1642 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1366, гэмт хэргийн шинжтэй 74 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Залуучуудын байгууллагын ойн барилдаанд харцага Н.Золбоо түрүүлжээ DNN.mn

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ой, “Оюут Групп” үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.
Долоод улсын гарди М.Бадарч, улсын заан Д.Анар, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм. Мөн жил бүрийн улсын баяр наадмаар Хамгийн залуу начнаар тодорч хурдан удмын даага хөтөлсөн бөхчүүдэд Монголын залуучуудын холбооноос хүндэтгэл үзүүллээ.
Ирэх долоо хоногийн бямба, ням гарагт буюу 06-р сарын 03, 04-ний өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн 4 барилдаан болж, Алтан цомын эзэн тодорно.